Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сосорын Мөнхжаргал |
Хэргийн индекс | 128/2015/0739/з |
Дугаар | 221/МА2016/0445 |
Огноо | 2016-07-04 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 221/МА2016/0445
Д.******* нарын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баатархүү даргалж, шүүгч Ц.Цогт, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, нэхэмжлэгч С.*******, Д.*******, Г.*******, нэхэмлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.*******, нэхэмжлэгч И.******* С.******* Б.******* Д.******* Г.******* нарын өмгөөлөгч М.Баяраа, Б.Баатарсайхан, нэхэмжлэгч Д.*******ийн өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнэ, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Сүхжаргал, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч П.Баттулга, Т.Батчимэг нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 244 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор, Д.******* нарын нэхэмжлэлтэй, Хөдөлмөрийн сайд, Хөдөлмөрийн яамны дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлд тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 244 дүгээр шийдвэрээр Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4.13, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.*******, Г.*******, И.*******, С.*******, Б.*******, Д.******* нарын Хөдөлмөрийн сайдын үүрэг хариуцагчийн 2015 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн Б/153 дугаар тушаалын 1, 3, 4 дүгээр заалтын холбогдох хэсгийг илт хүчин төгөлдөр болохыг хүлээн зөвшөөрүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Д.*******ийг Архангай аймгийн МСҮТ-ийн захирлын, Г.*******ыг Улаанбаатар хот дахь Барилгын политехник коллежийн захирлын, И.*******ыг Баян-Өлгий аймаг дахь МСҮТ-ийн захирлын, С.*******г Завхан аймаг дахь политехник коллежийн захирлын, Б.*******ийг Сэлэнгэ аймгийн Шаамар суман дахь МСҮТ-ийн захирлын, Д.*******ыг Дархан-Уул аймаг дахь Дархан-Өргөө политехникийн коллежийн захирлын албан тушаалд тус тус эгүүлэн тогтоож, Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт заасныг баримтлан Хөдөлмөрийн яамны дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлийн 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 24 дүгээр тогтоолоор зарласан Дархан-Уул аймаг дахь Дархан-Өргөө политехник коллеж, Завхан аймаг дахь политехник коллеж, Улаанбаатар хот дахь Барилгын политехник коллеж, Архангай, Баян-Өлгий аймаг, Сэлэнгэ аймгийн Шаамар суман дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийн захирлын ажлын байранд сонгон шалгаруулалт зарласан үйлдлийг илт хууль бус болохыг тогтоож сонгон шалгаруулалтыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.*******ийн ажилгүй байсан 2015 оны 08 дугаар сарын 21-ээс 2016 оны 03 дугаар сарын 31-нийг хүртэлх хугацааны цалин хөлс 5,358,659.00 /Таван сая гурван зуун тавин найман мянга зургаан зуун тавин ес/, Г.*******ын ажилгүй байсан мөн хугацааны цалин хөлс 7,036,145.00 /Долоон сая гучин зургаан мянга, нэг зуун дөчин таван/, И.*******ын ажилгүй байсан мөн хугацааны цалин хөлс 5,247,937.50 /таван сая хоёр зуун дөчин долоон мянга есөн зуун гучин долоон/, С.*******гийн ажилгүй байсан мөн хугацааны цалин хөлс 7,170,196.00 /долоон сая нэг зуун далан мянга нэг зуун ерэн зургаан/, Б.*******ийн ажилгүй байсан мөн хугацааны цалин хөлс 5,795,138.00 /Таван сая долоон зуун ерэн таван мянга нэг зуун гучин найман/, Д.*******ын ажилгүй байсан мөн хугацааны цалин хөлс 9,248,228.00 /есөн сая хоёр зуун дөчин найман мянга хоёр зуун хорин найман/ төгрөгнөөс зохих татвар суутгалыг хийж олгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагчид даалгажээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдолдоо: “...Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34-р зүйлийн 34.1.6-д "нэхэмжлэлд дурдсан үйл баримт, хариуцагчийн гэм буруугийн талаар, эсхүл уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр буюу шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж байгаа" бол шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахаар заажээ.
Хөдөлмөрийн сайдын 2013 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Б/12 дугаар тушаалаар Р.Гүлстаныг Баян-Өлгий аймаг дахь Мэргэжил, сургалт үйлдвэрийн төвийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон байдаг бөгөөд Хөдөлмөрийн сайдын 2015 оны 03 дугаар сарын 27-ны Б/69 дугаар тушаалаар түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, улмаар Хөдөлмөрийн сайдын 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн Б/77 дугаар тушаалаар И.*******ыг тус Мэргэжил, сургалт үйлдвэрийн төвийн захирлаар томилсон байна.
