Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 0029

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Сонинболор даргалж, шүүгч С.Оюунгэрэл, Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Золбадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Х.М-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х аймгийн НДХ-т холбогдуулан гаргасан,

Нэхэмжлэлийн шаардлага: “Х аймгийн НДХ-ийн даргын 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн Б/40 дүгээр “А.М-д ажил хавсруулан гүйцэтгүүлэх тухай” тушаал, 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 2 дугаартай “А.М-ыг ажилд томилох тухай” тушаалуудыг тус тус хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах, Х аймгийн НДХ-ийн хяналт шалгалтын байцаагчийн албан тушаалд нөхөн томилохыг даалгах, 2019 оны 9 сарын 02-ны өдрөөс хойш ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, э.м болон н.д.ш-ийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэж даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагч Х аймгийн НДХ-ийн дарга Н.Б , гуравдагч этгээд А.М , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Хуягбаатар, хариуцагчийн өмгөөлөгч М.Эрдэнэ-Оюун, иргэдийн төлөөлөгч Р.Хадбаатар шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Ням-Адъяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгч Х.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би анх 2004 онд Худалдаа, үйлдвэрлэлийн дээд сургуулийг даатгалын эдийн засагч мэргэжлээр төгсөж, 2008 онд Ховд Их сургуулийг нягтлан бодогч мэргэжлээр төгссөн. 2005 оны 3 дугаар сараас эхлэн Х аймгийн НДХ-т архив, бичиг хэргийн эрхлэгчээр томилогдон ажилласан. Үүнээс хойш үйл ажиллагааны нягтлан бодогч, сангийн нягтлан бодогч, сайн дурын тэтгэмж хариуцсан байцаагч, шимтгэлийн байцаагч, төлөвлөгч эдийн засагч, хяналт шалгалтын байцаагчаар тасралтгүй 14 жил ажилласан. 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр орлого шимтгэлийн байцаагчийн албан тушаалд томилогдсон.

НД Ерөнхий газрын даргын 2018 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн А/22 дугаар тушаалаар батлагдсан Х аймгийн НДХ-ийн бүтэц орон тоогоор орлого шимтгэлийн байцаагчийн орон тоо нэгээр хасагдсантай холбоотой надад 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдөр НД Ерөнхий газрын даргын тушаалаар орлого шимтгэлийн байцаагчийн орон тоо нэгээр цөөрсөн гэх мэдэгдэх хуудас өгсөн. Мэдэгдэх хуудсаар 2018 оны 8 дугаар сарын 07-ны өдөр сонгон шалгаруулалт явуулна гэж мэдэгдсэн боловч 8 дугаар сарын 06-ны өдөр сонгон шалгаруулалт явуулах ажлын хэсэг хуралдаж, тест боловсруулж, 8 дугаар сарын 08-ны өдөр тестийн шалгалт явагдсан. Би тестийн шалгалт өгсөн.

Дээрх НД Ерөнхий газрын даргын тушаалаар НДХ-ийн Төлөвлөлт судалгаа шинжилгээ, нэрийн дансны тооцоо хариуцсан байцаагч, үйл ажиллагааны нягтлан бодогч хоёрын орон тоо нэгдэж, төлөвлөлт нэрийн дансны мэргэжилтэн, үйл ажиллагааны нягтлан бодогч гэсэн бүтэцтэй болсон байхад Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.3-д заасны дагуу Төлөвлөлт судалгаа, шинжилгээ, нэрийн дансны тооцоо хариуцсан байцаагчаар ажиллаж байсан А.М-ыг дээрх албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулахаар томилох ёстой байтал батлагдсан бүтэц орон тоог мөрдөж ажиллахгүй хуучин ажиллаж байсан орон тоон дээр нь шинээр нэмэгдсэн хяналт шалгалтын байцаагчийн сул орон тоог А.М-д хавсруулан гүйцэтгүүлэхээр Б/40, 02 дугаартай тушаал гаргаж, миний Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д заасан баталгааг хангахгүйгээр хөдөлмөрлөх эрхийг зөрчиж байгаад гомдолтой байна.

Мөн төрийн үйлчилгээний албан тушаалтан С.Г-гыг Төрийн албаны тухай хуулийн төрийн жинхэнэ албан хаагчид хамаарах заалтыг үндэслэн шалгаруулалтанд оролцуулж, хасагдсан орон тоо дээр үргэлжлүүлэн ажиллуулж байгаа үйлдэл нь Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан төрийн алба мэргэшсэн байх зарчимд нийцэхгүй, хууль бус үйлдэл юм.

