Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 00802

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхтуяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанд;

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багийн 15-06 тоотод оршин суух Зураачин овогт Наранчимэгийн Тугалхүү / РТ88021778 /-ын нэхэмжлэлтэй,

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багийн 15-06 тоотод оршин суух Тогоруутан овогт Зэвэгбаатарын Туяасайхан / РГ89090301 /

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Шүүхэд төлөөлөх 2062 эрхийн дугаартай, Барнууд овогтой Батмөнхийн Мягмарсүрэн,

           Хариуцагч: Баянхонгор аймгийн Баянлэг сумын 5 дугаар багт оршин суух Бүрээч овогт Цээпилийн Лхагва-Очир /РЭ73030778/-д холбогдох,

Хариуцагчийн өмгөөлөгч: Шүүхэд төлөөлөх 0221 эрхийн дугаартай Гэгээнтэн овогт Далайжаргалын Содномдорж,

            3.000.000 / гурван сая / төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхгэрэл, нэхэмжлэгч Н.Тугалхүү, З.Туяасайхан нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Мягмарсүрэн, хариуцагч Ц.Лхагва-Очир хариуцагчийн өмгөөлөгч Д.Содномдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

              Нэхэмжлэгч Н.Тугалхүү, З.Туяасайхан нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хөвсгөл аймгийн 5 дугаар багийн 9-р гудамжны 6 тоотод оршин суугч Цээпил овогтой Лхагва-Очирын 15.000.000 төгрөгийн хашаа байшинг 2014 оны 10 сард урьдчилгаа 5.000.000 төгрөгийг өгч үлдэгдэл 10.000.000 төгрөгийг 2015 оны 9 сард өгөхөөр худалдан авахаар тохирсон. Тус байшинд 2015 оны 9 дүгээр сар  хүртэл амьдарсан болно. Амьдрах хугацаандаа тус байшинд 1.000.000 төгрөгний гадна, дотор засвар үйлчилгээ хийсэн болно. Тухайн үед банкны зээлэнд өөрчлөлт гарч зээл их хэмжээгээр авах боломжгүй, малын үнэ унасан зэрэг шалтгаанаар  2015  оны  9  сард  үлдэгдэл  мөнгөө өгч чадахгүй болсон учраас тодорхой хугацаагаар хойшлуулах санал тавьсан боловч тохиролцолгүй тухайн байшингаас гарсан болно. Гарахдаа урьдчилгаа болгон өгсөн 5.000.000 төгрөгнийхөө 2.000.000 нь байшинд суусан хугацааны түрээс болгож үлдэлдэл 3.000.000 төгрөгийг тухайн байшинг зарсны дараа авна гэж тохиролцоод гарсан. Үүнээс хойш 2 сарын дараа тус байшин зарагдсан байсан. Гэтэл 3.000.000 төгрөгийг өгөөгүй.  Түүнээс хойш утсаар ярих болгонд өгөхгүй гээд хэл амаар доромжлоод байгаа.  Иймд Ц.Лхагва-Очироос 3.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

