Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 759

 

 

 

 

 

№               № 546                                  МА

 

зГАДЛАЛ

 

Б.Х-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор Х.Анхцэцэг,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Д,

шүүгдэгч Б.Х, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт, Я.Батханд,

нарийн бичгийн дарга Э.Ариунзаяа нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж, шүүгч Г.Алтанцэцэг, Б.Дашдондов нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2018 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 462 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Д, шүүгдэгч Б.Х, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт, Н.Жамъяндорж нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Б.Хт холбогдох 1708000000061 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

С овогт Б Х, 1987 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эх, ах, 2 дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн .......... …..тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: …../;

Б.Х нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 20 цаг 20 минутын үед, Сонгинохайрхан дүүргийн ......................, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, өөрийн төрсөн эцэг 57 настай Ш.Б “үеэл дүү Ц.Уг загиналаа” гэх шалтгаанаар зүүн гуян тус газар нь хутгалж алсан гэмт хэрэгт холбогджээ.

 

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газар: Б.Х-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

         

          Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Б.Х-ыг хүнийг санаатай алах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Б.Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад зааснаар 12 жил хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3-т зааснаар Б.Х-ын эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар  цагдан хоригдсон 278 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, хохирогч хохирол нэхэмжлээгүй, уг хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4-т зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан гэх хар иштэй 1 ширхэг хутгыг устгаж, амь хохирогчийн өмсөж явсан гэх цэнхэр өнгийн футболк, хүрэн өнгийн ботинк, хар өнгийн биеийн тамирын өмд зэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид буцаан олгож, хар өмдний тасархай, цус мэт зүйлээр бохирлогдсон даавуу 2 хэсэг, 180 см урттай уяа, цус мэт зүйлээр бохирлогдсон шалны алчуур, боолтод хэрэглэж байсан 4 хэсэг даавуу, уяа, ерөөл архины шил 1 ширхэг, хар иштэй хутга 1 ширхэг, хар хөх өнгийн иштэй хайч 1 ширхэг зэргийг тус тус зохих журмын дагуу устгаж, Б.Хыг цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2018 оны 6 дугаар сарын 5-ны өдрөөс эхлэн тооцохоор шийдвэрлэжээ.

 

          Шүүгдэгч Б.Х давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би өөрийн үйлдсэн гэмт хэргийг ямар нэгэн байдлаар зөвтгөх, талийгаачийг ямар нэгэн байдлаар буруутай байсан гэж үзэхгүй ба надад тийм ч эрх байхгүй. Ийм байдалд орчихно гэж огт төсөөлөөгүй. Болгоомжгүй үйлдлээсээ болж хайртай хүнийхээ амь насыг хөнөөж, ээждээ нөхөж баршгүй хагацал учруулж, улмаар өөрийгөө, ах дүү нараа өнчрүүлсэндээ хэнээс ч, юунаас ч илүү харамсаж гэмшиж байна. Болгоомжгүй үйлдэл байсан гэж үзэхээс ч ичиж байна. Энэ бүхэн зөвхөн миний буруу гэдгийг маш сайн ойлгож байна. Би өөрийн гэм буруугийн талаар огт маргаагүй ба зөвхөн хэргийн зүйлчлэлийг зөв зүйлчилж өгөөч гэсэн үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү. Миний үйлдсэн гэмт хэрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх ямар ч баримт нотолгоо байхгүй. Тэр болгон архи, дарс хэрэглээд байдаггүй. Ихэнх хугацааг хөдөө гадаа явж, гэр бүлээс гадуур өнгөрөөдөг байсан. Миний хувийн байдлыг хэрэгт мэдүүлэг өгсөн гэрч нар маш тодорхой дүгнэсэн ба хавтаст хэргийн материалд ч авагдсан байгаа. Ядаж нэг удаа гэртээ агсам согтуу тавьж, хүчирхийлэл үйлдэж байсан зүйлгүй, хэрэг гарсан үед ч ямар нэгэн дарамт шахалт үзүүлээгүй болохоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Эрхэм шүүгчид ээ, дахин хэлэхэд хайртай аавынхаа амь насыг бүрэлгэсэн үйлдлээ огт зөвтгөөгүй ба гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэсэн заалтыг эргэн сайтар харж, зөвөөр зүйлчилж өгөхийг чин сэтгэлээсээ хүсье ...” гэв.

