Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 2133

 

Н.Ё-ийн нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,   

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 183/ШШ2017/01250 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Н.Ё-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “Ц” ХХК, “ЦИ” ХХК, Ч.С нарт холбогдох

2004 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн “Хөрөнгө шилжүүлсэн тухай” батламжийн Н.Ё-д холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах,

“ЦИ” ХХК-ийн нийт хувьцааны 49.3 хувийн эзэмшигч болохыг тогтоолгох, компанийн статусыг гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд болгон өөрчлөхөд шаардагдах бичиг баримт гаргуулах,

“Ц х” барилгын 100 хувийн хөрөнгө оруулагчаар тогтоож, уг барилгын хууль ёсны өмчлөгч “ЦИ” ХХК болохыг тогтоолгож, улсын бүртгэлийн гэрчилгээнд өөрчлөлт оруулах, шаардагдах баримт бичиг гаргуулах, “Ц” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр тогтоож, шаардагдах бичиг баримт гаргуулах тухай иргэний хэргийг 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, С.Э,

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Б,

Хариуцагчийн өмгөөлөгч М.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Н.Ё хариуцагч Ч.С-тэй хамтран ажиллахаар тохиролцож улмаар төлөөлөгчөөр томилж 30 000 ам.долларыг өгч, 1 сарын дотор холбогдох бичиг баримтыг бүрдүүлэн компани байгуулах, компани байгуулсан үед цаашдаа Монгол улсад ирж, хөрөнгө оруулан хамтран ажиллах, үйл ажиллагаагаа эхлэхээр Япон улс руу буцсан байдаг. Сарын дараа хариуцагч Ч.С компани байгуулснаа мэдэгдэж, тохирсон ёсоор хөрөнгө оруулалтаа оруулахыг санал болгосны дагуу нэхэмжлэгч Н.Ё Монгол Улсад ирсэн. Хариуцагч Ч.С нь нэхэмжлэгч Н.Ё-ийн хөрөнгө оруулалт болгон өгсөн мөнгөнөөс 12 480 000 төгрөгөөр “Ц” ХХК-ийн дүрмийн санг бүрдүүлж, 2 гишүүнтэйгээр С.М-тай хамтран 1997 оны 7 дугаар сарын 08-ны өдөр тус компанийг байгуулсан бөгөөд Н.Ё-д тус компанийн Улсын бүртгэлийн гэрчилгээг үзүүлэхдээ гэрчилгээн дээрх 2 гишүүнтэй гэх хэсгийг “энэ 2 гишүүн нь чи бид 2” хэмээн тайлбарлаж, анхнаасаа түүний итгэлийг эвдэж, залилж эхэлсэн. Уг “Ц” ХХК-ийн 100 хувийн эзэмшигч анхнаасаа нэхэмжлэгч Н.Ё мөн болохыг хариуцагч Ч.С-т холбогдох 20935528 дугаартай эрүүгийн хэрэгт нотлох баримтаар хавсаргасан Ч.С-ийн төрсөн эгч Ч.О-ийн  бичсэн тодорхойлолт, 2004 оны 11 дүгээр сарын 29-нд Н.Ё, Ч.С нар байгуулж гарын үсэг зурсан “Ц” ХХК-ийн амлалтын тохиролцоо бичгээр Ч.С нь Н.Ё-г энэхүү компанийн 100 хувийн хөрөнгө оруулагч, үүсгэн байгуулагч гэдгийг үнэн зөвөөр хүлээн зөвшөөрдөг. Харин “Ц” ХХК-ийн албан ёсны бүртгэл болон харилцах төрийн захиргааны байгууллагуудын баримт бичигт зөвхөн өөрийнхөө нэрийг болон бусад хүмүүсийн нэрсийг оруулж, хууль бусаар хуурамч бичиг баримт бүрдүүлэн шилжүүлэх зэрэг үйлдлийг байнга хийж, итгэл эвддэг байсан.

Хариуцагч 2004 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн “Ц” ХХК-ийн амлалт тохиролцоо бичиг”-ийн дагуу Ч.С-т холбогдох 20935528 дугаартай эрүүгийн хэрэгт өгсөн гэрч Ч.О, З.Б, Г.Б, Л.С, А.С, Т.Г нарын мэдүүлэг тодорхойлолтоор “Ц” ХХК болон “ЦИ” ХХК, хариуцагч Ч.С-тэй байгуулсан “Гэрээ болон Зөвшилцөлийн бичигт бүх зардлыг хөрөнгө оруулагч тал гаргана” гэж заасныг аль аль тал нь хүлээн зөвшөөрч буйгаа баталж тамга, гарын үсгээ зуралцсан байдаг. Ийнхүү 1997 онд тус компанийг үүсгэн байгуулаад Н.Ё бүх зардал болон хөрөнгө оруулалтаа хийлгэж байх хугацаанд 50 хувийн хувьцаа эзэмшигч байсан С.М-ын хувьцааг 2004 онд өөр дээрээ шилжүүлэн авсан байдаг. Энэ  хугацаанд /2004 онд/ мөн Н.Ё руу холбоо барьж татварын албанд 700 000 000 төгрөг татварын өр төл гэсэн бичиг ирсэн дагуу шалгахад Монгол талын төлөөлөгч Ч.С нь татварын байцаагчтай хуйвалдаж хуурамч татварын өрийн асуудал гаргасан нь тодорхой болсон. Мөн компанийн ажилчдаас 2004 оны 7 дугаар сарын 09-ний өдөр хуурамч хурлын протокол, бэлэглэлийн гэрээ зэргийг үйлдэж, “Ц” ХХК болон “ЦИ” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч болж Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт бүртгүүлсэн. Энэ бүх асуудлуудыг мэдсэний дагуу хөрөнгө оруулагч Н.Ё нь Ч.С, н.Н, С.М нарыг дуудан уулзаж дээрх асуудлаас болж “Зөвшилцлийн бичиг” хэмээх баримтыг “Ц” ХХК болон “ЦИ” ХХК-д дээр үйлдэхээр шийдэж, энэ хэлэлцээрийн бичиг хийснээр дараах асуудлыг баталгаажуулж, нотлохыг хүссэн.

          “Ц” ХХК болон “ЦИ” ХХК-ын 100 хувийн өмчлөгч, хөрөнгө оруулагч нь Н.Ё мөн болохыг тодотгож Монгол улс дахь төлөөлөгч Ч.С, Ч.О, Ч.И гэгч хүмүүс нь түүний нэрийн өмнөөс дээрх компаниудын хувьцааг тус бүр 33 хувиар эзэмшиж, түүнээс цалин авч буй ажилтан гэдгээр байгуулсан бөгөөд компанийн үйл ажиллагаанд харилцан хяналт тавих зорилгоор хариуцагч Ч.С-ийн төрсөн эгч, дүү болох Ч.О, Ч.И нарыг хамтран хувьцаа эзэмшигчээр томилсон. “Ц” ХХК болон “ЦИ” ХХК-ийг байгуулах мөн “Ц х” барилгыг бариулах бүх зардлыг нэхэмжлэгч Н.Ё нь ганцаар гаргасан ба үүнийг албан ёсоор баталгаажуулах хүрээнд Ч.С болон Ч.О, Ч.И, Н.Ё нар гарын үсэг зуран баталгаажуулсан. Үүний дагуу 2004 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн “Ц” ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн хурал болж, Ч.С нь өөрийн хүсэлтээр 33.3 хувиудыг Ч.О, Ч.И нарт шилжүүлсэн хурлын протокол гарч УБЕГ өөрчлөлтийг бүртгүүлэхийг Ч.С-т даалгасан. Гэтэл дахин хөрөнгө оруулагч талыг хууран мэхлэж гэрээнд тусгасан эрх мэдлээ хэтрүүлэн үүргээ зөрчин дур мэдэн “Ц” ХХК-ийн 20 хувийн хувьцааг З.Б-д шилжүүлжсэн бөгөөд үүнийг Н.Ё-д хурлын дагуу, зөвшилцлийн бичгийн дагуу өөрчлөлтийг оруулсан гэж мэдэгдсэн бөгөөд З.Б нь өөрийн нэр дээр “Ц” ХХК-ийн 20 хувийн хувьцаа ирснийг 2008 оны 01 дүгээр сард мэдсэн байдаг. Мөн 2004 онд “Ц” ХХК, “ЦИ” ХХК-ийн Ч.С-т шилжигдсэн баримт болон дээрх 2 компанийн ихэнхи бичиг баримтууд УБЕГ-аас алга болсон байдаг. 2009 онд дээрх бүх хууль бус үйлдэлд нь холбогдуулан Сүхбаатар дүүргийн цагдаад Ч.С-ийг шалгуулахад хуурамч бичиг баримт үйлдэн ашигласан гэх үйлдэлд нь гэм буруутай байна гэхдээ дээрх гэмт хэргийн үйлдэлд нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх хугацаа өнгөрсөн, эд хөрөнгө, тоног төхөөрөмж авсан асуудал нь иргэд хоорондын иргэний маргаан гэж үзэж эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон. Иймд “Ц” ХХК-ийн 100 хувийн хувьцааны хууль ёсны өмчлөгч нь Н.Ё мөн болохыг иргэний журмаар тогтоолгож, үүнтэй холбоотойгоор өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхийг хариуцагч Ч.С-т даалгах шаардлага гаргасан.

