Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Уртнасангийн Бадамсүрэн |
Хэргийн индекс | 128/2019/0589/З |
Дугаар | 762 |
Огноо | 2019-11-01 |
Маргааны төрөл | Тендер, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 11 сарын 01 өдөр
Дугаар 762
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч У.Бадамсүрэн би даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Батгуа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ж, Л.И, Л.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Г, Э.Н, Д.У, Б.Н нарыг оролцуулан,
Нэхэмжлэгч: “А Б Э А Ж Э Б Э” ХХК. /Б Н А У хуулийн этгээд/ Монгол дахь хаяг: УБ, СБД, 1 дүгээр хороо Ю******* Б корпус, тоот.
Хариуцагч: БХБЯ, тус яамны “Дэд бүтцийн хөгжил-Сонгинохайрхан төсөл”-ийн зураг төсөл, барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Тендерийн үнэлгээний хороо.
Гуравдагч этгээд: “З Л Ж Э Б Э” ХХК. /БНА У хуулийн этгээд/.
Нэхэмжлэлийн шаардлага: 1. Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн А/89 дүгээр тушаалаар байгуулагдсан “Дэд бүтцийн хөгжил-Сонгинохайрхан төсөл”-ийн зураг төсөл, барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Тендерийн үнэлгээний хорооны 2019 оны 5 сарын 14-ний өдрийн 03 дугаар хуралдааны шийдвэрийг хүчингүй болгуулах;
2. Барилга хот байгуулалтын яамны 2019 оны 5 сарын 24-ний өдрийн 03/1912 дугаар “А Б Э А Ж Э Б Э” компанийн тендерээс татгалзсан мэдэгдлийг хүчингүй болгуулах;
3. Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.М 2019 оны 5 сарын 24-ний өдрийн 03/1909 дугаар “З Л Ж Э Б Э” компанид гэрээ байгуулах эрх олгох мэдэгдлийг хүчингүй болгуулах;
4. Захиалагч Барилга, хот байгуулалтын яам, гүйцэтгэгч “З Л Ж Э Б Э” компанитай байгуулсан 2019/148 дугаар Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй “Дэд бүтцийн хөгжил-Сонгинохайрхан төсөл”-ийн зураг төслийн ажил, барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээг хүчингүй болгуулах;
5. Дэд бүтцийн хөгжил-Сонгинохайрхан төсөл”-ийн зураг төслийн ажил, барилга угсралтын ажил гүйцэтгэгчийн сонгон шалгаруулах үүрэг бүхий Үнэлгээний хорооны хурлыг дахин хуралдуулж, “А Б Э А Ж Э Б Э” компани, “З Л Ж Э Б Э” компанийн ирүүлсэн тендерийг дахин үнэлэхийг даалгах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг тус шүүхийн шүүх хуралдааны “4” дүгээр танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ж шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:
“ ... Нэхэмжлэгч “А Б Э А Ж Э Б Э” компани нь Барилга, хот байгуулалтын яамнаас 2019 онд зарласан Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хооронд байгуулсан “Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр”-ийн хүрээнд хэрэгжүүлэх түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй “Дэд бүтцийн хөгжил-Сонгинохайрхан” төслийн зураг төсөл боловсруулах, барилга угсралтын ажил гүйцэтгэх БХБЯ/ дугаар нээлттэй тендер шалгаруулалтад оролцсон. Уг тендерийг 2019 оны 4 сарын 19-ний өдөр нээх байсан боловч захиалагч тодорхойгүй шалтгааны улмаас 10 хоногоор хойшлуулж, 2019 оны 4 сарын 29-ний өдрийн 14.30 цагт нээхээр шийдвэрлэсэн бөгөөд нээлтээс өмнө манай компани тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт бүрийг хангасан тендерийг хүргүүлсэн болно.
Тендер шалгаруулалтыг зохион байгуулах үүрэг бүхий үнэлгээний хороо хуралдаж шийдвэр гаргасан бөгөөд манай компанид 2019 оны 5 сарын 24-ний өдрийн 03/1912 дугаар албан бичгээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.3-т “бүх тендерийг бага харьцуулах үнэтэйгээс их харьцуулах үнэтэй рүү нь эрэмбэлж хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг сонгоно” гэж заасны дагуу хамгийн бага харьцуулах үнэтэй тендерээр шалгараагүй тул татгалзаж байна гэсэн хариу мэдэгдэл ирүүлсэн. Захиалагчийн шийдвэрийг манай компани хүлээн зөвшөөрөх боломжгүй тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасны дагуу Сангийн яаманд гомдол гаргасан. Сангийн яам гомдлыг хянаж үзээд гомдлын хариуг 2019 оны 6 сарын 13-ны өдөр Барилга, хот байгуулалтын яаманд хүргүүлснийг тус яамнаас 2019 оны 6 сарын 16-ны өдөр манай компанид мэдэгдэж хүлээлгэн өгсөн болно.
Барилга, хот байгуулалтын яамны “Дэд бүтцийн хөгжил-Сонгинохайрхан”-ийн зураг төсөл боловсруулах, барилга угсралтын ажил гүйцэтгэх БХБЯ/ дугаар төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгох үүрэг бүхий Үнэлгээний хороо Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасны дагуу тендерийг хянан үзэх, үнэлэхдээ манай компанийн тендерийг бүрэн гүйцэд шалгаж үзээгүй, алдаатай, буруу дүгнэлт гаргасан, “З Л Ж Э Б Э” компанийн тендерийг үнэлэхдээ хэт нэг талыг баримталж тус компанид давуу эрх олгож, тендер шалгаруулалтыг явуулсан гэж үзэж байна.
Нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн тухайд.
1. Барилга, хот байгуулалтын яамнаас 2019 оны 05 сарын 24-ний өдрийн 03/1909 дугаар “З Л Ж Э Б Э” компанид Гэрээ байгуулах эрх олгох мэдэгдлийг хүчингүй болгуулах тухай мэдэгдлийг хүргүүлснийг нэхэмжлэгч ““А Б Э А Ж Э Б Э” компани хариуцагчаас ирүүлсэн нотлох баримтыг судалж үзсэнээр мэдсэн. Шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Барилга, хот байгуулалтын яамны мэдэгдлийн дугаарыг буруу бичсэн байх тул нэхэмжлэлийн нэгдүгээр шаардлага 2019 оны 5 сарын 24-ний өдрийн А\2669 дугаар гэрээ байгуулах эрх олгох мэдэгдлийг хүчингүй болгуулах шаардлагыг өөрчлөн 2019 оны 5 сарын 24-ний өдрийн 03/1909 дугаар “З Л Ж Э Б Э” компанид Гэрээ байгуулах эрх олгох мэдэгдлийг хүчингүй болгуулахаар өөрчилсөн болно.
2. Барилга, хот байгуулалтын яамнаас зарласан "Дэд бүтцийн хөгжил-Сонгинохайрхан төсөл”-ийн зураг төсөл боловсруулах, барилга угсралтын ажил гүйцэтгэх БХБЯ\ төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгох нээлттэй тендер шалгаруулалтыг дахин явуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөн "Дэд бүтцийн хөгжил-Сонгинохайрхан төсөл”-ийн зураг төслийн ажил, барилга угсралтын ажил гүйцэтгэгчийн сонгон шалгаруулах үүрэг бүхий Үнэлгээний хорооны хурлыг дахин хуралдуулж, “А Б Э А Ж Э Б Э” компани, “З Л Ж Э Б Э” компанийн ирүүлсэн тендерийг үнэлүүлэх гэж өөрчилсөн болно. Учир нь нэхэмжлэлийн шаардлага гаргах үед Үнэлгээний хорооны хуралдааны тэмдэглэл ирээгүй, үнэлгээний хороо хэдэн удаа хуралдсан, тус хурлууд дээр үнэлгээ хийхдээ гишүүдээс ямар санал гаргаж байсан эсэх нь тодорхой бус байснаас үүдэн анхны нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байсан бөгөөд шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн материалтай танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсөн болно.
Нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн тухайд.
1. Нэхэмжлэгчийн зүгээс Барилга, хот байгуулалтын яамнаас шүүхэд ирүүлсэн материалтай танилцаад Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 4 сарын 20-ны өдрийн А/89 дүгээр тушаалаар байгуулагдсан “Дэд бүтцийн хөгжил-Сонгинохайрхан төсөл”-ийн зураг төсөл, барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хорооны 2019 оны 5 сарын 14-ний өдрийн 03 дугаар хуралдаанаас “З Л Ж Э Б Э” компанийг тендерт сонгон шалгаруулсан болохыг мэдсэн. Иймд тус өдрийн үнэлгээний хорооны хуралдааны шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн болно.
2. Мөн тус яамнаас шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн материалтай танилцаад захиалагч, гүйцэтгэгч талууд ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан байх тул 2019/148 дугаар Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй “Дэд бүтцийн хөгжил-Сонгинохайрхан төсөл”-ийн зураг төслийн ажил, барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээг хүчингүй болгуулахаар нэмэгдүүлсэн болно.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-д заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ж******* шүүх хуралдаан дээр хэлсэн тайлбартаа:
“...Монгол Улсын Засгийн газраас тогтоол ирсэн байдаг. Түүний дагуу ил тод зарлагдсан. “А Б Э А Ж Э Б Э” компани өөрсдийн зардлаар Монголд ирж судалгаа хийсэн. Яам хариуцлагагүй байна. Олон улсын компанийг зөрчилдөх үндэслэлийг тавьсан. Энэ зээл 18 жилийн хугацаатай, жилд 1 хүрэхгүй хувийн хүүтэй Монгол Улсад их хэрэгтэй зээл байгаа.
