Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 01 өдөр

Дугаар 1963

 

М ХХК-ийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 184/ШШ2017/01635 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч М ХХК,

Хариуцагч Ж.Ч, Х ХХК-д холбогдох,

 

Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, орон сууцнаас албадан гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагч Ж.Чийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхмаа,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Мөнхбат,

Хариуцагч Ж.Ч, түүний өмгөөлөгч Ц.Бахархал,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М ХХК нь Х ХХК-ийн захирал Ц.Эрдэнэтэй 2013 онд уулзаж ярилцан түүний эзэмшлийн газар буюу Сонгинохайрхан дүүрэг, 29 дүгээр хороо, Драгон төвийн ар талын 1 566 м.кв газарт М ХХК нь 100 хувь хөрөнгө оруулж 3 блок байр барих болж эхний ээлжийн 16 давхар байрыг барьж 2016 оны 11 дүгээр сард ашиглалтад оруулсан юм. Үүнийг баталж Ү-2201038671 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000348154 тоот гэрчилгээ 2014 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр гарсан. 2013 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн хөрөнгө оруулалтын гэрээ, 2014 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн нэмэлт гэрээ, 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн нэмэлт гэрээ, 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн нэмэлт гэрээ, 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн Х ХХК-ийн албан бичиг зэрэг тодорхойлох юм.

Дээрх гэрээнд газрын төлбөр болон оруулсан хөрөнгө оруулалтад Ц.Эрдэнэд 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн нэмэлт гэрээний хавсралтад дурдсан 13 байрыг өгөхөөр харилцан тохиролцсон байна. Гэтэл Ц.Эрдэнэ дураар аашилж гэрээнд тохиролцсон байрнаас өөрийн өртэй Ж.Чтод өгөлгүй, манай мэдлийн байрыг бидэнд мэдэгдэлгүйгээр өгч, бидний өмчлөх эрхэд шууд халдаж, хүндрэл учруулсныг бид мэдэж шүүхэд хандсан. Гэтэл 2016 оны 9 дүгээр сард Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас хүн ирж “...эвлэрлийн гэрээний захирамжтай байр байна. Ж.Ч гэж хүний нэхэмжлэлтэй захирамж байна” гэж 3 байрыг битүүмжлэхээр ирсэн.

Бид үүнийг хүлээн зөвшөөрөөгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд Ц.Эрдэнийн өөрийнх нь 13 байрнаас авах боломжтой. Энэ байрууд манай өмч, манай байрууд өмчлөх эрхийн гэрчилгээтэй, бид мэдээгүй байхад Ж.Ч гэж хүнд Ц.Эрдэнэ өгсөн байна гэж удаа дараа хандсан. Ингээд 2017 оны 01 дүгээр сард 3 байрны хаалганы голыг сольж 2017 оны 5 дугаар сард үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг Ж.Ч гаргуулж авсан байсан.

М ХХК-тай орон сууцны гэрчилгээ шилжүүлэх ямар нэг гэрээ хэлцэл хийгээгүй байхад үл хөдлөх хөрөнгийн газар орон сууцны гэрчилгээ гаргаж өгсөн. Ийм учраас уг байрууд манай компанийн өмчийн байр, тус байрыг Ц.Эрдэнэ, Ж.Ч нар үндэслэлгүйгээр хөрөнгөжиж хоорондоо үгсэн хуйвалдаж шүүхэд худал хэлж М ХХК-ийн өмчлөлийн 3 орон сууцыг авсан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд Х ХХК-ийн захирал Ц.Эрдэнэ, Ж.Ч нараас Сонгинохайрхан дүүрэг, 29 дүгээр хороо, 21 дүгээр байрны 6 давхрын 37 тоот, 62.2 м.кв 3 өрөө, 6 давхрын 38 тоот 66.41 м.кв 3 өрөө, 10 давхрын 74 тоот 66.41 м.кв 3 өрөө тус тус байрыг гаргуулж, М ХХК хууль ёсны өмчлөгч болохыг тогтоож, дээрх байрнуудаас Ж.Чийг албадан гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ж.Ч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Ц.Эрдэнэ бидний хоорондын харилцаа 2008 онд үүсэж хөрөнгө оруулалтын гэрээ хийгдсэн. Хөрөнгө оруулалтаар газар шорооны ажил хийж гүйцэтгэж байсан. Барилгын явц нэлээд удааширсан. Энэ хугацаанд барилгаа зогсоож болохгүй гэхэд Ц.Эрдэнэ намайг хүлээж авдаггүй байсан. Шүүх хүчээр шийдвэр гаргаж 3 байрыг гаргасан мэт зүйл ярьж байгаа нь худал ярьж байна. Ц.Эрдэнэ өөрөө 3 байранд эзэн байна уу гэж захиалагчтайгаа ярихад цаанаас нь байхгүй гэж хэлсний дагуу би өөрөө өгье гэсний үндсэн дээр шүүх шийдвэрээ гаргасан. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 7939 тоот зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар энэ 3 орон сууцыг надад шилжүүлсэн.

