Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 184/ШШ2017/01637

 

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 07 сарын 20 өдөр

        Дугаар 184/ШШ2017/01637

                Улаанбаатар хот

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранзул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 70 байр, 3 тоот хаягт оршин суух, Майдар овогт Ганчулууны Соёлмаа /РД:ЦЗ86091361/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 9 дүгээр хороо, Баруун баян уул, 7 гудамж, 35 тоот хаягт оршин суух, Боржигин овогт Базарын Оюунтуул /РД:ЧБ88012069/-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 10.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Баярдалай, хариуцагчийн өмгөөлөгч Б.Энхбаяр, гэрч О.Баярсайхан, M.Цоггэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Одончимэг нар оролцов.                                                                                                

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганбат нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Г.Соёлмаа нь  2017 оны 5 сарын 10-ны өдөр Б.Оюунтуулын удаа дараагийн хүсэлтээр амаар харилцан тохиролцож 10.000.000 төгрөгийг 5 хоногийн хугацаатай зээлүүлсэн. Хавтаст хэрэгт Г.Соёлмаагаас 10.000.000 төгрөг зээлдүүлэв гэсэн баримт авагдсан. Гэвч зээлийн хугацаа хэтэрч, 2017 оны 5 сарын 17-ны өдөр зээлээ авахаар буцааж шаардахад мөнгө байхгүй байна хүлээж бай гэсэн шалтгаанаар өнөөдрийг хүрсэн тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасны дагуу 10.000.000 төгрөгөө нэхэмжилж байна” гэв.  

