Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 14

 

 

                                                             “О б” ХХК /төлөөлөн нэхэмжлэгч Э.Э/-ийн

                                                                    нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай                                                                                

Хэргийн индекс 101/2016/00610/И

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн даргалж, шүүгч С.Уранчимэг, М.Хүрэлбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 176 дугаартай шийдвэртэй,

“О” ХХК /төлөөлөн нэхэмжлэгч Э.Э/-ийн нэхэмжлэлтэй, “М г к” ХХК-д холбогдох, худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэл 60000000 төгрөг гаргуулах үндсэн,

 “М г к” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “О” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э-т холбогдох, 15000000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хариуцагч байгууллага /“М г к” ХХК/-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Хүрэлбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:   

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э

        Нарийн бичгийн дарга Ц.Мичидмаа нар оролцов.

Нэхэмжлэгч “О” ХХК-ийн төлөөлөн нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “О” ХХК болон “М г к” ХХК-ийн хооронд 2014 оны 06 дугаар сарын 20-ны өдөр худалдах-худалдан авах гэрээ байгуулагдаж, улмаар 2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 02/15 тоот гэрээгээр нэмэлт, өөрчлөлт оруулсан байна. Тус нэмэлт, өөрчлөлтөөр мод цагаалгын трактор ДТ-55, Зил 131 ачааны авто машин, погрузчик, тайга-3 мод зүсвэрийн хөрөө, тайга хөрөөний хөрөө ирлэгч, ажилчдын хээрийн байр /вангончик/, урт мод тээх зориулалттай ганц голт чиргүүл, 0.5 га үйлдвэрлэлийн зориулалттай газар, хашааны үнэ, нийт 55500000 төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцож, урьдчилгаа төлбөрт 15000000 төгрөгийг худалдан авагч тал төлсөн. Үлдэгдэл төлбөр болох 40500000 төгрөгийг 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлөхөөр тохиролцсон боловч өнөөдрийг хүртэл гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Худалдан авагч нь манай компаниас худалдаж авсан тоног төхөөрөмжийг үйл ажиллагаандаа ашиглан ашиг орлого олж байгаа атлаа хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүргээ биелүүлэхгүй байгаа нь хуульд нийцэхгүй юм. “М г к” ХХК гэрээний 1 дүгээр зүйлд 8 төрлийн эд хөрөнгийн үнийг 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдөр бүрэн төлснөөр гэрээний 2 дугаар заалт хэрэгжих байсан. Гэрээнд зааснаар гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд алданги тооцохоор байгаа. Иймд 8 нэр төрлийн эд хөрөнгийн үлдэгдэл төлбөр 40500000 төгрөг, алданги 19500000 төгрөг, нийт 60000000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. “О” ХХК-ийн хэрэглэж байсан тоног төхөөрөмжүүдийг “О” ХХК өөрөө оруулж ирдэг. Хариуцагч тал өнөөдрийг хүртэл “О” ХХК-ийн тоног төхөөрөмж, техникийг ашиглаж үйл ажиллагаагаа явуулж ашиг олсоор байгаа. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Хариуцагч  “М г к” ХХК нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би “О “ХХК-тай 2 удаа гэрээ хийсэн. Эхний гэрээг 2014 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хийсэн. Гэрээнд дурьдсан 13 нэр төрлийн тоног төхөөрөмж байгаа. Гэрээнд заасан худалдагчийн эрх үүрэг гэдэг дээр ямар ч баримтууд өгөгдөөгүй. Б.Б-ийг би сайн танихгүй, манай найз О.Д таньдаг юм. Би тоног төхөөрөмж, тээврийн хэрэгслийг хүлээж аваагүй. Нутгийн иргэдээс сонсоход хулгайн юм байж магадгүй гэж байсан. Хавтаст хэргийн 75 дугаар хуудсанд байгаа хариу тайлбарт бичсэнээр Зил 131 машиныг төлбөрийг барагдуулсны дараа шилжүүлж өгнө гэсэн байгаа. Бусад тоног төхөөрөмжийг өгсөн гэж худлаа ярьж шүүхийг хуурч байгааг гайхаж байна. Бид ямар нэг бичиг баримт аваагүй, ийм ийм тоног төхөөрөмж, техник хүлээлгэж өгсөн гэж гүтгэж байна. Мөн гэрээн дээр хуурамч бичиг баримт оруулсан байна. Тоног төхөөрөмжийн үнийг төлөөгүй бол алданги тооцно гэж нэмж бичсэн байна. Гэрээнд ингэж тусгаагүй. Бид тухайн үед амаар хэлэлцэж тохирсон. Хулгайн юм аа бидэнд хүчээр шахаж байна гэж би үзэж байна. Б-ийн нэр дээр 1 эксковатор л байсан. Зил 131 болон урал машины гаалийн бичиг баримт хаана байгаа юм бэ. Нэг ч бичиг баримт надад өгөөгүй. Манай компани Зил 131 машинтай, 1 трактортой, урал машин, хөрөөтэй, бид өөрсдөө хэнээс ч гуйхгүй үйл ажиллагаа явуулах бүрэн чадалтай. Би тушаал гаргаад хүмүүс томилоод хүмүүсээр нь техник, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдлыг шалгасан. Энэ талаар нэмэлт гэрээний ар тал дээр бичсэн байгаа. Гэрээний дагуу Тэшиг сумын нутагт байгаа 05 га газрынхаа гэрчилгээг манай нэр дээр шилжүүлж, бусад техник, тоног төхөөрөмж, холбогдох бараа материалыг гаргаж өг гэж өчнөөн хэлж, хатуу сануулсан. Би удирдлагуудад бичиг баримтгүй тээврийн хэрэгсэл тоног төхөөрөмжөөр үйл ажиллагаа явуулахгүй гэж хэлсэн байгаа. Эдний тоног төхөөрөмжөөс ашигласан нэг ч юм байхгүй. Шүүхэд хэрэг шалгагдаж байх хооронд тоног төхөөрөмжийг нэгийг ч ашиглаагүй. Эдний тоног төхөрөөмжүүд өөр өөр газруудад тараагаад ажиллуулж байгаа. Миний хувьд авсан 05 га газарт хашаан дотор нь үйл ажиллагаа явуулж байна. Би хашаанд нь бүх тоног төхөөрөмж, техник хэрэгслийг байлгаж байгаад шаардлага хагнгахгүй байна гээд гэрээгээ цуцлах талаар ярьж байсан. Хашаагаа ч бүрэн бариагүй байсан. Э.Э  “О” ХХК-ийг бүрэн төлөөлж байгаагийн хувьд 15000000 төгрөгийг нэхэмжилж байна. Одоо тэр газар надад ямар ч хамаагүй. Та нар одоо ч надаас газраа авч болно. Иймд “О” ХХК-тай байгуулсан худалдан эвэх гэрээгээ цуцлаж, “О” ХХК-иас урьдчилгаанд төлсөн 15000000 төгрөгийг гаргуулж өгөхийг хүсье. Нэхэмжлэийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

            Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 176 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д зааснаар заасныг баримтлан хариуцагч  “М г к” ХХК-иас 60000000 /жаран сая/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “О” ХХК-д олгож,  “М г к” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “О” ХХК-д холбогдох 15000000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар “О” ХХК-ийн төлсөн 457950 /дөрвөн зуун тавин долоон мянга есөн зуун тавь/ төгрөг,  “М г к” ХХК -ийн төлсөн 232950 /хоёр зуун гучин хоёр мянга есөн зуун тавь/ төгрөгийг Төрийн санд тус тус хэвээр үлдээж, хариуцагч     “М г к” ХХК 457950 /дөрвөн зуун тавин долоон мянга есөн зуун тавь/ төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор  дурьдаж шийдвэрлэжээ.

Хариуцагч байгууллага / “М г к” ХХК/-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүх хурал зөвхөн машин тоног, төхөөрөмж хүлээн авсан актыг үндэслэн бусад нотлох баримтуудыг сайтар үзэж дүгнэлгүй нэг талыг барьж шийдвэр гаргажээ.

Бид “О” ХХК-тай анх 2014 оны 06 дугаар сарын 20-ны өдөр тоног төхөөрөмжийг иж бүрнээр нь худалдан авах гэрээ хийж Тэшиг суманд модыг хамгаалах, нөхөн сэргээх, зүй зохистой ашиглан мод боловсруулах үйлдвэр ажлуулахаар зорьж санаа шулуудаж ихээхэн эрч хүчтэй ажлаа эхлүүлэхээр төлөвлөж байсан юм. Уг гэрээнд нийт 13 төрлийн тоног төхөөрөмжүүдийг бүгдийг нэгэн зэрэг, богино хугацаанд нийлүүлэхээр тохиролцсон байсан.

Тухайн үед “О” ХХК-ий захирал Б.Б анх “танайх гадаадаас болон өөр ямар нэгэн газраас ой модны зориулалтын манайх шиг тоног төхөөрөмж, үртсэн шахмал түлшний үйлдвэр, мод боловсруулах тоног төхөөрөмжийг авах шаардлагагүй, бидний бүтээгдэхүүн, тоног төхөөрөмжүүд иж бүрэн, сайн чанартай, үнэ хямд, хууль, эрх зүйн бичиг баримтын зөрчил байхгүй” гэж бидэнд итгэл үнэмшил төрүүлсний улмаас энэхүү гэрээ хийгдэхэд хүрсэн билээ. Гэвч бодит байдалд “О” ХХК гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээр барахгүй, биднээс хууль бус зүйл шаардаж улмаар шүүхээр дээрх шийдвэрийг гаргуулсан байна.

Иймд бид анхан шатны шүүхийн энэ шийдвэрийг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй гэж үзэн давж заалдах шатны шүүхэд дараах тайлбарыг өгч байна.

“О” ХХК өөрийн харъяалалын тоног төхөөрөмжүүдийг бүгдийг нэг цаг хугацаанд тухайлбал гэрээний 2.1-д “2014 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс хэтрүүлэхгүй...” өгөхөөр заасан. Энэ заалтаа биелүүлээгүй. Бид эдний тоног төхөөрөмжийг авч үйл ажиллагаагаа маш хурдан эхлүүлнэ гэж их найдаж байсан. Бид өөр гарц хайгаагүй цаг их алдсан.

Тухайн үед машин механизм, тоног төхөөрөмжүүдийг хүлээлцэх үед тэдгээрийн холбогдох техникийн баримт бичгүүдийг шаардсан боловч бидэнд дараа нь бүрдүүлж өгөхөөр амласан. Гэвч гэрээний 2.4-д “гэрээний салшгүй хэсэг болох техникийн гэрчилгээ, паспорт, мод олгох эрхийн бичиг зэрэг холбогдох хүчин төгөлдөр баримтуудыг худалдан авагчид шилжүүлэн өгнө” гэсэн заалтыг “О” ХХК нь огт биелүүлээгүй. Харин бидэнд гэрээнд тусгагдсан машин механизм, тоног төхөөрөмжүүдээ бичиг баримтгүйгээр худалдан авахыг шаардаж улмаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. 2017 оны 05 дугаар сарын 5-нд хуралдсан шүүх хуралдаан дээр зөвхөн Зил-130 машины тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбарыг авчирч үзүүлж, хавтаст хэрэгт хавсаргаж байсан нь шүүх хурлын үеэр гэрээнийхээ үүргийг биелүүлж байгаа мэт санагдаж бидний гайхшралыг төрүүлсэн.

2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн гэрээний нэмэлт, өөрчлөлтийн арын хуудсанд “бусад холбогдох материалыг гаргаж өгөх үүргийг хүлээнэ” гэж гараар нэмж бичин баталгаажуулан тамга даруулж, гарын үсэг зуруулсан байгаа.

 “М г к” ХХК нь гэрээнд заасан худалдан авалтыг хийж болох байсан боловч машин, тоног төхөөрөмжийн техникийн гэрчилгээ байхгүй, трактор, машин, бусад механизм нь хэнийх болох нь үл мэдэгдэх /тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн архивын лавлагаагаар энэ компани нь тоног төхөөрөмжгүй гэдэг нь батлагдсан. Энэ нь хавтаст хэрэгт байгаа/, иж бүрдэл дутуу зэргийг харгалзан худалдах-худалдан авах гэрээг цуцлуулж, урьдчилгаанд өгсөн мөнгөө нэхэмжилсэн билээ.