Сонгинохайрхан дүүргийн гэр хороолол гэрэлгүй харанхуй байдаг. Шинэ орчин бүрдүүлж иргэдийн аюулгүй байдлыг байдлыг хангах зорилготой төсөл юм. Тендер зарлахдаа туршлагатай компани гэж шаардлага тавьсан байдаг. “З Л Ж Э Б Э” компани том компани, Хятад болон Европд үйлдвэртэй. Гэрэл нийлүүлэхдээ яагаа гарал үүслийн бичиг өгөхгүй байгаа тал дээр нэг хардалт байгаа. Хятадад үйлдвэрлэдэг үйлдвэрээсээ авч ирээд Монголд нийлүүлэх боломжтой. Иймд нэхэмжлэлийг шударгаар шийдвэрлэж өгөхийг хүсье” гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.И******* шүүх хуралдаан дээр хэлсэн тайлбартаа:
“... Манай “А Б Э А Ж Э Б Э” компани нь Барилга, хот байгуулалтын яамнаас зарласан тендерт оролцсон бөгөөд Барилга хот байгуулалтын яамнаас гарсан шийдвэрийг эс зөвшөөрч холбогдох газарт гомдол гаргасан. Барилга хот байгуулалтын яамны Тендерийн үнэлгээний хорооноос манай компанийг тендерт шалгаруулаагүй гэсэн мэдэгдэл ирсэн. Дээрх мэдэгдлийн үндсэн дээр шүүхэд гомдол гаргасан. Захиалагчийн зүгээс ямар шийдвэр гаргасан, үнэлгээний хороо яаж хуралдсан нь тодорхой бус байсан учир нэхэмжлэлийн 2 шаардлагыг 2019 оны 7 сарын 10-ны өдөр гаргасан. Барилга хот байгуулалтын яамнаас шүүхэд нотлох баримтаар тендерийн баримт бичиг, түүнтэй холбоотой бусад баримтыг ирүүлсэн. Ирүүлсэн нотлох баримтуудыг шинжлэн судалж үзээд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлээд нийтдээ таван нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Барилга, хот байгуулалтын яамнаас тендерийн баримт бичиг боловсруулаад, тухайн баримт бичгийг тендерт оролцогч “А Б Э А Ж Э Б Э” компани худалдаж авсан. Тендерийн нээлтийг 4 сарын 19-ний өдөр хийнэ гэсэн. Хуулиар бол тендерийн нээлтээс нэг цагийн өмнө тендерийн баримт бичгийг хүлээж авах ёстой гэж заасан байгаа. Гэтэл “А Б Э А Ж Э Б Э” компани нь Тендерийн нээлтийн өдөр буюу 4 сарын 19-ний өдөр бичиг баримтаа хүргэж өгсөн. Тендерийн баримт бичигт тендер хэзээ, хаана хэдэн цагаас нээхийг зааж өгсөн байдаг. Гэтэл ямар нэгэн үндэслэлгүйгээр тендерийн нээлтийг хойшлуулж 4 сарын 29-ний өдөр болгосон байгаа. Тендерт оролцогч “З Л Ж Э Б Э” гэх компаниас гомдол гаргасны дагуу тендерийн нээлтийг 10 хоногоор хойшлуулсан гэж үзэж байгаа. Учир нь англи хэл дээр тендерийн баримт бичгийг бэлдээгүй байна гэсэн гомдлын дагуу хойшлуулсан байдаг. Барилга, хот байгуулалтын яамны үнэлгээний хороог тендерийн тухай хууль болон журамд заасан эрх үүргүүдийг зөрчсөн гэж үзэж байна. Тендерийн баримт бичгийг нээлтээс 30 хоногийн өмнө бэлтгэж боловсруулах ёстой байдаг. Мөн гадаадын хуулийн этгээд оролцох эрхтэй гэж заасан. Олон улсын өргөн хэрэглэгддэг хэл дээр тендерийн баримт бичгийг бэлтгэх ёстой. Тендерийн нээлт эхлэхээс 9 хоногийн өмнө буюу 2019 оны 4 сарын 19-ний өдөр оролцож байгаа 2 компанид тендерийн баримт бичгийг англи хэл дээр хөрвүүлж өгсөн. Энэ тухай Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын албан бичигт байгаа. Тендерийн баримт бичиг англи болон монгол хэл зөрчилдвөл монгол хэлийг сонгоно гэж заасан. Гадаадын этгээд оролцож байгаа учраас тендерийн нээлтийг гадаад хэл дээр бэлтгэж оруулах ёстой.
Монголын талаас гадаадаас оролцож байгаа байгууллагын туслан гүйцэтгэгчээр тус тендерт орж байгаа. “З Л Ж Э Б Э” компаний зүгээс “М С К” ХХК компанитай туслан гүйцэтгэгчийн гэрээ байгуулж тендерт оролцсон. Сүүлд судлаж үзэхэд, “М С К” ХХК 4 сарын 24-ний өдөр Барилга, хот байгуулалтын яамны сайдын тушаалаар тусгай зөвшөөрлийг авсан байсан. Тендерийн баримт бичгийг 4 сарын 19-ний өдөр өгсөн. “М С К” ХХК үүнээс хойш 5 хоногийн дараа буюу 2019 оны 4 сарын 29-ний өдөр тендерийн баримт бичигт заасан тусгай зөвшөөрлүүдийг туслан гүйцэтгэгчид тухайн ажлыг 49 хувь хийж гүйцэтгэнэ гэсэн тусгай зөвшөөрлүүдийг холбогдох газруудаас авсан байгаа үүнийг нэг талд давуу эрх олгосон үйлдэл гэж бид нар үзэж байгаа.
“З Л Ж Э Б Э” компани “А Б Э А Ж Э Б Э” компаниас ирүүлсэн бичиг баримтыг судлаад үзэхэд, “З Л Ж Э Б Э” компаниас нилээд их зөрчил илэрсэн байдаг. Энэ зөрчлийг 5 сарын 14-ний өдөр хуралдсан үнэлгээний хорооны 3 дугаар хуралдааны шийдвэрт маш тодорхой зааж өгсөн. Энэ бүх үндэслэлээр шүүхэд гомдол гаргасан” гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С******* шүүх хуралдаан дээр хэлсэн тайлбартаа:
“...Хоёр улсын хоорондын санхүүгийн салбарт хамтран ажиллах гэрээ гэдэг нь маш чухал гэрээ юм. Энэ тендерт оролцох гэж олон компани хүсэж байгаа боловч 51 хувьдаа хүрэхгүй болон Австрийн гарал үүслийг авч чадаагүй компаниуд байгаа. Австри улсад 2019 оны 10 сарын 16-19-ний хооронд хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааны 7 дахь комисс хуралдсан. Австри улсын гол зорилго нь дэвшилтэд технологи, гарал үүсэлтэй гэх журмын дагуу авсан. Монгол Улсад шинэ дэвшилтэд технологийг дэвшүүлж байна. Үүнийг очоод угсраад өгчих зүйл биш, цаашдаа яаж ашиглах, хэрэглэх талаар заадагт оршиж байгаа. Иймд эдгээрийг харгалзан үзэж шийдвэрлэж өгнө үү” гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Б шүүх хуралдаан дээр хэлсэн тайлбартаа:
“...Тендер шалгаруулалтын үйл явц гэдэг нь тендер төсөл, гэрээ байгуулах эрх гэсэн цогц үйл ажиллагаа. Тендерийг хянаж үзэх процесс дээр алдаа гарсан байгаа. Ирсэн баримт бичгийг шаардлага хангаж байна уу гэдгийг шалгаж үзэх ёстой. Үнэлгээний хорооны шийдвэрээс тодорхой харагддаг. Өөрөөр хэлбэл, ажлаа цааш явуулах үүднээс бага үнийн саналтай компанийг шалгаруулдаг. Тендерийн тухай хуулийн 27 дугаар зүйлд зааснаар хянаж үзээд 27 дугаар зүйлийн 3-т зааснаар шаардлага хангаж байна гэж үзээд, 28 дугаар зүйлд зааснаар үнэлэх ажиллагаа явуулах ёстой. Хамгийн чухал процесс бол хянах юм, гэтэл энэ нь алдагдсан. Шууд хамгийн бага үнийн саналтай компанийг тодруулсан. Хянаж үзсэн бол гуравдагч этгээдийн материал бүрдэл шаардлага хангаагүй байсан. Англи хэл дээр бэлтгэх нь захиалагчийн үүрэг, хорооны үүрэг байсан. Энэ нь зохион байгуулалтын шинжтэй ажил, үүнээс хамаараад гомдол гаргангуут хугацааг нь сунгасан. Тендерийн тухай хуулийн 20.2-т заасан үндэслэл. Тендерийн тухай хуулийн 54.4-т заасныг баримтлан шийдсэн. Хугацаа сунгахыг яагаад эрхгүй гэж үзээд байна гэхээр, нийтийн эрх зүй хувийн эрх зүй гэдгийг ялгах эрхтэй. Нийтийн эрх зүйд зөвшөөрснөөс бусдыг хориглодог. Хувийн эрх зүйд хориглосноос бусдыг зөвшөөрдөг. Гуравдагч этгээдийн хувьд энэ хугацаанд тусгай зөвшөөрөл нь гардаг. Энэ нь өрсөлдөх тэгш боломжоор хангана гэдэг зарчим зөрчилдөж байгаа. Хянах процесс алдаагүй байсан бол энэ шалгуур үзүүлэлтийг хангахгүй байсан. Гуравдагч этгээд сая итгэмжлэлээ өгч байна. Энэ итгэмжлэл тендерийн баримт бичиг дотор байдаггүй. Тэгэхээр тухайн мөчид В.Г төлөөлөх эрхтэй байсан гэж ойлгохгүй байна. Хоёр зүйл дээр төлөөлөх эрхийн тухай ярьж байна. Нэгдүгээрт, Туслан гүйцэтгэгчтэй илт хууль бус хэлцэл, “М С К” ХХК-ийг төлөөлөөд туслан гүйцэтгэгч нартай гэрээ байгуулсан байдаг. Дараа нь “М С К” ХХК-ийг төлөөлөөд тендерийн үйл ажиллагаанд оролцоод захирал гэж гарын үсэг зурсан байдаг. Тендерийн баримт бичиг хууль ёсны байх ёстой. Гэтэл төлөөлөх эрхгүй байж, тендерийн үйл ажиллагаанд оролцоод явж байгаа нь хууль бус байна. Мөн туршлагын тухай асуудал, санхүүгийн тухай асуудал гарч ирнэ. Санхүүгийн чадвартай байх ёстой үүнийг яаж нотлох вэ гэхээр аудитаар баталсан тайланг ирүүлэх ёстой. Гэтэл хяналтын үйл ажиллагаанаас болж энэ нөхцөл байдал илэрсэнгүй. Илрүүлэхийг хүсээгүй байх гэж бодож байна. Үнэлгээний хорооны гол нөхцөл нь энэ. Тусгай зөвшөөрөлгүй байсан компани яаж туршлагатай байх вэ. Хянах процесс зөрчигдсөн учраас энэ нөхцөл байдлуудыг ярьж байна. Тендерийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-г зөрчсөн байна. Үнэлгээний хорооны шийдвэр хууль бус болох нь үүгээр нотлогдож байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү” гэв.
Хариуцагч Барилга, хот байгуулалтын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
“...Барилга, хот байгуулалтын яамнаас Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хооронд байгуулсан “Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр”-ийн хүрээнд Австри Улсын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх “Дэд бүтцийн хөгжил-Сонгинохайрхан төсөл”-ийн зураг төсөл, барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг 2019 оны З сарын 19-ний өдөр зарласан.
Гэтэл тендер хүлээн авах хугацаанаас 10 хоногийн өмнө буюу 2019 оны 4 сарын 10-ны өдөр уг тендерт оролцохоор тендерийн баримт бичиг худалдан авсан Австри Улсын “З Л Ж Э Б Э” компаниас дээрх тендер шалгаруулалтад холбогдуулан захиалагч Барилга, хот байгуулалтын яаманд хандан гомдол гаргасан.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 54.1-д “Тендер шалгаруулалттай холбогдуулан хүлээсэн үүргээ захиалагч зөрчсөн гэж үзвэл тендерт оролцогч энэ тухай мэдсэнээс хойш ажлын 5 хоногийн дотор захиалагчид бичгээр гомдол гаргаж болох бөгөөд гомдолд зөрчлийг нотлох баримтыг хавсаргана”, 54.4-т “Захиалагч гомдлыг хүлээн авснаас хойш ажлын 10 хоногийн дотор хянан шийдвэр гаргах бөгөөд уг шийдвэрт гомдлыг хүлээж аваагүй бол түүний үндэслэл, гомдлыг хүлээн зөвшөөрсөн бол түүнийг барагдуулах арга хэмжээг тусгасан байна” гэж заасны дагуу уг гомдлыг шийдвэрлэх зорилгоор захиалагч тус яамнаас тендер хүлээн авах хугацааг 10 хоногоор сунган, энэ тухай тендерийн баримт бичиг худалдан авсан бүх оролцогчдод албан бичгээр мэдэгдэж, БНАУ-ын “О” банк болон тендерт оролцох батламж бичиг бүхий БНАУ-ын компаниудад уламжилж өгөх хүсэлтийг Монгол Улсаас Бүгд Найрамдах Австри Улсад суугаа Элчин сайдын яаманд хүргүүлсэн байна.