Р.Гүлстан нь Хөдөлмөрийн сайдын энэ тушаалыг эс зөвшөөрч Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 5791 дугаар захирамжаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, нэхэмжлэгч Р.Гүлстан ажил албан тушаалдаа эгүүлэн томилогдсон.
Мөн Хөдөлмөрийн сайдын 2013 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Б/41 дугаар тушаалаар Ж.Отгондалайг Сэлэнгэ аймгийн Шаамар суман дахь Мэргэжил, сургалт үйлдвэрийн төвийн захирлын түр орлон гүйцэтгэгчээр томилсон байдаг бөгөөд Хөдөлмөрийн сайдын 2015 оны 03 дугаар сарын 27-ны Б/65 дугаар тушаалаар түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, тус МСҮТ-ийн захирлын албан үүргийг Сургалтын албаны дарга Я.*******аар түр орлон гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсэн байна. Улмаар Хөдөлмөрийн сайдын 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн Б/82 дугаар тушаалаар Б.*******ийг Сэлэнгэ аймгийн Шаамар суман дахь Мэргэжил, сургалт үйлдвэрийн төвийн захирлаар томилсон байна.
Ж.Отгондалай нь Хөдөлмөрийн сайдын энэ тушаалыг эс зөвшөөрч Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 6830 дугаар захирамжаар шүүхээс хариуцагчийн зөвшөөрлийг баталж нэхэмжлэгч Ж.Отгондалай ажилдаа эгүүлэн томилогдсон ба эдгээр шүүгчийн захирамжууд одоог хүртэл хуулийн хүчин төгөлдөр хэвээр байна.
Дээрх захирамжууд хүчин төгөлдөр байгаа тохиолдолд нэхэмжлэгч И.*******, Б.******* нарын нэхэмжлэлийг хүлээн авах, улмаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34-р зүйлийн 34.1.6-д заасны дагуу ямар ч боломжгүй юм. Зүй нь тухайн үед иргэний хэргийн шүүхээс дээрх захирамжуудыг гаргахдаа гуравдагч этгээдийн буюу одоогийн нэхэмжлэгч нар өөрсдийнх нь эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхөөр байгааг харгалзаагүй гэж үзэж байгаа бол уг захирамжийг гаргасан шүүгчид нь хандаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124-р зүйлд заасны дагуу "илт үндэслэл муутай" гарсан захирамж гэсэн үндэслэлээр хүчингүй болгуулсны дараа И.*******, Б.******* нарын шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нээгдэхээр байна.
Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2015 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 14526 дугаар захирамжаар “Нэхэмжлэгчийн буюу Р.Гүлстаны ажиллаж байсан орон тоонд зарлагдсан сонгон шалгаруулалтыг хэрэг эцэслэн шийдвэрлэгдэх хугацаагаар түдгэлзүүлэхийг хариуцагчид даалгасан" ба хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй, шүүгчийн захирамж хүчин төгөлдөр байх хугацаанд Хөдөлмөрийн сайд 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн Б/77 дугаар тушаалаар И.*******ыг тус Баян-Өлгий аймаг дахь Мэргэжил, сургалт үйлдвэрийн төвийн захирлаар томилсон нь Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д "Шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суугаа хувь хүн, үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй." гэж заасныг зөрчсөн байсан тул хариуцагч өмнө нь гаргасан хууль бус шийдвэрээ хүчингүй болгосон. Гэтэл анхан шатны шүүх үүнийг "хариуцагчийн өөрийнх нь ажлын уялдаа холбоогүй, шүүхийн шийдвэрийг биелүүлээгүйтэй холбоотой тул" хариуцагчийн тайлбарыг зөвтгөх боломжгүй байна гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна.
Захиргааны актыг тухайн захиргааны актыг гаргасан байгууллага, дээд шатны захиргааны байгууллага, шүүхээс гэсэн 3 арга замаар хүчингүй болгодог билээ. Хууль зөрчсөн захиргааны актыг уг захиргааны актыг гаргасан захиргааны байгууллага нь хүчингүй болгох нь Үндсэн хуулиар тогтоосон төрийн үйл ажиллагааны "хууль дээдлэх" зарчимд нийцнэ гэж үзэж байна.
Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 гэсэн заалтыг баримталсан нь ойлгомжгүй байна. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч нарыг үндэс, угсаа, арьсны өнгө, нас, эрэгтэй, эмэгтэй, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, боловсрол шашин шүтлэг, үзэл бодлоор нь ялгаварлах, хязгаарласан гэх ямар ч үйлдэл, үйл ажиллагааг явуулаагүй билээ.
Төрийн үйлчилгээний аливаа албан хаагчийн хөдөлмөрийн харилцааг ажил олгогч өөрийн санаачилгаар цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан үндэслэлийг баримтлах учиртай. Гэтэл өмнөх Хөдөлмөрийн сайд нь Мэргэжил, сургалт үйлдвэрийн төвд буй хүмүүсийг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан үндэслэлүүдийн алийг нь ч баримтлаагүйгээр ажлаас нь үндэслэлгүйгээр чөлөөлсөн тул эдгээр тушаалыг хариуцагч хүчингүй болгосон. Гэтэл анхан шатны шүүх энэ үйл баримтад огт дүгнэлт хийгээгүй.
Төрийн албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д "Төрийн үйлчилгээний албан тушаалд төрийн суурь үйлчилгээг адил тэгш, чанартай, хүртээмжтэй хүргэх болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах чиг үүрэг бүхий хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллах дараахь албан тушаал хамаарна", 11 дүгээр зүйлийн 11.5-д "Үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг Хөдөлмөрийн хууль, энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно." гэж тус тус заажээ. Мөн улсын дээд шүүхийн 2007 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн “Иргэний зарим хэргийн харьяаллыг захиргааны хэргийн харьяаллаас зааглан ялгах тухай" 32 дугаар тогтоолд "Төрийн албаны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасан төрийн улс төрийн, тусгай, захиргааны албан хаагчдын ажлаас үндэслэлгүй халагдсан тухай маргаантай хэргийг захиргааны хэргийн шүүх хянан шийдвэрлэх...”, Төрийн үйлчилгээний албан хаагчийг ажлаас халах шийдвэрийг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан байгууллага, албан тушаалтан гаргасан хэдий ч хөдөлмөрийн эрхийн харилцаа хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр үүсдэг тул тухайн асуудлаарх маргааныг ерөнхий харьяаллын шүүх хянан шийдвэрлэнэ" гэж тайлбарласан байна. Үүнээс үзвэл төрийн үйлчилгээтэй холбоотой маргааныг захиргааны хэргийн шүүх хянан шийдвэрлэх маргаан биш байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийг хүлээн авч маргаан үүсгэж, хянан шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1 дэх заалтыг зөрчсөн гэж үзэж байна.
Шүүх бүрэлдэхүүнийг татгалзан гаргах хүсэлтийг шийдвэрлээгүй. Шүүх хуралдаан дээр хариуцагчийн өмгөөлөгч М.Мөнхжаргал, Т.Батчимэг нар нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1.3, 64.6-д зааснаар шүүх хуралдааны явцад шүүх бүрэлдэхүүнийг татгалзан гаргах хүсэлтийг гаргасан боловч энэ хүсэлтийг шүүх шийдвэрлээгүй. Энэ талаарх баримт нь анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан болно.
Иргэдийн төлөөлөгчийг татгалзан гаргах хүсэлтийг шийдвэрлээгүй. Иргэдийн төлөөлөгч нь шүүх хуралдаан дээр "би нэхэмжлэгч талын зовлонг ойлгож байна. Би энэ хүмүүстэй адилхан өмнө нь төрийн албанаас халагдаж байсан." гэж хэлж байсан ба энэ нь иргэдийн төлөөлөгч хариуцагчийн гэм буруугийн талаарх дүгнэлтээ шударгаар гаргахгүй юм байна гэсэн үндэслэл бүхий эргэлзээг хариуцагч талд бий болгосон. Иймд хариуцагч тал “иргэдийн төлөөлөгч”-ийг татгалзан гаргах хүсэлт гаргасан боловч энэ хүсэлтийг шүүх шийдвэрлээгүй. Энэ талаарх баримт нь анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан болно. Ийм байдлаар анхан шатны шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1.3, 64.6-д заасан заалтыг зөрчсөн.
