Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 42

 

 

 

 

 

Л.Гантулгад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

            Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч М.Нямбаяр, Б.Дамба нарын бүрэлдэхүүнтэй, хохирогчийн өмгөөлөгч Г.Батзаяа, шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Очирбат, прокурор Д.Аянагүл, нарийн бичгийн дарга Ц.Энхтуяа нарыг оролцуулан

            Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн  2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 178 дугаар шүүгчийн захирамжтай Л.Гантулгад холбогдох эрүүгийн 1836000000080 дугаартай хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн, 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Дамбын илтгэснээр нээлттэйгээр хэлэлцэв.

            Монгол улсын иргэн, 1995 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, урьд ял шийтгэлгүй, Сунгарав ургийн овогт Лхагвасүрэнгийн Гантулга нь 2018 оны 05 дугаар сарын 06-ны өдрөөс 5 дугаар сарын 07-нд шилжих шөнө Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан багийн нутаг дэвсгэрт О.Батзоригтой маргалдан улмаар түүнийг цохиж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

            Прокурор эсэргүүцэл болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгчийн захирамжийн 1 дэх заалтад Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 223 дугаартай дүгнэлт хэсгийн 2 болон 4 дэх заалт нь гаргацгүй уншигдахгүй байгаа яллагдагч Л.Гантулгыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэж буруутгаж буй нотлох баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг тогтоогоогүй гэж үзнэ. Иймд тухайн шинжээчийн 223 дугаартай дүгнэлтийг гаргацтай байдлаар хуульд заасан шаардлагад хангаж ирүүлэх гэсэн нь хууль зүйн үндэслэлгүй заалт болсон байна. Учир нь хавтаст хэргийн 51 дүгээр хуудсанд авагдсан Шүүхийн шинжээч эмчийн 223 дугаартай дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасны дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан нотлох баримт бөгөөд уг нотлох баримт нь гаргацтай мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгч, прокурорын зүгээс дээрх нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлд заасны дагуу шалгаж үнэлсэн бөгөөд шүүхийн захирамжид заасан гаргацгүй, уншигдахгүй гэх заалт нь хууль зүйн үндэслэлгүй юм.

            Шүүхийн шинжээчээс өвчтөний түүх, гавал тархины аксиаль КТГ-ын шинжилгээний хариу, шинжлүүлэгчийн бие зэргийг үзэж өөрийн тусгай мэдлэг болон Шүүхийн шинжилгээний тухай хууль, Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалаар баталсан шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журам зэргийг баримтлан хуульд заасны дагуу гаргасан дүгнэлтийг бүдэг гэж үзэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг тогтоогоогүй гэх ойлгомжгүй, хууль зүйн үндэслэлгүй заалтаар хэргийг прокурорт буцаасан байна дүгнэхээр байна. Дээрх шинжээчийн дүгнэлттэй холбогдуулан дүгнэлт гаргасан шинжээч Б.Тогтохоос гаргасан дүгнэлтийг нь тайлбарлуулан мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээчээр байцаасан байхад шүүгчийн захирамжид дээрх байцаалтаар шинжээчийн дүгнэлтээс яг ямар асуудлыг тодруулахаар шинжээч эмчийг байцаах нь ойлгомжгүй, хохирогч О.Батзоригийн биед учирсан гэмтлийг гэмтлийн зэрэг тогтоох журамд тодорхой заасан байхад дээрх заалтыг хэргийг буцаах нэг үндэслэл болгон захирамжид тусгасан байна. Мөн хохирогч О.Батзоригийн гавал тархины аксиаль КТГ-ын шинжилгээг 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр уншиж, онош тавьсан эсэхийг эмч Д.Түмэндэмбэрэлээс асуух гэсэн нь мөн ойлгомжгүй эмч Д.Түмэндэмбэрэлээс яг ямар асуудлыг тодруулах нь эргэлзээтэй, хууль зүйн үндэслэлгүй гэж үзэхээр байна.

            Хавтаст хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудыг мөрдөн шалгах ажиллагаа болон прокурорын хяналтын шатанд хуулийн хүрээнд шалгаж, үнэлсэн байхад шүүхээс дээрх нотлох баримтыг үгүйсгэж прокурорт буцааж байгаа шүүгчийн захирамж нь хууль зүйн үндэслэлгүй, Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцээгүй байна гэж дүгнэхээр байна. Мөн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгийн шүүх хуралдаанд хүсэлт гаргасан өмгөөлөгч Н.Очирбат нь хүсэлтээ дэмжиж оролцоогүй нь шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгийн шүүх хуралдаанд талуудын мэтгэлцэх зарчмыг алдагдуулсан, урьдчилсан хэлэлцүүлэгийн шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болсон байхад анхан шатны шүүхээс урьдчилсан хэлэлцүүлэгийг явуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлд заасныг зөрчсөн гэж үзэхээр байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцааж өгнө үү гэв.

            Хохирогчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүх Шүүх Шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлт нь гаргацгүй, уншигдахгүй байна гэж хэргийг буцаасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч тал танилцсан ба гаргацгүй тал байгаагүй. Бичиг нь бүдэг байсан. Гэхдээ энэ талаар тодруулж авахад татгалзах зүйлгүй байна. Гавал тархины цөмрөл гэж оношлогдсон ба энд эргэлзээтэй зүйл харагдахгүй байгаа гэв.

            Шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Прокурорын эсэргүүцэл нь үндэслэлгүй байх ба мөрдөн байцаалтын шатанд үүнийг тодруулах боломжтой байсан юм. Иймд шүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

                                                                                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

            Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх үйл ажиллагаа, захирамжийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзвэл анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарчээ.

            Л.Гантулга нь 2018 оны 05 дугаар сарын 06-наас 05 дугаар сарын 07-нд шилжих шөнө Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан багийн нутаг дэвсгэрт О.Батзоригтой маргалдан улмаар түүнийг цохиж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

            Ховд аймгийн прокурорын газраас Л.Гантулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт буруутгаж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

            Анхан шатны шүүх Л.Гантулгад холбогдох хэргийг урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд  Үүнд: 1. Хэргийн 51 дүгээр талд авагдсан “ Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 05 сарын 11-ний өдрийн 223 дугаартай дүгнэлтийн . . . “ дүгнэлт хэсгийн 2 болон 4 дэх заалт нь гаргацгүй уншигдахгүй байна.

. . . Иймд тухайн шинжээчийн 223 дугаартай дүгнэлтийг гаргацтай байдлаар хуульд заасан шаардлага хангаж ирүүлэх.

            Мөн хохирогч О.Батзоригийн “ Гавал тархины аксиаль КТГ-ын шинжилгээг  . . . уншиж, онош тавьсан эсэхийг эмч Д.Түмэндэмбэрэлээс асуух.

            Шинжээч эмч Д.Тогтохоос. . . хохирогч О.Батзоригийн биед учирсан “ Дух ясны баруун хэсгийн хугарал “ нь гавлын хүнхрээ ба суурь ясны хугаралд хамаарах, эсвэл ухархай ба самалдгийн дээд хана дангаараа хугарах, нүүрний яснууд ба духны хөндийн өмнөд ханын хугарал, гавлын орой ясны гадна ялтасны цууралт нь хамаарахгүй  . . .” байж болох  эсэхийг асууж, тодруулах зэрэг мөрдөн шалгах,  ажиллагаануудыг хийлгүүлэхээр   хэргийг   Ховд аймгийн прокурорын газарт буцаасан нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

            Иймд прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 178 дугаартай захирамжийг хэвээр үлдээсүгэй.

            2. Хэргийг прокурорт очтол Л.Гантулгад хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг хэвээр хэрэглэсүгэй.

            3. Л.Гантулгын Ховд аймаг дахь Төрийн банкны 2819000360360 тоот дансанд 1005833 төгрөг битүүмжлэгдсэн болохыг дурдсугай.

            4. Гомдол эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

     ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Н.ТУЯА

 

              ШҮҮГЧИД                                        М.НЯМБАЯР

                                  

Б.ДАМБА