Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 01993

 

2017 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 102/ШШ2017/01993

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч Жэй Эм технологи ХХК болон хамтран нэхэмжлэгч Куонн У Мүннийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Түмэн овогт Жадамбагийн Батжаргалд холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 40.696.563 төгрөг 67 мөнгө төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Жэй Эм технологи ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Баярсайхан, хамтран нэхэмжлэгч Куонн У Мүнн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Тэгшмандал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Энхбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь

 

Нэхэмжлэгч Жэй Эм технологи ХХК болон хамтран нэхэмжлэгч Куонн У Мүнн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани захиалга өгч Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжинд 68 дугаартай, 25 айлын барилгыг 2006 оны 7 дугаар сараас эхэлж бариулсан бөгөөд тус байрны 5 тоот орон сууцыг иргэн Жадамба овогтой Батжаргал захиалж, компанийн захирал БНСУ-ын иргэн Куонн У Мүннтэй 2007 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Орон сууц захиалгын гэрээ байгуулсан.

Барилга 2007 оны 12 дугаар сард баригдаж дуусаад, захиалагчдад түлхүүрийг өгснөөр айлууд нүүн орж, Батжаргалаас бусад айлууд үлдэгдэл төлбөрөө Жэй Эм технологи ХХК-д гүйцээж төлөн, Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ-г өөрсдийн нэр дээр авсан болно.

Гэрээнд заасан байрны нийт үнэ 34.956 ам.доллараас, Батжаргал 2007 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 3.200 ам.доллар, 2007 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 800 ам.доллар, 2008 оны 3 дугаар сарын 28-ны өдөр 1.500.000 төгрөг буюу 1.283 ам.доллар, 2008 оны 06 дугаар сарын 24-ний өдөр 5.000 ам.доллар, 2008 оны 7 дугаар сарын 05-нд 2000 ам.доллар, нийт 22.283 ам.долларыг төлсөн.

Одоо үлдэгдэл 12.673 ам.доллар, мөн СӨХ байгуулагдтал байрны ашиглалтыг хариуцаж байсан хугацааны 2012 оны 1 дүгээр сарын байдлаарх ашиглалтын төлбөр 118.581 төгрөгийг төлөхгүй явсаар өдий хүрлээ.

Ийнхүү Батжаргал төлбөрөө сайн дураар барагдуулахгүй байсан тул 2013-2014 онуудад Иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан.

Дээрх байрны Өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг 2014 оны 8 дугаар сард Куонн У Мүнн өөрийн нэр дээр авсан байсныг иргэн Ж.Батжаргал эзэмшлээс албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийг Иргэний хэргийн шүүхэд гаргаж, Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Давж заалдах болон Хяналтын шатны шүүхүүд хэвээр үлдээсэн буюу дахин Батжаргал БНСУ-ын иргэн Куонн У Мүнний нэр дээр бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулж, уг үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр бүртгүүлэхээр Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасныг, Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүх 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 513 тоот Магадлалаар бүртгэлийг хүчингүй болгон, үлдэх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд талууд Хяналтын журмаар гомдол гаргаагүй болно.

Тухайн үед Батжаргал шүүхэд гаргасан хариу тайлбартаа Түлхүүр гардах 2008 оны 6 дугаар сарын 24-ний өдөр..., бидний хооронд 12.673 ам.долларын үлдэгдэл бий, мөнгийг Жэй Эм технологи ХХК-д бэлнээр төлж байсан гэж хүлээн зөвшөөрдөг тул гэрээний заасны дагуу иргэн Түмэн овогт Жадамбагийн Батжаргалаас төлбөрөө төлөөгүй хоног тутамд төлөх ёстой үнийн дүнгийн 0.01 хувийн алданги 2008 оны 7дугаар сарын 05-ны өдрөөс хойш, өнөөдрийг хүртэлх 8 жил 9 сар 20 хоногийн 9.876.626,33 төгрөг, байрны үлдэгдэл төлбөр 12.673 ам. доллар буюу 30.701.356,34 төгрөг, байр ашиглалтын төлбөр 118.581 төгрөг, нийт 40.696.563.67 төгрөгийг Жэй Эм технологи ХХК болон хамтран нэхэмжлэгч Куонн У Мүннид гаргуулан шийдвэрлэж өгнө үү, гэжээ.