Иймд “Ц” ХХК-ийг үүсгэн байгуулахад, үйл ажиллагааг нь 1997 оноос өнөөдрийг хүртэл санхүүжүүлж, 100 хувийн хөрөнгө оруулагч байсан нөхцөл байдал мөн 2004 онд байгуулагдсан “Гэрээ болон Зөвшилцлийн бичиг”-ийн 7 дугаар зүйлд заасны дагуу “Ц” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр Н.Ё болгон өөрчлөхийг хариуцагчид даалгаж, үүний дагуу өөрчлөлтийг оруулахыг Ч.С-т даалгаж өгнө үү.

     2. “ЦИ” ХХК-ийг анх 2000 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Н.Ё 49 хувь, Ч.С 33 хувь, С.М 17 хувийг тус тус эзэмшихээр тохиролцож, байгуулан улсын бүртгэлд бүртгүүлсэн. Гэтэл Ч.С 2004 оны 7 дугаар сарын 16-ны өдөр хуурамч “Хөрөнгө шилжүүлэх тухай батламж”, Монгол-Японы хамтарсан “ЦИ” ХХК-ийн зөвлөлийн гишүүдийн ээлжит бус хурлын протокол” зэрэг хуурамч бичиг баримт бүрдүүлэн, хуурамч гарын үсэг зурж, “ЦИ” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч болсон байдаг. Уг хурлын протокол, батламж бичиг дээрх гарын үсгийг Н.Ё-ийн гарын үсэгтэй харьцуулсан 2009 оны 4 дугаар сарын 15-ны өдрийн 915 дугаартай “Криминалстикийн шинжээчийн дүгнэлт”-д тус гарын үсгүүдийг хуурамчаар үйлдсэн болохыг тогтоосон. Иймд хууль бусаар Ч.С 2004 оны 7 дугаар сарын 16-ны өдөр “Ц” ХХК болон “ЦИ” ХХК-иудын 100 хувийн хувьцаа эзэмшигч болсон. Дээр дурдсанаар нэхэмжлэгч Н.Ё 2004 онд хөрөнгө оруулсан компаниудтай холбоотой Ч.С-ийн хууль бус үйлдлүүдийг мэдсэн. Үүний үндсэн дээр Ё нь Ч.С болон түүний төрсөн эгч, дүү нартай хамтран 2004 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн “ЦИ” ХХК-ийн “Гэрээ болон Зөвшилцлийн бичиг”-ийг байгуулан гарын үсэг зурцгаасан. Үүний дагуу 2004 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн “ЦИ” ХХК-ийн хурал болж, Ч.С нь өөрийн хүсэлтээр 33.3 хувийг Ч.О, Ч.И нарт шилжүүлсэн хурлын протокол гарч, УБЕГ өөрчлөлтийг бүртгүүлэхийг Ч.С-т даалгасны дагуу хурлыг дуусгасан бөгөөд үүний дагуу өөрчлөлтийг оруулж, “ЦИ” ХХК нь 3 хувьцаа эзэмшигчтэй болсон байдаг.

Гэтэл Ч.С гэрээгээр тохиролцсоны дагуу дээрх 2 этгээдийг компанид оруулдаг боловч “Ц” ХХК-ийн 20 хувийн хувьцааг З.Б-аас авах үедээ Ч.О, Ч.И нараас тус тусын 33.3 хувийн хувьцааг хууль бусаар буцаан авсан байдаг. Гэтэл дээр дурдсан “Ц” ХХК дээр байгуулсан “Гэрээ болон зөвшилцлийн бичиг”-ийг зөрчсөн үйлдлээрээ мөн “ЦИ” ХХК дээр байгуулсан “Гэрээ болон зөвшилцлийн бичиг”-ийг мөн зөрчиж гэрээний үүргээ биелүүлэхгүй, хууль бус үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Иймд “ЦИ” ХХК-ийн Гэрээ болон Зөвшилцөлийн бичгийн 7,8 дугаар зүйлд заасны дагуу “ЦИ” ХХК-ийн 100 хувийн хувьцааны хууль ёсны өмчлөгч Н.Ё болохыг тогтоож, үүнтэй холбоотой өөрчлөлтийг холбогдох байгууллагад бүртгүүлэхийг даалгах шаардлагыг гаргаж байна.

      3. Хөрөнгө оруулагч Н.Ё-д Ч.С “Ц х” төвийн барилгын газар авахад мөнгө шаардлагтай гэсний дагуу Япон улсаас буцаж байсан бүжигчингээр дамжуулан 30 000 ам.долларыг явуулсны дагуу Ч.С нь одоогийн “Ц х” барилгын баригдсан газрыг авсан байсан. Уг барилгын барилга, газар, тоног төхөөрөмжийн хөлс нийт 126 000 000 иенг зарцуулсан. Уг мөнгийг Япон улсаас буцаж байсан бүжигчид болон жүжигчидээр дамжуулан мөнгийг бэлнээр явуулж байсан. Нэхэмжлэгч Н.Ё өөрөө их хэмжээний мөнгийг Япон-Монголын хооронд явж байхдаа авчирсан. Мөн Ч.С-т холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн байцаагч нь тус “Ц х” барилгын санхүүжилт хаанаас эх үүсвэртэй болохыг тогтоох зорилгоор хийсэн ажиллагаануудаас хэн тус хөрөнгийг гаргасан нь тодорхой харагдана. Ч.С нь мөрдөн байцаагчид мэдүүлэхдээ тус барилгын хөрөнгийн эх үүсвэрийг “Ц” ХХК болон “ЦИ” ХХК-ийн ашгаар болон өөрт байсан хөрөнгөөр хийсэн гэх мэдүүлэг, “Балхан Аудит” ХХК-ийн хийсэн дүгнэлт, 2011 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээс харж болно. “Ц х” барилгыг анх “ЦИ” ХХК-ийн захиалгаар бариулж байсан. Гэтэл “Ц х” барилгыг барьж дууссаны дараа Ч.С “Ц” ХХК-ийн өөрийн хөрөнгөнд бүртгэн гэрчилгээ авсан байдаг. Анхнаасаа Н.Ё “Ц х” барилгыг “ЦИ” ХХК-ийн хөрөнгө гэдэг статустайгаар барьж босгож, бүртгэл хийлгэж байсан. Гэтэл Ч.С “ЦИ” ХХК-д бүртгэлттэй барилгыг ямар нэгэн үндэслэлгүйгээр “Цүки” ХХК-ийн нэрээр гэрчилгээг авсан байдаг. Иймд нэхэмжлэгч Н.Ё “Ц х” барилгын 100 хувийн хөрөнгө оруулагч болохыг тогтоолгох, “Ц х” барилгын хууль ёсны өмчлөгч нь “ЦИ” ХХК болохыг тогтоож, үүнтэй холбоотой өөрчлөлт оруулахыг даалгах шаардлага гаргасан.