Хариуцагчийн дээр үйлдэл нь Э.М, НД ерөнхий газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 1/3248 дугаар “Чиглэл хүргүүлэх тухай” албан бичигт заасан албан тушаалын ангилал зэрэглэлийг зөрчсөн хууль бус үйлдэл ба төрийн жинхэнэ албан хаагч миний хуулиар тогтоосон ажиллах нөхцөл, баталгаанд халдсан сул орон тоонд нөхөн томилогдох боломжийг хаасан шийдвэр гэж үзэж байна.

Миний бие 2018 оны 9 сарын 07-ны өдөр ажлаас чөлөөлөгдөж, тэр өдрөө сайн дурын даатгалын байцаагч Н.М  жирэмсэн амаржсаны чөлөө авсан тул түүний ажлыг гүйцэтгэж байгаад 2019 оны 9 сарын 02-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн. Энэ өдрөөс хойшхи ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийлгэхээр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байна гэжээ.

 

Хариуцагч НДХ-ийн дарга Н.Б  шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2017 онд Х аймгийн НДХ-т орлого шимтгэлийн байцаагч 3, компьютер, сүлжээний мэргэжилтэн 1, сургалт сурталчилгаа, нэг цонх хариуцсан мэргэжилтэн 1 тус тус ажиллаж байсан. Ингээд НД Ерөнхий газрын даргын 2018 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн А/22 дугаар тушаалаар батлагдсан Х аймгийн НДХ-ийн бүтэц орон тоогоор бол орлого шимтгэлийн байцаагчийн орон тоо 2, компьютер, сүлжээний мэргэжилтэн, сургалт сурталчилгаа, нэг цонх хариуцсан мэргэжилтний орон тоо нэгдэж, нэг орон тоо болж орон тоо цөөрсөн.

Үүний дагуу хэлтсийн даргын 2018 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн А/26 дугаар тушаалаар ажлын хэсэг байгуулж, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасан дагуу орлого шимтгэлийн байцаагчаар ажиллаж байсан 3 хүнийг сонгон шалгаруулалтад оруулахад уг сонгон шалгаруулалтын дүнгээр Х.М  нь өрсөлдсөн бусад байцаагч нараас бага оноо авсан. Иймд хэлтсийн даргын Б/37 дугаар тушаалаар Х.М-ыг орлого шимтгэлийн байцаагчийн албан тушаалаас чөлөөлсөн.

Нэхэмжлэгч Х.М  нь хяналт шалгалтын улсын байцаагчийн албан тушаалд томилуулахыг даалгах гэсэн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нэхэмжлэгчийг уг албан тушаалд томилох боломжгүй. Хяналт шалгалтын улсын байцаагчийн орон тоо өмнө нь 2 байсан. Одоо ч 2 орон тоотой байгаа. Харин шинээр хяналт шалгалт, дотоод аудитын тасгийн даргын орон тоо нэмэгдэж ирсэн. Х.М  нь энэ албан тушаал дээр маргаагүй. Хяналт шалгалтын улсын байцаагчийн орон тоо дээр тухайн үед Х.М , А.М  нарыг байлцуулж байгаад 2018 оны 10 дугаар сард болох улсын байцаагчийн эрх олгох, сунгах шалгалтад хамгийн өндөр оноо авсан байцаагчийг уг орон тоо дээр томилно гэж амаар зөвшилцсөний дагуу А.М  нь аймгийн хэмжээнд хамгийн өндөр оноог авч уг албан тушаалд томилсон.  

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу гэв.

 

Гуравдагч этгээд А.М шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:  Би энэ байгууллагад 15 жил ажиллаж байна. Өмнө нь үйлчилж байсан Төрийн албан тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д зааснаар мэргэжлийн түвшингийн үнэлгээ, ажлын мэдлэг, ур чадвараар хамгийн их шалгуур хангасан хүнийг томилно гэсний дагуу би хяналт шалгалтын улсын байцаагчид томилогдон ажилласан. Хяналт шалгалтын улсын байцаагчийн орон тоо манай хэлтэст өмнө батлагдаж ирсэн бүтэц орон тоогоор ч, сүүлд батлагдан ирсэн бүтэц орон тоогоор ч хоёр орон тоо байсан.

Нийгмийн даатгалын байцаагчийн эрх олгох шалгалтыг 3 жил тутамд өгдөг бөгөөд ажил олгогчийн зүгээс Х.М  бид хоёрыг дуудаад 2018 оны 10 сард зохион байгуулагдах мэргэжлийн шалгалтад хамгийн өндөр оноо авсан байцаагчийг хяналт шалгалтын байцаагчийн албан тушаалд томилно гэсэн. Би үүнийг шууд зөвшөөрсөн бөгөөд Х.М  ч татгалзаагүй. Уг шалгалтыг нийгмийн даатгалын ерөнхий газраас ажлын хэсэг байгуулагдан хууль, журмын дагуу нарийн хяналт шалгалтын дор онлайнаар авсан. Баруун таван аймгийн шалгалт өгсөн бүх байцаагч нараас би хамгийн өндөр оноо буюу 110 онооноос 108 оноог авсан. Үүгээрээ би мэргэжлийн түвшинд өөрийгөө үнэлүүлж чадсан. Би хууль дүрэм болон байгууллагын удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хангалттай биелүүлж ирсэн ба дээрх шалгуурыг хангаж, хяналт шалгалтын улсын байцаагчийн албан тушаалд томилогдоход Х.М  нь үүнийг эсэргүүцэн өөрийг нь уг албан тушаалд томилуулахаар нэхэмжлэл гаргасныг ойлгохгүй байна.

