Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 1250

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Япон улсын Канто мужийн Чиба кен, Кисаразу ши мафуни 3-22-29 тоотод оршин суух, Япон улсын иргэн Нишино овогтой Ёошими-н нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг 3 дугаар хороо Сөүлийн гудамж 10 тоотод байрлах, “Цүки” ХХК,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг 3 дугаар хороо Сөүлийн гудамж 10 тоотод байрлах, “Цүки интернэшнл” ХХК,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг 15 дугаар хороо Жаргалан хотхон 49А   байр 15 тоотод оршин суух, Чулуунбаатар овогт Чулуунбаатарын Саранчимэг /РД:ЧЕ75011366/ нарт холбогдох

Гуравдагч этгээд: Сүхбаатар дүүрэг 3 дугаар хороо 5 дугаар хороолол 18/3 байр 9 тоотод оршин суух, Чулуунбаатар овогт Чулуунбаатарын Идэрбаяр /РД:ЧЕ79112972/

Гуравдагч этгээд: Баянгол дүүрэг 6 дугаар хороо 10 дугаар хороолол 23Б байр 19 тоотод оршин суух, Чулуунбаатар овогт Чулуунбаатарын Одончимэг  нарт холбогдох

2004 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн “Хөрөнгө шилжүүлсэн тухай батламжийг  хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, “Цүки” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр тогтоолгох, Нишино Ёошими болгон өөрчлөхөд шаардагдах бичиг баримтыг хариуцагчаас гаргуулах”, Нишино Ёошими-г “Цүки Хаус” барилгын 100 хувийн хөрөнгө оруулагч болохыг тогтоолгох, “Цүки Хаус” барилгын хууль ёсны өмчлөгч нь “Цүки Интернэшнл” ХХК болохыг тогтоож, уг барилгын өмчлөх эрхийн үл хөдлөх эд хөрөнгийн Улсын бүртгэлийн гэрчилгээнд дээрх өөрчлөлт оруулахад шаардагдах бичиг баримтыг хариуцагчаас гаргуулах”, Нишино Ёошимиг “Цүки Интернэшнл” ХХК-ийн нийт хувьцааны 49.3 хувийн хувьцааны хууль ёсны эзэмшигч болохыг тогтоож, уг өөрчлөлтэй холбоотойгоор тус компанийн статусыг “Гадаадын хөрөнгө оруулалтай хуулийн этгээд” болгож өөрчлөх, гэрчилгээг гаргуулахад шаардагдах бичиг баримтыг хариуцагчаас гаргуулах”, “Цүки Интернэшнл” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр Нишино Ёошимог тогтоолгох, өөрчлөхөд шаардагдах бичиг баримтыг хариуцагчаас гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баднайсүрэн, Б.Оюу-Эрдэнэ, С.Эрдэнэбат, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Алтанцэцэг, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Бауржин, хариуцагчийн өмгөөлөгч М.Баасанбат, нарийн бичгийн дарга Н.Отгончимэг нар оролцов.

                                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Нишино Ёошими шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Анх 1996 онд Нишино Ёошими нь Ч.Саранчимэгтэй Япон улсад ажлын шугамаар танилцаж, улмаар түүний урилгаар 1997 оны хавар Монгол улсад анх удаа зочлон ирсэн байдаг. Тухайн үед Нишино Ёошими нь Монгол улсад хөрөнгө оруулж, хамтран ажиллах сонирхолтой байсан бөгөөд тухайн үеийн нөхцөл байдлаас болж
Ч.Саранчимэгтэй хамтран ажиллахаар гэрээний дагуу харилцан эрх үүрэг хүлээхээр тохиролцсон байдаг. Улмаар Ч.Саранчимэгтэй хамтран Монгол улсад явуулах үйл ажиллагааг хариуцан ажиллуулахаар төлөөлөгчөөр Ч.Саранчимэгийг томилж Нишино Ёошими 30,000 ам.долларыг Ч.Саранчимэгт өгч, нэг сарын дотор холбогдох бичиг баримтыг бүрдүүлэн компани байгуулах, компани байгуулсан үед цаашдаа Монгол улсад ирж, хөрөнгө оруулан хамтран ажиллах, үйл ажиллагаагаа эхлэхээр Япон улс руугаа буцсан байдаг. Нэг сарын дараа Ч.Саранчимэг нь Нишино Ёошими руу утасдаж, эхний үүрэг даалгавраа биелүүлсэн компани  байгуулсан тухай мэдэгдэж, Монгол улсад ирж тохирсон ёсоор хөрөнгө оруулалтаа оруулахыг санал болгосны дагуу Нишино Ёошими Монгол улс руу буцаж ирсэн. Ч.Саранчимэг нь тухайн үед Нишино Ёошимигийн эхний хөрөнгө оруулалт болгон өгсөн мөнгөнөөс 12,480,000 төгрөгөөр нь Цүки ХХК-ийн дүрмийн санг бүрдүүлж, 2 гишүүнтэйгээр С.Мөнхбаттай хамтран 1997 оны 7 дугаар сарын 08-ны өдөр тус компанийг байгуулсан байдаг бөгөөд Нишино Ёошимид тус компанийн Улсын бүртгэлийн гэрчилгээг үзүүлэхдээ гэрчилгээн дээрх 2 гишүүнтэй гэх хэсгийг “энэ 2 гишүүн нь чи бид 2” хэмээн тайлбарлаж, анхнаасаа түүний итгэлийг эвдэж, залилж эхэлсэн байдаг. Уг “Цүки” ХХК-ийн 100 хувийн эзэмшигч анхнаасаа Нишино Ёошими мөн болохыг Ч.Саранчимэгт холбогдох 20935528 дугаартай эрүүгийн хэрэгт нотлох баримтаар хавсаргасан дараах баримтуудаас харж болно. Үүнд:

Саранчимэгийн төрсөн эгч болох Ч.Одончимэгийн 2009 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр бичсэн “Тодорхойлолт”-д “...2004 оны 11 сарын 29-ний өдөр байгуулагдсан талуудын Зөвшилцлийн гэрээгээр Япон улсын иргэн Нишино Ёошими нь “Цүки” ХХК, “Цүки интернэшнл” ХХК-ийг үүсгэн байгуулахад болон “Цүки хаус” төвийн газар ба барилгыг барихад дангаараа 100 хувийн хөрөнгө оруулсныг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан юм” гэх тайлбар

2004 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Нишино Ёошими, Ч.Саранчимэг нар нь байгуулсан, Ч.Саранчимэг нь өөрөө хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан “Цүки” ХХК-ийн амлалтын тохиролцоо бичиг”-т “Энэхүү амлалт, тохиролцоо бичгийг 1997 оны 7 дугаар сарын 08-ны өдөр “Цүки” ХХК байгуулагдсантай холбогдуулан тус компанийн төлөөлөгч болох Чулуунбаатарын Саранчимэг болон хөрөнгө оруулагч болох Нишино Ёошими нарын хооронд компани байгуулах бүх зардлыг Нишино Ёошими гаргах, мөн Нишино Ёошими нь компаний эзэн /хөрөнгө оруулагч/ байх талаар харилцан тохиролцож, компанийн эзэн болон төлөөлөгчийн харилцан тохиролцсон дараах агуулгыг чанд мөрдөх зорилгоор амлалт, тохиролцоо бичгийг үйлдэж, талууд гарын үсэг зурж тамга дарав. 7 дугаар зүйлд “Компанийн хөрөнгө оруулалтын нийт хэмжээ нь 5,600,000 иен болно” гэж тус тус зааж гарын үсэг зурцгаасан. Энэхүү гэрээ болон зөвшилцлийн бичигт Ч.Саранчимэг нь Нишино Ёошимиг энэхүү компанийн 100 хувийн хөрөнгө оруулагч, үүсгэн байгуулагч гэдгийг үнэн зөвөөр хүлээн зөвшөөрдөг ба харин “Цүки” ХХК-ийн албан ёсны бүртгэл болон харилцах төрийн захиргааны байгууллагуудын баримт бичигт Нишино Ёошимиг залилан, зөвхөн өөрийнхөө нэрийг болон бусад хүмүүсийн нэрсийг оруулж, хууль бусаар хуурамч бичиг баримт бүрдүүлэн шилжүүлэх зэрэг үйлдлийг байнга хийж, итгэл эвддэг байсан. Хариуцагч Ч.Саранчимэгийн төрсөн эгч сүүлд 2004 оны 11 сарын 29-ний өдрийн “Цүки” ХХК-ийн амлалт тохиролцоо бичиг”-ийн дагуу Ч.Одончимэгийн “Ч.Саранчимэгт холбогдох 20935528 дугаартай эрүүгийн хэрэг”-т өгсөн гэрчийн мэдүүлэгт: Уг маргаан бүхий хөрөнгийг бий болгосон хүн нь анхнаасаа Нишино Ёошими гуай бөгөөд бүхий л зардал болон хөрөнгийг санхүүжүүлж байсан. “Цүки” ХХК-ийн 20 хувийн хувьцааг 2005 онд эзэмшиж байгаад 2008 оны 11 сард Ч.Саранчимэгт буцаан шилжүүлсэн З.Бат-Амгалангийн “Ч.Саранчимэгт холбогдох 20935528 дугаартай эрүүгийн хэрэг”-т өгсөн гэрчийн мэдүүлэгт: Компанийн бүхий л зардал болон хөрөнгө оруулалтыг Нишино Ёошими нь санхүүжүүлж байсан. 2002-2007 оны хооронд “Цүки” ХХК-ийн орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байсан Г.Батмөнхийн 2009 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн “Ч.Саранчимэгт холбогдох 20935528 дугаартай эрүүгийн хэрэг”-т өгсөн гэрчийн мэдүүлэгт: “2002 оноос таних болсон ба “Цүки хаус” төвийн барилгад хөрөнгө оруулсан, бариулсан “Цүки” ХХК, “Цүки интернэшнл” ХХК-ийн хөрөнгө оруулагч гэж ойлгодог. Дээрх баримтуудаар Нишино Ёошими нь “Цүки” ХХК-ийн 100 хувийн хөрөнгө оруулагч бөгөөд хариуцагч Ч.Саранчимэг болон компанийн холбогдох бүхий л этгээдүүд үүнийг хүлээн зөвшөөрдөг. Мөн “Цүки” ХХК нь 1997 онд Нишино Ёошимигийн 100 хувийн хөрөнгө оруулалттайгаар байгуулагдснаас өдийг хүртэл хэрхэн Ч.Саранчимэгийн хууль бус үйлдлээр хэрхэн яаж, ямар этгээдүүдэд шилжигдэж байсныг тодруулбал: Анх Ч.Саранчимэг нь Нишино Ёошимигоос оруулсан анхны хөрөнгө оруулалт болох 30,000 ам.доллараас 12,480,000 төгрөгөөр нь “Цүки” ХХК-ийн дүрмийн санг бүрдүүлж, 2 гишүүнтэйгээр С.Мөнхбатын нэрийг оруулан явцын дунд хуурамч протокол үйлдэн нэрийг нь компаниас хассан. Эрүүгийн хэргийн хавтаст хэрэгт тодорхой байгаа. 1997 оны 7 дугаар сарын 08-ны өдөр, 50,50 хувийн хувьцааг эзэмшихээр тус компанийг байгуулсан байдаг. Тухайн үедээ Нишино Ёошимид түүнийг тухайн компанийн хувьцаа эзэмшигч гэж залилж байсан бөгөөд Нишино Ёошимид түүнийг тухайн компанийн хувьцаа эзэмшигч гэж залилж байсан бөгөөд Нишино Ёошими нь “Цүки” ХХК-ийн бүхий л зардал, ажилчдын цалин, татвар, нийгмийн даатгал зэргийг 100 хувь хариуцан санхүүжүүлж байсан. Үүнийг дараах нотлох баримтуудаас харж болно. Үүнд: Ч.Саранчимэгийн төрсөн эгч, “Цүки интернэшнл” ХХК-ийн нягтлан бодогч Ч.Одончимэгийн “Ч.Саранчимэгт холбогдох 20935528 дугаартай эрүүгийн хэрэг”-т өгсөн гэрчийн мэдүүлэгт тодорхой харагдана.

