Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 1906

 

“Жэй Эм технологи” ХХК, Куонн У Мүн нарын

 нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Байгалмаа, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 102/ШШ2017/01993 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Жэй Эм технологи” ХХК, Куонн У Мүн,

Хариуцагч Ж.Батжаргалд холбогдох,

 

Худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлтэд 40 696 563 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Тэгшмандалын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч “Жэй Эм технологи” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Баярсайхан,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Тэгшмандал,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч нар шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Баярсайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани захиалга өгч Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжинд 68 дугаартай, 25 айлын барилгыг 2006 оны 7 дугаар сараас эхэлж бариулсан бөгөөд тус байрны 5 тоот орон сууцыг Ж.Батжаргал захиалж, компанийн захирал БНСУ-ын иргэн Куонн У Мүннтэй 2007 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр орон сууц захиалгын гэрээ байгуулсан. Барилга 2007 оны 12 дугаар сард баригдаж дуусаад, захиалагчдад түлхүүрийг өгснөөр айлууд нүүн орж, Ж.Батжаргалаас бусад айлууд үлдэгдэл төлбөрөө Жэй Эм технологи ХХК-д гүйцээж төлөн, Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг өөрсдийн нэр дээр авсан болно.

Гэрээнд заасан байрны нийт үнэ 34 956 ам.доллараас, Ж.Батжаргал 2007 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 3 200 ам.доллар, 2007 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 800 ам.доллар, 2008 оны 3 дугаар сарын 28-ны өдөр 1 500 000 төгрөг буюу 1 283 ам.доллар, 2008 оны 06 дугаар сарын 24-ний өдөр 5 000 ам.доллар, 2008 оны 7 дугаар сарын 05-ны өдөр 2 000 ам.доллар, нийт 22 283 ам.долларыг төлсөн. Одоо үлдэгдэл 12 673 ам.доллар, мөн СӨХ байгуулагдтал байрны ашиглалтыг хариуцаж байсан хугацааны 2012 оны 01 дүгээр сарын байдлаарх ашиглалтын төлбөр 118 581 төгрөгийг төлөхгүй явсаар өдий хүрлээ.

Ийнхүү Ж.Батжаргал төлбөрөө сайн дураар барагдуулахгүй байсан тул 2013-2014 онуудад шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан. Дээрх байрны Өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг 2014 оны 8 дугаар сард Куонн У Мүнн өөрийн нэр дээр авсан байсныг Ж.Батжаргал эзэмшлээс албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийг иргэний хэргийн шүүхэд гаргаж, анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах болон хяналтын шатны шүүхүүд хэвээр үлдээсэн буюу дахин Ж.Батжаргал БНСУ-ын иргэн Куонн У Мүнний нэр дээр бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулж, уг үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр бүртгүүлэхээр Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасныг, Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүх 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 513 тоот магадлалаар бүртгэлийг хүчингүй болгон, үлдэх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд талууд хяналтын журмаар гомдол гаргаагүй болно.

Тухайн үед Ж.Батжаргал шүүхэд гаргасан хариу тайлбартаа түлхүүр гардах 2008 оны 6 дугаар сарын 24-ний өдөр..., бидний хооронд 12 673 ам.долларын үлдэгдэл бий, мөнгийг Жэй Эм технологи ХХК-д бэлнээр төлж байсан гэж хүлээн зөвшөөрдөг тул гэрээний заасны дагуу Ж.Батжаргалаас төлбөрөө төлөөгүй хоног тутамд төлөх ёстой үнийн дүнгийн 0.01 хувийн алданги 2008 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс хойш, өнөөдрийг хүртэлх 8 жил 9 сар 20 хоногийн 9 876 626,33 төгрөг, байрны үлдэгдэл төлбөр 12 673 ам.доллар буюу 30 701 356,34 төгрөг, байр ашиглалтын төлбөр 118 581 төгрөг, нийт 40 696 563.67 төгрөгийг Жэй Эм технологи ХХК болон хамтран нэхэмжлэгч Куонн У Мүннид гаргуулан шийдвэрлэж өгнө үү.

