Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 001/ХТ2018/00561

 

Ж.Г-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 151/ШШ2017/01008 дугаар шийдвэртэй,

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 223/МА2017/00034 дугаар магадлалтай,

Ж.Г-гийн нэхэмжлэлтэй,

П.Б-, Д.Н- нарт холбогдох,

Зээлийн төлбөрт 28.000.000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, зохигчийн хооронд байгуулсан 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдрөөр огноолсон 2 удаагийн  зээлийн  гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагчийн өмгөөлөгч А.Ариунаагийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Ариунжаргал, хариуцагчийн өмгөөлөгч А.Ариунаа, Б.Энхтуяа, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч Ж.Г-гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...2016 оны 8 сарын 22-ны өдөр П.Б-, Д.Н- нартай зээлийн гэрээ байгуулж 15.000.000 төгрөгийг өгсөн. Энэ мөнгийг авахдаа зээлдэгчид нь 2016 оны 8 сарын 22-ноос 2016 оны 9 сарын 10 хүртэлх 19 хоногийн хугацаанд 10.000.000 төгрөг болгон ашгаасаа нийт 25.000.000 төгрөг болгож өгөхөөр тохирсон. Ингээд надад үндсэн зээл 15.000.000 төгрөг түүний ашиг 10.000.000 төгрөг нийт 25.000.000 төгрөг болгож, хугацаандаа төлөөгүй тохиолдолд хүү өгөхөөр тохирсон Түүний 26 хоногийн хүү нь 3.250.000 төгрөг болж байгаа. Зээлдэгч нар Төв аймгийн Ерөнхий боловсролын сургуулиудаас бэлтгэлийн хувцасны нийт 3000 ширхэг захиалга авсны 1200 ширхэг хос хувцасны захиалгыг өөрсдийн мөнгөөр хийчихсэн. Одоо үлдсэн 1800 хос бэлтгэлийг хувцасыг хийж өгөх гэсэн надад мөнгө байхгүй байна. Та надад хөрөнгө оруулаад өгчихөө би танд дээр 1800 ширхэг хувцасыг нэг ширхэгийг нь 25.000 төгрөгөөр зарж борлуулсны 45.000.000 төгрөгний ашигаас зээлдүүлэгчид 10.000.000 төгрөгийг 2016 оны 9 сарын 10-ны дотор бэлнээр 25.000.000 төгрөг болгож өгөхөөр тохиролцон гэрээ байгуулсан. Иймд зээлдэгч П.Б- Д.Н- нараас нийт 28.250.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Н-гийн тайлбарт: ...Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Ж.Г- эгч намайг хүүхдийн биеийн тамирын хувцас үйлдвэрлэх ажлыг хийх гэрээ байгуулсныг мэдээд хамтарч ажиллая гэсэн санал тавьсан. 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдөр нөхөр бид хоёртой уулзаад эгч нь боломжоороо мөнгө гаргая,  чи үйлдвэрлэж оё, ашгаа 50, 50 хувиар авъя гээд 15.000.000 төгрөгийг захиран зарцуулах эрхийг Д.Н-д олгоод биеийн тамирын хувцас үйлдвэрлэсэн. Д.Н- зардлаа тооцоолон гаргаж нийт 15.000.000 төгрөгийн материалаар 558 ширхэг тамирын хувцасны материал авсан талаар нотлох баримтаар шүүхэд өгсөн байдаг. Ж.Г- мөн хувцаснаас үйлдвэртээ авч оёсон болох нь нотлогддог. Цаг хугацаа тулсан байсан учир хувцсаа бүрэн оёж худалдан борлуулж чадаагүй, мөн Ж.Г- өөр сургуульд хувцсыг 10.000 төгрөгөөр илүү худалдах гэснээс болж борлогдоогүй. 2 удаагийн зээлийн гэрээнд гарын үсэг зуруулсан боловч энэ нь хууль бус хуурамчаар хийгдсэн, хүчин төгөлдөр бус гэрээ.  Юун гэрээ юэ гэхэд 15.000.000 төгрөг авснаа биччих. Гэрээний 1-ээс 8-г тохироогүй шүү гэхэд гэрээний ард энэ талаар бичээд гарын үсгээ зурсан. Зээлийн гэрээнээс 10.000.000 хүүтэй мөнгө зээлүүлээгүй, хамтран ажиллаад ашиг хүртэх нь харагдаж байгаа. 15.000.000 төгрөгөөр биеийн тамирын хувцас үйлдвэрлээд хоёулаа борлуулах үүрэгтэй байсан. Ж.Г-  биеийн тамирын хувцас борлуулсан  нь нотлогддог. Хуурч мэхэлж гарын үсэг зуруулсан тул зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Тухайн компанийг Д.Н- ажиллуулдаг. Тухайн өдөр П.Б- жолоо бариад явж байсан. Тиймээс П.Б- нь хариуцагч биш. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч П.Б-ын тайлбарт: Ж.Г-гаас 15.000.000 төгрөг зээлээгүй, эхнэр Д.Н-гийн ажиллуулдаг оёдлын цехийн ажилд оролцдоггүй. Харин эхнэр надад Ж.