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Баярдалай нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “10.000.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Б.Оюунтуул нь 2017 оны 4 сарын 21-ний өдөр Г.Соёлмаагийн нөхөр О.Баярсайханаас 30.000.000 төгрөгийг 10 хувийн хүүтэй зээлж, 2017 оны 5 сарын 5-ны өдөр төлөхөөр, 2017 оны 5 сарын 02-ны өдөр Г.Соёлмаагаас 5.000.000 төгрөгийг 2017 оны 5 сарын 5-ны өдөр төлөхөөр 2 хоногийн хугацаатай амаар тохирч авсан. 2017 оны 5 сарын 5-ны өдөр О.Баярсайхан, Г.Соёлмаа нарын хүсэлтээр 30.000.000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэг болох 3.000.000 төгрөг, нийт 33.000.000 төгрөг, 5.000.000 төгрөг болон өөрсдийнх нь хүссэн 8.500.000 төгрөг, нийт 46.500.000 төгрөгийг Б.Соёлмаагийн Хаан банкны 5753517243 тоот дансанд иргэн н.Мандахбаярын 5059387767 данснаас шилжүүлж өгсөн. Г.Соёлмаагаас 2017 оны 5 сарын 10-ны өдөр зээлсэн 8.500.000 төгрөгөө надад мөнгө хэрэгтэй боллоо. Нөгөө мөнгөө буцааж авъя гэдэг байдлаар хүсэлт гаргахад 10.000.000 төгрөгийг Г.Соёлмаагаас Б.Оюунтуулын дансанд шилжүүлсэн. Ингээд 8.500.000 төгрөгийг хасаж үлдэгдэл 1.500.000 төгрөгийн үлдэгдэлтэй болсон гэж тооцож байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагаас 1.500.000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Үлдэх 8.500.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй” гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “30.000.000 төгрөгийг 40.000.000 төгрөг болгож өгнө гэж хэлсэн гэж байна. Асуудлыг амаар биш нотлох баримтын хэмжээнд шийдэх ёстой байх. 2017 оны 4 сарын 21-ний өдөр 30.000.000 төгрөгийг 10 хувийн хүүтэй 33.000.000 төгрөг болгож өгнө гэсэн байтал 40.000.000 төгрөг гэж ярьж болохгүй. 2017 оны 5 сарын 02-ны өдөр 5.000.000 төгрөг зээлж 1.500.000 төгрөг нэмж өгнө гэсэн гэж ярьж байгаа боловч хэрэгт 5.000.000 төгрөг зээлсэн гэрээ байхгүй. Ийм тохиролцоо Б.Оюунтуул байгаагүй гэж ярьдаг. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд зааснаар зээлийн гэрээг хүүтэй бол бичгээр байгуулна гэсэн байдаг. Гэтэл 5.000.000 төгрөгийн бичгийн гэрээ байхгүй мөн дээр нь хүү авна гэсэн нотлох баримтаар нотлогдсон зүйл байхгүй. 30.000.000 төгрөгөө 33.000.000 төгрөг болгож өгсөн. 5.000.000 төгрөгийн зээл авч 5.000.000 төгрөг өгсөн. 38.500.000 төгрөг өгсөн. 8.500.000 төгрөгийг нэхэмжлэгчийн хүсэлтээр өгсөн гэдэг нь харагдаж байна. 8.500.000 төгрөг дээр зээлийн гэрээ байхгүй гэж байна. Тэгвэл 5.000.000 төгрөгт ч зээлийн гэрээ байхгүй. Цаг хугацааны хувьд 2017 оны 5 дугаар сарын 5-ны өдөр 38.500.000 төгрөгөө өгсөн. Харин нэмж мөнгө зээлнэ гэсэн учраас 8.500.000 төгрөг өгсөн. Хуульд бичгээр гэрээ байхгүй тохиолдолд мөнгөө хэрэгцээ шаардлагатай үедээ нэхэж авах эрхтэй. Энэ эрхийнхээ дагуу нэхсэн. 8.500.000 төгрөг дээрээ нэмж 1.500.000 төгрөг хэрэгтэй байна гэж тохиролцсоны улмаас 10.000.000 төгрөгийг зээлсэн байдаг. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд зааснаар хэн хэн нь мөнгө зээлж өгсөн. Өмнө нь зээлсэн 8.500.000 төгрөгөө тооцож 1.500.000 төгрөгийг өгөх үндэслэлтэй гэж үзэж байна. Иргэний хуулийн 281, 282, 283 дахь хэсэгт зааснаас гадна өмнөх мөнгөө бие биедээ зээлсэн үүргээ барагдуулах, үлдсэн 1.500.000 төгрөгөө өгнө гэсэн байр суурьтай байна” гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                                                                         

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч Г.Соёлмаа нь хариуцагч Б.Оюунтуулд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 10.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч нь “...Б.Оюунтуулын хүсэлтээр 2017 оны 5 сарын 10-ны өдөр 10.000.000 төгрөгийг амаар харилцан тохиролцож 5 хоногийн хугацаатай зээлсэн тул Б.Оюунтуулаас үндсэн зээл 10.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү...” хэмээн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарласан. 

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “...нэхэмжлэлийн шаардлагаас 1.500.000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. 8.500.000 төгрөгийг 2017 оны 5 сарын 5-нд Г.Соёлмаад зээлсэн тул уг мөнгөө тооцож буцаан авсан учир хүлээн зөвшөөрөхгүй...” гэж маргав.

Нэхэмжлэгч Г.Соёлмаа нь 2017 оны 5 сарын 10-ны өдөр 10.000.000 төгрөгийг “Хаан” банк дахь өөрийн 5753517243 тоот данснаас хариуцагч Б.Оюунтуулын 5166004454 тоот “Хаан” банк дахь дансанд “Соёлмаагаас зээлүүлэв” гэсэн утгатайгаар шилжүүлсэн болох нь “Хаан” банкны дансны хуулгуудаар нотлогдов. /хх-5, 12, 28х/

 

