Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Пунцагийн Золзаяа |
Хэргийн индекс | 182/2018/02355/и |
Дугаар | 001/ХТ2019/00675 |
Огноо | 2019-05-09 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2019 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 001/ХТ2019/00675
Б.Аы нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 182/ШШ2018/02125 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 59 дүгээр магадлалтай,
Б.Аы нэхэмжлэлтэй
“ЦЕГ”т холбогдох
Ажилгүй байсан хугацаа буюу 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, 2016 оны 2 дугаар сарын 09-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацааны докторын зэргийн нэмэгдэлд үндсэн цалингийн 15 хувийг сар бүр тооцон гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Зохигчдын гаргасан хяналтын гомдлоор
шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Оргил, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.
Нэхэмжлэгч Б.Ааас шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ЦЕГ”ын даргын 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Б/51, 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн Б/151тоот хууль бус тушаалаар тус газрын Тусгай ажиллагааны газрын даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн. Тушаал хууль бус болохыг Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2017/0736 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 221/МА2017/0869 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 76 дугаар тогтоолоор тус тус тогтоосон. “ЦЕГ”аас 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2017/0736 дугаар шийдвэр гарсан өдөр хүртэлх цалин олгосон боловч докторын нэмэгдэл тооцоогүй, ажилд буцаан аваагүй тул 2017 оны 10 сарын 11-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор,2016 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацааны хууль зүйн ухааны докторын нэмэгдэл шаардаж байна. Эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Наранбаатараас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Аатай холбоотой хэргийг захиргааны хэргийн журмаар хянан шийдвэрлэж байхад нэхэмжлэгчээс докторын зэргийн нэмэгдлийг гаргуулах талаар ямар нэгэн хүсэлт гаргаагүй. Захиргааны хэргийн шүүхээс хэрэг маргааныг хянан шийдвэрлэсэн шийдвэр, тогтоол, магадлал хүчин төгөлдөр байгаа. Хэрэг хэрэгсэхгүй болох ёстой гэжээ.
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 182/ШШ2018/02125 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасны дагуу хариуцагч “ЦЕГ”аас 19,499,112 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Аад олгож, 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, холбогдох дэвтэрт бичилт хийхийг хариуцагч “ЦЕГ”т даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасны дагуу нэхэмжлэгч Б.Аын “ЦЕГ”т холбогдуулан гаргасан 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийг хүртэлх хугацааны докторын зэргийн нэмэгдэл олгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 263,737 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “ЦЕГ”аас 255,446 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Аад олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасны дагуу шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан арга, журмын дагуу шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрч шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 59 дүгээр магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 182/ШШ2018/02125 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын даалгасугай гэснийг даалгаж нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2 491 265 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай, 2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1, 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Аын “ЦЕГ”т холбогдуулан гаргасан 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийг хүртэлх хугацааны докторын зэргийн нэмэгдэл 985 216 төгрөг олгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, Хариуцагч “ЦЕГ”ын давж заалдах журмаар гаргасан гомдол нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Б.Аа хяналтын гомдолдоо: Б.Аа би “ЦЕГ”ын Даргын 2017 оны 02 дугаар сарын 08 ны өдрийн Б/51, 2017 оны 03 дугаар сарын 24 ний өдрийн Б/151 дүгээр хууль бус гэмт үйлдлийн шинжтэй тушаалаар “ЦЕГ”ын Тусгай Ажиллагааны Газрын даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөн дээрхи хууль бус тушаалын хууль бус гэдгийг Нийслэлийн Захиргааны Хэргийн Анхан Шатны Шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 11 ний өдрийн 128/ШШ2017/0736 дугаар шийдвэр, Захиргааны Хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 221/МА2017/0869 дугаар магадлал, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 76 дугаар тогтоолоор тус тус тогтоон Б.