Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2019/00927

 

Т ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар                 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн

2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 7 дугаар шийдвэр,

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 08 дугаар магадлалтай,                                                                                                                                               

Т ын нэхэмжлэлтэй,

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэгт холбогдох

Түрээсийн гэрээний үүрэгт 6,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Т , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхболд, Ц.Бямбадорж, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нар оролцов.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд: Би Сайхан сумын засаг даргын захирамжаар орон сууцны барилга барих зориулалтаар 3500 м.кв талбай бүхий газрыг эзэмшилдээ авч ногоон өнгөтэй төмөр карказан хашаа барьж байсан. Ингээд газрын маргаан үүсч шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны албан хаагчид 15 хоригдлуудын хамтаар 2016 оны 04 сарын 10-ны өдөр дайран орж гэр хороо барьж ажлаа эхлүүлсэн байсан. М.Энхболд нь асуудал шийдэгдтэл танай хашааг шавар зуурагч машин, конторын зориулалттай байрыг манай байгууллага нь албан хаагчаа байрлуулах зорилгоор түрээсэлье гэсэн саналыг тавьсан. Би үүнийг бодож үзээд шавар зуурагч машин бол үгүй, конторын зориулалттай байрыг түрээслэх гээд яахав цэвэрхэн эдлээрэй. Харин хашааг бол сарын 2,000,000 төгрөгөөр түрээслэнэ гэхэд "Манай байгууллага нэг сарын 1,500,000 төгрөгөөр түрээслэе" гэснээр сард нь өгч авахаар тохиролцож аман гэрээ хийгдсэн. 2016 оны 05 сарын 12-нд 1 сарын түрээсээ нэхэхэд "Удахгүй өгнө, дээд даргадаа хэлсэн, нэг мөр түрээслэсэн юм чинь өгнө. Төсвөөр баригдаж байгаа болохоор хэцүү байна" гэсэн. 2016 оны 07 сарын 16-ны өдөр түрээсийн төлбөрөө нэхэхэд мөн л шалтаг хэлсэн. 2016 оны 08 сарын 11-нд мөн очиж түрээсээ нэхэхэд "Өгнө өө 2016 оны 09 сарын 12-нд нэг мөсөн төлье" гэснээр би аман хэлцлээ зөрчиж түрээсээ төлөхгүй байна гэж үзээд 2016 оны 08 сарын 12-нд ажилчдаа авч очоод хашаагаа буулган авсан. Хашаагаа буулгаж байх үед дарга М.Энхболд, нягтлан бодогч н.Бямбадорж нар нь "Нэг cap сунгаач, одоо 300,000 төгрөг өгье. 2016 оны 09 сарын 12-нд нэг мөсөн 7,200,000 төгрөгийг төлье” гэсэн. Би үүнийг зөвшөөрөөгүй хашаагаа буулгаад аваад явсан. 2016 оны 04 сарын 12-нд ангийн дарга болох М.Энхболдтой уулзаж байхад манай гэр бүлийн хүн Т.Амарбаясгалан, барилгын даамал Ж.Мөнхбаатар нар нь хамт очсон байсан. Тэр хоёрт хашаагаа нэг сарын 1,500,000 төгрөгөөр түрээслэхээр боллоо гэдгээ хэлж байсан. Хашаа буулгасан өдөр Дарханы хорих ангиас нэмэгдэж 2 ширхэг машин, 4 хянагч ирсэн. М.Энхболдоос буюу шийдвэр гүйцэтгэх хэсгээс 6,000,000 төгрөгийг нэхэхэд "Чадахгүй сүртэй юм бэ, үхрийн сүүлэн дээр хутга гэгчээр чи хашаагаа буулгаад аваад явсан биз дээ. Шүүхдээд аваарай” гэснээр шүүхэд хандаж байна. Бидний хооронд хийсэн аман гэрээ, хууран мэхэлж хийсэн хэлцэл гэж үзэж байгаа тул 2016 оны 04 сарын 12-ны өдрөөс 2016 оны 08 сарын 12 хүртэлх 1 сарын түрээсийн үнэ болох 1,500,000 төгрөг нийт 4 сарын түрээс болох 6,000,000 төгрөгийг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхболдын шүүхэд гаргасан хариу тайлбарт: Тус хэсэг Сайхан сумын Засаг даргын 2011 оны 02 сарын 14-ний өдрийн 51 тоот захирамжаар 11 дүгээр цэцэрлэгийн баруун талд 14 дүгээр байрны урд талд конторын зориулалттай барилга барихаар 900 м.кв газар эзэмших эрх авч гэрчилгээг гаргуулсан. “Сөгнөгөр Хайрхан” ХХК нь манай газрыг хамруулан хашаа барьсан тул хашаагаа буулгахыг тухайн үеийн даамал гэх хүнд болон засаг даргад мэдэгдсэн. Тус компанийн захирал Т  гэдэг хүнтэй утсаар ярихад “Наад газрыг чинь манайх авсан. Чи яаж ч чадахгүй. Би мөнгөтэй хүн” гэх зүйлс хэлж байсан. Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Засаг даргад газар чөлөөлүүлэх тухай албан тоотоор хүргүүлсэн. Түрээсийн талаар захирал Т той хэлцэл хийсэн зүйл байхгүй. 1,500,000 төгрөгөөр хашаа түрээслэх боломж ч байгаагүй. Төрийн байгууллага төсвийн хөрөнгөөр барилга барьсан. Бүх зүйл албан ёсны бичгээр гэрээ байгуулан удирдах газраас зөвшөөрөгдөн шийдэгдэж барилгын ажил явагдсан. Тухайн үед гэр болон вагончиг түрээслэж гэрээ байгуулан Ерөнхий газарт хүргүүлэн мөнгийг шийдүүлж түрээслэгч нарт шилжүүлж байсан. Хашаанд дайрч ороод юм хийлээ гэж энэ хүн цагдаагийн байгууллагад хандан шалгуулсан өдөр нь хашаа болон эд зүйлсээ авахыг шаардаж байсан. Манаач нь цалингаа аваагүй удаж байгаа конторын байрыг би өрөндөө авна та нар түр байрлаж болно гэсэн. “Сөгнөгөр хайрхан” ХХК-ийн манаач нь удахгүй нүүсэн бөгөөд би мөнгөндөө энийг ч авна гэх зэргээр байнга хүмүүс ирж бид эд зүйлсийг нь хамгаалж байсан. “Сөгнөгөр Хайрхан” ХХК-ийн захирал Т той ямар ч гэрээ хэлцэл байгуулаагүй болно гэжээ.

Нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Би Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсгийн тухайн үед дарга байсан М.Энхболдтой эд хөрөнгө хөлслөх аман гэрээ хийсэн байгаа. Бид анх 2,000,000 төгрөг гэж тохирсон боловч сүүлдээ 1,500,000 төгрөгийг сар сард нь өгөхөөр тохирч аман гэрээ хийсэн. Бидний зүгээс удаа дараа түрээсийн мөнгийг шаардсан боловч өгөөгүй. Тиймээс 2017 онд энэ асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Ямар нэгэн гадны биетээс өөрийн эд хөрөнгийг хамгаалахын тулд, барилгын зөвшөөрлийг авахын тулд хашаа барихыг заавал шаарддаг. Энэ талаар барилгын хуульд заасан байдаг. Тиймээс хашааны төсөв заавал суугдсан байх ёстой байдаг. Төсөвт суугдсан мөнгийг гаргуулах гэж бид удаа дараа шүүхэд өгсөн боловч хариуцагч талаас ямар нэгэн хуурамч график авчирч өгсөн. Тэр нь зүгээр нэг ажлын график, барилгын явцын зургийг өгсөн байгаа. Шүүхэд албадан гаргуулах хүсэлт өгсөн боловч шүүх хүлээж аваагүй. Ер нь төсөвт заавал мөнгөн хөрөнгө суусан байх ёстой байдаг. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэг нь хоригдол ажиллуулж байсан учир заавал хашаа барьсан байх ёстой. Надад анх ярихдаа “Хоригдол ажиллуулж байгаа гэдэг үүднээс танай хашааг хөлслөх гэж байна” гэсэн. Улсын төсөвт суугдсан хөрөнгөөс юунд суугдсан гэдэг нь тодорхойгүй байгаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсгийн тухайн үед дарга байсан М.Энхболд нь надтай тохиролцсон аман гэрээний үүргээ биелүүлээгүй учир би шүүхэд хандсан, хэрэгт холбогдолгүй зүйл яригдаж байна. Манай авсан гэрэл зурагт хорих 435 дугаар ангиас авчирсан угсардаг хашааны зураг байхгүй. Өөрсдөө угсардаг хашааг авчраад хураасан байсан гэж яриад байна. Энэ талаар нотлох баримт байхгүй. Сая өөрөө хэлэхдээ барилга дуусахад сүүлийн нэг сард угсардаг хашааг хорих 435 дугаар анги руу ачуулсан гэж ярьж байна. Би баримтаар өгсөн гэрэл зургийг 3,4,7  дугаар саруудад авсан байгаа. Энэ талаар хэрэгт баримт болгож өгсөн. Тийм бол тэр хураасан хашааны зураг нь баримтаар өгсөн гэрэл зурагт байж байх ёстой. Төр хохироогүй, иргэн хүн хохироод байна. Газрын гэрчилгээний хувьд төлбөрөө хийгээгүй гурван жил болсон. Эрх хасагдчихсан байсан. Засаг дарга надаас мөнгө нэхсэн. Намайг өгөхгүй байсан учир энэ байгууллагын газрын гэрчилгээг хүчин төгөлдөр болгосон. Энэ асуудал шүүхээр тогтоогдсон. Энэ талаар өөрсдөө мэдэж байгаа гэжээ.

Прокурор Н.Бадамын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Өнөөдрийн шүүх хуралдаанд Прокурорын байгууллагын тухай хуулийн 20, 21 дүгээр зүйлийн 21.10, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсгийг төлөөлж төрийн эрх ашиг хөндөгдөж байна гэдэг үүднээс оролцож байна. Энэ хэрэг гурван шатны шүүхээр орсон. Хуулийн үндэслэл шаардлагыг хангаагүй гэдэг үндэслэлээр хэрэг дахин хэлэлцэгдэж байна. Тэгэхээр ямар үндэслэлээр 6,000,000 төгрөгийг нэхэмжилж байгаа, гэрээ хэрхэн байгуулагдсан, ямар үндэслэлээр маргаан үүссэн юм бэ гэдэг асуудлыг ярих нь зүйтэй байх. Сая хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд ярьж байгаа болон давж заалдах шатны шүүх хуралдааны тэмдэглэлээс харахад нэгдүгээрт: хоёр Энхболдын хооронд ард иргэд төөрөгдсөн асуудал байдаг. Хэдий энэ хэрэгт хамааралгүй ч гэсэн энэ талаар шүүх хуралдааны тэмдэглэлд тусгуулах нь зүйтэй байх. Одоо нэхэмжлэгч Т  нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсгээс 6,000,000 төгрөг гаргуулж өгнө үү гэсэн асуудал яригдаж байна. Тийм бол өнөөдөр энэ 6,000,000 төгрөгийг гаргуулах үндэслэл нь юу байгаа юм бэ? Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Иргэний хуулийн 196 дугаар зүйлд зааснаар гэрээ байгуулсан нь үндэслэлтэй гэж хэлсэн. Энэ талаар Иргэний хуулийн 196 дугаар зүйлд тодорхой заасан. Өмнөх шүүх хуралдаанд эд хөрөнгө түрээслэх гэрээний талаар сайн ярьсан. Аман хэлцлийн үндсэн дээр байгуулсан гэрээ ёсоор хашааг 6,000,000 төгрөгөөр хөлслөхөөр тохиролцсон гэж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь төрийн нэрийн өмнөөс үйл ажиллагаа явуулдаг. Цагдан хорих байгууллагыг барих чиглэлийн дагуу энэ барилгыг барьсан. Ялтнуудыг авчирч барилга дээр ажиллуулж байгаа тохиолдолд хашаа барих нь зүй ёсны хэрэг. Гэхдээ энэ хашааг барих талаар ямар нэгэн төсөв мөнгө суусан асуудал байдаггүй. Энэ талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сая тодорхой ярьж байна. Хариуцагч тал хорих 435 дугаар ангиас хашаа авчирсан гэж байхад нэхэмжлэгч тал тэр хашааг байгаагүй гэсэн асуудлыг ярьж байна. Энэ талаар үйл баримт тодорхой тогтоогдоогүй. Нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй гэж үзэж байна. Төрийн нэрийн өмнөөс үйл ажиллагаагаа явуулж байгаа албан хаагч нь өөрийн хувийн мэдлийн үйл ажиллагааг явуулж байгаа юм шиг дураараа шийдвэр гаргах эрх байхгүй. Хэрэгт хоёр Энхболдын хооронд ярьсан яриа нотлогдсон баримт байхгүй. Гэрч Амарбаясгалан, Энхжавхлан, Энхбаатар нарын шүүхэд өгсөн мэдүүлгээр тухайн үед Т  дарга хашааг түрээслэхээр болсон гэж дамжмал утгаар