| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Оюунбатын Оюунгэрэл |
| Хэргийн индекс | 128/2019/0697/З |
| Дугаар | 896 |
| Огноо | 2019-12-16 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 12 сарын 16 өдөр
Дугаар 896
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.О даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Гомдол гаргагч: “БИ” ХХК
Хариуцагч: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч М.Б.
Гомдлын шаардлага: “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч М.Бын Зар сурталчилгааны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 7, 13 дугаар зүйлийн 8 дугаар заалтыг зөрчсөн гэсэн үндэслэлээр 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн *** дугаар шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар шийтгэл оногдуулсныг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-т заасны дагуу хүчингүй болгох”–ыг хүссэн гомдлын шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн өмгөөлөгч Т.Ца, хариуцагч М.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б. нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гомдол гаргагч “БИ” ХХК-ийн захирал З.Б шүүхэд гаргасан гомдолдоо: “БИ” ХХК-ийн “***” эмнэлэг нь Франц Улсад үйлдвэрлэгдсэн аппаратаар эмэгтэйчүүдийн шээс задгайрах төрсний дараах дэлхийн дэвшилтэд технологид тулгуурлан мэс засалгүйгээр үйл ажиллагааны алдагдлыг оношлон багасгах, арилгахад чиглэсэн иргэний эрүүл мэндээ хамгаалах урьдчилан сэргийлэх, үүссэн алдагдлыг багасгах, арилгах чиглэлээр тусгай зөвшөөрөл бүхий үйл ажиллагаа явуулж, энэ талаар нийтэд сургалт сурталчлан хүний эрүүл мэнд нийгмийн амьдралын сайн сайханы төлөө эрүүл мэндийг дэмжих чиглэлийн үйл ажиллагааг эрхлэн явуулдаг. Манай эмнэлэгээр иргэн Г.Цүйлчлүүлж, аппаратын тусламжтайгаар аарцагны булчингийн үйл ажиллагааны алдагдлыг тогтоолгон оношлуулж, улмаар төлбөрийн хөнгөлөлт эдлэн эмчилгээнд хамрагдсан. Гэтэл Г.Ц нь үйлчилгээнд төлсөн төлбөрөө авна гэж шаардаж уг шаардлагыг манай компанийн зүгээс хүлээн аваагүй, хүлээн авах үндэслэлгүй байсан тул татгалзсан хариу өгөхөд байгууллага дээр ирж орилж, хэвлэл мэдээллийн хэрэгсэл дуудах, үйлчилгээ авч буй хүмүүст наад үйлчилгээг чинь би хийлгэсэн ямар ч үр дүнгүй худлаа, би хохирсон гэх зэргээр орилж, үйлчлүүлэгч нарт нөлөөлөх, мөн дахин ирэхдээ өмгөөлөгч гэх хүнийг дагуулан ирж, төлбөр буцааж өг тэгэхгүй бол танай байгууллагыг хаалгана гэх зэргээр зүй бус авир гаргаж байсан. Иргэний төрийн байгууллага албан тушаалтанд хандах, гомдол гаргах эрх нь нээлттэй тул тухай бүр манай байгууллагаас шалгуулж шийдвэрлэх ажиллагаанд хүндэтгэлтэй хандаж ирсэн. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар иргэн Г.Цын гомдлоор манай байгуулллагын үйл ажиллагаанд шалгалт хийн Зар сурталчилгааны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 7, 8 дугаар заалтыг зөрчсөн гэсэн үндэслэлээр 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдөр *** дугаар шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар 5.000.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан. Зар сурталчилгааны тухай хуулийн 13 дугаар зүйлд “Эрүүл мэндийн салбар дахь зар сурталчилгаа”, 13.7-т “Эмнэлгийн байгууллагын талаархи зар сурталчилгаа нь зөвхөн байршил, уйлчилгээний чиглэл, эмчийн нэр хаягаар хязгаарлагдана”, мөн хуулийн 13.8-д “Эмнэлгийн үйлчилгээний талаар магтсан, уйлчлүүлзхийг уриалсан сурталчилгаа явуулахыг хориглоно” гэх хуулийн зүйл заалтыг үгчлэн зөрчил гаргаж зар сурталчилгаа явуулсан гэж буруутгах, хуульд зааснаар хариуцлага оногдуулсан *** дугаар шийтгэлийн хуудас үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь Зар сурталчилгааны тухай хуулийн 1-р зүйлд 1.1-д “Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын нутаг дэвсгэрт зар сурталчилгааг бүтээх, байрлуулах, түгээх, түүнд хяналт тавих болон шударга өрсөлдөөнд харшлах, хэрэглэгчийг төөрөгдөлд оруулах, хуурч мэхлэх, тэдний ашиг сонирхолд хохирол учруулахуйц зар сурталчилгааг хориглохтой холбоотой харилцааг зохицуулахад оршино” гэж хуульчилжээ. Дээрх заалтын хүрээнд Зар сурталчилгааны тухай хуулийн зохицуулах харилцаа нь зар сурталчилгааг бүтээх, байрлуулах, түгээх, хяналт тавих явцад төрөөс хуулиар хамгаалагдсан эрх ашигт сөргөөр нөлөөлсөн дараах зар сурталчилгаатай холбогдон гарах харилцааг зохицуулжээ. Үүнд: Шударга өрсөлдөөнд харшлах, хэрэглэгчийг төөрөгдөлд оруулах, хуурч мэхлэх, тэдний ашиг сонирхолд хохирол учруулахуйц “БИ” ХХК нь “***” эмнэлэгийн талаарх зар суралчилгаанд дээрх 4 төрлийн аль ч хэлбэр агуулга байхгүй ба хэрэглэгчийн ашиг сонирхолд хохирол учируулахуйц, хохирол учруулсан зүйлгүй болно. Зар сурталчилгааны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.7-т “Эмнэлгийн байгууллагын талаархи зар сурталчилгаа нь зөвхөн байршил, үйлчилгээний чиглэл, эмчийн нэр хаягаар хязгаарлагдана”, мөн хуулийн 13.8-д “Эмнэлгийн үйлчилгээний талаар магтсан, үйлчлүүлэхийг уриалсан сурталчилгаа явуулахыг хориглоно” гэсэн заалтад нийцээгүй гэж ““БИ” ХХК-ийн “***” эмнэлэгийн талаарх зар сурталчилгааг буруу ойлгон тайлбарлаж байна гэж үзэж байна. Учир нь “БИ” ХХК-ийн “***” эмнэлэг нь Эрүүл мэндийн тухай хуулийн 3-р зүйлд 3.1.1-д ”эрүүл мэнд” гэж хүн өвчин, эмгэггүй, бие бялдар, оюун санаа, нийгмийн амьдралын хувьд сайн сайхан байхыг, 3.1.2-д ”эрүүл мэндийг хамгаалах” гэж хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг зохион байгуулах замаар хүн амын эрүүл мэндийг хамгаалахад чиглэсэн анагаах ухаан, нийгэм, эдийн засгийн цогц арга хэмжээг; 3.1.3-т “эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ” гэж нийгмийн эрүүл мэндийн болон эмнэлгийн тусламж, үйлчилгээг, 3.1.4-д ”эрүүл мэндийн байгууллага” гэж хүн амд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх зорилго, үндсэн чиг үүрэг бүхий хуулийн этгээдийг, 3.1.19-д “эрүүл мэндийг дэмжих” гэж хүн амын эрүүл мэндийг хянах, бэхжүүлэх, хүн амд эрүүл зан үйлийг төлөвшүүлэх, эрүүл аж төрөх орчныг бүрдүүлэхэд чиглэсэн цогц үйл ажиллагааг” гэж тус тус заажээ. “БИ” ХХК-ийн “***” эмнэлгийн хувьд хүний үйл ажиллагааны алдагдлын улмаас үүссэн үр дагаврыг арилгахад чиглэсэн эрүүл мэндийг дэмжих, хамгаалах, өвчин, эмгэгээс урьдчилан сэргийлэх, хүн амд эрүүл мэндийн боловсрол олгох үйл ажиллагааг хувийн хэвшлийн эмнэлэгийн байгууллага болно. Эрүүл мэндийн тухай хуульд төрөөс өмчийн хэлбэр харгалзахгүйгээр эрүүл мэндийн байгууллагад адил тэгш хандан, хүмүүнлэг, энэрэнгүй ёс, шинжлэх ухааны мэдлэг, ололт, нотолгоо, орчин үеийн болон уламжлалт анагаах ухааны дэвшилтэт аргад тулгуурлан хүн амд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлэх, эрүүл мэндийн байгууллагын бие даасан, нээлттэй, өмчийн олон хэлбэрт тулгуурласан байдлыг хангана. Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг тэргүүлэх чиглэл болгож, улмаар эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлэхэд эрүүл мэндийн бодлого, арга хэмжээг төрийн болон төрийн бус байгууллага, нутгийн захиргааны болон нутгийн өөрөө удирдах байгууллага, аж ахуйн нэгж, байгууллага, хамт олон, гэр бүл, иргэний нэгдмэл үйл ажиллагаагаар хэрэгжүүлэн иргэний эрүүл мэндээ хамгаалах, өвчлөхөөс урьдчилан сэргийлэх, өвчин, эмгэг, гэмтлийн улмаас эрүүл мэндэд үүсэх үр дагаврыг багасгах, арилгах чиглэлээр сургалт, сурталчилгаа хийх, эрүүл мэндийг дэмжих арга хэмжээг зохион байгуулана гэж хуульчилсан байна. Дээрх хуульд зааснаар эмэгтэйчүүдийн шээс задгайрах төрсний дараах аарцагны булчингийн үйл ажиллагааны алдагдлыг дэлхийн дэвшилтэд технологид тулгуурлан мэс засалгүйгээр үйл ажиллагааны алдагдлыг оношлон багасгах, арилгахад чиглэсэн иргэний эрүүл мэндээ хамгаалах урьдчилан сэргийлэх, үүссэн алдагдлыг багасгах, арилгах чиглэлээр тусгай зөвшөөрөл бүхий үйл ажиллагаа явуулж энэ талаар нийтэд сургалт сурталчлан хүний эрүүл мэнд нийгмийн амьдралын сайн сайхны төлөө эрүүл мэндийг дэмжих чиглэлийн үйл ажиллагааг хууль зөрчсөн, хуурч мэхэлсэн, хэрэглэгчийг төөрөгдөлд оруулах, шударга өрсөлдөөнд харшлах зар сурталчилгаа явуулсан гэж буруутгах бодит байдалд нийцэхгүй байна. Зөрчлийн хэрэг нээх тухай тогтоолд дурдсанаар******* фэйсбүүк хуудас болон Eagle.mn, Zindaa.mn