       Хариуцагч Ч.С 2004 оны 7 дугаар сарын 16-ны өдөр “ЦИ” ХХК-ийн хөрөнгө оруулагчид Н.Ё-ийн өмчлөх 49 хувийг, хөрөнгө оруулагч С.М-ын 17.3 хувийг өөрийн нэр дээр хуурамч бичиг баримт бүрдүүлэн шилжүүлэн авсан байдаг. Дээрх хуурамч баримтыг үндэслэн 2004 оны 8 дугаар сарын 09-ний өдөр Ч.С Монгол улсын Гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааны агентлагт буюу Гадаадын хөрөнгө оруулалтын газарт “Япон улсын иргэн Н.Ё, Монгол улсын иргэн С.М нарыг хөрөнгө оруулагчаас хасаж, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуй нэгжийн 00-130 тоот гэрчилгээг хүчингүй болгох” тухай хүсэлт гаргасан байдаг. Энэхүү хүсэлтийг Гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааны агентлаг хүлээн авч 2004 оны 8 дугаар сарын 12-ны өдөр тус агентлагын даргын А-1460 тоот тушаалаар Монгол Японы хамтарсан “ЦИ” ХХК-ийг татан буулгаж, Монголын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд болгон өөрчлөлт оруулсан байна. Хариуцагч Ч.С 2004 оны 7 дугаар сарын 16-ны өдөр хуурамч “Хөрөнгө шилжүүлэх тухай батламж”, Монгол-Японы хамтарсан “ЦИ” ХХК-нийн зөвлөлийн гишүүдийн ээлжит бус хурлын протокол зэрэг хуурамч бичиг баримт бүрдүүлэн, хуурамч гарын үсэг зурж, “ЦИ” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч болсон байдаг. Уг хурлын протокол, батламж бичиг дээрх гарын үсгийг Н.Ё-ийн гарын үсэгтэй харьцуулсан 2009 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 915 дугаар Криминалстикийн шинжээчийн дүгнэлтэд тус гарын үсгүүдийг хуурамчаар үйлдсэн болох, Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2012 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 428/А дугаар тогтоолоор тогтоогддог. Үүнээс харахад “ЦИ” ХХК-ийн хувьцаа Ч.С-т хууль бусаар шилжсэн тул 2004 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн “Хөрөнгө шилжүүлсэн тухай батламж”-ийг хүуль бус болохыг тогтоох, “ЦИ” ХХК-ийг 2004 оны 8 дугаар сарын 09-ний өдрөөс өмнөх Н.Ё-ийн өмчлөх 49.3 хувийг, хөрөнгө оруулагч С.М-ын 17.3 хувийг, Ч.С 33.3 хувийг тус тус эзэмшиж байсан Гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд байсныг холбогдох төрийн захиргааны байгууллагуудад өөрчлөлт оруулан, анх үүсгэн байгуулахад байсан хөрөнгө оруулагч нарыг оруулах, компаний статусыг гадаадын хөрөнгө оруулалтай хуулийн этгээд болгож, хэвээр хадгалахтай холбоотой өөрчлөлт оруулахыг Ч.С-т даалгахаар шаардлагаа нэмэгдүүлсэн болно.  Нэхэмжлэгчээс дараах байдлаар нэхэмжпэлийн шаардлагаа багасгаж байна.

          1.   Н.Ё-г “ЦИ” ХХК-ийн нийт хувьцааны 49.3 хувийн хууль ёсны эзэмшигч болохыг тогтоож, уг өөрчлөлтэй холбоотойгоор тус компаний статусыг “Гадаадын хөрөнгө оруулалтай хуулийн этгээд болгож, өөрчлөх гэрчилгээг гаргуулахад шаардагдах бичиг баримт гаргуулах,

          2. “Ц х” барилгын 100 хувийн хөрөнгө оруулагч болохыг тогтоолгох,

          3. “Ц х” барилгын хууль ёсны өмчлөгч нь “ЦИ” ХХК болохыг тогтоож, уг барилгын өмчлөх эрхийн үл хөдлөх эд хөрөнгийн Улсын бүртгэлийн гэрчилгээнд дээрх өөрчлөлт оруулахад шаардагдах бичиг баримт гаргуулах,

          4. “Ц” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч болгон өөрчилөхөд шаардагдах бичиг баримт гаргуулах,

5. “ЦИ” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр өөрчлөхөд шаардагдах бичиг баримт гаргуулах гэж тус тус тодруулан, багасгасан гэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Ё-тэй хийсэн гэх Гэрээ зөвшилцлийн бичгийн 7 дугаар зүйлд заасны дагуу “Ц” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр Н.Ё болгон өөрчлөх үндэслэлгүй. Учир нь: тус компанийг тэрээр үүсгэн байгуулаагүй, хөрөнгө оруулаагүй нь компанийн үүсгэн байгуулах баримт бичиг, хуулийн этгээдийн улсын бүртгэлээр нотлогдоно. Н.Ё нь “Ц” ХХК-ийг үүсгэн байгуулахад 30 000 ам.долларын хөрөнгө оруулсан гэх боловч С.М болон Ч.С нарын хувьд “Ц” ХХК-ийг үүсгэн байгуулахад 12 840 000 төгрөгийн үнэ бүхий тавилга эд хогшлоор компаний дүрмийн санг бүрдүүлж байснаас гадна тус компаний үүсгэн байгуулагч С.М цагдаагийн байгууллагад өгсөн мэдүүлэгтээ “Н.Ё 30 000 ам.доллар өгч байгаагүй” талаар мэдүүлснээр үгүйсэгддэг. Нэхэмжлэгч Н.Ё-ийн хувьд “ЦИ” ХХК-ийг дангаараа үүсгэн байгуулсан, хөрөнгө оруулсан гэдгээ нотолж, баримт гаргаж өгөх ёстой.

“Ц х” төвийн барилгыг нэхэмжлэгч Н.Ё 100 хувийн хөрөнгөөр бариулсан гэх шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь: Ч.С би 1996 оноос хойш Япон улсад ажиллаж олсон орлого болон “Ц” ХХК-ийн олсон орлогоор “Ц х” төвийн барилгыг бүрэн санхүүжүүлж бариулсан ба ингэхдээ өөрийн “Ц” ХХК-ийн нэрээр газрын зөвшөөрөл болон барилга эхлүүлэх, барих бүхий л зөвшөөрлийг төрийн захиргааны эрх бүхий байгууллагаас авч, улмаар “Азийн суварга” ХХК, БНХАУ-ын хөрөнгө оруулалттай И Жа ХХК-тай гэрээ байгуулан бариулж ашиглалтад оруулсан. Япон улсын иргэн Н.Ё нь “ЦИ” ХХК-ийн нэр дээр байдаг, тус компанид оруулсан хөрөнгөөр барьсан мэтээр Арбитр болон цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаж, мэдүүлснээр уг барилгатай холбоотой асуудлыг огт мэдэхгүй нь нотлогдоно.

