Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Дашдоржийн Мөнхтуяа |
Хэргийн индекс | 126/2016/0030/з |
Дугаар | 437 |
Огноо | 2016-12-19 |
Маргааны төрөл | Сонгууль, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2016 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 437
Б.Ганбаатар, Ш.Дүүжий нарын
нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааныг шүүгч Х.Батсүрэн даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Ч.Тунгалаг, П.Соёл-Эрдэнэ, Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга З.Оюунгэрэл, нэхэмжлэгч Ш.Дүүжий нарыг оролцуулан хийж, Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 29 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 221/МА2016/0666 дугаар магадлалтай, Б.Ганбаатар, Ш.Дүүжий нарын нэхэмжлэлтэй, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгч Ш.Дүүжий, Б.Ганбаатар нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Д.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 29 дүгээр шийдвэрээр: 1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3, 10.3.3, Сонгуулийн тухай хуулийн 152 дугаар зүйлийн 152.1, 152.1.3-т заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 59 дугаар тогтоолын тойрогт ногдох мандатын тоог тогтоосон 2 дахь заалтыг хүчингүй болгож, үлдсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс 35100 /гучин таван мянга нэг зуун/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэжээ.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 221/МА2016/0666 дугаар магадлалаар: 1. Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 29 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3, Сонгуулийн тухай хуулийн 152 дугаар зүйлийн 152.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ш.Дүүжий, Б.Ганбаатар нарын “Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 59 дүгээр тогтоолын 2 дахь заалтыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч нараас нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгч Ш.Дүүжий, Б.Ганбаатар нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 221/МА2016/0666 магадлалыг хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр хянуулж, энэхүү магадлалыг хүчингүй болгуулахаар Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн хяналтын шатны танхимд гомдол гаргаж байна.
Нэг. Хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй тухайд :
1.1 Магадлалын тодорхойлох хэсгийн 2-т шүүх хэт нэг талыг баримталж хэргийг шийдвэрлэсэн тухайд гээд:
Хариуцагч: Маргааны зүйл нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийн тоог тогтоохтой холбоотой гэсэн нь нэхэмжлэгчид юун тухай маргаж байгааг хариуцагч сайн ойлгоогүй байгаа юм.
Нэхэмжлэгч Б.Ганбаатар, Ш.Дүүжий бид Алаг-Эрдэнэ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 58 дугаар тогтоолоор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нийт Төлөөлөгчийн тоог 27-оор тогтоосонд маргаагүй. Харин энэ 27 төлөөлөгчийг тойргуудад хуваарилсан мандатын тоог тойрог багт тогтоохдоо баг, тойргуудын хүн амын нягтрал байршлыг харгалзалгүй цөөн хүн амтай тойрогт олон мандат, олон хүн амтай тойрогт цөөн мандат хуваарилсан нь нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын удирдлага нь ... үйл ажиллагаандаа ардчилсан ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх зарчим алдагдаж, 390 хүн амтай нэг тойргийн нэг мандатад 97 хүн ноогдож байхад 6 дугаар тойргийн нэг мандатад 445 хүн ногдож байгаа буюу 3247 хүн амтай Алаг- Эрдэнэ сум 20 мандат, 3225 хүн амтай 6 дугаар баг, Хатгал тосгонд 7 мандат хуваарилсан нь шударга ёс, иргэдийн тэгш байдал алдагдаж байна. Хуулийг зөв хэрэглэж баг, тойрогт ноогдох мандатын тоог тогтоовол:
Д/д | Тойргийн нэр дугаар |
| ||
Багийн хүн амын тоо | Нэг мандатад ногдох хүн амын тоо | Хүн амын нягтаршил байршлын тоог харгалзан мандат тогтоовол | ||
1 | 1-р тойрог Шувуут 1-р баг | 679 | 235 хүн
| 3 мандат |
2 | 2-р тойрог Цагаанбэлчир 2-р баг | 746 | 3 мандат | |
3 | 3-р тойрог Яргис 3-р баг | 390 | 2 мандат | |
4 | 4-р тойрог Баясгалан 4-р баг | 499 |
| 2 мандат |
5 | 5-р тойрог Манхан 5-р баг | 918 | 4 мандат | |
6 | 6-р тойрог Хатгал, Цахир 6-р баг | 3225 | 13 мандат | |
| Бүгд | 6472 | Нийт 27 мандат |
Иймд Алаг-Эрдэнэ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 59 тоот тогтоолын 2-р заалтад Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дахь заалт, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан заалтуудыг давж заалдах шатны шүүх хэрэглэсэнгүй гэж гомдож байна.
1.2. Хариуцагч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо шүүгчдийг төөрөгдүүлэхийн тулд:
Хатгал тосгон нь Алаг-Эрдэнэ сумын 6 дугаар баг биш, 6 дугаар багийн Засаг дарга, багийн иргэд нийтийн хурал зохион байгуулагдааүй, Алаг-Эрдэнэ сумыг 6 багт хуваан зохион байгуулж, 6 дугаар багийг Хатгал тосгонд оршин байгаа нутаг дэвсгэрт ажиллаж амьдарч, амьжиргаагаа залгуулж байгаа боловч тосгоны оршин суугчаар бүртгэлгүй Алаг-Эрдэнэ сумын иргэдийг зохион байгуулалтанд оруулах зорилгоор зохион байгуулсан үндсэн 3 хүний бүртгэлтэй үйл ажиллагаа нь идэвхгүй баг, Хатгал тосгон нь нэг нэгж, Алаг-Эрдэнэ сум нь 6 нэгжтэй юм гэж засаг захиргаа нутаг дэвсгэрийн бүтцийн талаар худал мэдээллээр гомдол гаргасан байдаг.
Үүнийг давж заалдах шатны шүүх тайлбар гаргасан боловч худал мэдээллийн талаар бидний саналыг авч үзээгүй. Хатгал тосгоны 3225 иргэд нь Алаг-Эрдэнэ сумын 6 дугаар багийн үндсэн бүртгэлтэй сумын сонгуулийн 6 дугаар тойргийн сонгогчид юм.
Хатгал тосгон нь Алаг-Эрдэнэ сумын хууль ёсны 6 дугаар баг юм. Мөн гомдолдоо тосгоныг сонгуулийн тойрог болгох мандат хуваарилах асуудал зохицуулагдаагүй, тосгоны оршин суугч иргэд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд сонгогдох, сонгох талаар тодорхой зохицуулалтгүй байсан зэрэг шалтгаан нь тосгоны иргэд бүгдээрээ Алаг-Эрдэнэ сумын 6 дугаар багийн хаягтай иргэд учраас дээрх зохицуулалтгүй гээд байгаа шалтгаан нь мандат хуваарилахад хамааралгүй зөвхөн засаг захиргааны нэгжийн тухай ойлголтыг төөрөгдүүлэх гэсэн оролдлого юм.
Магадлалын тодорхойлох хэсгийн 2-ын төгсгөлд анхан шатны шүүх Хатгал тосгоныг Алаг-Эрдэнэ сумын 6 дугаар баг, тус сумын засаг захиргааны нэгж гэж дүгнэсэн нь
Нэгдүгээрт, Алаг-Эрдэнэ сум ба Хатгал тосгоны зохион байгуулалтыг ойлгоогүй.
Хоёрдугаарт, Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж болон хот, тосгоны хуулиар тогтоосон эрх зүйн байдлыг ойлгохгүй эсхүл ойлгож байгаа ч илтэд нэг талыг баримтлан хуулийг буруу тайлбарлан хэрэглэж шийдвэрлэж байгааг харуулж байна гэж шүүхийг буруутгасан нь хууль эрх зүйн үндэслэлгүй, нотлох баримтгүй зүйл юм.
Энэхүү 59 дүгээр тогтоолд үндэслэлээ болгосон Сонгуулийн тухай хуулийн 151 дүгээр зүйлийн 151.4 дэх хэсгийн орон нутгийн сонгуулиар “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар тогтоосон тооны төлөөлөгчийг нэг, эсхүл хэд хэдэн мандаттай тойргоос сонгоно” гэж заажээ. Энэ нь тойрогт ногдох мандатын тоог уг тойргийн хүн амын тоонд харгалзан өөр өөрөөр тогтооно гэсэн утга илэрхийлж байна. Иймд давж заалдах шатны шүүх сонгуулийн тухай хуулийн 151 дүгээр зүйлийн 151.4 дэх заалтыг хэрэглэх ёстой байтал хэрэглээгүй байна.
Хоёр. Хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухайд:
2.1 Хариуцагч З.Ням-Очир нь давж заалдах гомдолдоо 1. шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн тухайд гээд:
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 -т “сумын Хурлын Төлөөлөгчдийн тоог хүн амын нягтрал байршил, засаг захиргааны нэгжийн бүтцийг харгалзан тогтооно” гэснийг зөрчсөн байна гэж шүүх дүгнэжээ гээд 3 зүйлээр тайлбарлажээ. Үүнд :
Нэгдүгээрт. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь заалт нь 10.3.1-ээс 10.3.4 -т заасан дэд заалтуудыг ойлгон хэрэглэх нөхцөл заасан заалт болох нь хуулиас илэрхий ойлгомжтой харагдаж байна. Тодруулбал хуулийн 10.3.3-т “сумын хүн амын тоо 5000 - 9000 хүртэл бол 27 гэж заасны дагуу Алаг-Эрдэнэ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид тус сумын нийт хурлын төлөөлөгчдийн тоог 27 байхаар тогтоосон гэжээ.
