Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 151/ШШ2017/00664

 

 

 

 

 

2017 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 151/ШШ2017/00664

Төв аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Төв аймгийн Сүмбэр сумын 1-р баг, Өнөр хороолол, 2-2 тоотод оршин суух Боржигон овогт Рагчаабазарын Гэрэлсайхан /НШ73060968/-ы нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Төв аймгийн Засаг даргад холбогдох,

Ажилд эргүүлэн тогтоолгох, нэмэгдлийн зөрүү гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн зөрүү гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Р.Гэрэлсайхан, түүний өмгөөлөгч Б.Ганпүрэв, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Р.Гэрэлсайхан нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “-Р.Гэрэлсайхан би төрөлх сургуульдаа ажил амьдралын гараагаа эхэлж боловсролын салбарыг хөгжүүлэх ариун үйлсэд чин сэтгэлээсээ хүчин зүтгэсээр даруй 22 жилийг ардаа орхижээ…2010 оны 11 сарын 18 өдөр Төв аймагт Сүмбэр сумын ЕББДС-ийн захирлын сонгон шалгаруултанд 1-р байранд орж 2011 оны 01 сарын 05-нд захирлын үүрэгт ажилд томилогдсон…Төв аймгийн засаг дарга, сумын засаг дарга, сургуулийн захирал нар 2017 оны 01 сарын 16-нд гурвалсан гэрээ 1 жилийн хугацаагаар байгуулсан мөртлөө 2017 оны 03 сарын 06-нд Сүмбэр сумын орлогч дарга А.Баасанхүү ажил хүлээлцэх гишүүдтэй ирж Төв аймгийн засаг даргын 2017 оны 02 сарын 23-ны өдрийн Б/12 тоот захирамж, Сүмбэр сумын ажил хүлээлцэх, ажлын хэсэг байгуулах тухай 2017 оны 02 сарын 24-ний өдрийн Б/34 ажил хүлээлцэх захирамжийг танилцуулан хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлыг шууд хүлээлцсэн.

Төв аймгийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн Б/12 дугаар тушаалаар намайг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5 дах хэсэгт заасны дагуу ажлаас чөлөөлсөн байна. Уг захирамжийг надад 2017 оны 3 дугаар сарын 6-ны өдөр танилцуулж, миний ажлыг шууд хүлээн авсан болно. Миний бие ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн сахилгын шийтгэл хүлээж байгаагүй байтал намайг давтан зөрчил гаргасан гэж ажлаас чөлөөлсөн нь ойгомжгүй хууль бус бөгөөд миний эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл болсон. Миний гаргасан гэх зөрчлийн талаар нэхэмжлэгч надад огт танилцуулаагүй бөгөөд ямар зөрчлийг  хэзээ, хэрхэн гаргаснаа миний бие өөрөө ч  мэдэхгүй байгаа болно. Миний бие одоо тус сумын ерөнхий боловсролын багшийн ажил хийж байгаа болно.Иймд нэхэмжлэгч намайг Төв аймгийн Сүмбэр сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажилд эргүүлэн тогтоож, нэмэгдлийн зөрүүг гаргуулах, уг хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн зөрүүг гаргуулж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч Р.Гэрэлсайхан шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: ”- Би 2017 он хүртэл сургуулийн захирал, багшаар ажиллаж байсан. 2011 онд Төв аймгийн Сүмбэр сумын сургуулийн захирлаар томилогдсон байдаг. Хөдөлмөрийн болон үр дүнгийн гэрээг хавтаст хэрэгт өгсөн. Мөн 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр алтан гадас одонгоор шагнуулсан. 2016 оны 01 дүгээр сард гурвалсан гэрээ байгуулсан. Надад Сүмбэр сумын засаг даргын тушаалыг танилцуулаагүй. Миний бие удирдах албан тушаалд ажиллаж байхдаа ямар нэгэн зөрчил гаргаж байгаагүй. Би захирлын ажилд эргүүлэн томилуулах, цалин хөлс нэмэгдлийн зөрүүг гаргуулах, нийгмийн даатгалын зөрүүг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийг гаргаж байгаа”  гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “-Р.Гэрэлсайхан ньТөв аймгийн Сүмбэр сумын ЕБС-ийн захирлын албан тушаалд ажиллаж байсан. Нэхэмжлэлийн шаардлагад хэд хэдэн ойлгомжгүй зүйл байна. 2016 онд 5.525.900 төгрөгийн төлбөрийн акт тавигдсан. Эдгээр санхүүгийн зөрчилийг гаргаж 2016 оны 06 сарын 22-ны өдрийн б/27 гэх  захирамжаар сануулах шийтгэл авсан. 2016 оны үр дүнгийн гэрээ 71 хувьтай урамшуулал олгогдож байгаагүй. Хамгийн сүүлд үндэсний аудитын газраас ирсэн бичгийг хавсаргасан. 5.5 сая төгрөгийн төлбөрийг хугацаанд нь барагдуулаагүй тул Сүмбэр сумын засаг даргын 2017 оны 06 сарын 22-ны өдөр ирүүлсэн албан бичигт дээрх зөрчлийг дахин тавигдаж өнөөдрийг хүртэл төлбөр төлөөгүй гэсэн бичгийг ирүүлсэн. 2017 оны 03 сарын 06-ны өдөр ажил хүлээлцсэн өдрөө албан бус насан туршийн багш гэсэн албан тушаалд тшомилогдож  03 сарын 06-ны өдрийн 30 дугаартай тушаал, 04 сард тус тус ур чадварын нэмэгдлийг 25-30 хувиар авч байсан. Яагаад ур чадварын нэмэгдэл өгснийг ойлгохгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэв.

