Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 1748

 

2017 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2017/01748

 

 

 “Тэнгэр аз инвест” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Г.Даваадорж, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 181/ШШ2017/01514 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Тэнгэр аз инвест ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Зайварын мод” ХХК-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 20 284 867 төгрөг гаргуулах, барьцаа болон бусад хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тэнгэр аз инвест ББСБ” ХХК болон зээлдэгч “Зайварын мод” ХХК-ийг төлөөлж гүйцэтгэх Ж.Батдорж нар нь 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 15 000 000 төгрөгийг 5 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй, зээлэх, зээлүүлэхээр харилцан тохиролцож, зээлийн гэрээ байгуулсан. Уг гэрээ байгуулагдсан өдөр зээлдэгч “Зайварын мод” ХХК нь өөрийн Голомт банк дахь 3105104855 тоот дансаараа дамжуулан гэрээний зүйлийг хүлээн авсан.

Зээлдэгч нь гэрээний хавсралтад заасны дагуу зээл, зээлийн хүүгийн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч энэхүү үүргээ зөрчиж зээлийн үндсэн төлбөрт 493 төгрөг, хүүнд 611 506 төгрөгийг тус тус төлсөн ба 2016 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 14 999 506 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэл 4 497 386 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 787 974 төгрөг нийт зээлийн гэрээний үүрэгт 20 284 867 төгрөгийн үүргээ биелүүлээгүй байна.

Зээлдэгч нь зээлийн барьцаанд “Зайварын мод” ХХК-ийн захирал Ж.Батдоржийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, 18 дугаар хороо, Толгойт 18101, Москвагийн гудамж, 48 А байр, зоорийн давхрын 27 тоот хаягт байршилтай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2201046113 дугаарт бүртгэлтэй автозогсоол, мөн хаягт байрлалтай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2201046114 дугаарт бүртгэлтэй автозогсоолыг тус тус барьцаалсан.

Иймд Иргэний хууль, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль, зээлийн гэрээнд зааснаар зээлийн үндсэн төлбөрт 14 999 506 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэлд 4 497 386 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 787 974 төгрөг буюу зээлийн гэрээтэй холбоотой үүргийн гүйцэтгэлд нийт 20 284 867 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 10 000 төгрөг нийт 20 294 867 төгрөгийг хариуцагч “Зайварын мод” ХХК-иас гаргуулж өгнө үү.

Мөн хариуцагч мөнгөн төлбөрийн үүргээ сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийн хангуулах, барьцаа хөрөнгө нь үүргийн гүйцэтгэлийг хангаж хүрэлцэхгүй тохиолдолд хариуцагч “Зайварын мод” ХХК-ийн бусад эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэрт зааж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Зайварын мод” ХХК-иас 20 284 867 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Тэнгэр аз инвест ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 10 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар “Тэнгэр аз инвест ББСБ” ХХК-ийн тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 259 424 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж , хариуцагч “Зайварын мод” ХХК-иас 259 374 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Тэнгэр аз инвест ББСБ” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч байна.

Анхан шатны шүүх хариуцагч "Зайварын мод" ХХК-иас нэмэгдүүлсэн хүүнд 787 974 төгрөг гаргуулж шийдвэрлэснийг үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь манай компани эдийн засгийн хүнд нөхцөл байдлаас болж "Тэнгэр аз инвест ББСБ” ХХК-иас авсан зээлээ графикт хугацаанд нь төлөх боломжгүй нөхцөл байдал үүссэн.

Энэ тухайгаа нэхэмжлэгч талд мэдэгдэж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах хүсэлтэй тухайгаа илэрхийлсэн. Барьцаа хөрөнгө анх бариулсан нь төлбөрөө төлж чадахгүй болсон тохиолдолд тухайн хөрөнгөөр үүргээ гүйцэтгэнэ гэж ойлгосон.

Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж нэмэгдүүлсэн хүүнд тооцсон 787 974 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэр өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

            Нэхэмжлэгч “Тэнгэр аз инвест ББСБ” ХХК нь хариуцагч “Зайварын мод” ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 20 284 867 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Талууд 2016 оны 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 15 000 000 төгрөгийг 5 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй олгохоор тохиролцож зээлийн гэрээг, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Толгойт /18101/ Москвагийн гудамж, 48а дугаар байр, зоорийн давхарт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201046113 дугаарт бүртгэгдсэн 27 тоот автозогсоол, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201046114 дугаарт бүртгэгдсэн 28 тоот автозогсоолыг тус тус барьцаалж барьцааны гэрээг бичгээр байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр байна.

 

            Хариуцагчаас зээлийн үндсэн төлбөрт 493 төгрөг, зээлийн хүүнд 611 506 төгрөг нийт 612 000 төгрөгийг зээлийн гэрээний хугацаанд төлбөл зохих үндсэн хүүгээс, төлөгдсөн төлбөрийн үлдэгдлийг үндсэн зээлээс хасаж тооцсон нь зөв болжээ. Иймд төлөгдөөгүй үндсэн зээл 14 999 506 төгрөг, хэтрүүлсэн хугацааны хүү 4 497 386 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 787 974 төгрөг, нийт 20 284 867 төгрөгийг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчаас шаардах эрхтэй, хариуцагч төлөх үүрэгтэй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.

 

Харин нэхэмжлэгч нь нотариатын зардалд 10 000 төгрөг гаргуулах шаардлагаа баримтаар нотлоогүй тул холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.

 

Хариуцагч “Зайварын мод” ХХК-иас эдийн засгийн нөхцөл байдлаас болж зээлээ хугацаандаа төлөх боломжгүй нөхцөл үүссэн гэх тайлбараа баримтаар нотлоогүй, нотлох үүргээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хэрэгжүүлээгүйгээс гадна энэ нь гэрээний үүргийг гүйцэтгэхгүй байх үндэслэлд хамаарахгүй юм.

 

Харин анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах хэсгийг орхигдуулан шийдвэрлэсэн ба уг шаардлагад иргэний хэрэг үүсгэсэн, шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч тал шаардлагаасаа татгалзаагүй, холбогдох нотлох баримтыг шүүх хуралдаан дээр шинжлэн судалсан байх тул уг алдааг давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгтзаасан эрх хэмжээний хүрээнд дүгнэлт өгөх замаар залруулах боломжтой гэж үзлээ.

 

Талуудын хооронд байгуулагдсан барьцааны гэрээг хүчин төгөлдөр тул уг барьцаа хөрөнгийг шүүхийн журмаар худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхийг нэхэмжлэгчид Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар олгогдсон.

 

Харин хариуцагч байгууллагын бусад эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардах эрхийн зохицуулалт Иргэний хуульд тусгаагүй тул холбогдох нэхэмжлэлгийг хэрэгсэхгүй болгоно. Энэ шийдвэр нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар бусад хөрөнгөд хийх ажиллагаанд саад болохгүй, дараалалд хамаарахгүй юм.

 

            Анхан шатны шүүх Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн нэрийг буруу бичснийг залруулах нь зүйтэй.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 181/ШШ2017/01514 дүгээр шийдвэрийн тогтоох хэсэгт

2 дахь заалт нэмж “Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Зайварын мод” ХХК нь төлбөрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Толгойт /18101/ Москвагийн гудамж, 48а дугаар байр, зоорийн давхарт оршин байх, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201046113 дугаарт бүртгэгдсэн 27 тоот автозогсоол, мөн хаягт оршин байх эрхийн улсын бүртгэлийн Ү-2201046114 дугаарт бүртгэгдсэн 28 тоот автозогсоолыг тус тус албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, хариуцагч “Зайварын мод” ХХК-ийн бусад хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.” гэж нэмж,

“2” дахь заалтыг “3” гэж дугаарлан “Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн” гэснийг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн” гэж өөрчлөн,

“3” дахь заалтыг “4” гэж дугаарлаж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Зайварын мод” ХХК-иас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 23 470 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                                                                       

                        ШҮҮГЧИД                                                       Г.ДАВААДОРЖ

 

                                                                                                Э.ЗОЛЗАЯА