Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 00176

 

 Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг даргалж хийсэн шүүх хуралдаанаар,

“Охьбулаг” ХХК /төлөөлөн нэхэмжлэгч Э.Энхрийцэцэг/-ийн нэхэмжлэлтэй, “Монгол гео каратаж” ХХК-д холбогдох,

Худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэл 60000000 төгрөг гаргуулах үндсэн,

 “Монгол гео каратаж” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Охьбулаг” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энхрийцэцэгт холбогдох, 15000000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхий 101/2016/00610/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хураалдаанд: Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч: 1983 оны 10 дугаар сарын 18-ны өдөр төрсөн, 34 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 11дүгээр хороо, “Мөнх зайсан” 1-99 тоотод оршин суух Шарууд овогт Энэбишийн Энхрийцэцэг /РД:ФБ83101807/,

Хариуцагч байгууллагын төлөөлөгч: 1956 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Төв аймгийн Баянчандмань суманд төрсөн, 60 настай, дээд боловсролтой, геологч мэргэжилтэй, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, Их тойруугийн 73-3-01 тоотод оршин “Монгол гео каратаж” ХХК-ийн ерөнхий захирал ажилтай, Чинванхандорж овогт Суурийн Энхцаг /РД:ХН56112211/, нарийн бичгийн дарга С.Гончигбал нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Охьбулаг” ХХК-ийн төлөөлөн нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Охьбулаг” ХХК болон “Монгол гео каратаж” ХХК-ийн хооронд 2014 оны 06 дугаар сарын 20-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, улмаар 2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 02/15 тоот гэрээгээр нэмэлт өөрчлөлт оруулсан байна. Тус нэмэлт өөрчлөлтөөр мод цагаалгын трактор ДТ-55, Зил 131 ачааны авто машин, погрузчик, тайга-3 мод зүсвэрийн хөрөө, тайга хөрөөний хөрөө ирлэгч, ажилчдын хээрийн байр /вангончик/, урт мод тээх зориулалттай ганц голт чиргүүл, 0.5 га үйлдвэрлэлийн зориулалттай газар, хашааны үнэ, нийт 55500000 төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцож, урьдчилгаа төлбөрт 15000000 төгрөгийг худалдан авагч тал төлсөн. Үлдэгдэл төлбөр болох 40500000 төгрөгийг 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлөхөөр тохиролцсон боловч өнөөдрийг хүртэл гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Худалдан авагч нь манай компаниас худалдаж авсан тоног төхөөрөмжийг үйл ажиллагаандаа ашиглан ашиг орлого олж байгаа атлаа хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүргээ биелүүлэхгүй байгаа нь хуульд нийцэхгүй юм. “Монгол гео каратаж” ХХК гэрээний 1 дүгээр зүйлд 8 төрлийн эд хөрөнгийн үнийг 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдөр бүрэн төлснөөр гэрээний 2 дугаар заалт хэрэгжих байсан. Гэрээнд зааснаар гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд алданги тооцохоор байгаа. Иймд 8 нэр төрлийн эд хөрөнгийн үлдэгдэл төлбөр 40500000 төгрөг, алданги 19500000 төгрөг, нийт 60000000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. “Охьбулаг” ХХК-ийн хэрэглэж байсан тоног төхөөрөмжүүдийг “Охьбулаг” ХХК өөрөө оруулж ирдэг. Хариуцагч тал өнөөдрийг хүртэл “Охьбулаг” ХХК-ийн тоног төхөөрөмж, техникийг ашиглаж үйл ажиллагаагаа явуулж ашиг олсоор байгаа. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Хариуцагч “Монгол гео каратаж” ХХК нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би “Охьбулаг “ХХК-тай 2 удаа гэрээ хийсэн. Эхний гэрээг 2014 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хийсэн. Гэрээнд дурьдсан 13 нэр төрлийн тоног төхөөрөмж байгаа. Гэрээнд заасан худалдагчийн эрх үүрэг гэдэг дээр ямар ч баримтууд өгөгдөөгүй. Б.Бат-Эрдэнийг би сайн танихгүй, манай найз О.Дорлигсүрэн таньдаг юм. Би тоног төхөөрөмж, тээврийн хэрэгслийг хүлээж аваагүй. Нутгийн иргэдээс сонсоход хулгайн юм байж магадгүй гэж байсан. Хавтаст хэргийн 75 дугаар хуудсанд байгаа хариу тайлбарт бичсэнээр Зил 131 машиныг төлбөрийг барагдуулсны дараа шилжүүлж өгнө гэсэн байгаа. Бусад тоног төхөөрөмжийг өгсөн гэж худлаа ярьж шүүхийг хуурч байгааг гайхаж байна. Бид ямар нэг бичиг баримт аваагүй, ийм ийм тоног төхөөрөмж, техник хүлээлгэж өгсөн гэж гүтгэж байна. Мөн гэрээн дээр хуурамч бичиг баримт оруулсан байна. Тоног төхөөрөмжийн үнийг төлөөгүй бол алданги тооцно гэж нэмж бичсэн байна. Гэрээнд ингэж тусгаагүй. Бид тухайн үед амаар хэлэлцэж тохирсон. Хулгайн юм аа бидэнд хүчээр шахаж байна гэж би үзэж байна. Бат-Эрдэнийн нэр дээр 1 эксковатор л байсан. Зил 131 болон урал машины гаалийн бичиг баримт хаана байгаа юм бэ. Нэг ч бичиг баримт надад өгөөгүй. Манай компани Зил 131 машинтай, 1 трактортой, урал машин, хөрөөтэй, бид өөрсдөө хэнээс ч гуйхгүй үйл ажиллагаа явуулах бүрэн чадалтай. Би тушаал гаргаад хүмүүс томилоод хүмүүсээр нь техник, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдлыг шалгасан. Энэ талаар нэмэлт гэрээний ар тал дээр бичсэн байгаа. Гэрээний дагуу Тэшиг сумын нутагт байгаа 05 га газрынхаа гэрчилгээг манай нэр дээр шилжүүлж, бусад техник, тоног төхөөрөмж, холбогдох бараа материалыг гаргаж өг гэж өчнөөн хэлж, хатуу сануулсан. Би удирдлагуудад бичиг баримтгүй тээврийн хэрэгсэл тоног төхөөрөмжөөр үйл ажиллагаа явуулахгүй гэж хэлсэн байгаа. Эдний тоног төхөөрөмжөөс ашигласан нэг ч юм байхгүй. Шүүхэд хэрэг шалгагдаж байх хооронд тоног төхөөрөмжийг нэгийг ч ашиглаагүй. Эдний тоног төхөрөөмжүүд өөр өөр газруудад тараагаад ажиллуулж байгаа. Миний хувьд авсан 05 га газарт хашаан дотор нь үйл ажиллагаа явуулж байна. Би хашаанд нь бүх тоног төхөөрөмж, техник хэрэгслийг байлгаж байгаад шаардлага хагнгахгүй байна гээд гэрээгээ цуцлах талаар ярьж байсан. Хашаагаа ч бүрэн бариагүй байсан. Э.Энхрийцэцэг “Охьбулаг” ХХК-ийг бүрэн төлөөлж байгаагийн хувьд 15000000 төгрөгийг нэхэмжилж байна. Одоо тэр газар надад ямар ч хамаагүй. Та нар одоо ч надаас газраа авч болно. Иймд “Охьбулаг” ХХК-тай байгуулсан худалдан эвэх гэрээгээ цуцлаж, “Охьбулаг” ХХК-иас урьдчилгаанд төлсөн 15000000 төгрөгийг гаргуулж өгөхийг хүсье. Нэхэмжлэийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаадҮНДЭСЛЭХ нь:

“Охьбулаг” ХХК нь “Монгол гео каратаж” ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 60000000 төгрөг гаргуулахаар, “Монгол гео каратаж” ХХК нь “Охьбулаг” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энхрийцэцэгт холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлийн урьдчилгаа төлбөр 15000000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч “Охьбулаг” ХХК  “Монгол гео каратаж” ХХК-д холбогдуулан гэрээний дагуу нийлүүлсэн мод цагаалгын трактор ДТ-55, Зил 131 ачааны авто машин, погрузчик, тайга-3 мод зүсвэрийн хөрөө, тайга хөрөөний хөрөө ирлэгч, ажилчдын хээрийн байр /вангончик/, урт мод тээх зориулалттай ганц голт чиргүүл, 0.5 га үйлдвэрийн зориулалттай газар, хашааны үнэ 55500000 төгрөгийн үлдэгдэл 40500000 төгрөг, алданги 19500000 төгрөг нийт 60000000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч “техникийн бүрэн бүтэн байдал хангаагүй, засвар үйлчилгээ бүрэн хийгдээгүй, холбогдох баримт бичиггүй, ажилд ашиглах боломжгүй тоног төхөөрөмж өгөхдөө комисст хүлээлгэн өгч акт үйлдээгүй гэж маргаж урьдчилгаа төлбөр 15000000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэж маргажээ.