Куонн У Мүнн Миний бие өнөөдрийн байдлаар байранд бүх оршин суугчид орсон боловч Ж.Батжаргалаас өөр төлбөрийн үлдэгдэлтэй оршин суугч байхгүй. Ж.Батжаргал надад эвлэрэх санал тавьсан ч хүлээн аваагүй. Энэ байрыг барихын тулд би Солонгос улсаас их хэмжээний зээл аваад, төлж дуусаагүй, 2007 оноос хойш хариуцагч байранд амьдарч, үлдэгдэл мөнгөө өгөхгүй, СӨХ-ны төлбөрөө төлөхгүй, би мөнгийг нь төлж байна. Төлбөрөө төлөх байх гэж бодон, найдаж хүлээсэн. Байрыг Улсын комисс хүлээн аваагүйг оршин суугчид бүгд мэднэ. Хуулинд 3 жил үйл ажиллагаа нь жигдэртэл гэсэн учраас тус байрны засвар үйлчилгээ, чанарыг нь хамгаалж, ажилласан. Ж.Батжаргал мэдэж байгаа. Миний нэр дээрх 68 дугаар байрны 5 тоот орон сууц, авто зогсоолыг хариуцагч шүүхэд хандаж бүртгэлийг хүчингүй болгуулан, өөрийгөө өмчлөгчөөр тогтоолгосон тул төлбөрөө төлөх ёстой. Гэрээний дагуу алданги тооцно. 8 жил гаруй байранд амьдарч, ашигласан. Т.Баярсайхантай санал нэг байгаа.

Эвлэрэх боломжгүй. Хариуцагчийг удаа дараа төлбөрөө төлөхийг шаардсан ч төлөөгүй. Улсын комисс хүлээж аваагүй гэж хариуцагч хэлдэг ч 2007 оны 6 дугаар сард байрны түлхүүрээ хүлээн авч өнөөдрийг хүртэл амьдарсаар байгаа. Энэ хугацаанд комисс хүлээн аваагүй талаар ямар нэгэн маргаан гаргаагүй. Харин хамтран нэхэмжлэгчийн нэр дээр 68 дугаар байрны 5 тоот орон сууц, авто зогсоол бүртгэлтэй байсныг хүчингүй болгуулж, өөрийн өмчлөлд бүртгүүлэхээр болсон учраас гэрээний дагуу алданги болон СӨХ-ны төлбөрөө төлөх нь зүйтэй. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч манай компанийг нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэх тайлбарыг өгсөн байсан.

Нэхэмжлэлийн шаардлага нэг, зорилго нэг тул хамтран нэхэмжлэгчээр Куонн У Мүннийг оролцуулахад татгалзах зүйлгүй. Жэй Эм технологи ХХК нь нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Иймээс хариуцагчаас алданги 9 876 626.33 төгрөг, байрны үлдэгдэл 12 673 ам.доллар буюу 30 701 356,34 төгрөг, байр ашиглалтын төлбөр 118 581 төгрөг, нийт 40 696 563.67 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Тэгшмандал шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байна. Ж.Батжаргал Жэй Эм технологи ХХК-тай орон сууц захиалгын гэрээ байгуулаагүй. Жэй Эм технологи ХХК нэхэмжлэгч гэж өөрийгөө үзэж байгаа бол нэхэмжлэлийн шаардлага гаргах эрх бүхий субъект биш гэж үзэж байна.

Орон сууц захиалгын гэрээг Ж.Батжаргал, БНСУ-ын иргэн Куон У Мүннтэй байгуулсан бөгөөд Жэй Эм технологи ХХК-ийн өмнө ямар нэгэн үүрэг хүлээгээгүй. Орон сууц захиалгын болон Авто зогсоол худалдах, худалдан авах гэрээтэй холбоотойгоор иргэний болон захиргааны хэргийн шүүхүүдэд БНСУ-ын иргэн Куон У Мүннтэй маргаан үүсгэн шийдвэрлүүлж байсан болохоос Жэй Эм технологи ХХК-тай маргаан үүсгэн шийдвэрлүүлж байгаагүй. Тэгэхээр Жэй Эм технологи ХХК нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд юм. Нөгөө талаас өмнө нь шүүхээр шийдвэрлэж хүчин төгөлдөр болсон асуудлаар нэхэмжлэл гаргасныг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, татгалзах үндэслэл болно.

