Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 249

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын 5 дугаар багт оршин суух, БВ60040109 регистрийн дугаартай, Шеруши санырау овогт Шакейн Күлияшын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Хүүхдийн цэцэрлэг /эрхлэгчийг түр хавсран гүйцэтгэгч Х.Салегүл/-д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Аманкелди, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Маншүк нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Ажилгүй байсан хугацааны олговорт 11,418,054 төгрөг гаргуулахыг хүсжээ.

Нэхэмжлэгч Ш.Күлияш шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 1979 онд Цэцэрлэгийн багшийн сургуулийг төгсөж ирээд Аймгийн Ардын боловсролын хэлтсийн даргын 1979 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 184 дүгээр тушаалаар Баяннуур сумын хүүхдийн цэцэрлэгийн хүмүүжүүлэгч багшаар томилогдон ажиллаж ирсэн. Тус цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байсан Идикейн Айгүл нь 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн А/30 дугаар тушаалаар надад ээлжийн амралт олгох тухай, Б/32 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөх тухай шийдвэр гаргасан. Би энэ шийдвэрийг эс зөвшөөрч танай шүүхэд хандсан. Танай шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 143 тоот шийдвэрээр миний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж Баяннуур сумын хүүхдийн цэцэрлэгт багшийн ажилд эгүүлэн тогтоосон. Энэ шийдвэрийг хариуцагч байгууллагын төлөөлөгч, түүний өмгөөлөгч нар эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасныг Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх авч хэлэлцээд 2016 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 212/МА2016/0002 дугаар магадлалаар давж заалдах гомдлыг хангахгүй орхисон. Хариуцагч байгууллагын төлөөлөгч түүний өмгөөлөгч нар давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гаргасан гомдлыг Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх авч хэлэлцээд 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 001/ХТ2016/01119 дугаартай тогтоолоор гомдлыг хангахгүй орхисон. Ингэж Намайг дуу хөгжмийн багшийн ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон юм. Миний нэхэмжлэл зохих шатны шүүхэд хянан шийдвэрлэх явцад Баяннуур сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч И.Айгүл нь Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Б/576 дугаар захирамжаар ажлаас халагдсан билээ. Миний нэхэмжлэл зохих шатны шүүхэд хянан шийдвэрлэх явцад миний бие Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Б/577 дугаар захирамжаар мөн өдрөөс Баяннуур сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон билээ.

Тэгээд ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нэхэмжлэх гэхээр өөрөө нэхэмжлэгч, хариуцагч болж ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нэхэмжлэх боломжгүй болсон учраас, 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр өөрийн хүсэлтээр цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалаас татгалзаж эрхлэгчийн ажлаас чөлөөлөгдсөн. Ингээд 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүртэл бүгд 211 ажлын өдөр ажилгүй байж цалин хөлснөөс хохирсон юм. Миний бие ажлаас халагдахаас өмнөх сүүлийн 3 сард Тухайлбал: 2015 оны 10 дугаар сард 760,571 төгрөг, 11 дүгээр сард 910,957 төгрөг, 12 дугаар сард 1,900,000 төгрөг, бүгд 3,571,528 төгрөгийн цалин хөлс авсан. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7-гийн а-д зааснаар миний нэг өдрийн дундаж хөлс 54,114 төгрөг болж байгаа ба үүнийг ажилгүй байсан 211 өдрөөр үржүүлэхэд бүгд 11,418,054 төгрөг болж байна. Иймд миний ажилгүй байсан хугацааны цалин хөлс 11,418,054 /арван нэгэн сая дөрвөн зуун арван найман мянга тавин дөрвөн/ төгрөгийг Баяннуур сумын хүүхдийн цэцэрлэгийн санхүүгээс гаргуулж өгөн үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Аманкелди шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Нэхэмжлэгч Ш.Күлияшыг Баяннуур сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч байсан И.Айгүлийн 2015 оны 12 дугаар сарын 16 өдрийн Б/33 тушаалаар ажлаас нь хууль бус чөлөөлсөн. Бид нар энэ шийдвэрийг эс зөвшөөрч Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасан. Улмаар Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр Ш.Күлияшыг урьд эрхэлж байсан Баяннуур сумын Хүүхдийн цэцэрлэгийн багшийн ажилд эгүүлэн тогтоож өгсөн. Тийм учраас түүний ажилгүй байсан хугацааны цалин 11.418.054 төгрөгийг Баяннуур сумын Хүүхдийн цэцэрлэгийн санхүүгээс гаргуулж өгөхийг хүсэж байна гэв.

Хариуцагч Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийг түр хавсран гүйцэтгэгч Х.Салегүл шүүхэд гаргасан тайлбартаа: Би Ш.Күлияшын нэхэмжлэлд албан тоотоор хандах, бүрэн эрхтэй хуулийн этгээд биш гэдгээ дараах байдлаар мэдэгдэж байна.