Мөн эрүүгийн хэрэгт гэрчээр асуугдсан Ч.О “Ц” ХХК болон “ЦИ” ХХК-ийг үүсгэн байгуулагдахад хэн хичнээн хэмжээний хөрөнгө гаргаж байгуулсныг, мөн “Цүки хаус” төвийн барилгыг хэн хөрөнгө оруулж барьсныг тухайн үед компанид ажиллаж байгаагүй, компаний санхүүг хариуцаж байгаагүй, огт хамааралгүй хүний хувьд мэдэх боломжгүй юм. “Ц х” барилгын өмчлөгчөөр “ЦИ” ХХК-ийг тогтоох боломжгүй. “Ц х” төвийн барилгыг “Цүки” ХХК-ийн нэрээр бариулж, “Цүки” ХХК-ийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй байсныг манай компани холбогдох албан тушаалтан татварын байгууллагад буруу мэдүүлснээс “ЦИ” ХХК-ийн тайлан балансад бүртгэгдэж явсныг залруулж, “Ц” ХХК-ийн үндсэн хөрөнгөнд бүртгэж, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулан авсан. Нэхэмжлэгчийн хувьд “ЦИ” ХХК-ийн өмнөөс нэхэмжлэл гаргах замаар “Ц х” төвийн барилгыг “ЦИ” ХХК-ийн өмчлөлд шилжүүлэх шаардлага гаргах эрх байхгүй, “ЦИ” ХХК-ийг төлөөлөх эрхгүй этгээд юм. 2004 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн “Хөрөнгө шилжүүлэх тухай” батламжийг хууль бус болохыг тогтоолгох шаардсан бөгөөд “ЦИ” ХХК-ийг анх үүсгэн байгуулахад Н.Ё оролцоогүй, үүсгэн байгуулах гэрээ дүрэмд гарын үсэг зураагүй хүний хувьд компанийн хувьцааг бусдад шилжүүлэх асуудалд ач холбогдол өгөх шаардлагагүй. Н.Ё-ийн хувьд цагдаагийн байгууллагад өгсөн мэдүүлэгтээ гарын үсгээ япон ханзаар зурдаг, латинаар зурдаггүй гэж хэлдэг. Энэ нь “Цүки интернэшнл” ХХК-ийг үүсгэн байгуулах баримт бичиг болон хөрөнгө шилжүүлэх тухай батламж бичигт зурагдсан гарын үсгийн аль алийг зураагүй нь тодорхойлогдоно.

“ЦИ” ХХК-ийг 2004 оны 8 дугаар сарын 09-ний өдрөөс өмнөх Япон улсын иргэн Н.Ё-ийн өмчлөх 49.3 хувь, Монгол талын хөрөнгө оруулагч С.М-ын 17.3 хувь, Ч.С-ийн 33.3 хувийг тус тус эзэмшиж байсан Гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд байсныг холбогдох төрийн захиргааны байгууллагад өөрчлөлт оруулан, анх үүсгэн байгуулахад байсан хөрөнгө оруулагч нарыг оруулах, компаний статусыг Гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд болгож, хэвээр хадгалахтай холбоотой өөрчлөлт оруулахыг Ч.С-т даалгах шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд уг өөрчлөлтийг хуулийн дагуу зохих баримт бүрдүүлсний үндсэн дээр хийсэн болно. Н.Ё нь “ЦИ” ХХК-д хөрөнгө оруулаагүй, хамааралгүй тул Гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд болгон өөрчлөх шаардлага гаргах эрхгүй, түүний хууль ёсны эрх ашиг хөндөгдсөн гэж үзэх үндэслэл байхгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

          Гуравдагч этгээд Ч.И шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие “ЦИ” ХХК-ийн 33 хувийн хувьцаа эзэмшигчээр өнөөдрийг хүртэл бүртгэлтэй ббөгөөд Н.Ё-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь: “ЦИ” ХХК-ийг байгуулахад болон “Ц х” төвийн барилгыг барихад Н.Ё нь ямар нэг байдлаар хөрөнгө оруулаагүй, түүнд огт хамааралгүй юм. Н-ийн нэхэмжлэл нь Ч.С-тэй хувийн таарамжгүй харьцаанаас үүдэлтэй гэж үзэж байна. Мөн “ЦИ” ХХК-ийн хувьцааг миний зөвшөөрөлгүйгээр Н-д шилжүүлэх үндэслэлгүй юм. Намайг болон Ч.О-ийг 2004 онд “ЦИ” ХХК-ийн хувьцаа эзэмшигч болсон гэдгийг Н маш сайн мэдэж байсан атлаа мэдээгүй мэтээр нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй. Миний бие Япон улсад байнга оршин суудаг учир дахин ирэх боломжгүй бөгөөд намайг байлцуулалгүйгээр хэргийг шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй болно гэжээ.

Гуравдагч этгээд Ч.О шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие 1997-2002 оны хооронд Япон улсад “ЦИ” ХХК-ийн 33,3 хувийн хувьцаа эзэмшигчээр өнөөдрийг хүртэл бүртгэлтэй бөгөөд Н.Ё-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь: “ЦИ” ХХК болон “Ц х” төвийн барилга барихад би Монголд байгаагүй. Н.Ё-ийн нэхэмжлэл нь Ч.С-тэй хувийн таарамжгүй харьцаанаас үүдэлтэй гэж үзэж байна. Намайг 2004 онд “ЦИ” ХХК нь хувьцаа эзэмшигч болсон гэдгийг Н маш сайн мэдэж байсан атлаа мэдээгүй мэтээр нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй. Намайг байлцуулалгүйгээр хэргийг шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй болно гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ч.С, Н.Ё нарын хооронд 2004 оны 7 дугаар сарын 16 өдрийн хөрөнгө шилжүүлсэн тухай батламж хууль бус болохыг тогтоож,

    Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, Компанийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.5 дэх хэсэгт зааснаар /1999 оны/ хариуцагч Ч.С, “Ц” ХХК нарт холбогдох “Ц” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр тогтоолгох, Н.Ё болгон өөрчлөхөд шаардагдах бичиг баримтыг хариуцагчаас гаргуулах, “Ц х” барилгын 100 хувийн хөрөнгө оруулагч болохыг тогтоолгох нэхэмжлэгч Н.Ё-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар “ЦИ” ХХК-ийн нийт хувьцааны 49.3 хувийн хувьцааны хууль ёсны эзэмшигч болохыг тогтоож, уг өөрчлөлтэй холбоотойгоор тус компанийн статусыг “Гадаадын хөрөнгө оруулалтай хуулийн этгээд” болгож өөрчлөх, гэрчилгээг гаргуулахад шаардагдах бичиг баримтыг  гаргуулах”, “ЦИ” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр Н.Ё-г тогтоолгох, өөрчлөхөд шаардагдах бичиг баримтыг гаргуулах, “Ц х” барилгын хууль ёсны өмчлөгч нь “ЦИ” ХХК болохыг тогтоож, уг барилгын өмчлөх эрхийн үл хөдлөх эд хөрөнгийн Улсын бүртгэлийн гэрчилгээнд дээрх өөрчлөлт оруулахад шаардагдах бичиг баримтыг  гаргуулахыг хүссэн хэргийг хэрэгсэхгүй болгож,

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 59 дүгээр зүйлийн 59.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2 070 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 1 039 626 төгрөг гаргуулж улсын төсөвт оруулж, хариуцагч Ч.С-ээс 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн 6 шаардлагаас нэгийг хангаж, үлдэх шаардлагыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн.