Х.М нь хяналт шалгалтын улсын байцаагчаар ажиллаж байхад түүнийг хяналт шалгалтын улсын байцаагчийн албан тушаалаас чөлөөлөөд намайг оронд нь томилчихсон бол ийнхүү маргаж болно. Гэтэл Х.М нь орлого шимтгэлийн байцаагчаар ажиллаж байсан ба тухайн үед хяналт шалгалтын байцаагчаар ажиллаж байгаагүй.

Хавтаст хэрэгт шалгалт авсан бүх нотлох баримтуудыг хавсаргасан байгаа. Шалгалтын үр дүнг бүгд хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурсан байдаг. Би тухайн шалгалтад 108 оноо, Х.М  103 оноо авсан. Авлигатай тэмцэх газарт миний урьдчилсан мэдүүлгийг хянуулахад А.М  нь Х аймгийн НДХ-ийн хяналт шалгалтын улсын байцаагчийн албан тушаалд томилогдон ажиллахад харшлах зүйл байхгүй, ажиллуулах боломжтой гэсэн албан бичиг ирсэн. Би ажиллаж байх үедээ сахилгын шийтгэлийг хүлээж, С үнэлгээ нэг ч удаа авч байгаагүй ба хангалттай түвшинд ажиллаж ирсэн.

Миний Х аймгийн НДХ-ийн хяналт шалгалтын улсын байцаагчаар ажиллаж байгаа нь Х.М-ын ямар нэгэн эрх ашиг сонирхлыг хөндөөгүй. Иймд Х.М-ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Хуягбаатар шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж хяналт шалгалтын байцаагчийн сул орон тоо дээр нөхөн томилуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Х.М-ын шүүхэд гаргасан нэхэмжлэл нь хууль зүйн үндэслэл бүхий байдлаар гаргасан.

2002 оны Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д төрийн жинхэнэ албаны сул орон тоо гарсан тохиолдолд нөхөн томилохоор заасан байгаа. Орлого шимтгэлийн байцаагчийн 3 орон тооноос 1 орон тоо хасагдсан боловч хяналт шалгалтын улсын байцаагчийн нэг орон тоо сул гарсан. Хасагдсан орон тооны албан хаагчийн сул гарсан хяналт шалгалтын улсын байцаагчийн албан тушаалд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д зааснаар шилжүүлэн ажиллуулах боломжтой байсан. Гэтэл хариуцагч хуулийн энэ боломжийг хэрэглэхгүйгээр ажлаас нь шууд чөлөөлсөн.

А.М-ын хувьд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д зааснаар хуучин ажиллаж байсан албан тушаал дээр нь шинээр үйл ажиллагааны нягтлан бодогчийн албан тушаал нэмэгдэж өөрийнх нь ажлын байр хадгалагдан үлдсээр байхад үүн дээр ажиллуулахгүйгээр хяналт шалгалтын байцаагчийн ажлыг хавсруулан гүйцэтгүүлсэн.

Өөрөөр хэлбэл 2 төрийн жинхэнэ албан хаагчийн ажлыг нэг хүн дээр хавсран гүйцэтгүүлсэн. 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдөр батлагдсан ажлын байрны тодорхойлолт, мөн НД Ерөнхий газрын тамгын газрын даргын албан бичигт төлөвлөлт судалгаа нэрийн дансны мэргэжилтэн, үйл ажиллагааны нягтлан бодогчийн албан тушаал нэгтгэгдээд төрийн захиргааны албан тушаал гэдэг нь харагдаж байна.

Төрийн жинхэнэ албан тушаал дээр төрийн үйлчилгээний албан тушаалтныг авч ажиллуулж байгаа нь С.Г-д давуу эрх олгож байна. А.М-ын ажил албан тушаал нь хасагдалгүй хадгалагдан үлдсээр байхад ажилд нь хэвээр нь ажиллуулалгүйгээр хяналт шалгалтын улсын байцаагчийн ажлыг хавсран гүйцэтгүүлсэн нь Х.М-ын хяналт шалгалтын улсын байцаагчаар шилжүүлэн ажиллах нөхцөл боломжийг хаасан.