2002-2007 оны хооронд “Цүки” ХХК-ийн орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байсан Г.Батмөнхийн 2009 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн “Ч.Саранчимэгт холбогдох 20935528 дугаартай эрүүгийн хэрэг”-т өгсөн гэрчийн мэдүүлэгт: “...тэдний цалин, замын зардал бусад бүх зардлыг Японы тал хариуцаж гаргаж байсан. Цалинг хөрөнгө оруулагч Нишино Ёошими бэлнээр өгч явуулдаг байсан, харин бусад зардлыг хөрөнгө оруулагч Нишино Ёошими хариуцдаг байсан.” гэх мэдүүлэг, 2002-2004 оны хооронд “Цүки” ХХК-д багш, орчуулагчаар ажиллаж байсан Ашнай овогтой Сонинхүүгийн 2009 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн “Ч.Саранчимэгт холбогдох 20935528 дугаартай эрүүгийн хэрэг”-т өгсөн тодорхойлолтод: “...орчуулагчаар ажиллаж байсан бөгөөд тус хугацаанд Японы хөрөнгө оруулагч тал болох Нишино Ёошими гуайгаас ирүүлж байсан факсыг орчуулж байсан. Тус зардал, компанитай холбоотой мөнгийг хаанаас хэнээр явуулсан болох зэргийг тайлбарлаж байсан. 2003 онд “Цүки” ХХК-ийн нэр дээр Япон улс руу гэрээгээр явж байсан бүжигчин Л.Сарангэрэлийн “Ч.Саранчимэгт холбогдох 20935528 дугаартай эрүүгийн хэрэг”-т өгсөн тодорхойлолтод: “Дугтуйтай мөнгийг Нишино Ёошимигоос авч “Цүки” ХХК-ийн ажилтанд хүлээлгэн өгсөн байсан гэх мэдүүлэг, 2001-2006 оны хооронд тасралтгүй “Цүки” ХХК-ийн нэр дээр Япон улс руу гэрээгээр явж байсан бүжигчин Э.Цолмонгийн “Ч.Саранчимэгт холбогдох 20935528 дугаартай эрүүгийн хэрэг”-т өгсөн тодорхойлтод “Их хэмжээний дугтуйтай мөнгийг Нишино Ёошимигоос авч “Цүки” ХХК-ийн гүйцэтгэх захирал З.Бат-Амгаланд хүлээлгэн өгч байсан” гэх мэдүүлэг, 2007 онд “Цүки” ХХК-ийн нэр дээр Япон улс руу гэрээгээр явж байсан бүжигчин М.Ойдовхорлоогийн “Ч.Саранчимэгт холбогдох 20935528 дугаартай эрүүгийн хэрэг”-т өгсөн тодорхойлтод ойролцоогоор 3,000,000 иенийг Нишино Ёошимигоос авч “Цүки” ХХК-ийн нягтлан Ч.Одончимэгт хүлээлгэн өгч байсан” гэх мэдүүлэг, 2002-2005 оны хооронд 6 удаа “Цүки” ХХК-ийн нэр дээр Япон улс руу гэрээгээр явж байсан жүжигчин Т.Гэрэлмаагийн “Ч.Саранчимэгт холбогдох 20935528 дугаартай эрүүгийн хэрэг”-т өгсөн тодорхойлолтод: “Их хэмжээний дугтуйтай мөнгийг Нишино Ёошимигоос авч “Цүки” ХХК-ийн гүйцэтгэх захирал З.Бат-Амгаланд хүлээлгэн өгч байсан” гэх мэдүүлэг, 2002-2007 оны хооронд 6  удаа “Цүки” ХХК-ийн нэр дээр Япон улс руу гэрээгээр явж байсан жүжигчин Т.Гэрэлмаагийн “Ч.Саранчимэгт холбогдох 20935528 дугаартай эрүүгийн хэрэг”-т  өгсөн тодорхойлолтод: “ойролцоогоор дугтуйнд хийсэн 4,000,000 иенийг Нишино Ёошимигоос авч “Цүки” ХХК-ийн нягтлан бодогч Ч.Одончимэгт хүлээлгэн өгч байсан” гэх мэдүүлэг,

  • Дээр дурдсан 3 ширхэг “Цүки” ХХК болон “Цүки Интернэшнл” ХХК, хариуцагч Ч.Саранчимэгтэй байгуулсан “Гэрээ болон Зөвшилцөлийн бичигт бүх зардлыг хөрөнгө оруулагч тал гаргана гэж заасан бөгөөд аль аль тал нь мөн хүлээн зөвшөөрч буйгаа баталж тамга, гарын үсгээ зуралцсан байдаг. Ийнхүү 1997 онд тус компанийг үүсгэн байгуулаад Нишино Ёошимигоор бүхий л зардал болон хөрөнгө оруулалтаа хийлгэж байх хугацаанд 50 хувийн хувьцаа эзэмшигч байсан С.Мөнхбатын хувьцааг 2004 онд өөр дээрээ шилжүүлэн авсан байдаг.Энэ  хугацаанд /2004 онд/ мөн Нишино Ёошимируу холбоо барьж татварын албанд 700 000 000 /Долоон зуун сая/ төгрөг татварын өр төл гэсэн бичиг ирлээ энэ мөнгийг шилжүүл гэсний дагуу Нишино Ёошими нь энэ асуудлыг лавлахаар, Монгол дах “Цүки” XXК, “Цүки Интернэшнл” ХХК, “Цүки Хаус” барилгын үйл ажиллагаатай танилцахаар даруй Монгол Улсад ирэхэд татварын байцаагч гэж хүн уулзаад ердийн нэг бичиг дээр таны тэдэн оноос хойш Монгол руу шилжүүлсэн энэ мөнгөнүүдийн татвар 15%-ийг бодохоор нийт 700 000 000 /Долоон зуун сая/ төгрөг болж байна энэ төлбөрийг та “Цүки” ХХК болон “Цүки Интернэйшнл” ХХК-уудын эзэн нь учраас хариуцаж төлөх ёстой гэж хэлэхэд Нишино Ёошими нь энэхүү асуудлыг холбогдох төрийн захиргааны байгууллагаар дамжуулан шалгахад Монгол талын төлөөлөгч Ч.Саранчимэг нь татварын байцаагчтай хуйвалдаж хуурамч татварын өрийн асуудал гаргасан болох нь тодорхой болсон.

Мөн компанийн ажилчдаас 2004 оны 07 дугаар сарын 09-ны өдөр хуурамч хурлын протокол, бэлэглэлийн гэрээ зэргийг үйлдэж, “Цүки” ХХК болон “Цүки Интернэшнл” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч болж УБЕГ-ийн ХЭБГ-т бүртгүүлсэн байдаг. Энэ бүх итгэл эвдсэн асуудлуудыг мэдсэний дагуу хөрөнгө оруулагч Нишино Ёошими нь Ч.Саранчимэг, н.Нарантуяа, С.Мөнхбат зэрэг бүх хүмүүсийг дуудан уулзаж дээрх компаниудын зохион байгуулалт, эзэмшлийн асуудлыг өөрчлөнө гэж хэлээд анх тохиролцон зөвшилцөл болон гэрээний үүргээ биелүүлээгүй итгэл эвдсэн асуудлаас болж “Зөвшилцлийн бичиг” хэмээх баримтыг “Цүки” болон “Цүки Интернэшнл” ХХК-ууд дээр үйлдэхээр шийдэж, энэ хэлэлцээрийн бичгийг хийснээр дараах асуудлыг баталгаажуулж, нотлохыг хүссэн.

