Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 757

 

 

 

 

 

№               № 546                                  МА

 

зГАДЛАЛ

 

Ц.Б-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор Б.Бямбадагва,

яллагдагч Ц.Б,

нарийн бичгийн дарга Э.Ариунзаяа нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 1416 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Бямбадагвын бичсэн 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 26 дугаартай эсэргүүцлээр Ц.Б-т холбогдох 201525011508 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Ц-ийн Б, 1994 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Төв аймагт төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эсгүүрчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эцгийн хамт Сүхбаатар дүүргийн .... тоотод оршин суух,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2012 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 286 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, /РД: ....../;

Ц.Б нь Б.Т-тэй бүлэглэн 2015 оны 7 дугаар сарын 21-ний өдөр иргэн Э.Т-ийн “Samsung Galaxy S3” загварын, 360.000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг “яриад өгье” гэж хуурч залилан авсан,

Мөн 2015 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, 5-107 тоотод оршин суух Н.У-ийн 500.000 төгрөгийн үнэ бүхий  гар утсыг “яриад өгье” гэж хуурч залилан авсан,

Ц.Б нь ганцаараа 2016 оны 2 дугаар сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт, 13 настай Э-О-г “ална” гэж хүч хэрэглэхээр заналхийлж, “Iphone 4” загварын гар утсыг дээрэмдэн, 150.000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хороо, “Баянбулаг” дэлгүүрийн кассын хажуугаас П.Б-ын “Samsung Galaxy G5” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч, 600.000 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Хаан бүрээс ХХК-ийн байранд хохирогч Д.Ц-ийн “Iphone 6” загварын гар утсыг “ярьчихаад өгье” гэж хуурч залилан авсан,

2017 оны 7 дугаар сарын 7-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Терра” солонгос хоолны газарт “гар утсаар чинь яриад өгье” гэж хохирогч Д.О-ыг хуурч 192.000 төгрөгийн үнэ бүхий “Iphone 5” загварын гар утсыг залилан авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

          Баянгол дүүргийн прокурорын газар: Ц.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 2, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

         

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “.... Ц.Б-т холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй дараах үндэслэл нотолгоо тогтоогдов.

Ц.Б нь Б.Т-тэй бүлэглэн 2015 оны 7 дугаар сарын 21-ний өдөр иргэн Э.Тэгшээгийн “Samsung Galaxy S3” загварын, 360.000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг “яриад өгье” гэж хуурч залилан авсан, 2015 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, 5-107 тоотод оршин суух Н.У-ийн 500.000 төгрөгийн үнэ бүхий  гар утсыг “яриад өгье” гэж хуурч залилан авсан гэсэн байдлаар яллах дүгнэлт үйлдсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байгаа учир зөвтгөх нь зүйтэй байна.

Хавтаст хэргээс үзэхэд насанд хүрээгүй хохирогч Э.Т-ийн гар утсыг яллагдагч Ц.Б хуурч залилан аваагүй, харин насанд хүрээгүй хохирогч Ц.Э-О-ын гар утсыг хуурч залилан авсан болох нь насанд хүрээгүй хохирогч нарын мэдүүлэг болон зургаар таньж олуулах ажиллагааны тэмдэглэл зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна. Мөн хохирогч Н.У-ийн гар утсыг хэрэгт холбогдсон Б.Т гэгч нь хуурч залилан авч зугтсан. Харин А-гийн гар утсыг яллагдагч Ц.Б хуурч залилан авсан болох нь хохирогч нарын болон яллагдагч нарын мэдүүлгээр тогтоогдож байна.

Яллагдагч Ц.Б нь ганцаараа 2016 оны 2 дугаар сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт 13 настай Э-О-г “ална” гэж хүч хэрэглэхээр заналхийлж, “Iphone 4” загварын гар утсыг дээрэмдэн, 150.000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдлийг бусадтай хамтран үйлдсэн талаар яллагдагч мэдүүлж байгаа нь насанд хүрээгүй хохирогчийн мэдүүлэгтэй тохирч болох боломжтой байх учир тухайн үйлдлийг бүлэглэж үйлдсэн эсэх байдлыг шалгах нь зүйтэй.

Харин яллагдагчийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үед өмгөөлөгчгүйгээр байцаалт авсан учир дахин өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх, мөн бусадтай бүлэглэж үйлдсэн дээрэм болон булаалтын үйлдлүүдийг нэгтгүүлэн шалгуулах талаар гаргасан хүсэлтэд дурдагдсан нөхцөл нь нотлох баримтаар тогтоогдоогүй, хүсэлтэд дурдагдсан мэдээллийн талаар цагдаагийн байгууллагад гомдол ирээгүй байх учир хангаж шийдвэрлэх боломжгүй юм.