Хариуцагч Б.Оюунтуул нь “...2017 оны 5 сарын 5-нд Г.Соёлмаагийн 5753517243 тоот дансанд 46.500.000 төгрөг шилжүүлсэний 38.000.000 төгрөг нь нэхэмжлэгч Г.Соёлмаагийн нөхөр О.Баярсайханаас 2017 оны 4 сарын 21-ний өдөр зээлсэн 30.000.000 төгрөг хүүгийн хамт 33.000.000 төгрөг, Г.Соёлмаагаас 2017 оны 5 сарын 02-ны өдөр зээлсэн 5.000.000 төгрөг. Үлдсэн 8.500.000 төгрөгийг нэхэмжлэгчид зээлсэн тул энэ мөнгөө 2017 оны 5 сарын 10-ны өдөр буцааж авахдаа 1.500.000 төгрөг зээлсэн хэмээн тайлбарлав.

 

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд Б.Оюунтуулыг нэхэмжлэгч Г.Соёлмаад 8.500.000 төгрөг зээлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Учир нь 2017 оны 05 сарын 05-ны өдөр “Хаан” банк дахь Г.Соёлмаагийн 5753517243 тоот дансанд 5059387765 тоот данснаас 46.500.000 төгрөг орж ирсэн байна. Энэхүү  5059387765 тоот “Хаан” банк дахь дансыг ЕЕ86080513 регистрийн дугаартай Нэмэхийн Мандахбаяр гэх хүн эзэмшдэг болох нь “Хаан” банкны 2017 оны 06 сарын 20-ны өдрийн 29/7368 дугаар албан тоотоор тогтоогдов.  /хх-27,28х/

 

Хариуцагч Б.Оюунтуул нь нэхэмжлэгчийн нөхөр О.Баярсайханаас зээлсэн мөнгөө төлөхдөө Г.Соёлмаад 8.500.000 төгрөг зээлсэн гэж тайлбарлах боловч энэ нь баримтаар нотлогдоогүй болно. Хариуцагч нь уг 8.500.000 төгрөгийг нэхэмжлэгчээс шаардаж сөрөг нэхэмжлэл гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Хэдийгээр хариуцагч нь нэхэмжлэгчийн нөхөр О.Баярсайханаас зээлсэн 2017 оны 4 сарын 21-ний өдрийн зээлийн гэрээний дагуух 30.000.000 төгрөг, Г.Соёлмаагаас зээлсэн гэх 5.000.000 төгрөгийн талаар тайлбарладаг боловч шүүх энэхүү 2 зээлийн тухайд эрхзүйн ямар нэгэн дүгнэлт хийх боломжгүй, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд буюу 2017 оны 5 сарын 10-ны өдрийн 10.000.000 төгрөг зээлсэн маргааныг хянан шийдвэрлэсэн болно. О.Баярсайхан, Г.Соёлмаа нар нь иргэний эрхзүйн чадамж бүхий тусдаа субьектүүд юм.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т “зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагчийн дансанд 10.000.000 төгрөг шилжүүлснээр зээлийн гэрээ талуудын хооронд байгуулагдсан гэж үзнэ.

 

Мөн Иргэний хуулийн  283 дугаар зүйлийн 283.1-т “зээлийн гэрээгээр зээлийг буцааж төлөх хугацаа тогтоогоогүй бол зээлдүүлэгчийн шаардсанаар түүнийг буцааж төлөх бөгөөд ийнхүү шаардсанаас хойш нэг сарын дотор зээлдэгч үүргээ биелүүлнэ” гэж заасан ба хариуцагч Б.Оюунтуул нь нэхэмжлэгч Г.Соёлмаагаас зээлсэн 10.000.000 төгрөгийг буцаан төлөх үүргээ биелүүлээгүй байх тул хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 10.000.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзэв.

 

Нэхэмжлэлийг бүхэлд нь хангасантай холбогдуулан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 174.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 174.950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон                                                     

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Оюунтуулаас 10.000.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Соёлмаад олгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Г.Соёлмаагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Оюунтуулаас 174.950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г.Соёлмаад олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болох ба хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Д.УРАНЗУЛ