Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 1811

 

 

2017 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2017/01811

 

 

З.Нын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Байгалмаа даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 184/ШШ2017/01341 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч З.Нын нэхэмжлэлтэй,

Хариуцагч М.Бд холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 11 620 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Батмөнх

Хариуцагч: М.Б

Хариуцагчийн өмгөөлөгч: С.Энх-Эрдэнэ

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Бат-Онон нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2014 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр М.Бтай харилцан тохиролцон зээлийн гэрээ байгуулж, 7 000 000 төгрөгийг сарын 2  хувийн хүүтэй, 8 сарын хугацаатай зээлсэн. Гэвч М.Б нь зээлийн үүргээ зөрчиж тохиролцсон хугацаанд үндсэн зээл 7 000 000 төгрөг зээлийн хүү 1 120 000 төгрөгийн төлбөрийг буцаан төлөөгүй.

Зээлийн гэрээний 3 дахь хэсэгт зээлдүүлэгч нь зээлийг буцаан төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгийн заалтын дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцож зээлдэгчээр төлүүлэх эрхтэй гэж заасны дагуу үндсэн зээлээс 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс хойш хугацаанд тооцсон алданги 3 500 000 төгрөг болж байна.

Иймд М.Бтай байгуулсан зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 7 000 000 төгрөг, 8 сарын хүү 1 120 000 төгрөг, алданги 3 500 000 төгрөг нийт 11 620 000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамж 200 870 төгрөгийн хамт гаргуулж өгнө үү

Хариуцагчийн тайлбар үндэслэлгүй. Лангууны хэрэг байгаагүй гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Би З.Нтай зээлийн гэрээ байгуулаагүй, уг гэрээг дүр үзүүлэн хийсэн.

 Би 2014 оны 03 дугаар сарын 25-ны өдөр “Гурвалжин 2” барилгьн материалын   захад Б-58 дугаартай лангууг ажиллуулах гэж  байсан. Гэтэл З.Н нь 7 000 000 төгрөгөөр худалдаж авья гээд бид хоёр худалдах, худалдан авах гэрээ хийе гэж ярилцсан боловч З.Н нь лангууг зарсан гэдгийг “Гурвалжин 2” барилгьн материалын   захын захиргаа мэдвэл миний нэр лүү шилжүүлж өгөхгүй, тиймээс зээлийн гэрээ хийе, дараа нь би олон юм ярьж асуудал гаргахгүй гэхээр нь зээлийн гэрээ байгуулж лангуугаа худалдсан.

Тухайн үед 2014 оны 12 дугаар сарын 21-ний өдөр шинэчилсэн гэрээ байгуулахаар З.Нын нэр дээр шилжүүлж өгөх ёстой байсан боловч З.Н надаас лангуу авсны дараа илүү их мөнгө олох зорилгоор н.Жамьянсүрэнд давхар түрээслэсэн байсан. Ингэж давхар түрээс хийж болохгүйг З.Н мэдэж байсан боловч н.Жамьянсүрэнтэй маргаан үүсгэж лангуугаа хураалгасан үйл явдал болсон.

Би 7 000 000 төгрөг З.Наас зээлээгүй, лангууны түрээслэх эрхээ худалдсан. Уг зээлийн гэрээг “И” ХХК-ийн Б-58 дугаартай лангууг турээслэх эрхийг худалдах, худалдан aвах зорилгоор байгуулсан бөгөөд уг гэрээг халхавчлах зорилгоор дур үзүүлэн хийсэн. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 56.1.8, 56.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч З.Н, хариуцагч М.Б нарын хооронд 2014 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж, хариуцагч М.Бгаас 7 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч З.Нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4 620 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч З.Наас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 204 190 төгрөгөөс илүү төлсөн 3 320 төгрөгийг улсын орлогоос гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдэх 200 870 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Бгаас улсын тэмдэгтийн хураамжид 126 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт 2014 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн бэлэн мөнгөний орлогын баримт болон гэрч Д.Амаржаргалын мэдүүлгээр нэхэмжлэгч, хариуцагч нар нь дээрх зээлийн гэрээг “И” ХХК-ийн Б-58 дугаартай лангууны түрээсийн эрхийг худалдах, худалдан авах зорилгоор байгуулсан болох нь тогтоогдсон байна.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар талууд уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэж заасантай санал нэг байгаа боловч шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт надаас түрээслэх эрхээр худалдаж авсан лангуугаа харилцан буцааж өгөхөөр дурдаагүйд гомдолтой байна.

Учир нь би анх тухайн захыг ашиглалтанд орохоос өмнө лангууны түрээсийг урьдчилан төлж байсан, даатгал төлсөн, ашиглалтанд орсны дараа түрээсийн төлбөр урьдчилгаа төлсөн гэх мэт надаас маш их зардал гарсныг шүүхийн хэлэлцүүлэгт миний бие тайлбарлан мэдүүлсэн.

Иймд "И" ХХК-ийн Б-58 дугаар лангууг анхны байдлаар нь З.Н надад хүлээлгэн өгөх ёстой. Н нь 1 жил гаран түрээслэж ашиг олчихоод, дахин нэг жил огт чимээгүй байснаа шүүхэд нэхэмжлэл гаргасныг би ойлгохгүй байгаа бөгөөд энэ хугацаанд би өөрөө лангуугаа ажиллуулсан бол өнөөдрийг хүртэл ингэж хохирохгүй байсан.

Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

            Нэхэмжлэгч З.Н нь хариуцагч М.Бд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 7 000 000 төгрөг, зээлийн хүү 1 120 000 төгрөг, алдангид 3 500 000 төгрөг нийт 11 620 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Талууд 2014 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 7 000 000 төгрөгийг, сарын 2 хувийн хүүтэйгээр 8 сарын хугацаатай зээлэх, зээлдүүлэхээр харилцан тохирсон, зээлийн гэрээ гэх баримтыг байгуулсан.

 

            Хариуцагч нь нэхэмжлэгчээс гэрээний дагуу 7 000 000 төгрөгийг авсан үйл баримтын талаар талууд маргаагүй байна.

 

            Хэргийн 86 дугаар талд авагдсан 2014 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн бэлэн мөнгөний орлогын баримт болон гэрч Д.Амаржаргалын мэдүүлгээр З.Н, М.Б нарын хооронд “И” ХХК-ийн Б-58 дугаартай лангууны түрээсийн эрхийг худалдах, худалдан авах гэрээг амаар байгуулсан байна гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

            Хариуцагч М.Б болон “И” ХХК-ийн хооронд 2014 оны 03 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан түрээсийн гэрээний 4.9, 4.25 дахь хэсгийн заалтаар Б-58 дугаартай лангуу түрээслэх эрхийг бусдад шилжүүлэхийг хориглосон тул зохигчийн хооронд байгуулсан түрээсийн эрхийг худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар эрх бүхий этгээд болох өмчлөгч “И” ХХК-ийн зөвшөөрөлгүй хийгдсэн хэлцэлд хамаарах тул хүчин төгөлдөр бус хэлцэл гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

 

            Зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн түрээсийн эрх худалдах, худалдан авах гэрээг халхавчлах зорилгоор талууд 2014 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр зээлийн гэрээг байгуулсан ба уг гэрээ нь мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т зааснаар хүчин төгөлдөр бус байна. 

           

            Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар хариуцагчаас 7 000 000 төгрөгийг нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.

 

            “И” ХХК-ийн Б-58 дугаартай лангууг өмчлөгч нь буцаан авсан тул хариуцагч М.Бд нэхэмжлэгч нь буцаан олгох боломжгүй талаар хийсэн шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг шүүх шийдвэрлэх байтал анхан шатны шүүх хэлцлийн хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэж шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт тусгасан нь алдаатай болсныг залруулах боломжтой байна.

 

Үндсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байх тул Иргэний хуулийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт заасан нэмэлт үүрэг болох алдангийг шаардах эрхгүй тул холбогдох нэхэмжлэлийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 07 -ны өдрийн 184/ШШ2017/01341 дүгээр шийдвэрийн

1 дэх заалтыг “Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч М.Бгаас 7 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч З.Нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4 620 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 126 950 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.БАЙГАЛМАА

                                                                       

                        ШҮҮГЧИД                                                       А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                                                Э.ЗОЛЗАЯА