Аыг “ЦЕГ”ын Тусгай Ажиллагааны Газрын даргаар эгүүлэн тогтоож ажилгүй байсан хугацааны бүх нэмэгдлүүдийг тооцон олго гэж үүрэг болгосны дагуу “ЦЕГ”аас 2018оны 08 дугаар сарын 13-ны өдөр олговор олгохдоо 2017.02.09 өдрөөс 2017.10.11-ний өдөр хүртлэх цалин олговор олгохдоо Захиргааны хэргийн гурван шатны шүүхээр тогтоосон Ph;D Докторын зэргийн нэмэгдэл олгоогүй. Иймд Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр 2018.10.25 өдөр хүртлэх цалин олговрын хамт Ph;D Докторын нэмэгдэл олгох шийдвэр гарсан байхад давж заалдах шатны шүүх үндэслэлгүйгээр 2017 оныг 2016 он гэж андуурч бичэн буруу дүн бичин цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговрыг хяналтын хэсэгтээ, 2 497 265 гэж тогтоох хэсэгтээ 24 910 265 төгрөгт гэж хоёр янзаар нэхэмжлэлээс хассан нь буруу гэж үзлээ. Захиргааны гурван шатны шүүхийн шийдвэр магадлал тогтоолд мөн бүх нэхэмжлэлд докторын зэргийн нэмэгдэл нэхэмжилж мөн шүүх олго гээд заагаад үүрэг болгоод байхад олгоогүй үүнийг нь хариуцагч нэхэмжлээгүй гэж, давах шатны шүүх хууль бусаар хүлээн зөвшөөрч буйг засаж өгнө үү? Захиргааны Хэргийн Анхан Шатны Шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2017/0736 дугаар шийдвэр гарсан өдрөөс хойшхи 264 ажлын өдрийн олговрыг бүх нэмэгдлийн хамт олгуулж эрүүл мэнд нийгмийн даатгалыг нөхөн төлүүлж өгнө үү?. 2017 оны 2 дугаар сарын 09-ий өдрөөс хойш 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүртлэх захиргааны шүүхээс үүрэг болгосон Ph;D Докторын зэргийн нэмэгдэл олгуулж өгнө үү.? Бусад холбогдох материалууд захиргааны хэргийн анхан шатны шүүхийн архивт байгаа болно. Нийслэлийн давж заалдах Иргэний хэргийн шүүх цалин олговрыг мөнгөн дүнгээр бичлээ гэж буруутгаж байгаа нь анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахад тэмдэгтийн хураамж төлдөгтэй холбоотой болно гэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч З.Дашдаваа хяналтын гомдолдоо: Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлд зааснаар хяналтын журмаар гомдол гаргаж байна. Анхан болон давж шатны шүүх нэхэмжлэгч Б.Аын нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу ажилгүй байсан хугацааны цалинг олгох үндэслэлтэй талаар дүгнэжээ. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт “Төрийн албан тушаалыг эрхэлж, бүрэн эрхээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээдийг төрийн албан хаагч гэнэ.” гэж, 28 дугаар зүйлийн 28.1-д зааснаар Төрийн албан хаагчид албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс олгох зохицуулалттай. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дүгээр зүйлд нэхэмжлэгчийн эрх үүргийг зааж өгсөн бөгөөд 20.1.1-д нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх буюу багасгах, нэхэмжлэлээсээ татгалзах, хариуцагчтай эвлэрэх эрхтэй болохыг нь зааж өгсөн бөгөөд Б.Аатай холбоотой хэргийг захиргааны хэргийн журмаар хянан шийдвэрлэж байхад нэхэмжлэгчээс докторын зэргийн нэмэгдлийг гаргуулах талаар ямар нэг хүсэлт гаргаж байгаагүй. Захиргааны хэргийн шүүхээс хэрэг маргааныг хянан шийдвэрлэсэн шийдвэр, тогтоол, магадлал хүчин төгөлдөр байгаа бөгөөд Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д “нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр, эсхүл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр буюу шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж байгаа бол нэхэмжлэлийг иргэний хэргийн шүүхэд хүлээн авахаас татгалзана.” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан болон давж заалдах шатны шүүх “нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан шаардлагын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, зохигчдын хооронд хөдөлмөрлөх эрхийн харилцаанаас үүссэн маргаанд холбогдох Хөдөлмөрийн тухай хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангасан нь хууль зүйн үндэслэл бүхий болжээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийн хэрэгсэхгүй болгосон хэсгийг шийдвэрт заагаагүй алдааг давж заалдах шатны шүүх залруулж, шийдвэрт өөрчлөлт оруулсан нь хуульд нийцсэн байна. Зохигчид хяналтын журмаар гомдол гаргасан ба хариуцагч гомдлоосоо татгалзсан тул гомдол гаргаагүйд тооцож, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Б.Аа нь хариуцагч “ЦЕГ”т холбогдуулж 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацааны олговор 20 418 553 төгрөг /хх-1/, 2016 оны 2 дугаар сарын 09-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацааны докторын зэргийн нэмэгдэл 2 463 040 төгрөг /хх-1/, үндсэн цалингийн 15 хувийг сар бүр тооцон гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн дэвтэрт холбогдох бичилт хийхийг даалгуулах нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй, маргасан байна.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 736 дугаар шийдвэрээр Б.Аыг “ЦЕГ”ын Тусгай ажиллагааны газрын даргын үүрэгт ажилд эгүүлэн тогтоож, 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс мөн оны 10 дугаар сарын 11 хүртэл хугацааны үндсэн цалин 821 016 төгрөг дээр онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, цолны, докторын зэргийн нэмэгдлүүдийг тооцон олгож, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэснийг, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 869 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 76 дугаар тогтоолоор хэвээр үлдээжээ.
2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс мөн оны 10 дугаар сарын 11 хүртэл хугацаанд докторын зэргийн нэмэгдлийг Б.Аад тооцож олгохыг шүүх шийдвэрлэсэн, дээрх шийдвэр хүчин төгөлдөр тул энэ хугацаанд хамаарах нэхэмжлэл бүхий хэргийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсгийг зөрчөөгүй байна. Нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийн дагуу 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс мөн оны 10 дугаар сарын 11 хүртэл хугацааны докторын зэргийн нэмэгдлийг хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу авах эрхтэй бөгөөд 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацааны докторын зэргийн нэмэгдлийг гаргуулахаар шүүх шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
Хариуцагч нь шүүхийн шийдвэрийг зохих ёсоор биелүүлээгүй, нэхэмжлэгч Б.Аыг ажилд эгүүлэн аваагүй болох нь тогтоогджээ.
Хоёр шатны шүүх тухайн маргаантай харилцаанд Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэг, дундаж цалин хөлсийг тодорхойлох, нэмэгдэл олгох эрх зүйн харилцааг нөхөн зохицуулсан эрх зүйн акт болох Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар баталсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”, Засгийн газрын 1995 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 96 дугаар тогтоолын 3-р хавсралтыг зөв тайлбарлан хэрэглэж, ажилгүй байсан хугацаа, ажилтны сарын дундаж цалин хөлс, доктор цолны нэмэгдэл, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын зохих хувийг төлж, дэвтэрт бичилт хийлгэх ажил олгогчийн үүрэг зэрэг эрх зүйн асуудлаар хууль зүйн зохих дүгнэлтийг хийсэн байна.
Ажилгүй байсан хугацаа нь ажил олгогчийн хууль бус тушаалын улмаас ажилтан албан үүргээ эрхэлж чадахгүй, цалин хөлсөөр хохирсон үеэс, эрхээ сэргээлгэн, ажилд эгүүлэн тогтоогдох хүртэл үргэлжилдэг тул нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилгүй байсан бүх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг шаардах эрхтэй.
Анхан шатны шүүх ажилтны үндсэн цалин, төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдэл, цагдаагийн албан хаагчийн онцгой нөхцөлийн нэмэгдэл, цагдаагийн албан тушаалтны ахлах цолны нэмэгдэл, эрдмийн зэрэг цолны нэмэгдлийг холбогдох зохицуулалтын дагуу тооцон гаргаж, хариуцагчаас гаргуулах үүргийн хэмжээг 19 499 112 төгрөгөөр тогтоосон нь үндэслэлтэй болжээ.
Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, хэрэглэвэл зохих хэм хэмжээг хэрэглэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрт хэрэгсэхгүй болгосон нэхэмжлэлийг зааж, өөрчлөлт оруулсан нь үндэслэлтэй тул магадлалыг хэвээр үлдээв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 59 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.3.-т зааснаар хариуцагч “ЦЕГ” хяналтын журмаар гаргасан гомдлоосоо татгалзсан тул гомдол гаргаагүйд тооцсугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.5-д зааснаар зохигчид хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурьдсугай
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА