Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 154

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.О-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

         

          Прокурор Н.Уранбайгаль,

          Иргэний хариуцагч Д.Э-,

          Нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулан,

          Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Алдар даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 477 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч иргэний хариуцагч Д.Э-ын гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч Б.О-т холбогдох эрүүгийн 1703 0000 10066 дугаартай хэргийг 2018 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Б.О, 1983 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Орхон аймагт төрсөн, 34 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, “Орос чанар” хүнсний цехэд жолоочоор ажиллаж байсан, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрханы  дугаар гудамжны  тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, одоо Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо,  тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:/,

Б.О- нь 2017 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн орой 18 цаг 40 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, 554 дүгээр худгийн урд шороон замд “Экспресс капитал” ХХК-ийн эзэмшлийн, “Хьюндай Старекс” загварын, 19-34 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 7.6-д заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам, орчны байдлыг биеэр шалгаж, байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцөлийг хангана” мөн дүрмийн 2 дугаар хавсралт 5.1-д заасан “Гэрлийн тоо, хэлбэр, өнгө, байрлал, ажиллах горим нь тухайн тээврийн хэрэгслийн хийцэд тохироогүй”, 5.3 “Гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл, эргэх дохио бохирдсон, асахгүй буюу бүдэг асдаг”, 6.2 “Дуут дохио ажиллахгүй болсон” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас /5 настай, эрэгтэй/ Б.Гийгүүлэнг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Тээврийн прокурорын газраас: Б.О-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.О-ыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.О-ыг 260 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.О- нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 499.3, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч Д.Э-аас 1.815.370 төгрөгийг гаргуулж насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Баасандоржид олгож, насанд хүрээгүй хохирогч Б.Гийгүүлэнгийн эрүүл мэндэд цаашид гарах зардлын талаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, хэрэгт хавсаргаж ирүүлсэн 380394 дугаартай жолоочийн үнэмлэхийг Б.О-т, 10190943 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг болон “Хьюндай старекс” загварын 19-34 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэл битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, хууль ёсны эзэмшигч Д.Э-т тус тус буцаан олгож шийдвэрлэжээ.

 

Иргэний хариуцагч Б.Эрдэнэбаатар давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Иргэний хариуцагч Д.Э- миний буруутай үйл ажиллагаанаас болж бусдад хохирол учраагүй, “...Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасны дагуу хариуцах учиргүй тул иргэний хариуцагчаар татсан тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэсэн хүсэлтийг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзсэн болно.

Учир нь Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт зааснаас үзэхэд өмчлөгчөөс уг тээврийн хэрэгсэлээ ашиглуулахаар бусдыг томилсон буюу шилжүүлэн өгсөнөөс үүсэх үр дагаварыг хэрхэн арилгах тухай асуудлыг зохицуулсан байна. Хавтаст хэргийн 79 дүгээр хуудсанд “Орос чанар” хүнсний цехийн захирал Д.Э-ын 2017 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн “Ажлын тодорхойлолт” гэсэн тамга тэмдэг бүхий баримтыг хавсаргасан байх бөгөөд уг тодорхойлолтод “... Батчулуун овогтой Одбаяр нь /ФД83072515/ манай “Орос чанар” хүнсний цехэд 2017.07.29-ний өдрөөс эхлэн ажиллаж байгаа нь үнэн болно...” гэжээ.

Дээрх баримтаас үзэхэд иргэний хариуцагч Д.Э- нь шүүгдэгч Б.О-ыг өөрөө томилсон буюу уг тээврийн хэрэгслийг ашиглуулах боломжийг олгосон гэж үзэх үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 499.1 дэх хэсэгт “... Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулсан буюу эд юмс нь эвдэрч, устаж гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй...”, 499.3 дахь хэсэгт “... Хэн нэг этгээд өмчлөгч буюу эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр тээврийн хэрэгслийг ашигласнаас бусдад хохирол учирсан бол гэм хорыг тухайн этгээд хариуцах боловч өөрийн буруугаас тээврийн хэрэгслийг ашиглах боломж олгосон өмчлөгч буюу эзэмшигч хариуцлагаас чөлөөлөгдөхгүй ...” гэж заасан нь энэ хэргийн хувьд насанд хүрээгүй хохирогч Б.Гийгүүлэнгийн эрүүл мэндэд учирсан хохирлыг Д.Э- арилгах үүрэгтэйг тодорхойлсон, үүрэг бүхий этгээд гэж үзнэ. Өөрөөр хэлбэл иргэний хариуцагч Д.Э- нь өөрийн тээврийн хэрэгсэлээ бусдад ашиглах боломж олгосоны үндсэнд шүүгдэгч Б.О- нь Замын хөдөлгөөнд оролцож явахдаа 5 настай Б.Гийгүүлэнд хүндэвтэр хохирол учруулсан гэж үзэх үндэслэлтэй бөгөөд Д.Э-ын хувьд эхнэртэйгээ маргаантай байсан эсэх асуудал нь өмчлөгч, эзэмшигчийн үүргээс чөлөөлөгдөх хүндэтгэн үзэх шалтгаан болсонгүй ...” гэж дүгнэн иргэний хариуцагч Д.Э-аас 1.815.370 төгрөгийг гаргуулж шийдвэрлэжээ.

