Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 15

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч С.Оюунчимэг, Б.Дуламсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

нарийн бичгийн дарга: Д.Чинзориг;

иргэдийн төлөөлөгч: Б.Оргилсүрэн;

улсын яллагч: Ц.Сүхбат;

            шүүгдэгч: Д.Чулуунчимэг, түүний өмгөөлөгч Б.Энхбуйр нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралданаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Долсогмаагийн Чулуунчимэгт холбогдох эрүүгийн 201625020357 тоот хэргийг 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1993 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Хэнтий аймгийн Батширээт суманд төрсөн, 23 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 1, Баянгол дүүргийн 23 дугаар хороо, Зүүн Ард Аюушийн 25-9 дүгээр гудамжны 271 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн  335 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан, СБ93070400 регистерийн дугаартай, хэрэг хариуцах чадвартай, Баруунхуацай овогт Долсогмаагийн Чулуунчимэг.

 

Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

Яллагдагч Д.Чулуунчимэг нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2016 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 18 цагийн үед Сүхбаатар дүүргийн 09 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Мөрөн" зочид буудалд бусдыг илтэд үл хүндэтгэн, буудлын ажилтан Д.Батсүхтэй үл ялих зүйлийн улмаас маргалдаж, архины шил хагалж, архины хагархай шилийг зэвсгийн чанартайгаар хэрэглэн танхайрч иргэн Д.Батсүхийн нүүрэн тус газар руу нь шидэж, баруун хацрыг нь зүсэж, биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Д.Чулуунчимэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр би найзуудтайгаа явж байгаад “Мөрөн” зочид буудалд орж хоносон. Маргааш өдрийнх нь 12 цагт бидний цаг дууссан учир бид оройн 18 цаг хүртэл сунгуулсан. Тэгээд манай найзууд архи ууж байгаад явахад би унтаад үлдсэн. Намайг унтаж байхад нэг ах орж ирээд “цаг чинь болчихлоо, гараарай” гэсэн. Тэгэхээр нь би “гарлаа” гээд гутал хувцасаа өмсөж байтал хохирогч болох ах намайг орон дээр дараад авсан. Би орны захад сууж байсан болохоор ноцолдохдоо газар унасан. Тэгтэл хохирогч болох ах миний өмдийг тайлах гэж оролдохоор нь би газарт байсан гарт таарсан зүйлээрээ цохисон. Тэгэхэд хохирогч нүүрээ дараад гараад явсан. Тэгээд би уйлаад сууж байхад нэг эгч орж ирээд “чи манай нөхрийн нүүр рүү нь цохисон байна. Чамайг цагдаад өгнө” гэсэн. Удалгүй манай нэг найз орж ирээд “юу болсон юм бэ, чамайг гарч ирэхгүй удсан болохоор чинь гадаа такси бариад хүлээж байлаа” гэсэн. Тэгээд удалгүй 2 цагдаа орж ирээд намайг бариад аваад явсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

 