Үүний дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гаргуулж миний өмчлөлд 3 орон сууцны гэрчилгээг гаргаж өгсөн. Ц.Эрдэнийг олохгүй байж байгаад олдсон. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд манай өмгөөлөгч хандсан. Ц.Эрдэнэ өөрөө хамт байж байгаад тухайн байрны цоожны голыг солиулсан. Нэгэнт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65, 117 дугаар зүйлд зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ М ХХК-ийн нэр дээр байдаг гэдгийг үгүйсгээгүй. Дутуу баригдсан барилгын хэмжээнд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргасан. Үүнийг шүүх анхаарч үзэх нь зүйтэй гэжээ.

Хариуцагч Х ХХК шүүхэд болон түүний төлөөлөгч Ц.Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн ярьж байгаа зүйл бүгд үнэн. 2015 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Х ХХК хөрөнгө гаргах боломжгүй гэж М ХХК-д үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулж, цаашид өмчлөгчөөр явах тухай гэсэн тэмдэглэл хөтөлж гарын үсэг зурсан. М ХХК-ийн нэр дээр 21 дүгээр байрны өмчлөлийн гэрчилгээ гарсан. Ж.Ч бид хоёрын хоорондын маргаан 2008 оны 7 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан хамтран ажиллах, хөрөнгө оруулалтын гэрээний дагуу барилгын газар шорооны ажилд 100 000 000 төгрөгийн хөрөнгө  оруулъя гэсэн гэрээ байсан. Уг гэрээг 1 м.кв орон сууцыг 400 000 төгрөгөөр тооцно гэж тохиролцсон.

Тухайн үед 1 м.кв орон сууцны ханш 600 000-700 000 төгрөгийн хооронд байсан. Мөнгө авах үед мөнгөндөө машин оролцуулсан, уг хөрөнгө оруулалтаас 12 000 000 төгрөгийг н.Баттогтоход буцааж өгөхөөр болж өгсөн. Ингээд 88 000 000 төгрөгийн асуудал үлдсэн. 2015 онд Ж.Ч шүүхэд хандсан. Хөрөнгө оруулалтын асуудал ямар учраас саатсан гэхээр 2009 онд газар шорооны ажлаа эхэлж байтал Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас барилгын ажлыг зогсоох шийдвэр гарч тухайн газар нь хүчингүй болсон. Хүчингүй болсон газрын асуудлыг хөөцөлдөж 2010 оны 7 дугаар сарын 10-ны өдөр барилгын ажлыг сэргээж 2011 оноос барилгын ажил явагдсан.

Гэтэл Ж.Ч шүүхэд хандсан байсан. 2015 онд шүүхийн шийдвэр гарахдаа 184 м.кв орон сууцыг Ж.Чт өгөхөөр шийдвэр гаргаж Ж.Чийг дурын 3 орон сууцыг авахаар захирамж гаргасан. Би шүүх хуралдаанд орон сууцны үнийг тогтоож шинжээч томилуулах, гэрч оролцуулах хүсэлтийг гаргасан. Би хүчээр орон сууцаа хуваарилж өгч байх тул орон сууц худалдах, худалдан авах гэрээ хийхгүй гэдгээ хэлж орон сууц худалдах, худалдан авах гэрээ хийгдээгүй. Миний хувьд эр хүний үүднээс Ж.Чтой уулзаж хөрөнгө оруулалтын талаар ярьж хэлж байсан. Гэтэл Ж.Ч шунахайн сэдэлтээр 3 орон сууцанд шүүхийн шийдвэр гаргуулж тус орон сууцнуудын цоожны голыг сольсон асуудал болсон.

Орон сууцанд ямар нэг гэрээ хийгдээгүй учраас надад орон сууцыг шилжүүлсэн гэх баримт байхгүй. Ж.Ч М ХХК-ийн өмчлөлд дураараа халдсан. Би 13 байрны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулахдаа Х ХХК-иас М ХХК-д гэж албан бичиг өгч М ХХК манай үл хөдлөх хөрөнгөд гэрчилгээ гаргаж өгнө үү гэсэн хүсэлтийн дагуу орон сууцны гэрчилгээг гаргаж өгч байсан. Ж.Ч миний өмчийн тухай асуудлаар 2 жил гаруй цагдаа, шүүхийн байгууллагад хандаж байгаа. Тиймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Энэ 3 байрны хууль ёсны өмчлөгч нь М ХХК мөн юм гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг, 29 дүгээр хороо, Москвагийн гудамж /18072/ 21 дүгээр байрны 6 давхрын №37 тоот 62.2 м.кв 3 өрөө, 6 давхрын №38 тоот 66.41 м.кв 3 өрөө, 10 давхрын №74 тоот 66.41 м.кв 3 өрөө 3 ширхэг орон сууцыг хариуцагч Ж.Чоос гаргуулж, 3 орон сууцны өмчлөгчөөр М ХХК-ийг тогтоож, Ж.Чийг тус орон сууцнаас албадан гаргуулж, хариуцагч Х ХХК-ийн захирал Ц.Эрдэнэд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч М ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 373 010 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Чоос 1 373 010 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Ж.Ч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн. Шүүх хуралдааны үед шүүгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж шүүх хурлын дундуур гарч 11 минут алга болсон. Шүүгчийн энэхүү үйлдэл нь шүүх хурал тасралтгүй явуулах зарчим алдагдуулсан бөгөөд шүүхэд итгэх итгэл эвдсэн болно. Мөн 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 102/ШШ2015/07939 дүгээр шүүгчийн захирамжийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянуулах тухай Монхаус ХХК-ийн хүсэлтийг хянан хэлэлцэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хянан хэлэлцэхээс татгалзаж байсан тогтоол байна. Нэгэнт хянан хэлэлцэж шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолтой тус хэргийг дахин хянан хэлэлцэж байгаа нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмыг зөрчсөн үйлдэл гэж үзэж байна.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь хэргийн оролцогч нарын эрхийг зөрчсөн, хууль
буруу хэрэглэсэн, талуудын хооронд болсон бодит нөхцөл байдлыг ялгаагүй
нэхэмжлэгч талд ашигтайгаар дүгнэсэн, нотлох баримт цуглуулах үүргээ хангалтгүй
биелүүлж зарим ач холбогдол бүхий нотлох баримтуудыг үнэлж дүгнээгүй болно. Энэ хэргийн учир зүйг ойлгож ялгаагүй бөгөөд урьд нь эдгээр байрнууд шүүхийн
шийдвэрээр баталгаажиж одоогийн өмчлөгч Ж.Ч миний нэр дээр өмчлөх эрхийн
гэрчилгээ гарсныг дүгнээгүй юм. Учир нь, Ж.Ч миний бие анх 2008 оны 07 дугаар
сарын 30 өдөр Х ХХК-ийн захирал Ц.Эрдэнэтэй харилцан тохиролцсоны үндсэн
дээр хамтран ажиллах, хөрөнгө оруулалтын гэрээ хийж Улаанбаатар хот, СХД, Драгон
үйлчилгээний төвийн хойд талд Х ХХК-ийн эзэмшлийн газарт баригдах орон
сууцны барилгын ажилд зориулж хөрөнгө оруулах болсон.

Энэ нь одоогийн энэхүү баригдсан барилга болно. Гэрээнд заасны дагуу барилгын ажилд оруулсан хөрөнгө оруулалтын үр дүнд ногдох нийт 250 м.кв ашигтай талбай бүхий орон сууцууд байсан. Гэтэл Х ХХК болон М ХХК-иуд тус барилгыг улсын комисст хүлээлгэн өгөхөөс өмнө бусдаас захиалга авах, худалдан борлуулах ажиллагаа явуулж эхэлсэн тул Ж.Ч миний бие хамтран ажиллах, хөрөнгө оруулалтын гэрээний үүрэгтэй холбоотой маргаан үүсгэсэн билээ. Тус шүүхийн маргааны үед Хадан-Ус ХХК-ийн захирал Ц.Эрдэнэтэй эвлэрэн хэлэлцэж Сонгинохайрхан дүүрэг, 29 дүгээр хороо, 21 дүгээр байрны 6 давхарын 37 тоот 63,73 м.кв 3 өрөө, 6 давхарын 38 тоот 66,21 м.кв 3 өрөө, 10 давхарын 74 тоот 66,21 м.кв 3 өрөө тус тус байрыг улсын комиссоор оруулан хүлээлгэн өгөхөөр болсон. Ингэснээр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 102/ШШ2015/07939 дүгээр шүүгчийн захирамж гарсан билээ.