 

          Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Д давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Талийгаач бид хоёрын төрсөн хүү Б.Х нь энэ хэргийн холбогдогч болж, 12 жилийн хорих ялаар шийтгүүлсэнд  маш их харамсаж байна. Би Б.Хыг 30 нас хүртэл нь өсгөж, хамт амьдарч байсны хувьд төрсөн эцгийгээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн санаатай хороосон гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний хүү Б.Х нь гэртээ хүчирхийлэл үйлдэх нь байтугай архи дарс ч уугаад байдаггүй, хөдөө, гадаа ажил хийж, ар гэр, биднийг тэжээдэг, тоотой хугацаанд гэртээ байдаг хүн. Тухайн хэрэг гардаг өдөр бүх юмны  эхлэл нь миний төрсөн өдрөөс эхлэлтэй, талийгаач бид хоёр архи ууснаас болсон. Нөгөөтэйгүүр талийгаач Ц.Уг зодлоо гэж би зүгээр байсан хүү Б.Хт хэлснээс болж ийм хэрэг гарч, бидний амьдралд маш харамсалтай зүйл тохиолдоод байна. Үүнээс болж нэгийг нь шороонд булж, нөгөөг нь олон жил шоронд хийчихсэндээ өөртөө маш их харамсаж байна. Би талийгаач болон хүү Б.Х нарын хооронд ямар нэгэн таарамжгүй харьцаа байгаагүй гэдгийг батлан хэлж чадна. Энэ бүх байдлыг харгалзан Б.Хт холбогдох хэргийг хянан үзэж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх зүйлчлэлийг өөрчлөн хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү ...” гэв.

 

          Шүүгдэгч Б.Х-ын өмгөөлөгч Н.Намжилцогт, Н.Жамъяндорж нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: “...Манай үйлчлүүлэгч Б.Хыг хүнийг санаатай алах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэж гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д зааснаар зүйлчилсэн нь үндэслэлгүй болсон гэж үзэж байна.

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн объектив талын шинжийг тодорхойлохдоо гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан, хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан” байхыг тусгажээ.

          Эрүүгийн хуулийн дээрх заалтаас харахад гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэдэг нь байнга тогтвортой шинжтэй байхаар ойлгогдож байна. Гэтэл хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар Б.Х нь амь хохирогчид гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан үйл баримт тогтоогдоогүй.

          Анхан шатны шүүхээс 2015 оны Эрүүгийн хуулийн 1.2 дугаар зүйлийн 4-т зааснаар тус хуулийн нэр томьёо, ухагдахууныг ойлгоход Монгол улсын хууль, Монгол улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтлах ба гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлд “гэр бүлийн гишүүн”, 21 дүгээр зүйлд “эцэг эх, хүүхдийн эрх үүргийн” талаар, мөн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд “тухайн хуулийн үйлчлэлд хамаарах этгээд”, мөн хуулийн 5 дугаар зүйлд “гэр бүлийн хүчирхийлэл, гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийн талаар” тус тус заасан байх тул гэр бүлийн хүчирхийлэл үйлдээгүй гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэсэн нь буруу гэж үзэж байна. Учир нь гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1.1-д “Гэр бүлийн хүчирхийлэл гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодид халдсан үйлдэл эс үйлдэхүйг”, 5.1.2-т “гэр бүлийн хүчирхийллийн хохирогч гэж гэр бүлийн хүчирхийллийн улмаас сэтгэл санаа, эдийг засаг, бие махбодь, бэлгийн халдашгүй байдлаараа хохирсон хүнийг” гэж тодорхойлжээ. Дээрх хуулийн заалтуудаас дүгнэж үзэхэд хүний амь нас хохирсон энэ үйлдэл нь гэр бүлийн хүчирхийлэлд хамаарахгүй гэж ойлгогдохоор байна.