Дээрх мөрдөн байцаалтын ажиллагааг бүрэн биш хийсэн, дээрхи ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар яллагдагч Ц.Б-т холбогдох хэргийг Баянгол дүүргийн Прокурорын газарт буцааж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар хэргийг прокурорт очтол Ц.Б-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг Сиди-г хэргийн хамт хүргүүлж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

            Прокурор Б.Бямбадагва давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 1416 дугаартай хэргийг прокурорт буцаасан захирамжийг 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч доор дурдсан үндэслэлээр эсэргүүцэж байна. Үүнд:

1. Яллагдагч Ц.Б нь Б.Т гэгчтэй бүлэглэн 2015 оны 7 дугаар сарын 21-ний өдөр иргэн Э.Тэгшээгийн “Samsung Galaxy S3” загварын, 360.000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг "яриад өгье" гэж хуурч залилан авсан,

Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2015 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Ц.Э-О-ын “Samsung Galaxy S2” загварын гар утсыг залилан авч 180.000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг "яриад өгье" гэж хуурч залилан авсан,

2015 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, 5-107 тоот оршин суух Н.У-ийн 500.000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг "яриад өгье" гэж хуурч залилан авсан,

2015 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, 5-107 тоотод оршин суух иргэн Ү.А-ийн “Note 1” загварын гар утсыг залилан авч 150.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан, өөрөөр хэлбэл яллагдагч Ц.Б нь Б.Т гэгчтэй хамт байж байгаад нэг газарт, нэг цаг хугацаанд гэмт хэрэг үйлдэхээр санаатай нэгдэж хамт байгаа эх, охин хоёр, хоёр найзын гар утсыг “утсаар яриад өгье” гэж хуурч залилан авч зугтаасан болох нь хавтас хэрэгт авагдсан;

1. Насанд хүрээгүй хохирогч Э.Т-ийн “... 2015 оны 7 дугаар сарын 21-ний өдөр хөлсний байрны коридорт 14 цагийн үед найз Э-О-ын хамт тоглож байхад манай байранд шинээр орсон 2 ах ирээд “гар утсаараа ганц яриулаач” гээд гуйгаад байсан. Тэгэхээр нь бид хоёр “өгөхгүй” гэхэд “гуйж байна” гээд байсан учир Э-О утсаа өгөөд яриулсан. Цэнэг дуусч байгаа гэхэд нь  би дээшээ ороод цэнэглээд яръя гээд нэг ах нь Эр-О-ын утсыг аваад явсан. Нөгөө ах бид  хоёрыг  интернэт орж тоглоё гэхээр нь бид  хоёр зөвшөөрөөд хамт явсан. Дөнгөж интернэтэд ороод сууж байхад нөгөө ах нь “би найз руугаа яриадахъя” гэж миний утсыг аваад О-с “чиний утас хэд билээ” гэж асууж байсан. Тэгээд 1 харахад алга болчихсон байсан ...” гэсэн мэдүүлэг /1хх-25-27/,

2.  Гэрч Ц.Э-О-ын “... Би тухайн өдөр 13-14 цагийн хооронд найз Т-тэй юм яриад сууж байхад манай байранд шинээр орсон ах, бид хоёр дээр ирээд утсаараа яриулаач гэж хэлсэн. Эхлээд үгүй гэхэд гуйгаад байхаар нь би утсаа өгсөн. Цэнэг нь дуусаж байгаа гэхэд дээшээ гараад цэнэглээд ярьчихъя гэж хэлээд гэр лүүгээ явсан. Жижиг биетэй ах нь бид хоёрыг интернэт орж тоглоё гэхээр нь бид хоёр зөвшөөрөөд интернэт орсон. Намхан нь Т-ийн утсыг гуйж авч байсан, тэгээд алга болчихсон ...” гэсэн мэдүүлэг /1хх-28-29/,

