Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 0006

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Сонинболор даргалж, шүүгч Г.Янжиндулам, шүүгч С.Оюунгэрэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: У ХХК-нийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Говь-Алтай аймгийн Шарга сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Шарга сумын Засаг дарга, Шарга сумын 1 дүгээр багийн Иргэдийн нийтийн хуралд  холбогдуулан гаргасан,

Нэхэмжлэлийн шаардлага: “Говь-Алтай аймгийн Шарга сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 02 дугаар тогтоолын 1, 2 дахь заалт, Шарга сумын Засаг даргын 2018 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн А/53 дугаар захирамжийн 1 дэх заалтын “У ” ХХК-нд холбогдох “Засаг даргын 2003 оны А/01 дүгээр захирамж” гэсэн хэсэг, Шарга сумын 1 дүгээр багийн Иргэдийн нийтийн хурлын 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 08 дугаар тогтоолын 1 дэх заалтыг илт хууль бус болохыг тогтоолгох, Шарга сумын ИТХ-ын 2003 оны 12 сарын 29-ний өдрийн 5 дугаар тогтоолын хавсралтын дагуу У  ХХК-д 450 га хадлангийн талбайг эзэмшүүлэхийг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “У ” ХХК-нийн захирал Р.Дагвадорж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д , хариуцагч Шарга сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Б.М , Шарга сумын Засаг дарга М.Т , Шарга сумын 1 дүгээр багийн иргэдийн нийтийн Хурлын дарга Э.Б , иргэдийн төлөөлөгч Х.Энхсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Ням-Адъяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгч У  ХХК-нийн захирал Р.Дагвадорж шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлийн шаардлагын агуулга нь Говь-Алтай аймгийн Шарга сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 02 дугаар тогтоолыг 1, 2 дахь заалт нь У  ХХК-ийн эрх ашгийг дараах байдлаар хөндөж байна гэж үзэж байна. У  ХХК нь Говь-Алтай аймгийн Шарга суманд 800 га хадлангийн талбайг 17 жил эзэмшиж байгаа. Тухайн маргаан бүхий газрын кадастрын зургийг хийлгэж шүүхэд 2 хуудас баримт гаргаж өгсөн байгаа. Кадастрын зургийг гаргаж өгсөн боловч тухайн газар нь шүүх дээр маргаантай байгаа учир Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас батлах боломж байхгүй гэдэг тайлбарыг хэлдэг.

У  ХХК нь 2011, 2012, 2013 онд Тохойн нуураас урагш талбайд хадлан бэлтгэж байсан үйл баримт байдаг. Харин сүүлийн жилүүдэд буюу 2017, 2018, 2019 онуудад усны голдирлыг өөрчилж хадлангийн талбайн баруун талд байдаг бэлчээрийн талбай руу сумын Иргэдийн хурлын шийдвэрээр усжуулалт хийснээс болж хадлангийн талбайн гарц багасах, цөлжилт үүсэж эхэлсэн. Сумын  Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдөр 02 дугаар тогтоолыг гаргасан. Уг тогтоолын 1 дэх заалтад юу гэж дурдсан гэхээр хадлангийн зориулалттай эзэмшиж байгаа нийт 1800 га талбайн 900 га талбайг хадлангийн зориулалтаар, баруун зүүн салаа Тохойн нуураас урагш Шар харганы өвөлжөө 900 га талбайг бэлчээрийн зориулалтаар ашиглахаар шийдвэрлэсэн байдаг. Тохойн нуураас урагш талбай нь У  ХХК-ийн эзэмшдэг газартай давхцал үүссэн. Иймд тухайн тогтоолын 1 дэх заалтад У  ХХК-ийн эрх ашиг хөндөгдөж байна.

2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 02 дугаар тогтоолын 2 дахь 900 га талбайг эзэмшүүлэхээр заасан байдаг. Гэтэл ашиглуулахаар шийдвэрлэсэн нь эзэмших эрхийн гэрчилгээтэйгээр үйл ажиллагаа явуулж ирсэн У  ХХК-ийн эзэмших эрхэд халдаж байгаа гэж үзэн тухайн тогтоолыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар илт хууль бус гэж үзэн хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн 2 дугаар шаардлагын хүрээнд багийн Говь-Алтай аймгийн Шарга сумын Баянгол багийн Иргэдийн нийтийн хурлын 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 8 дугаар тогтоолоор хадлангийн талбайг ашиглуулахаар шийдвэрлүүлсэн 1 дэх заалт нь эзэмших эрхийн гэрчилгээтэй У  ХХК-ийн эрх ашгийг зөрчиж байгаа гэж үзэн Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар илт хууль бус гэж үзэн хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Говь-Алтай аймгийн Шарга сумын Засаг даргын 2018 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн А/53 дугаар захирамжийн 1 дэх заалтад 2003 оны А/01 дугаар захирамжийг хүчингүй болгосон гэж Шарга суманд хадлан бэлтгэх ажил хийж байсан Гантулга гэх залууд энэ мэдэгдлийг хүргүүлсэн байсан. 2018 онд хөдөө аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэлийг хангах зарим арга хэмжээг хэрэгжүүлэх тухай Засгийн газрын 2018 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 218 дугаар тогтоолоор аймаг нийслэл сум дүүргийн өвсний нөөц, нийт аймгийн хэмжээгээр 740 тонн нөөц бэлтгэхээр шийдвэрлэсэн нөхцөл байдалтай байсан. Гэтэл хадлангийн талбай дээр эзэмшил ашиглалттай холбоотойгоор маргаан үүсгэж, тухайн маргаан бүхий шийдвэрийг хадлан бэлтгэх цаг үед давхцуулан гаргасан. Тухайн шийдвэрийг гаргахдаа ямар нэгэн зорилгодоо нийцсэн, бодит байдалд тохирсон, шийдвэр үндэслэл бүхий байх, үр ашигтай байх зарчмыг хангаагүй гаргасан. 8 сар буюу хадлан хийх үеэр энэ шийдвэрийг гаргаад У  ХХК-ийг хадлан хийлгүүлэхгүй байх арга хэмжээ авч талбай руу хүмүүс оруулж улсын онцгой нөөцөд бэлдэж байсан өвсийг бэлдэх боломжгүй нөхцөл байдал үүсгэсэн. Энэ үүднээс У ХХК-ийн эрх ашиг хөндөгдөж байна гэж үзэн сумын Засаг даргын гаргасан эрх зүйн актыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан.