Хохирогч Д.Батсүх шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 01 дүгээр сарын 15 билүү 16-ны орой би зочид буудлын гадаа жижүүрийн ажлаа хийж байсан. Тэр үед буудлаас 2-3 залуу гарч ирээд ноцолдож байхаар нь би “та нар буудалдаа ор” гэж хэлээд тэднийг оруулаад өөрийн жижүүрийн ажлаа хийгээд үлдсэн. Тэгээд тэд буудалдаа хоносон. Маргааш орой нь 18 цагийн үед буудлын ресепшн хүүхэн намайг дуудсан. Яваад ортол 3 залуу коридорт байсан. Тэгэхэд Алтанзул “энд орсон хүүхдүүдийн цаг нь дууссан байж гарахгүй байна. Нэг хүүхэн нь энд агсам тавиад болохгүй байна” гэсэн. Тэгэхэд тэр 3 залуугийн нэг нь надаас түрүүлээд өрөөндөө орохоор нь дагаад орсон. Намайг ороход тэр залуу болон энэ охин хоёр байсан. Тэр хувцасаа өмсөөд сууж байсан. Би “та нар одоо гараач” гэхэд энэ охин “юун сүртэй юм, би одоо гарах гэж л байна. Хувцасаа өмсөж байна” гэсэн. Тэгэхээр нь би “за тэгвэл гараарай” гээд өрөөнөөс нь гараад коридорт зогсож байхад өрөөн дотор шил хагарах чимээ сонсогдсон. Би юу болов гэж бодоод яваад ортол энэ шүүгдэгч охин нөгөө залуутайгаа хэрэлдэж байсан. Тэгэхээр нь би “Та нар хүний ажил хүндрүүлж байхаар яваач” гэхэд тэр ширээн дээр байсан архины шилийг аваад пааран дээр хагалсан. Тэр шилээ “арай ч над руу шидчихгүй байх” гэж бодоод би хаалганы тэнд зогсож байхад энэ охин тэр шилээ над руу шидэж нүүрэнд оноод хацар зүссэн. Тэгэхэд хамт байсан залуучууд нь энэ охиныг өрөөнөөс чирч гаргасан. Би тэгээд буудлын ажилтанд “наад хүмүүсийг битгий гарга. Буудлын хаалгаа түгжээд цагдаа дууд” гэж хэлсэн. Тэгээд манай гэр бүлийн хүн ч орж ирсэн. Удалгүй цагдаа нар ч ирсэн. Би тэр 3 залууг ерөөсөө танихгүй бөгөөд энэ охиныг цагдаа аваад явсан. Би энэ охиноос одоо гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэв.

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.Батсүх /хх-ийн 22-23/, гэрч Д.Алтанцэцэг /хх-ийн 24-26/, Б.Цэрэндаш /хх-ийн 27-31/ нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 1460 дугаартай дүгнэлт /хх-ийн 37/, Д.Чулуунчимэгийн сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 46-53/, Д.Чулуунчимэгийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 54/, Д.Чулуунчимэгийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 55/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.Чулуунчимэг нь согтуугаар 2016 оны 01 дүгээр сарын 16-ны 18 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутагт байрлах “Мөрөн” нэртэй зочид буудалд бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, ялимгүй зүйлээр шалтаглан архины шилийг зэвсгийн чанартай хэрэглэн хохирогч Д.Батсүхийн нүүрийг зүсч бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна. Үүнд: 

