Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 43

 

 

 

 

Н.Булганд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

            Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч М.Нямбаяр, Б.Дамба нарын бүрэлдэхүүнтэй, шүүгдэгч Н.Булган түүний өмгөөлөгч Г.Батзаяа, прокурор А.Анхбаяр, нарийн бичгийн дарга Ц.Энхтуяа нарыг оролцуулан

            Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 101 дугаар шийтгэх тогтоолтой, Н.Булганд холбогдох эрүүгийн 1736001040068 дугаартай хэргийг шүүгдэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Дамбын илтгэснээр нээлттэйгээр хэлэлцэв.

            Монгол улсын иргэн, 1984 оны 07 дугаар сарын 17-ны өдөр төрсөн, 33 настай, эрэгтэй, боловсролгүй, урьд Ховд аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2005 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 95 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ялаар, мөн шүүхийн 2005 оны 06 дугаар сарын 31-ний өдрийн 72 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар, мөн шүүхийн 2006 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ял, мөн шүүхийн 2009 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 46 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жилийн хорих ялаар, мөн шүүхийн 2009 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 93 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ялаар, Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 03 дугаар сарын 19-ний өдийн 56 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар тус тус шийтгүүлж, биечлэн эдэлж байсан ба 2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдаж байсан, Донгог овогт Намсрайн Булган нь 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант багийн 15-02 тоотод оршин суух иргэн Ш.Оюунгэрэлийн эзэмшлийн байшинд хууль бусаар нэвтрэн орж шүрэн толгойтой хөөрөг, монетон хос ээмэг, мөнгөн хос ээмэг, мөнгөн бөгж, гоёлын зүүлт, мөнгөн хазаар зэрэг эд зүйлс хулгайлж 2310000 төгрөгийн хохирол учруулсан, мөн 2017 оны 09 дүгээр сарын 17-18-нд шилжих шөнө Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн нутаг дэвсгэрт байрлах Цэргийн хотхоны 24 айлын орон сууцны 1-2 тоот буюу хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч 11 боодол пракет хулгайлж 462000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2, 34.19 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар Н.Булганы 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр  Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант багийн 15-02 тоот орон сууцанд оршин суух Ш.Оюунгэрэлийн орон сууцанд нэвтэрч 2310000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгө хулгайлсан гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгож, Шүүгдэгч Донгог овогт Намсрайн Булганыг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар Н.Булганыг 2 /хоёр/ жилийн хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Н.Булганд оногдуулсан  2/хоёр/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Н.Булганы 66 хоног хоригдсоныг эдлэх ялд оруулан тооцож, Эрүүгийн 1736001070068 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Э.Нармандахын 462000 /дөрвөн зуун жаран хоёр мянга/ төгрөгийн хохирол төлөгдсөн  болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Н.Булганд авсан барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж шийдвэрлэжээ.

                Шүүгдэгч Н.Булган түүний өмгөөлөгч Г.Батзаяа нарын давж заалдах гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнээгүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардалгыг хангаагүй.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар хэргийн бодит байдалтай нийцээгүй, мөн шүүх дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулснаас нотлох баримтыг эргэлзээгүй, үнэн зөв талаас нь үнэлээгүй юм.  

            Учир нь Н.Булганыг 2017 оны 9 дүгээр сарын 17-18-нд цэргийн хотхонд гарсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон шууд нотлох баримт нь ганцхан тухайн өрөөнөөс үзлэгийн дагуу илрүүлсэн гарын хээний мөр байгаа бөгөөд түүн дээр үндэслэн Ховд аймаг дахь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлт, мөн гэрч хохирогч нарын мэдүүлэг зэргийг дурдсан байна.

            Гэрчээр асуугдсан 3 гэрч нь Н.Булганыг хулгай хийж байсан үйлдлийг харсан талаараа шууд нотолж мэдүүлсэн нэг ч хүн байдаггүй энэ нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүйгээр гэм буруутайд тооцож ял оногдуулсанд гомдолтой байна.         

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгахад шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ төрвөл шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэж заасны дагуу Н.Булганыг гэм буруутайд тооцсон хэсгийг хүчингүй болгож, цагаатгаж өгнө үү гэв.

            Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Н.Булган нь хоёр удаагийн үйлдлээр бусдын орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна. Анхан шатны шүүх хэрэгт бичиг техникийн алдаа гарсан үйлдэлд дүгнэлт хийж бусад нотлох баримтаар нотлогдож байгааг үнэлээгүй байна. Иймд Н.Булганд холбогдох хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэв.

                                                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

            Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1,3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Н.Булган түүний өмгөөлөгч Г.Батзаяа нарын давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр  хэргийг бүхэлд нь хянаж үзвэл анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.    

            Н.Булган нь 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант багийн 15-02 тоотод оршин суух иргэн Ш.Оюунгэрэлийн эзэмшлийн байшинд хууль бусаар нэвтрэн орж шүрэн толгойтой хөөрөг, монетон хос ээмэг, мөнгөн хос ээмэг, мөнгөн бөгж, гоёлын хос ээмэг,гоёлын зүүлт, мөнгөн хазаар зэрэг эд зүйлс хулгайлж 2310000 төгрөгийн хохирол учруулсан,

            Мөн 2017 оны 09 дүгээр сарын 17-18-нд шилжих шөнө Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн нутаг дэвсгэрт байрлах Цэргийн хотхоны 24 айлын орон сууцны 1-2 тоот буюу хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч 11 боодол пракет хулгайлж 462000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

            Шүүгдэгч Н.Булганы  үйлдлийг  прокуророос эрүүгийн хуулийн тусгай ангийн   17.1 дүгээр зүйлийн  2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны  шүүхэд шилжүүлжээ.

            Анхан шатны шүүх Н.Булганд холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд Ховд аймгийн хяналтын прокуророос  Н.Булганы үйлдлийг эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2, 34.19 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар Н.Булганы 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант багийн 15-02 тоот орон сууцанд оршин суух Ш.Оюунгэрэлийн орон сууцанд нэвтэрч 2310000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгө хулгайлсан гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалд нийцээгүй, хууль зүйн үндэслэлтэй болж чадаагүй байна.

            Учир нь Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 117 дугаартай Дүгнэлтийн “ . . . 3-т Шинжилгээнд тэнцэж буй / 12х9см хэмжээтэй дугтуй дахь / “2” гэж дугаарласан гарын 1 ширхэг мөр нь Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны гарын хээний Адис Папилон салбар станц сан дахь MN004810000634 дугаараар бүртгэгдсэн Намсрай овогтой Булганы зүүн гарын дунд хурууны дардастай тохирч байна . . . “ гэх дүгнэлт / 1-р хх-н 22-28 /, хохирогч Ш.Оюунгэрэлийн мэдүүлэг / 1-р хх-н 11-12/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-н 7 / зэрэг нотлох баримтуудаар Н.Булган нь иргэн Ш.Оюунгэрэлийн хувийн орон сууцанд нэвтрэн орж эд зүйлийг нь хулгайлсан үйлдэл нь  нотлогдсон байхад шүүх зөвхөн 9 сарыг 10 гэж бичсэн техникийн шинжтэй алдааг үндэслэл болгож, Н.Булганд холбогдох хэргийн дээрх үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүх  хэргийн бодит байдалд үндэслэлтэй дүгнэлт хийж чадаагүй байна гэж үзлээ.

            Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь ихэвчлэн шөнийн цагаар, нууц далд аргаар үйлдэгддэг тул заавал  гэрчийн мэдүүлгээр давхар нотлогдсон байх шаардлагагүй бөгөөд эд зүйл алга болсон тухай хохирогчийн мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлт, хурууны хээ бэхжүүлэн авсан тэмдэглэл, шүүгдэгчийн хурууны хээтэй тохирч байгаа тухай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтыг харьцуулан хэргийн үйл баримтад дүгнэлт хийх боломжтой юм.

            Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

            Н.Булганд холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлээгүй тул шүүгдэгч түүний өмгөөлөгч Г.Батзаяа нарын давж заадсан гомдолд дүгнэлт хийгээгүй болно.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг тус тус удирдлага болгон давж заалдах шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

            1.Ховд аймаг  дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны  шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 101 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож , Н.Булганд холбогдох  хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

            2. Хэргийг шүүхэд очтол Н.Булганд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

            3.Гомдол эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

     ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Н.ТУЯА

              ШҮҮГЧИД                                        М.НЯМБАЯР

Б.ДАМБА