Мөн тендер хүлээн авах хугацааг 10 хоногоор сунгасан захиалагчийн шийдвэрт холбогдуулан тендерт оролцогч Австри улсын “А Б Э А Ж Э Б Э” компаниас захиалагчид гаргасан гомдлыг 2019 оны 4 сарын 22-ны өдөр тус яам хүлээн авч гомдол гаргагч талуудыг гаргасан гомдлыг нь барагдуулах нэгдсэн уулзалтад оролцохыг урьж 2019 оны 4 сарын 24-ний өдөр уулзалтыг зохион байгуулан “З Л Ж Э Б Э” компанийн гомдлын хариуг 03/1426 тоот албан бичгээр, “А Б Э А Ж Э Б Э” компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ж гомдлын хариуг 03/1427 тоот албан бичгээр тус тус өгсөн.
Иймд тендер хүлээн авах хугацааг тус тус 10 хоногоор сунгасан захиалагчийн шийдвэр нь уг тендерүүдэд “А Б Э А Ж Э Б Э” компанийн оролцох эрхийг хязгаарлаагүй бөгөөд 2019 оны 4 сарын 29-ний өдөр хүлээн авч нээсэн уг тендерт “А Б Э А Ж Э Б Э” компани нь тендерээ ирүүлсэн болно.
Уг тендерт 2 компани материал ирүүлснээс Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7 дахь хэсэг болон 28.7.3 дэх заалтын дагуу тендерүүдийг бага харьцуулах үнэтэйгээс их харьцуулах үнэтэй рүү нь эрэмбэлж бага харьцуулах үнэтэй тендерийг сонгох зарчмаар шалгаруулахад “З Л Ж Э Б Э” компанийн тендер нь шаардлага хангаж буй бага үнэтэй, “хамгийн сайн” гэж үнэлэгдсэн болохыг үнэлгээний хорооны гишүүдийн олонхийн саналаар дэмжиж Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсгийг үндэслэн түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй “Дэд бүтцийн хөгжил-Сонгинохайрхан төсөл”-ийн зураг төсөл боловсруулах, барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн гүйцэтгэгчээр эрх бүхий бөгөөд тендерт оролцогчийн гэрээг хэрэгжүүлэх чадварын шалгуур үзүүлэлтүүдийг хангасан, хамгийн бага харьцуулах үнийн саналтай буюу “хамгийн сайн” гэж үнэлэгдсэн “З Л Ж Э Б Э” компанийг шалгаруулж гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг Захиалагч, Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргад хүргүүлж, хуульд заасан хугацаанд гэрээ байгуулахыг зөвлөмж болгож шийдвэрлэсэн.
Гэвч Барилга, хот байгуулалтын яамны 2019 оны 03/2669 дүгээр гэрээ байгуулах эрх олгох мэдэгдлийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэгч ““А Б Э А Ж Э Б Э” компанийн гаргасан гомдлыг Сангийн яамнаас хянан үзэж “А Б Э А Ж Э Б Э” компанийн тендер нь тендерт оролцогчийн 2016-2018 онд хийж гүйцэтгэсэн ижил төстэй ажлын жагсаалтад дурдсан ажлуудаас 2016-2018 онд 1 сая гаруй еврогийн гэрэлтүүлгийн ажил гүйцэтгэсэн байгаа нь ТШӨХ-ийн ТОӨЗ- 6.3 а-д “... сүүлийн 3 жил буюу 2016, 2017, 2018 онуудын аль нэг жилд хийж гүйцэтгэсэн ажил, гэрэлтүүлгийн борлуулалтын ... нийт мөнгөн дүн дунджаар 3 сая ам.доллараас багагүй байх” шалгуур үзүүлэлтийг хангахгүй байна” гэж, “Оролцогчийн тендерт гэрээт ажлыг гүйцэтгэхэд санал болгосон ерөнхий инженер нь гэрээнд заасан ажилтай төрөл үнийн дүнгээрээ дүйцэх ажил дээр ажилласан туршлагатай байх ба сүүлийн 3 жилд гадна гудамжны гэрэлтүүлгийн олон улсын төслийн удирдагчаар ажиллаж байсан туршлагатай байх” гэсэн шалгуур үзүүлэлтийг хангахгүй байна” гэж гомдлыг нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж уг тендер шалгаруулалтын үйл ажиллагааг цааш үргэлжлүүлэхийг мэдэгдсэн.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлд заасны дагуу гарсан Сангийн яамны дээрх шийдвэр болон мөн хуулийн 12.4 дэх хэсэгт “Захиалагч «хамгийн сайн» үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгохоос өмнө энэ хуулийн 12.2-т заасан чадавхийн шаардлагыг хангаж байгаа эсэхийг дахин магадалж болно” гэж заасны дагуу захиалагчаас уг тендерийг магадалж Австри Улсын “З Л Ж Э Б Э” компанитай түлхүүр гардуулах нөхцөлтэй “Дэд бүтцийн хөгжил-Сонгинохайрхан төсөл”-ийн зураг төсөл боловсруулах, барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээг 6.176.470,69 евро /зургаан сая нэг зуун далан зургаан мянга дөрвөн зуун далан евро жаран цент/-гоор гүйцэтгүүлэх гэрээг 2019 оны 7 сарын 9-ний өдөр байгуулсан болно.
Нэхэмжлэгч “А Б Э А Ж Э Б Э” компани нь тендерийн шалгуурыг хангахгүйгээс гадна ирүүлсэн үнийн санал нь бусад оролцогчийн үнийн саналаас 243 425,69 еврогоор илүү үнэтэй байснаас уг тендерт шалгараагүй бөгөөд үүнийгээ хүлээн зөвшөөрч байгаа нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас тодорхой харагдаж байна.
Иймд “А Б Э А Ж Э Б Э” компанийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье” гэжээ.
Хариуцагч Барилга, хот байгуулалтын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч, мөн яамны Тендерийн үнэлгээний хорооны дарга Б.Н шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
“ ... Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид нэхэмжлэлийн шаардлага өөрчлөх эрх олгогдоогүй байна. Иймд нэхэмжлэлийн ихэсгэж, өөрчлөх тухай шаардлагаас үзвэл “А Б Э А Ж Э Б Э” компани нь анх гаргасан “Барилга, хот байгуулалтын яамны 2019 оны 03/2669 дүгээр гэрээ байгуулах эрх олгох мэдэгдлийг хүчингүй болгох, тус яамнаас зарласан “Дэд бүтцийн хөгжил- Сонгинохайрхан” төслийн зураг төсөл боловсруулах, барилга угсралтын ажил гүйцэтгэх /БХБЯ// төсөл арга хэмжээний тендер шалгаруулалтыг дахин явуулах” зэрэг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байгаа гэж ойлгогдохоор байна. Иймд уг татгалзсан хэсгийг дээрх хуулийн 109.1 дэх хэсэгт зааснаар шийдвэрлэж өгөхийг хүсье.
“Дэд бүтцийн хөгжил-Сонгинохайрхан төсөл”-ийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороо 2019 оны 4 сарын 29-ний өдөр хүлээн авч нээсэн уг тендерт 2 компани материал ирүүлснээс Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7 дахь хэсэг болон 28.7.3 дахь заалтын дагуу тендерүүдийг бага харьцуулах үнэтэйгээс их харьцуулах үнэтэй рүү нь эрэмбэлж бага харьцуулах үнэтэй тендерийг сонгох зарчмаар шалгаруулахад “З Л Ж Э Б Э” компанийн тендер нь шаардлага хангаж буй бага үнэтэй, “хамгийн сайн” гэж үнэлэгдсэн болохыг үнэлгээний хорооны гишүүдийн олонхийн саналаар дэмжиж Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсгийг үндэслэн түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй “Дэд бүтцийн хөгжил-Сонгинохайрхан төсөл”-ийн зураг төсөл боловсруулах, барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн гүйцэтгэгчээр эрх бүхий бөгөөд тендерт оролцогчийн гэрээг хэрэгжүүлэх чадварын шалгуур үзүүлэлтүүдийг хангасан, хамгийн бага харьцуулах үнийн саналтай буюу “хамгийн сайн” гэж үнэлэгдсэн “З Л Ж Э Б Э” компанийг шалгаруулж гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг Захиалагч, Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргад хүргүүлж, хуульд заасан хугацаанд гэрээ байгуулахыг зөвлөмж болгож шийдвэрлэсэн.
Үнэлгээний хорооны гаргасан шийдвэрийг захиалагч Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47.2.2-т “тендерийг хянан үзэх, үнэлэх, үнэлгээний дүгнэлт гаргах, гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг захиалагчид өгөх. Уг шийдвэрийг энэ хуулийн 46.2-т заасан захиалагчийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан үндэслэлгүйгээр өөрчлөхийг хориглоно” гэж, 12.4 дэх хэсэгт “Захиалагч «хамгийн сайн» үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгохоос өмнө энэ хуулийн 12.2-т заасан чадавхийн шаардлагыг хангаж байгаа эсэхийг дахин магадалж болно” гэж тус тус заасны дагуу захиалагч дахин магадалж шийдвэрлэсэн.
Мөн Барилга, хот байгуулалтын яамны 2019 оны 03/1909 дүгээр гэрээ байгуулах эрх 1 олгох мэдэгдлийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэгч “А Б Э А Ж Э Б Э” компанийн гаргасан гомдлыг Сангийн яамнаас хуульд заасан урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар хянан үзэж “А Б Э А Ж Э Б Э” компанийн тендер нь тендерт оролцогчийн 2016-2018 онд хийж гүйцэтгэсэн ижил төстэй ажлын жагсаалтад дурдсан ажлуудаас 2016-2018 онд 1 сая гаруй еврогийн гэрэлтүүлгийн ажил гүйцэтгэсэн байгаа нь ТШӨХ-ийн ТОӨЗ-6.3 (а)-д "... сүүлийн 3 жил буюу 2016, 2017, 2018 онуудын аль нэг жилд хийж гүйцэтгэсэн ажил, гэрэлтүүлгийн борлуулалтын ... нийт мөнгөн дүн дунджаар 3 сая ам.доллараас багагүй байх” шалгуур үзүүлэлтийг хангахгүй байна” гэж, “Оролцогчийн тендерт гэрээт ажлыг гүйцэтгэхэд санал болгосон ерөнхий инженер нь гэрээнд заасан ажилтай төрөл үнийн дүнгээрээ дүйцэх ажил дээр ажилласан туршлагатай байх ба сүүлийн 3 жилд гадна гудамжны гэрэлтүүлгийн олон улсын төслийн удирдагчаар ажиллаж байсан туршлагатай байх” гэсэн шалгуур үзүүлэлтийг хангахгүй байна” гэж гомдлыг нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж уг тендер шалгаруулалтын үйл ажиллагааг цааш үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн нь хүчинтэй байна.
Иймд нэхэмжлэлийн өөрчлөн нэмэгдүүлсэн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье” гэжээ.