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.Батсүхийн /хх-ийн 22-23/: “...2016 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 03 цагийн үед намайг Сүхбаатар дүүргийн 09 дүгээр хороо “Мөрөн” зочид буудалд ажил дээрээ байхад 4-5 согтуу охид залуучууд ирсэн юм. Тэгээд би тэд нарыг буудалд оруулж унтуулсан. ...Тэр шөнөдөө гайгүй хоноцгоосон. Маргааш орой нь буюу 2016 оны 01 дүгээр сарын 16-ны орой 18 цагийн үед манай буудлын ресепшн Алтанзул гэх эмэгтэй над руу залгаад "өчигдрийн орсон хүүхдүүд цаг нь болчихоод байхад гарахгүй, агсам согтуу тавиад байна" гэж хэлсэн. Тэгэхээр нь би буудал руугаа яваад ороход коридорт 3 залуу зогсож байсан. Алтанзул “энэ хүүхдүүд цаг нь болчихоод байхад гарахгүй, агсраад байх юм” гэж хэлсэн. Тэгээд би тэр хүүхдүүдэд “ахын дүү нар одоо цаг чинь болчихсон байна, та нар хурдан гарцгаагаарай” гэж хэлсэн. Тэгтэл тэд нарын өрөөнд байсан нэг охин л орилж хашгираад байсан. Тэгэхээр нь би нөгөө 3 залууд нь “энэ хүүхнээ аваад яваач ээ” гэж хэлсэн. Тэгтэл тэр 3 залуугийн нэг нь өрөө рүүгээ орсон. Би араас нь ороход нөгөө охин нь хувцсаа өмсөж байсан. Тэгээд би “цаг чинь болсон байна, одоо ингээд гарцгаачих” гэж хэлсэн. Тэгтэл тэр 2 “за за одоо гарлаа” гэсэн. Тэгээд би өрөөнөөс гараад хүлээж байтал нөгөө хүүхдүүд гарахгүй байгаад байсан. ... Тэгээд хүлээж байтал нөгөө өрөөнд шил хагарах чимээ гарч, мөн нөгөө хүүхдүүд гарахгүй удаад байхаар нь би өрөө рүү буцаж орсон. Шил дуугарахаар нь би “цонх хагалж байна” гэж ойлгосон юм. Тэгээд ороод би “за одоо ингээд гарцгаа” гэж хэлсэн. Тэгтэл залуу нь бол чимээгүй байсан. Харин нөгөө охин нь “за гарлаа ш дээ, юун сүртэй юм” гээд уурласан. Тэгэхээр нь би “цаг, нар чинь болчихоод байна” гэж хэлсэн. Намайг “гар” гэж хэлэхэд тэр охин ширээн дээрээс архины шил аваад өрөөний паар руу цохиж хагалаад шууд миний нүүр рүү шидчихсэн. Би тэр охиныг арай ч шидчихнэ гэж бодоогүй. Тэгтэл шидсэн шил нь миний баруун хацар дээр таарч миний хацрыг зүссэн. Тэгэхээр нь би шууд өрөөнөөс гараад Алтанзулыг дуудаад “буудлынхаа хаалгыг түгж, цагдаа дууд” гэж хэлсэн. Тэгтэл нөгөө охин “та нарыг бүгдийг чинь ална шүү” гэж орилж, хашгирч байсан. Би тэр охинтой ер нь маргалдаагүй. Би зүгээр тэр охиныг “цаг чинь болчихлоо, одоо ингээд гар” гэж хэлсэн. Би 4 см-ийн урттай, 6 ширхэг оёдол тавиулсан. Өөр ямар нэг гэмтэл учраагүй...” гэх мэдүүлэг,

 

гэрч Д.Алтанзулын /хх-ийн 24-26/: “... 12 цаг болоод тэдний буудлаас гарах цаг нь болоход би тэр хүүхдүүдийн байсан өрөөнд ороод “цаг боллоо, одоо гарцгаагаарай” гэж хэлсэн. Тэгтэл одоо энэ шил шидсэн гэх охин орноосоо босохгүй, тасарчихсан юм шиг унтаад босохгүй байсан. Найзууд нь “за за одоо гарлаа” гэж байснаа, сүүлдээ нөгөө найзууд нь ирээд “эгчээ манай найз харин унтаад босдоггүй ээ, орой 18 цаг хүртэл мөнгийг нь өгөөд цагаа сунгачихъя” гэж хэлсэн. Тэгээд би “за за” гээд зөвшөөрөөд 18 цаг хүртэл сунгасан. Тэгээд 18 цаг болохоор нь би өрөөнд нь очоод “18 цаг болчихлоо шүү, гарцгаагаарай” гэж хэлтэл бусад хүүхдүүд нь “за за гаръя, гаръя, гарлаа эгчээ” гээд хувцаслаад гарцгаасан. Тэгтэл нөгөө охин нь л орондоо хэвтчихээд босохгүй байсан. Тэгэхээр нь би очоод “бос” гээд хөнжлийг нь хуултал тэр охин “чадахгүй, чи өөрөө гарч зайл” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “энэ үйлчилгээний байгууллага, би та нарыг зөндөө л харлаа, цаг нартай байя, одоо гарцгаа” гэж хэлтэл тэр охин “чадахгүй, пизда минь, ямар сүртэй юм” гээд хэрэлдээд байсан. Тэгэхээр нь би буудлын жижүүр болох Батсүх рүү залгаад “энд нэг охин гарахгүй, агсам тавиад намайг тоохгүй байна, эрэгтэй хүн хэлвэл арай гайгүй байлгүй, ороод ирээч” гэж хэлсэн. Тэгээд гаднаас Батсүх орж ирээд тэр охины байсан өрөө рүү нь орсон. Хэсэг байж байснаа гарч ирсэн. Тэгээд хүлээж байгаад гарахгүй болохоор нь нөгөө өрөө рүү дахиад Батсүх орсон. Тэгээд байж байтал гэнэт шил хагарах чимээ гарсан. Тэгээд чимээгүй болчихсон. Тэгэхээр нь би яваад очтол Батсүх хацраа дарчихсан, хацар нь ангайчихсан, цус ихээр гарч байсан...” гэх мэдүүлэг,

