Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 001/ХТ2019/00477

 

Ш.Бгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 101/ШШ2018/02935 дугаар шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 2276 дугаар магадлалтай

Ш.Бгийн нэхэмжлэлтэй,

Нт холбогдох

2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 12 тоот Шинжээч томилох тогтоолын дагуу хийгдсэн “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Есүхэйгийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Есүхэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 5280 дугаар шийдвэрээр Ш.Бгаас 6 949 234 төгрөгийг гаргуулахаар шийдсэн. Ш.Б нь тогтсон ажил хөдөлмөргүй түрээсийн орон сууцанд эхнэр хүүхдүүдийн хамт эдийн засгийн хувьд хүнд нөхцөлтэй амьдардаг бөгөөд төлбөрийг хараахан барагдуулаагүй. Тэрээр өөрийн эзэмшлийн битүүмжлэн хураагдсан ОХУ-д үйлдвэрлэсэн К-40 загварын мод боловсруулах төхөөрөмжийг 15 000 000 төгрөг, БНХАУ-д үйлдвэрлэсэн Т503 маркийн зоруулт машиныг 3 000 000 төгрөгөөр үнэлсэн үнийн саналаа 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдөр хүргүүлсэн. 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдөр дээрх эд хөрөнгөд үнэлгээ хийгдэхээр 12 тоот тогтоолоор “Дамно” ХХК-ийг шинжээчээр томилсон. Гэтэл тухайн байгууллага нь эд хөрөнгүүдийг зах зээлийн ханшнаас хэт доогуур буюу ОХУ-д үйлдвэрлэсэн К-40 загварын мод боловсруулах төхөөрөмжийг 7 385 673 төгрөгөөр, БНХАУ-д үйлдвэрлэсэн Т503 маркийн зоруулт машиныг 1 645 997 төгрөгөөр, нийт 9 031 671 төгрөгөөр үнэлж, зөвхөн төлбөр авагчийн төлбөрийг барагдуулах зорилгоор эд хөрөнгийг үнэгүйдүүлж буйд гомдолтой байна. Өөрөөр хэлбэл, Ш.Б нь дээрх тоног төхөөрөмжүүдийг 17 000 000 төгрөгөөр үнэлсэн үнийн саналыг хүргүүлсэн байхад “Дамно” ХХК нь хэт доогуур үнэлсэн. Үнэлгээ хийсэн тухай мэдэгдлийг 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авсан ба уг үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт “Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3 дахь хэсэгт заасны дагуу үнэлгээ хийсэн тухай мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно” гэж заасны дагуу хуульд заасан хугацаанд гомдлоо гаргаж байна. Иймд 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн дугаар 12 тоот шинжээч томилох тухай тогтоолын дагуу хийгдсэн “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 5280 дугаар шийдвэрээр Ш.Бгаас 6 949 234 төгрөгийг гаргуулж Т.Батмөнхөд олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгчийн өмчлөл болон эзэмшилд хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө бүртгэлтэй эсэхийг холбогдох бүртгэлийн байгууллагаас тодруулахад эд хөрөнгө бүртгэлгүй болох нь тогтоогдсон. Төлбөр төлөгч Ш.Бд удаа дараа шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдлийг өгч байсан боловч төлбөрөөс нэг ч төгрөг төлж барагдуулаагүй. Төлбөр төлөгч Ш.Б нь төлбөрөө ОХУ-д үйлдвэрлэсэн К-40 загварын мод боловсруулах төхөөрөмж, Хятад Улсад үйлдвэрлэсэн Т503 загварын зоруулт машин зэрэг хөдлөх хөрөнгийг санал болгож дээрх хөдлөх хөрөнгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49, 54 дүгээр зүйлд заасны дагуу эд хөрөнгийг битүүмжлэх болон хураах ажиллагааг хуулийн дагуу хийж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу талуудаас үнийн санал авахад талууд харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйл, 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу хөндлөнгийн шинжээчээр хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийг томилсон. Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК нь дээрх санал болгосон хөдлөх хөрөнгийн үнэлгээг гаргасан. Төхөөрөмжийг нийт 9 031 671 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний мэдэгдлийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт заасны дагуу 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 4/9349 дүгээр албан бичгээр мэдэгдсэн болно. Иймд шүүхийн гүйцэтгэх ажиллагаа нь хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 101/ШШ2018/02935 дугаар шийдвэрээр: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан, 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 12 тоот “Шинжээч томилох тухай тогтоол”-ын дагуу хийгдсэн “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 2276 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 101/ШШ2018/02935 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Есүхэй хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 18 өдрийн 2935 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172.2.1 дэх хэсэгт заасныг үндэслэн дараах гомдлыг гаргаж байна.