1. Шүүхийн тодорхойлсноор 100 хувийн хувьцаа эзэмшигчээр тогтоолгох шаардлага гаргаагүй "гэрээний эрх зүйн" дагуу хүчин төгөлдөр үйлчилж байгаа “Хөрөнгө итгэмжлэх гэрээ”-г үндэслэж, “Ц” ХХК-ийн “Гэрээ болон Зөвшилцлийн бичиг"-ийн 7 дугаар зүйлийг үндэслэн “Ц” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр Н.Ё болгон өөрчлөхөд шаардагдах бичиг баримтыг хариуцагчаас гаргуулах шаардлага гаргасан. Өөрөөр хэлбэл, гэрээний дагуу шаардлага гаргасан байхад гэрээг дүгнэхгүйгээр, нэхэмжлэгч үндэслэлээ хангалттай нотолоогүй гэж ерөнхий дүгнэлт өгч нэхэмжлэлийн шаардлагыг хангаагүй. Учир нь: шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч нь хариуцагч талтай гэрээний заалтын дагуу маргаан үүсгэж тухайн гэрээн дээрх нөхцөл бүрдсэн тул гэрээний 7 дугаар заалтаар 100 хувийн өмчлөгч болохыг тогтоолгох шаардлагын тухай ярьж маргахад хариуцагч талаас тухайн гэрээг "чин санаанаасаа байгуулаагүй, тодорхой нэг ажилд шаардлагатай болохоор нь баталж, Япон улс руу илгээсэн” гэж маргасан болно.

Ийнхүү гэрээний дагуу маргаан үүсэж байхад гол гэрээг дүгнээгүй атлаа хангалттай баримтгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож буй нь үндэслэлгүй. Учир нь:

“Ц” ХХК-д Н.Ё-г хөрөнгө оруулж байсан нь хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогддог бөгөөд яг хэдий хэмжээний хөрөнгө оруулсан болон тухай бүрт нь бусдаар дамжигдан хүлээн авч байсан Ч.С 2 нийт хэмжээг тодорхойлно. Тиймдээ ч хоёр талаас ийнхүү нийт хөрөнгө оруулалтынхаа хэмжээг “Ц” ХХК-ийн хувьд 5 600 000 иен болохыг дүгнээд сайн дураараа гарын үсэг зурцгааж, хоорондоо хэрхэн ажиллах тухай журмаа тогтоосон гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээнд хариуцагч Ч.С нь өөрөө аливаа нэгэн албадлага болон дарамт шахалтгүйгээр, сайн дураараа хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурсан байдаг. Хариуцагч талаас гэрээний 7 дугаар зүйлд заасны дагуу "100 хувийн хувьцаа" нэхэмжлэгчид шилжигдэх ёсгүй гэдэг атлаа өнөөдрийг болтол тухайн гэрээг хүчингүй болгуулахаар шүүхэд хандаагүй, дүр үзүүлэн, тодорхой нэг ажиллагаанд хэрэглэх зорилгоор чин санаасаа хийгээгүй гэдгээ нотлоогүй байхад анхан шатны шүүх үндэслэлгүйгээр гэрээний маргааныг гэрээний бус шаардлагаар тодруулаад үүнийгээ нотлоогүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаагүй орхисон нь илт үндэслэл муутай байна. Хамгийн гол нь "нийт хөрөнгө оруулалтын хэмжээгээ тодорхойлж чадаагүй" гэдэг үндэслэл нь Н.Ё-г гэрээний дагуу 100 хувийн эзэмшигч болох ёстойг үгүйсгэх үндэслэл болохгүй. 1 дүгээр хавтас хэргийн 70-98, 191-207, мөн 1 хавтас 18,22, 23, 24, 25, 26, 27, 28 авагдсан тодорхойлолтууд нотлох баримтын шаардлага хангаагүй тул үнэлээгүй гэх тайлбарын хувьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт бичмэл нотлох баримтын хуульд заасан шаардлагыг дурдсан. Үүнд: "эх хувиараа буюу нотариатчаар гэрчлүүлэх шаардлага" тавигдсан бөгөөд нэхэмжлэгчийн өгсөн баримтууд нь мөрдөн байцаалтын явцад хууль сануулан цуглуулсан, эрүүгийн хэргээс "Хуулбар үнэн" даруулж, давхар нотариатчаар гэрчлүүлсэн баримтуудыг өгсөн. Тэгэхээр тухайн баримтууд хуульд заасан шаардлагыг хангасан бөгөөд энэхүү баримтууд "нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд тогтмол хөрөнгө оруулалтын харилцаа байсныг нотлох" баримт болохоос "нийт хөрөнгө оруулалтын хэмжээг тогтоох" утга бүхий нотлох баримт биш болно. Гэтэл дээрх үндэслэлээр “Ц” ХХК-ийн “Гэрээ болон Зөвшилцлийн бичиг"-ийн 7 дугаар зүйлийг үндэслэн “Ц” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр Н.Ё болгон өөрчлөхөд шаардагдах бичиг баримтыг хариуцагчаас гаргуулах шаардлагыг “Ц” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр тогтоолгох, Н.Ё болгон өөрчлөхөд шаардагдах бичиг баримтыг хариуцагчаас гаргуулах нэхэмжлэлийн шаардага болгон сайн дураараа агуулгыг өөрчилж, үндэслэлгүйгээр хангахгүй орхиж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.

2. Хариуцагч Ч.С-ээс нэхэмжлэгчийг “Ц х” барилгын хөрөнгө оруулагч болохыг хүлээн зөвшөөрөөд хөрөнгө оруулахдаа 126 000 000 иенийн хөрөнгө оруулалт хийсэн болохыг хүлээн зөвшөөрч, хамтран ажиллах журмыг тогтоосон гэрээг сайн дураараа байгуулж өөрөө хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан гэрээ хүчин төгөлдөр үйлчилж байна. Энэ гэрээг Ч.С үндэслэлгүй, хүчин төгөлдөр бус гэж маргасан нэхэмжлэл гаргаж байгаагүй нь түүний илэрхийлсэн санаа зорилго, хүсэл зорилго нь өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр болохыг илтгэж байна. Энэхүү гэрээ болон бусад хөрөнгө оруулж байсныг нотолсон баримт байсаар байхад шүүх нь илтэд нэг талыг барьж шийдвэр гаргасан. Хариуцагч нь "Ц х" барилгыг 100 хувь өөрийн хөрөнгөөр барьсан гэж, тухайн гэрээ болон, хөрөнгө оруулж байсныг нотолсон баримтыг үгүйсгэдэг атлаа өөрийн хөрөнгийн эх үүсвэрээ нотолсон баримт гаргаж өгөөгүй. Харин нэхэмжлэгчээс хариуцагч Ч.С-ийг тухайн хөрөнгө оруулалтыг өөрийн мөнгөөр шийдвэрлэх боломжгүйг нотолсон баримтыг гаргаж өгсөн байхад энэ үйл баримтыг үнэлэлгүйгээр нэхэмжлэлийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн. Хариуцагч Ч.С “Ц” ХХК болон “ЦИ” ХХК-ийг үүсгэн байгуулах мөн “Ц х” төвийн барилгыг бариулахад ямар ч эд хөрөнгийн эх үүсвэргүй байсныг Эрүүгийн хэргээс авсан нотлох баримтуудаас тодорхой харагддаг. Үүнд: а. хариуцагч Ч.С-ийн хөрөнгө үүсэх үеийн 1994-1997 оны хооронд буюу нийт 3 жилийн хугацаанд Ч.С-ийн хөрөнгө санхүүгийн байдал болон санхүүгийн чадавхийг тодорхойлох нь энэхүү иргэний хэрэгт маш чухал ач холбогдолтой гэж үзэж байна. 2 хавтаст хэргийн 106, 356 талд авагдсан байна. Ч.С 1993 онд Хөгжим бүжгийн дунд сургуулиа төгсөж, 1994 оны 4 дүгээр сард анх Улсын Ардын Дуу Бүжгийн Чуулгад бүжигчнээр ажилд орсон. Харин 1997 оноос хойш гэнэт их хэмжээний хувийн эд хөрөнгө, мөнгөтэй бас хувийн компанитай болсон. 1997-2008 оныг дуустал хугацаанд “Ц” ХХК, “ЦИ” ХХК болон Ч.С-т дараах үнэлгээтэй эд хөрөнгөнүүд үүссэн байдаг. Ч.С-ийн эзэмшилд дараах үнэ бүхий зүйлтэй гэнэт болсон байдаг. 2 дугаар хавтас хэргийн 107 буюу 357, 117 буюу 367 дугаар талд 2010 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн Ч.С-ийн өмчлөлийн хөрөнгүүдэд авагдсан Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол болон Хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, Авто тээврийн газраас гаргаж өгсөн Тээврийн хэрэгсэлийн лавлагаанд тодорхой дурдагдсан байдаг. Нийт “ЦИ” ХХК-ийн хувийн өмчлөлд 1 тэрбум 16 408 500 төгрөгийн үнэлгээ бүхий эд хөрөнгөнүүд байсан байна. Дээрхээс харахад 2 компани болон Ч.С-т үүссэн нийт хөрөнгө нь 1997 оноос 2008 хүртэл 1 132 924 900 төгрөг, 71 000 ам.доллар болон Баянгол дүүргийн 6 дугаар хороо 10 хороолол 23Б байрны 19 тоотын үнэлэгдээгүй орон сууц 1 ширхэг, 57-51 УБХ улсын дугаартай Хонда Аккорд маркийн үнэлэгдээгүй суудлын автомашин 1 ширхэг нийт үнэлгээ бүхий эд хөрөнгөнүүд гэнэт бий болсон. Гэтэл уг эд хөрөнгөнүүд үүсэх эхлэл үед Ч.С-ийн өдөр тутмын хувийн амьдралын зарлагыг хасалгүйгээр 1994-1997 оны хооронд буюу 3 жилд Ч.С нийт 407 444 төгрөгийн цалинтай байж хэрхэн 1 132 924 900 төгрөг, 71 000 ам.доллар болон орон сууц, суудлын автомашин бүхий эд хөрөнгөнүүдтэй болсон нь ойлгомжгүй боловч Ч.С уг хөрөнгийн эх үүсвэрээ дараах 3 үүсвэрээс үүссэн гэж Эрүү, иргэний хэрэгт өгсөн мэдүүлэг, хариуцагчийн тайлбарт мэдүүлдэг. б. Би урлагын ажилтнаар 1994-1996 оны хооронд Ардын дуу бүжгийн чуулганд ажиллаж байхдаа 6 сарын хугацаанд тус чуулгаас цалин аваагүй гэдэг бөгөөд өөрөө үүнийг 3-6 сарын хугацаатай Япон улсад ажилласан ба сарын цалин 600 ам.доллар авдаг байсан гэж мэдүүлдэг боловч, баримтаар тогтоогддоггүй, эрүү, иргэний хэргүүдэд байдаггүй боловч хариуцагч Ч.С-ийн Япон улсад ажиллаж байсан цалингийн орлогыг бодвол 600$х6сар=3 600 ам.доллар болдог. Тэгэхээр Япон улсад ажилласан мөнгөөр уг хөрөнгийн үүсвэр олох боломжгүй байгааг тодорхой харагддаг.

в. Зуучлуулагчдийн мөнгөөр эх үүсвэрээ бий болгосон гэдэг тайлбараас үзвэл: 2011 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн "Балхан Аудит" ХХК-ийн дүгнэлтээр нийт 60,550 ам.долларын цалингийн гэрээ хийсэн байгаа нь нэг бүжигчинд дунджаар 496 ам.долларын цалин олгосон тооцоо гарч байна. Үүнээс харахад ажилчин зуучилсаны орлогоор дээрх эх үүсвэрийг бүрдүүлэх боломжгүй болох нь тодорхой харагдана. Мөн дээр дурдсан ажилтан зуучлахаас өөр ажил үүргийг 2 компани хийдэггүй болохыг шинжээчийн дүгнэлт тогтоосон байгааг харгалзаж үзнэ үү. Үүнээс үзэхэд Ч.С-ийн эд хөрөнгөний эх үүсвэрийг бий болгосон гэх 3 үндэслэл нь санхүүжилтийн эх үүсвэр болох бүрэн боломжгүйг харж болох бөгөөд харин нэхэмжлэгч талын эрүүгийн болон иргэний хэрэгт гаргаж өгсөн нотлох бичиг баримтууд дээр үндэслэж уг хөрөнгийн эх үүсвэр нь Япон улсаас санхүүжилттэй болохыг харж болох бөгөөд Япон улсаас ирсэн мөнгийг Ч.С өөрийн хувийн дансандаа хийдэг байсныг гэрч хохирогчийн мэдүүлэг, төрийн захиргааны байгууллага, мөрдөн байцаалтанд гаргаж өгсөн нотлох баримтуудаас харагддаг болно. Иймд Японы хөрөнгө оруулагч Нишиногоос хөрөнгө оруулалт орж ирсэн гэдэг нь  хэрэгт байгаа бүхий л нотлох баримт болон Ч.С-ийн өөрийн мэдүүлэг, тайлбар зэргээс харагдаж байгаа. Харин энэ олон жилийн хугацаанд нийт хэдэн төгрөгийн хөрөнгө оруулалт хийснийг гэрчүүд гэрчилдэг. Энэ нь хөрөнгө оруулалтыг оруулж байсан, болон хүлээн авсан этгээдүүд болох Япон улсын иргэн Н, Ч.С хоёр юм. Гэтэл энэ 2 этгээд нь санал нэгтэйгээр нийт хөрөнгө оруулалтын хэмжээг тодорхойлж хүчин төгөлдөр бүхий Зөвшилцөлийн бичиг болон гэрээнд заагдсан “ЦИ” ХХК болон “Ц х” 126 000 000 сая иенийг, “Ц” ХХК-д 5 600 000 иенийг хөрөнгө оруулсан нь үнэн болно гэж бичээд хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсанаар нийт хөрөнгө оруулалтын хэмжээг хөрөнгө оруулагч болон хүлээн авагч нар тогтоосон. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулалтыг тодорхойлсон гэрээ болон зөвшилцөлийн бичигт тодорхой дурдсан байдаг.