Хэрэгт авагдсан баримтаар “Охьбулаг” ХХК, “Монгол гео каратаж” ХХК нь мод цагаалгын трактор ДТ-55, Урал маркийн авто машин, Зил 131 ачааны машин, ачаа зөөх зориулалтын машин /погрузчик/, тайга-3 мод зүсдэг хөрөө, дүнз бөөрөнхийлөгч хөрөө, захалгааны дугуй хөрөө, ажилчдын хээрийн байр /ваганчик/, УАЗ-469 маркийн авто машин, урт мод тээх зориулалттай хагас голтой чиргүүл, Зил 130 маркийн авто машин, үртэс шахмал түлшний цех, 0.5 га үйлдвэрлэлийн зориулалттай эзэмшлийн газар, хашааны хамт худалдах-худалдан авахаар харилцан тохиролцож 2014 оны 06 дугаар сарын 20-ны өдөр худалдах-худалдан авах гэрээ байгуулсан байх ба /хх-10/ гэрээнд өөрчлөлт оруулж мод цагаалгын трактор ДТ-55, Зил 131 ачааны машин, ачаа зөөх зориулалтын машин /погрузчик/, тайга-3 мод зүсдэг хөрөө, тайга хөрөөний хөрөө ирлэгч, ажилчдын хээрийн байр /ваганчик/, урт мод тээх зориулалттай хагас голтой чиргүүл, 0.5 га үйлдвэрлэлийн зориулалттай эзэмшлийн газар, хашааны хамт нийт 55500000 төгрөгийн үнэ бүхий бараа, материал худалдаж, худалдан авагчийн урьдчилгаа болгон өгсөн 15000000 төгрөгийг суутгаж, худалдан авагч нь үлдэгдэл төлбөр болох 40500000 төгрөгийг 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн төлөхөөр тохирч 2015 оны 06 дугаар сарын 16-ны өлөр 02/15 дугаартай гэрээ байгуулсан байна. /хх-12/

“Охьбулаг” ХХК гэрээний дагуу мод цагаалгын трактор ДТ-55, Зил 131 ачааны машин, ачаа зөөх зориулалтын машин /погрузчик/, тайга-3 мод зүсдэг хөрөө, тайга хөрөөний хөрөө ирлэгч, ажилчдын хээрийн байр /ваганчик/, урт мод тээх зориулалттай хагас голтой чиргүүл, 0.5 га үйлдвэрлэлийн зориулалттай эзэмшлийн газар, хашааны хамт худалдан авагчид хүлээлгэн өгсөн болох нь тэдний хооронд байгуулсан худалдах-худалдан авах гэрээ, “Охьбулаг” ХХК-иас техник, тоног төхөөрөмж хүлээн авсан тухай 2014 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн актаар /хх-13/тогтоогдож байна.

Энэхүү гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээний үндсэн шинж, гол нөхцөлийг агуулсан хүчин төгөлдөр гэрээ байна.

Хариуцагч нь “...техникийн бүрэн бүтэн байдал хангаагүй, засвар үйлчилгээ бүрэн хийгдээгүй, холбогдох баримт бичиггүй, ажилд ашиглах боломжгүй тоног төхөөрөмж тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, доголдлын талаар хэлж анхааруулж байсан” гэж маргаж гаргаж байгаа хэдий ч  худалдан авагч тал 2014 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр гэрээнд заасагдан тоног төхөөрөмж, тээврийн хэрэгсэл, газар зэргийг хүлээж авсан, ингэж  авахдаа доголдлын талаар хэлж байсан гэдэг нь баримтаар нотлогдохгүй байх тул Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д зааснаар шаардлага гаргах эрхээ алдсан байна.

         Түүнчлэн үүргийн гүйцэтгэлд ноцтой нөлөө үзүүлэхээргүй бол эд хөрөнгийн зарим хэсгийг дутуу буюу гэрээнд зааснаас өөр барааг бага хэмжээгээр шилжүүлсэн, эсхүл эд хөрөнгийн нэг хэсэг нь доголдолтой байсан ч түүнийг бүхэлд нь доголдолтой байсан гэж үзэхгүй гэж Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.3-т зааснаар Зил 131 маркийн авто машины тээврийн хэрэгслийн гэрчилгээг шилжүүлэн өгөөгүй нь тухайн эд хөрөнгийг бүхэлд нь доголдолтой байсан гэж үзэх боломжгүй юм.

Талуудын хооронд байгуулсан худалдах-худалдан авах гэрээний 3 дугаар зүйлд “тоног төхөөрөмжийн үнийг тохиролцсон хугацаанд төлөөгүй тохиолдолд 0.5 хувийн алданги тооцоно” гэж зааснаар нэхэмжлэгч нь алданги 19500000 төгрөг нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасантай нийцсэн байна.

Иймд “Монгол гео каратаж” ХХК-иас 60000000 төгрөг гаргуулан “Охьбулаг” ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1.  Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д зааснаар заасныг баримтлан хариуцагч “Монголгео каратаж” ХХК-иас 60000000 /жаран сая/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Охьбулаг” ХХК-д олгож, “Монголгео каратаж”  ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Охьбулаг” ХХК-д холбогдох 15000000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
  2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар “Охьбулаг” ХХК-ийн төлсөн 457950 /дөрвөн зуун тавин долоон мянга есөн зуун тавь/ төгрөг, “Монгол гео каратаж” ХХК-ийн төлсөн 232950 /хоёр зуун гучин хоёр мянга есөн зуун тавь/ төгрөгийг Төрийн санд тус тус хэвээр үлдээж, хариуцагч    “Монгол гео каратаж” ХХК 457950 /дөрвөн зуун тавин долоон мянга есөн зуун тавь/ төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаарзохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн авж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          О.ОДОНЧИМЭГ