            Нэхэмжлэгч Н.Тугалхүү нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Ингээд манайх Төрийн банкнаас 12 сая төгрөгийн зээл аваад Хаан банкинд байсан зээлээ тал мөнгөөр нь дараад, тохиролцсон урьдчилгаа болох 5 сая төгрөгөө өгсөн. Тус мөнгийг өгөх гээд Ц.Лхагва-Очир руу залгахад би хөдөө явж байна, манай эхнэр гэртээ байгаа аваачаад өгчих гэсэн. Ингээд 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдөр буюу зээл авсан өдрөө 5 сая төгрөгөө гэрт нь аваачиж өгсөн. Эхнэр нь 2 хүүхэдтэйгээ гэртээ байсан, эхнэрт нь өгсөн юм. Мөнгө аваачиж өгөхдөө бол манай эхнэр, хадам аав бид 3 цуг явж байсан. 2-3 хоногийн дараа шилжүүлгээ хийлгэх гээд бүртгэлийн байгууллагаар явсан чинь 1 хүү нь гадаадад байдаг гэсэн шалтгаанаар шилжүүлэг хийгдээгүй юм. Ингээд үлдэгдэл мөнгөө төлснийхөө дараа шилжүүлгээ хийхээр тохиролцсон. 2015 оны 09 дүгээр сард хугацаа болоод манайх үлдэгдэл мөнгөө өгөхөөр зээл хөөцөлдсөн боловч бүтээгүй. Тэгээд тодорхой хугацаагаар хойшлуулъя эсхүл тал мөнгийг нь хувааж өгье гэсэн санал тавьсан боловч Ц.Лхагва-Очир зөвшөөрөөгүй. 2015 оны 09 дүгээр сарын 19-ны өдөр хашаа байшингийн урьдчилгаа болгож 6 сая төгрөгийг Ц.Лхагва-Очирт дансаар шилжүүлсэн. Үлдэгдэл 4 сая төгрөгийг дараа өгье гэсэн боловч тохиролцоогүй юм. Тэгээд буцаагаад нөгөө 6 сая төгрөгөө авсан. Ц.Лхагва-Очир хэлэхдээ манайх  зарах гээд байна, танайх авч чадахгүй бол байшингаас гар гэсэн. Манайх байшинг нь суллаж хүлээлгэн өгсөн, өгөхдөө  5 сая төгрөгнийхөө 2 сая төгрөгийг 10 сар амьдарсныхаа түрээс болгож өгөөд үлдсэн 3 сая төгрөгийг буцааж авахаар тохиролцсон. Байшинд байх хугацаандаа 1 сая төгрөгний засвар хийсэн байгаа. Тэрийгээ бол авахгүй гэж хэлсэн. Байшинг нь суллаж өгөхдөө гар утсан дээр бичлэг хийсэн юм. Ц.Лхагва-Очир 3 сая төгрөгийг одоо өгч чадахгүй нь ээ, байшингаа зарчихаад өгье гэсэн. Үүнээс хойш 2 сарын хугацаанд залгаж асуухад зарагдаагүй байна гэсэн хариу хэлж байсан. Нэг өдөр байшинд очтол айл орсон байсан юм. Тэр айл манайх худалдаж аваад удаж байна гэсэн. Гэтэл байшингаа зарсан ч мөнгөө өгөөгүй юм. Үлдэгдэл 3 сая төгрөгөө авах гэж удаа дараа утсаар ярьсан боловч хэл амаар доромжлоод, мөнгө аваагүй гээд байгаа юм. Одоогоор 3 жил орчим болж байна. Иймд 3 сая төгрөгийг минь Ц.Лхагва-Очироос гаргуулж өгнө үү.  ...5.000.000  төгрөг өгсөн нь үнэн юм. Бичлэгт энэ тухай байгаа, Ц.Лхагва-Очирын нүүр царай нь хүртэл бичлэгт тодорхой харагдаж байгаа юм. Үлдсэн 3.000.000 төгрөгийг хашаа байшингаа зарахаараа өгье гэсэн. Гэрлийн мөнгөний тухайд бол манайх бүрэн төлөөд хүлээлгэж өгсөн.  ... Би Төрийн банкнаас зээл авахынхаа урд өдөр нь Хаан банкны зээлээ ажлын газрынхаа хүнээсээ мөнгө зээлээд дарсан бөгөөд  12.000.000  төгрөгийн зээл аваад  200  мянган  төгрөгийг  нь  банк  суутгасан,  үлдсэн мөнгөө би бэлнээр теллер дээрээс

авсан. Ингээд Төрийн банкнаас зээлсэн мөнгөнийхөө 5.000.000 гаран төгрөгийг нөгөө зээлсэн хүндээ өгөөд, үлдэгдэл 5.000.000 төгрөгийг гэрт аваад ир гэхээр нь  Ц.Лхагва-Очирын гэрт  аваачиж өгөхөд эхнэр нь 2 хүүхэдтэйгээ байсан. Амаар тохиролцсон, бичгээр үйлдсэн юм байхгүй.