 

Хамтран нэхэмжлэгч Коунн У Мүнний шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлээ дэмжиж байна. Би 2007 онд иргэн Ж.Батжаргалтай Орон сууц захиалгын гэрээ байгуулж, Баянзүрх дүүрэгт 68 дугаар байрыг өөрийнхөө хөрөнгөөр барьж гүйцэтгэсэн.

Өнөөдрийн байдлаар байранд бүх оршин суугчид орсон боловч Батжаргалаас өөр төлбөрийн үлдэгдэлтэй оршин суугч байхгүй. Батжаргал надад эвлэрэх санал тавьсан ч хүлээн аваагүй. Яагаад бэ? гэхээр энэ байрыг барихын тулд би Солонгос улсаас их хэмжээний зээл аваад, төлж дуусаагүй, 2007 оноос хойш хариуцагч байранд амьдарч, үлдэгдэл мөнгөө өгөхгүй, СӨХ-ийн төлбөрөө төлөхгүй, би мөнгийг нь төлж байна. Төлбөрөө төлөх байх гэж бодон, найдаж хүлээсэн. Байрыг Улсын комисс хүлээн аваагүйг оршин суугчид бүгд мэднэ. Хуулинд 3 жил үйл ажиллагаа нь жигдэртэл гэсэн учраас тус байрны засвар үйлчилгээ, чанарыг нь хамгаалж, ажилласан. Батжаргал мэдэж байгаа. Миний нэр дээрх 68 дугаар байрны 5 тоот орон сууц, авто зогсоолыг хариуцагч шүүхэд хандаж бүртгэлийг хүчингүй болгуулан, өөрийгөө өмчлөгчөөр тогтоолгосон тул төлбөрөө төлөх ёстой. Гэрээний дагуу алданги тооцно. 8 жил гаруй байранд амьдарч, ашигласан. Т.Баярсайхантай санал нэг байгаа гэжээ.

Жэй Эм технологи ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Баярсайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцоно. Эвлэрэх боломжгүй. Хариуцагчийг удаа дараа төлбөрөө төлөхийг шаардсан ч төлөөгүй. Улсын комисс хүлээж аваагүй гэж хариуцагч хэлдэг ч 2007 оны 6 дугаар сард байрны түлхүүрээ хүлээн авч өнөөдрийг хүртэл амьдарсаар байгаа. Энэ хугацаанд комисс хүлээн аваагүй талаар ямар нэгэн маргаан гаргаагүй. Харин хамтран нэхэмжлэгчийн нэр дээр 68 дугаар байрны 5 тоот орон сууц, авто зогсоол бүртгэлтэй байсныг хүчингүй болгуулж, өөрийн өмчлөлд бүртгүүлэхээр болсон учраас гэрээний дагуу алданги болон СӨХ-ийн төлбөрөө төлөх нь зүйтэй.

Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч манай компанийг нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэх тайлбарыг өгсөн байсан.

Нэхэмжлэлийн шаардлага нэг, зорилго нэг тул хамтран нэхэмжлэгчээр Куонн У Мүннийг оролцуулахад татгалзах зүйлгүй. Жэй Эм технологи ХХК нь нэхэмжлэлээсээ татгалзаж байна.

Иймээс хариуцагчаас алданги 9.876.626.33 төгрөг, байрны үлдэгдэл 12.673 ам.доллар буюу 30.701.356,34 төгрөг, байр ашиглалтын төлбөр 118.581 төгрөг, нийт 40.696.563.67 төгрөгийг гаргуулж өгнө үү, гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчи Ж.Тэгшмандал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасантайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байна.

1.Ж.Батжаргал Жэй Эм технологи ХХК-тай Орон сууц захиалгын гэрээ байгуулаагүй. Жэй Эм технологи ХХК нэхэмжлэгч гэж өөрийгөө үзэж байгаа бол нэхэмжлэлийн шаардлага гаргах эрх бүхий субъект биш гэж үзэж байна.