          Хэрвээ гэр бүлийн хүчирхийлэл гэж үзвэл Монгол Улсын Үндсэн хуулийн Арвандөрөвдүгээр зүйлд “Монгол улсад хууль ёсоор оршин сууж байгаа хүн бүр хуулийн өмнө эрх тэгш байна” гэсэн заалтыг зөрчжээ.

          Энгийнээр тайлбарлавал гэр бүлийн хамаарал бүхий хүнийг алсан бол хүндрүүлнэ, харин танихгүй хүнийг алсан бол хүндрүүлэх бүрэлдэхүүнгүй байна гэсэн ойлголт төрж байна.

          Иймд Б.Хын үйлдсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, хэргээ сайн дураар хүлээн зөвшөөрч гэм буруугаа хүлээж байгаа байдал, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, анхан шатны шүүхээс нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх гэсэн дэглэмийг хэвээр үлдээж өгнө үү...” гэжээ.

         

          Шүүгдэгч Б.Х-ын өмгөөлөгч Н.Намжилцогт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн объектив шинжийг тодорхойлохдоо “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, байнга хэрцгий догшин авирласан, тарчлаасан, хуваарьт болон дундын эд хөрөнгийг ашиглах, эзэмших, захиран зарцуулах эрхэд халдсан” байхыг тусгасан. Үүнээс үзэхэд гэр бүлийн хүчирхийлэл нь байнгын шинж чанартай үйлдэгдсэн байхыг шаарддаг. Хавтас хэрэгт авагдсан материалаар шүүгдэгч Б.Х нь талийгаачийг нэг удаа ч болов зодож байсан, байнга гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан тухай баримт байдаггүй. Цагдаагийн байгууллагад гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хүмүүсийн мэдээлэл тусдаа байдаг. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хүмүүсийн нэгдсэн сан гэж байдаг. Энэ санд бүртгэлгүй болох нь харагддаг. Анхан шатны шүүх бүх талаас нь бүрэн шалгаад гэр бүлийн хүчирхийлэл биш юм аа гэсэн дүгнэлт гаргах ёстой байсан. Анх яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн. Гэр бүлийн хүчирхийлэл биш, гэр бүлийн хүчирхийллийн шинж байхгүй байна гэж улсын яллагч үзсэн. Хэрэг буцаад, хэргийн зүйлчлэл хүндрээд ирсэн. Анхан шатны шүүх хэргийг тал бүрээс нь судлаад Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлээр зүйлчлэх бүрэн боломжтой байсан. Иймд хэргийг хөнгөрүүлэн зүйлчилж өгнө үү... ” гэв.

 

          Шүүгдэгч Б.Х-ын өмгөөлөгч Я.Батханд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх нотлогдвол зохих зүйлсийг нотлоогүйгээс болж энэ хэргийн зүйлчлэл буруу болсон гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад зааснаар “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж хүндрүүлж зүйлчилж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал нотлогдоогүй учраас зүйлчлэл буруу болсон гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх баримт хавтас хэрэгт огт байдаггүй. Анхан шатны шүүх ердөө нэг гэрт амьдарч байгаа, эцгээ алсан л бол гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж үзэж байгаа нь үндэслэлгүй юм. Төрсөн эцэг эсхүл эгч, дүүгээ алсан бол хүндрүүлэх нь байна, танихгүй хүнийг алах юм бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйл буюу хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй гэх нөхцөл байдал анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоос харагдаж байна. Зүйлчлэлийн талаар анхааралдаа авч үзнэ үү...” гэв.

