Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 00194

 

Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мягмарсүрэн даргалж, хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч Магнай Петролиум ХХК-ийн төлөөлөн нэхэмжлэгч Г.Дуламхандын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Булган аймгийн Статистикийн хэлтэст холбогдох

гэрээний үүргийн гүйцэтгэл, алданги 8640067 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2017/00146/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Төлөөлөн нэхэмжлэгч Магнай Петролиум ХХК-ийн хууль хэлтсийн мэргэжилтэн, Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Туулын 89-62 тоотод оршин суух, Боржигон овогт Гантөмөрийн Дуламханд /РД:СЮ83020801/, хариуцагчийн төлөөлөгч Булган аймгийн Статистикийн хэлтсийн дарга, Булган аймгийн Булган сумын 3 дугаар баг, 3в хэсгийн 5-5 тоотод оршин суух Боржигон овогт Мөнхцэцэгийн Мөнхбат /РД:ГЮ79103072/, нарийн бичгийн дарга С.Гончигбал нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Магнай Петролиум ХХК-ийн төлөөлөн нэхэмжлэгч Г.Дуламханд шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Статистикийн хэлтэс нь 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөн оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Магнай Петролиум ХХК-тай газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах № 09/16 тоот гэрээ байгуулсан. Энэхүү гэрээний 5.2-т Худалдан авагч нь тухайн сард зээлээр худалдан авсан барааны тооцоог сар бүрийн 5-ны дотор тооцоо нийлж акт үйлдэх ба акт үйлдсэнээс хойш 5 хоногийн дотор дансанд шилжүүлэх буюу бэлнээр тушаана гэж заасан... бөгөөд манай компани нь гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн боловч зээлдэгч талаас зээлийн үлдэгдэл төлбөр болох 5 760 045 төгрөгийг одоог хүртэл төлж барагдуулаагүй байна. Манай компани нь 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 106/16 тоот албан бичгээр төлбөр барагдуулах талаар удаа дараа холбогдож мэдэгдсэн боловч одоог хүртэл төлбөрөө хийгээгүй болно. Иймд гэрээний 7.2-т зааснаар гэрээний хугацаанд төлбөрийг бүрэн төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5%-тай тэнцэх хэмжээний төлбөрийн алданги /2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүртэл/ 151 хоног 4 348 834 төгрөг болсон ба, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт .... анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасантай нийцүүлэн 2 880 022 төгрөгөөр тооцож нийт 8 640 067 / намайн сая зургаан зуун дөчин мянга жаран долоон/ төгрөгийг Статистикийн хэлтэс-ээс гаргуулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү. 2015 оны үлдэгдэл 5301909 төгрөг байсан бөгөөд 2016 оны 1 дүгээр сард 1809260 төгрөгийн шатахуун зээлээр авсан боловч төлөлт хийгдээгүй. 2016 оны 2 дугаар сард 1314930 төгрөгийн шатахуун зээлээр авснаас, 2 дугаар сарын 8-нд 1308848 төгрөг, 2 дугаар сарын 19-нд 252000 төгрөг, 2 дугаар сарын 24-нд 208000 төгрөгийг тус тус төлж нийт 1761648 төгрөгийн төлөлт хийгдсэн байна.

3 дугаар сард 1985110 төгрөгийн шатахуун зээлээр аваад 3 дугаар сарын 24-нд 634956 төгрөг, 3 дугаар сарын 31-нд 1730000 төгрөг, мөн өдөр1200000 төгрөг, нийт 3564956 төгрөгийг тус тус төлсөн.

4 дүгээр сард 2362200 төгрөгийн шатахуун зээлээр аваад 4 дүгээр сарын 5-нд 110000 төгрөг, 4 дүгээр сарын 15-нд 582560 төгрөг нийт 692560 төгрөгийг төлсөн.

5 дугаар сард 196250 төгрөгийн шатахуун зээлээр аваад 5 дугаар сарын 13-нд 192000 төгрөг, 5 дугаар сарын 12-нд 200800 төгрөг, 5 дугаар сарын 31-нд 184800 төгрөг нийт 577600 төгрөгийг төлсөн.

6 дугаар сард 85250 төгрөгийг шатахуун зээлээр аваад 6 дугаар сарын 18-нд 108000 төгрөг төлсөн.

7 дугаар сард 94550 төгрөгийн шатахуун зээлээр аваад төлөлт хийгдээгүй.

8 дугаар сард 362700 төгрөгийн шатахуун зээлээр аваад 8 дугаар сарын 31-нд 210000 төгрөг төлсөн.

9 дүгээр сард 41850 төгрөгийн шатахуун зээлээр аваад төлөгдөөгүй байна.