Манайх энд дурьдагдсан техникээр ямар ч үйл ажиллагаа явуулаагүй, явуулах ч боломжгүй. Учир нь дээрх машин, механизмуудын Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдолтын төлбөр төлөгчийн, тээврийн хэрэгслийн гэрчилгээнүүд байхгүй тул гарал үүсэл нь тодорхойгүйгээс холбогдох хууль, дүрмийн дагуу замын хөдөлгөөнд оролцох эрхгүй юм. Мөн эдний манайд шилжүүлсэн эзэмшлийн 0,5 га газар нь дээрх тоног төхөөрөмжгүйгээр манайд ямар ч ашиггүй.

Бид дээрх учир шалтгаануудын улмаас “О” ХХК-ний удирдлагад “манайд шилжүүлсэн газраа бүрэн бус тоног төхөөрөмжтэйгээ хамт эргүүлэн ав, гэрээгээ цуцалъя” гэж мэдэгдсэн. Уг газарт ямар ч үйл ажиллагаа явуулаагүй. Энэ тухай би шүүх хуралдаан дээр хэлсэн. Гэтэл шүүх хурлын шийдвэрт одоо эдний 0.5 га газарт  “М г к” ХХК нь үйл ажиллагаагаа явуулж байгаа мэтээр баримт үндэслэлгүй бичжээ.

Одоо манай компанид мод цагаалгын трактор, Зил-130 машин нь техникийн гэрчилгээгүйгээр, Тайга-3 мод зүсдэг хөрөө, вагончик, 0,5 га газрын гэрчилгээ /Тэшиг суманд газар олголт хүссэн этгээдэд чөлөөтэй/ л байна. Тээврийн хэрэгслийн гэрчилгээгүйгээр Зил-130 машин, трактор нь манай үндсэн хөрөнгө болж чадахгүй, ажил явуулж болохгүй нь ойлгомжтой. Үүнийг харгалзаж үзэлгүйгээр биднийг ямар ч бичиг баримтгүй машин, механизмыг худалдан авахыг албадан шаардаж байгаа мэт шийдвэрийг шүүх гаргалаа.

Хэн ч бодсон тээврийн хэрэгслийн гэрчилгээгүй ямар ч машин механизм Монгол улсын нутаг, дэвсгэр дээр хөдөлгөөнд оролцох эрхгүй. Манай компани нь машин механизмын техникийн бичиг баримтыг шаардсан болохоос биш гаднаас орж ирсэн гаалийн бичигтэй гэгдэх хөрөө, багаж хэрэгслийн тухай яриагүй. Гэтэл нэхэмжлэгч шүүх хуралдаан дээр машин механизмаа гадаадаас авсан гаалийн бичигтэй мэтээр тайлбарласан. “О” ХХК нь манай компанид хүлээлгэн өгсөн гэх гэрээнд заасан машин механизм, тоног төхөөрөмжүүд нь холбогдох материалуд болон дагалдах ямар ч бичиг баримтын бүрдэлт байхгүй, гэрээний үүргээ цаг хугацаандаа биелүүлээгүй тул худалдан авах тухай уг гэрээг цуцалж, урьдчилгаанд өгсөн мөнгөө тус компаниас эгүүлэн авах нэхэмжлэл гаргаж байгаагаа дахин дурдъя.

Манай 2 компаний хооронд 2015 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хийгдсэн “2014 оны 06 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан худалдах-худалдан авах гэрээнд оруулсан нэмэлт, өөрчлөлт”-ийн 3-т заасан алданги тооцох заалтан дээр бид хамтран ярилцаад “алданги тооцохоо болъё” гэдгээр тохиролцон ямар ч алдангийн хувь тавиагүй билээ. Гэтэл “О” ХХК нь шүүхэд материал бүрдүүлэн өгөхдөө өөрт байсан гэрээний хувь дээрээ алдангийн хувийг компъютерээр нэмж оруулан шүүхийг хуурсан үйлдэл хийж гэрээний алданги болон 19 /арван ес/ сая төгрөг нэмж нэхэмжилсэн байна. Энэ тухай 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн анхан шатны шүүх хурлын өмнөхөн хэргийн материалтай 10 хүрэхгүй минутын хугацаанд танилцах үедээ мэдсэн. Энэ тухай тухайн үед мэдэгдэж байсан. Одоо давж заалдах шатны шүүх хуралд өөрт байгаа нотлох баримт болох анхдагч гэрээний хувийг гарган танилцуулж байна /гэрээний эх хувийн хуулбарыг хавсаргав/. Шүүхийг хуурч хуурамч материал бүрдүүлж, шүүхийн шийдвэрт нөлөөлсөнд харамсаж байна.