2.Орон сууц захиалгын гэрээ-г Ж.Батжаргал, БНСУ-ын иргэн Куон У Мүннтэй байгуулсан бөгөөд Жэй Эм технологи ХХК-ийн өмнө ямар нэгэн үүрэг хүлээгээгүй.

3.Орон сууц захиалгын болон Авто зогсоол худалдах, худалдан авах гэрээтэй холбоотойгоор Иргэний болон Захиргааны хэргийн шүүхүүдэд БНСУ-ын иргэн Куон У Мүннтэй маргаан үүсгэн шийдвэрлүүлж байсан болохоос Жэй Эм технологи ХХК-тай маргаан үүсгэн шийдвэрлүүлж байгаагүй. Тэгэхээр Жэй Эм технологи ХХК нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд юм. Нөгөө талаас өмнө нь шүүхээр шийдвэрлэж хүчин төгөлдөр болсон асуудлаар нэхэмжлэл гаргасныг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, татгалзах үндэслэл болно.

Хариуцагч үлдэгдэл 12.673 ам.доллар төлөхийг зөвшөөрнө. Гэхдээ тухайн үеийн ханшнаас 2 дахин ихээр бодогдож байгаа тул шүүх анхаарна уу? СӨХ-ийн төлбөр, алданги төлөхгүй. Гэрээгээр комисст хүлээлгэн өгсөн үед 40 хувийг төлөх заалттай. Өнөөдөр 68 дугаар байрыг хүлээж аваагүй. Манай талаас 2 удаа эвлэрэх санал тавьсан боловч зөвшөөрөөгүй гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь

 

Нэхэмжлэгч Жэй Эм технологи ХХК болон хамтран нэхэмжлэгч Куонн У Мүнн , хариуцагч Ж.Батжаргалаас худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 40.696.563 төгрөг 67 мөнгө гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч 12.673 ам.доллар төлөхийг хүлээн зөвшөөрч, алданги 9.876.626 төгрөг 33 мөнгө, СӨХ-ийн төлбөр 118.581 төгрөгийг төлөхгүй гэж маргаж байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

         Нэхэмжлэгч БНСУ-ын иргэн, 6936098 тоот иргэний үнэмлэхтэй, КОR680301 регистрийн дугаартай, Куонн У Мүнн, хариуцагч Жадамба овогтой Батжаргалтай 2007 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр, 15 тоот, Орон сууц захиалгын гэрээ-г Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно гэж зааснаар талууд харилцан тохиролцож, хүсэл зоригоо илэрхийлэн, гарын үсгээ зурж, баталгаажуулснаар гэрээ байгуулагдсан нь нотлогдож байна.

         Талууд харилцан тохиролцож, хүсэл зоригоо илэрхийлэн дээрх гэрээг байгуулсан учраас гэрээг хуулийн дагуу байгуулагдсан гэж үзэж, худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 40.696.563 төгрөг 67 мөнгө нэхэмжилсэн нэхэмжлэгчийн шаардлага үндэслэлтэй гэж үзлээ.

         Хариуцагч гэрээнд заасны дагуу орон сууцны үнэ 34.956 ам.доллар төлөх ёстойгоос 2007 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 13.200 ам.доллар, 2007 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 800 ам.доллар, 2008 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 1.500.000 төгрөг буюу 1283 ам доллар, 2008 оны 6 дугаар сарын 24-ний өдөр 5000 ам.доллар, 2008 оны 7 дугаар сарын 05-ны өдөр 2000 ам.доллар, нийт 22.283 ам. доллар төлсөн бөгөөд үлдэгдэл 12.673 ам доллар буюу 30.701.356 төгрөг 34 мөнгийг төлөх үүрэгтэйг нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож, талууд энэ тал дээр маргаагүй болно.

         Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ. Нэхэмжлэгч 2008 оны 6 дугаар сарын 26-ны өдөр байрны түлхүүрийг гардуулан өгч, өнөөдрийг хүртэл хариуцагч тухайн байранд оршин сууж байгаа талаараа маргаагүй боловч Улсын комисс 68 дугаар байрыг хүлээн аваагүй тул алданги, СӨХ-ийн төлбөр төлөхгүй гэж маргаж байгаа нь үндэслэлгүй гэж шүүх үзлээ. Учир нь:

Талуудын хооронд байгуулсан гэрээний 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт Байр захиалахдаа төлбөрийг 3 үе шаттай хийнэ. Урьдчилгаа 40 хувь, ажлын комиссоор орсны дараа 40 хувь, түлхүүр гардуулахад үлдсэн 20 хувийг төлнө гэж гол нөхцөлийг тохирсон боловч шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Тэгшмандал Баянзүрх дүүрэгт байрлах, Ж.Батжаргалын амьдарч байгаа 68 дугаар байрыг Улсын комисс хүлээн аваагүй талаар маргаж байгаагүй, харин төлбөрийн үлдэгдэл дээр эвлэрэх санал тавьсан, нэхэмжлэгч Куонн У Мүнн 68 дугаар байрыг Улсын комисст хүлээлгэж өгөөгүй. Энэ талаар оршин суугчид мэдэж байгаа. Өмчлөх эрхийн гэрчилгээнүүд гарсан. Хуулиндаа 3 жил ашиглалт, хамгаалалтыг нь хариуцана гэснээр өнөөдрийг хүртэл бид хэвийн үйл ажиллагааг ханган ажиллаж байгаа гэх зохигчдын тайлбараар нэхэмжлэгч гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн хэдий ч хариуцагч Улсын комисс хүлээн аваагүйг мэдсэн атлаа байрны түлхүүрийг гардан авч мөн авто зогсоолыг ашиглан, 8 жил гаруй амьдрахдаа гэрээний 7 дугаар зүйлийн 7.4 дэх хэсэгт гэрээтэй холбогдон үүссэн маргааныг 2 тал зөвшилцөн шийдвэрлэх ба ингэх боломжгүй нөхцөлд хуулийн байгууллагад хандана, Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт .Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэгчийг гэрээний үүргээ биелүүлээгүй, эрхийн доголдолтой эд хөрөнгө шилжүүлж, барилгыг хүлээлгэн өгөөгүй талаар шаардаж, төлбөрийн асуудлаар маргаан үүсгээгүй болох нь тогтоогдож байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1 дэх хэсэгт хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ, мөн хуулийн 232.3 дахь хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ гэж зааснаар нэхэмжлэгч тал гэрээний дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.01 хувиар тооцож алданги нэхэмжлэх эрхтэй байна.

Иймээс нэхэмжлэгч 2008 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн байдлаарх үлдэгдэл 12.673 ам.доллар, 8 жил 9 сар 20 хоногийн алдангийг шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрийн Монгол банкны ханшаар 1 ам.долларыг 2422.58 төгрөгөөр тооцож, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэсэн заалтыг зөрчөөгүй, хуулинд нийцэж, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнд алданги 9.876.626 төгрөг 33 мөнгө, нийт 40.696.563 төгрөг 67 мөнгө, мөн хариуцагч СӨХ-ийн төлбөрөө төлөөгүй, түүний төлбөрийг нэхэмжлэгч төлсөн нь хавтас хэргийн 11 дүгээр хуудсанд авагдсан баримт болон зохигчдын тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаадлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

2017 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад нэхэмжлэгч Жэй Эм технологи ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Баярсайхан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болохыг дурдах нь зүйтэй.

Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, хуулийн дагуу цуглуулсан, нотлох баримтын шаардлага хангасан, үнэн зөв эргэлзээгүй баримтууд гэж дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 361.440 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 361.440 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115

дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Түмэн овогт Жадамбагийн Батжаргалаас худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 40.696.563 төгрөг 67 мөнгийг гаргуулж, нэхэмжлэгч Куонн У Мүннд олгосугай.

 

2.Нэхэмжлэгч Жэй Эм технологи ХХК нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болохыг дурдсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 386.828 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 386.828 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Куонн У Мүннд олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АРИУНАА