Шүүх энэ хэрэгт зохигчдын хуульд заасан арга хэрэгслээр цуглуулж ирүүлсэн бичгийн нотлох баримтууд болон нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбар зэргийг тал бүрээс нь бүрэн дүүрэн шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Р.Гэрэлсайхан нь Төв аймгийн Засаг даргад холбогдуулан Төв аймгийн Сүмбэр сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, нэмэгдлийн зөрүү гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн зөрүү гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргаж хариуцагч Төв аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь иргэн Р.Гэрэлсайханы нэхэмжлэлтэй, Төв аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Ажилд эргүүлэн тогтоолгох, нэмэгдлийн зөрүү гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн зөрүү гаргуулах” зэрэг шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Нэхэмжлэгч Р.Гэрэлсайханыг Төв аймгийн засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн Б/21 дугаартай “Ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нарыг томилох тухай” захирамжаар Төв аймгийн Сүмбэр сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлаар томилжээ. /хх-н 100-101/

Нэхэмжлэгч Р.Гэрэлсайханыг Төв аймгийн Засаг даргын 2017 оны 02 дугар сарын 23-ны өдрийн Б/12 дугаартай “Р.Гэрэлсайханыг ажлаас чөлөөлөх тухай” захирамжаар Сүмбэр сумын ЕБС-д аймгийн Аудитийн газраас 2015 оны санхүүгийн тайланд аудит хийхэд нийт 5525,9 мянган төгрөгийн дотуур байрны хүүхдийн хоолны зардлыг илүү зарцуулсан зөрчил гарсан, давтан 2016 онд аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албанаас ахлах байцаагчийн 3 удаагийн актаар нийт 982,440 төгрөгийн зөрчил тус тус гарсан, дээрхи зөрчлүүдээ арилгаж 2016 оны 12 дугар сарын 15-ны дотор багтаан дансанд бүрэн төвлөрүүлээгүй, мөн Сүмбэр сумын иргэдээс 11-11 төвд ёс зүй, хариуцлагыг дурдсан өргөдөл хоёр удаа ирсэний дагуу ажиллахад тус сургуулийн захирал Р.Гэрэлсайхан нь Төсвийн тухай хуулийн 16.5.5, Төрийн Аудитын тухай хуулийн 28.2.2, Хөдөлмөрийн гэрээний 3.2.7 дахь хэсгийг зөрчсөн гэсэн үндэслэлүүдээр  түүнийг Төв аймгийн Сүмбэр сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын үүрэгт ажлаас Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгэр зүйлийн 40.1.4, 40.1.5 дахь заалтуудыг удирдлага болгон чөлөөлжээ.

Нэхэмжлэгч Р.Гэрэлсайханы удирдаж байсан Төв аймгийн Сүмбэр сумын Ерөнхий боловсролын сургуулийн санхүүд Төв аймгийн Аудитийн газраас 2015 оны санхүүгийн тайланд аудит хийхэд нийт 5525,9 мянган төгрөгийн дотуур байрны хүүхдийн хоолны зардлыг илүү зарцуулсан зөрчил гарсан нь Үндэсний Аудитын газрын харьяа Төв аймгийн Аудитын газрын 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн ТӨАГ/3/147 дугаартай “Төлбөр болгох тухай” акт /хх-н 67-68/, мөн 2016 онд аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 33-09-121 дугаартай актаар 379108 төгрөгийн, Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 33-09-121 актаар 379108 төгрөгийн, мөн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 33-07-127 дугаартай  актаар 244600 төгрөгийн нийт 982,440 төгрөгийн зөрчил тус тус илэрч байсан байх ба  дээрхи зөрчлүүдээ арилгах үүрэг даалгаврыг дээрхи актуудаар хариуцуулсан байна.

 

Р.Гэрэлсайхан нь дээрхи зөрчлүүдийг үгүйсгээгүй, зөрчлийн тухай актуудад гомдол гаргаж байгаагүй байх бөгөөд уг актууд хүчин төгөлдөр хэвээр байна.