Хариуцагч бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н шүүх хуралдаан дээр хэлсэн тайлбартаа:
“...бид нар тайлбар өгөхдөө, шаардлага хангахгүй тендер ирүүлснийгээ нотолж байна гэсний дагуу нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж үнэлгээ дахин хийлгэхийг даалгах гэж оруулж ирсэн. Нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үнэлгээний хорооны гишүүд нэг бүрчлэн үнэлсэн тухай нотлох баримт өгсөн байгаа. Тендер хүлээн авахад 10 хоногоор сунгасан хугацааг олон ярьж байна. Тендерийн баримт бичиг бэлтгэх үүрэг үнэлгээний хороонд байдаг. Үнэлгээний хороонд хяналт тавих эрх нь захиалагчид байдаг. Үнэлгээний хороо ямар алдаа гаргасан гэхээр, Тендерийн баримт бичгийг англи хэл дээр орчуулаагүй гэсэн. Тухайн гомдлыг хүлээж авахгүй цааш явсан бол тендер шалгаруулалт хүчингүй болно. Хуулийн заалт зөрчигдсөн, оролцогч нарыг тэгш эрхээр хангаагүй гэдэг үндэслэлээр. Тендерийн тухай хуулийн 24.3-т “Нээлттэй тендер шалгаруулалтын тухайд тендер хүлээн авах эцсийн хугацааг 30 буюу түүнээс дээш хоногоор тогтооно” гэж байгаа. Гомдлын дагуу захиалагч ямар арга хэмжээ авсан гэхээр үнэлгээний хорооны зөрчлийг засуулж хуульд заасан гомдол хянан шийдвэрлэх хугацааг тендер хүлээн авах баримт бичигт өөрчлөлт оруулаад 10 хоногоор сунгасан. Нэхэмжлэгч тал захиалагч болон Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Сангийн яаманд тус тус гомдол гаргасан. Энэ гомдолд манай шийдвэрийг хүчингүй болгосон эсрэг шийдвэр нэг ч гараагүй. Сунгасан хугацаандаа тендерээ хүлээн зөвшөөрөөд ирүүлсэн. 10 хоног сунгасан нь хууль бус гэдэг бол үндэслэлгүй. Үнэлгээний хорооны 3 дугаар хурлын тэмдэглэл дээр би энэ тендерт оролцогч хоёр компани Австри Улсын сангийн яамнаас батламж болон тэндээс тодорхойлсон бичигтэй байна, тиймээс хуулийн 14 дүгээр зүйлээс 16 дугаар зүйлд заасан санхүүгийн болон техникийн чадварыг үнэлнэ гэж хэлсэн байгаа. Үнэлгээний хороо хуралдсан гишүүд өөрийнхөө дотоод итгэл үнэмшлээр бие дааж шийдвэр гаргадаг. Үнэлгээний хорооны дарга удирдлага зохион байгуулалтыг хангаж ажилладаг. Мэргэшсэн сертификаттай хүмүүс ажилладаг. Үнэлсэн тэр хүмүүсийг одоо дахиад үнэл гэж юу гэсэн үг вэ? Хүчээр албадаж дахиж үнэлүүлэх боломжгүй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэсэн саналтай байна” гэв.
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Г шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
“... “Дэд бүтцийн хөгжил-Сонгинохайрхан төсөл” тендерийн баримт бичгийн ТОӨЗ 4-д заасны дагуу тус тендерт Бүгд Найрамдах Австри Улсын эрх бүхий байгууллагын батламжтай хуулийн этгээд буюу гадаадын этгээд оролцож буйтай холбогдуулан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /цаашид “ТБОНӨХБАҮХАтХ” гэх/ 23 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Тендерийн баримт бичиг, урилгыг дараахь тохиолдолд монгол хэлнээс гадна олон улсын худалдаанд өргөн хэрэглэгддэг хэл дээр бэлтгэнэ; 23.1.1 энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу гадаад этгээд худалдан авах ажиллагаанд оролцох эрхтэй бол”, ТОӨЗ 12.1- д “Тендерт оролцогч нь Монгол хэл болон Англи хэл дээр тендерээ бэлтгэн ирүүлнэ” гэж тус тус заасны дагуу Захиалагчийн тендерийн баримт бичиг англи, монгол хэл дээр бэлтгэгдэж, тендер зарлах үед оролцогч нарт олгогдох ёстой байсан боловч орчуулга хийгдэж, хянагдаж байна гэх шалтгаанаар хугацаандаа олгогдохгүй хойшилсон явдал, мөн монгол болон англи хэл дээрх тендерийн баримт бичгийн нөхцөл шаардлагууд нь хоорондоо агуулгын хувьд зөрүүтэй байсан зэрэг нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Захиалагч тендерийн баримт бичгийг тендерийн урилга нийтлэгдэх өдрөөс өмнө бэлэн болгосон байх үүрэгтэй”, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ Захиалагч тендерт оролцогчдод тендер бэлтгэж ирүүлэх хангалттай, ижил хугацаа олгоно”, мөн хуулийн 47 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт "техникийн тодорхойлолт бэлтгэх, тендерийн урилга, тендерийн баримт бичгийг боловсруулах ... ажиллагааг холбогдох зааврын дагуу гүйцэтгэх” гэж тус тус заасан үүргээ Үнэлгээний хороо зохих ёсоор биелүүлээгүйн улмаас хоног хугацаа алдуулан тендерт оролцогч гадаад улсын хуулийн этгээдэд тендерт бэлтгэх хангалттай хугацааг олгоогүй, гадаад улсын хуулийн этгээдийн өрсөлдөх тэгш боломжийг хязгаарласан тул, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулиар Захиалагч үнэлгээний хорооны үйл ажиллагаа хууль тогтоомжид нийцсэн эсэхэд хяналт тавьж, гарсан зөрчлийг арилгуулах эрхтэй тул хуулийн 54 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар захиалагч Барилга, хот байгуулалтын яаманд гомдол гаргасан болно.
Захиалагч нь тендерт оролцогчийн гомдлыг хүлээн авч, ТБОНӨХБАҮХАтХ-ийн 54 дүгээр зүйлийн 54.4 дэх хэсэгт заасны дагуу гомдлыг хянан шийдвэрлэхийн тулд хойшлуулсан байх тул тендер нээх хугацааг тодорхойгүй шалтгааны улмаас хойшлуулсан гэх тайлбар нь үндэслэлгүй юм.
“З Л Ж Э Б Э” нь харилцагч банкны тодорхойлолтоор 7,500,000 еврогийн хувьцаат хөрөнгөтэй /энэ нь тус тендерийн үнийн дүнтэй харьцуулахад 1,2 дахин их байгаа нь ТОӨЗ 6.3 (д)-д заасан үнийн дүнгийн 30% гэсэн шаардлагыг бүрэн хангасан/, сүүлийн 3 жилийн борлуулалтын орлогын талаар мэдээлэл нь 2016 онд 1,356,500,000 евро, 2017 онд 1,303,900,000 евро, 2018 онд 1,196.500,000 евро /тус тендерийн үнийн дүнтэй харьцуулахад 193,7-219,6 дахин их байгаа нь ТОӨЗ 6.3 (д)-д заасан үнийн дүнгийн 30% гэсэн шаардлагыг бүрэн хангасан/, мөн түргэн хөрвөх чадвартай хөрөнгө нь 2016 онд 88,400,000 евро, 2017 онд 88,100,000 евро, 2018 онд 84,500,000 евро /тус тендерийн үнийн дүнтэй харьцуулахад 13,6-14,31 дахин их байгаа нь ТОӨЗ 6.3 (д)-д заасан үнийн дүнгийн 30% гэсэн шаардлагыг бүрэн хангасан/ болох нь тендерийн баримт бичигт хүргүүлсэн 2019.04.10-ны өдрийн Райффейсен банк интернейшнл харилцагч банкны мэдэгдэл, “З Л Ж Э Б Э”компанийн 2016, 2017, 2018 оны санхүүгийн тайлан, сүүлийн 3 жилийн хугацааны борлуулалтын талаарх мэдээллээр тус тус нотлогдоно.
“З Л Ж Э Б Э” компани нь тус тендерт санал болгосон бараа нь захиалагчийн тендерийн баримт бичигт заасан техникийн тодорхойлолтод заасан үзүүлэлт, хүчин чадлын шаардлагыг бүрэн хангасан бөгөөд ТШӨХ-ийн ТОӨ3.5-д “Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хооронд байгуулсан “Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр”-т заасны дагуу нөхцөлт тусламжийн зээлийн хөрөнгийг Австри Улсын гарал үүсэл бүхий бараа, үйлчилгээг худалдан авахад ашиглах бөгөөд 50 хүртэлх хувь нь бусад улсын гарал үүсэлтэй бараа, бүтээгдэхүүн байж болно” гэж заасны дагуу үнийн дүнгийн 51 хувьд Австри Улсын гарал үүсэл бүхий бараа, үйлчилгээг санал болгож, тендерийн нөхцөл, шаардлагыг бүрэн хангасан болно.
“З Л Ж Э Б Э” компани нь тус төслийг хэрэгжүүлэх ажиллах хүчний мэдээлэлд захиалагчийн тендерийн баримт бичгийн ТХӨШ-ийн ТОӨЗ 6.3 (г)-ээр шаардсан тоо, мэргэжил, туршлагын шаардлагыг бүрэн хангасан инженер техникийн ажилчид, мөн түүнээс гадна тус төсөлд ажиллах гэрэлтүүлгийн мэргэшсэн болон 014 гэрчилгээ бүхий 25 мэргэжлийн инженерийн мэдээллийг хүргүүлсэн, ажиллах хүчний хувьд хангалттай хүрэлцээтэй юм.
Туслан гүйцэтгэгч “М С К” ХХК нь ТШӨХ-ийн ТОӨЗ- ны 4.4 в-д заасан тусгай зөвшөөрөлтэй ба тусгай зөвшөөрөл нь гэрээт ажил дуусах хүртэл хүчинтэй байгаа нь тендерт заасан техникийн шаардлагыг бүрэн хангасан болно.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу тендерийг хянан үзэх шатанд шалгарсан бүх тендерийг Тендерийн үнэлгээний шатанд үнэлсэн ба мөн хуулийн 28 дугаар зүйлийн 3 дах хэсэгт “Шаардлагад нийцсэн тендерүүдийг үнэлэх үндсэн шалгуур нь тендерийн үнэ байна” гэж заасны дагуу үнэлэн, мөн хуулийн 28 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэгт “бүх тендерийг бага харьцуулах үнэтэйгээс их харьцуулах үнэтэй рүү нь эрэмбэлж хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг сонгоно”, мөн хуулийн 28.7.4-д “хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендер гэж үзнэ” гэж тус тус заасны дагуу үнэлгээний шатанд шалгарсан “З Л Ж Э Б Э” компанийн тендерт ирүүлсэн үнийн санал нь “А Б Э А Ж Э Б Э” компанийн ирүүлсэн үнийн саналтай харьцуулахад 243,424.31 еврогоор бага буюу хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг санал болгосноороо “хамгийн сайн” үнэлэгдсэн тендерээр шалгарсан” гэжээ.
