Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 1842

 

2017 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2017/01842

 

 

 “Д” СӨХ-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2017/01285 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Д” СӨХ-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч С.Ст холбогдох,

 

Дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт хамгаалалт, засвар үйлчилгээтэй холбоотой зардалд 5 159 954 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: А.Эрдэнэбилэг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбартаа: Манай “Д" СӨХ нь анх 2009 оны 05 дугаар сарын 15-ны өдөр тус байрны сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, тухайн орон сууцны байшингийн ашиглалтын хэвийн байдлыг хангах, орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хамгаалах зорилгоор байгуулагдсан.

Тус байрны -од оршин суугч С.С нь бүх гишүүдийн хурлаас хэлэлцэн баталсан дүрмээр тогтоосон сар бүр тогтмол төлөх СӨХ-ны ашиглалт, үйлчилгээний зардлын төлбөрийг тогтоосон хугацаанд төлөөгүйгээс үүдэн авлага үүсээд байна. Төлбөрийн үлдэгдлийг яаралтай төлөхийг түүнд удаа дараа сануулж, шаардсан.

Хариуцагчаас СӨХ-ны ашиглалт, үйлчилгээний зардлын төлбөр 4 304 000 төгрөг, хугацаа хэтрүүлсний алданги 840 754 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс, зардал 15 200 төгрөг тус тус буюу нийт 5 159 954 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг дараахь үндэслэлээр эс зөвшөөрч байна.

Манай сууц өмчлөгч нар СӨХ-ны даргыг хуралдаж сонгосон. Энэ хүнийг Д.Н гэдэг. Д.Н нь удирдах зөвлөлийг томилсон гэж сонсогдсон. Хуульд заагдснаар сууц өмчлөгч нар удирдах зөвлөлөө сонгодог болохоос СӨХ-ны дарга томилдоггүй юм байна. Иймд хууль бусаар дарга болсон этгээдийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй.

СӨХ нь манай хүүхдийн 2500 долларын үнэтэй хүүхдийн дугуйг хулгайлж авсан, хулгайд алдсан алиныг нь мэдэхгүй алга болгосон. Тэгээд бөөн маргаан болж 2500 ам.доллар хүртэл СӨХ-ны зардлын мөнгийг төлөхгүйгээр тохирсон. Гэтэл даргаа өөрчлөөд мөнгө нэхэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн  147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3-т зааснаар С.Сээс дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт хамгаалалт, засвар үйлчилгээтэй холбогдон гарсан  зардалд 5 159 954,80 төгрөгийг гаргуулж “Д” СӨХ-нд олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагчаас 97 509,28 төгрөг гаргуулж “Д” СӨХ-нд олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 97 509 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

А.Эрдэнэбилэг миний бие хэргийн материалтай танилцаад хариуцагч С.Ст "сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжийг төлчих. Би шаардлагаа бичээд шүүхэд өгье" гэж хэлээд дансны дугаар, мөнгөн дүнг хэлсэн.

Хариуцагч С.С улсын тэмдэгтийн хураамж төлөөд шүүгчийн туслахад өгсөн гэж надад утсаар хэлсэн ба би сөрөг нэхэмжлэлээ бичээд шүүх дээр очиход шүүх хурал дууссан гэж хэлсэн.

Хэрэгт улсын тэмдэгтийн хураамжт төлсөн баримт байх бөгөөд шүүхийн шийдвэрийн тодорхойлох, үндэслэх, тогтоох хэсгийн аль алинд нь ч энэ тухай огт дурьдаагүй байна.

Шүүх хэргийг хугацаандаа шийдвэрлэх гэж яаран, шүүгчийн туслахын үгээр” хариуцагчид мэдэгдсэн” гээд хэргийг шийдвэрлэхдээ улсын тэмдэгтийн хураамжийг хэн, яах гэж, хэзээ төлсөн бэ гэдгийг анхаарах ёстой.

            Иймд мэтгэлцэх боломжгүй олгоогүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч “Д” СӨХ нь хариуцагч С.Ст холбогдуулан дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт хамгаалалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд 5 159 955 төгрөг нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Анхан шатны шүүх 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн шүүх хуралдааны товыг зохигчдод 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр биечлэн мэдэгдэж, гарын үсэг зуруулжээ. Шүүх хуралдаан товлосон өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хангаж, шүүх хуралдааны товыг жич зарлахаар хойшлуулжээ /хх 43,51-52/

 

Дахин товлогдсон шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.2, 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүх зохигч эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн талаар баримтгүй байна. Хэргийн 54 дүгээр талд авагдсан шүүх хуралдааны тов мэдэгдэх тухай баримтад талуудад утсаар хурлын тов хүргүүлсэн гэх боловч мэдэгдэх хуудсаар мэдэгдэх боломжгүй тохиолдолд утсаар мэдэгдэх хуульд заасан ажиллагааны дараалал зөрчжээ.

 

Иймд анхан шатны шүүх хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулалгүй шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлэх зарчимд нийцээгүй, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-т заасан хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг зөрчжээ.

 

Түүнчлэн хариуцагч талаас 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа нэхэмжлэгч “Д” СӨХ-той харилцан тооцох үүрэг байгаа талаар дурдаж, мөн өдөр 200 000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж төлсөн Голомт банкны орлогын мэдүүлгийг баримтаар өгсөн байх бөгөөд анхан шатны шүүх хариуцагчаас сөрөг нэхэмжлэл гаргаж байгаа нөхцөл байдлыг тодруулалгүй, хариуцагчийг төлбөр төлөгдөөгүй хугацаа болон төлбөрийн хэмжээний тухайд маргаагүй гэх үндэслэлийг зааж хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг зөрчсөн гэж үзнэ.

 

Дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй болно.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3-т тус тус заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2017/01285 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч С.С давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 97 509 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд уг үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогчид магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                   ШҮҮГЧИД                                        А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                                            Э.ЗОЛЗАЯА