Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 00281

 

Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Г.Мягмарсүрэн, шүүгч О.Одончимэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар

Булган аймгийн Булган сумын 1 дүгээр баг 40 айлын 7-3 тоотод оршин суух, Х.Ариунаагийн нэхэмжлэлтэй, Булган аймгийн Булган сумын 1 дүгээр багийн 40 айлын 7-4 тоотод оршин суух, Ө.Даваасүрэнд холбогдох, гэм хорын хохирол 12045815 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2017/00187/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч: 1993 онд төрсөн, 24 настай, бүрэн дунд боловсролтой, Булган аймгийн Булган сумын 1 дүгээр баг 40 айлын 7-3 тоотод оршин суух, Боржигон овогт Хүрэлбаатарын Ариунаа /РД:ЕС93021003/, түүний өмгөөлөгч Д.Оюунчимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: 1952 онд төрсөн, 64 настай, бүрэн дунд боловсролтой, Булган аймгийн Булган сумын 1 дүгээр баг 40 айлын 7-4 тоотод оршин суух, Халиун овогт Ёндонгийн Баасансүрэн /РД: ГЮ52072863/, түүний өмгөөлөгч М.Даваасүрэн, иргэдийн төлөөлөгч С.Алтанцэцэг, нарийн бичгийн дарга С.Гончигбал нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х.Ариунаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2001 оноос эхлэн Булган сумын 1 дүгээр баг 40 айлын 7-3 тоотод нөхөр, 2 хүүхдийн хамт амьдран суух явцдаа иргэний эрхийг зөрчсөн, элдэв саад гамшигт өртөж байгаагүй. Цагдаа, гэрлийн болон галын байцаагч нар цагаан сарын өмнө айлуудаар явж гэр орноо эзэнтэй үлдээх, хулгайчаас урьдчилан сэргийлэх, галын аюулгүй байдлыг хангах, хүүхдүүдээ асран хамгаалагчтай үлдээх, элдэв гамшиг болохоос урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө, зөвлөмж өгч гарын үсэг зуруулсан. Тухайн үед гэрлийн байцаагч Отгонтуяа цахилгааны утас муудсан байна, утсаа солиорой гэж удаа дараа манайх болон хөрш айл Даваасүрэн гуайг хажуу талын хашаагаар дуудан цахилгааны утсаа солих шаардлагатай гэж хэлж байсан. Манайх гэрээний үүргээ биелүүлж, ая тухтай амьдрах нөхцөл бололцоогоо хангаж цахилгааны утсаа сольсон. Айл бүхэн тус тусдаа цахилгааны оруулгын утастай байдаг. Даваасүрэн гуайнх удаа дараа өгч байсан шаардлагыг үл тоож, утсаа солилгүй явсны улмаас 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдөр цахилгааны утаснаас нь гал гарч залгаа ханаар гал нэвтрэн манайд орж 11606815 төгрөгийн хохирол учирсан болохыг Хөрөнгийн үнэлгээ, төслийн Лэндс ХХК тогтоосон. Үнэлгээний компанийн хүмүүс өөрсдөө ирж нүдээр үзэж, зураг авч баримтжуулсан.Үүнээс үүдэн нөхөр хүүхдийн хамт гэр орондоо амьдрах боломжгүй болж айл айлаар дамжин амьдарч явна. Тэр өдөр тог тасраагүй, тог тасраад ирэхдээ хэт өндөр ачаалалтай ирсэн гэдэг нь худлаа. Ө.