3. Н.Ё-г “ЦИ” ХХК-ийн Н.Ё-ийн 49.3 хувийн хувьцаа хууль бусаар Ч.С рүү шилжсэн болохыг анхан шатны шүүх тогтоож, хангаж шийдвэрлэсэн. Мөн бусад эрүүгийн хэрэгт цугларсан шинжээчийн дүгнэлтээр тухайн 49.3 хувийн хувьцааг хариуцагч Ч.С нь хуурамч бичиг баримт бүрдүүлэн шилжүүлэн авсан болохыг тогтоосон. Тэгэхээр Н.Ё нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг үндэслэж, хууль бусаар түүний эд хөрөнгө бусад руу шилжсэн болохоо тогтоолгоод, ийнхүү тогтоогдсон нэхэмжлэлийн шаардлага дээр үндэслэж, Н.Ё-г “ЦИ” ХХК-ийн 49.3 хувийн хувьцааны хууль ёсны эзэмшигч болохыг тогтоож, уг өөрчлөлтэй холбоотойгоор тус компаний статусыг Гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд болгож өөрчлөх гэрчилгээг гаргуулахад шаардагдах бичиг баримтыг хариуцагчаас гаргуулах" нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Гэтэл анхан шатны шүүх хууль бусаар шилжигдсэнийг тогтоосон атлаа уг шаардлага дээр үндэслэгдэж шийдвэрлэгдэх ёстой дараагийн шаардлага Н.Ё-г “ЦИ” ХХК-ийн 49.3 хувийн хувьцааны хууль ёсны эзэмшигч болохыг тогтоож, уг өөрчлөлтэй холбоотойгоор тус компаний статусыг гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд болгож өөрчлөх гэрчилгээг гаргуулахад шаардагдах бичиг баримтыг гаргуулах шаардлагыг Арбитрын харьяны маргаан гэж хангахгүй орхисон нь үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч нь Өмчийн эрх зүйгээс үүдэлтэй Иргэний хуулийн 106 дугаар зүйлийг үндэслэж өмчлөгчийн шаардлага гаргасан байхад гэрээнээс үүдэлтэйгээр шаардах эрхийн харилцаа байна, уг гэрээн дээрээ Арбитраар шийдвэрлүүлнэ гэж үндэслэлгүйгээр шаардах эрхийн үндэслэлийг сайн дураараа үндэслэлгүйгээр дүгнэсэн. Мөн иргэн Ч.С иргэн Н.Ё нар 2000 оны 5 дугаар сарын 01-ний өдөр "Монгол-Японы хамтарсан “ЦИ” ХХК байгуулах тухай” гэрээ байгуулж, гэрээний 13 дугаар зүйлд "...хоёр тал маргааныг эвийн журмаар шийдвэрлэх боломжгүй 3 cap үргэлжилбэл аль нэг тал нь нэхэмжлэл гаргах Монгол Улсын Худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэдэх Арбитрын шүүхэд шилжүүлэх" гэх заалтыг дэлгэрэнгүй авч үзвэл 4 дүгээр хавтатс хэргийн 12 дугаар нүүрний 12-25 дугаар мөрөн дэх "Маргаан таслах" хэсгийг дэлгэрүүлэн авч үзвэл: 13.1-д "Энэхүү гэрээг зөрчсөнөөс болон түүнийг хэрэглэх, тайлбарлах, хүчинтэй хугацааг тогтоох, сунгах, цуцлахтай холбогдсон аливаа маргаан зөрчилдөөн, гомдлын шаардлагыг талууд эвийн журмаар зөвлөлдөн шийдвэрлэнэ" гээд 13.2-т "Хэрэв хоёр тал маргааныг эвийн журмаар шийдвэрлэх боломжгүй 3 cap үргэжилбэл аль нэг тал нь нэхэмжлэл гарган Монгол улсын Худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэдэх Арбитрын шүүхэд шилжүүлнэ" гэх утгыг илэрхийлсэн гэрээ болно. Тэгэхээр хууль бусаар шилжигдсэн өмчөө бусдаас шаардаж буй энэхүү өмчлөх эрхийн шаардлага нь өөрөө гэрээний эрх зүйгээс үүсэлтэй 13.1,  13.2, 13.4 дэх заалтын дагуу тус маргаан нь Монгол Улсын шүүхээр шийдвэрлүүлэх маргаан болно. Тэгэхээр анхан шатны шүүх нэхэмжлэгчийн хувыдаа Ч.С рүү шилжихдээ хууль бусаар шилжсэн байна гэдгийг тогтоосон атлаа ийнхүү хууль бусаар шилжсэн бол өмчлөлийн хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардсан нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүйгээр арбитрын маргаан гэж хангахаас татгалзсан нь үндэслэлгүй. Хэрвээ арбитрын маргаан гэж дүгнэсэн бол шүүх “ЦИ” ХХК-ийн 49.3 хувийн хувьцаа хууль бусаар бусад руу шилжсэнтэй холбоотой маргааныг арбитрын шүүхийн харьяалал биш гэж шийдвэрлээд байна. Энэ 2 шаардлагыг шүүхийн дүгнэсэн үндэслэлээс харвал 2-лаа Арбитрын шүүхийн маргаан болох ёстой. Тиймээс шүүх нэг нь нэгийгээ үгүйсгэсэн үндэслэлгүй тайлбараар нэхэмжлэлийн шаардлагыг хангалгүй орхиж шийдвэрлэсэн тул хангаж өгнө үү. Мөн Ч.С Н.Ё нарын хооронд 2000 оны 5 дугаар сарын 01-ний өдөр “ЦИ” ХХК байгуулах гэрээг үндэслэж шаардлага гаргаагүй болно.

4. Нэхэмжлэгч нэг нь нэгнээсээ уялдсан нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан бөгөөд үндэслэлгүйгээр 49.3 хувийн хувьцаа хариуцагч руу шилжсэнийг тогтоолгоод ийнхүү тогтоосны дараа бусдын хууль бус эзэмшлээс хөрөнгөө шаардсан бөгөөд энэхүү нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлтэй гэж үзсэн тохиолдолд Н.Ё нь “ЦИ” ХХК-ийн хувьцаа эзэмшигч болно. Гэтэл Н.Ё-ийн хувьцаа хууль бусаар шилжсэнг тогтоосон атлаа хэвэнд оруулах шаардлагыг үндэслэлгүйгээр харьяалал зөрчсөн үндэслэлээр хэрэгсэхгүй болгохоор сүүлийн хувьцаа эзэмшигчийн шаардах эрх  байхгүй. Ийнхүү хувьцаа нь хууль ёсны өмчлөгч рүү шилжүүлэгдэх нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүйгээр хангахгүй орхисон нь дараагийн нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхих үндэслэл болгож, илт нэг талд шийдвэр гаргасан. Тус үл хөдлөх хөрөнгө “ЦИ” ХХК-ийн нэр дээр бүртгэлээр бүртгэгдэж, ашиглалтанд оруулах комисс хүлээн авсан үйл баримтыг хангалттай тогтоосон атлаа энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхисон нь үндэслэлгүй юм.

5. Нэхэмжлэгч хүчин төгөлдөр үйлчилж байгаа “Гэрээ болон Зөвшилцлийн гэрээ”-ний 8 дугаар зүйлийг үндэслэж, 100 хувийн хувьцааны хууль ёсны эзэмшигчээр бүртгүүлэх шаардлагыг гаргасан. Энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхисон үндэслэлд “Ц” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр гаргасан шаардлагыг хангаагүй орхисон үндэслэлд өгсөн тайлбартай ижил юм. Хариуцагчаас хүлээн зөвшөөрч байгаа гэрээний дагуу гаргасан шаардлагыг гэрээний бус зүйлээр хүчингүй болгосон үндэслэл нь өөрөө хууль бус болно. Мөн Ч.С Япон улсын иргэн Н.Ё нар 2000 оны 5 дугаар сарын 01-ний өдөр "Монгол-Японы хамтарсан “ЦИ” ХХК байгуулах тухай” гэрээг тайлбарлах, түүнийг зөрчсөн гэх мэт тухайн гэрээтэй холбоотой асуудлаар маргаагүй өөр гэрээний үндэслэлээр маргасан тул тухайн маргаан нь шүүхийн харьяалал зөрчигдөөгүй. Иймд анхан шатны шүүхийн нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхисон хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зохих журмын дагуу явуулсан, нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлэн хэргийг шийдвэрлэсэн боловч зохигчдын хоорондын маргаанд хамааралтай хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүйг зөвтгөн өөрчлөх шаардлагатай байна.

Нэхэмжлэгч Япон улсын иргэн Н.Ё хариуцагч “Ц” ХХК, “ЦИ” ХХК, Ч.С нарт холбогдуулан 2004 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн “Хөрөнгө шилжүүлсэн тухай” батламжийн Н.Ё-д холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, “ЦИ” ХХК-ийн нийт хувьцааны 49.3 хувийн эзэмшигч болохыг тогтоолгох, компанийн статусыг гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд болгон өөрчлөхөд шаардагдах бичиг баримт гаргуулах, “Ц х” барилгын 100 хувийн хөрөнгө оруулагчаар тогтоож, уг барилгын хууль ёсны өмчлөгч “ЦИ” ХХК болохыг тогтоолгож, улсын бүртгэлийн гэрчилгээнд өөрчлөлт оруулах, шаардагдах баримт бичиг гаргуулах, “Ц” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр тогтоолгох, шаардагдах бичиг баримт гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 4099 дүгээр шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлага тус бүрийг тодруулаагүй, улсын бүртгэлийн гэрчилгээнд өөрчлөлт оруулахыг хариуцагч Ч.С-т даалгаж шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй үндэслэлээр Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 1341 дүгээр магадлалаар хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзсэн болно.