Хариуцагчийн зүгээс үйл ажиллагааны нягтлан бодогч, төлөвлөлт судалгаа нэрийн дансны мэргэжилтэн нэгдсэн гэдэг дээр маргаагүй бөгөөд нэгтгэсэн энэ албан тушаал нь төрийн захиргааны албан тушаал байх ёстой. Гэтэл хариуцагч, гуравдагч этгээд нар төрийн үйлчилгээний албан тушаал гэж тайлбарлаад байгаа үндэслэлгүй байна. Х.М-ыг ажлаас чөлөөлөх, С.Г-д давуу эрх олгох, А.М-ыг үргэлжлүүлэх ажиллуулах бололцоо байсаар байхад Х.М-ын эрх ашиг сонирхолыг хохироож байгаа нь хууль бус, үндэслэлгүй байна гэж үзэж байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч М.Эрдэнэ-Оюун шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

Нэхэмжлэгч 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн Б/40, 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Б/02 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, хяналт шалгалтын улсын байцаагчийн ажилд нөхөн томилохыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Нэхэмжлэгч Х.М нь нэхэмжлэлийн шаардлагаа 4 янзаар өөрчилж тодруулж, нэмэгдүүлж гаргасан.

Анх 2018 оны 12 сарын 07-ны өдөр нэхэмжлэл гаргахдаа хяналт шалгалтын байцаагчийн албан тушаал дээр маргаж нэхэмжлэл гаргаагүй. Сонгон шалгуурлалт хууль бус болсон учир ажилд эгүүлэн томилж өгнө үү гэдэг нэхэмжлэл гаргасан. 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа сонгон шалгаруулалт явуулахгүй байсан гэж гаргасан. 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр дахин нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа хяналт шалгалтын байцаагчийн орон тоо дээр маргасан.

А.М-ыг хяналт шалгалтын байцаагчийн албан тушаалд 2019 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр томилсны дараа буюу 5 сарын дараа маргасан нь хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна. 2019 оны 1 сарын 16-ны өдрийн Б/02 дугаар тушаалтай маргахдаа хуучин Төрийн албаны тухай хуулийг баримтлан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байхад маргасан.

НД Ерөнхий газрын даргын 2018 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн А/22 дугаар бүтэц орон тоо батлах тухай тушаалын хавсралтын 6 дугаар хавсралтын 4-д Хяналт шалгалтын тасаг гээд Тасгийн даргын албан тушаал баталсан байдаг ба үүн дээр маргаагүй байдаг.

2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн шүүх хуралдаан дээр Х.М-ын тайлбарт хяналт шалгалтын байцаагчийн орон тоо дээр аль өндөр оноог авсныг томилно гэсэнтэй маргаагүй. Гэтэл хяналт шалгалтын улсын байцаагчийн ажилд томилох сонгон шалгаруулалт зарлахаар нэхэмжлэлийн шаардлага огт гаргаагүй. Сонгон шалгаруулалт хууль бус болох нь тогтоогдохгүй болоод ирэхээр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөөд гаргаад байсан.

Хяналт шалгалтын улсын байцаагчийн орон тоо дээр маргаж байгаа тохиолдолд 2019 оноос хэрэгжиж эхэлсэн Төрийн албан тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2-д заасан эрх нь ажил олгогчид олгогдсон.

Төлөвлөлт нэрийн дансны мэргэжилтэн, үйл ажиллагааны нягтлан бодогчийн албан тушаал нэгтгэгдээд үүн дээр ажиллаж байсан ажилтныг үргэлжлүүлэн ажиллуулсан нь Х.М-ын ямар ч эрх ашгийг хөндөөгүй. Тиймээс ч С.Г-ыг гуравдагч этгээдээс хассан.

Хяналт шалгалтын байцаагчийн орон тоо дээр маргаж болно. Гэхдээ сонгон шалгаруулалт зарлаагүй нь хууль бус гэж маргасан бол өөр хэрэг. Гэтэл шууд намайг хяналт шалгалтын улсын байцаагчаар томилуулахыг даалгахыг хүссэн байна. Х аймгийн НДХ-ийн дарга үүнийг улсын байцаагчийн эрх сунгах шалгалтаар хэн өндөр оноо авсныг томилъё гэсний дагуу өндөр оноог авсныг томилсон. Үүнтэй холбоотой нэхэмжлэгч анх маргаагүй. Х аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн Б/40, 2019 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн Б/02 дугаар тушаалуудтай Х.М  нь маргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн ба эдгээр тушаалууд нь нэхэмжлэгч Х.М-ын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х.М нь 2018 оны 12 сарын 07-ны өдөр тус шүүхэд  Х аймгийн НДХ-ийн дарга, Х аймгийн НДХ-ийн сонгон шалгаруулалт зохион байгуулах ажлын хэсэгт холбогдуулан “Х аймгийн НДХ-ийн орлого шимтгэлийн байцаагч нарын шалгаруулалтын үзүүлэлтийг дүгнэсэн сонгон шалгаруулах ажлын хэсгийн 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн шийдвэр дүн мэдээг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах, Х аймгийн НДХ-ийн даргын 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн Б/37 дугаар “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, 