 

          Прокурор Х.Анхцэцэг шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын зүгээс Б.Х-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдээгүй, гэр бүлийн хүчирхийлэл гэдгийг байнга үйлдэгдэх буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд заасан шинжүүдтэй андуурч яриад байх шиг байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэдгийг, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд “гэр бүлийн хамаарал бүхий этгээдэд эхнэр, нөхөр, төрсөн эцэг, эх, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээдүүдийг” хэлнэ гэж заасан. Эдгээр этгээдүүд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний бие махбодь болон сэтгэл санаанд дарамт учруулсан, эдийн засаг болон бэлгийн эрх чөлөөнд халдсан үйлдэл, эс үйлдэхүйг гэр бүлийн хүчирхийлэл гэж ойлгоно гэсэн байгаа. Шүүгдэгч Б.Х нь өөрийн амьдардаг гэртээ, өөрийн төрсөн эцгийн биед халдсан шууд үйлдэл байгаа учраас гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэдэг ойлголтод хамааруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, бусдыг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч, шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна...” гэв.

ХЯНАВАЛ:

Шүүгдэгч Б.Х, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт, Н.Жамъяндорж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Д нарын гаргасан гомдлуудыг үндэслэн Б.Х-т холбогдох эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэхдээ гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

 

Хавтас хэрэгт цугларсан, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

 

Шүүгдэгч Б.Х нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, 2017 оны 8 дугаар сарын 29-ний орой 20 цаг 20 минутын орчим, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Хангамжийн 20 айлын 2 тоотод, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, өөрийн төрсөн эцэг 57 настай Ш.Б-ийг үеэл дүү Ц.Уг загиналаа гэх шалтгаанаар түүний зүүн гуян тус газар нь хутгалж алсан болох нь:

хохирогч Ш.Д-гийн “...зурагтын удирдлага булаацалдаад Б У-г гараараа цохиод байхаар нь би “хүүхэд яагаад цохиж байгаа юм бэ” гээд Хыг гаднаас дуудсан. Х аавтайгаа барьцалдаж аваад тэр чигээрээ гал тогооны өрөөнд орж ирсэн. Би хүүхдүүдээ хажуу айлд оруулаад буцаад гэртээ орж ирэхэд Х “танаас болж би аавыгаа алчихлаа шүү дээ” гээд орилоод гэрээсээ гараад явсан. Б цус алдаад газар ухаангүй байсан..” гэх мэдүүлэг /1хх-41-42/, насанд хүрээгүй гэрч Ц.У-ийн  “...талийгаач ах надаас удирдлага булааж авсан ...би өөдөөс нь хэрэлдээд гэрээс гараад явсан...буцаад орж ирэхэд Б ахын гуянаас цус гарсан байсан....” гэх мэдүүлэг /1хх-59-60/, гэрч Б.Э, Б.Ч нарын  “...Манай ээж Д  залгаад “...гэрт хэрүүл зодоон болоод байна, хүрээд ир” гэсэн. ...Гэрт ороход аавын зүүн хөлийн гуянаас цус их алдсан байсан. Талийгаач, Х хоёр нэг гэрт амьдардаг болохоор хоорондоо ахуйн хүрээний асуудлаас болж бага зэрэг маргалддаг байсан. Урьд нь хоорондоо маргалдаад нэг нэгийгээ цохисон гэж ярьдаг байсан...” гэх мэдүүлэг /1хх-46-47, 48-50/, гэрч Б.М “...гэрт гэнэт орилолдоод, шуугилдаад явсан, яваад ороход аавын хөлнөөс цус гарч байсан ...” гэх мэдүүлэг /хх1-51-53/, гэрч Л.С “...Х утсаар яриад “би аавыгаа хутгалчихлаа” гээд уйлаад, орилоод зогсож байсан ...” гэх мэдүүлэг /хх1-54-55/, гэрч Б.З “...хүн цус алдаад байна гэсэн дуудлага ирсний дагуу очиход цус алдсан гэх хүнийг түргэний машин ирээд аваад явсан байсан, ...болсон асуудлын талаар тодруулж асуухад гэр бүлийн маргаан болсон, манай хүү уурандаа аавыгаа хатгачихсан юм шиг байна, гуянаас нь их цус гараад манай хүү ирээд аваад явсан гэж хэлсэн ...” гэх мэдүүлэг /1хх-76-79/, шүүгдэгч Б.Х-ын “...аав гал тогооны өрөөнд суучихсан, У аавын урд зогсоод уйлчихсан, аав түүнийг загинаад байхаар нь би “та өнчин хүүхэд яагаад зоддог юм бэ, боль” гэхэд аав өөдөөс “чамд ямар хамаатай юм” гэхээр нь би түүнийг айлгах гээд ширээн дээр байсан хутгаар чичсэн. Тэгэхэд гуянд нь хатгасан ...” гэх мэдүүлэг /1хх-161-169/, шинжээч эмч М.Э “... Артерийн цус алдалтын үе нь маш хурдтай явагддаг учир маш хурдан шоконд орно ..., 5-10 минутын хооронд цус алдаж шоконд орох боломжтой ...” гэх мэдүүлэг, “...Ш.Б нь хурц цус алдалтын улмаас цус алдалтын шоконд орж нас барсан” талаарх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1726 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх-82-85/, “...Б.Х-ын цусанд 2.1 промилль спиртийн агууламж илэрсэн нь согтолтын дунд зэрэгт хамаарна ...” гэх шинжээчийн дүгнэлт /1хх-130/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож, тогтоогджээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Хыг хүнийг санаатай алах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэж үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