Г- эгч мөнгийг нь гаргаж, хамтарч сурагчийн биеийн тамирын хувцас үйлдвэрлэхээр боллоо, хамтдаа борлуулаад ашгаа 50,50 хувиар авна гэж ярьж байсан. Одоо үйлдвэрлэсэн хувцас нь оёдлын цехэд хураалттай байгаа. ...25.000.000 төгрөгийн зээлийн гэрээнд гарын үсэг зуруулна гэсэн. Гэхдээ энэ гэрээ хамаагүй, нэр төдий гэж хэлсэн. Д.Н- бичиг баримтгүй байсан учир намайг хамтад нь гарын үсэг зуруулсан. Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч Д.Н- шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Ж.Г- 8 сарын 22-ны өдөр 25.000.000 төгрөг зээлсэн мэтээр зээлийн гэрээ хийдэг. Яг энэ өдөр 25.000.000 төгрөг зээлүүлээгүй. 19 хоногт яагаад хүүгүй зээлүүлдэг билээ. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар зээлийг эргүүлэн төлөх өдөр хэтэрсэн хоног тутамд 0,5 хувиар алданги тооцохоор гэрээ хийсэн. Хамтран ажиллах гэрээ биш үү гэхэд бид бие биенээ сайн танидаг учраас гээд зээлийн гэрээ хийсэн. Мөн ахин 1 гэрээг 8 сарын 22-ны өдөр  байгуулсан боловч энэ нь 10 дугаар сарын 08-ны өдөр хийсэн гэрээ юм. Ж.Г- дуудаад гарын үсэг зур гэж хэлээд зуруулж хуурч мэхэлсэн байдаг. Мөн гэрээг нотариатаар оруулж батлуулаагүй. Энэ гэрээ хүчин төгөлдөр бус юм. Иймд 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хийсэн гэх 15.000.000 төгрөгийн зээлийн гэрээ, 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хийсэн гэх 25.000.000 төгрөгийн зээлийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ж.Г- сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарт: Зээлийн гэрээг заавал нотариатаар батлуулах шаардлага байхгүй. Иргэний хуулийн 283 дугаар зүйлд зааснаар зээлийн гэрээг байгуулсан гэж үзэх хангалттай нотлох баримт байгаа. Хариуцагч хүсээгүй байхад гэрээ байгуулсан гэдгийг нотлох баримт байхгүй. Гэрээ хийсэн мөнгийг шилжүүлээд өгсөн нь тогтоогдож байна. Тиймээс сөрөг нэхэмжлэлийг хангах боломжгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 151/ШШ2017/01008 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 42 дугаар зүйлийн 42.10-т тус тус зааснаар Ж.Г-, П.Б-, Д.Н- нарын хооронд 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан гэх 15.000.000 төгрөгийг зээлсэн зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус байх тул хариуцагч Д.Н-, П,Бүрэнбаатар нараас 15.000.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ж.Г-д буцаан олгуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 13.000.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хариуцагч Д.Н-гийн 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдөр байгуулж 25.000.000 төгрөг зээлсэн гэх, 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 15.000.000 төгрөг зээлсэн гэх зээлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусад тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 299.200 төгрөгийг төрийн санд, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн 70.200 төгрөг, 212.750 төгрөгийг төрийн санд тус тус хэвээр үлдээж, харицагчаас 232.950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Тав аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 223/МА2017/00034 дугаар магадлалаар Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 151/ШШ2017/01008 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Д.Н-, П.Б- нараас 15.000.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид Ж.Г-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 13.250.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж, шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дугаар заалтын Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар... гэснийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул... гэж, ...хүчин төгөлдөр бусд тооцуулах... гэснийг ...хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох... гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, хариуцагч Д.Н-гийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232.950 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн өмгөөлөгч А.