Нэхэмжлэгч  Туяасайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид гурвын нүдэн дээр 5 сая төгрөгөө тоолоод авсан юм. Данс руу чинь шилжүүлэх үү гэсэн чинь би одоо гэртээ ирээд амарч байна. Гэрт аваад ир гэсэн. Эхнэрт нь өгсөн байгаа.

Зээл хөөцөлдөж авсан юм. Ц.Лхагва-Очирт 6 сая төгрөгийг өгөөд дараа нь 4 сая төгрөгийг нь өгөхөөр тохиролцох юм бол тухайн 6 саяыг өгөх боломж байсан юм. Өөрөө тохиролцох боломжгүй гэхээр нь буцаагаад авсан.

Хариуцагч Ц.Лхагва-Очир шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Цээпил овогтой Лхагва-Очир би Тугалхүү, Туяасайхан нарын нэхэмжлэлтэй 2017.07.03.ны өдөр танилцаад /хүлээн аваад/ эс зөвшөөрч байна.

Хариуцагч Ц.Лхагва-Очир нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ хүмүүс манай байшинг авъя гэсэн боловч мөнгөө өгч чадаагүй юм. Ингээд 1 жилийн дараа өөрсдөө суллаж өгье гээд байшингаас гарсан. 9 дүгээр сарын 12-ны өдөр өгнө гэж тохирсон байсан. Намайг ирээд хашаа байшингаа барьцаанд тавиад өгөөч ээ би тэгээд танай мөнгийг өгье гэсэн. 09 дүгээр сарын 12-ны өдөр гэхэд бэлэн хүрээд ир гээд би Баянхонгор аймгаас ирсэн юм. Энэ хүмүүс захын Транс капитал гэх банк бус санхүүгийн байгууллагад танай байшинг барьцаалъя,  таны  мөнгийг  ч өгье  гэсэн. Би энд 2 сар орчим болсон юм. Энэ айл 09 дүгээр сарын 30-нд хашаа байшингаа суллаж өгсөн. З.Туяасайхан банкинд миний хажууд сууж байгаад би банкнаас тэр 6 сая төгрөгийг нь аваад л буцаагаад өгсөн. Өөр зүйл байхгүй.

...Би урьдчилгаа 5 сая төгрөг аваагүй. Энэ хүний эгч ах хоёр манай эхнэртэй хамт ажилладаг байсан. Миний томилолтоор явах тушаал гарсан өнөө маргаашгүй нүүх болоод, яаруу хугацаанд зарсан. Хашаа байшингаа эзэнгүй орхиж болохгүй байсан юм. Уг нь 11 дүгээр сарын 25-ны өдөр хавьцаа хүн авъя гэсэн байсан. Хэн хэндээ итгээд манайх 2014 оны 11 дүгээр сард манайх Баянхонгор руу нүүсэн. Би мөнгө аваагүй байж мөнгө эргүүлэн өгч чадахгүй. Харин ч би тог таслуулсан байсан мөнгийг нь хүртэл төлсөн.

...Би авсан гэж яриагүй ш дээ. Аваагүй юм чинь аваагүй л гэж ярилгүй яахав дээ. Манай эхнэр ч аваагүй.

...Манай эхнэрт энэ хүмүүсийн ах эгч хоёр хэлсэн байдаг. Айлын хашаагаар яваад байх юм аа. Та нар нэгэнт явж байгаа юм бол өгчихөөч гээд. Эхнэртэй маань хамт олон жил ажилласан хүмүүс байдаг юм. Итгээд л өгсөн юм. 11 сард манай нутгийн хөдөө байдаг өвгөн, эмгэн хоёр авъя гэж ярьж байсан.