Гэтэл иргэний хариуцагч Д.Э- нь “Орос чанар” хүнсний цехэд хууль зүйн өөр хамааралтай, “Орос чанар” хүнсний цех нь эрх зүйн ямар статустай болох, уг цехийг үүсгэн байгуулагч мөн эсэх нь тодорхойгүй байхад Д.Э-ыг иргэний хариуцагчаар татаж, түүнээс гэм хорын хохирол гаргуулж байгаа нь үндэслэлгүй байна.

Шүүх “... Батчулуун овогтой Одбаяр нь /ФД83072515/ манай “Орос чанар” хүнсний цехэд 2017.07.29-ний өдрөөс эхлэн ажиллаж байгаа нь үнэн болно ...” гэсэн бичгийг иргэний хариуцагч Д.Эрдэнбаатар нь шүүгдэгч Б.О-ыг өөрөө томилсон буюу уг тээврийн хэрэгслийг ашиглуулах боломжийг олгосон баримт гэж үзжээ.

Энэ бичиг бол Б.О- нь тухайн цехэд ажиллаж байгааг тодорхойлсон баримт болохоос түүнийг Д.Эрдэнбаатар тээврийн хэрэгсэл ашиглуулахаар томилсон, уг тээврийн хэрэгслийг шилжүүлэн өгснийг нотлох баримт биш юм. Ийм учраас шийтгэх тогтоолын Д.Э-т холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү ...” гэв.

 

Прокурор Н.Уранбайгаль тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүгдэгч Б.О- нь 2017 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 18 цаг 40 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, 554 дүгээр худгийн урд шороон замд “Хьюндай Старекс” загварын тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа 5 настай Б.Гийгүүлэнг мөргөж зам тээврийн осол гаргасан. Тухайн осол гаргасан тээврийн хэрэгсэл нь иргэний хариуцагч Д.Э-ын тээврийн хэрэгсэл байсан. Тийм учраас Д.Э-т эрх үүргийг нь танилцуулж, мөрдөн байцаалтын шатанд иргэний хариуцагчаар мэдүүлэг авсан. Д.Э- нь шүүх хуралдаанд “5 настай Б.Гийгүүлэнгийн эмчилгээний зардалд мөнгө төлөхгүй” гэж мэдүүлсэн. Иргэний хариуцагч бусдад учруулсан хохирлыг төлөх үүрэгтэй. Тийм учраас прокурорын зүгээс иргэний хариуцагчаар 100 хувь төлүүлэх санал гаргасан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй тул давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв ...” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянав.

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн” байх хуулийн шаардлагыг хангажээ.

 

Б.О- нь 2017 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн орой 18 цаг 40 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, 554 дүгээр худгийн урд шороон замд “Экспресс капитал” ХХК-ийн эзэмшлийн, “Хьюндай Старекс” загварын, 19-34 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 7.6-д заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам, орчны байдлыг биеэр шалгаж, байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцөлийг хангана” мөн дүрмийн 2 дугаар хавсралт 5.1-д заасан “Гэрлийн тоо, хэлбэр, өнгө, байрлал, ажиллах горим нь тухайн тээврийн хэрэгслийн хийцэд тохироогүй”, 5.3-д заасан “Гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл, эргэх дохио бохирдсон, асахгүй буюу бүдэг асдаг”, 6.2-д заасан “Дуут дохио ажиллахгүй болсон” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас /5 настай, эрэгтэй/ Б.Гийгүүлэнг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Баасандоржийн мэдүүлсэн “... 2017 оны 7 дугаар сарын 29-ний орой 18 цагийн үед гэртээ байж байтал хамаатны хүүхэд Анхцэцэг орж ирээд “Гийгүүлэн автомашинд мөргүүлсэн” гэж хэлсэн. Би гүйгээд гараад хартал хүүхэд “Старекс” загварын автомашинд мөргүүлсэн байсан. Автомашинд 3 эрэгтэй хүн байсан. Манай хүүхдийн баруун хөлнөөс цус гарч байсан тул яаралтай өөрийн автомашинаар Гэмтлийн эмнэлэгт хүргэж өгсөн ...” /хх-23-25, 26/,