Хариуцагч үлдэгдэл 12 673 ам.доллар төлөхийг зөвшөөрнө. Гэхдээ тухайн үеийн ханшнаас 2 дахин ихээр бодогдож байгаа тул шүүх анхаарна уу. СӨХ-ны төлбөр, алданги төлөхгүй. Гэрээгээр комисст хүлээлгэн өгсөн үед 40 хувийг төлөх заалттай. Өнөөдөр 68 дугаар байрыг хүлээж аваагүй. Манай талаас 2 удаа эвлэрэх санал тавьсан боловч зөвшөөрөөгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ж.Батжаргалаас худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 40 696 563 төгрөг 67 мөнгийг гаргуулж, нэхэмжлэгч Куонн У Мүннд олгож,

Нэхэмжлэгч Жэй Эм технологи ХХК нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 386 828 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 386 828 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Куонн У Мүннд олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Тэгшмандал давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, нотлох баримтыг зөв үнэлж чадаагүйд гомдолтой байна. Учир нь, миний тайлбар болон нотлох баримтыг шүүх шийдвэртээ тусгаагүй атлаа хэлж, яриагүй зүйлийг тусгасан байдаг. Иймд давж заалдах шатны шүүхээр хэргийг хэлэлцүүлэхэд анхан шатны шүүх хуралдааны дуу, дүрс бичлэгийг танилцуулах шаардлагатай байна. Тодруулбал, маргаан бүхий байрыг Улсын комисс хүлээж аваагүй талаар маргаагүй, харин төлбөрийн үлдэлдэлд эвлэрэх санал тавьсан гэж хэлсэн үг, бичгээр гаргасан тайлбар зэргийг шүүх шийдвэрийн үндэслэлдээ гуйвуулж бичсэн байна.

Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие шүүх хуралдаанд өмнөх шүүхийн шийдвэртэй холбогдуулж, шүүхээр нэгэнт тогтоосон үйл баримт, нөхцөл байдлыг дахин нотлох шаардлагагүй гэдгийг хэлсэн байхад шүүх шийдвэртээ тусгаагүйгээс гадна нотолсон, няцаасан дүгнэлт хийгээгүй атлаа нэхэмжлэгч 2008 оны 08 дугаар сарын 26-ны өдөр байрын түлхүүрийг гардуулан өгсөн, оршин сууж байгаа, хариуцагч СӨХ-ны төлбөрөө төлөөгүй, түүний төлбөрийг нэхэмжлэгч төлсөн гэж огт нотлогдоогүй зүйлээр дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хангасанд гомдолтой байна.

Түүнчлэн Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт эрх олгосон заалтыг үүрээ биелүүлээгүй, бусдад хохирол учруулсан мэтээр хуулийг буруу тайлбарлаж, мөн хуулийн 232 дугаар зүйлийг хэрэглэсэн нь буруу юм. Нэхэмжлэгч гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн гэсэн дүгнэлт хийсэн атлаа алданги гаргуулж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй болсон.

Энэ талаар өмнө нь шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүд хэрэгт авагдсан бөгөөд эдгээр нь зохигчийн хооронд үүссэн гэрээний харилцаатай холбоотой байхад шүүх маргалдаж байгаагүй гэж дүгнэсэн нь буруу байна. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон зүйлийг дахин нотолж байгаа нь болон Ж.Батжаргалд хамаарахгүй СӨХ-ны төлбөрийг хариуцагчийн өмнөөс нэхэмжлэгч төлсөн гэж нотлогдоогүй зүйлд дүгнэлт хийсэн нь буруу. Гэрээ байгуулах үеийн ханшаар /1175,35 х 12 673 = 14 895 210 төгрөг/ тооцсон дүнг төлнө, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт 40 698 563 төгрөг гэснийг 14 895 210 төгрөг гэж өөрчлөн, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч “Жэй Эм технологи” ХХК болон хамтран нэхэмжлэгч Куонн У Мүнн нар хариуцагч Ж.Батжаргалаас худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 40 696 563, 67 төгрөг гаргуулахаар шаардсанаас хариуцагч үндсэн төлбөрийн үлдэгдэл 12 673 ам.долларыг төлөхийг зөвшөөрч, алданги болон СӨХ-ны төлбөрийг төлөх үндэслэлгүй гэж маргажээ.

Нэхэмжлэгч БНСУ-ын иргэн Куонн У Мүнн, хариуцагч Ж.Батжаргал нар нь 2007 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр “Орон сууц захиалгын гэрээ”-г харилцан тохиролцож байгуулсан, захиалагч нь орон сууцыг 2008 оны 6 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, өнөөг хүртэл уг сууцанд амьдарч байгаа, мөн хэлэлцэн тохиролцсон хуваарийн дагуу 4 удаагийн төлөлтөөр орон сууцны үнэд нийт 22 283 ам.доллар төлсөн, 12 673 ам.долларын төлбөрийн үлдэгдэлтэй талаарх үйл баримт зохигчдын тайлбар, бичгийн баримтаар тогтоогдсон байна.