 

Нэхэмжлэгч Р.Гэрэлсайхан нь Аудитын газрын харьяа Төв аймгийн Аудитын газрын 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн ТӨАГ/3/147 дугаартай “Төлбөр болгох тухай” акт, мөн Төв аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 33-09-121 дугаартай акт, Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 33-09-121 акт, мөн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 33-07-127 дугаартай актуудаар тавигдсан 982,440 төгрөгийн зөрчлийг тус тус арилгаагүй болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар /хх-н 34-35, шүүх хуралдааны тэмдэглэлд/ болон нэхэмжлэгчийн өөрийн нь шүүхэд ирүүлсэн нотлох баримт болох Төв аймгийн Сүмбэр сумын ИТХ-ын дарга Ч.Цэдэналд хүргүүлсэн 2016.06.06-ны өдрийн 09/23 дугаартай албан бичиг, Төв аймгийн Сүмбэр сумын ИТХ-ын дарга Д.Батбилэгт хүргүүлсэн 2016.12.09-ны өдрийн 09/60 дугаартай албан бичиг, Төв аймгийн Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Д.Мөнхцэцэгт хүргүүлсэн 2016.12.16-ны өдрийн 09/63 дугаартай албан бичиг зэргээр болон түүнд “сануулах” сахилгын шийтгэл ногдуулсан тухай Төв аймгийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн Б/27 дугаартай захирамжаар /хх-н 51, 64-66/ тус тус нотлогдож байна.

Төв аймгийн Засаг дарга Ж.Батжаргал, Төв аймгийн Сүмбэр сумын Ерөнхий боловсролын дунд сургуулийн захирал Р.Гэрэлсайхан нарын хооронд 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний Гурав дугаар зүйл буюу Хариуцлага гэсэн хэсгийн  3.2-т Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох буюу ажил олгогч /аймгийн Засаг дарга/-ийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлах ноцтой зөрчил гэдэгт: гээд ...3.2.7-д “Төсвийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулах, төсвийн хууль тогтоомж зөрчсөн зөрчил дутагдлыг гаргахдаа их хэмжээний зөрчил гаргасан, хязгаарлалттай дүгнэлт авсан нь аймгийн санхүүгийн хяналт, төрийн аудит, Мэргэжлийн хяналтын газар, хууль хяналтын байгууллагын шалгалтаар тогтоогдсон бол” ...гэжээ. /хх-н 14-18/

 Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж заажээ.

 

Иймд Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5-д Төсвийн шууд захирагч нь төсвийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: гээд 16.5.5-д батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах, Төрийн Аудитын тухай хуулийн 28 дугаар зүйл Хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага гээд 28.2.2-д төрийн аудитын байгууллагаас тавьсан албан шаардлага, төлбөрийн актыг цаг хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд, Монгол улсын Засг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйл Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын нийтлэг бүрэн эрх гээд 29.2-т Засаг дарга эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйл Хөдөлмөрийн гэрээ цуцлах үндэслэл гэсний 38.1-д Хөдөлмөрийн гэрээг дараахь үндэслэлээр цуцална: 38.1.2-т ажил олгогч санаачилсан гэснийг тус тус үндэслэл болгон захирамжилсан Төв аймгийн Засаг даргын 2017 оны 02 дугар сарын 23-ны өдрийн Б/12 дугаартай “Р.Гэрэлсайханыг ажлаас чөлөөлөх тухай” захирамж нь хуульд нийцсэн үндэслэл бүхий  болжээ.  

Шүүх нэхэмжлэгч Р.Гэрэлсайханы Төв аймгийн Сүмбэр сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, нэмэгдлийн зөрүүг гаргуулах, уг хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн зөрүүг гаргуулж өгөхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй тул түүний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн Аймгийн Засаг дарга болон Ерөнхий боловсролын сургуулийн захирлын хооронд байгуулсан үр дүнгийн гэрээ /хх-н 8-13/, Сүмбэр сумын Ерөнхий боловсролын сургуулийн үйл ажиллагааны жилийн төлөвлөгөө /хх-н 19-23/, түүнчлэн хавтаст хэргийн 62-78, 85-98 дугаар хуудсанд авагдсан баримтууд  болон нэхэмжлэгчийн шүүх хуралдаан дээр шинээр гаргаж өгсөн 73 хуудас бүхий баримтуудыг шинжлэн судлаад зохигчдын маргаж буй Сүмбэр сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, нэмэгдлийн зөрүү гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн зөрүү гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхэд ач холбогдолгүй бөгөөд маргааны зүйлд хамааралгүй гэж үзсэн болно.  

Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3. 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасны дагуу нэхэмжлэгч Р.Гэрэлсайханы Төв аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, нэмэгдлийн зөрүү гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн зөрүү гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

4.Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийн хувийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор  Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Л.МӨНХЦЭЦЭГ