Нэгэнт дээрх хуулиар 5000-9000 хүртэл хүн амд багтах 6472 хүн амтай Алаг-Эрдэнэ суманд 27 төлөөлөгч байхаар хуульчилсан юм бол энэ иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгч уг 27 төлөөлөгчийн мандатыг тойрог тус бүрийн хүн амын нягтрал байршлыг харгалзан тохирсон тоогоор нь тогтоож өгөх эрх гэхээсээ илүүтэй үүрэг хүлээх ёстой. Яагаад гэвэл Сонгуулийн тухай хуулийн 151 дүгээр зүйлийн 151.4 дэх заалтад “орон нутгийн сонгуулиар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар тогтоосон тооны төлөөлөгчийг нэг, эсхүл хэд хэдэн мандаттай тойргоос сонгоно” гэж заасан. Энэ бол тойрогт ногдох мандатын тоог, тойрог тус бүрийн хүн амын тоог харгалзан өөр өөрөөр тогтооно гэсэн утга илэрхийлж байна.
Баталгаа нь дээр дурдсан хуулийн 10.3.1-10.3.4 хүртэл дэд заалтуудад сумын хүн амын тоо төдөөс төд байвал төдөн төлөөлөгч байна гэж заасан болохоос биш засаг захиргааны нэгжийг харгалзана гээгүй байна. Иймд суманд байгаа багуудад мандатын тоог тогтоохдоо багийн хүн амын тоог харгалзан тогтоох нь хуульд нийцнэ.
Магадлалыг хянавал хэсгийг тодруулбал:
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-т сумын Хурлын Төлөөлөгчдийн тоог тогтоохдоо хүн амын нягтрал, байршлаас гадна засаг захиргааны нэгжийн бүтцийг харгалзахаар заасантай дээрх маргаан бүхий хариуцагчийн шийдвэр нийцжээ гэж дүгнэсэн нь Монгол Улсын Засаг захирггаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Хариуцагч Алаг-Эрдэнэ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид нь маргаан бүхий шийдвэрийг гаргахдаа зөвхөн засаг захиргааны нэгжийн бүтцийг харгалзан үзэж, хүн амын нягтрал байршлыг тойргуудад огт харгалзаагүй байхад давж заалдах шатны шүүх хүн амын нягтралыг харгалзан нэмэгдүүлж, 7 болгон хуваарилсныг буруутгах боломжгүй гэсэн нь хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь заалтыг буруу тайлбарлан хэрэглэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосныг буруу гэж үзэж байна.
Маргаан бүхий тогтоол нь сум хоорондын маргаан биш нэг сум доторх багуудын тойрогт мандат хуваарилах тухай маргаан юм. Иймд багуудад засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн бүтэцийн тухай маргаан байх ёсгүй. Хариуцагч янз бүрээр тайлбарлаад маргаад байгаа болохоос биш нотлох баримтанд тулгуурлаагүй.
Үүнд: а. Баг, тойргуудын хүн ам нь хэд байгаа, б. Сумын 6-р багийн Хатгал тосгоны иргэд бүгд 6-р багийн хаягийн бүртгэлтэй эсэхийг тодруулаагүй.
Магадлалд засаг захиргааны нэгжийн хувьд Хатгал тосгоныг харъяалдаг Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчид Сонгуулийн тухай хуулийн 152 дугаар зүйлийн 152.1-д ... заасны дагуу Хатгал тосгонд ногдох мандатын тоог хуваарилсан нь үндэстэй байна гэжээ. Энд Сонгуулийн тухай хуулийн 152 дугаар зүйлийн 152.1 дэх заалтанд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчид хамааралгүй юм.
Давж заалдах шатны шүүх Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 6 дугаар багийн /Хатгал тосгоны/ иргэдийн харъяаллыг буруу ойлгож, хариуцагчийн худал мэдээлэлд төөрөгдөж Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь заалтыг буруу тайлбарлан хэрэглэж гаргасан 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 221/МА2016/0666 дугаар магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 29 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж өгөхийг хүсье гэжээ.
ХЯНАВАЛ:
Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаас үзвэл, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сум нь засаг захиргааны нэгжийн хувьд Шувуут, Цагаанбэлчир, Яргис, Баясгалан, Манхан гэсэн 5 баг, Хатгал гэсэн 1 тосгоноос бүрдэх бөгөөд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 59 дүгээр тогтоолоор дээрх нэр бүхий 5 баг тус бүр 4 мандаттай 5 тойрог, Хатгал тосгон нь 7 мандаттай 6 дугаар тойрог байхаар тогтоосон, тойрог тус бүрийн хүн амын тоо харилцан адилгүй байгаагийн дотор 6 дугаар тойрог буюу Хатгал тосгон нь хамгийн олон “...нийт хүн ам 3223, үүнээс сонгуулийн насны иргэд 2156” хүн амтай байна.
Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн маргаан бүхий 59 дүгээр тогтоолоор Сонгуулийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.9, 151 дүгээр зүйлийн 151.1.4, 152 дугаар зүйлийн 152.1-д тус тус заасныг баримтлан тойрогт ногдох мандатын тоог дээрх байдлаар тус тус тогтоосон, хэргийн оролцогчид тойргийн тоо болон нийт мандатын тооны талаар маргаагүй, нэхэмжлэгч нараас “... тогтоолын 2 дахь заалтаар ... тойрогт ногдох мандатын тоог тогтоохдоо ... /хууль зөрчиж/ ... цөөн хүн амтай тойрогт олон мандат, олон хүн амтай тойрогт цөөн мандат хувиарласан, ... Хатгал тосгонд ... 14 мандат ногдох /ёстой/” гэж, хариуцагч “... Сонгуулийн тухай хууль ...-д заасныг үндэслэн мандатын тоог тогтоосон ... хууль зөрчөөгүй” гэж маргажээ.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-т “сумын Хурлын төлөөлөгчдийн тоог хүн амын нягтрал байршил, засаг захиргааны нэгжийн бүтцийг харгалзан ... тогтоох”-оор, Сонгуулийн тухай хуулийн 152 дугаар зүйлийн 152.1-д “...орон нутгийн хурлын Тэргүүлэгчид санал авах өдрөөс 45-аас доошгүй хоногийн өмнө тус тусын хурлын сонгуулийн тойрогт ногдох мандатын тоог тогтоох...”-оор тус тус зааснаас үзвэл, Алаг-Эрдэнэ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид тойрогт ногдох мандатын тоог тогтоох эрхтэй, ингэхдээ “хүн амын нягтрал, байршил”, “засаг захиргааны нэгжийн бүтэц” гэсэн хоёр хүчин зүйлийн аль алиныг нь харгалзан үзэж, тогтоохоор байна.
Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдөр уг асуудлыг хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэхдээ Хатгал тосгоныг оролцуулан баг тус бүрийг нэг тойрог болгож, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн нийт 27 мандатыг тойрог тус бүрт хуваахдаа 1-5 дугаар багт тус бүр 4 мандат олгохоор тэгшитгэж, хамгийн олон хүн амтай Хатгал тосгон – 6 дугаар багт 7 мандат буюу хамгийн олон мандат хуваарилсан, энэ нь өөр бусад нэг багт хуваарилсан мандатын тооноос 75 хувиар илүү байх тул тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид “хүн амын нягтрал, байршил”, “засаг захиргааны нэгжийн бүтэц” гэсэн хоёр хүчин зүйлийг харгалзаагүй гэх үндэслэлгүй, энэ талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв байна.
Өөрөөр хэлбэл, мандатын тоог тойрог тус бүрт хуваарилахдаа хүн амын тоонд шууд ногдуулан харьцуулж, арифметикийн аргаар хуваах зарчмыг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай болон Сонгуулийн тухай хуулиар хуульчлаагүй тул маргаан бүхий захиргааны актаар харьцангуй олон хүн амтай тойрогт харьцангуй олон мандат хуваарилсан нь дээрх хуулийн заалтуудыг зөрчөөгүй, Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран хоёрдугаар дугаар зүйлийн 1-д заасан “...асуудлыг бие дааж шийдвэрлэх...” эрхийн хүрээнд, хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан шийдвэр гэж үзлээ.
Түүнчлэн, нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны захирагч Б.Ганбаатар, Хатгал тосгоны иргэдийн эрхээ сэргээх хөдөлгөөний тэргүүн Ш.Дүүжий нар нь “... Хатгал тосгоны хүн амын тоо, нягтралыг харгалзан үзэлгүй ... мандатын тоог /багаар/ тогтоосон ... нь ... Хатгал тосгоны иргэд ...сонгогчдын эрхийг зөрчсөн,” гэх үндэслэлээр нэхэмжлэл гаргасан, Хатгал тосгон- 6 дугаар тойргоос бусад тойрогт хуваарилсан мандатын тоо “зөв эсэх” талаар өөр бусад багийн иргэдийг төлөөлж шүүхэд маргах эрхээ нэхэмжлэгч нар нотлоогүй байх тул бусад тойрогт хуваарилсан мандатын тоотой холбоотой асуудлаар нэхэмжлэгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хүлээж авах боломжгүй.
Эдгээр үндэслэлээр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын хяналтын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 221/МА2016/0666 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.Ганбаатар, Ш.Дүүжий нарын гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч нараас тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.БАТСҮРЭН
ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА