Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 1876

 

Авзага трейд ХХК-ийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2017/01661 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Авзага трейд ХХК,

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох,

 

Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хүчингүй тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Буянхишигийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Отгончимэг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Буянхишиг, өмгөөлөгч Р.Болдбаатар нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь Чингэлтэй дүүргийн шүүхийн 2011 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 444 тоот шүүгчийн захирамжийн дагуу Авзага трейд ХХК-аас зээлийн өр төлбөр гаргуулах ажиллагаа явуулсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Авзага трейд ХХК-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2203010537 дугаарт бүртгэгдсэн Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Клиникийн 1 дүгээр эмнэлгийн хойд талд байрлах үйлчилгээ, конторын зориулалттай барилгыг 16 370 395 800 төгрөгөөр үнэлсэн болохыг 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдөр олж мэдлээ. Уг үнэлгээг бүхэлд нь эс зөвшөөрч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт заасны дагуу энэхүү шаардлагыг гаргасан. Үүнд: Манай компани өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэ цэнийг тогтоолгохоор 2014 оны 10 дугаар сард хөрөнгийн үнэлгээ, төслийн Лэндс ХХК-д хандан хүсэлт гаргасан. Хөрөнгийн үнэлгээ, төслийн Лэндс ХХК нь Авзага трейд ХХК-ийн өмчлөлийн барилгын үнэ, цэнийг 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар 21 168 315 000 төгрөгийн үнэлгээтэй болохыг тогтоосон.

Манай компанийн өмчлөлийн барилга нь Улаанбаатар хотын А зэрэглэлийн бүсэд, төв зам дагуу байрладаг, төвийн дулаан, цахилгаан, халуун, хүйтэн усны системд бүрэн холбогдсон, шугаман болон баганан суурьтай, цутгамал төмөр бетон каркастай, төмөр бетон хучилттай, хөөсөнцөр дулаалгатай, тоосго болон блокон ханатай, хавтгай дээвэртэй, зоорийн болон техникийн давхар бүхий 9 давхар үл хөдлөх эд хөрөнгө тул хөрөнгийн үнэлгээ, төслийн Лэндс ХХК-ийн үнэлгээг орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлэгдсэн үнэлгээ гэж үзэж байна.

Лэндс ХХК-ийн үнэлгээ нь орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлэгдсэн үнэлгээ байсан учраас Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас манай компанийн өмчлөлийн үйлчилгээ, конторын зориулалттай барилгын үнэ цэнийг 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар 21 168 315 000 төгрөгөөр үнэлж, анхны албадан дуудлага худалдаанд оруулах болсныг 2015 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 3/7763 тоот мэдэгдлээр манай компанид мэдэгдэж байсан.

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба 2015 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 3/7763 тоот мэдэгдлээрээ манай компанийн өмчлөлийн үйлчилгээ, конторын зориулалттай барилгыг 21 168 315 000 төгрөгөөр үнэлж, анхны албадан дуудлага худалдаанд оруулахыг мэдэгдэж байсан атлаа энэхүү барилгын үнэлгээг 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар 16 370 395 800 төгрөгөөр үнэлснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Уг барилга нь 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар шалны паркет, чулуугаар өнгөлөх болон бусад жижиг засварын ажил дутуу байсан. Хөрөнгийн үнэлгээ, төслийн Лэндс ХХК энэхүү дутуу ажлуудыг харгалзан үзэж барилгын ажлын 2 орчим хувийн гүйцэтгэл дутуу, 98 хувийн гүйцэтгэлтэй гэж дүгнэсэн.