Хариуцагч орон сууцны үнийг бүрэн төлөөгүй, төлбөрийн үлдэгдэлтэй байснаас үүдэн орон сууцны өмчлөх эрх Ж.Батжаргалд үүсээгүй гэх үндэслэлээр нэхэмжлэгч Куонн У Мүнн шүүхэд хандан орон сууцыг чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргасныг Улсын Дээд шүүхийн хяналтын шатны хуралдааны 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн тогтоолоор шийдвэрлэсэн. Энэ шийдвэрээр талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн талаар дүгнэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар дахин нотлохгүй юм. /хх-14-16/

Иймд нэхэмжлэгч худалдах, худалдан авах гэрээний дагуу үлдэгдэл төлбөрийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хангах үндэслэлтэй, 12 673 ам.долларыг үүрэг үүсэх үеийн буюу шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн ам.долларын төгрөгтэй харьцах ханш 2 422,5 төгрөгөөр тооцон 30 701 356 төгрөгийг хариуцагчаас шүүх гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт заасанд нийцжээ. Иймд гэрээ байгуулагдсан үеийн ханшаар төлнө гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй болно.

Харин дээрх үлдэгдэл төлбөрийн дүнгээс алданги тооцож шаардсаныг хангах үндэслэлгүй гэж үзэв.

“Орон сууц захиалгын гэрээ”-ний 5.3-т худалдагч тал нь орон сууцыг ажлын комисст хүлээлгэн өгснөөр үлдэгдэл төлбөрийн 20 хувийг төлөх талаар талууд тохиролцжээ.

 Хэрэгт орон сууцыг улсын комисст хүлээлгэн өгсөн талаар баримт авагдаагүй байна.  

Нэхэмжлэгч нь дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 2 дугаар сарын 15-ны 1278 дугаар шийдвэрээр байрыг улсын комисс 2010 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 211/2010 дугаар актаар хүлээн авсныг нэгэнт дүгнэж шийдвэрлэсэн, хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй тул гэрээний дагуу алданги шаардах эрхтэй гэж тайлбарласан Улсын Дээд шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн тогтоолд маргаж буй актыг засвартай, хариуцагч талын хувьд төлбөрөө төлөх хугацаа хэтрүүлсэн нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэсэн тул нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй байна.

Иймд зохигчид гэрээний 5.5-д заасан графикийн дагуу төлбөрөө хийгээгүй хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,01 хувиар алданги тооцож төлүүлэхээр харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт нийцэх хэдий ч  нэхэмжлэгч буюу худалдагч талыг биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь зохих ёсоор гүйцэтгэсэн гэдгээ нотлоогүй тул Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3-т зааснаар анз авах эрхээ алдсан гэж үзнэ.

Иймд улсын комисс барилгыг хүлээлгэн өгснөөр үлдэгдэл төлбөрийг төлөх ёстой байсан гэх нэхэмжлэлийн үндэслэлээ нотлоогүй, нэхэмжлэгч гэрээний үүргээ биелүүлснээр алданги шаардаж байгаа үндэслэл тогтоогдохгүй байх тул алдангид 9 995 207 төгрөг шаардсаныг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Мөн сууц өмчлөгчдийн холбооны төлбөрийг Ж.Батжаргалын өмнөөс төлсөн гэх боловч хэргийн 11 дүгээр талд авагдсан жагсаалт нь айл өрхийн төлбөрийн хэмжээг харуулахаас биш хариуцагч уг төлбөрийг Ж.Батжаргалын өмнөөс төлснийг нотлохгүй байх тул Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасан шаардах эрхийн үндэслэл тогтоогдохгүй байна.  Иймд нэхэмжлэлийн энэ хэсгийг хангах үндэслэлгүй.

Дээрх үндэслэлээр 30 701 356 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 102/ШШ2017/01993 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтыг нэгтгэн Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Түмэн овогт Жадамбаагийн Батжаргалаас 30 701 356 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Куонн У Мүннд олгож, Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул алдангийн 9 995 207 төгрөгийг болон нэхэмжлэгч “Жэй Эм технологи” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж  өөрчлөн найруулж,

шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын “хариуцагчаас 386 828 төгрөгийг гаргуулж” гэснийг “хариуцагчаас 311 456 төгрөгийг гаргуулж” гэж өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг  хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 287 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Э.ЗОЛЗАЯА

                        ШҮҮГЧИД                                           Д.БАЙГАЛМАА

                                                                                    А.ОТГОНЦЭЦЭГ