Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2019/00681

 

С.С-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

          Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

     Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн        

          2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 183/ШШ2018/02245 дугаар шийдвэр,

          Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 63 дугаар магадлалтай,

          Нэхэмжлэгч: С.С-

          Хариуцагч: З.З-, Э.Э- нарт холбогдох

          Нийт 28,350,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

          Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гомдлыг үндэслэн

          Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Түвшинжаргал, нарийн бичгийн даргад Г.Сувд-Эрдэнэ нар оролцов.

         Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: З.З- 2014-05-14-ний өдөр зээл гэх нэрээр 10 сая төгрөгийг 1 өдрийн 10%-ийн хүүтэй гэж тооцож, надад бэлнээр өгч 05-15-ны өдөр 1 хоногийн хүү 1 сая төгрөгийг нэмж 11 сая төгрөг өгсөн. 06-03-ны өдөр Э- нөхөр З-ын 50113... данснаас Хаанбанкны 5076... тоот миний дансанд 5 сая төгрөг шилжүүлж, тэр өдөрт нь буюу 06-03-ны өдөр Э-ийн 5063... тоот дансанд 1 өдрийн ашиг гэж 250,000 төгрөгийг нэмж нийт 5,250,000 төгрөг шилжүүлсэн. 06-04-ний өдөр Э- 20 сая төгрөгийг шилжүүлж 06-05-ны өдөр 1 өдрийн 1 сая төгрөгийг нэмж нийт 21 сая төгрөгийг Э-ийн 5063....тоот дансанд шилжүүлсэн. 06-05-ны өдөр буцааж надад өсгөөд өг гэж өгсөн бөгөөд 06-05-ны өдөр 1 өдрийн хүү нэмж 21 сая төгрөгийг бэлнээр өгсөн. 06-09-ний өдөр З- 10 сая төгрөгийг бэлнээр өгсөн ба 06-10-ны өдөр 1 өдрийн хүү 1 сая төгрөг нэмж 11 сая төгрөг болгож өгсөн. 06-14-ний өдөр З- 10 сая төгрөгийг зээлж 06-11-ний өдөр 1 өдрийн хүү 300,000 төгрөг нэмж 10,3 сая төгрөг буцааж өгсөн. 06-12-ны өдөр З- 13 сая төгрөгийг шилжүүлж 06-12-ны өдөр орой нь 400,000 төгрөг нэмж 13,4 сая төгрөг З-ын дансанд шилжүүлсэн. 06-16-ны өдөр З- 5011.... тоот данснаас 10 сая төгрөгийг шилжүүлж тухайн өдөр нь 300,000 төгрөгийн хүү нэмж 10,3 сая төгрөг шилжүүлсэн. 06-17-ны өдөр З- 15 сая төгрөгийг шилжүүлсэн бөгөөд 18-ны өдөр Их дэлгүүрийн урд талын Капитрон банкин дээр 1 өдрийн хүү 600,000 төгрөгийг нэмж 15,6 сая төгрөг өгсөн. 06-19-ний өдөр З- нь 11,3 сая төгрөг шилжүүлсэн. Тухайн өдөр нь буцааж өгч чадаагүй тул З- нь уурлаад байхаар нь Өргөөгийн урд талын Хаанбанкин дээр хүү болох 300,000 төгрөгийг бэлнээр авсан. 06-20-ны өдөр З-ын дансанд 11,3 сая төгрөг шилжүүлсэн. 06-23-ны өдөр З- 18 сая төгрөг шилжүүлсэн бөгөөд 06-24-ний өдөр 1 өдрийн 800,000 нэмж 18,8 сая төгрөг өгсөн. 06-26-ны өдөр З-аас 10 сая төгрөг, Э-ээс 18 сая төгрөгийг шилжүүлсэн бөгөөд 06-27-ны өдөр 1 өдрийн 5%-ийн хүү болох 1,4 сая төгрөг нэмж 29,4 сая төгрөг өгсөн. 07-01-ний өдөр 23 сая төгрөгийг Баясгалан гэх нэрээр миний 50761.... тоот дансанд шилжүүлсэн байсан. Мөн өдөртөө надаас нэхсэн бөгөөд 5013.... тоот З-ын дансанд 700,000 төгрөгийн хүү нэмж 23,7 сая төгрөг шилжүүлсэн. 07-01-ний өдөр 32 сая төгрөгийг Баясгалангаас гэж шилжүүлсэн байсан. Тухайн өдрийн шилжүүлсэн орой мөнгөө өдрийн 3%-иар нэхсэн бөгөөд 07-02-ны өдөр З- мөнгө нэхээд уурлаад байсан тул 1 өдрийн 4%-ийн хүү болох 1,280,000 төгрөгийг шилжүүлсэн. 07-03-ны өдөр З-ын дансанд дахин 1 өдрийн хүү болох 1,430,000 төгрөг нэмж нийт 33,430,000 төгрөг шилжүүлсэн. Гэтэл 07-03-ны өдөр З- данснаасаа 20 сая төгрөг, дахин 28 сая төгрөг, нийт 48 сая төгрөгийг шилжүүлсэн байсан. 07-05-ны өдөр 1 өдрийн хүү болох 2 сая төгрөгийг нэмж тооцон нийт 50 сая төгрөг шилжүүлсэн. 07-05-ны өдөр З- 20 сая төгрөгийг шилжүүлсэн. 07-06-ны өдөр хүү 800,000 төгрөг нэмж нийт 20,8 сая төгрөг З-т өгсөн. 07-06-ны өдөр З- 30 сая төгрөг өгч 07-06-нд өдрийн 5%-ийн хүү болох 1,5 сая төгрөгийг нэмж 31,5 сая төгрөгийг дансанд нь шилжүүлсэн. 07-07-ны өдөр З- 35 сая төгрөгийг шилжүүлсэн. 07-08-ны өдөр З-т бэлнээр 1 өдрийн 5%-ийн хүү 1,750,000 төгрөг нэмж 36,750,000 төгрөг өгсөн. 07-09-ний өдрийн өглөө Их дэлгүүрийн урд З-аас 58 сая төгрөг авсан. 07-09-ний орой нь З- хүүгээ өг гэж нэхсээр байгаад 1 өдрийн хүү болох 3 сая төгрөг бэлнээр авсан. 07-14-ний өдөр З-т дахин хүү гэж 3 сая төгрөг бэлнээр өгсөн. 07-16-ны өдөр З- хүү гэж 3,9 сая төгрөг нэмж тооцон авч үндсэн 58 сая төгрөгөөс 48 сая төгрөг нийт З-т бэлнээр 51,9 сая төгрөг өгсөн. 07-18-ны өдөр 10 сая төгрөгийн үлдэгдлийг 2 өдрийн хүү болох 600,000 төгрөг нэмж 10,600,000 төгрөгийг З-т өгсөн. 2014-07-19-ний өдөр З- 10 сая төгрөгийг өгсөн бөгөөд 2014-07-25-ны өдөр эхнэр Э-т хүү гэж 1 сая төгрөгийг нэхсэнийг нэмж нийт 11 сая төгрөгийг бэлнээр өгсөн. З-, Э- нар нь зээлийн гэрээгүйгээр хэт өндөр хүү тооцон төлж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж байна. Иймд хариуцагч нараас 28,350,000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