 

гэрч Б.Цэрэндашийн /хх-ийн 27-29, 30-31/ “...2016 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 10 цагийн үед Чулуунчимэг над руу залгаад “чи хүрээд ирээч, хоёулаа хамт харья” гэж хэлсэн. Би тэр буудал руу нь яваад очиход тэр 4 архи уугаад сууцгааж байсан. Би тэдэнтэй нийлээд хамт архи ууцгаасан. Тэгээд өдөржингөө бараг 2-3 шил архи уусан. Тэгээд орой нь 18 цагийн үед буудлын эзэн гэх нэг ах орж ирээд “цаг чинь дуусчихсан, гарцгаа” гээд хөөсөн. Хөөгөөд байхаар нь бид нар гарцгаасан. Харин Чулуунчимэгийг аваад гарах гэтэл “унтлаа” гээд босохгүй байсан. Тэгээд бид нар Чулуунчимэгийг үлдээгээд гарцгаасан юм. Бид 4 гадаа хүлээж байгаад Чулуунчимэгийг гарч ирэхгүй болохоор нь Баясаа гэх залуу бид 2 буцаж орсон. Буцаад өрөө рүүгээ ороход нөгөө биднийг буудлаасаа хөөгөөд байсан ахын нүүр нь зүсэгдсэн, хацарнаас нь цус гарч байсан. Харин Чулуунчимэг орон дээрээ сууж байсан. Тэгтэл нөгөө ах “цагдаа дуудлаа” гээд гараад буудлаа дотроос нь түгжсэн. Удалгүй цагдаа нар ч ирсэн. Би тэгээд Чулуунчимэгээс “чи яагаад ингэж байгаа юм бэ” гэхэд Чулуунчимэг “цагдаагаа дууд” гээд өөр юм ярихгүй байсан. ... Би яг хажууд нь байгаагүй. Би өрөө рүү нь дөнгөж шил шидээд шил нь газар унахад орсон. ... эхлээд нэг шил хагарах чимээ гарсан. Дараа нь удалгүй дахиад хаалганы орчим шил газарт унаж хагарах чимээ гарсан…” гэх мэдүүлэг

 

хохирогч Д.Батсүхийн биед “хацарт шарх бүхий ир ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл” учирсаныг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 1460 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 37/,

 

Д.Чулуунчимэгийн сэжигтэн, яллагдагчаар мэдүүлэсэн /хх-ийн 46-53/: “...Би ганцаараа өрөөндөө унтаад үлдсэн. Тэгтэл дахиад тэр буудлын ах орж ирээд “гар гээд байхад яах гээд байгаа юм бэ” гээд байсан. Тэгэхээр нь би “ах аа би жаахан байж байгаад гарчихъя” гэж хэлсэн. Учир нь миний нойр хүрээд байсан юм. Тэгээд тэр ах байн, байн орж ирээд “гар” гээд байхаар нь би уурлаж босч ирээд газар байсан “Экс” архины хагархай шилийг аваад тэр ах руу шидчихсэн. Тэгтэл тэр ахын нүүрэн дээр нь таарчихсан. Харсан чинь хацарнаас нь цус гарч байсан. ... Тэр хүн намайг унтаж байхад байн байн орж ирээд “одоо гар” гээд байсан юм. Тэгээд л миний уур хүрээд, бас жаахан согтуу байсан учраас газар байсан хагархай архины шилийг аваад нүүр рүү нь шидчихсэн. …Би нилээн согтолттой байсан...” гэх мэдүүлэг зэрэг тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бичгийн нотлох баримтуудаар болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Чулуунчимэгийн гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэв.

 

Хэдийгээр шүүгдэгч Д.Чулуунчимэг шүүх хуралдаанд “мөрдөн байцаалтын үед дарамталсан, хохирогчийн буруутай үйлдлийн улмаас буюу “…миний өмдийг тайлах гэж оролдохоор нь биеэ хамгаалж гарт тааралдсан зүйлээр хохирогчийг цохисон”” гэж мэдүүлж байх боловч энэ байдал нь хэрэгт цугласан хохирогч, гэрч нарын мэдүүлэг,  түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг, тухайлбал “…тэр ах байн байн орж ирээд “гар” гээд байхаар нь би уурлаж босч ирээд газар байсан “Экс” архины хагархай шил аваад шидчихсэн. Гэтэл тэр ахын нүүрэнд таарчихсан…Би уурлаад “ямар ядаргаатай юм бэ” гээд газар байсан архины шилийг аваад үүд рүү шидсэн…Миний шидсэн шил нүүрэнд нь оночихсон юм…” гэсэн мэдүүлгүүдээр үгүйсгэгдэж байна. Мөн мөрдөн байцаалтын ажиллагаанд Д.Чулуунчимэгт  хөндлөнгөөс хэн нэгэн албан тушаалтан дарамт шахалт, айлган сүрдүүлэх, хуурч мэхлэх зэрэг байдлаар хандаагүй нь тогтоогдож байгаа бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан эрхүүдийг эдлүүлж сэжигтэн, яллагдагчаар мэдүүлэг авсаныг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй юм.

 

Иймд “…гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр” зэрэг байдлыг нэмж шалгуулахаар хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах эсхүл хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн зүйлчлүүлэх тухай шүүгдэгчийн өмгөөлөгчийн саналыг хүлээн боломжгүй.

 

Д.Чулуунчимэг нь хохирогч Д.Батсүхийг “буудлын өрөөнөөс гарах цаг чинь болсон байна, өрөө суллаж өг” гэсэн шаардлага тавьсаны төлөө хэлсэн үг, хийсэн үйлдлийнх нь хэр хэмжээнээс хэтэрсэн хүч хэрэглэж, архины шилний хагархайг нүүр рүү нь шидэж хохирогчийн баруун хацрыг зүсэж эрүүл мэндэд нь хор хохирол учруулсан нь үл ялих зүйлээр шалтаглан, бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж зэвсгийн чанартай бусад зүйл хэрэглэн танхайрах гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг бүрэн агуулсан байна.

 

Ийм учир шүүгдэгч Д.Чулуунчимэгийг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж зэвсгийн чанартай бусад зүйл хэрэглэн танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар хорих ял оногдуулах  хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Д.Чулуунчимэг нь урьд танхайрах гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлд зааснаар ялгүй болсон байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэл болов.

 

Шүүхээс шүүгдэгч Д.Чулуунчимэгт ял оногдуулахдаа согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов. Харин түүний хувьд ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Хохирогч Д.Батсүх шүүх хуралдаанд “Д.Чулуунчимэгээс нэхэмжлэх зүйлгүй” гэсэн тул шүүгдэгч Д.Чулуунчимэгийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болно.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 1. Шүүгдэгч Баруунхуацай овогт Долсогмаагийн Чулуунчимэгийг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, зэвсгийн чанартай бусад зүйл хэрэглэн танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Чулуунчимэгийг 5 /тав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Д.Чулуунчимэгийн эдлэх ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Д.Чулуунчимэг  107 /нэг зуун долоо/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч Д.Чулуунчимэг бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Чулуунчимэгт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулан өгсөнөөс хойш 14 хоногт Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Чулуунчимэгт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Б.МӨНХ-ЭРДЭНЭ

 

                             ШҮҮГЧИД                                             С.ОЮУНЧИМЭГ

 

            Б.ДУЛАМСҮРЭН