Шүүхийн тогтоолд гомдол гаргах хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан. Нэхэмжлэгч Д.Эрдэнбат нь Худалдаа, үйлдвэрлэлийн дээд сургуульд элсэн суралцаж, төгссөн эсэх нь эргэлзээтэй байдаг тул Д.******* нь Худалдаа, үйлдвэрлэлийн дээд сургуульд элсэн суралцаж, төгссөн эсэх, хэрэв төгссөн бол хэдээс хэдэн онд ямар мэргэжлээр суралцаж төгссөн, 1999-2005 оны хооронд Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургууль нь "хууль зүйн бакалавр"-ын зэрэг олгох сургалт явуулж байсан эсэх, Д.*******ад Худалдаа, үйлдвэрлэлийн дээд сургуулиас олгосон "0200319960" улсын дугаартай диплом нь жинхэнэ эсэх зэргийг эрх бүхий этгээдийг шинжээч томилуулан шалгуулах хүсэлтийг гаргасан боловч анхан шатны шүүх “Нэхэмжлэгч Д.*******ын дээд боловсролын дипломын асуудлаар шинжээч томилуулах дүгнэлт гаргуулах, тогтоолгохыг хүссэн үйл баримт нь хуульд зааснаар тусгай мэдлэг шаардагдахгүй, холбогдох байгууллагаас лавлагаа авах замаар нотлох боломжтой байна” гэж үзэн дээрх хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, улмаар шүүхийн тогтоолын энэ хэсэгтээ “гомдол гаргах эрхгүй” гэж дурьдан шүүхийн тогтоолд гомдол гаргах хариуцагчийн эрхийг ноцтойгоор зөрчсөн.
Нэхэмжлэгч Д.******* Худалдаа, үйлдвэрлэлийн дээд сургуулийг "хууль зүйн бакалавр"-ын чиглэлээр төгссөн эсэх нь зөвхөн байгууллагын лавлагаагаар бүрэн тогтоогдох боломжгүй бөгөөд хэрэв тухайн байгууллагын бүртгэлийн мэдээллийн системд нэхэмжлэгч Д.*******ын мэдээлэл ямар нэгэн байдлаар орсон тохиолдолд бодит байдал дээр нэхэмжлэгч Д.******* Худалдаа, үйлдвэрлэлийн дээд сургуульд суралцаж, төгсөөгүй байсан ч "төгссөн" гэсэн лавлагаа, тодорхойлолт гарах магадлалтай байхад анхан шатны шүүх хариуцагчийн шинжээч томилуулах тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон нь "шүүх нотлох үүрэг"-ээ биелүүлээгүй гэж үзэж байна.
Түүнчлэн анхан шатны шүүхийн шүүх хуралдаан дээр хариуцагчийн өмгөөлөгч М.Мөнхжаргал, Т.Батчимэг нар нь сургалтанд оролцох болсон тухайгаа утсаар мэдэгдэж, баримтаа ирүүлнэ гэсэн хариуцагчийн төлөөлөгч С.Сүхжаргал, хүндэтгэн үзэх шалтгааны улмаас нотлох баримтаа ирүүлсэн өмгөөлөгч П.Баттулга нарыг шүүх хуралдаанд оролцуулах, мөн одоо ажиллаж байгаа Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлуудыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцуулах, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах хүсэлтийг гаргасан боловч эдгээр хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, улмаар шүүхийн тогтоолд "гомдол гаргах эрхгүй" гэж дурьдан хариуцагчийн эрхийг дахин хязгаарласан болно.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 244 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 3, 4 заалтад өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байна.
Хөдөлмөрийн яамны дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл байгуулагдаагүй байсантай холбоотой Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвүүд болон Политехникийн коллежиудын захирлууд нь сонгон шалгаруулалтад оролгүйгээр түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байсан болох нь нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.
Хөдөлмөрийн яамны дэргэд Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл байгуулагдаж, улмаар сонгон шалгаруулалт явуулж, 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 10 дугаар тогтоол, 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 13 дугаар тогтоолоор хамгийн өндөр оноо авсан нэхэмжлэгч нарыг нэр дэвшүүлж, санал болгосноор Хөдөлмөрийн сайдын 2015 оны Б/76, Б/77, Б/82, Б/90, Б/118, Б/119 дүгээр тушаалуудаар Архангай, Баян-Өлгий, Сэлэнгэ аймгийн Шаамар суман дахь Мэргэжлийн боловсрол, сургалтын төвүүдийн болон Улаанбаатар хот, Завхан аймаг, Дархан-уул аймаг дахь политехникийн коллежиудын захирлын албан тушаалд тус тус томилсон нь Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4.13-д “төрийн өмчийн мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын захирлыг сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн томилох, хуульд заасан үндэслэлээр чөлөөлөх” төрийн захиргааны төв байгууллага хэрэгжүүлэхээр заасанд нийцсэн байна.
Гэтэл Хөдөлмөрийн сайдын үүрэг хариуцагч С.Эрдэнэ 2015 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн Б/153 дугаар тушаалаар дээрх сонгон шалгаруулалтыг хууль, журмын дагуу зохион байгуулагдаагүй, мөн өмнөх чөлөөлсөн, томилсон тушаалуудын талаар маргаан үүссэн гэх 2 шалтгаанаар нэхэмжлэгч нарыг томилсон тушаалуудыг хүчингүй болгосон нь дараах үндэслэлээр илт хууль бус захиргааны акт болжээ.
Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4.13-д заасан төрийн өмчийн сургуулийн захирлаар түр томилогдсон хүмүүс ажиллаж байгаатай холбоотой сонгон шалгаруулалтыг Хөдөлмөрийн яамны захиалгаар Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс нээлттэй явуулсныг хууль, журмын дагуу явуулаагүй гэж үзэхээргүй байна. Хариуцагч нь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс явуулсан сонгон шалгаруулалтыг эрх бүхий этгээдээс хууль бус болсныг тогтоож хүчингүй болгоогүй байхад хууль, журмын дагуу явагдаагүй гэж өөрийн эрх хэмжээнд хамаарахгүй асуудлаар дүгнэлт хийж нэхэмжлэгч нарыг ажилд томилсон тушаалыг хүчингүй болгосныг “эрх зүйн үндэслэл байхгүй” байхад тушаал гаргасан гэж анхан шатны шүүх үндэслэлтэй зөв дүгнэжээ.
Мөн хариуцагчийн шүүхэд маргаантай байсан гэх нэхэмжлэл гаргасан Р.Гүлстан, Ж.Отгондалай, Д.Энх-Амгалан, Т.Отгонбат, Т.Мөнхбаатар, П.Нарандалай нар нь захирлаар түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байсан бөгөөд тэдгээрийг нэхэмжлэгч нарыг томилсонтой холбогдуулж чөлөөлөөгүй бөгөөд тэдний нэхэмжлэлийг хариуцагч хүлээн зөвшөөрсөн, нэхэмжлэлээс татгалзсаныг баталсан, хариуцагч хүлээн зөвшөөрсөнтэй холбоотой нэхэмжлэлийг буцаасан захирамжууд байгаа нь тэднийг уг захирлын албан тушаалд жинхлэн томилох үндэслэл болохгүй. Хариуцагч нь түр томилогдсон хүмүүсийг Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл байгуулагдаагүйтэй холбоотой жинхэлж чадаагүй байсан, тэд хохирох нь шударга ёсонд нийцэхгүй гэж тайлбарлах боловч тэдгээр нь дээрх хуулийн дагуу сонгон шалгаруулалтад орохгүйгээр шууд томилогдох (жинхлэх) эрхгүй юм.
Түүнчлэн анхнаасаа түр томилогдсон этгээдийн албан тушаалдаа эгүүлэн тогтоолгох тухай маргаантай байгаа нь төрийн өмчит байгууллагын удирдлагын сонгон шалгаруулалт явуулахгүй байх үндэслэл болохгүй бөгөөд хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрч уг захирамжуудыг биелүүлэхдээ хуульд заасны дагуу жинхлэн томилогдсон этгээдийг чөлөөлж, түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон этгээдийг томилох эрх зүйн үндэслэл байхгүй.
Учир нь иргэний хэргийн шүүх албан тушаалд түр томилогдсон этгээдийн жинхлэн томилогдох эрхтэй хамааралтай асуудлыг шийдвэрлээгүй, харин тухайн албан тушаалд жинхлэн томилогдох хүртэл түр орлон гүйцэтгэгчээр ажиллах эрхээ хамгаалуулахаар гаргасан нэхэмжлэл гэж үзэхээр байна.
Иймд “шүүхэд хэрэг маргаан үүссэн” гэх шалтгаанаар нэхэмжлэгч нарыг албан тушаалд томилсон тушаалуудыг хүчингүй болгох эрх зүйн үндэслэл байгаагүй, мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй буюу иргэний хэргийн шүүхийн шийдвэрлэсэн тухайн албан тушаалд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрснийг баталсан захирамжууд хүчин төгөлдөр байхад Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.6-д зааснаар хүлээн авахаас татгалзах байсан” гэх гомдол үндэслэлгүй. Тодруулбал түр томилогдсон албан тушаалдаа эгүүлэн тогтоолгохтой холбоотой асуудал нь зохих журмын дагуу жинхлэн томилогдсон этгээд тухайн албан тушаалдаа эгүүлэн тогтоолгохтой холбоотой нэхэмжлэлээс ялгаатай.