Даваасүрэн гуайн буруугаас болж гал гарч 11606815 төгрөгийн хохирол учирсан, үнэлгээний компанид төлсөн 350000 төгрөг, ус цаг уурын тодорхойлолт авахад 10000 төгрөг, эд хөрөнгийн лавлагаа авахад 5000 төгрөг, бичиг баримт канондуулахад 10000 төгрөг, шатсан амбаар, эд зүйлээ буулгаж ачуулахад 24000 төгрөг, шатахуунд 40000 төгрөг, нийт 439000 төгрөгийн зардал гарсан. Иймд 12045815 төгрөгийг буруутай этгээд болох Ө.Даваасүрэнгээс гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Баасансүрэн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 1300 цагийн орчимд Булган аймгийн Булган сумын 1 дүгээр багийн 40 айлын орчимд тог тасарсан байсан учраас бид үдийн хоолоо хийж чадаагүй. Гэртээ байж байгаад гарахад хөрш айл Энхболор манай хоёрын үүдний өрөөн дээрээс гал гарч байхыг би хараад нөхөр Даваасүрэнг дуудаж дуудлага өгч, гал унтраах тээврийн хэрэгсэл ирж галыг унтраасан. Тухайн үед манай хоёр гэрийн үүдний өрөө их шатсанаас гэрт утаа орж гэрийн эд зүйл бүхэлдээ хар болсон. Мөн утаа шингэсэн. Түүнээс биш гэрийн бүх эд зүйлс, хувцас шатаагүй. Манайх утаа шингэсэн эд зүйлээ угааж цэвэрлээд ашигласан. Харин Ариунаагийн нэхэмжлэлтэй танилцахад их хэмжээний эд хөрөнгө, хувцас шатсан гэж бичсэн байна. Энэ галд манайхыг буруутай гэж дүгнэж нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Ариунаа нэхэмжлэлдээ утсаа солиогүй байсны уршигаар цахилгааны утсанд хэт ачаалал өгч гал гарч ханаар нэвтэрсэн гэж байна. Манайх 2014 онд стандартын шаардлага хангасан цахилгааны утас хийсэн. Гэрлийн байцаагч Отгонтуяа цахилгааны утас муудсан учраас солиорой гэж манайх болон хөрш Даваасүрэнгийнд хажуу талын хашаагаар дуудаж хэлсэн гэсэн байна. Ийм асуудал огт болж байгаагүй. Айл бүхэн тусдаа цахилгааны утастай ч, манайх болон Ариунаагийн гэрийн цахилгааны утас нэг цахилгааны утаснаас салаасан юм. Тухайн үед тог тасраад эргэн ирэхдээ хэт өндөр ачаалалтай ирсэнээс гал гарсан гэж ойлгож байна. Түүнээс биш манай цахилгааны утас муудсанаас гал гараагүй. Үүдний өрөө шатахад хөрш Ариунаа хаалгаа онгойлгосон байснаас халуун галд тааз халж, хайлсанаас эд хөрөнгөнд хохирол учирсан байна. Бусад эд зүйл ашиглах боломжгүй болтол шатах хэмжээнд хүрээгүй. Энэ талаар цагдаагийн байгууллага шалгаад манайд ямар нэгэн гэм буруу байгаа гэдгийг тогтоогоогүй. Цахилгааны гэрлийн утсанд хэт ачаалал ирснээс гарсан галын улмаас учирсан хохирлоо өөр, өөрсдөө хариуцах байх гэж бодож байна. Манайх шатаж, утаа тортог болсон зүйлээ угааж цэвэрлээд авсан, эднийх яагаад өөрсдөө угааж цэвэрлээд авч болохгүй байгаа юм бэ. Гал гарах үед өдөр байсан учраас бага хохирол учирч, өөрсдөө амьд үлдсэндээ баярлаж байна гэв.