... Энэ хүн миний дугаарыг ч мэдэхгүй, би хөдөө гарсан байсан. Миний утас ч холбогдохгүй байсан. Тийм байхад яагаад энэ хүн над руу залгахад нь би эргүүлж залгаад манай эхнэрт аваачиж өг гэх үү. Худлаа хэлж байна. Тэр бичлэгийг бол ёстой мэдэхгүй. Би аваагүй юм чинь аваагүй л гэж хэлнэ гэв.

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад бичмэл нотлох баримтууд болон зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч  нь Н.Тугалхүү, З.Туяасайхан нар нь хариуцагч Ц.Лхагва-Очирын Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5-р багийн 9 дүгээр гудамжны 6 тоотод байрлалтай хашаа, байшинг худалдах худалдан авах хэлцлийг хийсэн болох нь зохигчдын тайлбараар нотлогдож байх бөгөөд харин Н.Тугалхүү, З.Туяасайхан нар нь үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйгээс гэрээний нөгөө тал болох  Ц.Лхагва-Очир нь татгалзжээ.

Үүнтэй холбоотойгоор уг гэрээний нөхцөл болгон урьдчилгаа болгон 5.000.000 төгрөгийг нэхэмжлэгч Н.Тугалхүү, З.Туяасайхан нар нь 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Ц.Лхагва-Очирын эхнэрт өгсөн, үүнээсээ 2.000.000 төгрөгийг нь байшинд суусныхаа хөлсөнд өгөөд үлдэгдэл 3.000.000 төгрөгийг байшин зарагдсаны дараа авахаар тохирсон, хариуцагч Ц.Лхагва-Очир нь 5.000.000 төгрөгийг огт аваагүй учир төлөхгүй гэж маргажээ.

Шүүх Н.Тугалхүү, З.Туяасайхан нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Учир нь: Хариуцагч Ц.Лхагва-Очир нь өөрийн байшин хашаагаа худалдах хүсэл зоригоо илэрхийлж нэхэмжлэгч Н.Тугалхүү,З.Туяасайхан нар нь саналыг хүлээн авч мөн өөрсдийн санаа зорилгыг илэрхийлэн  худалдах, худалдан авах хэлцэл хийн Мөрөн сумын 5-р багийн 9 дүгээр гудамжны 6 тоот хашаа, байшинг худалдан авч амьдарч байсан нь:

Нэхэмжлэгч Н.Тугалхүүгийн шүүх хуралдаанд гаргасан: ” ...5-р багийн 9-р гудамжны                 6 тоотод оршин суугч Цээпил овогтой Лхагва-Очирын  15.000.000 төгрөгний хашаа байшинг 2014 оны 10 сард урьдчилгаа 5.000.000 төгрөгийг өгч үлдэгдэл 10.000.000 төгрөгийг 2015 оны 9 сард өгч худалдан авахаар тохирсон. Тус байшинд 2015 оны 9-р сар хүртэл амьдарсан болно ...” гэх тайлбар,

Хариуцагч Ц.Лхагва-Очирын шүүх хуралдаанд гаргасан: “... Энэ хүмүүс манай байшинг авъя гэсэн боловч мөнгөө өгч чадаагүй юм. Ингээд 1 жилийн дараа өөрсдөө суллаж өгье гээд байшингаас гарсан. 09 дүгээр сарын 12-ны өдөр өгнө гэж тохирсон байсан...” гэх тайлбар болон шүүх хуралдаанд нэхэмжлэгч нараас гаргаж өгсөн багийн засаг даргын тодорхойлолт, хариуцагчийн нэртэй гэрлийн дэвтэр зэргээр,

 

Мөн нэхэмжлэгч Н.Тугалхүү, З.Туяасайхан нар нь хэлцлийн гол нөхцөл болох 2015 оны 9 дүгээр сард төлөх мөнгийг төлөөгүйгээс хариуцагч Ц.Лхагва-Очир нь гэрээнээс татгалзсан болох нь:

