Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 25

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга: Х.Түмэнчимэг;

улсын яллагч: Ц.Уртнасан;

шүүгдэгч: Т.Отгонцэцэг, түүний өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт                                                                                                 сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Боржигон овогт Төмөрхүүгийн Отгонцэцэгт холбогдох эрүүгийн 201625021214 дугаартай хэргийг 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 1989 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 7, эцэг, эгч, дүү, 3 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Баруун Алтан-Өлгийн 29 дүгээр гудамжны 493 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, УК89062620 регистрийн дугаартай, Боржигон овогт Төмөрхүүгийн Отгонцэцэг.

 

Прокуророос баталж ирүүлсэн сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд дурдсанаар:

 

Яллагдагч Боржигон овогт Төмөрхүүгийн Отгонцэцэг нь нууц далд аргаар, шунахайн сэдэлтээр 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 18 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр “Улаанбаатар” их дэлгүүрийн автобусны буудал орчим автобусанд иргэн Д.Болдбаатарын пиджакны энгэрийн халааснаас түүний эзэмшлийн “Samsung Galaxy S4” маркийн гар утсыг хулгайлан авч иргэн Д.Болдбаатарт 250.000 /хоёр зуун тавин мянга/ төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

                                                           

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Т.Отгонцэцэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хэрэг бүртгэлтийн шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэж өгнө үү гэв.

Хэрэг бүртгэлтийн шатанд хохирогч Д.Болдбаатар /хх-ийн 9-10/, гэрч Л.Эрдэнэсүрэн /хх-ийн 11/ нарын мэдүүлэг, эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-ийн 6/, эд зүйл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 7/, эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 8/, Т.Отгонцэцэгийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 21/, Т.Отгонцэцэгийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 22/, Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 23/, Ганбаганы Хүслэнгийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 25/, Ганбаганы Отгонтөгсийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ий 24/, хохирогч Д.Болбаатарын хүсэлт /хх-ийн 44/ зэрэг болно.

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Т.Отгонцэцэг нь 2016 оны 04 дүгээр сарын 28-ны 18 цагийн үед Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг “Улаанбаатар” их дэлгүүрийн автобусны буудал орчим автобусанд хохирогч Д.Болдбаатарын хүрэмний энгэрийн халааснаас “Samsung Galaxy S4” маркийн гар утсыг хулгайлан авч 250.000 /хоёр зуун тавин мянга/ төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан болох нь:

 

хохирогч Д.Болдбаатарын /хх-ийн 9-10/: “.... Би 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 18 цагийн орчим “ТБД-Андууд”-ын урд талын автобусны буудлаас автобусанд суугаад Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр “Улаанбаатар” их дэлгүүр өнгөрөөд автобусны буудал хүрэх хооронд пиджакны энгэрийн халааснаасаа гар утсаа хулгайд алдсан.Тэгээд утсаар 102-руу мэдэгдээд Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэс дээр очсон. 2016 оны 05 дугаар сарын 01-ний өдөр манай эхнэрийн гар утас руу цагдаагаас мессеж ирээд “та утсаа алдсан хүн мөн үү, ирж уулзаарай” гэсэн байсан. Тэгээд би цагдаагийн газар ирэхэд миний “Samsung Galaxy S4” маркийн хар өнгийн корпустай, хар өнгийн гэртэй хуучин гар утас байсан. Би гар утсаа 2014 оны 5 дугаар сард 800.000 төгрөгөөр “Тэди” төвөөс авч байсан. Одоо 250.000 төгрөгөөр үнэлсэн байна...” гэх мэдүүлэг,

 

гэрч Л.Эрдэнэсүрэнгийн /хх-ийн 11/: “... Би 2016 оны 04 дүгээр сарын 28-ны орой 18 цагийн үед Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр “Улаанбаатар” их дэлгүүрийн орчим автобусанд сууж явж байсан иргэн Д.Болдбаатарын пиджакны энгэрийн халааснаас “Samsung Galaxy S4” маркийн гар утсаа алдсан хэрэг дээр биечилсэн сурвалжлага хийж ажиллахдаа Т.Отгонцэцэгийг сэжиглэж эрэн сурвалжилж ажилласан. Ингээд 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр 15 цагийн үед өөрийнхөө гар утаснаас Т.Отгонцэцэгийн 80330387 дугаарын  гар утас руу залгаж ажил дээр дуудсан. Тэгээд хулгай хийсэн нь тогтоогдож хулгайлж авсан гар утсыг нь авчируулж хураан авч, тайлбар авсан. Би 2008 онд Нийслэлийн цагдаагийн газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх тасагт томилогдож ажилласан. Т.Отгонцэцэг манай хэлтсийн сэжигтний бүртгэлд 2016 оны 4 дүгээр  сард авагдсан этгээд байгаа юм...” гэх мэдүүлэг,

 

Т.Отгонцэцэгийн сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 17-20/: “.... Би 2016 оны 04 дүгээр сарын 28-ны 18 цагийн орчим “ТБД-Андууд”-ын автобусны буудлаас “Зүүн салаа” чиглэлийн автобусанд суугаад Сүхбаатар дүүргийн 5 дугаар  хорооны нутаг дэвсгэр “Улаанбаатар” их дэлгүүрийн орчим үл таних 50 орчим насны эрэгтэй хүний пиджакны энгэрийн халааснаас гар утсыг нь баруун гараараа аваад куртикны баруун талын халаасандаа хийгээд автобус зогсоход буугаад шууд гэр рүүгээ явсан. Тэгээд маргааш өдрийн 13 цагийн үед гэртээ байж байхад цагдаагийн хүн 96020377 дугаараас залгаад “Гэмт хэрэгтэй тэмцэх газрын 211 тоот өрөөнд ирж уулз” гэсэн. Би 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдөр цагдаагийн газар очсон. Миний авсан гар утас “Samsung Galaxy S4” маркийн хар өнгөтэй гар утас байсан. Би ганцаараа явж байсан. Би бусдын эд зүйлийг хулгайлсан хэргээ хүлээн зөвшөөрч байна. Би мөнгө олох зорилгоор хулгай хийсэн. Надад өөр хуулийн байгууллага дээр шалгагдаж байгаа асуудал байхгүй...” гэх мэдүүлэг болон эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-ийн 6/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 7/, эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 8/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.

 

Т.Отгонцэцэг нь хохирогч Д.Болдбаатарын өмчлөлд байгаа эд хөрөнгийг хувийн ашиг олох, шунахайн сэдэлт зорилгоор, хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр нууц далд аргаар авч бага бус хэмжээний хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний бүхий л шинжийг агуулсан байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хохирогч Д.Болдбаатар нь “…гар утсаа бүрэн бүтэн хүлээн авсан, гомдол саналгүй, энэ хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн хүсэлтийг шүүхэд ирүүлсэн нь “хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураар эвлэрсэн” гэж үзэх хууль зүйн үндэслэл болов.

 

Шүүгдэгч Т.Отгонцэцэг нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирогч Д.Болдбаатарын хохирлыг бүрэн барагдуулсан, хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн зэргийг үндэслэн шүүгдэгч Т.Отгонцэцэгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болно.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Төмөрхүүгийн Отгонцэцэгийг бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн шүүгдэгч Төмөрхүүгийн Отгонцэцэгт холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасныг баримтлан хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар Т.Отгонцэцэгийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

3. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтгүй, шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

 

4. Шүүгдэгч Т.Отгонцэцэгт урд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Давж заалдах шатны шүүхэд гомдол буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол  шүүгдэгч Т.Отгонцэцэгт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Б.МӨНХ-ЭРДЭНЭ