ярьдаг. Хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй гэж үзэж байна. Учир нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсгийн барилгыг барихад төсөвт өртөг нь 768,000,000 төгрөгийн өртөгтэй барилгын компанийн үнэлгээ гарсан байгаа. Улсын төсвөөс энэ мөнгө гарах боломжгүй байсан учир дотоод нөөц бололцоогоороо 300,000,000 төгрөгөөр барих тушаал гарсан. Зэргэлдээ хорих 435 дугаар ангиас тусламж ав гэсэн үүрэг өгсөн. Зохигчдын тайлбараар энэ хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй байна. Өөрөөр хэлбэл, хашаа байсан юм бол тэр хорих 435 дугаар ангиас хашааг хэзээ, яаж авчирсан юм. Хэн хашааг авчирсан, ямар техникээр тэр хашааг авирсан гэдэг нь тодорхойгүй байна. Энэ үйл баримтыг тогтоогоод үнэхээр тэр хашаа байхгүй бол хэргийг яаж шийдэх асуудал нь шүүхэд нээлттэй. Тиймээс хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Бямбадоржийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Тухайн үед Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсгийн барилгыг барихад төсөвт өртөг нь 768,000,000 төгрөгийн өртөгтэй барилгын компанийн үнэлгээ гарсан байгаа. Улсын төсвөөс энэ мөнгө гарах боломжгүй байсан учир дотоод нөөц бололцоогоороо 300,000,000 төгрөгөөр барь гэсэн дээрээс шийдвэр ирсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хурандаа Эрхэмбаярын тамга, тэмдэгтэй тооцоолол ирсэн. Хурандаа Мөнхжаргал болон ахмад Эрдэнэболор нарын тооцоололтой төлөвлөгөө ирсэн. Энэ төлөвлөгөөнд материалын хөлс болон газрын кадастрын хөлс орсон байгаа. Түүнээс биш түрээсийн хөлс ороогүй. Хэрэв түрээсийн гэрээ хийх тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын санхүү хөрөнгө оруулалтын газрын даргаас зөвшөөрөл авч, батлуулж байж бид гэрээ хийнэ. Нэхэмжлэгч тал сая хэлэхдээ “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсгийн тухайн үед дарга байсан М.Энхболдтой эд хөрөнгө хөлслөх гэрээ хийсэн. Хашааг сарын 1,500,000 төгрөгөөр хөлслөх болсон гэсэн. Хэрэв гэрээ хэлцэл хийгдсэн бол М.Энхболд дарга надад энэ талаар хэлэх байсан. Миний бие нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга руу хүсэлт явуулж, батлуулсны үндсэн дээр гэрээ байгуулагдах ёстой. Энэ талаар надад М.Энхболд дарга юу ч хэлээгүй. Тухайн үед барилга барихад манай зүгээс ялтан авчирсан. Хашаа барих шаардлагатай болсон. Хашаа барих зардлыг барилга барьж дууссаны дараа хашааны төсвийг төсөвлөнө гэж хэлээд хорих 435 дугаар ангиас угсардаг хашааг ав гэж Ерөнхий газраас бид нарт чиглэл өгсөн. Хорих 435 дугаар анги нь Дархан-Уул аймагт 2-3 газарт барилга барьж байсан. Тиймээс угсардаг хашаанууд байсан. Тэгээд тэр хашааг авч ажлаа эхэл гэж хэлсэн. Тухайн үед М.