Шарга сумын Засаг даргын 2018 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн А/53 дугаар захирамжийг гаргахдаа Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4, 53 дугаар зүйлийн 53.2, 61 дүгээр зүйлийн 61.1, сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2018 оны 02 дугаар тогтоолыг үндэслэж гаргасан. Тухайн үед сумын Засаг даргын зүгээс У  ХХК-ийг хадлан хийлгүүлэхгүй байх нөхцөл байдал үүсэж байсан учир У  ХХК-ийн эрх ашиг зөрчигдсөн. Тухайн захирамжийг гаргах хууль зүйн үндэслэлийг дурдсан байгаа боловч уг захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.6, 47.1.7-д заасныг зөрчиж илт хууль бус захиргааны акт гаргасныг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Говь-Алтай аймгийн Шарга сумын Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн 2 дахь шаардлага нь 2001 оноос У ХХК нь хадлангийн талбайг өөрийн хүч хөрөнгөөр засан сайжруулж, усалгаатай болгож, зэгс хулс ургасан байхад өөрийн ажиллах хүч болон тоног төхөөрөмжөөр стандартад нийцсэн өвс тэжээлийг бэлтгэх зэргээр тухайн хадлангийн талбайд хөрөнгө оруулалт хийсэн. У  ХХК-нд газар эзэмших эрх олгосон сумын Засаг даргын 2003 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 01 дугаартай захирамж гараагүй, байхгүй гэх байдлаар хариуцагч тайлбарлах боловч захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс 2003 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 5 дугаартай тогтоол нь хуулийн дагуу хүчин төгөлдөр байна гэж үзсэн. Тиймээс У  ХХК-иас тухайн үеийн ажилтны алдаа, хууль эрх зүйн мэдлэг, архивлах байдал дутмаг энэ үйл баримтаас болж У  ХХК-ийн газар эзэмших гэрчилгээ олгосон 2003 оны 01 дугаар захирамж байхгүй гэж үзэж байгаа, иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол нь байхгүй гэж үзэж байгаа бол эсрэгээрээ 2003 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 5 дугаартай тогтоол нь хүчин төгөлдөр байгаа учраас Газрын тухай хуулийн зохих заалтын дагуу 450 га газрыг У ХХК-нд эзэмшүүлсэн захирамж гаргахыг Говь-Алтай аймгийн Шарга сумын Засаг даргад даалгах 4 төрлийн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдөр хуралдаанаа хийхдээ тариалан эрхэлдэг аж ахуй нэгжид урилга хүргүүлэн ажилладаг, У  ХХК-ийн бие төлөөлөгч ирээгүй гэж тайлбартаа болон шүүх хуралдаан хэлсэн. Хэрэгт цугларсан нотлох баримт, мэтгэлцээний үндсэн дээр хэрэг маргааныг шийдвэрлэдэг. Хэргийн материалд У ХХК-нд урилга хүргүүлж, мэдэгдэж ажилласан гэх нотлох баримтыг Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас гаргаж өгсөн нотлох баримт ганц ч байхгүй. Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал шийдвэр гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах гэж заасныг зөрчсөн. Мөн мэдэгдэхгүйгээр 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдөр багийн Иргэдийн нийтийн хурал хуралдаж Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг явуулаагүй. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.3, 27.4, 27.5-д заасан ажиллагааг явуулахгүйгээр хурал хийсэн нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай нотлогдож байна

Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол дараах байдлаар хууль зөрчсөн гэж үзэж байна. Шарга сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 02 дугаар тогтоол гаргахдаа Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 1-д заасныг баримталсан байдаг.

Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 1-д хурлын бүрэн эрхийн талаарх бүрэн эрхийн зохицуулсан. Эрх бүхий этгээд эдгээр зүйлд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ тухайн шийдвэрлэж байгаа асуудлаар илүү нарийвчлан зохицуулсан бусад хуулийн заалтыг хэрэглэх ёстой.

Тухайн актыг ингэж гаргасан байдал нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д бичгээр гаргасан захиргааны акт шаардлага хангасан байна, мөн хуулийн 40.2.3-д зааснаар захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах ёстой. Гэтэл энэ талаар тусгаагүй, хуулийн 40.2.5-д захиргааны актыг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд гомдол гаргах этгээд болон гомдол гаргах хугацааг заах ёстой, энэ талаар тусгаагүй. Мөн хуулийн 40.4-д Захиргааны актад тухайн захиргааны акт гаргах шаардлага бүхий бодит нөхцөл байдлыг тодорхой заана гэсэн байгаа. Гэтэл ямар үндэслэлээр хадлангийн талбайг бэлчээрийн талбай болгоод байгаа хуулийн үндэслэлээ тодорхой заагаагүй.

 Хавтаст хэргийн материалд Говь-Алтай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал 2014 оны 20 дугаар тогтоолоор Шарга сумын хадлангийн талбайг аймгийн тусгай хэрэгцээнд авсан байдаг. Энэ тогтоол нь хүчин төгөлдөр байгаа. Гэтэл Шарга сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал тус тогтоолыг зөрчиж хуульд заасан бүрэн эрхээ эдлэхдээ өөрт заасан хадлангийн талбайг бэлчээрийн зориулалтаар болгож, ашиглахаар шийдвэр гаргасан нь хууль бус ба Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасан аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын бүрэн эрхэд халдсан байна.