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н шүүх хуралдаан дээр хэлсэн тайлбартаа:
“Нэхэмжлэгч талаас тендерийн баримт бичгийн шаардлага хангаагүй гэсэн тайлбар хэлж байна. “З Л Ж Э Б Э” компани захиалагч Барилга, хот байгуулалтын яаманд хүргүүлсэн тендерийн баримт бичиг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлээс 16 дугаар зүйлд заасан шаардлага, захиалагчийн нөхцөл шаардлагыг бүгдийг хангаж материалаа хүргүүлсэн. Гомдол гаргах болсон шалтгаан нь, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 23 дугаар зүйлд “Тендерийн баримтад гадаадын этгээд оролцож байгаа тохиолдолд тендерийн баримт бичгийг олон улсын хэл дээр хийх ёстой”, 22 дугаар зүйлд “Тендерийн урилга буюу тендерийг зарлахаас өмнө англи болон монгол дээр тендерийг бэлэн болгох ёстой”. Мөн хуулийн 24 дүгээр зүйлд “тендерт оролцогчдод тендерт бэлтгэх хангалттай хугацааг олгох ёстой” гэж заасан байгаа. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлд “Худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална” гэж заасан. Гадаадын этгээд оролцож байгаа тохиолдолд тендерийн баримт бичгийг монгол хэл дээр өгөөд, гадаад хэл дээрх нь 4 сарын 12-ны өдөр mail хаягаар ирсэн байдаг. Тухайн үед амралтын өдөр таарсан бөгөөд 4 сарын 15-ний өдөр тус мэйлийг хүлээж авсан. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 24 дүгээр зүйлд заасан тендерт оролцох хангалтай хугацаа олгоогүй буюу бидний оролцох боломжийг хязгаарласан учраас гомдол гаргасан. Захиалагчид Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.2 “үнэлгээний хорооны үйл ажиллагаа, үнэлгээний дүгнэлт холбогдох хууль тогтоомжид нийцсэн эсэхэд хяналт тавьж, гарсан зөрчлийг арилгуулах” эрх олгогдсон байгаа. Эрх хэмжээнийхээ хүрээнд гомдол гаргасан учраас шийдвэрлэсэн гэж бодож байна.
“М С К” ХХК тусгай зөвшөөрөлгүй байсан гэж байна. Тендерийг 2019 оны 4 сарын 29-ний өдөр нээсэн. “М С К” ХХК тусгай зөвшөөрөл бүгдээрээ тендерийн баримт бичгийн 4.4-ийн в-д заасан шаардлагыг бүрэн хангасан. Харин нэхэмжлэгч нь тендерт өгсөн баримт бичигтээ 549-505 дугаар хуудсан дээр тусгай зөвшөөрлийн материал байгаа. Үүн дээр ЗТ-ийн 2-ийн 1 болон ЗТ-ийн 8-ийн 1 тусгай зөвшөөрөл байхгүй. Мөн тусгай зөвшөөрөл буюу ЗТ-ийн 3-ийн 1, 3.6, 4.6, 11.2-ийн тусгай зөвшөөрөл байхгүй. Манай баримт бичиг шаардлага хангаж тендерийн баримт бичигт хийгдсэн байгаа. Нэхэмжлэгч талын тусгай зөвшөөрөл шаардлага хангагдаагүй байна. Итгэмжлэх эрхгүй этгээд гэрээ байгуулсан байна гэж байна. Захиалагчийн тендерийн баримт бичгийн ТОӨЗ болон ТШӨХ-ийн алинд нь ч туслан гүйцэтгэгч буюу компани төлөөлөх эрхгүй этгээд мөн үү, биш үү гэснийг хавсаргах нотлох баримт шаардаагүй. Зөвхөн туслан гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээний эх хувийг нэхсэн. Гүйцэтгэх захирал биш гэж байгаа энэ нь тендерийг баримт бичигт шаардаагүй учраас бид нар нотлох баримтыг баримт бичигт өгөөгүй байсан. Харин нэхэмжлэгч талаас шүүхэд нэхэмжлэл гаргаад явах шатанд нотлох баримтыг гаргаж өгсөн. Итгэмжлэл буюу төлөөлөх эрхгүй этгээдийн тухай асуудал ярьж байна. Төлөөлөх эрхгүй этгээд гэвэл, иргэний эрх зүйн харилцаагаар зохицуулагдах асуудал. Иргэний хуулийн 68 дугаар зүйл болон 69 дүгээр зүйлд төлөөлөх эрхгүй этгээд хийсэн хэлцэл ямар байх вэ? Тухайн хэлцлийг хүчин төгөлдөр буюу хүчин төгөлдөр бус гэж тооцох асуудлыг зохицуулсан байдаг, 68 дугаар зүйлд заасан төлөөлөх эрхгүй этгээд хэлцэл хийсэн тохиолдолд үүнийг төлөөлүүлэх байсан этгээд буюу “М С К” ХХК ерөнхий захирал татгалзах, үгүй бол “З Л Ж Э Б Э” компаниас төлөөлөх эрхгүй этгээд байна энэ гэрээний дагуу эрх үүрэг үүсэхэд татгалзах зүйл байна уу гэдэг зөвшилцлийг авах асуудал яригдах ёстой. Энэ хүртэл төлөөллийн талаар маргааны асуудал өрнөөгүй байгаа. Иймд нэхэмжлэгч талын ярьж байгаа төлөөлөх эрхгүй этгээд төлөөлсөн гэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.
“М С К” ХХК туршлагагүй, санхүүгийн ямар нэгэн тодорхойлолт өгөөгүй гэж байна. Тендерийн баримт бичиг дээр буюу ТОӨЗ, ТШӨХ-ийн 6-ийн 2-т Тендерт оролцогч болон үйлдвэрлэгч туслан гүйцэтгэгчийн өөрийн оролцох чиглэлээр туршлагатай эсэх гэж тендерийн баримт бичигт орж ирсэн байсан. Бид нар тодруулж асуусан энэхүү туршлагатай эсэх гэдэг асуултад туслан гүйцэтгэгч хамаарах уу?, заавал туршлага шаардаж байгаа юу гэж асуухад Барилга, хот байгуулалтын яамнаас 2019 оны 4 сарын 15-ний өдөр 03/1264 тоот тодруулгын хариуг ирүүлсэн байгаа. Энэ хариу нь ТШӨХ-ийн ХОЗ-ийн 6.2 болон 6.2.4-т 2-д заасан заалтын ерөнхий гүйцэтгэгчээр оролцогч нь хангасан байхад болно гэж заасан. Санхүүгийн ямар нэгэн шаардлагыг нэхээгүй. Бид нар зөвхөн 4.4-ийн в-д юу нэхсэн гэхээр туслан гүйцэтгэгч нь тусгай зөвшөөрөлтэй байна. Тусгай зөвшөөрөл нь гэрээний хугацаанд хүчин төгөлдөр байна гэж заасан. “Магнус Сентурион констракшн” ХХК тусгай зөвшөөрөл нь тендерийн баримт бичигт байгаа. Тендерийг үнэлэхэд санхүүгийн шаардлага хамаагүй. Туслан гүйцэтгэгч нь гэрээгээ тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, гэрээний хамт өгөх ёстой гэсэн заалтыг хэрэглэж байна. Гэтэл 4-ийн 4-ийн в-д гэрээг тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбарыг нотариатаар батлуулж өг гэсэн. Тендерийн баримт бичгийг бүх нөхцөл шаардлагыг хангасан байдлаар бүрдүүлсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна” гэв.
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Г шүүх хуралдаан дээр хэлсэн тайлбартаа:
“... “З Л Ж Э Б Э” компани энэхүү тендерт хууль ёсны дагуу тэнцсэн гэж үзэж байна. Үүнтэй холбогдуулан нэхэмжлэгч талаас гаргаж байгаа аливаа хүсэлтүүд нь нотлох баримтыг шинжлэн судлах хэсэг дээр яригдах байх. Материалаа дутуу судалсан байна. Энэ асуудлыг нотлох баримтын хүрээнд 2 талаасаа баримтаа харуулаад нотлоод явъя. Нэхэмжлэгчийн гаргаж байгаа нэхэмжлэл үндэслэлгүй буюу хууль зүйн шаардлага хангахгүй гэж үзэж байна” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч БНАУ хуулийн этгээд болох “А Б Э А Ж Э Б Э” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс шүүхэд хандан анх “Барилга хот байгуулалтын яамны 2019 оны 5 сарын 24-ний өдрийн 03/2669 дүгээр гэрээ байгуулах эрх олгох мэдэгдлийг хүчингүй болгуулж, Барилга, хот байгуулалтын яамнаас 2019 онд зарласан “Дэд бүтцийн хөгжил-Сонгинохайрхан төсөл”-ийн зураг төсөл боловсруулах барилга угсралтын ажил гүйцэтгэх БХБЯ/ дугаар төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгох нээлттэй тендер шалгаруулалтыг дахин явуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байдаг.
Улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэн, өөрчилж ирүүлжээ[1]. Үүнд:
1. Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 4 сарын 20-ны өдрийн А/89 дүгээр тушаалаар байгуулагдсан “Дэд бүтцийн хөгжил-Сонгинохайрхан төсөл”-ийн зураг төсөл, барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Тендерийн үнэлгээний хорооны 2019 оны 5 сарын 14-ний өдрийн 03 дугаар хуралдааны шийдвэрийг хүчингүй болгуулах;
2. Барилга, хот байгуулалтын яамны 2019 оны 5 сарын 24-ний өдрийн 03/1912 дугаар “А Б Э А Ж Э Б Э” компанийн тендерээс татгалзсан мэдэгдлийг хүчингүй болгуулах;
3. Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэнгийн 2019 оны 5 сарын 24-ний өдрийн 03/1909 дугаар “З Л Ж Э Б Э” компанид гэрээ байгуулах эрх олгох мэдэгдлийг хүчингүй болгуулах;
4. Захиалагч Барилга, хот байгуулалтын яам, гүйцэтгэгч “З Л Ж Э Б Э” компанитай байгуулсан 2019/148 дугаар Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй “Дэд бүтцийн хөгжил-Сонгинохайрхан төсөл”-ийн зураг төслийн ажил, барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээг хүчингүй болгуулах;
5. Дэд бүтцийн хөгжил-Сонгинохайрхан төсөл”-ийн зураг төслийн ажил, барилга угсралтын ажил гүйцэтгэгчийн сонгон шалгаруулах үүрэг бүхий Тендерийн үнэлгээний хорооны хурлыг дахин хуралдуулж, “А Б Э А Ж Э Б Э” компани, “З Л Ж Э Б Э” компанийн ирүүлсэн тендерийг дахин үнэлэхийг даалгах.
Гэх эдгээр таван шаардлага бүхий нэхэмжлэлийн дагуу маргааны зүйлээ тодорхойлохдоо, “тендерийг шударгаар үнэлээгүй, тендерийн нээлт болох хугацаагаа үндэслэлгүй сунгасан, туслан гүйцэтгэгчийн төлөөлөх хууль ёсны итгэмжлэл тендерийн материалд авагдаагүй, аудитаар баталгаажсан тайлангаа ирүүлээгүй, туршлага байхгүй компанийг шалгаруулсан, тэгш өрсөлдөх боломжийг хязгаарласан” зэргээр нэхэмжлэгч тал үзсэн бол, хариуцагч нарын зүгээс “Үнэлгээний хорооны гишүүд нэг бүрчлэн өөр өөрийнхөө үнэлэмжээр тендерт ирүүлсэн материалыг үнэлсэн, тендер хүлээн авах хугацаанд өөрчлөлт оруулсныг тухайн үед нь Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Сангийн яаманд гомдол гаргасныг хянасан ба манай шийдвэрийг буруутгаагүй, тэгээд ч нэхэмжлэгч нь хүлээн зөвшөөрч сунгасан хугацаанд тендерийн материалаа ирүүлсэн, хууль зөрчөөгүй” зэргээр нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь эс зөвшөөрч татгалзлаа тайлбарлаж байна.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд болох мөн Бүгд Найрамдах Австри Улсын хуулийн этгээд “З Л Ж Э Б Э” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс “хариуцагч захиргааны байгууллагын хуулийн шаардлага хангаагүй тендерийн баримт бичгийг залруулах үүднээс гомдол гаргаснаар тендер хүлээн авах хугацаа сунгагдсан, Тендерт оролцогчид өгөх зааварчилгаа болон Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн алинд нь ч туслан гүйцэтгэгчийн хувьд төлөөлөх эрхтэй, санхүүгийн чадавхи болон туршлагатай эсэх гэснийг нотлох баримтаар хавсаргахыг шаардаагүй, бүрэн гүйцэд тендерийн материал хүргүүлсэн” хэмээн байр сууриа илэрхийлжээ.
Хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар, гуравдагч этгээдийн хариу тайлбар, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үед нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар, нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан тайлбар зэргийг тал бүрээс нь үнэлж, маргаан бүхий захиргааны актуудын хууль зүйн зүйн үндэслэлийг хянаж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хооронд 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан “Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр”-ийг эрх бүхий байгууллагаас соёрхон баталснаар, уг хэлэлцээрийн хүрээнд “Дэд бүтцийн хөгжил-Сонгинохайрхан дүүрэг” 7 /долоо/ сая еврогийн төслийг санхүүжүүлэх талаар Засгийн газрын 2017 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн хуралдааны 5 дугаар тэмдэглэлд тусгагджээ.
Сангийн яамны Хөгжлийн санхүүжилтийн газраас Австри Улсын Засгийн газрын зээлийн хөрөнгөөр хэрэгжих төсөл, арга хэмжээний танилцуулгыг гаргахдаа, Сонгинохайрхан дүүргийн гэр хорооллын гудамжнуудыг гэрэлтүүлэг, камержуулалттай болгосноор тус дүүрэгт амьдран суудаг 32 хорооны 315802 иргэд, оршин суугчдын аюулгүй, амар тайван орчинд амьдрах нөхцөл бүрдэнэ хэмээн төслийн ерөнхий зорилгыг тодорхойлж, төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж, Худалдан авалтын болон Санхүүжилтийн гэрээ байгуулах арга хэмжээ авах талаар дурджээ.
Улмаар Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргаас Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй “Дэд бүтцийн хөгжил-Сонгинохайрхан төсөл”-ийн зураг төсөл боловсруулах, барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах БХБЯ/ дугаартай, хавсралт болон зургаан бүлэг бүхий тендер шалгаруулалтын баримт бичиг болон 2019/06 дугаартай зураг төсөл боловсруулах ажлын даалгавар батлагдсанаар, эрх бүхий тендерт оролцогчдоос битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж, 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдөр нийтэд мэдээлж, тендерийг 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 14 цаг 30 минутанд нээхээр, ийнхүү нээсэн өдрөөс хойш тендер нь 45 хоногийн хугацаанд хүчинтэй байхаар тогтоожээ.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /цаашид Тендерийн хууль гэх/-ийн 3 дугаар зүйлийн 3.2-т: “гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны журмыг Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол энэ хуулийг дагаж мөрдөнө” гэж зохицуулснаар, түүнчлэн Гэрээний тусгай нөхцөлийн 3.1-д “Гэрээнд Монгол Улсын хуулийг баримтална” гэснээр бүхэлд нь дээрх хуулийг шүүхээс тайлбарлан хэрэглэхдээ, хэргийн оролцогчдын маргаагүй хэсэгт дүгнэлт өгөхгүйгээр, зөвхөн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дүгнэлт өгч маргааныг шийдвэрлэсэн болно.
БХБЯ/ дугаартай тендер шалгаруулалтыг зохион байгуулах Тендерийн үнэлгээний хороог Захиалагч Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн “Үнэлгээний хороо байгуулах тухай” А/89 дүгээр тушаалаар[2] долоон гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулж, 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн “Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” А/62 дугаар тушаалаар[3] бүрэлдэхүүнд нь өөрчлөлт оруулсан байх ба Үнэлгээний хорооны гишүүд нь Барилга, хот байгуулалтын яамны Инженерийн дэд бүтцийн бодлогыг хэрэгжүүлэх газар, мөн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын Гадаад хамтын ажиллагааны хэлтэс, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Инженерийн байгууламжийн хэлтэс, “Монголын барилгачдын холбоо” ТББ, “Худалдан авах үйл ажиллагааны хөтөч” ТББ зэрэг төрийн болон төрийн бус байгууллагуудын албан тушаалтнуудаас бүрдсэн байна. Түүнчлэн үнэлгээний хорооны дарга болон гишүүдийн зүгээс тухайн тендерийг сонгон шалгаруулж явуулахад ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлсэн баримтад гарын үсэг зурсан нь хавтаст хэргээс тусдаа авагдсан нотлох баримт хавтсанд байна.
Тэгэхээр Үнэлгээний хороо нь Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, Тендерийн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.9-д зааснаар байнгын бус ажиллагаатай байж, тендерийн хуульд заасан чиг үүрэг хэрэгжүүлэх тухайлбал, Тендерийн хуулийн 47.2.1-47.2.2-д заасан үндсэн үүргийг гүйцэтгэх, мөн үнэлгээний хорооны гишүүд нь зохих шаардлага буюу Тендерийн хуулийн 47.3-д заасан шаардлагыг хангасан байх хуулийн заалтад нийцэж байна.
Тендер нээх.
Тендерийн урилга ёсоор 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 14 цаг 30 миунтанд тендер нээх байсан. Гэвч энэхүү хугацааг захиалагчийн шийдвэрээр 10 хоногоор сунгасан байдаг. Ийнхүү сунгасан асуудал нь маргаан дагуулж, ялангуяа нэхэмжлэгч талаас гуравдагч этгээд “З*******” ХХК-д давуу байдлыг бий болгож, өөрсдийнх нь хувьд тэгш өрсөлдөх боломжийг хязгаарлаж Тендерийн хуульд заасан зарчим зөрчигдсөн гэж маргаж байна.
Тендерийн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.21: “... “гадаадын этгээд” гэж энэхүү хуульд заасан журмын дагуу худалдан авах үйл ажиллагаанд оролцохыг сонирхож байгаа гадаад улсын болон олон улсын байгууллага, гадаадын иргэн, хуулийн этгээд, харьяалалгүй хүнийг хэлнэ” хэмээн нэр томъёоны утгыг хуульчилсан. Мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1: “гадаадын этгээд энэ хуульд заасан журмын дагуу тендер шалгаруулалтад оролцох эрхтэй”, тендерийн урилгад заахдаа: “тендер шалгаруулалтад Бүгд Найрамдах Австри Улсын эрх бүхий байгууллагын батламжтай хуулийн этгээдүүд оролцоно” гэснээр нэхэмжлэгч “А Б Э А Ж Э Б Э” болон гуравдагч этгээд “З Л Ж Э Б Э” гэсэн Австри улсын хоёр компани оролцсон, энэ тохиолдолд Тендерийн хуулийн 23.1.1-д: “энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу гадаадын этгээд худалдан авах ажиллагаанд оролцох эрхтэй бол” тендерийн баримт бичгийг монгол хэлнээс гадна олон улсын худалдаанд өргөн хэрэглэгддэг хэл дээр бэлтгэхээр Тендерийн хуулийн 21.1-д зохицуулсан ба энэ үүрэг Тендерийн хуулийн 47.2.1-д зааснаар Үнэлгээний хороонд байна. Түүнчлэн Тендерийн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1: “захиалагч тендерийн баримт бичгийг тендерийн урилга нийтлэгдэх өдрөөс өмнө бэлэн болгосон байх үүрэгтэй” гэж хатуу зохицуулсан байна.
Тендерт оролцогчийн хувиар “З Л Ж Э Б Э” ХХК-ийн зүгээс 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр захиалагчийн нэр дээр гомдол гаргасан нь дээр дурдсанаар тендерийн баримт бичгийг англи хэл дээр шаардлага хангасан байдлаар бэлэн болгож ирүүлээгүй буюу Тендерт оролцогчид өгөх зааварчилгаа /цаашид ТОӨЗ-ийн гэх/-ны 12.1-д заасанд нийцэхгүй байна гэсэн агуулгатай гомдлыг, түүнчлэн мөн тендерт оролцогчийн хувиар “А Б Э А Ж Э Б Э” ХХК-ийн зүгээс тендер хүлээж авах хугацааг үндэслэлгүйгээр дур мэдэн сунгасан, хууль зөрчсөн гэх агуулгатай гомдлыг тус тус захиалагч Барилга, хот байгуулалтын яаманд гаргасан байдаг.
Захиалагчийн зүгээс Тендерийн хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.2-т: “үнэлгээний хорооны үйл ажиллагаа, үнэлгээний дүгнэлт холбогдох хууль тогтоомжид нийцсэн эсэхэд хяналт тавьж, гарсан зөрчлийг арилгуулах” бүрэн эрхийг хэрэгжүүлэх үүргийн хүрээнд, мөн хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д заасны дагуу хандсан тендерт оролцогчийн гомдлыг мөн хуулийн 54.2, 54.4-д зааснаар тендерт оролцогчдын төлөөллийг байлцуулан уулзалт[4] зохион байгуулж, шийдвэр[5] гаргасан нь Тендерийн хуульд нийцэж байна гэж шүүх дүгнэлээ. Өөрөөр хэлбэл, тендерийн баримт бичгийг бүрэн гүйцэд алдаа мадаггүй боловсруулах үүрэг /47.2.1/ хуулиар Үнэлгээний хороонд, ийнхүү хуульд нийцүүлж ажиллаж байгааг хянах, гарсан зөрчлийг арилгуулах, арга хэмжээ авах эрх /46.1.2/ захиалагчид, нөгөө талаас тендер шалгаруулалттай холбогдуулан гомдол гаргах, хуульд нийцүүлэхийг шаардах эрх /54.1/ тендерт оролцогчид байгааг тэмдэглээд, нэхэмжлэгч нь гуравдагч этгээдийн эрхээс миний эрх илүү хамгаалагдах ёстой гэсэн байр суурьтай байгаа нь учир дутагдалтай, тендерийн хугацааг үндэслэлгүйгээр сунгасан тэр хугацаанд гуравдагч этгээд “З Л Ж Э Б Э” ХХК-ийн туслан гүйцэтгэгч компани ТОӨЗ-д заагдсан тусгай зөвшөөрлүүдийг эрх бүхий байгууллагаас авсан, энэ нь түүнд давуу байдал олгож байна гэх тайлбар нэг талаас үндэслэлтэй боловч энэ үндэслэлийг шүүх хүлээн авах боломжгүй байна. Учир нь захиалагчийн хугацаа сунгасан шийдвэр, уг шийдвэрийн талаар мэдэгдсэн 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 03/1322 албан тоот, гаргасан гомдол тус бүрийг шийдвэрлэж хариу өгсөн 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 03/1426, 03/1427 албан бичгүүд зэрэг нь Тендерийн хуулиар зохицуулагдсан, өөрийн бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлсэн захиргааны үйл ажиллагаа байх тул тендерийг нээх хугацааг үндэслэлгүйгээр сунгасан, хууль зөрчсөн гэж үзэх хууль зүйн үндэслэл алга байна.