Энхболд дарга нэхэмжлэгч Т од та нар хашаагаа ав гэж хэлсэн. Манай байгууллага барилгын үйл ажиллагаагаа эхэлмээр байна гэж хэлсэн. Газрын маргаантай байсан учир нэхэмжлэгч Т  нь манай зүгээс газраа өгөхгүй. Хашаагаа буулгахгүй. Танай үйл ажиллагааг хүлээн зөвшөөрөхгүй. Газрынхаа маргааныг шийдвэрлэнэ гэж хэлсэн. Манай байгууллага дээрээс өгсөн чиглэлийн дагуу үйл ажиллагаагаа 4-9 сард дуусгах ёстой байсан. 2011 оны 02 сарын 15-ны өдөр манай байгууллага газрын гэрчилгээгээ авсан байсан. Тиймээс үйл ажиллагаа шууд эхэлсэн. Энэ талаар Т од мэдэгдсэн. Тухайн үед манай байгууллагын хашаанд амбаар, барилгын зуурагч машин байсан. Тухайн үед “Сөгнөгөр хайрхан” ХХК барилга эхлүүлнэ гээд иргэдээс урьдчилгаа авсан байсан. Тухайн үед манай байгууллага хорих 435 дугаар ангиас ялтан авчрахдаа угсардаг хашаа авчраад тавьчихсан байсан. Нэхэмжлэгч Т  8 сард хашаагаа буулгаж эхэлсэн. Тэр үед манай байгууллагын барилгын карказ бүрэн боссон байсан. Засал чимэглэлийн ажил үлдсэн байсан. Бид нааш цааш явах зардал их гарна гэдэг утгаараа Улаанбаатар хотоос барилгын материал татах үед замаараа 435 дугаар ангид хашааг нь буулгасан. Нэхэмжлэгч Т  8 сарын дундуур хашаагаа буулгасан. Тухайн үед барилга барихдаа холбоотой Ерөнхий газраас барилгын дөрвөн инженер ирсэн байсан. Тэд хэлэхдээ “Угсрах хашааг буцааж явуулсан байгаа. Барилга ерөнхийдөө дуусах гэж байна. Заслын ажлыг хийхэд сар хүрэхгүй хугацаа байна. Тиймээс чи Т той уулзаад хашаагаа нэг сар түр байлгачих гэж хэл. Зөвшөөрөхгүй бол түрээсийн мөнгө гэж 300,000 төгрөгийг тавуулаа нийлээд нэг хүний 50,000-60,000 төгрөг өгье гэж хэлсэн. Түүний дагуу би нэхэмжлэгч Т той уулзсан. “Та хашаагаа түр байлгачих, бид 300,000 төгрөг өгье. Бид нар инженерүүдтэйгээ нийлж байгаад хувиасаа энэ мөнгийг өгнө” гэж хэлсэн. Т  хашааг сарын 500,000 төгрөгөөр түрээсэлнэ. Чи урьд нь хашааг ашигласан сарын мөнгөтэй хамт өг гэж хэлсэн. Би хэлэхдээ “Надад түрээсийн гэрээ хийх эрх байхгүй. Би энэ талаар хэсгийн даргад танилцуулна. Дараа нь Ерөнхий газрын даргаас зөвшөөрөл авч, батлагдсаны үндсэн дээр гэрээ хийгдэнэ” гэсэн. Тэгтэл Т  нь зөвшөөрөхгүй. Би хашаагаа нурааж авна гэж хэлээд хашаагаа нураагаад авч явсан. Бид дээрээс энэ барилгыг есөн сард дуусгах үүрэг даалгавар авсан байсан учир хувиасаа тэр 300,000 төгрөгийг өгье гэж хоорондоо ярьсан. Манай байгууллага нь шүүхийн шийдвэр биелүүлэх алба болохоос захиргааны газрын алба биш. Бид нарт тэр хашааг нураах эрх байхгүй гэжээ.          