Маргаан бүхий акт болох сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолын 2 дахь заалтад хадлангийн талбайг ашиглуулахаар шийдвэрлэсэн байдаг. Ингэж шийдвэрлэсэн нь эзэмших эрхийн гэрчилгээтэй У  ХХК болон бусад аж ахуй нэгжийн эрхийг зөрчсөн. 1800 га талбайн зориулалтыг өөрчлөөд ашиглуулахаар шийдвэрлэсэн нь хууль тогтоомжоор олгогдоогүй эрхийг эдэлсэн гэж үзэж байна. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-д тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан гэж заасан. Хадлангийн талбайг бэлчээр болгох эрх зүйн зохицуулалт, эрх хэмжээ хавтаст хэргийн материалд цугларсан нотлох баримтын хүрээнд сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд байхгүй. Мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэж заажээ. Энэ нь Газрын хуульд зааснаар эзэмших эрхийн гэрчилгээтэй иргэн, аж ахуй нэгжийн газар эзэмших эрхэд халдах эрх Иргэдийн төлөөлөгчдийн хуралд олгогдоогүй.

Нэхэмжлэлийн 2 дахь шаардлагын хүрээнд буюу багийн Иргэдийн нийтийн хурлын тогтоолын 1 дэх хэсэгт ашиглуулахаар шийдвэрлэсэн. Энэ нь эзэмших эрхийн гэрчилгээтэй, 17 жил үйл ажиллагаа явуулж байгаа У  ХХК-ийн хууль ёсны эрх ашгийг зөрчиж байна. Шарга сумын 1 дүгээр багийн Иргэдийн нийтийн хурлын 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 08 дугаар тогтоолын 1 дэх заалтыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын хувьд мөн адил бидэнд багийн иргэдийн нийтийн хурал болох талаар мэдэгдээгүй, Захиргааны ерөнхий хуульд заасан ажиллагаа хийсэн зүйл байхгүй ба энэхүү нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд маргаан бүхий захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэж үзэж байна.

Говь-Алтай аймгийн Шарга сумын Засаг даргад холбогдуулж 2018 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн А/53 дугаар захирамжийн 1 дэх заалтыг илт хууль бусад тооцуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Сумын Засаг дарга 2018 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн А/53 дугаар захирамж гаргахдаа мэдэгдэл өгсөн гэх 2018 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн албан тоот хавтаст хэргийн материалд байгаа. Гэхдээ энэ нь уг мэдэгдлийг хүлээлгэж өгсөн зүйл бол биш. Уг мэдэгдлийг 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдөр замын  хүнээр дайж явуулсан. Өөрөөр хэлбэл У  ХХК-нийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн шийдвэр гаргах гэж байгаа юм бол Захиргааны ерөнхий хуульд зааснаар мэдэгдэл хүргүүлэх, сонсох ажиллагаа явуулах ёстой. Гэтэл энэ ажиллагаа огт хийгдээгүй.

Сумын Засаг даргын захирамжийн “үндэслэх” хэсэгт Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4, 53 дугаар зүйлийн 53.2, 61 дүгээр зүйлийн 61.1, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол зэргийг үндэслэн газар эзэмших эрхийн гэрчилгээтэй аж ахуй нэгж, иргэдийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон. Мөн Засаг дарга тайлбарлахдаа би эрхийнхээ хүрээнд хууль бус, хууль тогтоомжид нийцээгүй шийдвэрийг өөрөө захирамжаа хүчингүй болгосон гэдэг. Хууль тогтоомжид нийцээгүй үндэслэлээ юу гэж тайлбарладаг вэ гэхээр Газрын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.2-д зааснаар хадлангийн газрыг зөвхөн ашиглуулж болно. Тийм учраас хууль тогтоомжид нийцээгүй учир өөрөө хүчингүй болгосон гэж тайлбарладаг. Шарга сумын Засаг даргын 2018 оны А/53 дугаар захирамж гаргасны дараа У ХХК нь тухайн хадлангийн талбайд хадлан хийлгэхгүй гэдэг маргаан үүссэн тул захиргааны хэргийн шүүхэд хууль ёсны эрх ашиг, сонирхол хөндөгдөж байна гэж хандсан.

 Шарга сумын Засаг даргын 2018 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн А/53 дугаар захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.7-д заасныг зөрчсөн. 2003 онд У  ХХК-нд хадлангийн талбай олгосон захирамж байхгүй гэж үзсэн бол өнөөдөр юуг үндэслээд 2018 оны А/53 дугаар захирамжийг гаргаад байгаа нь ойлгомжгүй. Захиргааны байгууллага нь буруутай үйл ажиллагаа, өөрт байгаа баримт бичгийг устгах бүрэн боломжтой. Шарга сумын Засаг дарга 12 жилийн турш Засаг даргаар ажиллаж байгаа учир уг захирамжийг устгах бүрэн боломжтой юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагч Б.Мандах шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Шарга сумын Баянгол багийн Баруунгол гэх газарт Баянгол багийн малчдын үхэр, адуу, тэмээ голлосон нийт малын 70 хувь нь байдаг. 2018 онд маш хүнд зуд болоод мал их хорогдсон. Мал хорогдсоноос болоод малчид санал гомдлоо баг, сумын Иргэдийн хуралд тавьсан. Баянгол багийн Иргэдийн нийтийн хурал 2018 оны 3 дугаар сард болсон. Шарга суманд 1800 га хадлангийн талбай байдаг гэсэн социализмын үеийн тоо явдаг. Гэхдээ бодит амьдрал дээр 200 га хүрэхгүй талбайд хадлангийн гурван салаа, Шарга сумын багууд, Улаан загалмай хороо хадлан хадаж ирсэн. Зуд болсноор малчид бухимдаж, хадлангийн талбайн бүх өвсийг хадлангийн салаа хадаад ашиг авч байна. Үлдсэн малчид бид нарын мал хаана нутаглуулах юм бэ, ашиг хүртдэг аж ахуй нэгж нь хадлангийн талбайд анхаарахгүй байна гэх гомдлоо сумын Засаг даргад гаргаж, сумын Засаг даргаас сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд уг асуудлыг хэлэлцүүлэхээр санал өргөн бариад сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас хадлангийн 1800 га талбайгаас 900 га талбайг хадлангийн үйл ажиллагаа явуулахаар нэршлээр нь зааж өгсөн. Өөрөөр хэлбэл тус сумын Баянгол багийн Иргэдийн нийтийн хурлын 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 01 дүгээр тогтоолыг үндэслэн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн хуралдаанаар 02 дугаар тогтоолыг гарсан. Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга бол сумын иргэдийн итгэл найдвар болсон хүн. Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийг баримтлан тогтоол гаргадаг. Олонхын шийдвэрийг хурлын дарга гарын үсэг зурж тамга дардаг. Энэ бол дан ганц миний шийдвэр биш хамтын шийдвэр

Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь уг хуралдаанаа хийхдээ хадлангийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүд, багийн засаг дарга нар, газар тариалан эрхэлдэг тариаланч, ногоочид, малчдын төлөөллийг хуралдаан оролцох урилга хүргүүлэн ажилласан. Гэвч уг хуралдаанд “У ” ХХК-аас бие төлөөлөгч нь оролцоогүй болно. У  ХХК” нь нэхэмжлэлд дурдахдаа хадлангийн зориулалттай талбайг устаж байхад нь өөрийн хөрөнгөөр засаж сайжруулсан гэсэн байна. У  ХХК-аас бусад аж ахуй нэгж, багууд, аймгийн улаан загалмайн хороо нь сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 02 дугаар тогтоол, сумын Засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн А/53 дугаар захирамж бодлого, шийдвэрийг дагаж ажиллана гэдгээ мэдэгдсэн байгаа. Сүүлийн 10-аад жилийн хугацаанд байгалийн хүчин зүйл, усны хомсдол, хадлангийн салааны үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн хариуцлагагүйгээс болж өнөөдрийн байдлаар 1200 га талбай нь цөлжиж, хадлан авах боломжгүй, ашигтай талбай нь 600 га болсныг сумын засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн А/04 дүгээр захирамжаар томилогдсон ажлын хэсэг тогтоосон. Мөн “У ” ХХК-нийн 800 га талбайг бусдад ашиглуулахаар шийдвэр тогтоол гаргасан гэж гүтгэж байгаа нь нутгийн өөрөө удирдах байгууллага Иргэдийн төлөөлөгчдийн хурал, гүйцэтгэх засаглалын байгууллага Засаг даргын Тамгын газрын нэр хүндэд халдаж байна.

Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2003 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 05 дугаар тогтоолоор 450 га газрыг У  ХХК-д эзэмшүүлэхээр баталсан байдаг. Гэтэл У ХХК-ний 2003 оны 05 сарын 05-ний өдрийн 01 дүгээр захирамжаар 800 га талбайг олгож газар эзэмших эрхийн гэрчилгээг бичсэн байдаг. Энэ нь сумын хурлаас тогтоосон газрын хэмжээг дур мэдэн өөрчилж, 800 га талбайг хууль бусаар авсан байгааг нотолж байна. Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь бүрэн эрхийн хэмжээнд тухай оны газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг баталдаг боловч газрыг иргэн, аж ахуйн нэгжид ашиглуулах, эзэмшүүлэх талаар тогтоол шийдвэр гаргадаггүй. Газрын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.2-д заасны дагуу газар ашиглуулах эрх нь сумын засаг даргад байдаг. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч М.Т  шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Засаг дарга хуульд заасан тодорхой эрхүүдийн хүрээнд 2018 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн А/53 дугаар захирамж гаргасан. Хуулиас давсан захирамж шийдвэр гаргаагүй. Шарга сумын Засаг даргын 2003 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 01 дугаартай захирамж хуульд нийцээгүй гэдгийг нотолсон нөхцөл байдлыг тогтоосон байх шаардлагатай гэсэн байгаа. Энэ тухайд хариу тайлбар өгье. Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.2-д Засаг даргын шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлаар гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгоно гэж заасан байдаг учраас мөн гэрчилгээ олгохдоо Засаг даргын шийдвэрийг үндэслэдэг. У  ХХК-нд газар эзэмших эрх олгосон гэж өөрсдийнх нь үзээд байгаа Шарга сумын Засаг даргын 2003 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 01 дүгээр захирамж гарснаас хойш буюу сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2003 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 05 дугаар тогтоолын 3 дахь хэсэгт сумын хадлангийн 1800 га талбайгаас 1100 га талбайг хүсэлтийн дагуу эзэмшүүлсүгэй гээд 3 дугаар хавсралтаараа Р.Дагвадоржийн хүссэн талбай 800 га, зөвшөөрсөн талбай 450 га гэснээс харахад Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3-д сумын Засаг дарга сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу сумын хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах гэж заасныг зөрчсөн. Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал 2003 оны 12 дугаар сарын 29-ний өдөр шийдвэр гаргаж, шийдвэрээс 7 сар 24 хоногийн өмнө захирамж гарсан мэтээр гэрчилгээ бичигдсэн нь уг захирамж, уг газар эзэмших эрхийн гэрчилгээ илт хууль бус болох нь холбогдох нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл У  ХХК-нд газар эзэмшүүлсэн гэх Засаг даргын 2003 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 01 дугаар захирамж, 2003 оны 8 дугаар сарын 01-ний өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдож, 2003 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр газар эзэмших гэрээ байгуулагдаж, 2003 оны 12 дугаар сарын 29-ний өдөр сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар газар эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэсэн байдлаас харахад Газрын тухай хуулийг эсрэгээр нь хэрэглэсэн нь харагдаж байна. Говь-Алтай аймгийн архивд 2003 оны 5 дугаар сарын 01-ний өдөр 24 дугаар комисс байгуулах тухай, 2003 оны 5 дугаар сарын 06-ны өдөр 25 дугаар “2003 оны тариалалт явуулах талбайг өмчлүүлэх, эзэмшүүлэх тухай” захирамжууд байна. 2003 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2003 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн хооронд сумын Засаг даргын 24, 25 дугаар захирамжуудын хооронд 01 тоот захирамж байх үндэслэлгүй нь юм.