сайтуудад зар сурталчилгаа байршуулсан гэх боловч тэдгээр нь энгийн мэдээллийн чанартай, мэдээллийн сайтуудад өгсөн ярилцлага, үйлчилгээний талаар танилцуулж ойлголт өгсөн зүйл болохоос биш дээрх хуульд заасныг зөрчиж гаргасан зар сурталчилгаа биш юм. Хэрэв хууль бус мэдээлэл гаргасан, Зар сурталчилгааны хууль тогтоомжийг зөрчсөн гэж үзвэл тэдгээр мэдээллийг гаргасан сайт, фэйсбүүк хуудсаас уг мэдээллийг устгах, олон нийтэд түгээхгүй байхыг сануулах ёстой байтал үнэн бодитой зүйлийг ярьж, ярилцлага өгсөн иргэн, хуулийн этгээдэд ийнхүү хариуцлага хүлээлгэж байгаа нь хуульд нийцэхгүй байна. Энэхүү хууль бус Зар сурталчилгаа хийсэн гэх мэдээллүүдийг дээрх сайт, фэйсбүүк хуудсаар авах боломжтой бөгөөд одоогоор уг сайтуудад байршсан хэвээр байгаа эсэхийг мэдэх боломжгүйн зэрэгцээ, манай эмнэлгийн фейсбүүк хуудсын аль мэдээллийг хууль бус гэж үзсэнийг ойлгохгүй байгаа тул хариуцагчаас уг баримтуудыг гаргуулан авахыг хүсч байна. Манай компанийн зүгээс урьдчилан шийдвэрлүүлэх журмаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт гомдол гаргасан боловч гомдол гаргах хугацаа хэтэрсэн гэсэн үндэслэлийг дурдан гомдлыг шийдвэрлэлгүй буцаасан байх боловч манай зүгээс хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хугацаа хэтрүүлсэн асуудал байхгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч М.Бын 2019 оны 06 дугаар сарын 11-ны өдрийн *** дугаар шийтгэлийн хуудсыг гардаж авснаар хойш 30 хоногийн дотор буюу 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр тус шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан бөгөөд 07 дугаар сарын 16-ны өдөр бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоосны дагуу 07 дугаар сарын 23-ны өдөр бүрдүүлбэр хангуулан егснийг тус шүүхийн шүүгчийн 07 дугаар сарын 30-ны өдрийн 5241 дүгээр захирамжаар нэхэмжпэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн. Ийнхүү тус шүүхээс гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэхдээ урьдчилан шийдвэрлүүлэх журмаар гомдлоо 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдөр гаргасныг 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 2/1265 дугаар албан бичгээр дээрх байдлаар хариу өгснийг эс зөвшөөрч, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т “Хуульд өереөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараахь тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана”, 14.1.1-т “дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн бол" гэж тус тус заасны дагуу гомдлоо шүүхэд гаргаж байна” гэжээ.
Хариуцагч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч М.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “БИ” ХХК-аас Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн 2019 оны 06 дугаар 11-ний өдрийн *** дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар шийтгэл оногдуулсныг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байх бөгөөд энэхүү хариу тайлбарыг хүргүүлж байна. Иргэн Г.Цаас 2019 оны 05 дугаар сарын 24-ны өдөр “БИ” ХХК-ний Л эмнэлэгт эмчлүүлсэн, Л эмнэлэг Францын 5 Вивалтис гэдэг компанитай хамтран ажилладаг гэж худлаа бусдын нэр барьсан, эрэгтэйчүүд эмчлэх зөвшөөрөлгүй мөртлөө өөрийн фэйсбүүк хуудсаар зар сурталчилгаа явуулж байгаа, үйлчилгээнийхээ үнийг эхэлж танилцуулахгүй эмчилгээ хийсний дараа өндөр төлбөр нэхсэн, миом шимэгдүүлдэг эмчилгээ хийнэ гэж худал сурталчилгаа хийснээс болж тухайн эмнэлэгт эмчилгээ хийлгэж, эрүүл мэнд, сэтгэл санаагаар хохирсон тул эмнэлгийн хууль бус үйл ажиллагааг шалгаж арга хэмжээ авч өгнө үү” гэх гомдлын дагуу зөрчил шалган Зөрчлийн тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан зөрчилд холбогдуулан 1902000340 дугаартай зөрчлийн хэрэг нээж зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагаа явуулан таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5000000 /таван сая/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан. Гэтэл “БИ” ХХК-наас энэ шийтгэлийг үндэслэлгүй гэж шүүхэд нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байх бөгөөд дараах хариу тайлбарыг хүргүүлж байна.