Ариунаа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Шийдвэр, магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг зөрчсөн. Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, оролцогч нарын гаргаж өгсөн нотлох баримтуудыг буруу үнэлсэн, хэрэгт хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна. Давж заалдах шатны шүүхийн магадлалд “зээлийн гэрээний 1.1-1.8-аас бусад нөхцөлийг талууд тохиролцсон гэж үзнэ” гэж дүгнэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтад буруу дүгнэлт хийсэн гэж үзнэ. Учир нь хэрэгт байх зээлийн гэрээний ард талд уг зээлийн гэрээний зөвхөн 1-8 дахь заалт буюу “Хугацаа хэтрүүлсэн мөнгөө төлөөгүй тохиолдолд хуулийн байгууллагаар шийдвэрлүүлэх бөгөөд зээлдэгч нар зээлдүүлэгчид учирсан бүх хохирлыг нэмж төлнө.” гэсэн хэсгийг хариуцагч Д.Н-, П.Б- нар зөвшөөрөөгүй бөгөөд энэ талаар тэмдэглэл үйлдсэн байхад уг зээлийн гэрээний заалтыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөөгүй гэж дүгнэснээс хууль хэрэглээний асуудал зөрчигдсөн байна гэж дүгнэх боломжтой байна. Анхан шатны шүүх Ж.Г-, Д.Н-, П.Б- нарын хооронд 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан гэх 15.000.000 төгрөгийн зээлийн гэрээг Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаагүй гэж дүгнэн хүчин төгөлдөр бусад тооцсон атлаа 42.10 дахь хэсэгт зааснаар хэлцлээр авсан бүх зүйлээ буцаан олгуулахаар заасан нь хууль зүйн үндэслэлгүй ба давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 50 дугаар зүйлд зааснаар зээлийн гэрээ гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж байна. Учир нь зээлийн гэрээний заалтууд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хамтран ажиллах гэрээний гол нөхцөл болох хамтын үйл ажиллагааны зорилго, талуудаас оруулах хураамж, талуудын гүйцэтгэх үүргийн талаар зохигчид тохиролцсон болох нь харагдаж байна. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нэхэмжлэгч Ж.Г-, хариуцагч Д.Н- нарын хооронд зээлийн харилцаа үүсээгүй харин Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.2 дахь хэсэгт зааснаар хамтран ажиллахаар аман хэлцэл байгуулж. 15.000.000 төгрөгөөр материал авч Төв аймгийн сургуулиудын бэлтгэлийн хувцасны 3000 ширхэг захиалгыг хийж гүйцэтгэн, ашиг орлогоо хуваахаар тохиролцож улмаар нэхэмжлэгч Ж.Г- уг аман хэлцлийн дагуу 15.000.000 төгрөгөөр авсан материалаар бэлтгэлийн хувцас өөрийн оёдлын цех дээрээ үйлдвэрлэж зарж борлуулж байсан нь хэрэгт авагдсан гэрч Х.Ганцэцэг, С.Шижиртуяа, Ц.Алтантуяа, С.Нямдорж, Б.Мөнхөө нарын мэдүүлэг, хэргийн 18 дугаар хуудсанд байх Төв аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаагчийн үзлэг хийсэн тэмдэглэл, Төв аймгийн прокурорын газрын эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан тогтоол, “Бүрэн Дашням” ХХК-ийн Төв аймгийн сургуулиудтай бэлтгэлийн хувцас нийлүүлэхээр хийсэн гэрээ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна. Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.2 дахь хэсэгт зааснаар “...хураамжийг мөнгөн эсхүл хөрөнгийн, түүнчлэн үйлчилгээ үзүүлэх хэлбэрээр төлж болно” гэсний дагуу Д.Н- нь Төв аймгийн сургуулиудад бэлтгэлийн хувцас нийлүүлэх тендерт ялалт байгуулсан, уг тендерийн дагуу Ж.Г- хамтран ажиллах санал тавьж 15.000.000 төгрөгний хураамж төлсөн, талуудын төлсөн хураамж нь тэдгээрийн дундаа өмчлөх хөрөнгө гэж дүгнэх хууль зүйн үндэстэй байна. Хэрэв Ж.Г-, Д.Н- нар нь бэлтгэлийн хувцас нийлүүлэх гэрээг хичээлийн шинэ жилийн эхэнд хугацаанд нь биелүүлсэн бол ашиг олох боломжтой байсан. Гэтэл тодорхой шалтгааны улмаас хугацаа хэтэрснээс борлуулж чадалгүй, их хэмжээний бэлтгэлийн хувцас хадгалагдаж байгаа бөгөөд энэ алдагдлыг Д.Н- ганцаараа хүлээх үүрэггүй бөгөөд Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.11-т зааснаар хамтын үйл ажиллагааны улмаас бий болсон алдагдлыг гэрээний талууд хамтран хариуцах юм.

Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Хариуцагчийн өмгөөлөгч А.Ариунаагийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.

            Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангажээ.

Нэхэмжлэгч Ж.Г- хариуцагч Д.Н-, П.Б- нараас зээл 15.000.000 төгрөг, зээлийн хүү 10.000.000 төгрөг, алданги 3.350.000 төгрөг, нийт 28.350.000 төгрөг гаргуулахаар шаардсныг П.Б- хариуцагч биш гэж, Д.Н- мөнгө зээлээгүй, хамтран ажиллаад алдагдал хүлээсэн гэж тус тус маргаж, талуудын хооронд байгуулсан 2 удаагийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох  сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч Ж.Г- хариуцагч Д.Н-, П.Б- нарын хооронд  2016 оны 8 дугаар сарын 22-ны өдрөөр огноолсон 2 удаагийн зээлийн гэрээ бичгийн хэлбэрээр байгуулагдсан, гэрээний дагуу 15.000.000 төгрөг шилжүүлсэн үйл баримтын тухайд зохигч маргаагүй байна.

Нэхэмжлэгч, мөнгийг зээлсэн гэснийг, хариуцагч сурагчийн биеийн тамирын хувцас үйлдвэрлэж, худалдан хамтран ажиллаж, ашгаа хуваахаар тохиролцсон, 15.000.000 төгрөг Ж.Г-гийн оруулсан хураамж гэж өөр өөрөөр тайлбарлажээ.

Зохигчийн хооронд хамтран ажиллах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, тухайлбал, хамтын үйл ажиллагааны зорилго, талуудын оруулах хураамж, гүйцэтгэх үүрэг, эдлэх эрх, ашиг, алдагдлыг хэрхэн хуваарилах талаар талууд тохиролцсон нь нотлогдоогүй байна.

Анхан шатны шүүх зохигчийн хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасан хамтран ажиллах гэрээ бус мөн хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн талаар зөв дүгнэсэн атлаа гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.10-т заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн алдааг давж заалдах шатны шүүх засч, шийдвэрийг өөрчилсөн нь хуулийн үндэслэлтэй байна.

Давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд 15.000.000 төгрөгийг буцаан төлөх нөхцөлтэй шилжүүлэн авсан нь зээлийн гэрээний шинжийг агуулсан, харин гэрээгээр хүү, алданги төлөхөөр харилцан тохиролцсон гэх нөхцөл тогтоогдоогүй талаар дүгнэлт хийж зээлийн гэрээний үүргийн биелэлтэд олгосон мөнгийг буцаан төлүүлэхээр нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 196 дугаар зүйлийн 196.1.1, 283 дугаар зүйлийн 283.2-т заасантай нийцжээ.

            Түүнчлэн сөрөг нэхэмжлэлийн талаар анхан шатны шүүх дүгнэхдээ хууль хэрэглээний алдаа гаргасныг давж заалдах шатны шүүх залруулсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасныг зөрчөөгүй байна. Харин шийдвэр, магадлалд 2 удаагийн зээлийн гэрээний огноог алдаатай бичснийг тэмдэглэж байна.

Хариуцагч нарын өмгөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэл нь зохигчийн хооронд хамтран ажиллах гэрээ байгуулагдсныг нотлохгүй байх тул гомдлыг хангахгүй орхиж, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 223/МА2017/00034 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч А.Ариунаагийн гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч нар нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 62.480 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