иргэний хариуцагч Д.Э-ын мэдүүлсэн “... “Хьюндай старекс” загварын, 19-34 УНЯ улсын дугаартай автомашиныг 2012 оны 12 дугаар сард “Да хүрээ” захаас авсан. Автомашиныг “Орос чанар” хэрчсэн гурилын цехед түгээлтэнд явуулахаар болсон. Б.О- нь манай байгууллагад ажилд ороод 1 хонож байсан ...” /хх-37/,

гэрч О.Ганзоригийн мэдүүлсэн “... 2017 оны 7 дугаар сарын 29-ний орой 18 цагийн үед 100 айлын харалдаа ард байрлах хүнсний дэлгүүрт түгээлт хийх гээд жолооч Б.О- нь дэлгүүрийг өнгөрөөд машинтайгаа зогссон. Би жолоочийн хажуу талын суудал дээрээс буугаад автомашины араар тойроод дэлгүүр орж захиалга авах гэтэл “манай дэлгүүрийн хэрчсэн гурил зарагдаагүй байна” гэж дэлгүүрийн худалдагч хэлэхээр нь буцаж гараад автомашины араар тойроод суухад жолооч автомашинаа асаагаад урагшаа хөдөлгөөн эхлээд явтал хүүхэд орилох чимээ гарсан. Жолооч ухраад зогссон. Автомашин дотор жолооч Б.О-, түүний хажууд сууж байсан Сэргэлэн бид 3 буугаад хартал автомашины урд жоохон эрэгтэй хүүхэд байсан ...” /хх-48/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “... Б.Гийгүүлэнгийн биед баруун гуя, зүүн шагайн үений дотор хэсгийн эдийн дутагдал бүхий хууларсан гүн шарх, зүүн шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна, цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй ...” гэсэн 9797 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-49-50/,  

Техникийн шинжээчийн гаргасан “...  “Хьюндай Старекс” загварын 19-34 УНЯ улсын дугаартай автомашины жолооч Б.О- Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.6 дугаар заалт “Жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам, орчны байдлыг биеэр шалгаж, байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх нөхцөлийг хангана.” мөн дүрмийн 2 дугаар хавсралт “Тээврийн хэрэгслийн ашиглахыг хориглох эвдрэл, гэмтэл, техникийн зөрчлийн” 5.1 дэх заалт “Гэрлийн тоо, хэлбэр, өнгө, байрлал, ажиллах горим нь тухайн тээврийн хэрэгслийн хийцэд тохироогүй.”, 5.3 дахь заалт “Гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл, эргэх дохио бохирдсон, асахгүй буюу бүдэг асдаг.”, 6.2 дахь заалт “Дуут дохио ажиллахгүй болсон” гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна ...” гэсэн 431 дугаартай дүгнэлт /хх-63-64/,

Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал /хх-6-7/, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-8, 9/, жолоочийн согтуурал шалгасан магадлагаа /хх-11/, бичиг баримт түр хураан авсан тухай тэмдэглэл /хх-12/, “Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийн гаргасан автомашины үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлт /хх-16, 17, 18/, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх-21, 22/, хохирлын баримтууд /хх-28-33/, “Орос чанар” хүнсний цехийн ажлын тодорхойлолт /хх-79/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-85/, хохирогч Б.Гийгүүлэнгийн Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлсэн талаарх өвчний түүх /хх-88-95/, шүүгдэгч Б.О-ын яллагдагчаар хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд зэрэг хэрэгт цугларсан, анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

 

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.О-ын гэм бурууг хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн үйлдсэн хэргийн талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хувийн байдалд тохирсон ял шийтгэлийг оногдуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Иргэний хариуцагч Д.Э- гомдолдоо “Д.Э-ыг иргэний хариуцагчаар татаж, түүнээс гэм хорын хохирол гаргуулж байгаа нь үндэслэлгүй” гэж давж заалдах гомдол гаргаж байгаа боловч иргэний хариуцагч Д.Э- нь өөрийн тээврийн хэрэгслээ бусдад ашиглах боломж олгож, улмаар Б.О- нь замын хөдөлгөөнд оролцож Замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчсөний улмаас хохирогчид хүндэвтэр гэмтэл учруулсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдсон бөгөөд Иргэний хуульд зааснаар Д.Э- нь хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэлгүй, энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй зөв дүгнэсэн байх тул гомдолд дурдсан үндэслэлээр тогтоолд өөрчлөлт оруулах боломжгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Харин иргэний хариуцагч Д.Э- нь өөрт учирсан хохирлоо гэм буруутай этгээдээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, иргэний хариуцагч Д.Э-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 477 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, иргэний хариуцагч Д.Э-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

                                      ШҮҮГЧИД                                                     С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

                                                                                              Ж.ЭРДЭНЭЧИМЭГ