3. Хохирогч Н.У-ийн “... Би 2015 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 23 цагийн үед ээж А-ийн хамт Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, ...... тоотод аавын дүү О-ийнд байж байтал хажуу өрөөнийх нь 2 залуу орж ирсэн. Тэгээд Б гэх залуу нь манай ээжийн “Note 1” загварын гар утсыг найз охин ирж байгаа, тосох гэсэн юм утсаа өгч байгаач гээд аваад гарсан. Тэгтэл нөгөө залуу буюу Т нь надаас миний “Iphone Gold 5” загварын гар утсыг “ахтайгаа ярих гэсэн юм” гэж аваад өрөөндөө орохоор нь би утсаа авъя гээд араас нь орох гэтэл өрөөнийхөө хаалгыг түгжчихсэн. Тэгээд би ээжийн хамт хаалгыг нь нүдсэн чинь онгойлгохгүй байсан бөгөөд гараад хартал цонхоор гараад зугтаачихсан байсан. ...би өөрийнхөө гар утсыг 500.000 төгрөгөөр “Тэди” төвөөс 2015 оны 8 дугаар сард худалдаж авсан...” гэсэн мэдүүлгүүдээр тогтоогддог.

Гэвч Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2015 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Ц.Э-О-ын “Samsung S2” загварын гар утсыг залилан авч 180.000 төгрөгийн,

2015 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, 5-107 тоотод оршин суух иргэн Ү.А-ийн “Note 1” загварын гар утсыг залилан авч, 150.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан хохирлын хэмжээнд хүрэхгүй, гэмт хэргийн шинжгүй байх тул 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 39 дугаартай зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоолоор хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Прокуророос Ц.Б-ийг Б.Т-тэй  бүлэглэн дээр дурдсан залилангийн 4 хэргийг үйлдсэн нь нотлогдсон боловч 2 үйлдлийг нь яллагдагчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон учраас 2015 оны 7 дугаар сарын 21-ний өдөр иргэн Э.Т-ийн “Samsung Galaxy S3” загварын 360.000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг "яриад өгье" гэж хуурч залилан авсан,

2015 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, 5-107 тоот оршин суух Н.У-ийн 500.000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг "яриад өгье" гэж хуурч залилан авсан гэх үйлдлүүдэд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрх зүйн ухамсарыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлж, яллах дүгнэлтэд тусгасан.

Хэрэв шүүхээс хэргийг хянан хэлэлцээд яллагдагч Ц.Б-ийн үйлдэл нь бүлэглэсэн шинжгүй гэж дотоод итгэлээр дүгнэвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлд зааснаар зарим хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх эрхтэй.

2. Яллагдагч Ц.Б-ийн насанд хүрээгүй хохирогч С.Э-О-ийн эд зүйлийг дээрэмдсэн хэргийн тухайд:

Ц.Б-ийн сэжигтнээр өгсөн “... 2016 оны 2 дугаар сарын 21-ний өдөр ...замын хажууд зогсож байхад нэг жаахан хүүхэд замын урд талаас зам гараад ирж байсан. Тэгэхээр нь би тэр хүүхдээс “утас байна уу” гэсэн чинь “байхгүй” гэж хэлсэн. Тэр хүүхдэд “худлаа яриад бай, дуугарвал чамайг ална шүү” гэж хэлээд сууж явсан такси руугаа дагуулаад явж байсан чинь нөгөө хүүхэд “ахаа утсаа өгье” гэж өөрөө хэлсэн. Тэгээд би гар утсыг нь аваад нууц кодыг нь асуухад надад кодоо хэлж өгсөн. Тэгээд би гар утсыг нь аваад нөгөө таксиндаа суугаад явсан. ...Тухайн хэрэг болох үед би ганцаараа явсан. Намайг бусдын эд хөрөнгө дээрэмдсэнийг таксины жолооч мэдээгүй, машиндаа сууж байсан...” /1хх-213-214/ гэж мэдүүлдэг. Энэ мэдүүлэг нь мөн тухайн үед яллагдагч Ц.Б-ийг баривчилсан Баянгол дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.Бат-Эрдэнийн мэдүүлэг болон хавтаст хэрэгт эд мөрийн баримтаар хураан авч хавсаргасан сиди бичлэг /22цаг 28 минут 50 секундээс 22 цаг 29 минут 32 секунтын хугацаанд Ц.Б нь цэнхэр ТҮЦ-ийн зүүн талаас ганцаараа 2 эмэгтэйн араас дагаж яваад эмийн сан руу дагаж орж байгаа нь бичигдсэн байдаг/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогддог.

Хэрэгт 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдөр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлснийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцээд шийдвэрлэж байсан бөгөөд энэ үед яллагдагч Ц.Б нь С.Э-О-г дээрэмдэхдээ хэн нэгэнтэй бүлэглэсэн талаараа мэдүүлээгүй. Хавтас хэрэгт энэ талаар нотлох баримт ч байхгүй. Иймд шүүхээс яллагдагч Ц.Б-т холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэх боломжтой гэж дүгнэж байна.

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 1416 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр бичсэн эсэргүүцлээ дэмжиж байна. ...” гэв

 

Яллагдагч Ц.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийдвэрийг үнэн зөв гарсан гэж үзэж байна. Би Б.Т-тэй хамтран Ц.Э-Оч болон Э.Т нарын утсыг залилан авсан. Э.Т-ийн “S3” загварын гар утсыг Тэмүүжин хувийн хэрэгцээндээ, Ц.Э-О-ын “S2” загварын гар утсыг би хувийн хэрэгцээндээ зарцуулсан. Тухайн үед Т олдохгүй байгаа биш Баянзүрх дүүргийн онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх тасагт шалгагдаж байсан. Б.Т нь Э.Т, Ц.Э-О нарын гар утсыг би авсан гэдгээ хэлээд 6 жил 6 сарын хорих ял аваад Багануурын хорих ангид ялаа эдлэж байгаа. Би гэмт хэрэг үйлдсэн машин болон гэмт хэрэг үйлдсэн хүнтэйгээ хамт баригдсан. Гэтэл намайг хориод Д-ыг батлан даалтад гаргасан. Хэргийг прокурорт буцааж өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

Прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн Ц.Б-т холбогдох эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэхдээ эсэргүүцлийн үндэслэлээр хязгаарлахгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Прокуророос яллагдагч Ц.Б-ийг Б.Т-тэй бүлэглэн 2015 оны 7 дугаар сарын 21-ний өдөр иргэн Э.Тэгшээгийн “Samsung Galaxy S3” загварын, 360.000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг “яриад өгье” гэж хуурч залилан авсан, мөн  2015 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн ......... тоотод оршин суух Н.У-ийн 500.000 төгрөгийн үнэ бүхий  гар утсыг “яриад өгье” гэж хуурч залилан авсан, ганцаараа 2016 оны 2 дугаар сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт, 13 настай Э-О-г “ална” гэж хүч хэрэглэхээр заналхийлж, “Iphone 4” загварын гар утсыг дээрэмдэн, 150.000 төгрөгийн хохирол учруулсан, 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хороо, “Баянбулаг” дэлгүүрийн кассын хажуугаас П.Б-ын “Samsung Galaxy G5” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч, 600.000 төгрөгийн хохирол учруулсан, 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн ........ байранд хохирогч Д.Ц-ийн “Iphone 6” загварын гар утсыг “ярьчихаад өгье” гэж хуурч залилан авсан, 2017 оны 7 дугаар сарын 7-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “......” солонгос хоолны газарт “гар утсаар чинь яриад өгье” гэж хохирогч Д.О-ыг хуурч 192.000 төгрөгийн үнэ бүхий “Iphone 5” загварын гар утсыг залилан авсан гэж үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 2, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлснийг, шүүгч хүлээн авч “...мөрдөн байцаалтын ажиллагааг бүрэн биш хийсэн, түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй...” гэж дүгнэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг баримтлан хэргийг прокурорт буцаасан байна.

 

 Хэргийн материалыг судлахад, мөрдөн шалгах ажиллагаагаар /2-3 жилийн хугацаанд явагдсан/ гэрч, хохирогч нарын мэдүүлгийг үндэслэн “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, яллагдагч нарын гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцооны талаар хангалттай шалгасан байх тул хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн гэрч, хохирогч, яллагдагч нарын мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудын эх сурвалжийг магадлах аргаар шалган үнэлэлт өгч, тэдгээрийг агуулгын хувьд хооронд нь харьцуулан дүгнэлт хийж, шаардлагатай тохиолдолд гэрч, хохирогч нарыг оролцуулан, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх нь зүйтэй.

 

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ, Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулахгүй байх зарчим, үзэл баримтлалд нийцүүлэн шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт оногдуулах ял хэрхэн хөнгөрсөн, эсхүл эрх зүйн байдал нь хэрхэн дээрдсэн талаар тодорхой хууль зүйн дүгнэлт өгч шийдвэрлэх боломжтой байна.

 

Иймд прокурор Б.Бямбадагвын  бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, шүүгчийн захирамжийг хүчингүй болгон, Ц.Б-т холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах  шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 1416 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, яллагдагч Ц.Б-т холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг анхан шатны шүүхэд очих хүртэл яллагдагч Ц.Б-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

                                    ДАРГАЛАГЧ,

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР                                           

                                    ШҮҮГЧИД                                                       М.ПҮРЭВСҮРЭН

                                                            Л.ДАРЬСҮРЭН