НЭГ. “БИ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Зар сурталчилгааны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.7-д “Эмнэлгийн байгууллагын талаарх зар сурталчилгаа нь зөвхөн байршил, үйлчилгээний чиглэл, эмчийн нэр хаягаар хязгаарлагдана”, мөн зүйлийн 13.8-д “Эмнэлэгийн үйлчилгээний талаар магтсан, үйлчлүүлэхийг уриалсан сурталчилгаа явуулахыг хориглоно” гэх хуулийн зүйл заалтыг үгчлэн зөрчил гаргаж зар сурталчилгаа явуулсан гэж буруутгах, хуульд зааснаар хариуцлага ногдуулсан *** дугаар шийтгэлийн хуудас үндэслэлгүй гэж үзэж байна. Зар сурталчилгааны тухай хуулийн 1 дүгээр зүйлд энэ хуулийн зорилт нь Монгол улсын нутаг дэвсгэрт зар сурталчилгааг бүтээх, байрлуулах, түгээх, түүнд хяналт тавих болон шударга өрсөлдөөнд харшлах, хэрэглэгчийг төөрөгдөлд оруулах, хуурч мэхлэх, тэдний ашиг сонирхолд хохирол учруулахуйц зар сурталчилгааг хориглохтой холбоотой харилцааг зохицуулахад оршино гэж хуульчилжээ. Дээрх заалтын хүрээнд Зар сурталчилгааны тухай хуулийн зохицуулах харилцаа нь зар сурталчилгааг бүтээх, байрлуулах, түгээх, хяналт тавих явцад төрөөс хуулиар хамгаалагдсан эрх ашигт сөргөөр нөлөөлсөн дараах зар сурталчилгаатай холбогдон гарах харилцааг зохицуулжээ. Үүнд шударга өрсөлдөөнд харшлах, хэрэглэгчийг төөрөгдөлд оруулах, хуурч мэхлэх, тэдний ашиг сонирхолд хохирол учруулахуйц “БИ” ХХК нь *** эмнэлгийн талаарх зар сурталчилгаанд дээрх 4 төрлийн аль ч хэлбэр байхгүй ба хэрэглэгчийн эрх ашиг сонирхолд хохирол учруулахуйц, хохирол учруулсан зүйлгүй болно. Зар сурталчилгааны тухайн хуулийн 13 дугаар зүйлийн 13.7-д Эмнэлгийн байгууллагын талаархи зар сурталчилгаа нь зөвхөн байршил, үйлчилгээний чиглэл, эмчийн нэр хаягаар хязгаарлагдана. Мөн зүйлийн 13.8-д Эмнэлгийн үйлчилгээний талаар магтсан, үйлчлүүлэхийг уриалсан сурталчилгаа явуулахыг хориглоно гэсэн заалтад нийцээгүй гэж “БИ” ХХК-ийн Л эмнэлгийн талаарх зар сурталчилгааг буруу ойлгон тайлбарлаж байна гэж үзэж байна, зөрчлийн хэрэг нээх тухай тогтоолд дурдсанаар******* фэйсбүүк хуудас болон Eagle.mn, Zindaa.mn сайтуудад зар сурталчилгаа байршуулсан гэх боловч тэдгээр нь энгийн мэдээллийн чанартай, мэдээллийн сайтуудад өгсөн ярилцлага, үйлчилгээний талаар танилцуулж ойлголт өгсөн зүйл биш дээрх хуульд заасныг зөрчиж гаргасан зар сурталчилгаа биш юм ” гэсэн тухайд Зар сурталчилгааны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.7-д “Эмнэлгийн байгууллагын талаархи зар сурталчилгаа нь зөвхөн байршил, үйлчилгээний чиглэл, эмчийн нэр хаягаар хязгаарлагдана” гэж, 13.8-д “Эмнэлгийн үйлчилгээний талаар магтсан, үйлчлүүлэхийг уриалсан сурталчилгаа явуулахыг хориглоно” гэж, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “ зар сурталчилгаа гэж иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас бараа, ажил үйлчилгээ, төсөл, үйл ажиллагаа /цаашид бүтээгдэхүүн гэх/-ны зах зээлийн эрэлтийг нэмэгдүүлэх, боломжит хэрэглэгчийн анхаарлыг татах зорилгоор олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон бусад хэлбэрээр түгээсэн мэдээллийг” хэлнэ гэж, хуулийн 3.1.5-д “мэдээлэх хэрэгсэл гэж телевиз, радио, холбооны шугам сүлжээ, компьютерийн сүлжээ, тусгай программ, хэвлэл болон бусад арга хэрэгслийг” гэж тодорхой зааж өгсөн. Гэтэл “БИ” ХХК нь******* фэйсбүүк хуудсандаа “Л эмнэлэг нь бэлэгтэй азтантай эмэгтэйчүүдийн аарцаг, ёроолын булчин чангалах нөхөн сэргээх физик эмчилгээнд бүтэн 1 курсээр нь 100 хувь үнэ төлбөргүй орох азтан шалгаруулна, 1 100 000 төгрөгийн бонус зарлалаа, миомыг бүтцээс нь хамааруулан шимэгдүүлэх эмчилгээг танд эмгүй, мэсгүй, өвдөлтгүй нөхөн сэргээх физик эмчилгээгээр хийж байна, эрэгтэйчүүдийн аарцаг ёроолын булчин чангалах эмчилгээг мэсгүй, өвдөлтгүй, зовиургүй эмийн бус аргаар эмчилж” гэж, Eagle.mn сайтад “Л эмнэлгийн захирал З.Б Эмэгтэйчүүдийн нөхөн сэргээх змчилгээний үр дүн 100 хувьтай гэдгийг бардам хэлнэ” гэж, FМ 89.3-аар “Л змнэлэг нь Францын Феникс аппаратаар эмэгтэйчүүдийн аарцаг ёроолын булчин чангалах эмчилгээг мэсгүй, өвдөлтгүй, зовиургүй эмийн бус аргаар эмчилж байна” гэх зэргээр ажил үйлчилгээнийхээ зах зээлийн эрэлтийг нэмэгдүүлэх, боломжит хэрэглэгчийн анхаарлыг татах зорилготойгоор хуулиар хориглосон зар сурталчилгааг явуулсан байдаг. Үүний жишээ нь иргэн Г.Ц бөгөөд FМ 89.3-аар “Л эмнэлэг нь Францын Феникс аппаратаар эмэгтэйчүүдийн аарцаг ёроолын булчин чангалах эмчилгээг мэсгүй, өвдөлтгүй, зовиургүй эмийн бус аргаар эмчилж байна” гэх зар сурталчилгааны дагуу очиж үйлчлүүлээд үйлчилгээний төлбөрт 1390000 төгрөг төлсөн, миомыг шимэгдүүлнэ гэх сурталчилсны дагуу эмчилгээ хийлгэхэд миом шимэгдээгүй төдийгүй маш бага хэмжээтэй байсан миом томорч нээлттэй хагалгаагаар авахуулсан, үүнээс болж зөвхөн хагалгаанд хамааралтайгаар 4 200 000 төгрөгийн хохирол учирсан, ямар өвчтэй хүнд энэ эмчилгээ нь хориглох заалттай вэ гэдгийг анхааруулж хэлээгүй хохирсон гэсний дагуу шалгахад хэрэглэгчийн мэдлэг, туршлага дутмаг буюу итгэмтгий байдлыг нь ашиглан хэрэглэгчийг төөрөгдөлд оруулсан нөхцөл байдал илэрсэн. Энэ нь зөрчлийн хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогддог. Зар сурталчилгааны тухай хуулийн 1 дүгээр зүйлд энэ хуулийн зорилт нь Монгол Улсын нутаг дэвсгэрт зар сурталчилгааг бүтээх, байрлуулах, түгээх, түүнд хяналт тавих болон шударга өрсөлдөөнд харшлах, хэрэглэгчийг төөрөгдөлд оруулах, хуурч мэхлэх, тэдний ашиг сонирхолд хохирол учруулахуйц зар сурталчилгааг хориглохтой холбоотой харилцааг зохицуулахад оршино гэж зааж өгсөн.
“БИ” ХХК нь******* фэйсбүүк хуудас, Eagle.mn, Zindaa.mn, FМ 89.3 зэргээр явуулсан зар сурталчилгаа нь Зар сурталчилгааны тухай хуулиар хориглосон зар сурталчилгаа бөгөөд эрүүл мэндийн байгууллага нь эмчилгээ, үйлчилгээгээ бизнесийн шинж чанартай болгож сурталчилж байгаа нь хүний эрүүл мэндэд ноцтой хохирол учруулж болох хэрэглэгчийг төөрөгдөлд оруулах, шударга өрсөлдөөнд харшлах үйл ажиллагаа юм. Нөгөө талаар хүн хүний бие махбодийн онцлог, эрүүл мэндийн байдал өөр өөр байхад эмэгтэйчүүдийн аарцаг ёроолын булчин чангалах эмчилгээг мэсгүй, өвдөлтгүй, миомыг шимэгдүүлнэ, зовиургүй эмийн бус аргаар эмчилнэ, эмэгтэйчүүдийн нөхөн сэргээх эмчилгээний үр дүн 100 хувьтай гэдгийг бардам хэлнэ” гэж сурталчилж байгаа нь хэрэглэгчийг төөрөгдөлд оруулах сурталчилгаа болох бөгөөд эмнэлгийн байгууллага нь эмчилгээ үйлчилгээндээ баталгаа гаргахыг хуулиар хориглосон байдаг. Монгол Улсын хэмжээнд Зар сурталчилгааны тухай хуулийн хэрэгжилтэнд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 7 байцаагч хяналт тавьж ажиллаж байна. Өргөдөл гомдлоор болон өөрийн санаачилгаар, хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан мэдээллийн дагуу хяналт шалгалтыг хийдэг. Зар сурталчилгааны тухай хуулийг дагаж мөрдөх, биелүүлэх нь аж ахуй нэгж, байгууллагын үүрэг тул хуулиа биелүүлэх ёстой. “БИ” ХХК нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт 2019 оны 108 дугаар сарын 02-ны өдрийн албан бичгээр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч М.Бын 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн *** тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү гэх гомдлыг ирүүлсэн. Өрсөлдөөний тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-т улсын байцаагчийн гаргасан шийдвэрийг хууль бус гэж үзсэн этгээд холбогдох шийдвэрийг хүлээн авснаас, эсхүл мэдсэнээс хойш 30 хоногийн дотор Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт гомдол гаргах” гэж, Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-т “Захиргааны актыг энэ 4 хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана” гэж тус тус заасны дагуу “БИ” ХХК-ийн гомдол нь хуульд заасан гомдол гаргах хугацаанаас хэтэрсэн байсан тул хүлээн авч шийдвэрлэх боломжгүй гэсэн хариуг 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 2/1265 тоотоор өгсөн. “БИ” ХХК нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-т “Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй ба энэ журмыг хэрэглэх боломжтой” гэж заасны дагуу улсын байцаагчийн оногдуулсан *** тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах талаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт гомдол гаргах боломжтой байсан боловч хуульд заасан хугацаанаас хэтрүүлж гаргасан байх тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх эсхүл “БИ” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Гомдол гаргагч “БИ” ХХК нь “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч М.Бын Зар сурталчилгааны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 7, 13 дугаар зүйлийн 8 дугаар заалтыг зөрчсөн гэсэн үндэслэлээр 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн *** дугаар шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар шийтгэл оногдуулсныг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-т заасны дагуу хүчингүй болгох” гомдлын шаардлагын хүрээнд энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж, гомдлын шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэлээ.
Гомдол гаргагч “БИ” ХХК-иас “...Дээрх хуульд зааснаар эмэгтэйчүүдийн шээс задгайрах төрсний дараах аарцагны булчингийн үйл ажиллагааны алдагдлыг дэлхийн дэвшилтэд технологид тулгуурлан мэс засалгүйгээр үйл ажиллагааны алдагдлыг оношлон багасгах, арилгахад чиглэсэн иргэний эрүүл мэндээ хамгаалах урьдчилан сэргийлэх, үүссэн алдагдлыг багасгах, арилгах чиглэлээр тусгай зөвшөөрөл бүхий үйл ажиллагаа явуулж энэ талаар нийтэд сургалт сурталчлан хүний эрүүл мэнд нийгмийн амьдралын сайн сайхны төлөө эрүүл мэндийг дэмжих чиглэлийн үйл ажиллагааг хууль зөрчсөн, хуурч мэхэлсэн, хэрэглэгчийг төөрөгдөлд оруулах, шударга өрсөлдөөнд харшлах зар сурталчилгаа явуулсан гэж буруутгах бодит байдалд нийцэхгүй байна. Зөрчлийн хэрэг нээх тухай тогтоолд дурдсанаар******* фэйсбүүк хуудас болон Eagle.mn, Zindaa.mn сайтуудад зар сурталчилгаа байршуулсан гэх боловч тэдгээр нь энгийн мэдээллийн чанартай, мэдээллийн сайтуудад өгсөн ярилцлага, үйлчилгээний талаар танилцуулж ойлголт өгсөн зүйл болохоос биш дээрх хуульд заасныг зөрчиж гаргасан зар сурталчилгаа биш юм. Хэрэв хууль бус мэдээлэл гаргасан, Зар сурталчилгааны хууль тогтоомжийг зөрчсөн гэж үзвэл тэдгээр мэдээллийг гаргасан сайт, фэйсбүүк хуудсаас уг мэдээллийг устгах, олон нийтэд түгээхгүй байхыг сануулах ёстой байтал үнэн бодитой зүйлийг ярьж, ярилцлага өгсөн иргэн, хуулийн этгээдэд ийнхүү хариуцлага хүлээлгэж байгаа нь хуульд нийцэхгүй байна. Энэхүү хууль бус Зар сурталчилгаа хийсэн гэх мэдээллүүдийг дээрх сайт, фэйсбүүк хуудсаар авах боломжтой бөгөөд одоогоор уг сайтуудад байршсан хэвээр байгаа эсэхийг мэдэх боломжгүй.
...Түүнчлэн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч М.Бын 2019 оны 06 дугаар сарын 11-ны өдрийн *** дугаар шийтгэлийн хуудсыг гардаж авснаас хойш 30 хоногийн дотор буюу 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр тус шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан бөгөөд 07 дугаар сарын 16-ны өдөр бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоосны дагуу 07 дугаар сарын 23-ны өдөр бүрдүүлбэр хангуулан өгснийг тус шүүхийн шүүгчийн 07 дугаар сарын 30-ны өдрийн 5241 дүгээр захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн. Ийнхүү тус шүүхээс гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэхдээ урьдчилан шийдвэрлүүлэх журмаар гомдлоо 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдөр гаргасныг 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 2/1265 дугаар албан бичгээр дээрх байдлаар хариу өгснийг эс зөвшөөрч, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т “Хуульд өереөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараахь тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана”, 14.1.1-т “дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн бол" гэж тус тус заасны дагуу гомдлоо шүүхэд гаргаж байна” гэж,
Хариуцагч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч М.Б “...“БИ” ХХК нь******* фэйсбүүк хуудас, Eagle.mn, Zindaa.mn, FМ 89.3 зэргээр явуулсан зар сурталчилгаа нь Зар сурталчилгааны тухай хуулиар хориглосон зар сурталчилгаа бөгөөд эрүүл мэндийн байгууллага нь эмчилгээ, үйлчилгээгээ бизнесийн шинж чанартай болгож сурталчилж байгаа нь хүний эрүүл мэндэд ноцтой хохирол учруулж болох хэрэглэгчийг төөрөгдөлд оруулах, шударга өрсөлдөөнд харшлах үйл ажиллагаа юм. Нөгөө талаар хүн хүний бие махбодийн онцлог, эрүүл мэндийн байдал өөр өөр байхад эмэгтэйчүүдийн аарцаг ёроолын булчин чангалах эмчилгээг мэсгүй, өвдөлтгүй, миомыг шимэгдүүлнэ, зовиургүй эмийн бус аргаар эмчилнэ, эмэгтэйчүүдийн нөхөн сэргээх эмчилгээний үр дүн 100 хувьтай гэдгийг бардам хэлнэ” гэж сурталчилж байгаа нь хэрэглэгчийг төөрөгдөлд оруулах сурталчилгаа болох бөгөөд эмнэлгийн байгууллага нь эмчилгээ үйлчилгээндээ баталгаа гаргахыг хуулиар хориглосон байдаг.
... “БИ” ХХК нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн албан бичгээр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч М.Бын 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн *** тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү гэх гомдлыг ирүүлсэн. Өрсөлдөөний тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-т улсын байцаагчийн гаргасан шийдвэрийг хууль бус гэж үзсэн этгээд холбогдох шийдвэрийг хүлээн авснаас, эсхүл мэдсэнээс хойш 30 хоногийн дотор Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт гомдол гаргах” гэж, Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-т “Захиргааны актыг энэ 4 хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана” гэж тус тус заасны дагуу “БИ” ХХК-ийн гомдол нь хуульд заасан гомдол гаргах хугацаанаас хэтэрсэн байсан тул хүлээн авч шийдвэрлэх боломжгүй гэсэн хариуг 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 2/1265 тоотоор өгсөн. “БИ” ХХК нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-т “Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй ба энэ журмыг хэрэглэх боломжтой” гэж заасны дагуу улсын байцаагчийн оногдуулсан *** тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах талаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт гомдол гаргах боломжтой байсан боловч хуульд заасан хугацаанаас хэтрүүлж гаргасан” гэж талууд маргажээ.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч М.Б нь иргэн Г.Цаас гомдол гаргасны дагуу шалгаж гомдол гаргагч “БИ” ХХК-ийг хууль бус зар сурталчилгаа явуулсан, түгээсэн зөрчилд /Зар сурталчилгааны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.7, 13.8 дахь хэсэгт заасныг тус тус зөрчсөн/ зөрчлийн хэрэг нээн 5.000.000 төгрөгийн шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байна.
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан энэ хуульд заасны дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлнэ”, мөн зүйлийн 2-т “Зөрчил шалгах ажиллагаа нь зөрчил үйлдэгдсэн газар, хүн, хуулийн этгээдийн эзэмшил газар, барилга байгууламж, тээврийн хэрэгсэл, хүний бие, эд зүйлд үзлэг хийх, баримт бичиг, мэдээлэл гаргуулан авах, эд зүйл, баримт бичгийг хураан авах, эд хөрөнгийг битүүмжлэх, хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах, мэдүүлэг авах, шинжилгээнд зориулж хэв загвар, дээж авах, шинжилгээ хийлгэх ажиллагаанаас бүрдэнэ”, мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулахдаа дараахь нөхцөл байдлыг тогтоосон байна”, 1.1-д “тухайн хүн, хуулийн этгээдийн зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн эсэх”, 1.2-т “Зөрчлийн тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу зөрчил үйлдсэн хуулийн этгээдийн хариуцлагыг нөхөн хүлээх этгээд байгаа эсэх”, 1.3-т “тухайн үйлдэл, эс үйлдэхүй нь Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулах зүйл, хэсэг, заалтад нийцэж байгаа эсэх”, 1.4-т “торгох шийтгэлийг хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэх үндэслэлтэй эсэх”, 1.5-д “Зөрчлийн тухай хуульд хохирол төлүүлэх, нөхөн төлбөр гаргуулахаар заасан бол хохирол, нөхөн төлбөрийн хэмжээг тогтоох”, 1.6-д “Зөрчлийн тухай хуулийн 3.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан үндэслэлээр эрх хасах шийтгэл оногдуулах үндэслэлтэй эсэх” гэж тус тус зааснаар зөрчлийн хэрэг нээн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулахыг хуулиар тогтоосон байна.
Гэтэл хариуцагч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч М.Б нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, шийтгэл оногдуулахдаа дээрх хуульд заасан журмын дагуу тогтоох ёстой нөхцөл бүрэн тогтоолгүй “БИ” ХХК-д шийтгэл оногдуулсан байна.
Тодруулбал, хариуцагч М.Бын шүүх хуралдааны үед гаргасан “...“Гомдол гаргагч Г.Цын миом томорсон тухай Мэргэжлийн хяналтын байгууллагаас тогтоосон байсан. Манай байгууллага зөвхөн Зар сурталчилгааны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.7, 13.8 дахь заалтуудыг зөрчсөн гэдэг үндэслэлээр нь шалгалт явуулсан” ингэж явуулахдаа зөвхөн гомдол гаргагчийн гомдлыг авч үзснээс бус бодит байдалд ямар байгааг шалгаж тогтоогоогүй” гэх тайлбараас үзвэл дээрх хуульд зааснаар зөрчлийг шалгаж тогтоогоогүй, гомдол гаргагчийн гомдол нь хэр үндэслэлтэйг нарийн судлахгүйгээр шийтгэл оногдуулсан гэдэг нь нотлогдож байна.
Иймд “БИ” ХХК-ийг Зар сурталчилгааны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.7-т “Эмнэлгийн байгууллагын талаархи зар сурталчилгаа нь зөвхөн байршил, үйлчилгээний чиглэл, эмчийн нэр хаягаар хязгаарлагдана”, мөн зүйлийн 13.8-д “Эмнэлгийн үйлчилгээний талаар магтсан, үйлчлүүлэхийг уриалсан сурталчилгаа явуулахыг хориглоно” гэж заасныг тус тус зөрчсөн гэж үзэж шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байна гэж шүүх дүгнэв.
Мөн “БИ” ХХК нь дээрх шийтгэлийн хуудаст заасан хугацаанд буюу 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан байх бөгөөд энэ нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 2-т “Оролцогч энэ хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.7, 6.10, 6.11, 6.12, 6.14, 6.15, 6.16, 6.17, 6.18, 6.19, 6.20, 6.21, 6.22, 6.23, 6.24, 6.25, 6.27 дахь заалтад заасан эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар гомдол гаргаж шийдвэрлүүлнэ” гэж заасантай нийцэж байх тул нэхэмжлэгчийг гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэхээргүй байна.
Иймд гомдол гаргагч “БИ” ХХК-ийн “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч М.Бын Зар сурталчилгааны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 7, 13 дугаар зүйлийн 8 дугаар заалтыг зөрчсөн гэсэн үндэслэлээр 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн *** дугаар шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар шийтгэл оногдуулсныг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-т заасны дагуу хүчингүй болгох” шаардлага бүхий гомдлыг бүхэлд нь ханган шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Зөрчлийн тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, Зар сурталчилгааны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 7, 13 дугаар зүйлийн 8 дугаар заасныг тус тус баримтлан “БИ” ХХК-ийн “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч М.Бын Зар сурталчилгааны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 7, 13 дугаар зүйлийн 8 дугаар заалтыг зөрчсөн гэсэн үндэслэлээр 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн *** дугаар шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар шийтгэл оногдуулсныг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-т заасны дагуу хүчингүй болгох” тухай гомдлын шаардлагыг бүхэлд нь хангасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтыг баримтлан гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан гомдол гаргагчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.О