Гэрч Б.Мөнхзул /ГЮ80121816/ шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдөр гал гарсан дуудлагыг 1405 цагт авч, онцгой байдлын газрын алба хаагчид ажиллаж галыг унтраасан. Би өөрөө гал гарсан газар очиж шатлагын фото зургийг авч баримтжуулсан. Цахилгааны утасны хувьд Даваасүрэнгийнх хаалганы дээрээс чигээрээ орсон, Ариунаагийнх тамбарын баруун талаар орсон байсан. Хоёр айлын утасны оруулга тусдаа, цахилгааны нэг утаснаас салаалаагүй байсан. Даваасүрэнгийн гэрлийн утас муудсан, зарим газраа лентээр ороосон байсныг хурааж авсан. Цахилгааны утас нь муудсан учраас хэт ачаалал өгсөнөөс гал гарсан байх магадлалтай гэж дүгнэлт гаргасан. Даваасүрэнгийн гэрт индүкцэн плитка залгаатай, хуушуур чимхээд тавьсан, хайруулын таваг плиткэн дээр байсан. Өөр байдлаар гал гарсан байх нөхцөл байдал тогтоогдоогүй гэв.

Гэрч Д.Отгонтуяа /ГЮ77081482/ шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Би 2015 оны 2 сараас Эрдэнэт-Булганы Цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-нд ажиллаж эхэлсэн. Тэрнээс хойш Даваасүрэн гуайнх гэрлийн утсаа солиогүй. Гэрлийн утсанд би үзлэг хийж байгаагүй. Даваасүрэн, Ариунаа нарынх нэг цахилгааны утаснаас салаалаагүй. Оруулга нэг байсан эсэхийг би мэдэхгүй байна гэв.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаадҮНДЭСЛЭХ нь:

2017 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Булган аймгийн Булган сумын 1 дүгээр багийн 40-н айлын 7-4 тоотод оршин суух иргэн А.Даваасүрэнгийн байшинд гарсан гал түймрийн улмаас залгаа ханаар гал нэвтрэн орж эд зүйл галд өртсөн гэх үндэслэлээр 12045815 төгрөг хариуцагчаас гаргуулах нэхэмжлэлийг Х.Ариунаа шүүхэд гаргасан байна.[1]

Хариуцагч нь дээрх нэхэмжлэлийг эс зөвшөөрч ...тухайн үед тог тасраад эргэж ирэхдээ хэт өндөр ачаалалтай ирсэнээс гал гарсан гэж ойлгож байна. Түүнээс биш манай цахилгааны утас муудсанаас гал гараагүй. Үүдний өрөө шатахад хөрш Ариунаа хаалгаа онгойлгосон байснаас халуун галд тааз нь халж, хайлсанаас эд хөрөнгөд нь хохирол учирсан байна. Бусад эд зүйл ашиглах боломжгүй болтол шатах хэмжээнд хүрээгүй. Энэ талаар цагдаагийн байгууллага шалгаад гэм буруу байгаа гэдгийг тогтоогоогүй. Цахилгааны гэрлийн утсанд хэт ачаалал ирснээс гарсан галын улмаас учирсан хохирлоо өөр, өөрсдөө хариуцах ёстой гэж маргажээ.[2]

2017 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Булган аймгийн Булган сумын 1 дүгээр багийн 40-н айлын 7-4 тоотод оршин суух иргэн А.Даваасүрэнгийн байшингийн үүдний гонхны дээврийн хэсэгт гал гарч үүнээс дамжин хажуу айл болох 7-3 тоотод оршин суух Х.Ариунаа /П.Энхболор/-ийн байшинд гал нэвтрэн орж лампирэн тааз болон эд хөрөнгө нь хайлж, шатсан үйл баримт тогтоогджээ. Энэ үйл баримтын талаар талууд маргахгүй байна. Харин хариуцагч нь гал гарахад тэдний буруутай үйл ажиллагаа нөлөөлөөгүй гэж маргажээ.

Бусдын эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаас үзвэл нэхэмжлэгчид учирсан хохирол хариуцагчийн гал түймэр гарахад нөлөөлсөн буруутай үйлдэлтэй /эс үйлдэл/ шалтгаант холбоотой тохиолдолд Х.Ариунаагийн нэхэмжлэлийг хангах хууль зүйн үндэслэл бий болно. Булган аймгийн Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчийн гал түймэр гарсан тухай 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн №150/2 дугаартай актаар ...байшингийн гонхны дээгүүр оруулсан байсан цахилгааны ерөнхий оруулгын хэсгээс гал анх гарсан зэргээс үзэхэд ямар нэгэн гадны нөлөөгүй, иргэн А.Даваасүрэнгийн цахилгаан угсралтын утсанд хэт ачаалал өгсөнөөс гал гарсан байх магадлалтай гэжээ. [3]

Энэ гал түймрийн улмаас хажуу айл болох иргэн Х.Ариунаа /Х.Энхболор/ -н эд хөрөнгөнд 11606815 төгрөгийн хохирол учирсан болох нь хөрөнгийн үнэлгээний Лэндс ХХК-ийн дүгнэлтээр тогтоогдож байна.[4]

Бусдын эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хариуцлагаас чөлөөлөгдөх учиртай.