Тендерийн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2: “тендер нээхэд тендерт оролцогч, эсхүл түүний төлөөлөгч болон сонирхсон бусад этгээд оролцох эрхтэй”, 26.3: “тендер нээх үед тендерт оролцогчийн нэр, тендерийн үнэ, ... тендерийн баталгаа ирүүлсэн эсэх, .... мэдээллийг захиалагч зарлаж, тэмдэглэл үйлдэнэ”, 26.6: “тендер нээх үед энэ хуулийн 26.3-26.5-д зааснаас бусад үйл ажиллагаа явуулах, шийдвэр гаргахыг хориглоно” гэснээр “Тендерийг хүлээн авах эцсийн хугацаанд буюу 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 14 цаг 00 минут болон түүнээс өмнө ирүүлсэн доорхи тендерүүдийг мөн өдрийн 14 цаг 30 минутанд нийтийн өмнө нээж, дор дурдсан мэдээллийг зарлаж тэмдэглэв” хэмээгээд, “З Л Ж Э Б Э” ХХК 6.176.470,69 /зургаан сая нэг зуун далан зургаан мянга дөрвөн зуун далан евро, жаран есөн цент/ еврогийн үнийн санал, 140.000 /нэг зуун дөчин мянга/ еврогоор тендерийн баталгаа ирүүлснийг, “А Б Э А Ж Э Б Э” ХХК 6.419.895,00 /зургаан сая дөрвөн зуун арван есөн мянга найман зуун ерэн тав/ еврогийн үнийн санал, 140.000 /нэг зуун дөчин мянга/ еврогоор тендерийн баталгаа ирүүлснийг тус тус тэмдэглэл үйлдэн, холбогдох этгээдээр гарын үсэг зуруулжээ.
Тендерийг хянан үзэх.
Үнэлгээний хороо Тендерийн хуулийн 27.1.1-27.1.3-д заасан шаардлагыг хангасан тендер ирүүлснийг хянах, ингэхдээ мөн хуулийн 27.2.1-27.2.3-д заасан шалгуур үзүүлэлтийг удирдлага болгох ба ирүүлсэн тендер нь Тендерийн хуулийн 27.1-д заасан бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн гэж үзэх, хэрэв шаардлагад нийцэхгүй байвал захиалагч Тендерийн үнэлгээний хороо тендерт үнэлгээ хийхээс өмнө уг тендерээс татгалзах хуулийн зохицуулалттай байна.
Маргаан бүхий энэ тохиолдолд тендер ирүүлсэн хоёр компаний тендерийг хянан үзэхдээ, тендерт оролцогчдоос ирүүлсэн тендерийг үнэлэхээс өмнө татгалзах тендер байхгүй хэмээн хоёр компанийг хоёуланг нь шаардлагад нийцсэн тендер ирүүлсэн гэж үзжээ. Харин нэхэмжлэл гаргагчаас /өмгөөлөгчөөс/ “тендерт ирүүлсэн материалыг нь харахгүйгээр шууд бага үнэ санал болгосон компанийг шалгаруулъя гэж тохирсон” хэмээн тайлбарлан маргаж, тендерийг хянан үзэх ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй гэж байна.
Тендерийн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1-д заасан захиалагчийн тогтоосон чадавхийн шаардлагыг энэхүү тендерт тодорхойлохдоо, ТОӨЗ-ийн 29-р зүйлд тендерийг хянан үзэх, алдааг залруулах тухай заасан ба үүний 29.2-т: ТОӨЗ-ийн 29.1 дэх заалт тус бүрийг хангаж буй тохиолдолд тухайн тендерийг шаардлагад нийцсэн гэж үзнэ гээд 29.3-т заахдаа: “шаардлагад нийцсэн тендер гэж тендерийн баримт бичгийн бүх нөхцөл болзол, ялангуяа тендерт оролцогчийн ерөнхий чадвар, санал болгосон бараа, үйлчилгээ нь техникийн тодорхойлолтыг материаллаг зөрүүгүйгээр хангаж буйг хэлнэ” гэжээ. Нэхэмжлэгч нь ТОӨЗ-ийн 29.1-ээр буюу тендерийг нарийвчлан үнэлэхээс өмнө уг тендер аль шаардлагыг хангаагүй, эсхүл, үл хангасан талаар тодорхойлж маргаагүй, Тендерийн үнэлгээний хорооны 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн тэмдэглэлд, гишүүн Ү.Бадамсүрэн тэмдэглүүлэхдээ: “2019 оны 5 дугаар сарын 01-ээс 10-ны өдрүүдэд Үнэлгээний хорооны бүх гишүүд хуулийн 12 дугаар зүйлд заасны дагуу тендер шалгаруулалтад оролцогчдын ерөнхий, санхүүгийн, техникийн чадавхи болон туршлагыг хуулийн 14-16 дугаар зүйлд заасан үзүүлэлтээр хянан үзэж”, гишүүн Р.Даваасүрэн тэмдэглүүлэхдээ: “хоёр компанийн тендерийг нэг бүрчлэн хянан үзэж, танилцсан. Ерөнхий чадварыг хоёр компани хангаж байна” гэснийг үзвэл, түүнчлэн Бараа, ажлын тендерийн үнэлгээний заавар маягт №6 тендерийг хянан үзэх хүснэгтийг Үнэлгээний хорооны таван гишүүн тэмдэглэгээ үйлдэж, гарын үсэг зурсан байгааг харахад Тендерийн хуулийн 27-г үнэлгээний хороо хэрэгжүүлээгүй, тендерийг хянан үзэх ажиллагааг хийгээгүй гэж дүгнэх боломжгүй байна.
Тендерт оролцогчийн гэрээг хэрэгжүүлэх чадварыг ТОӨЗ-ийн 6 дугаар зүйлд зааж, Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгт /цаашид ТШӨХ гэх/-ээр тодруулж өгсөн байна.
ТОӨЗ-ийн 6.3 (а) ТШӨХ-д заасан жилийн хугацаанд гүйцэтгэсэн байгууламжийн зураг төсөл боловсруулах, барих, түүний тоног төхөөрөмжийг хүргэх, суурилуулах ажлын нийт мөнгөн дүнгийн нэг жилд гүйцэтгэсэн ажлын арифметик дундаж борлуулалтын хэмжээ нь ТШӨХ-д заасан мөнгөн дүнгээс багагүй байх,
Үүнийг ТШӨХ-д тодруулан заахдаа: “... Сүүлийн гурван жил буюу 2016, 2017, 2018 онуудын аль нэг жилд хийж гүйцэтгэсэн ажил, гэрэлтүүлгийн борлуулалт хамгийн багадаа 50 хувь байх ба нийт мөнгөн дүн дунджаар 3 сая ам.дол-аас багагүй байна” гэжээ.
ТОӨЗ-ийн энэхүү заалт болон түүнийг тодруулсан ТШӨХ-ийн заалтыг нэхэмжлэгч “А Б Э А Ж Э Б Э” ХХК-ийн хувьд тендерт ирүүлсэн материал /эх хувь/-ийн 112 дугаар хуудсанд авагдсанаар, гуравдагч этгээд “З Л Ж Э Б Э” ХХК-ийн хувьд тендерт ирүүлсэн материал /эх хувь-1 хавтас/-ийн 175 дугаар хуудсанд авагдсанаар харьцуулалт хийхэд нэхэмжлэгч нь хангаагүй байна.
Түүнчлэн ТОӨЗ-ийн 6.3 (а) заалтад заасан шаардлага нь тендерт ерөнхий гүйцэтгэгчээр оролцогч байгууллагын хувьд хамаарна хэмээн Үнэлгээний хороо 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 10/1055 албан бичгээр тодруулга хийж тендерт оролцогч хоёр компанид хүргүүлж байжээ.
ТОӨЗ-ийн 6.3 (г)-д заахдаа: “гэрээнд заасан ажилтай төрөл, дүнгээрээ дүйцэх ажил дээр ТШӨХ-д зааснаас доошгүй жилд нь гэрээг хариуцаж ажилласан туршлага бүхий ерөнхий инженертэй байх”, ТШӨХ-д тодруулахдаа: “Төслийг гүйцэтгэх Ерөнхий инженер нь мэргэшсэн ба түүнээс дээш зэрэгтэй цахилгааны инженер байна. Ерөнхий инженер нь гэрээнд заасан ажилтай төрөл, үнийн дүнгээрээ дүйцэх ажил дээр ажилласан туршлагатай байх ба сүүлийн 3 жилд гадна гудамжны гэрэлтүүлгийн олон улсын төслийн удирдагчаар ажиллаж байсан туршлагатай байна” гэжээ.
Тэгвэл, нэхэмжлэгч “А Б Э А Ж Э Б Э” ХХК-ийн хувьд тендерт ирүүлсэн материал /эх хувь/-ийн 261-ээс 279-р хуудсанд Ерөнхий инженер Бийн мэргэжлийн талаарх тодорхойлолтууд, мэргэшсэн талаарх сертификатууд авагдсан бол, гуравдагч этгээд “З Л Ж Э Б Э” ХХК-ийн хувьд тендерт ирүүлсэн материал /эх хувь-1 хавтас/-ийн 271-р хуудсанд төслийг гүйцэтгэх Ерөнхий инженерийн туршлагыг дурдахдаа: “техникийн болон санхүүгийн боловсролоос гадна ноён М нь улсын секторуудын төсөлд ерөнхий менежер, гол ажил үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж сайн туршлага хуримтлуулсан, Австралиас гадна CEE/SEE/CIS-ийн бүс нутагт дэд бүтцийн төслийн менежерээр ажиллаж байсан, мөн PM стандарт болон FIDIC шаардлагад нийцсэн хувийн секторын төсөл, PPP төсөлд ажиллаж байсан бөгөөд Засгийн газрын болон хот хотын олон төсөл хөтөлбөрүүдэд зөвлөхөөр ажиллаж байсан” гэжээ. Энэ тохиолдолд нэхэмжлэгч компаний Ерөнхий инженерийн олон улсын төслийн удирдагчаар ажиллаж байсан эсэхтэй холбоотой туршлагын талаар тендерийн баримт бичигтээ хавсаргаагүй, ТШӨХ-ийн шалгуур үзүүлэлтийг хангаагүй байна.
Тендерийг үнэлэх.
Тендерийн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д: “ ... шаардлагад нийцсэн гэж үзсэн бүх тендерт үнэлгээ хийнэ”, 28.3-д: “шаардлагад нийцсэн тендерүүдийг үнэлэх үндсэн шалгуур нь тендерийн үнэ байна”, 28.7-д: “шаардлагад нийцсэн тендерийг дараах байдлаар харьцуулж үнэлнэ”, 28.7.3-т: “энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаж, энэ хуульд заасны дагуу үнэлэгдсэн тендерүүдийг бага харьцуулах үнэтэйгээс их харьцуулах үнэтэй рүү нь эрэмбэлж, хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг сонгоно”, 28.7.4-д: “хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг <хамгийн сайн> үнэлэгдсэн тендер гэж үзнэ” хэмээн тус тус хуульчилснаар Үнэлгээний хорооны гишүүд нь нийт 47 /дөчин долоо/ үзүүлэлтээр тендер тус бүрийг үнэлж, өөрсдийнхөө үнэлгээг гаргаж, Үнэлгээний хорооны хуралдаанаар хэлэлцүүлж, хамгийн бага үнийн санал ирүүлсэн “З*******” ХХК-ийн тендерийг “хамгийн сайн” тендерээр шалгаруулсан болох нь Үнэлгээний хорооны хуралдааны тэмдэглэл, нотлох баримт хавтас буюу захиалагчаас ирүүлсэн маргаан бүхий тендертэй холбоотой баримт бичигт авагдсан гишүүдийн үнэлгээ бүхий хүснэгт, хариуцагч Үнэлгээний хороо, хариуцагч захиалагч Барилга, хот байгуулалтын яамны тайлбар зэрэг баримтаар тогтоогдож байна. Тендерийн хуулийн 47.2.2 тендерийг үнэлэх, үнэлгээний дүгнэлт гаргах чиг үүргийн хүрээнд, үнэлгээний хорооны гишүүдийн олонхийн ирцтэйгээр, хуралдааны хэлбэрээр тэмдэглэл үйлдэж, хамтын шийдвэр гаргаснаа баталгаажуулж, 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Тендерийн хуулийн 28.3 дахь заалтыг хангаж байгаа БНАУ-ын эрх бүхий батламжтай “З*******” ХХК-тай гэрээ байгуулахыг Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргад зөвлөснийг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж шүүх үзлээ.