Тухайн үед сумын Засаг даргаар ажиллаж байсан Г.Гүнжидмаа нь У  ХХК-ийн захирал Р.Дагвадоржийн эхнэрийн төрсөн эгчийнх нь охин бөгөөд газрын даамлаар ажиллаж байсан Х.Төрбат нь Р.Дагвадоржийн эхнэрийн төрсөн дүүгийн нөхөр тул эдгээр хүмүүс устгах боломжгүй харин ч ашиг сонирхлоороо нэгдэн хууль зөрчин хуулийг эсрэгээр нь хэрэглэн дур зоргоороо гэрчилгээ бичиж өгсөн нь илт хууль бус болохыг нотолж байна. Улсын бүртгэл нь үнэн байх зарчмын дагуу захирамж дээр үндэслэн гэрчилгээ олгогдох тул У  ХХК-ийн газар эзэмших эрхийг энэхүү үндэслэлээр хүчингүй болгох үндэслэлгүй.

Газрын тухай хуулийг ноцтой зөрчин гэрчилгээ олгосон Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д заасны дагуу утга агуулгын илэрхий алдаатай байгаа юм. Газрын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.2-д  Сум, дүүргийн Засаг дарга хадлан авах бололцоотой талбайг жил бүр иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад ашиглуулахаар баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын саналыг үндэслэн хуваарилж, түүний хэрэгжилтийг зохион байгуулна гэж заасан байдаг тул хуульд заасан эрх хэмжээний хүрээнд Засаг дарга захирамжуудаа хүчингүй болгосон. Мөн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 02 дугаар тогтоолоор шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах албан үүрэг сумын Засаг даргад оногдсон. Үүний дагуу хэрэгжилтийг зохион байгуулсан.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч Э.Б шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Манай багийн Иргэдийн нийтийн хурал 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хуралдаж хадлангийн талбайн өвсийг их хадсанаас болж малчид их бухимдсан. 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдөр дахин хуралдаж хадлангийн талбайн зохих хэсгийг 3 аж ахуй нэгж болон иргэдэд хувааж өгөхөөр олонхын санал гарч хурлын тогтоолоо Засаг даргад өргөн барьсан. Өөр хэлэх тайлбар байхгүй гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч У ХХК нь Говь-Алтай аймгийн Шарга сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  2018 оны 05  сарын 02-ны өдрийн 02 дугаар “Бэлчээр, газар тариалан, хадлангийн чиглэлээр авах арга хэмжээний тухай” тогтоолыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг 2018 оны 08 сарын 08-ны өдөр шүүхэд гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад

2018 оны 08 сарын 13-ны өдөр Шарга сумын Засаг даргын 2018 оны 08  сарын 09-ны өдрийн А/53 дугаар “Захирамж хүчингүй болгох тухай” захирамжийн нэг дэх заалтыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж,

2018 оны 08 сарын 22-ны өдөр Шарга сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  2018 оны 02 дугаар тогтоолын нэг, хоёр дахь заалтыг хүчингүй болгуулах, Шарга сумын Засаг даргын А/53 дугаар захирамжийн нэг дэх заалтын У  ХХК-д холбогдох 2003 оны 01 дүгээр захирамжийг хүчингүй болгосон хэсгийг хүчингүй болгуулах гэж тодруулан өөрчилж,

2018 оны 08 сарын 28-ны өдөр Шарга сумын 1-р багийн Иргэдийн Нийтийн Хурлын  2018 оны 08 сарын 14-ны өдрийн 08 дугаар тогтоолын нэг дэх заалтыг хүчингүй болгуулах гэж нэмэгдүүлж,

2019 оны 07 сарын 09-ний өдөр Шарга сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  2018 оны 02 дугаар тогтоолын нэг, хоёр дахь заалтыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.1.6-д зааснаар илт хууль бус болохыг, Шарга сумын Засаг даргын А/53 дугаар захирамжийн “Засаг даргын 2003 оны А/01 дүгээр захирамж” гэсэн хэсгийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.6-д зааснаар илт хууль бус болохыг, Шарга сумын 1-р багийн Иргэдийн Нийтийн Хурлын  2018 оны  08 дугаар тогтоолын нэг дэх заалтыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар илт хууль бус болохыг тогтоолгох, Шарга сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2003 оны 05 дугаар тогтоолын дагуу У  ХХК-д 450 га хадлангийн талбай эзэмшүүлэхийг Шарга сумын Засаг даргад даалгах гэж тус тус өөрчлөн нэмэгдүүлжээ.

Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн дөрөв дэх шаардлага буюу У  ХХК-д 450 га хадлангийн талбай эзэмшүүлэхийг зөвшөөрөх тохиолдолд эвлэрэн хэлэлцэх санал гаргасныг хариуцагч Шарга сумын Засаг даргын зөвшөөрөөгүй тул нэхэмжлэлийн дээрх дөрвөн шаардлагын хүрээнд хэргийг хянан хэлэлцэж, шүүх бүрэлдэхүүнээс дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэг. Говь-Алтай аймгийн Шарга сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  2018 оны 05 сарын 02-ны өдрийн 02 дугаар “Бэлчээр, газар тариалан, хадлангийн чиглэлээр авах арга хэмжээний тухай” тогтоолын нэг, хоёр дахь заалтыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.1.6-д зааснаар илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгчээс маргаан бүхий актын нэг дэх заалтаар бэлчээрийн зориулалтаар ашиглуулахаар тогтоосон газарт түүний эзэмшлийн газар давхцаж байгаа, хоёр дахь заалтаар хадлангийн газрыг ашиглуулахаар тогтоосон газар эзэмшигчийн эрхийг зөрчсөн гэж маргаж, сумын Хурал нь тогтоол гаргахдаа тухайн асуудлыг нарийвчлан зохицуулсан хуулийг хэрэглээгүй, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх заалтыг баримталсан нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-д заасан тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан гэж үзэх үндэслэлтэй, мөн эзэмшил газрын зориулалтыг өөрчлөн бусдад ашиглуулахаар шийдвэрлэсэн нь мөн хуулийн 47.1.6-д иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэдэгт хамаарах илт хууль бус шинжийг агуулж байна гэж тайлбарлажээ.   

Говь-Алтай аймгийн Шарга сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  2018 оны 05  сарын 02-ны өдрийн 02 дугаар тогтоолын нэг дэх заалтаар сумын хадлангийн талбайн зориулалтаар эзэмшүүлж, ашиглуулж байгаа 1800 га талбайн 900 га -г хадлан, 900 га –г бэлчээрийн зориулалтаар ашиглуулахаар тогтоож, хоёр дахь заалтаар хадлангийн талбайг ашиглах асуудлыг Баянгол багийн Иргэдийн нийтийн хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлэж, хадлангийн газар ашиглуулах гэрээ байгуулж ажиллах, гэрээг дүгнэж тайлагнаж байхыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгожээ.

Тогтоолын нэг заалтаар байршлын хувьд Баруун, Зүүн салаа, Шар харганы өвөлжөө, Тохой нуураас урагш 900га газрыг бэлчээрийн зориулалтаар үлдэх 900 га газрыг хадлангийн зориулалтаар ашиглахаар тогтоожээ. Шүүхээс маргаан бүхий газарт хийсэн үзлэгээр[1]сумын бэлчээр, хадлангийн нийт талбай болон нэхэмжлэгчийн эзэмшлийн гэх талбайд хэмжилт хийж тодорхойлох боломжгүй, бэлчээрээс хадлангийн талбайг ялгаж тогтоосон хил зааг байхгүй байсан учраас мал бэлчээрээс хадлангийн талбай орох мөн хадлан ашиглагч нар өвс сайн ургасан дурын газраас хадлан хадах боломжтой байдалтай байна.

Хариуцагчаас сумын бэлчээр, хадлангийн зориулалтаар ашиглаж ирсэн газар байршлын хувьд өөрчлөлт ороогүй, 1800га талбайг хэмжиж тодорхойлж үзээгүй гэж тайлбарласан, нэхэмжлэгчид газар эзэмшүүлэхдээ захиргааны байгууллагаас тухайн газрын хил зааг, хэмжээг тэмдэгжүүлж хүлээлгэж өгөөгүйгээс эзэмшлийн газрын байршил, тодорхойгүй, эзэмшлийн газрын хувийн хэрэгт газрын тойм зураг болон кадастрын зураг байхгүй, тухайн үед сумын газрын даамлаар ажиллаж байсан гэрчийн мэдүүлснээр[2] уламжлалт байдлаар хадлан бэлтгэж байсан талбай орчмын газрыг эзэмшүүлсэн гэж тайлбарласан тул нэхэмжлэгчийг төлөөлж үзлэгт оролцсон төлөөлөгчийн зааснаар У  ХХК-нийн хадлангийн талбайд хэмжилт хийхэд 80.3га байлаа.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-д зааснаар сум нь хуулиар тусгайлан олгосон чиг үүрэг, өөрийн удирдлага бүхий засаг захиргаа, нутаг дэвсгэр, эдийн засаг, нийгмийн цогцолбор бөгөөд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нь засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага байна. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь өөрийн нутаг дэвсгэр дээрх аливаа асуудлыг бие даан шийдвэрлэх эрхтэй тул нийтийн ашиг сонирхолд хамаарах сумын эдийн засаг, нийгмийн чухал ач холбогдол бүхий бэлчээр, хадлангийн газрын ашиглалт хамгаалалтын талаар тогтоол гаргах эрхтэй.  

Иймд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “Сум, дүүргийн Хурал нь Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газар, яам, агентлаг, дээд шатны Хуралд болон төрийн эрх бүхий бусад байгууллага, албан тушаалтанд хуулиар харьяалуулснаас бусад тухайн нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн болон зохион байгуулалтын ямар ч асуудлыг хэлэлцэж бие даан шийдвэрлэх эрхтэй бөгөөд дараахь асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж хэрэгжүүлнэ гэж заасныг үндэслэн Шарга сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас бэлчээр, хадлангийн газрын байршлыг тогтоосныг өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлыг шийдвэрлэсэн гэж үзэхгүй.

Мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.3.Сум, дүүргийн Хурал нь хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрхийг хэрэгжүүлнэ гэж заасан ба  хариуцагчаас асуудлыг нарийвчлан зохицуулсан хууль буюу Газрын тухай хуулийн холбогдох хуулийн заалтыг хэрэглээгүй нь буруу ч энэ үндэслэлээр тогтоолын холбогдох заалтыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-д заасан тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан гэж үзэж илт хууль бусад тооцох үндэслэлгүй юм.

  Газрын тухай хуулийн 52, 53 дугаар зүйлд заасан зохицуулалтаас үзвэл бэлчээрийг нийтээр ашиглах, хадлангийн талбайг тухайн багийн Иргэдийн нийтийн Хурлын саналыг үндэслэн сумын Засаг даргын шийдвэрээр ашиглуулах хуульд тусгайлан заасан шаардлагыг хангасан тохиолдолд эзэмшүүлэхээр байна.

Тогтоолын хоёр дахь заалтаар Газрын тухай хуулийн зохицуулалтын хүрээнд хадлангийн газрын ашиглуулах асуудлыг шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг шууд хөндсөн шинжгүй байна. Тодруулбал, сумын Хурлын тогтоолоор сумын бэлчээр, хадлангийн талбайн байршлыг тодорхойлж, хадланг ашиглуулах асуудлыг хуульд зааснаар хэрэгжүүлж ажиллах талаар  эрх бүхий албан тушаалтнуудад үүрэг чиглэлд өгсөн нь өөрийн бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэх асуудалд хамаарч байна гэж үзлээ.