Одоогийн байдлаар барилгын дутуу ажлууд бүрэн хийгдэж дууссан бөгөөд улсын комисст бүрэн хүлээлгэж өгөөд байна. Уг барилга нь 98 хувийн гүйцэтгэлтэй байхад 21 168 315 000 төгрөгийн үнэлгээтэй байсан. Харин одоо 100 хувийн гүйцэтгэлтэй, бүрэн ашиглалтанд орж, улсын комисс албан ёсоор хүлээж авсан учраас орон нутгийн зах зээлийн одоогийн ханш нь улам нэмэгдсэн гэж үзэж байна. Гэтэл Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 98 хувийн гүйцэтгэлтэй байхад 21 168 315 000 төгрөгийн үнэлгээтэй байсан үл хөдлөх эд хөрөнгийг 100 хувийн гүйцэтгэлтэй болсны дараа 16 370 395 800 төгрөгөөр үнэлсэнд эргэлзэж байна.

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас томилогдсон хөрөнгийн үнэлгээний Бэсгэ ХХК нь өмнө манай өмчлөлийн барилгын зах зээлийн үнэ цэнийг 2014 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар 15 886 258 158 төгрөгөөр үнэлсэн байсан. Тухайн үед манай компанийн өмчлөлийн үйлчилгээ, конторын зориулалттай барилга нь 80 орчим хувийн гүйцэтгэлтэй байсан. Манай компанийн зүгээс хөрөнгийн үнэлгээний Бэсгэ ХХК-ийн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байсан тул зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан. Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 4726 дугаартай шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт заасныг баримтлан Авзага трейд ХХК-ийн өмчлөлийн барилгыг 15 886 258 158 төгрөгөөр үнэлсэн Бэсгэ ХХК-ийн үнэлгээг орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлэгдсэн үнэлгээ биш байна гэдэг үндэслэлээр хүчингүй болгосон.

Энэхүү барилга 80 орчим хувийн гүйцэтгэлтэй байхад 15 886 258 158 төгрөгөөр үнэлсэн Бэсгэ ХХК-ийн үнэлгээг хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлэгдсэн үнэлгээ биш байна гэдэг үндэслэлээр хүчингүй болгосон байхад Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 100 хувийн гүйцэтгэлтэй барилгыг дахин 16 370 395 800 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлэгдсэн үнэлгээ гэж үзэх боломжгүй байна. Иймд үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Одончимэг шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Чингэлтэй дүүргийн шүүхийн 2011 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 444 дүгээр шийдвэрээр Авзага трейд ХХК-аас 4 600 380 080 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамж 23 107 900 төгрөгийг хамт гаргуулж Худалдаа хөгжлийн банкинд олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр авагч Худалдаа хөгжлийн банк үлдэгдэл 3 774 061 441 төгрөгийн төлбөрийг барагдуулж шүүхийн шийдвэрийг гүйцэтгүүлэх тухай хүсэлтийг 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдөр тус албанд ирүүлсэн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай 9 тоот тогтоолыг 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдөр ахлах шийдвэр гүйцэтгэгч үйлдэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн. Шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж Авзага трейд ХХК-ийн өмчлөлийн хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү-2203010537 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Кпиникийн 1 дүгээр эмнэлгийн хойно байрлах үйлчилгээ, конторын зориулалттай 3 543 м.кв үл хөдлөх эд хөрөнгийг 2014 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 14/02 тоот тогтоолоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т заасны дагуу битүүмжлэх, хураах ажиллагаа явуулсан.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар албадан дуудлага худалдааны анхны үнийн саналыг талуудаас авахаар Авзага трейд ХХК-ийн захирал П.Мэндбаярт үнийн санал өгөх тухай мэдэгдлийг удаа дараа хүргүүлсэн боловч хариу ирүүлээгүй, харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.2-т заасны дагуу хөндлөнгийн шинжээчээр Бэсгэ ХХК-ийг томилон үнэлүүлэхэд 15 886 258 158 төгрөгөөр үнэлэгдсэн. Дээрх үнэлгээнд Авзага трейд ХХК гомдол гаргаж, Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 4726 дугаар шийдвэрээр Авзага трейд ХХК-ийн өмчлөлийн барилгыг 15 886 258 158 төгрөгөөр үнэлсэн Бэсгэ ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

Дээрх үнэлгээг хүчингүй болгосон тул Авзага трейд ХХК нь өөрийн хүсэлтээр тус үл хөдлөх хөрөнгийг Лэндс ХХК-аар үнэлүүлэхэд 21 168 315 000 төгрөгөөр үнэлсэн байдаг. Манайх Авзага трейд ХХК-ийн өөрийн хүсэлтээр үнэлүүлсэн Лэндс хөрөнгийн үнэлгээний компанийн 21 168 315 000 төгрөгийн үнэлгээгээр анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар төлбөр авагч Худалдаа хөгжлийн банкны итгэмжлэгдсэн төлөөлөгчид мэдэгдэхэд уг үнэлгээгээр анхны албадан дуудлага худалдаанд оруулахыг зөвшөөрсөн. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнэ болох 21 168 315 000 төгрөгийн 70 хувиар тооцон 14 817 820 500 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоох тухай мэдэгдлийг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудад хүргүүлсэн.

Гэтэл Авзага трейд ХХК нь дахин шүүхэд үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргаж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 1823 дугаар шийдвэрээр 21 168 315 000 төгрөгийн 70 хувиар тооцсон 14 817 820 500 төгрөгийн үнэлгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Ингээд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 3/10999 дугаар албан бичгээр үнийн саналаа өгөх тухай мэдэгдлийг гардуулж өгсөн. Улмаар Авзага трейд ХХК нь үнийн саналаа өгөөгүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.2-т заасны дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас шинжээчээр Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийг томилж, тус үнэлгээний төв нь Авзага трейд ХХК-ийн өмчлөлийн барилгыг 16 370 395 800 төгрөгөөр үнэлсэн. Дээрх үнэлгээний мэдэгдлийг 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдөр 3/26241 дүгээр албан бичгээр П.Мэндбаярт мэдэгдсэн.

Авзага трейд ХХК нь үнэлгээний талаар шүүхэд 3 удаа гомдол гаргаж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлж, улмаар хүчингүй болгож, төлбөр төлөхөөс санаатай зайлсхийсэн үйлдэл гаргаж байна. Иймд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу явуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Баяр-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Авзага трейд ХХК-ийн өөрийнх нь гаргуулсан үнэлгээг шинжээчийн үнэлгээ биш гэсэн үндэслэлээр шүүх хүчингүй болгосон тул уг үнэлгээг зах зээлийн үнэлгээ гэж үзэхгүй. 2014 оноос хойш эдийн засаг хямарсантай холбоотойгоор үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэ буурсан. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас шинжээчээр Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийг томилж, тус үнэлгээний төв нь Авзага трейд ХХК-ийн өмчлөлийн барилгыг 16 370 395 800 төгрөгөөр үнэлсэн нь хуульд нийцсэн. Иймд Авзага трейд ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт заасныг баримтлан Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 590 тоот үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн Авзага Трейд ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Буянхишиг давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 98 хувийн гүйцэтгэлтэй байхад 21 168 315 000 төгрөгийн үнэлгээтэй байсан үл хөдлөх эд хөрөнгийг 100 хувийн гүйцэтгэлтэй болсны дараа 16 370 395 800 төгрөгөөр үнэлж, манай компанийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг 4 797 919 200 төгрөгөөр бууруулж үнэлсэн үнэлгээг анхан шатны шүүх зах зээлийн үнэ гэж үзсэнийг огт хүлээн зөвшөөрөхгүй байна.

Анхан шатны шүүх маргааны талаар дүгнэлт хийхдээ хэрэгт авагдсан нотлох баримтийг ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнээгүй, хэргийн бодит байдалд үндэслэл бүхий дүнэлт хийж чадаагүй гэж үзэж байна. "Хөрөнгийн үнэлгээний төв" ХХК нь манай үл хөдлөх эд хөрөнгийг 18 660 645 000 төгрөгөөр үнэлснийг зах зээлийн хямрал, эдийн засгийн тогтворгүй байдал зэрэгтэй холбон тайлбарлаж, тухайн үнэлгээг үндэслэлтэй гэж хийсвэр дүнэлт хийсэнд гомдолтой байна.

Энэхүү үл хөдлөх эд хөрөнгийн зах, зээлийн үнийг тогтоосон Барилгын төсөв, хөрөнгийн үнэлгээний "Бэсгэ" төвийн үнэлгээ, Хөрөнгийн үнэлгээ, төслийн "Лэндс" ХХК-ийн үнэлгээ, "Хөрөнгийн үнэлгээний төв" ХХК-ийн үнэлгээ зэргээс харахад тус үл хөдлөх эд хөрөгийн нийт талбайг Барилгын төсөв, хөрөнгийн үнэлгээний "Бэсгэ" төв 4 063,6 м.кв талбай, Хөрөнгийн үнэлгээ, төслийн "Лэндс" ХХК 4 063 м.кв талбай, "Хөрөнгийн үнэлгээний төв" ХХК 3 945,06 м.кв гэж харилцан адилгүй гаргасан байгаагаас харахад зах зээлийн үнэлгээ бодитой гарсан гэж үзэхэд эргэлзээ төрж байна.

Анхан шатны шүүх дээрх баримтад ямар нэгэн тайлбар, дүгнэлт хийлгүй хариуцагч болон гуравдагч этгээдийн тайлбарт хөтлөгдөн үндэслэлгүй дүгнэлт хийсэнд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн шаардлагад нийцсэн, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч “Авзага трейд” ХХК нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгчийн 2011 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 444 дүгээр захирамжаар Авзага трейд ХХК-иас 4 600 380 080 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамж 23 107 900 төгрөгийн хамт гаргуулж Худалдаа хөгжлийн банк ХХК-д олгохоор шийдвэрлэж, уг захирамжид 2013 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 123 тоот гүйцэтгэх хуудас бичигдэн, улмаар мөн оны 12 дугаар сарын 03-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэснээс хойш нэхэмжлэгчээс эд хөрөнгийн үнэлгээтэй холбогдуулж 2 удаа шүүхэд гомдол гаргасныг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байна.

Тодруулбал, Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад битүүмжлэгдэж, хураагдсан эд хөрөнгөд үнэлгээ хийлгэхээр “Бэсгэ төв” ХХК-ийг шинжээчээр томилоход 2014 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар 15 886 258 158 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 4726 дугаар шийдвэрээр, “Лэндс” ХХК-ийг шинжээчээр томилоход 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар 21 168 315 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШШ2016/01823 дугаар шийдвэрээр тус тус хүчингүй болгожээ.

Үүнээс хойш хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас нэхэмжлэгчид 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдөр эд хөрөнгийн үнийг төлбөр авагч “Худалдаа хөгжлийн банк” ХХК-тай харилцан тохиролцох, үнийг тохиролцож чадаагүй тохиолдолд дахин шинжээч томилж үнэлгээ хийлгэх тухай 1/10999 тоот мэдэгдлийг хүргүүлэхэд хариу ирүүлээгүй тул Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийг шинжээчээр томилж, үнэлгээ хийлгэхэд эд хөрөнгийг 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар 16 370 395 800 төгрөгөөр үнэлсэн талаар нэхэмжлэгчээс шүүхэд дахин гомдол гаргажээ.

Нэхэмжлэгч нь дээрх 3 удаагийн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон хөрөнгийн үнэлгээ нь харилцан адилгүй, өөр өөрөөр тогтоогдсон гэх үндэслэлээр үнэлгээг хүчингүй болгохыг шаардаж байгааг хүлээн авах боломжгүй,  цаг хугацааны хувьд 3 өөр цаг үед, үнэлгээний өөр өөр аргуудаар хийгдсэн шинжээчийн дүгнэлтийг нэгийг нөгөөгөөр үгүйсгэж буруу гэж үзэх боломжгүй талаарх шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд нэхэмжлэгч “Авзага трейд” ХХК-ийн гомдлын дагуу шинжээч “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн үнэлсэн эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгох үндэслэлгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2017/01661 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                    ШҮҮГЧИД                                                 Б.НАРМАНДАХ

                                                                                                      А.ОТГОНЦЭЦЭГ