Анхан болон давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгчийн “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэт нэг талыг барьсан ба хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага болон шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэж байна.

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.5-д заасныг үндэслэн гаргасан хүсэлтийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгож, хүсэлтэд гомдол гаргах эрхээр хангалгүй шийдвэрлэсэн тухайд:

2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн шүүх хуралд нэхэмжлэгчийн зүгээс гаргасан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид хуулийн ямар үндэслэлээр хэрэгсэхгүй болгож буй нь тодорхой бус байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны хүсэлт шийдвэрлэх хууль ёсны зарчмыг зөрчсөн гэж үзэж байна.

Тухайн хүсэлтийг шүүхээс хариуцагчийн хууль бус аман тайлбар буюу талуудаас шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой гомдол гарсан бол автоматаар зогсдог гэсэн тайлбарыг үндэслэн хангахгүй орхисон нь хүсэлт шийдвэрлэх хууль ёсны буюу хуулийн үндэслэлтэй шийдвэрлэх зарчмыг зөрчсөн.

Дээрх хүсэлтийг практикт хуулийг биш хариуцагчийн тайлбарыг үндэслээд л хангахгүй орхиж буй нь буруу жишиг тогтож байна.

Тухайлбал хуульд заасан үндэслэл журмын дагуу шүүгчийн захирамж, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор түдгэлзэх боломжтой шийдвэр гүйцэтгэх ажиллагааг автоматаар зогссон гэж үзэх нь хууль бус үйлдэл байх тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулах боломжтой харагдаж байна.

Яг одоогоор практикт дээрх буруу жишиг буюу хуульд заасан үндэслэл журмын дагуу түдгэлзүүлээгүйгээс болж шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулснаас үүдэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд дахин шүүхэд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль бус явагдсан тухай нэхэмжлэл гарган аль аль тал нь хохирсоор байна.

Давж заалдах шатны шүүхээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27.1.4-т заасан “Шүүгч иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг....түдгэлзүүлж болно” гэсэн заалтыг тайлбарласан тухайд:

Давж заалдах шатны шүүхээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.4-т шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх эсхүл түдгэлзүүлэхгүй байх талаар зохицуулсан байх ба анхан шатны шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд хүсэлтийг шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй бөгөөд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн гэх үндэслэл болохгүй гэсэн тайлбарыг гаргасан.

Дээрх давж заалдах шатны шүүхийн тайлбар, тэр дундаа хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн гэх үндэслэл болохгүй гэсэн тайлбар нь иргэний хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудын эрх ашиг сонирхолд хохирол учруулж болохуйц, цаашилбал шүүгч дээрх асуудлын хүрээнд хэн нэгний нөлөөллийн үүднээс иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх ба түдгэлзүүлэхгүй байх боломжтой эрх зүйн хийдэл бүхий ойлголтыг бий болгож байна.

Мөн ямар тохиолдолд түдгэлзүүлэх, түдгэлзүүлэхгүй байх нь тодорхой бус, ойлгомжгүй байна.

Анхан шатны шүүхээс шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг хойшлуулсан тухайд:

2018 оны 9 дүгээр сарын 14 өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие өөрсдөө үнэлгээ хийж ирэх зорилгоор шүүх хуралдааныг Ш.Бгийн хөрөнгийн үнэлгээ хийх боломж нөхцөлийг тухайн үед утсаар ярилцан ажлын 10 өдрөөр хойшлуулж өгөх тухай хүсэлтийг амаар гаргасан.

Гэтэл анхан шатны шүүх ажлын 2 өдрөөр хойшлуулж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчмыг зөрчсөн нь 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэх үндэслэлээр шүүхийн шийдвэр нэхэмжлэлийг хангахгүй орхиж гарах үндэслэл болсон.