Иймд маргаан бүхий актын хоёр дахь заалтыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэж заасанд хамаарахгүй, энэ үндэслэлээр ил хууль бусад тооцох үндэслэлгүй байна.

 

 Хоёр. Говь-Алтай аймгийн Шарга сумын Засаг даргын 2018 оны 08 сарын 09-ний өдрийн А/53 дугаар “Захирамж хүчингүй болгох тухай” захирамжийн нэг дэх заалтын У  ХХК-д холбогдох “Засаг даргын 2003 оны А/01 дүгээр захирамж” гэсэн хэсгийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.6-д зааснаар илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч “У ” ХХК нь Шарга сумын Засаг даргын 2003 оны 05 сарын 05-ны өдрийн 01 дүгээр захирамжийг үндэслэн 2003 оны 08 сарын 01-ний өдрийн 0007061 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээгээр хадлангийн зориулалтаар 800 га газар эзэмшдэг ба газар эзэмших эрх олгосон 2003 оны 01 дүгээр захирамж нь байхгүй гэх үндэслэлээр хүчингүй болгосон Шарга сумын Засаг даргын А/53 дугаар захирамж нь илт хууль бус гэж маргаж байна. Маргах үндэслэлээ тайлбарлахдаа Засаг дарга 2003 оны 01 дүгээр захирамжийг хуульд нийцсэн эсэхийг тогтоогоогүй, зөвхөн захирамж архивт байхгүй гэдэг үндэслэлээр хүчингүй болгосон нь үндэслэлгүй гэж тайлбарлаж, хариуцагчаас газар эзэмших шийдвэр байхгүй нь тогтоогдсон, хуулиар хадлангийн газрыг ашиглуулах байтал үндэслэлгүйгээр эзэмшүүлсэн гэрчилгээ бичиж олгосон байх тул гэрчилгээн дээр бичигдсэн шийдвэрийг хүчингүй болгосон гэж тайлбарлажээ.

  Газар эзэмших шийдвэр гарснаар газар эзэмших гэрээг байгуулж, гэрчилгээ олгох журамтай. Нэхэмжлэгчид газар эзэмшүүлсэн гэх шийдвэр 2003 оны 05 сарын 05-ны өдөр гарч, гэрээ 2003 оны 09 сарын 29-ний өдөр хийгдэж, гэрчилгээ 2003 оны 08 сарын 01-ний өдөр олгогджээ. 

Газрын тухай хуулийн 53 дугаар зүйлд зааснаар хадлангийн газрыг хуульд тусгайлан заасан шаардлагыг хангасан тохиолдолд Сумын Иргэдийн төлөөлөгчийн Хурлын шийдвэрийг үндэслэн Засаг дарга эзэмшүүлнэ. Нэхэмжлэгч уг шаардлагыг хэрхэн хангаж газар эзэмшсэн талаар газрын хувийн хэрэгт байхгүй, мөн газар эзэмшүүлэх шийдвэрт хэрхэн тусгагдсан нь тодорхойгүй байх тул энэ талаар дүгнэлт хийх боломжгүй байна.

Шүүхээс аймгийн Засаг даргын Тамгын газрын архивт хадгалагдаж байгаа Шарга сумын Засаг даргын 2003 оны захирамжид хийсэн үзлэгээр[3] 01, 02  дугаартай захирамж байхгүй, 03 дугаартай захирамж нь 01 сарын 20-ны өдөр гарсан байсан тул 05 сард  01 дугаартай захирамж гарах боломжгүй нь тогтоогдсон. Мөн 2003-2004 онд нэхэмжлэгчид газар эзэмшүүлэх шийдвэр гараагүй байна.

Иймд нэхэмжлэгч нь хууль ёсны газар эзэмшигч болох нь тогтоогдохгүй, тодруулбал нэхэмжлэгчид газар эзэмшүүлсэн шийдвэр байхгүй байхад газар эзэмших эрхийг зөрчсөн гэж маргаж, хариуцагчаас гэрчилгээн дээрх захирамжийг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй.

Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1.утга агуулгын илэрхий алдаатай; 47.1.6-д иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэж заасан үндэслэлд  хамаарахгүй байх тул Говь-Алтай аймгийн Шарга сумын Засаг даргын А/53 дугаар захирамжийн нэг дэх заалтын У  ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй байна гэж үзлээ. 

Гурав. Говь-Алтай аймгийн Шарга сумын 1-р багийн Иргэдийн Нийтийн Хурлын  2018 оны  08 дугаар тогтоолын нэг дэх заалтыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар илт хууль бусад тооцуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

 Газрын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.2-д “Сум, дүүргийн Засаг дарга хадлан авах бололцоотой талбайг жил бүр иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад ашиглуулахаар баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын саналыг үндэслэн хуваарилж, түүний хэрэгжилтийг зохион байгуулна.” гэж зааснаас үзвэл багийн иргэдийн нийтийн Хурал нь харъяалах нутаг дэвсгэрийн хадлангийн талбайг ашиглуулах талаар хэлэлцэж шийдвэрлэхтэй эрхтэй бөгөөд 2018 оны 08 дугаар тогтоолоор дээрх эрхийг хэрэгжүүлж тухайн сумын хадлангийн талбайд хадлангийн үйл ажиллагааг эрхэлдэг аж ахуйн нэгж, малчдын бүлэгт ашиглуулах газрын хэмжээг тогтоосон нь хууль зөрчөөгүй, мөн нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хөндсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Учир нь нэхэмжлэгч бодит байдал дээр тухайн жилийн цаг агаар бусад нөхцөл байдлаас шалтгаалж 100 га орчимд талбайгаас хадлан бэлтгэдэг гэж тайлбарласан, шүүхээс хийсэн үзлэгээр хадлан бэлтгэдэг ашигтай талбай 80.3 га болох нь тогтоогдсон тул нэхэмжлэгчид 100 га хадлангийн талбайг ашиглуулахаар тогтоосон нь эрх зүйн байдлыг нь дордуулаагүй байна.