Нэхэмжлэгч Н.Тугалхүүгийн “... 2015 оны 9 дүгээр сард хугацаа болоод манайх үлдэгдэл мөнгөө өгөхөөр зээл хөөцөлдсөн боловч бүтээгүй. Тэгээд тодорхой хугацаагаар хойшлуулъя эсхүл тал мөнгийг нь хувааж өгье гэсэн санал тавьсан боловч Ц.Лхагва-Очир зөвшөөрөөгүй. 2015 оны 9 дүгээр сарын 19-ны өдөр хашаа байшингийн урьдчилгаа болгож 6 сая төгрөгийг Ц.Лхагва-Очирт дансаар шилжүүлсэн. Үлдэгдэл 4 сая төгрөгийг дараа өгье гэсэн боловч тохиролцоогүй юм. Тэгээд буцаагаад нөгөө 6 сая төгрөгөө авсан.  Ц.Лхагва-Очир хэлэхдээ манайх  зарах гээд байна, танайх авч чадахгүй бол байшингаас гар гэсэн...” гэх тайлбар,

Хариуцагч Ц.Лхагва-Очирын “... 9 дүгээр сарын 12-ны өдөр гэхэд бэлэн хүрээд ир гээд би Баянхонгор аймгаас ирсэн юм. Энэ хүмүүс захын Транс капитал гэх банк бус санхүүгийн байгууллагад танай байшинг барьцаалъя, таны мөнгийг ч өгье гэсэн. Би энд 2 сар орчим болсон юм. Энэ айл 9 дүгээр сарын 30-нд хашаа байшингаа суллаж өгсөн...” гэсэн тайлбар зэргээр нотлогдож байх ба талууд худалдах- худалдан авах гэрээ хийсэн, нэхэмжлэгч Н.Тугалхүү, З.Туяасайхан нар нь гэрээний үүргээ биелүүлээгүйгээс хариуцагч Ц.Лхагва-Очир нь гэрээнээс татгалзсан үйл баримтанд талууд маргаагүй болно.

Шүүх талуудын хооронд байгуулсан хэлцлийг Иргэний хуульд нийцсэн, хүчин төгөлдөр худалдах- худалдан авах гэрээ байна гэж үзлээ. Учир нь: Хэлцлийн хэлбэрийг хуульд тусгайлан заагаагүй буюу талууд хоорондоо заавал бичгээр хийхээр тохиролцоогүй бол амаар хийж болно. Хэлцэл хийгч этгээд  өөрөө сайн дураараа хүсэл зоригоо илэрхийлэн тодорхой хууль зүйн үр  дагавар бий болгох зорилгоор хэлцэл хийж байгаа бөгөөд тэрээр ямар хэлбэрээр хэлцэл хийхээ өөрөө сонгох нь эрх чөлөөтэй, гол нөхцлийн талаар буюу үнийн дүн мөн төлөх хугацаа зэргийг талууд хэлэлцэн тохиролцсон байгаа нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн Худалдан-Худалдан авах гэрээний хэлбэр, шаардлагыг хангаж гэрээ байгуулсан байна.

Гэвч уг гэрээний нэг тал болох нэхэмжлэгч Н.Тугалхүү, З.Туяасайхан нар нь гэрээний үүргээ биелүүлээгүйгээс хариуцагч Ц.Лхагва-Очир нь гэрээнээс татгалзсанаар Иргэний хуулийн 205 дугаар зүйлд  “Гэрээний аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол  талууд гэрээний гүйцэтгэлийг биед байдлаар нь буцааж өгөх үүрэгтэй” гэсэн байх тул Н.Тугалхүү, З.Туяасайхан  нар нь гэрээний гүйцэтгэлийн 5.000.000 төгрөгийг шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгч Н.Тугалхүү, З.Туяасайхан нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгч Н.Тугалхүү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ” ... Манайх байшинг нь суллаж хүлээлгэн өгсөн, өгөхдөө  5.000.000 төгрөгийнхөө 2.000.000 төгрөгийг 10 сар амьдарсныхаа түрээс болгож өгөөд үлдсэн 3.000.000 төгрөгийг буцааж авахаар тохиролцсон ... одоогоор 3 жил орчим болж байна. Иймд 3.000.000 төгрөгийг минь     Ц.Лхагва-Очироос гаргуулж өгнө үү ” гэжээ.