Үүнээс хойш 1 жилийн дараа шүүгчийн захирамжыг сайн дураар биелүүлээгүйгээс үүдэн албадан биелүүлэх ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас зохион байгуулж явуулсан бөгөөд өмчлөх эрхийн гэрчилгээг надад СХД-ийн Үл хөдлөх эд хөрөнгийн газраас гаргаж өгсөн. Гэтэл шүүх М ХХК болон Х ХХК-ийн хооронд хийгдсэн гэрээнүүдийг үндэслэл болгож М ХХК-ийг хууль ёсны өмчлөгч гэж үзсэн байна. Хөрөнгө оруулалтын хувьд анхдагч нь Ж.Ч миний бие бөгөөд энэ нь дээр дурдсан 2008 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн хамтран ажиллах, хөрөнгө оруулалтын гэрээгээр баталгаажиж байгаа болно. Үүнээс дүгнэвэл анхан шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасныг зөрчин үндэслэлгүй шийдвэр гаргаж байна.

Дээр дурдсан 7939 дүгээр шүүгчийн захирамж бүхий хавтаст хэрэгтэй танилцаагүй, шүүгчийн захирамжийг ойлгоогүйгээс болж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйл 120.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр байхад буюу иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй, мөн 120.4 дэх хэсэгт заасныг зөрчиж байна. Х ХХК болон М ХХК нар нь хоёр өөр этгээд мэт боловч хувьцаа эзэмшигчдийг нь шалгаж дүгнээгүйгээс Х ХХК-ийн эрх залгамжлагч нь М ХХК болохыг ойлгосонгүй. Учир нь, тус орон сууцны захиалагч нь Х ХХК газрын эзэн болно.

Х ХХК-ийн хувьцаа эзэмшигчид нь хариуцагч Ц.Эрдэнэ болон нэхэмжлэгч Н.Энхмаа нар юм. Гүйцэтгэх захирал нь Ц.Эрдэнэ өөрөө бөгөөд тус компанийн 60 хувийн хувьцаа эзэмшигч болно. Харин 40 хувийн хувьцааг эзэмшигч нь нэхэмжлэгч Н.Энхмаа бөгөөд М ХХК-ийн захирал юм. Дээрх хоёр компани дотооддоо шийдвэрлэж тус барилгын үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг М ХХК-ийн нэр дээр бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн байх бөгөөд үүгээрээ далимдуулж нэгэнт шийдвэрлэгдсэн хэргийг дахин шийдвэрлүүлэх гэсэн явуургүй бодол агуулж зохиомол хэрэг үүсгүүлэн шийдвэрлүүлж байгааг уламжилж байна.

Шүүх урьд шийдвэрлэгдсэн хэргийг хууль зөрчин дахин шийдвэрлэж, хууль ёсны өмчлөгч Ж.Ч миний эрх, хууль ёсны ашиг сонирхолыг зөрчиж, хохирол учируулсан, нөгөөтэйгүүр гэм буруутай этгээдийг буюу хариуцагч Ц.Эрдэнийг хариуцлагаас чөлөөлсөн шийдвэр гаргалаа. Хэрэв давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах бол нэгэнт өмчлөгчөөр тогтоогдон олгогдсон орон сууцны шудрага өмчлөгчөөр Ж.Ч миний биеийг тогтоож, хариуцагч Ц.Эрдэнээс Монхаус ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан хэмжээтэй орон сууцуудыг гаргуулж хохиролгүй болгож өгөхийг хүсэж байна гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан шатны шүүх маргааныг шийдвэрлэхдээ хууль буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэгт авагдсан баримтын хүрээнд шийдвэрийг залруулан зөвтгөж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй байна.

            Нэхэмжлэгч “М” ХХК нь хариуцагч Ж.Чоос Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, 21 дүгээр байрны 6 давхрын 37 тоот 62.2 м.кв талбай бүхий 3 өрөө, 6 давхрын 38 тоот 66.41 м.кв талбай бүхий 3 өрөө, 10 давхрын 74 тоот 66.41 м.кв талбай бүхий 3 өрөө байрыг гаргуулж, уг байрнуудын хууль ёсны өмчлөгч нь “М” ХХК болохыг тогтоолгож, Ж.Чийг албадан гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд анх гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Хадан-Ус” ХХК-ийн захирал Ц.Эрдэнийг хамтран хариуцагчаар татан, дээр дурдсан 3 байрыг авч үндэслэлгүй хөрөнгөжсөн тул  түүнээс буцаан гаргуулна гэжээ.