Түүнчлэн тогтоолоор газар эзэмших эрхтэй холбоотой асуудлыг шийдвэрлээгүй, багийн Иргэдийн Нийтийн Хурал нь Газрын тухай хуульд заасан эрхийг хэрэгжүүлж ажилласан байх тул тогтоол нь Захиргааны ерөнхий хуулийн 47 47.1.6-д иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэсэн илт хууль бус шинжийг агуулаагүй байна.  

Дөрөв. Говь-Алтай аймгийн Шарга сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  2003 оны 05 дугаар тогтоолын дагуу У й ХХК-д 450 га хадлангийн талбай эзэмшүүлэхийг Шарга сумын Засаг даргад даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2003 оны 06 сарын 20-ны өдрийн 07/02 дугаар “Төлөвлөгөө, даалгавар батлах тухай” тогтоолын нэгдүгээр хавсралтаа[4]р баталсан аймгийн газар зохион байгуулалтын 2003 оны төлөвлөгөөнд Шарга сумын хадлангийн талбайгаас У  ХХК-д 1000га газрыг эзэмшүүлэхээр тусгагдаж, Шарга сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2003 оны 12 сарын 29-ний өдрийн 05 дугаар тогтоолын хавсралтаар[5] У  ХХК-д 800га хадлангийн газар эзэмших хүсэлт гаргасныг 450га эзэмшүүлэхийг зөвшөөрсөн байна.

Гэтэл нэхэмжлэгч нь сумын Засаг даргын шийдвэрээр 800 га газрыг эзэмших эрхтэй гэж маргаж байгаа атлаа дээрх тогтоолоор зөвшөөрсөн 450га газрыг эзэмшүүлэхийг сумын Засаг даргад даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь ойлгомжгүй бөгөөд үндэслэлгүй байна. Учир нь даалгах нэхэмжлэлийн шаардлага хариуцагчийн хууль бус эс үйлдэхүйтэй холбоотой эсхүл маргаан бүхий акт нь хууль бус бол өөрчлөлт оруулах, хүчингүй болгож дахин акт гаргахыг даалгах агуулгатай байх ёстой.

Нэхэмжлэгч нь 450 га газрыг эзэмшүүлэх талаар хариуцагчид бичгээр хүсэлт гаргаж байгаагүй ч уулзаж хэлж байсныг хүлээж авч шийдвэрлэхгүй байгаа гэж маргаж байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч хариуцагчтай 450га газар эзэмшүүлэх шийдвэр гаргахаар эвлэрэх санал гаргасныг хариуцагч сумын Засаг дарга хадлангийн газрыг эзэмшүүлэх үндэслэлгүй бөгөөд бодит байдалд сумын хадлангийн талбай хэмжээ хүрэлцэхгүй байгаа гэж тайлбар гаргажээ.

Газрын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.5-д “Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг үндэслэн, хадлангийн талбайг усалгаатай болгох, хамгаалах, бордох, ойн зурвас тарих зэргээр өөрийн хүч, хөрөнгөөр сайжруулалт хийж, ургацыг нь тогтвортой дээшлүүлсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад сумын Засаг дарга уг талбайг нь эзэмшүүлж болно.” гэж зааснаас үзвэл хадлангийн талбайг эзэмшүүлэхдээ сумын Хурлын шийдвэрийг үндэслэн хуульд тусгайлан заасан болзол, шалгуурыг хангасан байдлыг харгалзан үзэхээр байх тул нэхэмжлэгч уг болзлыг хангасан эсэхийг тодорхойлж бичгээр хүсэлт гаргаж хандаагүй байхад хариуцагчид хадлангийн талбайг эзэмшүүлэхийг даалгаж шийдвэрлэх боломжгүй. Түүнчлэн У ХХК-нийн эзэмшлийн гэх газар, одоо ашиглаж байгаа талбайн ашиглалт, хамгаалалт зэргийг харгалзан шийдвэрлэх нь сумын Иргэдийн төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын эрх хэмжээний асуудал болохыг дурдах нь зүйтэй байна.     

Дүгнэвэл, Говь-Алтай аймгийн Шарга сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 05 сарын 02-ны өдрийн 02 дугаар “тогтоолын нэг, хоёр дахь заалт , Засаг даргын 2018 оны 08 сарын 09-ний өдрийн А/53 дугаар захирамжийн нэг дэх заалтын У ХХК-д холбогдох хэсгийг, 1-р багийн иргэдийн нийтийн Хурлын 2018 оны  08 дугаар тогтоолын нэг дэх заалт тус тус илт хууль бус шинжийг агуулаагүй, сумын Засаг даргын эс үйлдэхүйн улмаас У  ХХК-нийн ХХК-ийн хууль ёсны эрх, ашиг сонирхол хөндөгдсөн нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200/далан мянга хоёр зуун/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дахь хэсэг, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.3, 47.1.6 , Газрын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.2, 53.5  дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч У  ХХК-нийн “Шарга сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  2018 оны 02 дугаар тогтоолын нэг, хоёр дахь заалт, Шарга сумын Засаг даргын А/53 дугаар захирамжийн нэг дэх заалтын “Засаг даргын 2003 оны А/01 дүгээр захирамж” гэсэн хэсэг, Шарга сумын 1-р багийн Иргэдийн Нийтийн Хурлын  2018 оны  08 дугаар тогтоолын нэг дэх заалтыг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох, Шарга сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2003 оны 05 дугаар тогтоолын дагуу У  ХХК-д 450 га хадлангийн талбай эзэмшүүлэхийг Шарга сумын Засаг даргад даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан  авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 


[1] хх 2-ийн 91-95 дахь тал

[2] хх 2-ийн 73-74 дэх тал

[3] хх2-ийн 102-106 дахь тал

[4] хх2-ийн 161 дэх тал

[5] хх1-ийн 81-82 дахь тал