Нэхэмжлэгч Н.Ё болон хариуцагч Ч.С нарын хооронд 2014 оны 7 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан “Хөрөнгө шилжүүлсэн тухай батламж” гэх баримтыг нэхэмжлэгч Н.Е-ийн зөвшөөрөлгүй үйлдсэн буюу тэрээр компанид оруулсан хөрөнгийн 49.3 хувь буюу 5940 ам.долларын хөрөнгөө “ЦИ” ХХК-ийн захирал Ч.С-т шилжүүлсэн агуулгатай дээрх хэлцэлд гарын үсэг зураагүй нь баримтаар тогтоогдсон байх тул уг хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарна. Харин энэ хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үр дагаврыг арилган хэлцлээр шилжүүлсэн зүйлүүдийг буцаан гаргуулж байгаа тохиолдолд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар  “Ц” ХХК-ийн хувьцааны 49.3 хувийг буцаан сэргээх боломжтой.

Харин гадаадын хөрөнгө оруулалттай “ЦИ” ХХК нь захиргааны байгууллагын шийдвэрээр татан буугдсан буюу хуулийн этгээдийн хувьд оршин тогтнохоо больсон үйл баримт Улсын бүртгэлийн Ерөнхий газрын хуулийн этгэээдийн бүртгэлийн газрын хуулийн этгээдийн тухай лавлагаагаар тогтоогдсон. Өөрөөр хэлбэл, “ЦИ” ХХК нь улсын бүртгэлд байхгүй, татан буугдсан тохиолдолд тус компанийн хувьцаа эзэмшигчээр сэргээн тогтоох, түүнтэй холбоотой бичиг баримт гаргаж өгөх зэрэг эрх зүйн хувьд үр дагавар үүсгэх шийдвэрийг шүүх гаргах боломжгүй. Монгол улсын Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт зааснаар хуулийн этгээдийн эрх зүйн чадвар улсын бүртгэлд бүртгүүлснээр үүсч, хуульд заасан журмын дагуу татан буугдаж, улсын бүртгэлээс хасагдсанаар дуусгавар болох учраас энэ нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Түүнчлэн сонирхогч этгээд буюу хэлцлийн улмаас эрх ашиг нь зөрчигдсөн этгээд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6 дахь хэсэгт зааснаар энэ хэлцэлтэй холбоотой өөрт учирсан хохирлыг шаардах эрхтэй. Хэдийгээр хэлцэл хийхэд хэн буруутай этгээд хохирлыг нөхөн төлөх үүргийг хуулиар тогтоосон боловч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад энэ талаар дурдаагүй болно.

 Давж заалдах гомдолд  “ЦИ” ХХК, “Цүки хаус” барилгад 126 000 000 иен, “Ц” ХХК-д 5 600 000 иений хөрөнгө оруулалт хийсэн талаар бичиж, гарын үсэг зурсан хүчин төгөлдөр гэрээ болон зөвшилцлийн бичгийг зааж байгаа боловч энэ нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад шууд хамаарах баримт биш юм.

Хэрвээ тэрээр өөрийнх нь хувьцаа эзэмшигчийн эрхийг зөрчсөн үр дагаврын улмаас буцаж сэргээгдэх боломжгүйгээр хохирол учирсан гэж үзэж байгаа бол энэ хохирлоо арилгуулахаар шаардах эрхийг энэ хэргийн хувьд шийдвэрлээгүй болно.

Нэхэмжлэлийн бусад шаардлагуудын хувьд эрхийг сэргээлгэх тухай шаардлага, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1-д заасан барилгын өмчлөгч болох “ЦИ” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр сэргээн тогтоолгох, бичиг баримт гаргуулах зэрэг шаардлагуудыг нэхэмжлэгч Н.Ё-ийн эдгээр компаниуд болон барилгатай холбоотой өмчлөх, эзэмших, хувьцаа эзэмших эрхийг сэргээлгэх тухай шаардлага гэж үзнэ. Нэхэмжлэгч Н.Ё “Ц х” барилгын 100 хувийн хөрөнгө оруулагч болохыг тогтоолгох шаардлагын хувьд өмчлөгч болох гэсэн агуулгатай гэж үзнэ.

“Ц х” барилгыг барих талаар талуудын хооронд тохиролцоо байсан, уг барилгын өмчлөгчөөр хэнийг оруулахыг Н.Ё зөвшөөрч байгаа эсэх талаар баримтууд байгаа боловч энэ барилгыг Н.Ё-ийн өмчлөлд шилжүүлэхээр барьсан гэх эргэлзээгүй тохиролцоо хэрэгт байхгүй учраас энэ шаардлагуудыг хангах боломжгүй юм.

Хэрэгт авагдсан “Ц” ХХК-ийн улсын бүртгэлийн лавлагаанаас үзэхэд уг компанийг Ч.С, И.О, Ч.И нарын хувьцаа эзэмшигчээр 3 иргэн байгуулсан байх тул компанийг үүсгэн байгуулагч дотор Н.Ё-ийн талаархи мэдээлэл байхгүй, энэ талаархи шаардлагаа нэхэмжлэгч баримтаар нотлоогүй тул нэхэмжлэгчийг “Ц” ХХК-ийн 100 хувийн эзэмшигч гэж үзэх боломжгүй. Иймд энэ нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй.

Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд түүнд хамаарах хуулийн заалтуудыг нотлох баримтаар үнэлэн шийдвэрлэх учиртай тул давж заалдах гомдолд дурдсанаар нэхэмжлэлийн шаардлагад шууд хамааралгүй эдгээр үндэслэлүүдээр хэргийг шийдвэрлэх ёсгүй. Хэрэгт байгаа баримтын хүрээнд маргааныг шийдвэрлэх боломжтой.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтаар Иргэний хэрэг хянан шийдэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон, уг хэргийг арбитр шийдвэрлэнэ гэж үзсэн нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, талуудын хооронд 2009 онд Арбитрын ажиллагаа явагдаж байсан, арбитрын урьдчилсан хуралдаан хийгдэж эрүүгийн хэрэгтэй холбоотой асуудал шийдвэрлэсний дараа арбитрын хуралдааныг жич товлохоор арбитрын бүрэлдэхүүн тогтсон баримт хэрэгт авагдсан байна.

Нэхэмжлэгч 2014 оны 8 дугаар сарын 15-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд энэ хэргийг арбитрын журмаар шийдвэрлэх байсан талаар талуудын хэн аль нь маргаагүй, уг маргааныг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд тайлбараа гарган маргаж байгаа тохиолдолд шүүх энэ асуудлыг арбитраар шийдвэрлэх ёстой гэж хэргийг хэрэгсэхгүй болгосон нь буруу юм.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 183/ШШ2017/01250 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Ё, хариуцагч Ч.С нарын хооронд байгуулагдсан 2006 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн “Хөрөнгө шилжүүлэх тухай” батламжийг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоосугай” гэж,

2 дахь заалтыг “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул “ЦИ” ХХК-ийн нийт хувьцааны 49.3 хувийн хувьцааны хууль ёсны эзэмшигч Н.Ё болохыг тогтоолгох, компанийн хувьцааг гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд болгож өөрчлөх, гэрчилгээ гаргуулахад шаардлагатай баримт бичгийг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

3 дахь заалтыг “Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1-д заасан үндэслэлгүй тул “ЦИ” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр Н.Ё-г тогтоолгох, өөрчлөхөд шаардлагатай баримт бичгийг гаргуулах, “Ц х” барилгын хууль ёсны өмчлөгч “ЦИ” ХХК болохыг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-ээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3 109 826 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                ШҮҮГЧИД                                           А.ОТГОНЦЭЦЭГ

                                                                                                            Д.БАЙГАЛМАА