Хариуцагч А.Даваасүрэнгийнх цахилгааны утсаа солиогүй, цахилгаан утсанд хэт ачаалал өгснөөс гал гарсан болох нь Булган аймгийн Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчийн гал түймэр гарсан тухай 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн №150/2 дугаартай актаар тогтоогдож байх бөгөөд гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүйг нотлоогүй тул гэм хор учруулсны хариуцлагаас хариуцагчийг чөлөөлөх үндэслэл байхгүй байна.

Өөрөөр хэлбэл 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Шинэ хорооны 40-н айлын орчмоос цахилгаан тасарсан тухай дуудлага ирээгүй бөгөөд мөн өдөр аваарийн болон аваарын бус тасралт саатал гараагүй гэх Эрдэнэт-Булганы Цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 107 тоот албан бичиг, 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн шуурхай ажиллагааны журнал, аваарын бус тасралтын журнал, аваарын тасралтын журналын тэмдэглэл[5], гал гарсан шалтгаан нөхцөлийг тогтоохоор, гал түймэр гарсан хэргийн газар өөрөө очиж үзлэг хийн, зарим эд зүйлийг фото зургаар баримтжуулан галын дүгнэлт гаргасан Б.Мөнхзулын шүүх хуралдаанд гэрчээр өгсөн ..Ө.Даваасүрэнгийн цахилгааны утас муудсан, зарим газраа лентээр ороосон байсныг хурааж авсан. Цахилгааны утас нь муудсан учраас хэт ачаалал өгсөнөөс гал гарсан байх магадлалтай гэж дүгнэлт гаргасан. Даваасүрэнгийн гэрт индүкцэн плитка залгаатай, хуушуур чимхээд тавьсан, хайруулын таваг плиткэн дээр байсан. Өөр байдлаар гал гарсан байх нөхцөл байдал тогтоогдоогүй гэх мэдүүлэг зэргийг хариуцагч баримтаар үгүйсгэж чадахгүй байна. Иймд хариуцагчаас эд хөрөнгөнд учирсан гэм хорын хохирол 11606815 төгрөг, үнэлгээний хөлсөнд төлсөн 350000 төгрөг, хог ачуулахад төлсөн хураамж 24000 төгрөг, нийт 11980815 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна. Харин нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шаардлага түүнийгээ нотлох үүргийн дагуу нотлох баримт бүрдүүлэхэд гарсан зардал буюу каноны болон лавлагаа, тодорхойлолт авахад гарсан 25000 төгрөг, мөн хог ачуулахад зарцуулсан гэдэг нь нотлогдохгүй байгаа тул бензиний зардал 40000 төгрөг нийт 65000 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан хариуцагч Ө.Даваасүрэнгээс 11980815 /арван нэг сая есөн зуун наян мянга найман зуун арван тав/ төгрөгийг гаргуулж, Булган аймгийн Булган сумын 1 дүгээр багийн 40 айлын 7-3 тоотод оршин суух, Х.Ариунаад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 65000 /жаран таван мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210883 /хоёр зуун арван мянга найман зуун наян гурав/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 206643 /хоёр зуун зургаан мянга зургаан зуун дөчин гурав/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчидолгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч,тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН

ШҮҮГЧИД Г.МЯГМАРСҮРЭН

О.ОДОНЧИМЭГ


[1] хх 1 тал

[2] хх 57-58 тал

[3] хх 4-5 тал

[4] хх 20-30 тал

[5] хх 78-83 тал