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 7 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 289 дүгээр зүйлийн 289.1.2, 288 дүгээр зүйлийн 288.2.3-т зааснаар хариуцагч Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсгээс 6,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Т од олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Т ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110,950 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсгээс 110,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т од олгож шийдвэрлэжээ.

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 08 дугаар магадлалаар: Сэлэнгэ аймгийн Сайхан дахь сум дундын шүүхийн 2019 оны 01 сарын 11-ний өдрийн 07 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Миний бие нь Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар магадлалыг эс зөвшөөрч доорх гомдлыг гаргаж байна. Магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Учир нь хариуцагчийн гаргасан үндэслэлгүй гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болголоо. Сэлэнгэ аймаг дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2 удаагийн захирамж гарч, уг захирамжаар Сэлэнгэ аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсээс албан контор, цагдан хорих байрны төсвийн зардлын тооцоог гаргуулах гэсэн боловч хариуцагч байгууллага нь санаатайгаар мэдэн будилж, хэрэгт хамааралгүй санхүүжилтийн хуваарь гаргаж өгөх, мөн нотлох баримтын шаардлага хангаагүй баримтуудыг шүүхэд удаа дараа гаргаж өгч байсан. Ингэснээрээ нэхэмжлэгч миний ажлын цаг хугацааг алдагдуулж, эд хөрөнгө хөлсөлсөн хөлсийг төлөхгүй намайг хохироож, улмаар шүүн таслах ажиллагааг санаатайгаар удаашруулж байгаа нь харагдаж байна. Магадлалд зааснаар хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэх шаардлагагүй гэж би үзэж байгаа ба хяналтын шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын /гэрчийн мэдүүлэг, камерын бичлэг, гэрэл зураг/ хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Шийдвэр гүйцэтгэх хэлтэс нь миний барилгын хашааг ашиглаж, дотор нь барилга барих үйл ажиллагааг явуулж байсан гэдэг нь хангалттай нотлогдон тогтоогдсон. Үүнийг хариуцагч тал ямар нэгэн нотлох баримтаар няцаагаагүй болно. Шийдвэр гүйцэтгэх хэлтэс нь хашааг хөлслөх тухай санал тавьж байсныг би хүлээн зөвшөөрч гэрээний гол нөхцлийг харилцан тохиролцсон бөгөөд энэ нь Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1-д зааснаар эд хөрөнгө хөлслөх гэрээг байгуулсан гэж үзэхээр байгаа юм. Хариуцагч нь гэрээг заавал бичгээр хийсэн тохиолдолд мөнгө төлөх ёстой гэсэн өрөөсгөл ойлголтоор асуудалд хандаад байгаа нь үндэслэлгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн дарга М.Энхболд нь надад төлөх ёстой хашааны хөлс болох 6,000,000 төгрөгийг өөрөө хувьдаа завшсан байх гэж хардаж байгаа бөгөөд хэрэгт хамааралтай нотлох баримтыг санаатайгаар гаргаж өгөхгүй байна гэж ойлгож байгаа. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсгээс барилгын төсвийг нь гаргуулах хүсэлт гаргасан шалтгаан нь дээрх хардалтаас улбаатай бөгөөд барилгын төсөвт хашааны зардал тусгагдсан эсэхийг мэдэх зорилготой байсан. Барилгын төсөвт хашааны зардал хэд гэж тусгагдсан байх нь надад хамаагүй, би нэхэмжлэлийнхээ шаардлагыг тохиролцсон үнэ болох 6,000,000 төгрөгөөр л тодорхойлж байгаа болно. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад зөв зүйтэй үнэлэлт дүгнэлт хийж, бодит байдалд нийцсэн шийдвэр гаргасан. Бидний хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлсон гэж би үзэж байна. Хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан тул түүнийг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