 

  •  “Цүки” ХХК болон “Цүки Интерэйшнл” ХХК-уудын 100 хувийн өмчлөгч, хөрөнгө оруулагч нь Нишино Ёошими мөн болохыг тодотгож Монгол улс дахь төлөөлөгч Ч.Саранчимэг, Ч.Одончимэг, Ч.Идэрбаяр гэгч хүмүүс нь түүний нэрийн өмнөөс дээрх компаниудын хувьцааг тус бүр 33 хувиар эзэмшиж, түүнээс цалин авч буй ажилтан гэдгээр байгуулсан бөгөөд тэрчлэн тус гэрээгээр дээрх этгээдүүдийн эрх үүргийг тодохой хүрээнд хязгаарлаж шийдвэр гаргах эрх хэмжээг тусгайлан зааж тодотгож өгсөн үүний дагуу компанийн үйл ажиллагаанд харилцан хяналт тавиулах зорилгоор Ч.Саранчимэгийн төрсөн эгч, дүү нар болох Ч.Одончимэг, Ч.Идэрбаяр нарыг хамтран хувьцаа эзэмшигчээр томилсон.
  •  “Цүки” ХХК болон “Цүки Интернэшнл” ХХК-уудыг байгуулах мөн “Цүки Хаус” барилгыг бариулах бүх зардлыг Нишино Ёошими нь ганцаар гаргасан ба бүхий л үйл ажиллагааны зардлыг хариуцан гаргасан гэдгийг нотлон, үүнийг албан ёсоор баталгаажуулах хүрээнд хийсэн бөгөөд Ч.Саранчимэг болон Ч.Одончимэг, Ч.Идэрбаяр, Нишино Ёошими нар нь бүгд гарын үсэг зуран баталгаажуулсан.

 

Үүний дагуу 2004 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн “Цүки” ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн хурал болж, Ч.Саранчимэг нь өөрийн хүсэлтээр 33.3 хувиудыг Ч.Одончимэг, Ч.Идэрбаяр нарт шилжүүлсэн хурлын протокол гарч УБЕГ өөрчлөлтийг бүртгүүлэхийг Ч.Саранчимэгт даалгасан. Гэтэл дээрхи хурлын дагуу өөрчлөлтийг оруулж байна гээд дахин хөрөнгө оруулагч талыг хууран мэхлэж гэрээнд тусгасан эрх мэдлээ хэтрүүлэн үүргээ зөрчин дур мэдэн “Цүки” ХХК-ийн 20 хувийн хувьцааг З.Бат- Амгаланд шилжүүлсэн байдаг. Үүнийгээ Нишимо Ёошимид хурлын дагуу, зөвшилцлийн бичгийн дагуу өөрчлөлтийг оруулсан гэж мэдэгдсэн бөгөөд З.Бат- Амгалан нь ийнхүү өөрийнх нь нэр дээр “Цүки” ХХК-ийн 20 хувийн хувьцаа ирснийг ч мэдээгүй байж байгаад 2008 оны 01 дүгээр сард Ч.Саранчимэг нь З.Бат-Амгаланд хандаж, 20 хувийн хувьцааг өөрийн нэр дээр буцаан шилжүүлүүлэхийг шаардахад

З.Бат-Амгалан компаний хувьцаа эзэмшдэг гэдгээ анх удаа мэдсэн байдаг. Энэ талаархи үнэн зөв мэдээллийг З.Бат-Амгалан нь “Ч.Саранчимэгт холбогдох 20935528 дугаартай эрүүгийн хэрэг”-т өгсөн мэдүүлэгтээ тодорхой мэдүүлсэн байдаг. Мөн энэ талаархи баримтыг: 2008 оны 11 дүгээр сарын 04-ны өдрийн 48 дугаартай ҮТЕГ-ын Улсын бүртгэлийн албанд гэх хүсэлт, “Ч.Саранчимэгт холбогдох 20935528 дугаартай эрүүгийн хэрэг”-т өгсөн З.Бат-Амгалангийн мэдүүлэг, Эрх шилжүүлэх гэрээ, 2008 оны 11 дүгээр сарын 04-ны өдрийн “Үүсгэн байгуулагчийн шийдвэр”, 2008 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Бэлэглэлийн гэрээ зэргээс харж болно.

 

Мөн 2004 онд “Цүки” ХХК, “Цүки Интернэшнл” ХХК-ийн Ч.Саранчимэгт шилжигдсэн баримт болон дээрх 2 компанийн ихэнхи бичиг баримтууд УБЕГ-аас алга болсон байдаг. Улмаар төлөөлөгч Ч.Саранчимэг нь 2008 оноос хойш “Цүки” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр одоог хүртэл байгаа бөгөөд 2009 онд дээрхи бүх хууль бус үйлдэлд нь холбогдуулан СБД-ийн Цагдаад Ч.Саранчимэгийг шалгуулахад хуурамч бичиг баримт үйлдэн ашигласан гэх үйлдэлд нь гэм буруутай байна гэхдээ дээрх гэмт хэргийн үйлдэлд нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх хугацаа өнгөрсөн, эд хөрөнгө, тоног төхөөрөмж авсан асуудал нь иргэд хоорондын иргэний маргаан гэж үзэж эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг. Мөн холбогдох бүхий л бичиг баримтууд УБЕГ- аас алга болсон тул Ч.Саранчимэгийн үйлдлийг тогтоох боломжгүй гэдгээр энэхүү хэрэг нь хэрэгсэхгүй болсон. Иймд ийнхүү “Цүки” ХХК-ийн 100 хувийн хувьцааны хууль ёсны өмчлөгч нь Нишино Ёошими мөн болохыг иргэний журмаар тогтоолгож, үүнтэй холбоотойгоор өөрчлөлтийг УБЕГ-т бүртгүүлэхийг хариуцагч Ч.Саранчимэгт даалгах нэхэмжлэлийн шаардлагыг нэгдүгээрт гаргаж байна.

 

Хүчин төгөлдөр бүхий “Цүки” ХХК-ийн “Гэрээ болон Зөвшилцөлийн бичиг”-ийн 6 дугаар бүлэгт: “...Мөн компанид их хэмжээний хохирол учруулах буюу амлалт, тохиролцоо бичгэнд заасан заалтыг дагаж мөрдөөгүй тохиолдолд тэр даруй ажлаас огцруулна.

5 дүгээр бүлэгт: “... мөн компанид ажилтан шинээр ажилд авах, урлагийн хүмүүсийг ажилд авах тохиолдолд хөрөнгө оруулагч байлцаж, төлөөлөгчтэй хэлэлцэн шийдвэрлэнэ.

7 дугаар бүлэгт: Төлөөлөгчийг төлөөлөгчийн ажлаас огцруулах тухай мэдэгдэх тохиолдолд бүх эрх мэдэл хөрөнгө оруулагчид шилжинэ” гэж тус тус заасан.

Төлөөлөгч буюу Ч.Саранчимэг нь анхнаасаа тухайн “Гэрээ болон Зөвшилцөлийн бичигт” заасан бүхий л нөхцөл, тохиролцоог зөрчиж, хамтран хувьцаа эзэмшигчээр оруулсан этгээдүүдийг УБЕГ-т бүртгүүлэхгүй, өөр этгээд болох З.Бат-Амгаланг 20 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгүүлж гэрээг зөрчиж эхэлсэн. Мөн 2004 оноос эхлэн компанийн бүх ажилчдыг ажлаас халж, шинэ хүмүүсийг өөрөө дур мэдэн ажилд авсан байдаг бөгөөд энэ бүхнийг мэдэн Нишимо Ёошими нь Ч.Саранчимэгт ажпаас чөлөөлөх тухай мэдэгдэхэд Ч.Саранчимэг нь “Би энэ бүх хөрөнгийн хууль ёсны эзэмшигч болсон. Энэ бүх бичиг баримт болон бүх холбогдох төрийн захиргааны байгууллага зэргийн учрыг би олсон, УБЕГ дах компаниудтай холбоотой шилжсэн бичиг баримтууд ч байхгүй, чи одоо яаж ч чадахгүй” гэж хэлдэг.

 

Иймд “Цүки” ХХК-ийг үүсгэн байгуулахад, үйл ажиллагааг нь 1997 оноос өнөөдрийг хүртэл санхүүжүүлж, 100 хувийн хөрөнгө оруулагч байсан нөхцөл байдал мөн 2004 онд байгуулагдсан “Гэрээ болон Зөвшилцлийн бичиг”-ийн 7 дугаар зүйлд заасан тохиролцооны дагуу “Цүки” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр Нишино Ёошими болгон өөрчлөхийг хариуцагчид даалгаж, үүний дагуу өөрчлөлтийг УБЕГ-ийн ХЭБГ-т оруулахыг Ч.Саранчимэгт мөн даалгаж өгнө үү.

 

“Цүки Интернэшнл” ХХК-ийн хүвьд:

 