2019 оны 02 сарын 18-ны өдөр  Х аймгийн НДХ-ийн даргын 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн  Б/40 дүгээр “А.М-д ажил хавсран гүйцэтгүүлэх тухай” тушаал, 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Б/02 дугаар “А.М-ыг ажилд томилох тухай” тушаалуудыг тус тус хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, Х аймгийн НДХ-ийн хяналт шалгалтын улсын байцаагчийн албан тушаалд нөхөн томилохыг даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж,

2019 оны 11 сарын 11-ны өдөр зохион байгуулагдсан сонгон шалгаруулалтыг бүхэлд нь хууль бус болохыг тогтоолгох, уг хууль бус сонгон шалгаруулалтын үзүүлэлтийг дүгнэсэн НДХ-ийн сонгон шалгаруулалт зохион байгуулах ажлын хэсгийн 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн шийдвэр, дүн мэдээг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах, Х аймгийн НДХ-ийн даргын 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн Б/37 дугаар “Х.М-ыг ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж,

Х аймгийн НДХ-ийн даргын 2018 оны 9 сарын 07-ны өдрийн Б/40 дугаартай “А.М-д ажил хавсран гүйцэтгүүлэх тухай” 2019 оны 1 сарын 16-ны өдрийн 02 дугаартай “А.М-ыг ажилд томилох тухай” тушаалуудыг тус тус хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналт шалгалтын улсын байцаагчийн албан тушаалд нөхөн томилохыг даалгах, 2019 оны 9 сарын 02-ны өдрөөс хойшхи ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулан нэмэгдүүлж тодорхойлжээ.

Маргааны үйл баримтын тухайд:

 1. Э.М, НД ерөнхий газрын  даргын 2016 оны 09 сарын 13-ны өдрийн А/10 дугаар “Орон нутгийн салбар нэгжийг шинэчлэн зохион байгуулах тухай” тушаалаар[1] аймгийн НДХ аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс болж өөрчлөн зохион байгуулагдсантай холбогдуулан Х аймгийн Эрүүл мэнд, НДХ-ийн даргын 2016 оны 11 сарын 17-ны өдрийн Б/42 дугаар тушаалаар[2] Х.М-ыг хяналт шалгалтын байцаагчаас чөлөөлж орлого шимтгэлийн байцаагчаар, А.М-ыг Үйлчилгээний албаны даргаас чөлөөлж төлөвлөлт судалгаа шинжилгээ, нэрийн дансны тооцоо хариуцсан мэргэжилтнээр тус тус томилжээ.

2. Эрүүл мэнд нийгмийн даатгалын ерөнхий газрын 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн А/131 дугаар “Орон тоо, албан тушаалын жагсаалт шинэчлэн батлах тухай” тушаалын  6-р хавсралтаар[3] Х аймгийн Э.М, НДХ-ийн орон тоо, албан тушаалын жагсаалтыг баталж, нийт 50 орон тоотой ажиллахаар, үүнд Санхүү бүртгэл, хамралт, орлого хяналтын тасагт орлого шимтгэлийн байцаагч 3, төлөвлөлт, судалгаа шинжилгээ  нэрийн дансны тооцоо хариуцсан мэргэжилтэн 1 байхаар баталсан.

3. НД Ерөнхий газрын 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн А/22 дугаар “Бүтэц, орон тоо батлах тухай” тушаалын 6-р хавсралтаар[4] тус хэлтсийг нийт 46  орон тоотой ажиллахаар албан тушаалын жагсаалтыг баталж үүнд Санхүү бүртгэлийн тасагт орлого шимтгэлийн байцаагчийн 2 орон тоог баталснаар орлого шимтгэлийн байцаагчийн орон тоо өмнөхөөс 1 орон тоогоор цөөрч, төлөвлөлт, судалгаа шинжилгээ нэрийн дансны тооцоо хариуцсан мэргэжилтэн болон үйл ажиллагааны нягтлан бодогчийн албан тушаалын чиг үүрэг нэгтгэгдэж төлөвлөлт, нэрийн дансны мэргэжилтэн, үйл ажиллагааны нягтлан бодогч нэртэй болсон.