 

Хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, түүнд тухайн зүйлд заасан төрөл, хэмжээний дотор ял шийтгэл  оногдуулсан  нь хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Б.Х болон түүний өмгөөлөгч Н.Намжилцогт, Н.Жамъяндорж нарын “... хүнийг санаатай алах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдээгүй тул хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэх боломжгүй байна.

Учир нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1-д зааснаар тухайн хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг гэр бүлийн хүчирхийлэлд тооцохоор, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт тухайн хохирогчийн амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл гэж ойлгохоор тус тус заажээ.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн” гэдэгт “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд, тусдаа амьдарч байгаа төрүүлсэн, үрчлэн авсан хүүхэд, төрсөн, үрчлэн авсан эцэг, эх, ах, эгч, дүү”-г хамааруулахаар хуульчилсан ба энэхүү хэргийн шүүгдэгч Б.Х, амь хохирогч Ш.Б нар нь төрсөн эцэг, хүүхдүүд тул тэдгээрийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс гэж үзнэ.

Тухайн гэмт хэрэг үйлдэгдэхэд амь хохирогчийн зүгээс шүүгдэгч рүү халдсан, хүч хэрэглэсэн хууль бус, зүй бус үйлдэл гаргасан гэж үзэх нотлох баримт хэрэгт байхгүй бөгөөд шүүгдэгч Б.Х нь амь хохирогч Ш.Б-той нэг гэрт амьдарч байх үедээ үеэл дүү Ц.Уг загнилаа гэснээс буюу гэр бүлийн шинжтэй маргаанаас үүдэн, улмаар гуян тус газар нь хутгалсан байх тул Б.Х-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, өөрийн төрсөн эцэг Ш.Б-ийн амь насыг хохироосон гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Д, шүүгдэгч Б.Х болон түүний өмгөөлөгч Н.Намжилцогт, Н.Жамъяндорж нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 462 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Д, шүүгдэгч Б.Х, түүний өмгөөлөгч Н.Н, Н.Ж нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР

 

                                    ШҮҮГЧИД                                                       М.ПҮРЭВСҮРЭН

 

Л.ДАРЬСҮРЭН