2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 879200 төгрөг тус тус төлж гэрээ хийгдсэнээс хойш 13554009 төгрөгийн шатахуун зээлээр авч 7793964 төгрөгийг төлж 5760045 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Мөн шатахуун авсан жолооч нарын гарын үсэг зурагдсан байгаа гэв.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч М.Мөнхбат шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 2016 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр байгуулсан газрын тос зээлээр худалдан авах тухай гэрээг Ц.Ганцэцэг байгуулсан гэж ярьж байна. Тухайн үед Статистикийн хэлтэс нь Улсын бүртгэлийн хэлтэстэй нэгдсэн байсан үе юм. Улсын бүртгэлийн хэлтэстэй нэгдсэн байхад Магнай Петролиум ХХК-тай дур мэдэн гэрээ байгуулсан нь сонин санагдаж байна. Гэрээ байгуулах ямар ч боломж байгаагүй бөгөөд Ц.Ганцэцэг 1 дүгээр гарын үсэг зурах эрхгүй, Улсын бүртгэлийн газрын дарга 1 дүгээр гарын үсгийг, 2 дугаар гарын үсгийг Улсын бүртгэлийн нягтлан бодогч зурж байсан. Гэрээ яагаад байгуулсаныг ойлгохгүй, гайхаж байна. Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Улсын бүртгэл, Статистикийн газраас оруулж байсан шатахууны төлөлтүүдийн талаар ярьж байна. Хоёр байгууллага нэгдсэнээс хойш албанд хэрэглэж байсан шатахууны төлбөр тухай бүрдээ дансаар орж ирээд гүйлгээ хийгдэж байсан. Ингэж хийгдэхдээ Улсын бүртгэл, Статистикийн газар гэсэн нэрээр төлбөр төлөгдөж байсан. Нэхэмжлэгчийн ярьж байгаа шатахууны төлөлтүүд нь манай байгууллагаас хийсэн төлбөртэй тохирч байна. Хамгийн сүүлд 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр орсон 879200 төгрөгийн төлөлтийг Статистикийн хэлтсээс төлсөн. Судалгаанд явахад зарцуулах бинзены мөнгө орж ирээд төлөлт хийгдсэн байгаа юм. Тухай бүрдээ албанд хэрэглэсэн шатахууны төлбөрийг сар сард нь шилжүүлж байсан. Илүү гарсан шатахууны төлбөрийг бид мэдэхгүй байна. 2016 оны 7 дугаар сараас Статистикийн хэлтэс Улсын бүртгэлийн хэлтсээс салж тусдаа хэлтэс болж зохион байгуулагдсан. Тухайн үед манай байгууллагад тамга, тэмдэг байгаагүй, хуучин тамга, тэмдэг нь хүчингүй болж шинэчлэгдэж ирээгүй, байгууллагын дансыг барьчихсан ажилчид цалингаа аваагүй үе байсан. 8 дугаар сард бензин авсан бичигт улсын байцаагчийн тэмдэг дарагдсан байсан. Би 2016 оны 9 дүгээр сарын 19-нд Статистикийн хэлтсийн даргаар томилогдож ажлаа хүлээж авахад тус хэлтэс нь ямар нэгэн өр авлага гараагүй, 10 дугаар сараас гүйлгээ хийгдэж эхэлсэн. Улсын бүртгэлийн хэлтэстэй нэгдсэн байсан үеийн асуудлыг би мэдэхгүй байна. Иймд манай байгууллагад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна гэв.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаадҮНДЭСЛЭХ нь:

Магнай Петролиум ХХК-ийг төлөөлөн нэхэмжлэгч Г.Дуламханд нь хариуцагч Булган аймгийн Статистикийн хэлтэст холбогдуулан гэрээний үүргийн гүйцэтгэл 8640067 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Нэхэмжлэгч нь Булган Статистикийн хэлтсээс 2016 онд зээлээр авсан шатахууны үнийг төлөөгүй гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж төлбөрийн үлдэгдэл 5760045 төгрөг, түүний алданги болох 2880022 төгрөг бүгд 8640067 төгрөг нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч 2016 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр Статистикийн хэлтэс нь Улсын бүртгэлийн хэлтэстэй нэгдэж Улсын бүртгэл, Статистикийн газар болж өөрчлөгдөн төсвийн хуваарийн дагуу хөтөлбөр зориулалт, эдийн засгийн ангилалаар зарлагын гүйлгээг хийх эрхийг Улсын бүртгэлийн газрын дарга болон нягтлан бодогчид олгосон байхад Статистикийн хэлтсийн дарга Ц.Ганцэцэг нэхэмжлэгч байгууллагатай гэрээ байгуулан хүчингүй болсон тамга тэмдгийг ашиглан шатахуун авсан байх тул Ц.Ганцэцэгийн илүү авсан шатахууны төлбөрийг манай хэлтэс хариуцан төлөх үүрэггүй гэж маргажээ.

Монгол улсын 2016 онд батлагдсан Төсвийн тухай хуулийн дагуу 2016 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс Улсын бүртгэлийн ерөнхий газар Үндэсний статистикийн хороотой нэгдэн зохион байгуулагдсаны дагуу Булган аймгийн Статистикийн хэлтэс нь Улсын бүртгэлийн хэлтэстэй нэгдэж Улсын бүртгэл, Статистикийн газар болж өөрчлөгдсөн боловч Улсын бүртгэл Статистикийн ерөнхий газрын даргын 2016 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн 3/1655 дугаартай албан бичгээр шинэ бүтэц, орон тоо батлагдаагүй тул төсвийн хуваарийн дагуу хөтөлбөр, зориулалт, эдийн засгийн ангилалаар зарлагын гүйлгээг хийх эрхийг Улсын бүртгэлийн /хуучнаар/ дарга болон нягтлан бодогчид олгож, мөн даргын 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн Б/90 дугаартай тушаалаар бүтэц, орон тоог шинэчлэн тогтоосон байна. /хх-ийн 82-84/

Статистикийн хэлтсийн дарга Ц.Ганцэцэг нь өөрийн хэлтсийг төлөөлж Магнай Петролиум ХХК-тай газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худадлдах худалдан авах гэрээг 2016 оны 01 дүгээр сарын 1-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаатайгаар байгуулж, нэг талаас стандартын шаардлага хангасан барааг нийлүүлж, нөгөө тал үнийг сар бүрийн 5-ны дотор, акт үйлдсэнээс хойш 5 хоногийн дотор төлж байхаар харилцан тохиролцож гэрээг байгуулсан нь хавтаст хэргийн 10-11 дүгээр талд авагдсан Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ-ээр тогтоогдож байх бөгөөд талуудын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасан гэрээний үүргийн харилцаа үүссэн байна. Гэрээнд заасны дагуу худалдагч тал болох Магнай Петролиум ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж худалдан авагч тал болох Булган аймгийн Улсын бүртгэл, Статистикийн газарт газрын тосны бүтээгдэхүүнийг нийлүүлж байсан нь шатахуун олгосон баримтаар тогтоогдож байна. Статистикийн хэлтэс нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс газрын тосны бүтээгдэхүүний үнийг төлөөгүй, 2015-2016 оны шатахууны төлбөр 5760045 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа нь тооцооны үлдэгдэлийн баталгаа, төлбөр барагдуулах тухай хүсэлт, өр авлагын тайлан, түлш авч байсан тухай карт зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 12-55/

Хариуцагч тал Улсын бүртгэл, Статистикийн газар нь албан хэрэгцээндээ зориулан шатахуун авч тухай бүрд нь төлбөрийг төлж байсан, дарга Ц.Ганцэцэг нягтлан бодогчийн гарын үсэггүй, хүчингүй болсон тамга тэмдгээр шатахуун авах тасалбар үйлдэж илүү авсан шатахууны төлбөрийг төлөхгүй гэж маргаж байх боловч худалдан авсан шатахууны тооцоог сар бүр нийлж нэхэмжлэгч байгууллагын дансанд Улсын бүртгэл, Статистикийн газрын нэрээр төлбөр хийгдэж байсан нь өглөг авлагын дэлгэрэнгүй тайлан, зохигчдын тайлбараар тогтоогдож байна. /хх-ийн 12-13/ Өөрөөр хэлбэл Статистикийн хэлтсийн дарга Ц.Ганцэцэгийн Магнай Петролиум ХХК-тай байгуулсан гэрээний дагуу Улсын бүртгэл, Статистикийн газар зээлээр шатахуун худалдан авч төлөлтийг хийж байсан байна. Харин Ц.Ганцэцэгийн хүчингүй болсон тамга тэмдгээр шатахуун авч байсан гэх үйлдэл нь баримтаар нотлогдохгүй, зээлээр авсан шатахууныг албаны хэрэгцээнд зарцуулаагүй гэх баримт хэрэгт авагдаагүй байна.

Хариуцагч нь 2016 оны 9 дүгээр сард Үндэсний Статистикийн хороо шинэчлэн зохион байгуулагдаж аймгийн Статистикийн хэлтсийн даргаар томилогдон ажил хүлээн авахад тус хэлтэс нь бусдад төлөх өр төлбөрийн асуудал байгаагүй гэж тайлбарлаж байх боловч энэ талаар нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

Иймд Булган аймгийн Статистикийн хэлтсээс гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэл 5760045 төгрөг, гэрээний хариуцлага буюу алданги 2880022 төгрөг бүгд 8640067 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Магнай Петриолиум ХХК-д олгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь

1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Булган аймгийн Статистикийн хэлтсээс 8640067 /найман сая зургаан зуун дөчин мянга жаран долоо/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Магнай Петролиум ХХК-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 153191 /нэг зуун тавин гурван мянга нэг зуун ерэн нэг/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Булган аймгийн Статистикийн хэлтсээс 153191 /нэг зуун тавин гурван мянга нэг зуун ерэн нэг/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Магнай Петролиум ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МЯГМАРСҮРЭН