 Шүүх нэхэмжлэгч Н.Тугалхүү, З.Туяасайхан нараас шүүх хуралдаанд нотлох баримтаар гаргаж өгсөн  урьдчилгаа болгон өгсөн 5.000.000 төгрөгийн  “3.000.000  төгрөгийг байшин зарагдсаны дараа өгье” гэх хариуцагч Ц.Лхагва-Очирын нэхэмжлэгч нарт ярьсан дүрс, яриа бүхий СД-нд хуулбарласан бичлэг нь хуульд заасан арга хэрэгслээр олж аваагүй боловч нэхэмжлэгч нар нь тухайн бичлэгийг нууцаар хийгээгүй / Үүнийгээ бичиж байна шүү тэгэх үү гэж тохиролцож бол хийгээгүй. Гэхдээ бичлэг хийж байгааг Ц.Лхагва-Очир гуай харж мэдэж байсан гэж нэхэмжлэгч Н.Тугалхүү шүүх хуралдаанд тайлбарласан /, мөн цаг алдалгүй арга хэмжээ авахгүй бол  эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болох учир тухайн нөхцөл байдалд тохируулан  өөртөө туслах зорилгоор хийсэн үйлдэл учир хууль бус гэж үзэх үндэсгүй байна.

        

         Мөн Иргэний хууль тогтоомж нь иргэний эрх үүргийг ямар нэг хязгаарлалтгүйгээр  хэрэгжүүлэх зарчимд үндэслэдэг ба шүүх дээрхи  хариуцагч Ц.Лхагва-Очирын “байшин зарагдсаны дараа 3 сая төгрөгийг өгье” гэх дүрс яриа бүхий бичлэгийг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан шинжлэн судалж үзсэний үндсэн дээр нотлох баримтаар үнэлсэн болно.

         Иймд нэхэмжлэгч Н.Тугалхүү, З.Туяасайхан нарын худалдах-худалдан авах гэрээ хийхдээ урьдчилгаа болгон төлсөн 5.000.000 төгрөгийн 3.000.000 төгрөгийг нэхэмжилсэн нь үндэслэлтэй гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх,

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Н.Тугалхүүгээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 62.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагч Ц.Лхгава-Очироос 62.950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Тугалхүүд олгох нь зүйтэй байна.

          Харин хариуцагч Ц.Лхагва-Очир нь  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “би уг бичлэгийг мэдэхгүй” гэж маргаснаас өөрөөр маргаагүй,  мэдээгүй гэдгээ нотолсон баримтыг ирүүлээгүй энэ талаар өөр тайлбар гаргаагүй зэргийг, мөн нэхэмжлэгч нараас нотлох баримтаар гаргаж өгсөн банкин дахь дансны хуулбаруудыг нотлох баримтаар үнэлээгүй болохыг дурдаж байна. 

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 1. Иргэний хуулийн 205 дүгээр зүйлийн 205.1-д зааснаар хариуцагч Ц.Лхагва-Очироос гэрээний гүйцэтгэл болох 3.000.000 / гурван сая / төгрөгийг буцаан гаргуулж, нэхэмжлэгч Н.Тугалхүү, З.Туяасайхан нарт олгосугай.

          2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 62.950 /жаран хоёр мянга есөн зуун тавь / төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 62.950 / жаран хоёр мянга есөн зуун тавь / төгрөгийг  хариуцагч Ц.Лхагва-Очироос гаргуулж нэхэмжлэгч Н.Тугалхүүд олгосугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Б.МӨНХТУЯА