“Цүки Интернэшнл” ХХК-г анх 2000 оны 05 дугаар сарын 12-ны өдөр миний бие Нишино Ёошими 49 хувь, Ч.Саранчимэг 33 хувь, С.Мөнхбат 17 хувийн хувьцааг тус тус эзэмшихээр тохиролцож, байгуулан УБЕГ-ын ХЭБГ-т бүртгүүлсэн. Ч.Саранчимэг болон С.Мөнхбат нарыг хувьцаа эзэмшигчээр бүртгүүлсэн шалтгаан нь Ч.Саранчимэг нь Монгол Улсад 100 хувийн гадаадын хөрөнгө оруулалттай компани байгуулж болдоггүй, гадаад хүний эзэмшил нь 50 хувиас заавал доош байх ёстой гэж хэлсэн. Тиймээс миний бие 49 хувийн эзэмшээд, харин Ч.Саранчимэг нь 51 хувийг эзэмшүүлж, компани байгуулвал миний бие бага тооны хувьцаа эзэмшигч болох гээд байсан учраас гуравдагч этгээд С.Мөнхбатад 17 хувийг эзэмшүүлэн тус компанийг байгуулсан. Гэтэл Ч.Саранчимэг нь 2004 оны 07 дугаар сарын 16-ны өдөр хуурамч “Хөрөнгө шилжүүлэх тухай батламж”, Монгол-Японы хамтарсан “Цүки Интернэшнл” ХХК-ны зөвлөлийн гишүүдийн ээлжит бус хурлын протокол” зэрэг хуурамч бичиг баримт бүрдүүлэн, хуурамч гарын үсэг зурж, “Цүки Интернэшнл” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч болсон байдаг. Уг хурлын протокол, батламж бичиг дээрх гарын үсгийг Нишино Ёошими миний гарын үсэгтэй харьцуулсан 2009 оны 04 дугаар сарын 15-ны өдрийн 915 дугаартай “Криминалстикийн шинжээчийн дүгнэлт”-д тус гарын үсгүүдийг хуурамчаар үйлдсэн болохыг тогтоосон. Ийм хууль бус аргаар Ч.Саранчимэг нь 2004 оны 07 дугаар сарын 16-ны өдөр “Цүки” ХХК болон “Цүки Интернэшнл” ХХК-уудын 100 хувийн хувьцаа эзэмшигч болсон. Дээр дурдсанчлан хууль бус аргаар компаниудын хувьцаа эзэмшигч болсны дараа Нишино Ёошимиг их хэмжээний татварын өрөнд оруулах гэсэн хууль бус аргыг татварын улсын байцаагчтай хамтран хийх гэж байгаад баригдсаны үндсэн дээр Ёошими нь 2004 онд хөрөнгө оруулсан компаниудтай холбоотой Ч.Саранчимэгийн хууль бус үйлдлүүдийг мэдсэн. Үүний үндсэн дээр Ёошими нь Ч.Саранчимэг болон түүний төрсөн эгч, дүү нартай хамтран 2004 оны 11 дүгээр сарын 29-ны өдрийн “Цүки Интернэшнл” ХХК-ийн Гэрээ болон Зөвшилцлийн бичиг”-ийг байгуулан гарын үсэг зурцгаасан. Үүний дагуу 2004 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн “Цүки Интернэшнл” ХХК-ийн хурал болж, Ч.Саранчимэг нь өөрийн хүсэлтээр 33.3 хувиудыг Ч.Одочимэг, Ч.Идэрбаяр нарт шилжүүлсэн хурлын протокол гарч, УБЕГ өөрчлөлтийг бүртгүүлэхийг Ч.Саранчимэгт даалгасны дагуу хурлыг дуусгасан бөгөөд үүний дагуу өөрчлөлтийг оруулж, “Цүки Интернэшнл” ХХК нь 3 хувьцаа эзэмшигчтэй болсон байдаг. Гэтэл Ч.Саранчимэг нь гэрээгээр тохиролцсоны дагуу дээрх 2 этгээдийг хөрөнгө оруулагчийн даалгаснаар компанид оруулдаг боловч “Цүки” ХХК-ийн 20 хувийн хувьцааг З.Бат- Амгалангаас авах үедээ мөн Ч.Одончимэг, Ч.Идэрбаяр нараас тус тусын 33.3 хувийн хувьцаануудыг хууль бусаар буцаан авсан байдаг. Энэ нь мөн гэрээний 6 дугаар бүлэгт: “...Мөн компанид их хэмжээний хохирол учруулах буюу амлалт, тохиролцоо бичгэнд заасан заалтыг дагаж мөрдөөгүй тохиолдолд тэр даруй ажлаас огцруулна.” гэх зөрчлийн бүрэлдэхүүнийг бүрдүүлж, гэрээгээ зөрчсөн асуудал болсон. Тус гэрээний оршил хэсэгт “Цүки Интернэшнл” ХХК-ийг байгуулахад шаардлагатай бүх хөрөнгө оруулалтыг хийснээр, Нишино Ёошими-г Ооно /хөрөнгө оруулагч/ мөн болохыг төлөөлөгч энд зөвшөөрөв” гэж баталж гарын үсэг зурцгаасан.

 

Гэтэл дээр дурдсанчлан “Цүки” ХХК дээр байгуулсан “Гэрээ болон зөвшилцлийн бичиг”-ийг зөрчсөн үйлдлээрээ мөн “Цүки Интернэшнл” ХХК дээр байгуулсан “Гэрээ болон зөвшилцлийн бичиг”-ийг мөн зөрчиж гэрээний үүргээ биелүүлэхгүй, хууль бус үйл ажиллагааг явуулж эхэлсэн. Тухайлбал:  Зөвшилцлийн гэрээний дагуу хөрөнгө оруулагчийн даалгаснаар хувьцаа эзэмшигчээр томилсон этгээдүүдийг Компанийн хувьцаа эзэмшигчээс дур мэдэн хасан, хуурч мэхэлсэн. 2004 оноос компанийн ажилчид болон хувьцаа эзэмшигчийг дур мэдэн сольж, өөрчлөн ажилд авч, халсан байдаг.

 

Иймд Хүчин төгөлдөр бүхий “Цүки Интернэшнл” ХХК-ийн “Гэрээ болон Зөвшилцөлийн бичиг”-ийн 7 дугаар зүйлд: “...Мөн компанид их хэмжээний хохирол /учруулах буюу амлалт, тохиролцоо бичгэнд заасан заалтыг дагаж мөрдөөгүй тохиолдолд тэр даруй ажлаас огцруулна.” 8 дугаар зүйлд “Ерөнхий захирал нь  үүрэгт ажлаасаа халагдах мэдэгдэл авсан тохиолдолд, бүх эрхээ Ооно-д шилжүүлнэ.” гэж тус тус тохиролцсоны дагуу “Цүки Интернэшнл” ХХК-ийн 100 хувийн хувьцааны хууль ёсны өмчлөгч нь Нишино Ёошими мөн болохыг тогтоолгох, үүнтэй холбоотой эөрчлөлтийг холбогдох байгууллагад бүртгүүлэхийг хариуцагчид даалгах хоёр дахь нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.

 

“Цуки Хаус” ул хөдлөх хөрөнгийн хувьд:

 

Хөрөнгө оруулагч Нишино Ёошимид Ч.Саранчимэг “Цүки Хаус” төвийн барилгын газар авахад мөнгө шаардлагтай боллоо гэж хэлсний дагуу Япон улсаас буцаж байсан бүжигчингээр дамжуулан 30.000 /Гучин мянган/ ам.долларыг явуулсны дагуу газар авсан эсэхийг шалган 1999 оны 05 дугаар сард Монголд ирэхэд Ч.Саранчимэг нь одоогийн “Цүки Хаус” барилгын баригдсан газрыг авсан байсан. Уг барилгын барилга, газар, тоног төхөөрөмжийн хөлсөнд нийт 126.000.000 /Нэг зуун хорин зургаан сая/ иенийг зарцуулсан. Уг хөрөнгө оруулах мөнгийг Японоос банкаар шилжүүлэх гэхэд 4 хувийн шимтгэл төлнө, өндөр шимтгэлтэй юм байна, бэлнээр цүнхэнд хийгээд авчирч байя гэсэн Ч.Саранчимэгийн шийдвэрийн дагуу, Япон улсаас буцаж байсан бүжигчид болон жүжигчидээр дамжуулан мөнгийг бэлнээр явуулж байсан. Мөн Нишино Ёошими нь өөрөө ч маш их хэмжээний мөнгийг Япон-Монголын хооронд явж байхдаа авчран ирж байсан. Үүнтэй холбоотой гэрчийн мэдүүлгүүдийг дээр дурдсан билээ. Мөн Ч.Саранчимэгт холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн байцаагч нь тус “Цүки Хаус” барилгын санхүүжилт хаанаас эх үүсвэртэй болохыг тогтоох зорилгоор хийсэн ажиллагаануудаас хэн тус хөрөнгийг гаргасан болохыг тодорхой харж болно. Ч.Саранчимэг нь мөрдөн байцаагчид мэдүүлэхдээ тус барилгын хөрөнгийн эх үүсвэрийг “Цүки” ХХК болон “Цүки Интернэшнл” ХХК-ийн ашгаар болон өөрт байсан хөрөнгөөр хийсэн гэж мэдүүлдэг. Гэхдээ Шинжээчийн дүгнэлтүүдэд:

1. Цагдаагийн Ерөнхий газар, Улсын мөрдөн байцаах газар хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийн дарга Цагдаагийн хурандаа Д.Цогбаярын “Ч.Саранчимэг “Цүки” Хаус” төвийн барилгыг өөрийн хөрөнгөөр барьсан эсэхийг тогтоохын тулд “Цүки” ХХК, Цүки Интернэшнл” ХХК-ийн санхүүгийн баримтанд шинжилгээ” хийлгэхээр хүргүүлсний дагуу “Балхан Аудит” ХХК-ийн хийсэн шинжилгээний дүгнэлтүүдэд: Хариулт 9-д: 2002 оны үйл ажиллагааны үр дүнтэй харьцуулахад “Цүки Хаус” төвийн барилгыг барих хэмжээний эх үүсвэрийг “Цүки” ХХК болон “Цүки Интернэшнл” ХХК-ийн үйл ажиллагааны орлогоор бүрдүүлэх боломжгүй гэсэн дүгнэлт хийж болохоор байна” гэсэн дүгнэлтийг гаргасан. Мөн уг дүгнэлтүүдэд “Цүки” ХХК болон “Цүки Интернэшнл” ХХК-ууд нь алдагдалтай орлого гэх зүйл байхгүй гэдгийг нотолсон байдаг.

2. 2011 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “Шинжээчийн дүгнэлт”-д: Асуулт 10-ийн хариултад: “Балхан Аудит” ХХК нь 1999 оны 1 дүгээр улирал, 2002 оны санхүүгийн баримтын хүрээнд шинжилгээ хийж дүгнэлт гаргасан болно.

Нэмэлт асуултын 3-д Ч.Саранчимэг нь 1997-2001 оны хооронд бүжигчдийн гэрээгээр ажиллуулахаас өөр хөрөнгийн эх үүсвэртэй байсан эсэх” гэхэд хариулт 3-д ”Цүки” ХХК нь Япон улсад бүжигчдийг гэрээгээр ажиллуулахаас өөр үйл ажиллагаа эрхлээгүй байна” гэх дүгнэлт зэргээс харж болно.

 

Хамгийн гол нь “Цүки Хаус” барилгыг анх “Цүки Интернэшнл” ХХК-ийн захиалгаар бариулж байсан. Учир нь “Цүки Интернэшнл” гадаадын хөрөнгө оруулалттай компанийн үйл ажиллагааг тус барилгыг түшиглэн явуулах зорилготой мөн албан ёсоор сүүлд байгуулагдсан, мөн зохих журмын дагуу хувьцаа эзэмшигчид нь 3 этгээд байгаа зэрэг баталгаатай байдлыг нь харгалзан үзсэний дагуу тус компанийн захиалгаар мөн анхнаасаа компанийн өөрийн хөрөнгөнд оруулан бүртгүүлэх санаатай байснаар “Цүки Интернэшнл” ХХК-ний санхүүгийн тайланд оруулан тус компанийн хөрөнгө гэж явж байсан. Үүнийг “Балхан Аудит” ХХК-ийн хийсэн шинжилгээний дүгнэлт, 2011 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “Шинжээчийн дүгнэлт зэрэгт дүгнэсэн байдаг. Үүнд: хариулт 6-д, хариулт 4-д “Цүки хаус” төвийн барилгын гэрээний төсөвт өртөг нь 525.6 сая төгрөг бөгөөд “Цүки интэрнэшнл” ХХК-ний 2002 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд 441.705.300 /Дөрвөн зуун дөчин нэгэн сая долоон зуун таван мянга гурваг зуун/ төгрөгийн өртөг бүхий Дуусаагүй барилга бүртгэгдсэн байна” гэж тус тус дүгнэсэн.

Гэтэл “Цүки хаус” барилгыг барьж дууссаны дараа Ч.Саранчимэг нь “Цүки” ХХК- ийн өөрийн хөрөнгөнд бүртгэн гэрчилгээ авсан байдаг.

//

 

Хамгийн гол нь Ч.Саранчимэгтэй байгуулсан “Цүки” ХХК болон “Цүки Интернэшнл” ХХК-ийн “Гэрээ болон зөвшилцлийн бичиг”-т тус барилгын санхүүжилтийг 100 хувь Нишино Ёошими нь гаргасанг баталж, гарын үсэг зурсан байдаг. Тус “Цүки Интернэшнл” ХХК-ийн гэрээний 10-т “Цүки хаус”-ыг барьж байгуулахын тулд газар худалдан авах болон барьж байгуулах бүх зардлыг компаний эзэн /хөрөнгө оруулагч/ гаргасан болно. 11-д “Компанид оруулсан нийт хөрөнгө нь 126.000.000 /Нэг зуун хорин зургаан сая/ иен болно” гэж заасан. Энэхүү баримт бичиг дээр Ч.Саранчимэг нь өөрөө тус “Цүки Хаус”-ын 100 хувийн хөрөнгө оруулагч нь Нишино Ёошимиг болохыг үнэн зөвөөр баталдаг бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлт, компанийн ажилчдын мэдүүлэг, Ч.Саранчимэгийн төрсөн эгч, “Цүки” ХХК-ийн нягтлан бодогч Ч.Одончимэгийн мэдүүлэг, тодорхойлолт, компанид хуульч, орчуулагч, гүйцэтгэх захирал зэргээр ажиллаж байсан этгээдүүдийн мэдүүлэг зэргээс үүний баталгаа нь тогтоогдож буй юм.

 

Анхнаасаа л Нишино Ёошими нь “Цүки Хаус” барилгыг “Цүки Интернэшнл” ХХК- ийн хөрөнгө гэдэг статустайгаар барьж босгож, бүртгэлийг хийлгэж байсан. Гэтэл Ч.Саранчимэг нь “Цүки Интернэшнл” ХХК дээр бүртгэлттэй барилгыг ямар нэгэн үндэслэлгүйгээр “Цүки” ХХК-ийн нэрээр гэрчилгээг авсан байдаг.

Гэтэл Ч.Саранчимэгийн хууль бус ажиллагааны үр дүнд Нишино Ёошими нь эд хөрөнгөөрөө хохирч, удаан хугацааны турш өмчлөх эрх нь зөрчигдсөөр байна. Иймд Нишино Ёошими нь “Цүки Хаус” барилгын 100 хувийн хөрөнгө оруулагч болохыг тогтоолгох, “Цүки Хаус” барилгын хууль ёсны өмчлөгч нь “Цүки Интернэшнл” ХХК болохыг тогтоож, үүнтэй холбоотой өөрчлөлтийг Үл хөдлөх эд хөрөнгийн Улсын бүртгэлийн гэрчилгээнд өөрчлөлт оруулахыг хариуцагчид даалгах гуравдах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.

 

 

 

 

 

Иймд дээрхи гурван нэхэмжлэлийн шаардлагыг Ч.Саранчимэгт холбогдуулан Нишино Ёошими-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болох Б.Оюу-Эрдэнэ, С.Эрдэнэбат, нар гаргасан.

Ч.Саранчимэг нь 2004 оны 07 дугаар сарын 16-ны өдөр “Цүки Интернейшнл” ХХК-ийн хөрөнгө оруулагчид болох Япон улсын иргэн Нишино Ёошимигийн өмчлөх хувь болох 49 хувийг, Монгол талын хөрөнгө оруулагч С.Мөнхбатын 17.3 хувийг өөрийн нэр дээр хуурамч бичиг баримт бүрдүүлэн шилжүүлэн авсан байдаг. Дээрх хуурамч баримтыг үндэслэн 2004 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Ч.Саранчимэг нь Монгол Улсын Гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааны агентлагт/тухайн үед ийм нэртэй байсан. Гадаадын хөрөнгө оруулалтын газар/ “Япон „ улсын иргэн Нишино Ёошими, Монгол улсын иргэн С.Мөнхбат нарыг хөрөнгө оруулагчаас хасаж, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуй нэгжийн 00-130 тоот гэрчилгээг хүчингүй болгох” тухай хүсэлт гаргасан байдаг. Энэхүү хүсэлтийг Гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааны агентлаг хүлээн авч 2004 оны 08 дугаар сарын 12-ны өдөр тус агентлагын даргын А-1460 тоот тушаалаар Монгол Японы хамтарсан “Цүки Интернейшнл” ХХК-ийг татан буулгаж, Монголын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд болгон өөрчлөлт оруулсан байдаг.

Энэхүү хөрөнгө оруулагчдыг хасахын тулд дараах хуурамч бичиг баримт бүрдүүлэн шилжүүлсэн болохыг эрх бүхий хэд хэдэн байгууллага шалган тогтоосон байдаг. Үүнд: Ч.Саранчимэг нь 2004 оны 07 дугаар сарын 16-ны өдөр хуурамч “Хөрөнгө шилжүүлэх тухай батламж”, Монгол-Японы хамтарсан “Цүки Интернэшнл” ХХК-ны зөвлөлийн гишүүдийн ээлжит бус хурлын протокол” зэрэг хуурамч бичиг баримт бүрдүүлэн, хуурамч гарын үсэг зурж, “Цүки Интернэшнл” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч болсон байдаг. Уг хурлын протокол, батламж бичиг дээрх гарын үсгийг Нишино Ёошимигийн гарын үсэгтэй харьцуулсан 2009 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 915 дугаартай “Криминалстикийн шинжээчийн дүгнэлт’’-д тус гарын үсгүүдийг хуурамчаар үйлдсэн болохыг тогтоосон.

Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2012 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 428/А Прокурорын тогтоолд “Ч.Саранчимэг нь “Цүки Интернейшнл” ХХК-ны эзэмших эрхийг 2004 оны 07 дугаар сарын 09-ны өдөр С.Мөнхбат, Нишино Ёошими нар нь “Цүки Интернэшнл” ХХК-ны эзэмших эрхийг бүгдийг Ч.Саранчимэгт шилжүүлж байна гэсэн хуурамч бичиг баримт/хх13/ бүрдүүлэн эзэмших эрхийг шилжүүлэн авсан нь Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжээчийн 2312, 1637/38/39, 915 тоот шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх боловч энэ нь Эрүүгийн хүулийн тусгай ангийн 233-р зүйлийн 233.2-т заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17-р зүйлийн 17.3-д заасан хүндэвтэр гэмт хэргийн ангилалд багтаж уг хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.2-д заасан эрүүгийн хариуцлагад татаж болохгүй хугацаа өнгөрсөн байх тул ял сонсгож, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулаагүй болохыг дурьдаж байна” гэсэн.

 

Энэ бүхнээс харахад “Цүки Интернейшнэл” ХХК-ийн хувьцаа нь Ч.Саранчимэгг хууль бусаар шилжсэн байх тул 2004 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн “Хөрөнгө шилжүүлсэн тухай батламж”-ийг хүуль бус болохыг тогтоох, “Цүки Интернейшнл” ХХК-г 2004 оны 08 дугаар сарын 09-ний өдрөөс өмнөх Япон улсын иргэн Нишино Ёошимигийн өмчлөх хувь болох 49.3 хувийг, Монгол талын хөрөнгө оруулагч С.Мөнхбатын 17.3 хувийг, Ч.Саранчимэг 33.3 хувийг тус тус эзэмшиж байсан Гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд байсныг холбогдох төрийн захиргааны байгууллагуудад өөрчлөлт оруулан, анх үүсгэн байгуулахад байсан хөрөнгө оруулагч нарыг оруулах, компаний статусыг “Гадаадын хөрөнгө оруулалтай хуулийн этгээд болгож, хэвээр хадгалахтай холбоотой өөрчлөлтийг оруулахыг Ч.Саранчимэгт тус тус даалгаж өгнө үү хэмээн нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.  

Нэхэмжпэгчийн зүгээс дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байгаа бөгөөд иргэн Б.Мөнхбаттай холбоотой хэсгээр нэхэмжпэлийн шаардлагаа багасгаж байгаа болно. Үүнд:

  1. “2004 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн “Хөрөнгө шилжүүлсэн тухай батламж”- ийг хууль бус болохыг тогтоох” гэснийг 2004 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн “Хөрөнгө шилжүүлсэн тухай батламж”-ийн Япон улсын иргэн Нишино Ёошимид холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах ““Цүки Интернейшнл” ХХК-г 2004 оны 08 дугаар сарын 09-ний өдрөөс өмнөх Япон улсын иргэн Нишино Ёошимигийн өмчлөх хувь болох 49.3 хувийг, Монгол талын хөрөнгө оруулагч С.Мөнхбатын 17.3 хувийг, Ч.Саранчимэг 33.3 хувийг тус тус эзэмшиж байсан Гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд байсныг холбогдох төрийн захиргааны байгууллагуудад өөрчлөлт оруулан, анх үүсгэн байгуулахад байсан хөрөнгө оруулагч нарыг оруулах, компаний статусыг “Гадаадын хөрөнгө оруулалтай хуулийн этгээд болгож, хэвээр хадгалахтай холбоотой өөрчлөлтийг оруулахыг Ч.Саранчимэгт даалгах” гэснийг “Япон улсын иргэн Нишино Ёошимиг “Цүки Интернэшнл” ХХК-ийн нийт хувьцааны 49.3 хувийн хууль ёсны эзэмшигч болохыг тогтоож, уг өөрчлөлтэй холбоотойгоор тус компаний статусыг “Гадаадын хөрөнгө оруулалтай хуулийн ‘этгээд” болгож, өөрчлөх гэрчилгээг гаргуулахад шаардагдах бичиг баримтыг хариуцагчаас гаргуулах”
  2.  Нишино Ёошими-г “Цүки Хаус” барилгын 100 хувийн хөрөнгө оруулагч болохыг тогтоолгох
  3.  ““Цүки Хаус” барилгын хууль ёсны өмчлөгч нь “Цүки Интернэшнл” ХХК болохыг тогтоож, Үл хөдлөх эд хөрөнгийн Улсын бүртгэлийн гэрчилгээнд уг өөрчлөлтийг оруулахыг хариуцагчид даалгах” гэснийг ““Цүки Хаус” барилгын хууль ёсны өмчлөгч нь “Цүки Интернэшнл” ХХК болохыг тогтоож, уг барилгын өмчлөх эрхийн үл хөдлөх эд хөрөнгийн Улсын бүртгэлийн гэрчилгээнд дээрх өөрчлөлт оруулахад шаардагдах бичиг баримтыг хариуцагчаас гаргуулах”