Иймд Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн    оны 05 дугаар сарын 05- ны өдрийн 176 тоот шийдвэрийг хүчингүй болгож, манай нэхэмжлэлийн шаардлагыг хангасан, дээрх худалдах-худалдан авах тухай гэрээнүүдийг хүчингүй болгох шийдвэр гаргаж өгөхийг хүсье.”  гэжээ.

                                                     ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч “О” ХХК нь “М г к” ХХК –нд холбогдуулан  худалдах-худалдан авах гэрээний үүргийн биелэлт 60,000,000 төгрөг гаргуулах,  “М г к” ХХК нь “О” ХХК-иас үүргийн гүйцэтгэлийн урьдчилгаа төлбөр 15000000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. 

Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд “О” ХХК-ийг төлөөлж захирал Б.Бат-Эрдэнэ  “М г к” ХХК-ийг төлөөлж С.Д нар 2014 оны 6 дугаар сарын 20-ны өдөр худалдах-худалдан авах гэрээ байгуулж тухайн гэрээнд 2015 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр  “М г к” ХХК-ний захирал С.Э “О” ХХК-ний захирал Б.Б нар нь 13 нэр бүхий тоног төхөөрөмжүүдийг 0,5 га газрын хамт 55,500,000 төгрөгөөр худалдахаар тохиролцож урьдчилгаанд 15,000,000 төгрөгийг суутгаж үлдэгдэлд 40,500,000 төгрөгийг 2015 оны 6 дугаар сарын 15-ны дотор төлөх, гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд 0,5 хувийн алданги тооцохоор нэмэлт, өөрчлөлт оруулсан нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлд зааснаар зохигчдын хооронд худалдах-худалдан авах гэрээ хийгдсэн, тухайн гэрээ хуулийн хүчин төгөлдөр байна. /х.х-ийн 10-12/

Дээр дурьдсан гэрээний дагуу худалдагч  “О” ХХК нь тод цагаатгалын трактор ДТ-55, Зил-131 ачааны авто машин, ачаа зөөх зориулалтын машин /погрузчик/, тайга-3 мод зүсэгч хөрөө, хөрөө ирлэгч, ажилчдын хээрийн байр /воганчик/, хагас голтой чиргүүл, 0,5 га газар зэргийг худалдан авагч “Монгол геокаратаж” ХХК-нд хүлээлгэж өгсөн нь 2014 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн актаар нотлогдсон төдийгүй Иргэний хуулийн 111 дүгээр зүйлд зааснаар худалдагчийн өмчлөх эрх дуусгавар болжээ. /х.х-ийн 13/

 Хариуцагч “М г к” ХХК нь “...техникийн бүрэн байдал хангаагүй, засвар үйлчилгээ бүрэн хийгдээгүй, холбогдох бичиг баримт үгүй зэрэг доголдлын талаар хэлж анхааруулж байсан” гэж мэтгэлцэж байгаа боловч худалдан авагч нь 2014 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр тухайн эд хөрөнгийг хүлээн авах үедээ эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад тухайн эд хөрөнгийг хүлээн авсан нь Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-т заасан шаардах эрхээ алдсан байна гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулийн тогтоосон журмыг зөрчөөгүй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж хариуцагчийн давж заалдсан гомдлыг хангах боломжгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.  

Монгол улсын иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 176 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хариуцагч С.Э-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын  тэмдэгтийн хураамжинд төлсөн 457950 /дөрвөн зуун тавин долоон мянга есөн зуун тавь/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Ё.БЯМБАЦЭРЭН

ШҮҮГЧИД                                                                С.УРАНЧИМЭГ

                                                                                М.ХҮРЭЛБААТАР