“Гэрээ байгуулах эрх олгох” гэж хамгийн сайн үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчтой худалдан авах гэрээ байгуулах тухай захиалагчийн шийдвэрийг түүнд мэдэгдэхийг ойлгоно хэмээн Тендерийн хуулийн 5.1.18-д заасан бол, мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-т: “Захиалагч энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлага хангасан, 28 дугаар зүйлд зааснаар “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэж, энэ тухай түүнд болон бусад тендерт оролцогч бүрт шалгараагүй үндэслэлийн хамт нэгэн зэрэг бичгээр мэдэгдэнэ” гэж заажээ. Үүний дагуу захиалагч Барилга, хот байгуулалтын яамнаас 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн “Гэрээ байгуулах эрх олгох тухай” 03/1909 албан бичгээр “З Л Ж Э Б Э” компанид тендерт шалгарсан талаар, мөн өдрийн огноотойгоор “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 03/1912 албан бичгээр “А Б Э А Ж Э Б Э” компанид тендерт шалгараагүй талаар тус тус мэдэгдсэн, энэхүү хоёр албан бичгийг нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн хоёр[6] болон гурав[7] дахь шаардлагаар тодорхойлон маргаж байгаа. Хэдийгээр захиалагчийн зүгээс нэхэмжлэгч “А Б Э А Ж Э Б Э”-д “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчийн талаар, тендерт оролцогчийн хувиар өөрийнх нь ирүүлсэн тендер яагаад шалгараагүй талаар хангалттай үндэслэл бүхий хариу өгөөгүй байгаа боловч энэ нь тендерийг бүхэлд нь хүчингүй болгох, дахин үнэлэх үндэслэл болохгүй юм.
Түүнчлэн Захиалагч Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргаас гүйцэтгэгч “З Л Ж Э Б Э” компаний захиралтай, 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй “Дэд бүтцийн хөгжил-Сонгинохайрхан төсөл”-ийн зураг төслийн ажил, барилга угсралтын ажил гүйцэтгэх 2019/148 дугаартай, 6.176.470,69 евро /зургаан сая нэг зуун далан зургаан мянга дөрвөн зуун далан евро жаран есөн цент/-гийн нийт үнийн дүнтэй гэрээ байгуулсныг нэхэмжлэгч нь эс зөвшөөрч хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн дөрөв[8] дэх шаардлагаар, ийнхүү гэрээ байгуулах эрх олгосон талаарх захиалагчийн шийдвэр, захиалагчаас гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээг, мөн өөрийн компаний тендерээс татгалзсан тухай захиалагчийн шийдвэрийг тус тус хүчингүй болгуулсны үр дагаврыг шийдвэрлүүлж, Дэд бүтцийн хөгжил-Сонгинохайрхан төсөл”-ийн зураг төслийн ажил, барилга угсралтын ажил гүйцэтгэгчийн сонгон шалгаруулах үүрэг бүхий Тендерийн үнэлгээний хорооны хурлыг дахин хуралдуулж, “А Б Э А Ж Э Б Э” компани, “З Л Ж Э Б Э”компанийн ирүүлсэн тендерийг дахин үнэлэхийг даалгуулахаар нэхэмжлэлийн тав дахь шаардлагаар тус тус маргасныг нэгдүгээрт, маргааны гол зүйлийн талаар /тендерийг хянан үзэх, үнэлэх талаар/ хариуцагчийг буруутгаагүй, хоёрдугаарт, нарийвчлан зохицуулсан Тендерийн хуулийн 29.1-д зааснаар “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэж, гэрээ байгуулсан нь, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.2: “захиалагч энэ хуулийн 27, 28, 29 дүгээр зүйлд заасан журмыг зөрчиж гэрээ байгуулсан”, 42.1.3: “энэ хуульд заасан худалдан авах ажиллагааны журмыг хэрэгжүүлэхдээ гаргасан зөрчил нь тендер шалгаруулалтын эцсийн дүнд илт нөлөөлсөн” гэж зааснаар хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзэх боломжгүй, мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.3: “үнэлгээний хорооноос гаргасан дүгнэлтэд үндэслэн гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргах” бүрэн эрхийг хэрэгжүүлсэн, мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.2: “ ... уг шийдвэрийг энэ хуулийн 46.2-т заасан захиалагчийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан үндэслэлгүйгээр өөрчлөхийг хориглоно” гэх заалтыг зөрчөөгүй, гуравдугаарт, Тендерийн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1: “худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх” зарчмыг захиалагч хэрэгжүүлсэн, дөрөвдүгээрт, Захиргааны ерөнхий хуулийн хүрээнд /нэхэмжлэлийн дөрөв дэх шаардлагад хамаарна/ захиргааны гэрээ нь илт хууль бус, хүчин төгөлдөр бус байх нөхцөлүүд тогтоогдохгүй байна гэж шүүхээс бүхэлд нь дүгнэж, эдгээр нэхэмжлэлийн шаардлагууд болон даалгах шаардлагыг ханган шийдвэрлэх үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч “А Б Э А Ж Э Б Э” ХХК-ийн туслан гүйцэтгэгчээр ажиллахаар Монгол Улсын 5432731 регистртэй, 9011******* дугаар улсын бүртгэлийн гэрчилгээтэй “Х б” ХХК, гуравдагч этгээд “З Л Ж Э Б Э” ХХК-ийн туслан гүйцэтгэгчээр ажиллахаар Монгол Улсын 59******* регистртэй, 9011******* дугаар улсын бүртгэлийн гэрчилгээтэй “М*******” ХХК-тай холбоотой тодорхой баримтууд тус тус тендерийн материалд авагдсан. Маргаан бүхий энэ тохиолдолд эдгээр туслан гүйцэтгэгч компаниудын тодорхой маргасан асуудлаар, тухайлбал, “М К” ХХК-д ажлын туршлага байхгүй, зураг төслийн тусгай зөвшөөрлүүдийг сүүлд авсан, уг компанийг төлөөлөх эрхгүй этгээд төлөөлж байгаа гэхчлэн асуудалд дүгнэлт өгсөнгүй. Учир нь хариуцагч захиргааны байгууллага болох захиалагчийн болон Үнэлгээний хорооны гол зорилго, тэр дундаа тендер шалгаруулалтын гол зорилго нь тухайн төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж чадах ерөнхий гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах явдал бөгөөд, туслан гүйцэтгэгч нь ерөнхий гүйцэтгэгчийн өмнө байгуулсан гэрээгээрээ хариуцлагаа хүлээх ба харин захиалагчийн өмнө гэрээгээр хүлээсэн хариуцлага байхгүй байна.
Тендерийг нээх, хянан үзэх, үнэлэх, гэрээ байгуулах эрх олгох, гэрээ байгуулах зэрэг хоорондоо холбоо бүхий захиргааны үйл ажиллагааг хэрэгжүүлсэн хариуцагч захиргааны байгууллагуудын тендерийн талаарх шийдвэр буюу маргаан бүхий захиргааны актууд нь холбогдох хууль болон журамд заасныг зөрчөөгүй, үүгээрээ нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй гэж шүүх дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлд зохицуулсны дагуу улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилахдаа мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д: “нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ” гэж заасныг хэрэглэж, нэхэмжлэл гаргагчаас урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамжийн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Ингэхдээ Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2: “эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй нэхэмжлэлд 70200 төгрөг” гэснээр нэхэмжлэгч талаас 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдөр болон 9 дүгээр сарын 25-ны өдөр тус тус тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 140400 төгрөгийн төлбөрөөс илүү төлсөн 70200 төгрөгийг төлбөрийг буцааж, үлдэх 70200 төгрөгийн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээхээр шийдвэрийн тогтоох хэсэгт заав.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь
1.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 27 дугаар зүйлийн 27.1, 28 дугаар зүйлийн 28.7.3, 28.7.4, 29 дүгээр зүйлийн 29.1, 46 дугаар зүйлийн 46.1.2, 46.1.3, 47 дугаар зүйлийн 47.2.2, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “А Б Э А Ж Э Б Э” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан “Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 4 сарын 20-ны өдрийн А/89 дүгээр тушаалаар байгуулагдсан “Дэд бүтцийн хөгжил-Сонгинохайрхан төсөл”-ийн зураг төсөл, барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Тендерийн үнэлгээний хорооны 2019 оны 5 сарын 14-ний өдрийн 03 дугаар хуралдааны шийдвэрийг хүчингүй болгуулах, Барилга хот байгуулалтын яамны 2019 оны 5 сарын 24-ний өдрийн 03/1912 дугаар “А Б Э А Ж Э Б Э” компанийн тендерээс татгалзсан мэдэгдлийг хүчингүй болгуулах, Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.М 2019 оны 5 сарын 24-ний өдрийн 03/1909 дугаар “З Л Ж Э Б Э” компанид гэрээ байгуулах эрх олгох мэдэгдлийг хүчингүй болгуулах, Захиалагч Барилга, хот байгуулалтын яам, гүйцэтгэгч “З*******” компанитай байгуулсан 2019/148 дугаар Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй “Дэд бүтцийн хөгжил- Сонгинохайрхан төсөл”-ийн зураг төслийн ажил, барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээг хүчингүй болгуулах, Дэд бүтцийн хөгжил-Сонгинохайрхан төсөл”-ийн зураг төслийн ажил, барилга угсралтын ажил гүйцэтгэгчийн сонгон шалгаруулах үүрэг бүхий Тендерийн үнэлгээний хорооны хурлыг дахин хуралдуулж, “А Б Э А Ж Э Б Э” компани, “З Л Ж Э Б Э” компанийн ирүүлсэн тендерийг дахин үнэлэхийг даалгах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “А Б Э А Ж Э Б Э” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн урьдчилан төлсөн 140400 төгрөгөөс төсвийн орлогод 70200 төгрөгийг хэвээр үлдээж, үлдэх 70200 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн 100200700941 тоот данснаас гаргуулж, нэхэмжлэгчид буцаан олгосугай.
Энэхүү шүүхийн шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-д зааснаар танилцуулан сонсгосноор хүчин төгөлдөр болох ба шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ У.БАДАМСҮРЭН
[1] Хавтаст хэргийн 102-104-р хуудас
[2] Хавтаст хэргийн 53-54-р хуудас
[3] Хавтаст хэргийн 55-р хуудас
[4] 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн уулзалтын тэмдэглэл. Тендерийн баримт бичигт авагдсан.
[5] Хавтаст хэргийн 56-59-р хуудас 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 03/1426, 03/1427 албан бичиг
[6] Хавтаст хэргийн 11-р хуудас
[7] Хавтаст хэргийн 74-р хуудас, албан бичгийн дагуу шүүхэд ирүүлсэн нотлох баримт хавтас 1-т
[8] Хавтаст хэргийн 74-р хуудас, албан бичгийн дагуу шүүхэд ирүүлсэн нотлох баримт хавтас 1-т