5. ““Цүки” ХХК-ийн “Гэрээ болон Зөвшилцлийн бичиг”-ийн 7 дугаар зүйлд заасны дагуу “Цүки” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр Нишино Ёошими' болгон өрчлөхийг хариуцагчид даалгах, үүнтэй холбоотой өөрчлөлтийг УБЕГ-ийн ХЭБГ-т оруулахыг Ч.Саранчимэгт мөн даалгах” гэснийг ““Цүки” ХХК-ийн “Гэрээ болон Зевшилцлийн бичиг”-ийн 7 дугаар зүйлийг үндэслэн “Цүки” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр Нишино Ёошими болгон өөрчлөхөд шаардагдах бичиг баримтыг хариуцагчаас гаргуулах”

6. ““Цүки Интернэшнл” ХХК-ийн “Гэрээ болон Зөвшилцлийн бичиг”-ийн 8 дугаар зүйлд заасны дагуу “Цүки Интернэшнл” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр Нишино Ёошими болгон өөрчлөхийг хариуцагчид даалгах, үүнтэй холбоотой өөрчлөлтийг УБЕГ-ийн ХЭБГ-т оруулахыг Ч.Саранчимэгт мөн даалгах” гэснийг ““Цүки Интернэшнл” КХК-ийн “Гэрээ болон Зөвшилцлийн бичиг”-ийн 8 дугаар зүйлийг үндэслэн “Цүки Интернэшнл” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр Нишино Ёошими болгон өөрчлөхөд шаардагдах бичиг баримтыг хариуцагчаас гаргуулах” гэж тус тус тодруулан, багасгасан гэв.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Бауиржан шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:

1. “Цүки” ХХК-ийн Гэрээ болон Зөвшилцлийн бичгийн 7 дугаар зүйлд заасны дагуу “Цүки” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр Нишино Ёошими болгон өөрчлөхийг хариуцагчид даалгах, үүнтэй холбоотой өөрчлөлтийг УБЕГ-ын ХЭБГ-т оруулахыг Ч.Саранчимэгт даалгах,

2.Цүки интернэйшнл ХХК-ийн Гэрээ болон Зөвшилцлийн бичгийн 8 дугаар зүйлд заасны дагуу “Цүки интернэшнл” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр Нишино Ёошими болгон өөрчлөхийг хариуцагчид даалгах, үүнтэй холбоотой өөрчлөлтийг УБЕГ-ын ХЭБГ-т оруулахыг Ч.Саранчимэгт даалгах,

3.Нишино Ёошимиг Цүки хаус барилгын 100 хувийн хөрөнгө оруулагч болохыг тогтоолгох,

4.Цүки хаус барилгын хууль ёсны өмчлөгч нь Цүки интернэшнл ХХК болохыг тогтоож, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээнд уг өөрчлөлтийг оруулахыг хариуцагчид даалгах,

5.2004 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн Хөрөнгө шилжүүлсэн тухай батламжийг хууль бус болохыг тогтоолгох,

6.Цүки интернэшнл ХХК-ийг 2004 оны 8 дугаар сарын 9-ны өдрөөс өмнөх Япон улсын иргэн Нишино Ёошимигийн өмчлөх хувь болох 49.3 хувийг, Монгол талын хөрөнгө оруулагч С.Мөнхбатын 17.3 хувийг, Ч.Саранчимэгийн 33.3 хувийг тус тус эзэмшиж байсан Гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд байсныг холбогдох төрийн захиргааны байгууллагад өөрчлөлт оруулан, анх үүсгэн байгуулахад байсан хөрөнгө оруулагч нарыг оруулах, компаний статусыг Гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд болгож, хэвээр хадгалахтай холбоотой өөрчлөлтийг оруулахыг Ч.Саранчимэгт даалгаж өгнө үү гэсэн байна.

Улмаар хэргийг шийдвэрлэх явцад нэхэмжлэгч талаас иргэний хэрэгт хамтран хариуцагчаар Цүки ХХК, Цүки интернэшнл ХХК-ийг татсан байх ба дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй болохоо нэхэмжлэлийн шаардлага тус бүрээр дор дурьдсан байдлаар тайлбарлаж байна.

Нэхэмжлэлийн эхний шаардлагын тухайд Япон улсын иргэн Нишино Ёошимитэй хийсэн гэх Гэрээ зөвшилцлийн бичгийн 7 дугаар зүйлд заасны дагуу Цүки ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр Нишино Ёошими болгон өөрчлөх үндэслэл байхгүй юм. Учир нь тус компанийг тэрээр үүсгэн байгуулаагүй, хөрөнгө оруулаагүй болох нь компанийн үүсгэн байгуулах баримт бичиг, Хуулийн этгээдийн улсын бүртгэлээр тус тус нотлогдоно. Нишино Ёошими нь Цүки ХХК-ийг үүсгэн байгуулахад 30 000 ам долларын хөрөнгө оруулсан гэх боловч С.Мөнхбат болон Ч.Саранчимэг нарын хувьд “Цүки” ХХК- ийг үүсгэн байгуулахад 12 840 000 төгрөгийн үнэ бүхий тавилга эд хогшлоор компаний дүрмийн санг бүрдүүлж байснаас гадна тус компаний үүсгэн байгуулагч болох С.Мөнхбат нь цагдаагийн байгууллагад өгсөн мэдүүлэгтээ Нишино Ёошими 30 000 ам доллар өгч байгаагүй талаар мэдүүлсэн байдгаар тус тус үгүйсэгддэг. Цүки интернэшнл ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр Нишино Ёошимиг бүртгүүлэх үндэслэл байхгүй бөгөөд учир нь тэрээр тус компанийг үүсгэн байгуулахад огт оролцоогүй, хөрөнгө оруулаагүй болох нь тэрээр үүсгэн байгуулах баримт бичигт гарын үсэг зураагүй, компанид хөрөнгө оруулсан гэх нэг ч санхүүгийн болон бусад баримт байхгүй байгаагаар нотлогдоно. Гэвч тэрээр Цүки интернэшнл ХХК-ийг үүсгэн байгуулсан, хөрөнгө оруулсан гэж цагдаа, хуулийн байгууллагад удаа дараалан худал өргөдөл гомдол гаргаж явсаар өнөөдрийг хүрээд байна. Нишино Ёошимигийн хувьд Цүки интернэшнл ХХК-ийг дангаараа үүсгэн байгуулсан, хөрөнгө оруулсан гэж байгаа бол үүнийгээ нотолж, холбогдох нотлох баримт гаргаж өгөх ёстой. Цүки хаус төвийн барилгыг Нишино Ёошими өөрийн 100 хувийн хөрөнгөөр бариулсан гэх шаардлагын тухайд үүнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Учир нь Ч.Саранчимэг би 1996 оноос хойшхи Япон улсад ажиллаж олсон орлого болон Цүки ХХК-ийн олсон олгоор Цүки хаус төвийн барилгыг бүрэн санхүүжүүлж бариулсан ба ингэхдээ өөрийн Цүки ХХК-ийн нэрээр газрын зөвшөөрөл болон барилга эхлүүлэх, барих бүхий л зөвшөөрлийг төрийн захиргааны эрх бүхий байгууллагаас авч, улмаар Азийн суварга ХХК, БНХАУ-ын хөрөнгө оруулалттай И Жа ХХК-тай гэрээ байгуулан бариулж ашиглалтад оруулсан юм. Япон улсын иргэн Нишино Ёшими нь “Цүки хаус” төвийн барилгыг өөрийн хөрөнгөөр бариулсан бол ямар компанийн нэрээр хэдий хэмжээний хөрөнгө, санхүүжилтээр барьсан гэдгийг тодорхой мэдэж, баримт гаргаж өгөх ёстой байтал, Цүки интэрнэшнл ХХК-ийн нэр дээр байдаг, тус компанид оруулсан хөрөнгөөр барьсан мэтээр МУ-ын Арбитр болон цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаж, мэдүүлж байснаас тэрээр уг барилгатай холбоотой асуудлыг огт мэдэхгүй нь нотлогдоно. Мөн эрүүгийн хэрэгт гэрчээр асуугдсан гэх Ч.Одончимэгийн 2009 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн тодорхойлолт гэсэн баримтад бичснээр “... Зөвшилцлийн гэрээгээр “Цуки хаус” төвийн газар ба барилгыг барихад Нишино Ёошими нь дангаараа 100 хувийн хөрөнгө оруулсныг хулээн зөвшөөрч бид гарын усэг зурсан.... ” гэдэг боловч тэрээр энэхүү тодорхойлолтыг хэний хүсэлтээр, хэнд зориулан бичсэн гэдэг нь ойлгомжтой байхын зэрэгцээ уг баримтаар өөрийнхөө хараагүй, үзээгүй, мэдэхгүй зүйлийг батлах гэж оролдсон нь тодорхой байна. Ч.Одончимэгийн хувьд Цүки ХХК болон Цүки интернэшнл ХХК-иудыг үүсгэн байгуулагдахад хэн хичнээн хэмжээний хөрөнгө гаргаж байгуулсныг, мөн “Цүки хаус” төвийн барилгыг хэн хөрөнгө оруулж барьсныг тухайн үед компанид ажиллаж байгаагүй, компаний санхүүг хариуцаж байгаагүй, огт хамааралгүй байсан хүний хувьд мэдэх боломжгүй юм. Цүки хаус төвийн барилгын өмчлөгчөөр Цүки интернэшнл ХХК-ийг тогтоох боломжгүй юм. Цүки хаус төвийн барилгыг Цүки ХХК-ийн нэрээр бариулж, Цүки ХХК-ийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй байсныг манай компаний холбогдох албан тушаалтнууд татварын байгууллагад буруу мэдүүлснээс Цүки интернэшнл ХХК-ийн тайлан балансад бүртгэгдэж явсныг хожим залруулж, Цүки ХХК-ийн үндсэн хөрөнгөд бүртгэж, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргуулан авсан юм. Тэгээд ч нэхэмжлэгчийн хувьд Цүки интернэшнл ХХК-ийн өмнөөс нэхэмжлэл гаргах замаар Цүки хаус төвийн барилгыг Цүки интернэшнл ХХК-ийн өмчлөлд шилжүүлэх талаар шаардлага гаргах эрх байхгүй, Цүки интернэшнл ХХК-ийг төлөөлөх эрхгүй этгээд юм.