4. Байгууллагын зохион байгуулалтын бүтэц өөрчлөгдсөнөөр Д.Ж , Х.М , Б.У  нарын ажиллаж байсан орлого шимтгэлийн байцаагчийн орон тоо нэгээр цөөрч, төлөвлөлт, судалгаа шинжилгээ нэрийн дансны тооцоо хариуцсан мэргэжилтэн А.М , үйл ажиллагааны нягтлан бодогч С.Г  албан тушаалын орон тоо нэгтгэгдсэн тул хэлтсийн даргаас шалгаруулалт явуулах талаар мэдэгдлийг тус бүрт 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хүргүүлж, НДХ-ийн даргын 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн А/26 дугаар тушаалаар[5] шалгаруулалт хийх ажлын хэсгийг томилжээ.

5. Ажлын хэсгийн шалгаруулалтын дүнг[6] үндэслэн шалгаруулалтад хамгийн бага оноо авсан Х.М-ыг хэлтсийн даргын 2018 оны 09 сарын 07-ны өдрийн Б/37 дугаар тушаалаар[7] орлого, шимтгэлийн байцаагчийн үүрэгт ажлаас чөлөөлж мөн өдрөөс эхлэн 2019 оны 9 сарын 02-ны өдрийг хүртэл хугацаанд түр эзгүй байгаа сайн дурын даатгалын байцаагчийн ажлыг орлуулан гүйцэтгүүлжээ.[8]

6. НДХ-ийн даргын 2018 оны 09 сарын 07-ны өдрийн Б/40 дүгээр тушаалаар А.М-д хяналт шалгалтын байцаагчийн ажлыг хавсруулан гүйцэтгүүлж, 2019 оны 01 сарын 16-ны өдрийн Б/02 дугаар тушаалаар тус албан тушаалд томилсон байна.

 

Маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлд дүгнэлт хийвэл:

2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг  2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс  эхлэн дагаж мөрдсөн бөгөөд тус маргааны үйл баримтууд 2018 онд хамаарч байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд 2002 оны 06 дугаар сарын 28-ны өдөр батлагдсан Төрийн албаны тухай хуулийг тайлбарлан хэрэглэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчээс хяналт шалгалтын байцаагчийн сул орон тоонд нөхөн томилогдох боломжтой байтал А.М-ыг томилсон нь үндэслэлгүй гэж маргаж байна.

Маргааны үндэслэлээ тайлбарлахдаа “А.М-ын ажиллаж байсан төлөвлөлт, судалгаа шинжилгээ  нэрийн дансны тооцоо хариуцсан мэргэжилтний төрийн захиргааны албан тушаалд төрийн үйлчилгээний албан тушаал болох үйл ажиллагааны нягтлан бодогчийн ажлын чиг үүрэг нэгтгэгдсэн тул А.М-ыг үргэлжлүүлэн ажиллуулах боломжтой байхад төрийн захиргааны албан тушаалд тавигдах шаардлагыг хангаагүй үйл ажиллагааны нягтлангаар ажиллаж байсан С.Г-ыг томилж, А.М-ыг хяналт шалгалтын байцаагчаар ажиллуулснаар сул орон тоонд шилжин ажиллах төрийн албан хаагчийн эрх,  баталгааг хангаагүй гэжээ.

Хариуцагчаас Х.М, А.М нартай тохиролцсоны дагуу нийгмийн даатгалын байцаагчийн шалгалтанд өндөр оноо авсан А.М-ыг томилсон нь Х.М-ын эрхийг зөрчөөгүй гэж тайлбарлана.

Нэхэмжлэгч Х.М, гуравдагч этгээд А.М  нар 2005 оноос хойш нийгмийн даатгалын байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчид байна.

Иймд төрийн байгууллагын зохион байгуулалтын бүтэц өөрчлөгдсөнтэй холбоотойгоор эрхэлж буй ажил, албан тушаалын чиг үүрэг, орон тоонд өөрчлөгдөх тохиолдолд хуульд заасан баталгаагаар хангагдах эрхтэй.

Нэхэмжлэгч Х.М-ын ажиллаж орлого, шимтгэлийн байцаагчийн албан тушаал орон тоо хасагдаагүй, 3 байснаас 1 болж цөөрсөн байх тул Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаалын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар,ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна.” гэж зааснаар шалгаруулалт явуулж, шалгаруулалтын дүнгээр ажлаас чөлөөлсөн бөгөөд нэхэмжлэгчийг шалгаруулалтад оролцуулснаар төрийн албан хаагчийн хуульд заасан эрх, баталгааг хангасан гэж үзэх ба нэхэмжлэгч энэ талаар маргаагүй. 

Гуравдагч этгээд А.М-ын ажлын байр өөр албан тушаалтай нэгтгэгдсэн ч ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн байх тул мөн Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д зааснаар уг албан тушаалд үргэлжлүүлэн ажиллах эсхүл шалгаруулалтад орох баталгаагаар хангагдах эрхтэй.

А.М  шүүхэд тайлбарлахдаа уг албан тушаалд үргэлжлүүлэн ажиллахаас татгалзаж, хяналт шалгалтын сул орон тоонд ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн тул хэлтсийн даргын тушаалаар 2018 оны  09 сарын 07-ны өдрөөс хяналт шалгалтын улсын байцаагчийн ажлыг чиг үүргийг гүйцэтгэсэн гэжээ.

Х.М-ыг мөн өдрийн Б/38 дугаар тушаалаар[9] сайн дурын даатгалын байцаагчийн түр эзгүйд ажлыг түр орлон гүйцэтгүүлж эхэлсэн ба тухайн үед хяналт шалгалтын байцаагчаар ажиллахаар маргаагүй байжээ .

Иймд А.М, С.Г  нарын албан тушаалын чиг үүрэг нэгдсэнтэй холбоотойгоор шинээр бий болсон орон тоонд хэнийг нь үргэлжлүүлэн ажиллуулах эсхүл шалгаруулалт явуулах эсэх нь Х.М-д шууд хамааралгүй бөгөөд энэ талаар маргах эрхгүй бөгөөд Х аймгийн НДХ-ийн даргын 2018 оны 9 сарын 07-ны өдрийн Б/40 дугаартай “А.М-д ажил хавсран гүйцэтгүүлэх тухай” 2019 оны 1 сарын 16-ны өдрийн 02 дугаартай “А.М-ыг ажилд томилох тухай” тушаалууд нь нэхэмжлэгчийн субъектив эрхэд шууд чиглэсэн агуулгагүй буюу хуульд заасан эрх хэмжээг хориглосон, хязгаарласан агуулгагүй байх тул захиргааны актын хууль зүйн үндэслэлтэй эсэхээс үл хамааран нэхэмжлэгч энэ асуудлаар маргах эрхгүй гэж үзлээ.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д “… нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан бол шүүгч нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана...” гэж заасны дагуу Х аймгийн НДХ-ийн даргын 2018 оны 9 сарын 07-ны өдрийн Б/40 дугаартай “А.М-д ажил хавсран гүйцэтгүүлэх тухай” 2019 оны 1 сарын 16-ны өдрийн 02 дугаартай “А.М-ыг ажилд томилох тухай” тушаалуудыг тус тус хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв. 

Нэхэмжлэгчээс “...хяналт шалгалтын байцаагчийн сул орон тоог өнөөдрийг хүртэл А.М-д хавсруулан ажиллуулж байна. Энэ сул орон тоонд Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д заасны дагуу томилогдох боломжтой...” гэж маргажээ.

НД ерөнхий газрын даргын 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн А/22 дугаар тушаалын 6 дугаар хавсралтаар НД Ерөнхий газрын 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн А/22 дугаар тушаалаар нийгмийн даатгалын хэлтсийн хяналт шалгалт, дотоод аудитын тасгийг шинээр байгуулснаар нэг хяналт шалгалтын байцаагч тасгийн даргаар томилогдож хяналт шалгалтын байцаагчийн нэг сул орон тоо гарсан байна.

Хариуцагчийн Х аймгийн НДХ-ийн дарга Н.Б-ы тайлбарласнаар 2018 оны Б/40 дүгээр тушаалаар А.М-д хяналт шалгалтын байцаагчийн ажлыг хавсран гүйцэтгүүлж байхад тэр түр чөлөө авч, ажилдаа эргэж ороход нь 2019 оны 1 сарын 16-ны өдрийн 02 дугаар тушаалыг гаргасан ба 2019 оны 01 сарын 01-нээс хэрэгжиж эхэлсэн Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.15-д зааснаар шүүхээр маргаан эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл тухайн ажлын байранд томилгоо хийхийг хориглосон тул  тухайн албан тушаалд жинхлэн томилох боломжгүй байгаа гэжээ.

Дээрх тушаалуудын агуулгаас үзвэл А.М-ын төлөвлөлт, судалгаа шинжилгээ нэрийн дансны тооцоо хариуцсан мэргэжилтний албан тушаалаас чөлөөлөөгүй, хяналт шалгалтын байцаагчийн ажлыг хавсруулан ажиллуулж байгаа мэт харагдах утга агуулгын илэрхий алдаатай байх хэдий ч бодит байдал дээр А.М  хяналт шалгалтын байцаагчаар ажиллаж байгаа болох нь хариуцагч, гуравдагч этгээдийн тайлбараар тогтоогдож байна гэж үзлээ. 

Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэх нь  тухайн сул орон тоог нөхөх хүртэл хугацаанд төрийн байгууллагын үйл ажиллагааг тасралтгүй, хэвийн явуулах нөхцөлийг хангах зорилготой бөгөөд А.М-д хяналт шалгалтын байцаагчийн албан тушаалыг хавсруулсан нь нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.

Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д “Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа буюу төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингээр нь сонгон шалгаруулах замаар уг орон тоог нөхнө" гэж заасан.

Хариуцагчаас маргаан бүхий албан тушаалын орон тоог нөхөхдөө Х.М, А.Мө  нарыг 2018 оны 10 сарын 28-ны өдөр болсон улсын байцаагчийн эрх олгох, сунгах шалгалтанд авсан онооны дүнгээс хамаарч томилгоо хийсэн, энэ талаар урьдчилан мэдэгдэж тохирсон байсан гэж, гуравдагч этгээдээс энэ шалгалт нь мэргэшлийн түвшинг тодорхойлсон гэж тайлбарлан маргана. Нэхэмжлэгч хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд оролцоогүй тул энэ талаар тодруулах боломжгүй байсан болно.     

Хуулийн зохицуулалтаас үзвэл сул орон тоог сонгон шалгаруулах замаар нөхөхөөр байх ба шалгаруулалт гэдэг нь эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр томилогдсон ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн тухайн ажлын байранд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа  ажилтныг сонгон ажиллуулахыг ойлгох ба сонгон шалгаруулалтад тухайн байгууллагад ажиллаж байгаа албан тушаалтнууд оролцох эрхтэй.

Иймд нэхэмжлэгч Х.М нь ажлын байр цөөрсөнтэй холбогдуулан ажлаас чөлөөлөгдсөн тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “...Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх хэсэгт зааснаар хяналт шалгалтын байцаагчийн албан тушаалд шилжин ажиллах боломжтой” гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Харин нийгмийн даатгалын улсын байцаагчийн шалгалтын дүнг үндэслэн А.М-ыг хяналт шалгалтын байцаагчаар ажиллуулж байгаа хариуцагчийн үйлдэл нь хуулиар журамласан харилцааг зөрчсөн, сул орон тоог сонгон шалгаруулж нөхсөн гэж үзэх үндэслэлгүй байх тул хяналт шалгалтын улсын байцаагчийн албан тушаалд сонгон шалгаруулалт явуулахыг даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

2019 оны 9 сарын 02-ны өдрөөс хойшхи ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах шаардлагын тухайд нэхэмжлэгч нь ажлаас чөлөөлөгдсөнтэй маргаагүй атлаа ажил түр орлон гүйцэтгэсэн хугацаа дууссанаар хяналт шалгалтын байцаагчаар томилогдох ёстой байсан гэсэн үндэслэлээр ажилгүй байсан хугацааны цалин олговор нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй.

Учир нь хариуцагч энэ тохиолдолд маргаан бүхий албан тушаалд нэхэмжлэгчийг шууд томилох эрх зүйн үндэслэлгүй буюу үүрэг хүлээгээгүй байна.

Дүгнэвэл, нэхэмжлэгч Х.М нь ажлын байр цөөрсөн үндэслэлээр шалгаруулалтанд оролцож, үргэлжлүүлэн ажиллах боломжоо алдаж ажлаас чөлөөлөгдсөн ч тухайн үед хяналт шалгалтын байцаагчийн сул орон тоо гарсан байсан учраас тухайн байгууллагад нийгмийн даатгалын байцаагчаар ажиллаж байсны хувьд тус албан тушаалын орон тоог нөхөх сонгон шалгаруулалтад оролцох эрхийг хангах нь зүйтэй байжээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.13, 107 дугаар зүйлийн 107.1, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн Х аймгийн НДХ-ийн даргын 2018 оны 9 сарын 07-ны өдрийн Б/40 дугаартай “А.М-д ажил хавсран гүйцэтгүүлэх тухай” 2019 оны 1 сарын 16-ны өдрийн 02 дугаартай “А.М-ыг ажилд томилох тухай” тушаалуудыг тус тус хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Төрийн албаны тухай хууль /2002 он/-ийн 4 дүгээр зүйлийн 4.1, 17 дугаар зүйлийн 17.1, 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасныг тус тус баримтлан Х аймгийн НДХ-ийн хяналт шалгалтын улсын байцаагчийн албан тушаалын орон тоонд сонгон шалгаруулалт явуулахыг хариуцагч Х аймгийн НДХ-ийн даргад даалгаж, нэхэмжлэгчийн “2019 оны 9 сарын 02-ны өдрөөс хойш ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.4-т заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг дурдсугай.

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан  авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Г.СОНИНБОЛОР

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Э.ЗОЛБАДРАХ

ШҮҮГЧ                                                           С.ОЮУНГЭРЭЛ


[1] ххI-ийн 37 дахь тал

[2] ххI-ийн 40 дэх тал

[3] ххI-ийн 42-43 дахь тал

[4] ххI-ийн 44-45 дахь тал

[5] ххI-ийн 46 дахь тал

[6] ххI-ийн 35,36 дахь тал

[7] ххI-ийн 34 дэх тал

[8] ххII-ийн 176 дахь тал

[9] ххI-ийн 47 дахь тал