                                                            ХЯНАВАЛ: 

Нэхэмжлэгч Т  нь хариуцагч Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэгт холбогдуулан эд хөрөнгө хөлслөх гэрээний үүрэг 6,000,000.00 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан.   

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэг Т ын өмнө нь барьсан хашаанд  2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хүртэлх хугацаанд барилгын ажлыг явуулж, түүний хашааг ашиглаж байсан, нэхэмжлэгч Т  2016 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хашааг буулган авч явсан үйл баримтын  талаар талууд маргаагүй.       

Нэхэмжлэгч Т  “...1,500,000.00 төгрөгийг сар сард нь өгөхөөр эд хөрөнгө хөлслөх гэрээг амаар хийсэн, ... 4 сарын хугацаатай байсан” гэж шаардлагынхаа үндэслэлийг тайлбарласан, хариуцагч нь “...тухайн үед нэхэмжлэгчийг хашаагаа ав гэж хэлсэн, ... дээд газартаа хандаж зөвшөөрөл авч гэрээ байгуулдаг, Т той ямар ч гэрээ хэлцэл байгуулаагүй” гэж маргажээ.

Нэхэмжлэгч нь Сэлэнгэ аймаг Сайхан сум дахь шүүхийн Шийдвэр гүйцэтгэх хэлтсийн албан контор, цагдан хорих байрны барилгын төсвийн задаргааг эрх бүхий байгууллагаас гаргуулахаар гаргасан хүсэлтийг анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 12 сарын 05-ны өдрийн 726 дугаартай захирамжаар хангасан байна. 

Дээрх захирамжийн дагуу хариуцагчаас шүүхэд ирүүлсэн барилгын материалын тооцоо гэсэн хоёр хуудас баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлага хангаагүй байхад шүүх хүлээн авсан,  хэрэг хянан шийдвэрлэхдээ тухайн нотлох баримтыг хэрхэн үнэлсэн нь тодорхойгүй гэж анхан шатны шүүхийг буруутгасан давж заалдах шатны шүүхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчсөн гэж үзэхгүй.

Түүнчлэн хариуцагч байгууллага нь барилга барихдаа нэхэмжлэгчийн хашааг тодорхой хугацаанд ашигласан боловч ямар хэмжээний хөлс төлөхөө хэрхэн тохиролцсон талаар маргасан, энэ төрлийн хашаа хөлслөх үнэлгээ тодорхойгүй байхад хэргийг шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т нийцэхгүй.

Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг  дахин хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 08 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.          

2. Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110,950.00 /нэг зуун арван мянга есөн зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Г.ЦАГААНЦООЖ

                                  ШҮҮГЧ                                                  Д.ЦОЛМОН