2004 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн Хөрөнгө шилжүүлэх тухай батламжийг хууль бус болохыг тогтоолгох шаардлагын тухайд, Цүки интернэшнл ХХК-ийг анх үүсгэн байгуулахад Нишино Ёошими нь огт оролцоогүй, үүсгэн байгуулах гэрээ дүрэмд гарын үсэг зураагүй хүний хувьд компанийн хувьцааг бусдад шилжүүлэх асуудалд ач холбогдол өгөх шаардлагагүй юм. Нишино Ёошимигийн хувьд цагдаагийн байгууллагад өгч байсан мэдүүлэгтээ гарын үсгийг япон ханзаар зурдаг, латинаар зурдаггүй талаараа хэлдэг. Эндээс Цүки интернэшнл ХХК-ийг үүсгэн байгуулах баримт бичиг болон хөрөнгө шилжүүлэх тухай батламж бичигт зурагдсан гарын үсгийн /уг 2 баримт дээрх Нишино Ёшимигийн гарын үсэг гэсэн хэсгүүд латинаар бичигдсэн/ аль алийг тэрээр зураагүй болох нь тодорхойлогдоно.

Цүки интернэшнл ХХК-ийг 2004 оны 8 дугаар сарын 9-ны өдрөөс өмнөх Япон улсын иргэн Нишино Ёошимигийн өмчлөх хувь болох 49.3 хувийг, Монгол талын хөрөнгө оруулагч С.Мөнхбатын 17.3 хувийг, Ч.Саранчимэгийн 33.3 хувийг тус тус эзэмшиж байсан Гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд байсныг холбогдох төрийн захиргааны байгууллагад өөрчлөлт оруулан, анх үүсгэн байгуулахад байсан хөрөнгө оруулагч нарыг оруулах, компаний статусыг Гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд болгож, хэвээр хадгалахтай холбоотой өөрчлөлтийг оруулахыг Ч.Саранчимэгт даалгах гэсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд уг өөрчлөлтийг хуулийн дагуу зохих баримтыг бүрдүүлсний үндсэн дээр хийсэн болно. Нишино Ёошими нь Цүки интернэшнл ХХК-д огт хөрөнгө оруулаагүй, ямар нэг хамааралгүй тул Гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд болгон өөрчлөхөөр шаардлага гаргах эрхгүй бөгөөд түүний хууль ёсны эрх ашиг хөндөгдсөн гэж үзэх үндэслэл байхгүй юм.

Иймд дээрх үндэслэл болоод холбогдох нотлох баримтуудыг харгалзан үзэж нэхэмжлэгч талын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье гэв.

Гуравдагч этгээд Ч.Идэрбаяр шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие “Цүки интерншэнл” ХХК-ийн 33 хувийн хувьцаа эзэмшигчээр өнөөдрийг хүртэл бүртгэлтэй байгаа бөгөөд Нишино Ёошимигийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь “Цүки интернэшнл” ХХК –ийг байгуулахад болон “Цүки хаус” төвийн барилгыг барихад Нишино Ёошими нь ямар нэг байдлаар хөрөнгө оруулж байгаагүй. Түүнд огт хамааралгүй юм. Нишиногийн нэхэмжлэл нь Ч.Саранчимэгтэй хувийн таарамжгүй харьцаанаас үүдэлтэй гэж үзэж байна. Мөн “Цүки интернэшнл” ХХК-ийн хувьцааг миний зөвшөөрөлгүйгээр Нишинод шилжүүлэх үндэслэлгүй юм. Намайг болон Ч.Одончимэгийг 2004 онд “Цүки интернэшнл” ХХК-ийн хувьцаа эзэмшигч болсон гэдгийг Нишино нь маш сайн мэдэж байсан атлаа мэдээгүй байсан мэтээр нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй байна. Миний бие Япон улсад байнга оршин суудаг учир дахин дахин ирэх боломжгүй бөгөөд намайг байлцуулалгүйгээр хэргийг шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй болно гэжээ.

Гуравдагч этгээд Ч.Одончимэг шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие нь 1997 оноос 2002 оны хооронд Япон улсад “Цүки интернэшнл” ХХК-ийн 33,3 хувийн хувьцаа эзэмшигчээр өнөөдрийг хүртэл бүртгэлтэй байгаа бөгөөд Нишино Ёошимигийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь “Цүки интернэшнл” ХХК болон “Цүки хаус” төвийн барилга барихад би Монголд байгаагүй. Нишино Ёошимигийн нэхэмжлэл нь Ч.Саранчимэгтэй хувийн таарамжгүй харьцаанаас үүдэлтэй гэж үзэж байна. Намайг 2004 онд “Цүки интернэшнл” ХХК нь хувьцаа эзэмшигч болсон гэдгийг Нишино нь маш сайн мэдэж байсан атлаа мэдээгүй байсан мэтээр нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй байна. Чулуунбаатар овогтой Одончимэг миний биеийг байлцуулалгүйгээр хэргийг шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй болно гэжээ.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                            ҮНДЭСЛЭХ нь:

 

          Нэхэмжлэгч Нишино Ёошими нь хариуцагч “Цүки” ХХК, “Цүки интернэшнл” ХХК, Ч.Саранчимэг нарт холбогдуулан дараах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргаж байна. Үүнд:

         1. 2004 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн “Хөрөнгө шилжүүлсэн тухай батламжийг  хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах,

         2.  “Цүки” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр тогтоолгох, Нишино Ёошими болгон өөрчлөхөд шаардагдах бичиг баримтыг хариуцагчаас гаргуулах”,

         3. Нишино Ёошими-г “Цүки Хаус” барилгын 100 хувийн хөрөнгө оруулагч болохыг тогтоолгох,

         4. “Цүки Хаус” барилгын хууль ёсны өмчлөгч нь “Цүки Интернэшнл” ХХК болохыг тогтоож, уг барилгын өмчлөх эрхийн үл хөдлөх эд хөрөнгийн Улсын бүртгэлийн гэрчилгээнд дээрх өөрчлөлт оруулахад шаардагдах бичиг баримтыг хариуцагчаас гаргуулах”,

         5. Нишино Ёошимиг “Цүки Интернэшнл” ХХК-ийн нийт хувьцааны 49.3 хувийн хувьцааны хууль ёсны эзэмшигч болохыг тогтоож, уг өөрчлөлтэй холбоотойгоор тус компанийн статусыг “Гадаадын хөрөнгө оруулалтай хуулийн этгээд” болгож өөрчлөх, гэрчилгээг гаргуулахад шаардагдах бичиг баримтыг хариуцагчаас гаргуулах”,

        6. “Цүки Интернэшнл” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр Нишино Ёошимог тогтоолгох, өөрчлөхөд шаардагдах бичиг баримтыг хариуцагчаас гаргуулах,

 

        Шүүх талуудын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг хангаж, үлдснийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй  гэж дүгнэв. Учир нь:

 

       Хэрэгт авагдсан баримтаас үзвэл 2004 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн хөрөнгө шилжүүлсэн тухай батламжинд Нишино Ёошими гарын үсэг зураагүй, дээрх баримтад зурагдсан гарын үсэг нь Н.Ёошимигийн гарын үсэгтэй тохирохгүй байгаа болохыг Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2009 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 915 дугаар шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх тул 2004 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн хөрөнгө шилжүүлсэн тухай батламжийг  хууль бус болохыг тогтоолгох шаардлагыг хангаж шийдвэрлэлээ. /хх-1 хавтас 116-118 хуудас/

 

       Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно” гэж хуульд заасан нь  Н.Ёошими  иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор Ч.Саранчимэгт хөрөнгө шилжүүлсэн тухай батламжийн агуулгад дурдсан хүсэл зоригийг илэрхийлээгүй болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.

 

         Хэргийн баримтаас үзэхэд 1997 оны 7 дугаар сарын 7-ны өдөр  Ч.Саранчимэг нь 12,840,000 төгрөгийн дүрмийн сантай “Цүки” ХХК-ийг үүсгэн байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. /хх- 1 хавтас 67, 226 хуудас/

         Нэхэмжлэгч Н.Ёошими нь “Цүки” ХХК-ийг үүсгэн байгуулах бүх хөрөнгө оруулалтыг хийсэн тул тус компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр тогтоолгох шаардлага нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байна.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага,  түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч нь тус компанид хэдий хэмжээний хөрөнгө оруулсан талаар нотолсон баримтаа шүүхэд ирүүлээгүй, нэхэмжлэлийн шаардлагаа баримтаар нотлоогүй байна.