         Хариуцагч тал тайлбартаа: 2014-05-р сард нэхэмжлэгч С.С- хариуцагч Э.Э- нар нь хамтдаа хүүхдээ салхилуулах үеэр танилцсан. Анх нэхэмжлэгч нь эрхэлж буй ажилд нь үе үе бэлэн мөнгөний хэрэгцээ гардаг, хүүтэй мөнгө зээлүүлэх үү, хэлсэн хугацаандаа өгнө гэж хүүтэй мөнгө зээлэх санаачлагыг хариуцагч Э.Э-т гаргасан байдаг. Ийнхүү хариуцагч нар нэхэмжлэгчийн санал болгосон зээлийг, зээлийн хүүгийн хамт, хэлсэн хугацааных нь дагуу 2014-05-14-с 2014-07-19-ний өдөр хүртэл зээл өгч, нэхэмжлэгч сайн дураараа төлж дуусгасан. Гэвч нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ зээлийг хүүг бид дур мэдэн хэлж авч байсан мэтээр бичсэн байдаг. Гэтэл тухайн зээлийн хэмжээ болон хүүгийн хувь, төлөх хугацаагаа тухай бүр нэхэмжлэгч өөрөө санал болгосон байдаг. Өөрөөр хэлбэл ИХ-ийн 236.1.1-д зааснаар үүргийн гүйцэтгэл дууссан. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

         Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 183/ШШ2018/02245 дугаар шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасныг баримтлан С.С-ийн нэхэмжлэлтэй, Э.Э-, З.З-т нарт холбогдох, 28,350,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

         Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 63 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 183/ШШ2018/02245 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...492.1...” гэснийг “...492.1.1...” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсэн байна. 

         Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч хяналтын гомдолдоо: Би Э.Э-, 3.З- нарт 2014-5-14-с 2014-7-19-ний өдрийн хооронд 426,300,000 төгрөг зээлдүүлсэн. С.С- нь 2014-5-14-с 7-19-ний өдөр хүртэл нийт 25 удаагийн гүйлгээгээр 454,650,000 төгрөг  шилжүүлсэн нь баримтуудаар нотлогддог. Үүнээс үзвэл, зохигчдын хооронд ИХ-ийн 281.1, 282.4 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээ байгуулсан үзэх үндэслэлтэй байна. Гэтэл шүүх ИХ-ийн 282.3 дахь хэсэгт заасан зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй бол хүү авах эрхээ алдана гэсэн заалтыг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болголоо. Шүүгчийн гаргасан шийдвэр нь өнөө цагт маш том асуудал болоод байгаа үндэслэлгүйгээр хөрөнгөжих сонирхолтой хүмүүсийг дэмжсэн шийдвэр гэж үзэж байна Хариуцагч нар нь гэр бүлийн хүмүүс бөгөөд хоёулаа банкинд ажилладаг. 2014-5-14-ны өдрөөс 2014-05-14-ний өдрийн хооронд буюу 2 сарын хугацаанд 25 үйлдлээр буюу 25 удаагийн гүйлгээгээр 454.650.000 төгрөг зээлсэн байдлаас харахад тусгай зөвшөөрөл байхгүй, 25 удаагийн үйлдлийг иргэд хооронд зээл гэх үү, тусгай зөвшөөрөлтэй олгох зээл гэх үү гэдэгт 2 шатны шүүх дүгнэлт өгөөгүй. Хүү тогтоосон бол бичгээр байгуулах ИХ-ийн 282.3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй, зээлийн гэрээ бичгээр байгуулагдаагүй тул хүү авах эрхээ алдсан гэж үзэх тул нэхэмжлэгчид хүү төлөх үүрэг үүсэхгүй, үндсэн зээлээс илүү төлсөн мөнгөө буцаан шаардах эрхтэй. Иймд 28,350,000 төгрөгийг үүрэг үүсээгүй байхад төлсөн гэж үзэх тул ИХ-ийн 492.1.1-д зааснаар хариуцагчаас буцаан гаргуулах үндэслэлтэй. Анхан шатны шүүх зээлийн хүү төлөх үүрэг үүссэн эсэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэлгүй нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Шийдвэр, магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

         С.С- 2018-07-18-ны өдөр Э.Э-, З.З- нараас нийт  28,350,000 төгрөг шаардаж, “...хариуцагч нар үндэслэлгүй хөрөнгөжсөн...зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй байхад ...өндөр хүү тооцож авсан.... Э.Э-т хүүд 3,250,000 төгрөг... З.З-т хүүд... 25,100,000 төгрөг төлсөн...” гэжээ. Хариуцагч нар нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө “... хүсэлтийнх нь дагуу зээл олгож хүүгийн хамт буцаан авсан...” гэсэн байна. 

        Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүх хянаж, шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээжээ.

        Хяналтын шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгч талын гомдлыг хангахгүй орхих нь  зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

        Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, нэхэмжлэгч 2014-05-14-ний өдрөөс 2014-07-09-ний өдрийн хооронд зээлийн хүүд нийт 28,350,000 төгрөг төлсөн үйл баримт тогтоогджээ. 

        С.С- нь Э.Э-, З.З- нартай харилцан тохиролцон, мөнгө зээлж хүүгийн хамт буцаан төлсөн байна. Үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг  дуусгавар болно.

      Зохигчийн хооронд байгуулагдсан зээлийн гэрээ дуусгавар болсон учир нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй бөгөөд энэ талаар шүүх дүгнэлт хийхдээ Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.1.1, 189 дүгээр зүйлийн 189.1, 236 дугаар зүйлийн 236.1.1-г зөв тайлбарлан хэрэглэжээ. 

      Нэхэмжлэгч өөрийн хүсэл зоригийн үндсэн дээр мөнгийг хариуцагчид хүүгийн хамт шилжүүлж байсан үйл баримт, талуудын тайлбар, гэрчийн мэдүүлгээр нотлогдсон байна. 

     Давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулахдаа Иргэний хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул магадлалыг хэвээр үлдээв.

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.  Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 63 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр төлсөн 299,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Г.ЦАГААНЦООЖ       

                                    ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