Давж заалдах гомдолд “төрийн үйлчилгээний албан тушаалтны хөдөлмөрийн маргааныг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1-д заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзах ёстой байсан” гэх боловч төрийн өмчит сургуулийн захирлууд нь төсвийн захирагчийн хувьд эрх бүхий этгээдтэй үр дүнгийн гэрээ байгуулж ажилладаг онцлогтой төрийн үйлчилгээний албан хаагч тул Улсын Дээд шүүхийн 2007 оны 32 дугаар тогтоолд заасан “... хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр хөдөлмөрийн эрхийн харилцаа үүсдэг ...” гэдэгт хамаарахгүй тул хэргийн харьяалал зөрчсөн гэж үзэхгүй.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх гомдол нь мөн үндэслэлгүй байна. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 103 дугаар зүйлд заасны дагуу шүүх хуралдааны үед шүүх бүрэлдэхүүн болон иргэдийн төлөөлөгчийг татгалзан гаргах эрхийг тайлбарлан хүсэлтийг асуухад хэргийн оролцогчид хэн аль нь хүсэлт гаргаагүй атлаа хариуцагчийн төлөөлөгч нь шүүх бүрэлдэхүүнийг шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн асуудалтай нь, иргэдийн төлөөлөгчийг асуулт тавьсантай нь тус тус холбогдуулж татгалзан гаргах хүсэлт гаргасан байх тул анхан шатны шүүхийг хүсэлт шийдвэрлэлгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэхээргүй байна.
Хариуцагч нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д зааснаар нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн гэх үндэслэлээр давж заалдах гомдлоо гаргах боломжтой тул “нотлох баримт цуглуулах хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон тогтоолд гомдол гаргах эрх нь хязгаарлагдсан” гэж үзэхээргүй байх тул энэ талаарх гомдлыг хангах үндэслэлгүй байна. Тус захиргааны хэрэг нь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс зохион байгуулсан сонгон шалгаруулалтын талаарх маргааныг шийдвэрлээгүй, мөн П.*******ын албан тушаалд тавигдах шаардлага хангаагүй талаар Б/153 дугаар тушаалд заагаагүй байх тул энэ талаарх нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн гэж үзэхээргүй байна. Мөн гуравдагч этгээдээр одоо ажиллаж байгаа хүмүүсийг татуулах хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон захирамжид гомдол гаргах эрхийг хязгаарласан гэх боловч Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 90 дүгээр зүйлд гуравдагч этгээдтэй холбоотой асуудал шийдвэрлэсэн тогтоолд гомдол гаргахаар заагаагүй байна.
Харин “... шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 7.2-т заасныг хэрэглэж ялгаварлан гадуурхсан гэсэн нь үндэслэлгүй, нэхэмжлэгч нарыг ялгаварлаагүй ..., Төрийн албаны хуулийн 10.2-т заасныг хэрэглэсэн нь ойлгомжгүй ...” гэх хариуцагчийн гомдол үндэслэлтэй боловч энэ шалтгаанаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй байх тул шийдвэрт хуулийн заалт болон найруулгыг зөвтгөн өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 244 дүгээр шийдвэрийн нэг дэх заалтыг
“1. Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4.13-д заасныг баримтлан Д.*******, Г.*******, И.*******, С.*******, Б.*******, Д.******* нарын нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, Хөдөлмөрийн сайдын үүрэг хариуцагчийн 2015 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн Б/153 дугаар тушаалын Д.*******, Г.*******, И.*******, С.*******, Б.*******, Д.******* нарт холбогдох хэсгийг илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрч, Д.*******ийг Архангай аймгийн, И.*******ыг Баян-Өлгий аймгийн, Б.*******ийг Сэлэнгэ аймгийн Шаамар суман дахь Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн захирлын албан тушаалд тус тус, Г.*******ыг Улаанбаатар хот дахь, С.*******г Завхан аймаг дахь, Д.Эрдэнбатыг Дархан-Уул аймаг дахь Дархан-Өргөө политехникийн коллежийн захирлын албан тушаалд тус тус эгүүлэн тогтоосугай” гэж, өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг баримтлан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Ц.ЦОГТ
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