          Эрүүгийн хэрэг шалгах явцад гэрчүүдээс авсан мэдүүлэгт мэдүүлж буй Ч.Саранчимэгт дугтуйтай мөнгө Н.Ёошими явуулдаг байсан гэх мөнгө нь хэдэн төгрөг болох уг мөнгө ямар зориулалтаар ирдэг байсан эсэх нь тодорхойгүй, нэхэмжлэгч Н.Ёошими эрүүгийн хэрэгт өгсөн мэдүүлэгтээ “.. Саранчимэгийн санаачилснаар компани байгуулахаар шийдсэн юм. Саранчимэг нь надад хэлэхдээ Монголд соёлын төв байгуулахад та надад 1 жилийн хугацаанд туслалцаа үзүүлээч. Би тэгвэл дараа нь туслалцаа авалгүйгээр биеэ даагаад дангаараа үйл ажиллагаагаа явуулж чадна гэсэн боловч чадалгүй, алдагдалтай ажиллаж ирсэн. Энэхүү хугацаанд бүх зүйлд нь би санхүүгийн туслалцаа үзүүлж ирсэн юм...” гэх мэдүүлгээс нь дүгнэвэл биеэ даан үйл ажиллагаа явуулахыг анхнаасаа зөвшөөрч, санхүүгийн дэмжлэг үзүүлж байж гэж үзэхээр байна./хх-1 хавтас 136-137 хуудас /

        Мөн нэхэмжлэгч Н.Ёошими нь “Цүки” ХХК-ийг үүсгэн байгуулахад хувь эзэмшигчээр бүртгүүлээгүй, “Цүки” ХХК-ийн тайлан баланст хөрөнгө оруулалтын хэмжээ тусаагүй, Монгол Улсын татварын албанд гаргаж буй татварын тайланд хөрөнгө оруулалтын талаар тусгаагүй, хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг компанийн дүрэмд тусгаагүй, компанийн банкны харилцах дансуудаар хөрөнгө оруулалтын гүйлгээ хийгдээгүй, тус компанид хөрөнгө оруулсан талаарх хөрөнгийн хэмжээ тодорхойгүй, баримтаар нотлогдоогүй байна.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасан тул гэрчүүдийн мэдүүлэг, нэхэмжлэгчээс оруулсан мөнгөн дүнгийн жагсаалтуудыг үнэн зөв, эргэлзээгүй гэж үнэлэх боломжгүй байх тул “Цүки” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр тогтоолгох, Нишино Ёошими болгон өөрчлөхөд шаардагдах бичиг баримтыг хариуцагчаас гаргуулах нэхэмжлэл нотлогдоогүй гэж шүүх дүгнэлээ. /хх-1 хавтас 70-98, 191-207, мөн 1 хавтас 18, 22, 23, 24, 25, 26, 27, 28 авагдсан тодорхойлолтууд нотлох баримтын шаардлага хангаагүй тул үнэлээгүй болно./

         Нөгөөтэйгүүр тухайн улсын нутаг дэвсгэр дээр үйлчилж буй хуулийг хэрэглэхгүй, хөрөнгө оруулалт, компанийн орлого, зарлага, ашгийг улсын хэмжээнд мөрдөж буй  татварын хуулийн хэрэгжилтийг үл биелүүлэн нягтлан бодох бүртгэлийн тайлан балансийг үнэн зөв гаргахгүй байгаа үйлдлийг зөвтгөх боломжгүй бөгөөд энэ нь хуулийг мэдэхгүй гэдгээр хариуцлагаас чөлөөлөх үнэдэслэл болохгүй юм.   

              Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо Сөүлийн гудамжинд байршилтай үйлчилгээний зориулалтай 0,06 га газрыг 4 жилийн хугацаатай “Цүки” ХХК-нд ашиглуулахаар 2002 оны 4 дүгээр сарын 24-ны өдөр Нийслэлийн Засаг даргын 180 дугаартай захирамжаар газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулсан байна. /хх-1 хавтас 30-31 хуудас/

        Хэрэгт авагдсан баримтаас үзвэл барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын 2002 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 35/2002 актанд барилгыг ашиглалтанд оруулж буй хуулийн этгээд “Цүки интернэшнл” ХХК, мөн 2004 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 000055612 дугаар үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар төлөгчийн гэрчилгээнд аж ахуй нэгжийн нэр “Цүки интернэшнл” ХХК, “Балхан-Аудит”  ХХК-ийн хийж гүйцэтгэсэн шинжилгээний тайланд “Цүки интернэшнл” ХХК-ийн 2002 оны жилийн эхэнд 427,2  сая төгрөгийн дуусаагүй барилгын өртөг тусгагдаж, анхан шатны баримтгүйгээр оны эцэст 441,7 сая төгрөгийн өртөгтэй болж өөрчлөгдсөн гэх баримт, үл хөдлөх хөрөнгийн албан татварыг төлдөг байсан гэр баримтуудыг дүгнэвэл уг барилгыг барьж ашиглалтанд оруулж, тайлан баланстаа өмчөөр бүртгэсэн нь “Цүки интернэшнл” ХХК байна. /хх-1 хавтас 32, 174 хуудас, 2 хавтас 328 хуудас/

        Нэхэмжлэгч Н.Ёошими уг барилгад 126 сая иен буюу 1 тэрбум 200 сая орчим төгрөгийн хөрөнгө оруулсан гэж эрүүгийн хэрэгт мэдүүлсэн боловч уг иргэний хэрэгт тус үл хөдлөх хөрөнгөд оруулсан хөрөнгөө шүүх нотолж чадаагүй гэж дүгнэлээ.

       Учир нь нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүргээ биелүүлээгүй бөгөөд тус барилгад оруулсан хөрөнгийн эх үүсвэр болох мөнгөн хадгаламж, орлогоо тодорхойлсон баримтууд болон холбогдох баримтаа шүүхэд ирүүлээгүй байх тул       Нишино Ёошими-г “Цүки Хаус” барилгын 100 хувийн хөрөнгө оруулагч болохыг тогтоолгох нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна.

         Монгол Улсын иргэн Ч.Саранчимэг Япон улсын иргэн Нишино Ёошими нар 2000 оны 5 дугаар сарын 1-ний өдөр “Монгол-Японы хамтарсан “Цүки интернэшнл” ХХК байгуулах тухай гэрээ байгуулж, тус гэрээний 13 дугаар зүйлд “... хоёр тал маргааныг эвийн журмаар шийдвэрлэх боломжгүй 3 сар үргэлжилбэл аль нэг тал нь нэхэмжлэл гарган Монгол Улсын Худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэдэх Арбитрын шүүхэд шилжүүлэх ”-ээр  харилцан тохиролцсон байна.

         Иймд нэхэмжлэгч нь  Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын дэргэдэх Монголын Олон Улсын ба Үндэсний арбитрт хандах нь зүйтэй гэж үзэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д “ энэ хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-д “шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар  хуульд заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн ба  энэ журмыг хэрэглэх боломжтой байвал” заасан нөхцөл тогдоогдож байх тул Нишино Ёошимигийн нэхэмжлэлтэй  “Цүки Интернэшнл” ХХК-ийн нийт хувьцааны 49.3 хувийн хувьцааны хууль ёсны эзэмшигч болохыг тогтоож, уг өөрчлөлтэй холбоотойгоор тус компанийн статусыг “Гадаадын хөрөнгө оруулалтай хуулийн этгээд” болгож өөрчлөх, гэрчилгээг гаргуулахад шаардагдах бичиг баримтыг хариуцагчаас гаргуулах”,“Цүки Интернэшнл” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр Нишино Ёошимиг тогтоолгох, өөрчлөхөд шаардагдах бичиг баримтыг хариуцагчаас гаргуулах иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

          Нэхэмжлэгч Нишино Ёошими нь  “Цүки Интернэшнл” ХХК-ийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй нь тогтоогдоогүй байх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д “ энэ хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д “нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан” гэх нөхцөл тогтоогдож байх тул “Цүки Хаус” барилгын хууль ёсны өмчлөгч нь “Цүки Интернэшнл” ХХК болохыг тогтоож, уг барилгын өмчлөх эрхийн үл хөдлөх эд хөрөнгийн Улсын бүртгэлийн гэрчилгээнд дээрх өөрчлөлт оруулахад шаардагдах бичиг баримтыг хариуцагчаас гаргуулах” хэргийг хэрэгсэхгүй болгов.

         Хэргийг хэрэгсэхгүй болгох нь эрх зүйн маргааныг шийдвэрлэж байгаа бус, харин энэ маргааныг тухайн тохиолдолд шүүх шийдвэрлэх үндэсгүй байгааг илэрхийлж байгаа болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2,  116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                               ТОГТООХ нь:

 

          1. Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ч.Саранчимэг, Нишино Ёошими нарын хооронд 2004 оны 7 дугаар сарын 16 өдрийн хөрөнгө шилжүүлсэн тухай батламж хууль бус болохыг тогтоосугай.

           2. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, Компанийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.5 дэх хэсэгт зааснаар /1999 оны/ хариуцагч Ч.Саранчимэг, “Цүки” ХХК нарт холбогдох “Цүки” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр тогтоолгох, Нишино Ёошими болгон өөрчлөхөд шаардагдах бичиг баримтыг хариуцагчаас гаргуулах, “Цүки Хаус” барилгын 100 хувийн хөрөнгө оруулагч болохыг тогтоолгох нэхэмжлэгч  Нишино Ёошимигийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

          3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар “Цүки Интернэшнл” ХХК-ийн нийт хувьцааны 49.3 хувийн хувьцааны хууль ёсны эзэмшигч болохыг тогтоож, уг өөрчлөлтэй холбоотойгоор тус компанийн статусыг “Гадаадын хөрөнгө оруулалтай хуулийн этгээд” болгож өөрчлөх, гэрчилгээг гаргуулахад шаардагдах бичиг баримтыг  гаргуулах”, “Цүки Интернэшнл” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр Нишино Ёошимиг тогтоолгох, өөрчлөхөд шаардагдах бичиг баримтыг гаргуулах, “Цүки Хаус” барилгын хууль ёсны өмчлөгч нь “Цүки Интернэшнл” ХХК болохыг тогтоож, уг барилгын өмчлөх эрхийн үл хөдлөх эд хөрөнгийн Улсын бүртгэлийн гэрчилгээнд дээрх өөрчлөлт оруулахад шаардагдах бичиг баримтыг  гаргуулахыг хүссэн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

        4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 59 дүгээр зүйлийн 59.1, Улсын Тэмдэгтийн Хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2 070 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд 1 039 626 төгрөг гаргуулж улсын төсөвт оруулж, хариуцагч Ч.Саранчимэгээс 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

        5 . Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

                   ШҮҮГЧ                                 Ц.ОЮУНБИЛЭГ