Хэргийг анхан шатны шүүхэд буцаах нь төлбөр төлөгчөөс өөрийн эзэмшлийн хөдлөх хөрөнгийг хөрөнгийн үнэлгээний байгууллагаар үнэлүүлэн нотлох баримт гаргаж өгөх үндэслэл бүрдэх ач холбогдолтой юм.

Иймд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 18 өдрийн 101/ШШ2018/02935 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 12 өдрийн 2276 дугаар магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангасан байна.

Ш.Б нь Нарт холбогдуулан 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 12 тоот Шинжээч томилох тогтоолын дагуу хийгдсэн “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгохоор нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчөөгүй гэж маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 5280 дугаар шийдвэрээр Ш.Бгаас 6 949 234 төгрөг гаргуулж Т.Батмөнхөд олгуулахаар шийдвэрлэжээ.

  Дээрх шийдвэрт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдлийг төлбөрт төлөгчид өгсөн боловч төлбөрийг сайн дураар биелүүлээгүй, төлбөртөө ОХУ-д үйлдвэрлэсэн К-40 загварын мод боловсруулах төхөөрөмж, БНХАУ-д үйлдвэрлэсэн Т503 загварын зоруулт машин зэрэг хөдлөх эд хөрөнгийг санал болгож, тус хөрөнгийг битүүмжлэн, хураасан байна.

Хураагдсан хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулахаар санал авахад төлбөр төлөгч нийт 18 000 000 төгрөгөөр үнэлснийг төлбөр авагч хүлээн зөвшөөрөөгүй тул шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийг шинжээчээр томилсон, шинжээч ОХУ-д үйлдвэрлэгдсэн К-40 маркийн 1997 онд ашиглалтад оруулсан мод боловсруулах тоног төхөөрөмжийг 7 385 673.5 төгрөгөөр, БНХАУ-д үйлдвэрлэгдсэн Т503 маркийн зоруулт машиныг 1 645 997.3 төгрөгөөр тус тус үнэлсэн үйл баримт тогтоогджээ.

Нэхэмжлэгч шинжээчийн үнэлсэн үнэлгээг зах зээлийн ханшнаас хэт доогуур, зөвхөн төлбөр авагчийн төлбөрийг барагдуулах зорилгоор эд хөрөнгийг үнэгүйдүүлж буйд гомдолтой байна гэх үндэслэлээр үнэлгээг зөвшөөрөөгүй боловч энэхүү үндэслэлээ баримтаар нотлоогүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т зааснаар нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй тул анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн дээрх заалтыг зөрчөөгүй, хэрэгт авагдсан баримтад үндэслэгдсэн байна.

Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж, өөрийн эрх хэмжээний хүрээнд дүгнэлт хийж, шийдвэрийг хэвээр үлдээсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх заалтад нийцжээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.5.-д зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар шүүхэд гомдол гаргасан, гомдлыг хянан шийдвэрлэх ажиллагааг эхлүүлсэн бол гомдлыг хянан шийдвэрлэх хүртэл хугацаагаар ахлах шийдвэр гүйцэтгэгч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь эсхүл хэсэгчлэн түдгэлзүүлэх үүрэгтэй.

Хуульд заасан журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа түдгэлзсэн тул шүүхээс шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэхийг хүссэн хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэснийг буруутгах боломжгүй, анхан шатны шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд хүсэлтийг шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй, энэ талаар шүүх хуралдааны тэмдэглэлд тодорхой тусгагдсан байна.

2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь нотлох баримт гаргаж өгөх үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл хойшлуулжээ.

Нэхэмжлэгч нь 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан, хэргийг шүүх 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хянан шийдвэрлэсэн, энэ хугацаанд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг нотлох, нотлох баримтыг бүрдүүлэх, цуглуулах эрхээ хэрэгжүүлэх бүрэн боломжтой байна.

Иймд хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэх нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, нотлох баримтыг хуульд зааснаар үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 101/ШШ2018/02935 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 2276 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Есүхэйгийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4.-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Х.СОНИНБАЯР   

ШҮҮГЧ                                                   Х.ЭРДЭНЭСУВД