Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 2004

 

 

Г.С-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 184/ШШ2017/01637 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Г.С-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б.О-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 10 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.С нь 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Б.О-ын удаа дараагийн хүсэлтээр амаар харилцан тохиролцож 10 000 000 төгрөгийг 5 хоногийн хугацаатай зээлүүлсэн. Хэрэгт “Г.С-аас 10 000 000 төгрөг зээлдүүлэв” гэсэн баримт авагдсан. Гэвч зээлийн хугацаа хэтэрч, 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдөр зээлээ авахаар буцааж шаардахад “мөнгө байхгүй байна, хүлээж бай” гэсэн шалтгаанаар өнөөдрийг хүрсэн тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасны дагуу 10 000 000 төгрөгөө нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 10 000 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь Б.О нь 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Г.С-ийн нөхөр О.Б-аас 30 000 000 төгрөгийг 10 хувийн хүүтэй зээлж, 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдөр төлөхөөр, 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдөр Г.С-аас 5 000 000 төгрөгийг 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдөр төлөхөөр 2 хоногийн хугацаатай амаар тохирч авсан. 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдөр О.Б, Г.С нарын хүсэлтээр 30 000 000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэг болох 3 000 000 төгрөг, нийт 33 000 000 төгрөг, 5 000 000 төгрөг болон өөрсдийнх нь хүссэн 8 500 000 төгрөг, нийт 46 500 000 төгрөгийг Б.С-ийн Хаан банкны 5753517243 тоот дансанд иргэн н.Мандахбаярын 5059387767 данснаас шилжүүлж өгсөн. Г.С-аас 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдөр зээлсэн 8 500 000 төгрөгөө “надад мөнгө хэрэгтэй боллоо, нөгөө мөнгөө буцааж авъя” гэдэг байдлаар хүсэлт гаргахад 10 000 000 төгрөгийг Г.С-аас Б.О-ын дансанд шилжүүлсэн. Ингээд 8 500 000 төгрөгийг хасч үлдэгдэл 1 500 000 төгрөгийн үлдэгдэлтэй болсон гэж тооцож байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагаас 1 500 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Үлдэх 8 500 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч Б.О-аас 10.000.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.С-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Г.С-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.О-с 174 950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г.С-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Гэрчийн мэдүүлэг өгсөн Г.С-ийн нөхөр Б нь "би 30 000 000 төгрөгөө 40 000 000 болгохоор тохирч гэрээ байгуулах гэсэн боловч наториат зөвшөөрөхгүй байсан тул 10 хувийн хүүтэй гэрээ байгуулсан, харин 5 000 000 төгрөгийг эхнэр бид хоёр ярилцаж байгаад түүнд зээлэхдээ 6 500 000 төгрөг болгож авахаар тохирсон ч зээлийн гэрээ байгуулаагүй, 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдөр эхнэр Г.С-ийн дансанд орсон 46 500 000 төгрөг орсон" гэж мэдүүлсэн. Г.С нь нөхөр Б-гийн хамт Б.О-ын 8 500 000 төгрөгийг ямар ч үндэслэлгүйгээр авсан байхад шүүх "46 500 000 төгрөг нь Н.Мандахбаярын данснаас орсон байх тул Б.О нь Г.С-д 8 500 000 төгрөг зээлсэн гэх үндэслэл тогтоогдохгүй байна, мөн хариуцагч нь 8 500 000 төгрөгийг нэхэмжлэгчээс шаардаж сөрөг нэхэмжлэл гаргаагүй байна..." хэмээн шийдвэрийнхээ үндэслэлийг тайлбарлажээ. 46 500 000 төгрөг хэдийгээр Н.Мандахбаярын данснаас орсон ч Б.О-аас шилжүүлсэн мөнгө гэдгийг Г.С, Б нар мэдэж байгаа тул "энэ мөнгө бол бидний мөнгө гэдгийг хүлээн зөвшөөрсөн", харин зээлэн авсан 8 500 000 төгрөгийг буцааж өгөхгүй байх арга заль хайж байгааг шүүх анхаарсангүй. Талуудын хүсэл зоригийн илэрхийллийг наториат гэрчилдэг, харин наториат зээлийн гэрээг заавал 10 хувийн хүүтэй байгуул хэмээн гэрээний талуудын эрх чөлөөнд халддаггүй. Мөн шүүх Б.О-ын Г.С-д зээлсэн 8 500 000 төгрөг, Г.С-с зээлсэн 10 000 000 төгрөгийн үүргийг харилцан хооронд нь тооцож шийдвэрлээгүй ба хариуцагчийг сөрөг нэхэмжлэл гаргаагүй гэж үзсэн нь үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагаас 8 500 000 төгрөг хасч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

 

            Нэхэмжлэгч Г.С нь хариуцагч Б.О-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 10 000 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Б.О-д 10 000 000 төгрөгийг, 5 хоногийн хугацаатай зээлэх гэж тодорхойлжээ.

 

            Хэргийн 28 дугаар тал дахь Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга авагдсан байх бөгөөд уг баримтаас үзвэл нэхэмжлэгч Г.С 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдөр өөрийн эзэмшлийн Хаан банкны 5753517243 тоот данснаас хариуцагч Б.О-ын эзэмшлийн Хаан банкны 5166004454 тоот данс руу 10 000 000 төгрөгийг шилжүүлэхдээ гүйлгээний утгыг “зээлдүүлэв” гэж тодорхойлсон нь тогтоогдсон.

 

Хариуцагч Б.О татгалзлаа 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэгч Б.С-гийн дансанд 46 500 000 төгрөг шилжүүлсний 30 000 000 төгрөг нь түүний нөхөр О.Б-с зээлсэн мөнгөн хөрөнгө бөгөөд хүүгийн хамт 33 000 000 төгрөгийг, мөн Г.С-с 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдөр зээлсэн 5 000 000 төгрөгийг тус тус төлсөн, үлдэх 8 500 000 төгрөгийг Б.С-д зээлдүүлсэн ба энэ мөнгийг буцааж авахдаа түүнээс 1 500 000 төгрөг зээлсэн гэж маргасан боловч тэрээр энэхүү тайлбараа баримтаар нотолж чадаагүй байна.

 

Талууд бичгээр зээлийн гэрээ байгуулаагүй боловч нэхэмжлэгч Г.С нь 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 10 000 000 төгрөгийг хариуцагч Б.О-д шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтууд болон зохигчдын тайлбараар тогтоогджээ.

      /хх 5 дугаар тал/

 

Зохигчдын хооронд 10 000 000 төгрөгийн зээлийн гэрээний харилцаа үүссэн талаар хийсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

Зээлдүүлэгч зээлийн гэрээний хугацаа тохиролцоогүй тохиолдолд мөнгөн хөрөнгийг буцаан шаардсан үед зээлдэгч төлөх үүрэгтэй ба Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1 дэх хэсэгт заасны дагуу хэдийд ч зээлдэгчээс зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй ба энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг зөв гэж үзнэ.

 

            Хариуцагч нь нэхэмжлэгчид 8 500 000 төгрөг зээлсэн гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй тул энэ талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 184/ШШ2017/01637 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 151 000 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Э.ЗОЛЗАЯА

 

                                         ШҮҮГЧИД                                      А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                                              Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