            Нэхэмжлэлд 29 дүгээр хороо, 21 дүгээр байрны 6 давхрын 37 тоот 62.2 м.кв талбай бүхий 3 өрөө, 6 давхрын 38 тоот 66.41 м.кв талбай бүхий 3 өрөө, 10 давхрын 74 тоот 66.41 м.кв талбай бүхий 3 өрөө байр гэж, давхрын болон хаалганы дугаарыг талбайн хэмжээтэй нь тодорхой бичиж нэг бүрийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгийн өмчлөх эрхийг хүлээн зөвшөөрүүлэх шаардлага гаргажээ.

Харин Ц.Эрдэнэ, Ж.Ч нарын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээнд /хх-125/ хаалганы дугааргүйгээр 6 давхрын 66,21 м.кв, 6 давхрын 63,73 м.кв, 10 давхрын 66.21 м.кв талбайтай 3 өрөөтэй орон сууц гэж бичигдсэн нь Ж.Чийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнд /хх-63-65/ бичигдсэн талбайн хэмжээ, давхрын дугаартай тохирох боловч энэ нь нэхэмжлэлд бичигдсэн орон сууц бүрийн талбайн хэмжээтэй тохирохгүй байна. Мөн “М” ХХК, “Хадан-Ус” ХХК-ийн хооронд 2015  оны 12 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан нэмэлт гэрээнд дурдсан 13 байрны дотор 10 давхрын 62,2 м.кв талбайтай 1 орон сууц орсон байна.

Иймд нэхэмжлэлд дурдсан 37, 38, 74 тоот хаяг бүхий орон сууцнууд нь Ж.Чт шилжсэн 3 орон сууц мөн эсэх, Ц.Эрдэнэд нэмэлт гэрээгээр шилжүүлэхээр тохиролцсон 13 ширхэг орон сууцны нэг болох 10 давхрын 62.2 м.кв талбайтай орон сууц Ж.Чт шилжсэн эсэх эргэлзээтэй байдлыг тодруулах шаардлагатай.

Нэхэмжлэлд дурдсан 3 орон сууцыг “Хадан-Ус” ХХК-ийн захирал Ц.Эрдэнээс үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэн буцаан гаргуулахаар шаардсан боловч шаардаж буй эдгээр хөрөнгө нь бусдын өмчлөлд шилжсэнтэй холбоотойгоор эрх олгогдоогүй байхад хөрөнгийг нь хууль бусаар захиран зарцуулсан гэж, эсхүл Ц.Эрдэнэ үндэслэлгүй олж авсан гэж шаардсан алин болох талаарх нэхэмжлэлийн үндэслэлийг тодруулаагүй учраас хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж эрх зүйн дүгнэлт өгөх боломжгүй байна.

Түүнчлэн Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн зохицуулалт нь иргэн, хуулийн этгээд, төрийн хэн аль нь өмчлөгч байж болохыг тодорхойлсон агуулгатай болохоос өмчлөгчөөр тогтоолгох шаардах эрхийн үндэслэлийг тодорхойлохгүй, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт өмчлөгчийн бусдын хууль бус эзэмшлээс хөрөнгөө шаардах эрхийг тодорхойлсон байхад улсын бүртгэлээр баталгаажсан өмчлөх эрхтэй байрны өмчлөгч Ж.Чийг Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсгийг баримтлан өмчлөлийн зүйлээс нь албадан гаргуулахаар шийдвэрлэснийг хууль хэрэглээний алдаатай гэж үзнэ.

Дээрхээс үзвэл шүүх нэхэмжлэгчийн Ж.Чт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хангаж, Ц.Эрдэнэд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо маргаж буй 3 ширхэг орон сууц нь Ц.Эрдэнээр дамжин Ж.Чт шилжсэн байдал, хариуцагч тус бүрт холбогдуулсан нэхэмжлэлийн үндэслэлийг тодруулаагүй алдаатай, улмаар хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байгааг хэрэгт авагдсан баримтын хүрээнд залруулах, эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

Дээрх үндэслэлүүдээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 184/ШШ2017/01635 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                    ШҮҮГЧИД                                           Г.ДАВААДОРЖ

                                                                                                А.ОТГОНЦЭЦЭГ