Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 184/ШШ2017/01635

 

 

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 07 сарын 20 өдөр

      Дугаар 184/ШШ2017/01635

               Улаанбаатар хот

 

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранзул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, 11 хороолол, Эрхүүгийн гудамж, Ореинт центр, 5 давхарт байрлах “Монхауз” ХХК /РД:2678004/-ийн нэхэмжлэлтэй, 

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 29 дүгээр хороо, 21 байр, 37 тоот хаягт оршин суух, Мөнх овогт Жамцын Чинзориг /РД:ЧН61062872/

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Хурд хороолол, 6а байр, 82 тоотод байрлах Хадан Ус ХХК /РД:2547139/-ийн захирал Ц.Эрдэнэ нарт холбогдох

 

Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, орон сууцнаас албадан гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Энхмаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Мөнхбат, хариуцагч Ж.Чинзориг, хариуцагч “Хадан ус” ХХК-ийн захирал Ц.Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Одончимэг нар оролцов.      

                                                                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

“Монхауз” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Монхауз” ХХК нь “Хадан Ус” ХХК-ийн захирал Ц.Эрдэнэтэй 2013 онд уулзаж ярилцан түүний эзэмшлийн газар буюу Сонгинохайрхан дүүрэг, 29 дүгээр хороо, Драгон төвийн ар талын 1566 м.кв газарт “Монхауз” ХХК нь 100 хувь хөрөнгө оруулж 3 блок байр барих болж эхний ээлжийн 16 давхар байрыг барьж 2016 оны 11 сард ашиглалтад оруулсан юм. Үүнийг баталж Ү-2201038671 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000348154 тоот гэрчилгээ 2014 оны 9 сарын 8-ны өдөр гарсан. 2013 оны 4 сарын 15-ны өдрийн “Хөрөнгө оруулалтын гэрээ”, 2014 оны 4 сарын 23-ны өдрийн “Нэмэлт гэрээ”, 2015 оны 12 сарын 22-ны өдрийн “Нэмэлт гэрээ”, 2016 оны 9 сарын 22-ны өдрийн “Нэмэлт гэрээ”, 2016 оны 9 сарын 22-ны өдрийн “Хадан Ус” ХХК-ийн албан бичиг зэрэг тодорхойлох юм. Дээрх гэрээнд газрын төлбөр болон оруулсан хөрөнгө оруулалтанд Ц.Эрдэнэд 2015 оны 12 сарын 22-ны өдрийн “Нэмэлт гэрээ”-ний хавсралтад дурдсан 13 байруудыг өгөхөөр харилцан тохиролцсон байна. Гэтэл Ц.Эрдэнэ дураар аашилж гэрээнд тохиролцсон байрнаас өөрийн өртэй Ж.Чинзоригтод өгөлгүй, манай мэдлийн байрыг бидэнд мэдэгдэлгүйгээр өгч, бидний өмчлөх эрхэд шууд халдаж, хүндрэл учруулсныг бид мэдэж шүүхэд хандсан. Гэтэл 2016 оны 9 сард Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас хүн ирж “...эвлэрлийн гэрээний захирамжтай байр байна. Ж.Чинзориг гэж хүний нэхэмжлэлтэй захирамж байна” гэж 3 байрыг битүүмжлэхээр ирсэн. Бид үүнийг хүлээн зөвшөөрөөгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд Ц.Эрдэнийн өөрийнх нь 13 байрнаас авах боломжтой. Энэ байрууд манай өмч, манай байрууд өмчлөх эрхийн гэрчилгээтэй, бид мэдээгүй байхад Ж.Чинзориг гэж хүнд Ц.Эрдэнэ өгсөн байна гэж удаа дараа хандсан. Ингээд 2017 оны 1 сард 3 байрны хаалганы голыг сольж 2017 оны 5 сард үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг Ж.Чинзориг гаргуулж авсан байсан. “Монхауз” ХХК-тай орон сууцны гэрчилгээ шилжүүлэх ямар нэг гэрээ хэлцэл хийгээгүй байхад үл хөдлөх хөрөнгийн газар орон сууцны гэрчилгээ гаргаж өгсөн. Ийм учраас уг байрууд манай компанийн өмчийн байр, тус байрыг Ц.Эрдэнэ, Ж.Чинзориг нар үндэслэлгүйгээр хөрөнгөжиж хоорондоо үгсэн хуйвалдаж шүүхэд худал хэлж “Монхауз” ХХК-ийн өмчлөлийн 3 орон сууцыг авсан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд “Хадан Ус” ХХК-ийн захирал Ц.Эрдэнэ, Ж.Чинзориг нараас Сонгинохайрхан дүүрэг, 29 дүгээр хороо, 21 дүгээр байрны 6 давхрын №37 тоот 62.2 м.кв 3 өрөө, 6 давхрын №38 тоот 66.41 м.кв 3 өрөө, 10 давхрын №74 тоот 66.41 м.кв 3 өрөө тус тус байрыг гаргуулж, “Монхауз” ХХК хууль ёсны өмчлөгч болохыг тогтоож, дээрх байрнуудаас Ж.Чинзоригийг албадан гаргуулж өгнө үү гэжээ” гэв.

 

Хариуцагч “Хадан Ус” ХХК-ийн захирал Ц.Эрдэнэ нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн ярьж байгаа зүйл бүгд үнэн. 2015 оны 4 сарын 27-ны өдөр “Хадан ус” ХХК хөрөнгө гаргах боломжгүй гэж “Монхауз” ХХК дээр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулж цаашид өмчлөгчөөр явах тухай гэсэн тэмдэглэл хөтөлж гарын үсэг зурсан. “Монхауз” ХХК-ийн нэр дээр 21 дүгээр байрны өмчлөлийн гэрчилгээ гарсан. Ж.Чинзориг бид хоёрын хоорондын маргаан 2008 оны 7 сарын 30-ны өдөр байгуулсан хамтран ажиллах, хөрөнгө оруулалтын гэрээний дагуу барилгын газар шорооны ажилд 100.000.000 төгрөгийн хөрөнгө  оруулъя гэсэн гэрээ байсан. Уг гэрээг 1 м.кв орон сууцыг 400.000 төгрөгөөр тооцно гэж тохирсон. Тухайн үед 1 м.кв орон сууцны ханш 600.000-700.000 төгрөгийн хооронд байсан. Мөнгө авах үед мөнгөндөө машин оролцуулсан, уг хөрөнгө оруулалтаас 12.000.000 төгрөгийг н.Баттогтох гэж хүнд би буцааж өгөхөөр болж өгсөн. Ингээд 88.000.000 төгрөгийн асуудал үлдсэн. 2015 онд Ж.Чинзориг шүүхэд хандсан. Хөрөнгө оруулалтын асуудал ямар учраас саатсан гэхээр 2009 онд газар шорооны ажлаа эхэлж байтал Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас барилгын ажлыг зогсоох шийдвэр гарч тухайн газар маань хүчингүй болсон. Хүчингүй болсон газрын асуудлыг хөөцөлдөж 2010 оны 7  сарын 10-ны өдөр барилгын ажлыг эргэж сэргээж 2011 оноос барилгын ажил явагдсан. Гэтэл Ж.Чинзориг шүүхэд хандсан байсан. 2015 онд шүүхийн шийдвэр гарахдаа 184 м.кв орон сууцыг Ж.Чинзоригт өгөхөөр шийдвэр гаргаж Ж.Чинзоригийг дурын 3 орон сууцыг авахаар захирамж гаргасан. Би шүүх хуралдаанд орон сууцны үнийг тогтоож шинжээч томилуулах, гэрчээр хүн оролцуулах хүсэлтийг гаргасан. Би хүчээр орон сууцаа хуваарилж өгч байх тул орон сууц худалдах, худалдан авах гэрээ хийхгүй гэдгээ хэлж орон сууц худалдах, худалдан авах гэрээ хийгдээгүй. Миний хувьд эр хүний үүднээс Ж.Чинзоригтой уулзаж хөрөнгө оруулалтын талаар ярьж хэлж байсан. Гэтэл Ж.Чинзориг шунахайн сэдэлтээр 3 орон сууцанд шүүхийн шийдвэр гаргуулж тус орон сууцнуудын цоожны голыг сольсон асуудал болсон. Орон сууцанд ямар нэг гэрээ хийгдээгүй учраас надад орон сууцыг шилжүүлсэн гэх баримт байхгүй. Ж.Чинзориг “Монхауз” ХХК-ийн өмчлөлд дураараа халдсан. Би 13 байрны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулахдаа “Хадан ус” ХХК-иас “Монхауз” ХХК-д гэж албан бичиг өгч “Монхауз” ХХК манай үл хөдлөх хөрөнгөнд гэрчилгээ гаргаж өгнө үү гэсэн хүсэлтийн дагуу орон сууцны гэрчилгээг гаргаж өгч байсан. Тийм учраас Ж.Чинзоригийг хүний эд хөрөнгөнд дураараа халдсан гэж хэлэхээс өөр аргагүй. Ж.Чинзориг миний өмчийн тухай асуудлаар 2 жил гаруй цагдаа шүүхийн байгууллагад хандаж явж байгаа. Тиймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Энэ 3 байрны хууль ёсны өмчлөгч нь “Монхауз” ХХК мөн юм” гэв.

Хариуцагч Ж.Чинзориг нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ц.Эрдэнэ бидний хоорондын харилцаа 2008 онд үүсэж хөрөнгө оруулалтын гэрээ хийгдсэн. Хөрөнгө оруулалтаар газар шорооны ажил хийж гүйцэтгэж байсан. Барилгын явц нэлээд удааширсан. Энэ хугацаанд барилгаа зогсоож болохгүй гэхэд Ц.Эрдэнэ намайг хүлээж авдаггүй байсан. Шүүх хүчээр шийдвэр гаргаж 3 байрыг гаргасан мэт зүйл ярьж байгаа нь худал ярьж байна. Ц.Эрдэнэ өөрөө 3 байранд эзэн байна уу гэж захиалагчтайгаа ярихад цаанаас нь байхгүй гэж хэлсний дагуу би өөрөө өгье гэсний үндсэн дээр шүүх шийдвэрээ гаргасан. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 сарын 14-ний өдрийн 7939 тоот “Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамжаар энэ 3 орон сууцыг надад шилжүүлсэн. Үүний дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гаргуулж миний өмчлөлд 3 орон сууцны гэрчилгээг гаргаж өгсөн. Ц.Эрдэнийг олохгүй байж байгаад олдсон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт манай өмгөөлөгч хандсан. Ц.Эрдэнэ өөрөө хамт байж байгаад тухайн байрны цоожны голыг солиулсан. Нэгэнт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65, 117 дугаар зүйлд зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ “Монхауз” ХХК-ийн нэр дээр байдаг гэдгийг үгүйсгээгүй. Дутуу баригдсан барилгын хэмжээнд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргасан. Үүнийг шүүх анхаарч үзэх нь зүйтэй” гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                                    ҮНДЭСЛЭХ нь:

“Монхауз” ХХК нь хариуцагч Ж.Чинзориг, “Хадан Ус” ХХК-ийн захирал Ц.Эрдэнэ нарт холбогдуулан Ц.Эрдэнэ, Ж.Чинзориг нараас Сонгинохайрхан дүүрэг, 29 дүгээр хороо, 21 дүгээр байрны 6 давхрын №37 тоот 62.2 м.кв 3 өрөө, 6 давхрын №38 тоот 66.41 м.кв 3 өрөө, 10 давхрын №74 тоот 66.41 м.кв 3 өрөө тус тус байрыг гаргуулж, “Монхауз” ХХК хууль ёсны өмчлөгч болохыг тогтоолгож, дээрх байрнуудаас Ж.Чинзоригийг албадан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргав.

 

Нэхэмжлэгч нь “...“Монхауз” ХХК-ийн өмчлөлийн гэрчилгээтэй 3 орон сууцыг “Монхауз” ХХК-д мэдэгдэлгүйгээр, Ц.Эрдэнэ нь Ж.Чинзоригт өгч эвлэрлийн гэрээ байгуулан шүүхийн захирамж гарсан нь бидний өмчлөх эрхэд шууд халдсан.”  хэмээн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлав. 

 

Хариуцагч “Хадан Ус” ХХК-ийн захирал Ц.Эрдэнэ нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч, харин хариуцагч Ж.Чинзориг “...хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр уг 3 орон сууц миний өмчлөлд шилжиж, өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан...” тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй хэмээн маргав.

 

 “Монхауз” ХХК нь “Хадан Ус” ХХК-тай 2013 оны 4 сарын 15-ны өдөр №ХО-01/2013 тоот “Хөрөнгө оруулалтын гэрээ” байгуулж, 15 давхар, 3 блок орон сууцнуудыг барихаар тохиролцсон байна. 3 блок барилгын барилга тус бүрд оруулах хөрөнгө оруулалтын хэмжээ 7.502.259.600 төгрөг. “Монхауз” ХХК нь 2.981.048.400 төгрөгийн, “Хадан Ус” ХХК 4.521.211.200 төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр талууд харилцан тохиролцжээ. /хх-7-9х/

 

Гэвч 2014 оны 4 сарын 23-ны өдөр, 2015 оны 12 сарын 22-ны өдрүүдэд “Монхауз” ХХК, “Хадан Ус” ХХК нар нь “Нэмэлт гэрээ”, 2015 оны 12 сарын 22-ны өдөр №Д-31/2015 тоот “Орон сууц захиалах, гүйцэтгэх гэрээ” тус тус байгуулж, гэрээгээр “Хадан Ус” ХХК-ийн оруулсан хөрөнгө оруулалтыг 762.000.000 төгрөг хэмээн тооцон ашиглалтанд орсон байрны 2,3,9,15 давхарт 54.9 м.кв талбайтай 2 өрөө 4 ширхэг, 9,10,11 давхрын 62.2 м.кв талбайтай 3 өрөө 3 ширхэг, 11 давхрын 66.41 м.кв талбайтай 3 өрөө 1 ширхэг, 10 давхарт 51.2 м.кв талбайтай 2 өрөө 1 ширхэг, 11 давхарт 47.97 м.кв талбайтай 2 өрөө 1 ширхэг, 9,10 давхарт 50.81 м.кв талбайтай 2 өрөө 2 ширхэг, 10 давхарт 58.76 м.кв талбайтай 2  өрөө 1 ширхэг, нийт 13 ширхэг орон сууцыг “Хадан Ус” ХХК-д өгөхөөр гэрээнд тусгагджээ. /хх-10-20х/

 

“Монхауз” ХХК-д Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Москва хороолол /18072/, Москвагийн гудамж, 21 байр, 0 тоот хаягт байршилтай 60% гүйцэтгэлтэй дуусаагүй, 7815,36 м.кв талбайтай, орон сууц, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч тул улсын бүртгэлийн Ү-2201038671 дугаарт бүртгэж, үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000348154 дугаар гэрчилгээг 2014 оны 9 сарын 8-ны өдөр олгосон байна. /хх-5х/

 

Дээрх гэрээнүүд болон  Үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000348154 дугаар гэрчилгээ зэргээс үзэхэд “Монхауз” ХХК нь уг барилгын /21 дүгээр байр/ хууль ёсны өмчлөгч гэж үзнэ.

 

Гэтэл “Хадан Ус” ХХК-ийн захирал Ц.Эрдэнэ өөрийн эзэмшлийн 13 ширхэг орон сууцнаас Ж.Чинзоригт өгөлгүйгээр, “Монхауз” ХХК-ийн өмчлөлд байх барилгын 3 ширхэг 3 өрөө орон сууцыг хариуцагч Ж.Чинзоригт өгч эвлэрлийн гэрээ байгуулан уг эвлэрлийн гэрээг үндэслэн 2015 оны 12 сарын 14-ний өдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 102/ШШ2015/7939 дүгээр шүүгчийн захирамж гарч, энэхүү захирамжийг үндэслэн 2017 оны 4 сарын 7-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн Ү-2201050242, Ү-2201050243, Ү-2201050244 дугаарт бүртгэж Ж.Чинзоригийг өмчлөгчөөр бүртгэсэн байна./хх-63-65х/

 

Ж.Чинзориг, Ц.Эрдэнэ нарын хооронд үүссэн маргааныг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 102/ШШ2015/7939 дүгээр шүүгчийн захирамжаар 2015 оны 12 сарын 14-ний өдөр Зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь нэхэмжлэгч “Монхауз” ХХК-ийн шаардлага гаргах эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй.

           

Иргэний эрхзүйн маргаан нь хувийн эрхзүйд хамаарах бөгөөд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 102/ШШ2015/7939 дүгээр шүүгчийн захирамжаар Сонгинохайрхан дүүргийн, 29 дүгээр хороо, Москва хороолол, Эрхэс хотхон, 21 дүгээр байрны  6 давхрын 66.21 м.кв талбайтай 3 өрөө орон сууц 1 ширхэг, 10 давхрын 66.21 м.кв талбайтай 3 өрөө орон сууц 1 ширхэг, 6 давхрын 63.73 м.кв талбайтай 3 өрөө 1 ширхэг орон сууцыг Ж.Чинзоригт өгөхийг Ц.Эрдэнэ зөвшөөрснийг тогтоосон байна. Харин хариуцагч Ж.Чинзоригийг өмчлөгчөөр тогтоосон гэж үзэхгүй.

 

Нэхэмжлэгч “Монхауз” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа “Хадан Ус” ХХК-ийн захирал Ц.Эрдэнэ, Ж.Чинзориг нараас Сонгинохайрхан дүүрэг, 29 дүгээр хороо, 21 дүгээр байрны 6 давхрын №37 тоот 62.2 м.кв 3 өрөө, 6 давхрын №38 тоот 66.41 м.кв 3 өрөө, 10 давхрын №74 тоот 66.41 м.кв 3 өрөө 3 ширхэг орон сууцыг гаргуулж, өмчлөгчөөр “Монхауз” ХХК мөн болохыг тогтоолгож, дээрх байрнуудаас Ж.Чинзоригийг албадан гаргуулах” гэж тодруулсан бөгөөд дээрх 3 орон сууц бодит байдал дээр хариуцагч Ж.Чинзоригийн өмчлөлд байгаа тул “Хадан Ус” ХХК-ийн захирал Ц.Эрдэнээс орон сууцыг гаргуулах үндэслэлгүй.

 

Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т “хуульд өөрөөр заагаагүй бол төр, аймаг, нийслэл, сум, дүүрэг, иргэн болон хуулийн этгээд өмчлөгч байна” гэж,  мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д “өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй”, 106.2-т “өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй”, 106.3-т “энэ хуулийн 106.1, 106.2-т заасан шаардлага гаргаснаас хойш эрх нь зөрчигдсөн хэвээр байвал өмчлөгч шүүхэд нэхэмжлэл гаргаж зөрчигдсөн эрхээ хамгаалуулна” гэж тус тус заасан.

 

Иймд нэхэмжлэгч “Монхауз” ХХК-ийн хариуцагч Ж.Чинзоригт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч “Хадан Ус” ХХК-ийн захирал Ц.Эрдэнэд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй. 

Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1.373.010 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Чинзоригоос 1.373.010 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Монхауз” ХХК-д олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 106 дугаар зүйлийн 106.1-т заасныг баримтлан Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг, 29 дүгээр хороо, Москвагийн гудамж /18072/ 21 дүгээр байрны 6 давхрын №37 тоот 62.2 м.кв 3 өрөө, 6 давхрын №38 тоот 66.41 м.кв 3 өрөө, 10 давхрын №74 тоот 66.41 м.кв 3 өрөө 3 ширхэг орон сууцыг хариуцагч Ж.Чинзоригоос гаргуулж, 3 орон сууцны өмчлөгчөөр “Монхауз” ХХК-ийг тогтоож, Ж.Чинзоригийг тус орон сууцнаас албадан гаргуулж, хариуцагч “Хадан ус” ХХК-ийн захирал Ц.Эрдэнэд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч “Монхауз” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.373.010 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Чинзоригоос 1.373.010 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Монхауз” ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болох ба хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                  Д.УРАНЗУЛ