Миний бие К.Саулегүл нь аймгийн Засаг Даргын 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Б/726 дугаар тоот захирамжаар цэцэрлэгийн эрхлэгчийг түр хавсран гүйцэтгэж байгаа билээ. Ажил хүлээлцэх комисс надад хэлэхдээ -та ямар нэгэн тушаал, шийдвэр гаргах, бүрэн эрх танд байхгүй, зөвхөн цэцэрлэгийн өдөр тутмын дотоод үйл ажиллагааг цалгардуулалгүй хэвийн явуулахад хяналт тавьж, анхаарч ажиллах болно, танд тамга тэмдэг өгөхгүй, цэцэрлэгийн тамга нь сумын Тамгын газарт байна, зайлшгүй хэрэгцээ гарсан үед тамгын газар дээр ирж баримт бичгээ үзүүлэн даруулж байх болно гэж хэлсэн. Ажил хүлээлцэх үед нэхэмжлэгч Ш.Күлияш өөрийн биеэр байлцаж энэ бүхнийг сонсож мэдэж байгаа билээ. Иймд: уг нэхэмжлэлд би ямар нэгэн байдлаар шийдвэр гаргах хэмжээний эрх байхгүйг мэдсээр байж шүүхэд хариуцагч хэмээн дуудуулсныг би ойлгохгүй байна. Тиймээс би дараах тайлбаруудыг өгч байна.

1.Нэхэмжлэгчийг ажлаас халах тушаал үйлдсэн хүн би биш, буруу хүнийг хариуцагч хэмээн нэхэмжлэлдээ миний нэр ус, утасны дугаарыг бичсэн байна.

2.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ өөрийг нь ажлаас халах тушаал үйлдсэн хүнээс уг нэхэмжлэлээ шаардах.

3.Би тухайн цэцэрлэгийн 31 ажилтны 1 сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгөтэй холбоотой шийдвэр гаргах эрх надад байхгүй. Тухайн орон тоонд /эрхлэгчийн/ албан ёсоор томилогдсон хүн энэ нэхэмжлэлд албан тоот үйлдэн хариуг албан ёсоор хүргүүлэх байх. Одоогоор эрхлэгчгүй байгаа учир зөвшөөрөгдсөн албан бланк байхгүй. 

4. Миний өмнөөс 83039 тэмдэгт бүхий албан тоотоор хариу хүргүүлсэн тохиолдолд энэ нь хуурамч би үйлдээгүй гэдгийг урьдчилан мэдэгдье

5.Би 7 сартай жирэмсэн, хүндрэлтэй төрдөг, нарийн мэргэжлийн эмчийн хяналтад байдаг, даралт өндөртэй учир дахин намайг уг нэхэмжлэгчийн талаар шүүхэд дуудахгүй байхыг та бүхнээс хүсэж байна. Би өдөр тутмын амьдралдаа айдасгүйгээр байж хүүхдээ эсэн мэнд төрүүлэхийг хүсэж байгаа жирийн нэгэн эх, ээж хүн. Энэ нэхэмжлэгчийн зүгээс ямар нэгэн хариуцлага хүлээх хариуцагч ч биш эрх ч үүрэг ч надад байхгүй гэдгээ ахин дахин хэлье гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Хариуцагч Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийг түр хавсран гүйцэтгэгч Х.Саулегүлд шүүхийн мэдэгдэх хуудсаар түүний 94662882 дугаар утсанд залгаж мэдэгдсэн бөгөөд шүүх хуралдааны товыг мэдлээ. Өнөөдрөөс эхлэн жирэмсний амралтаа авах гэж ажлаа хүлээлгэж өгөх гэж байна гэсэн ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс жирэмсэн болон амаржсаны эмнэлгийн хуудсыг нотлох баримтаар өгүүлсэн бөгөөд шүүх хуралдаанд биечлэн оролцох тухай хүсэлт ирүүлээгүй нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцагчийг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэх тухай хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр хэргийг хариуцагчийн эзгүйд хавтаст хэрэгт авагдсан баримт нотолгоог үндэслэн хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Нэхэмжлэгч Ш.Күлияш нь Баяннуур сумын хүүхдийн цэцэрлэгээс 2016 оны 01 дүгээр сарын 01-нээс 10 дугаар сарын 10-ны хүртэлх хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 11,418,054 төгрөг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Баяннуур сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийг түр хавсран гүйцэтгэгч Х.Саулегүл миний бие тус цэцэрлэгийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд, хариуцлага хүлээх хариуцагч биш гэж маргажээ.

Нэхэмжлэгч Ш.Күлияш нь 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр тус шүүхэд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 11418054 төгрөгийг Баяннуур сумын Хүүхдийн цэцэрлэгт холбогдуулан нэхэмжлэл гаргасныг Баян-Өлгий аймаг дахь сумын дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 2778 дугаартай шүүгчийн захирамжаар ...нэхэмжлэгч Ш.Күлияш, хариуцагч Баяннуур сумын Хүүхдийн цэцэрлэгийн /эрхлэгч Ш.Күлияш/ тал нэг хүн буюу Ш.Күлияш байгаа нь эрх зүйн маргаан үүссэн гэж үзэх боломжгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байна.

Нэхэмжлэгч Ш.Күлияш нь 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Баяннуур сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн ажилд томилогдсон ба шүүхэд ажилгүй байсан хугацааны нөхөн олговроо Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр 129.1-д заасан хугацаанд шүүхэд нэхэмжлэл гаргаснаар Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2-т зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзлээ.

Нэхэмжлэгч Ш.Күлияш нь Баяннуур сумын Хүүхдийн цэцэрлэгт холбогдох ажилгүй байсан хугацааны нөхөн олговрын талаарх гомдлыг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т заасан хугацааны дотор шүүхэд гаргасан байна гэж дүгнэлээ.

Шүүхээс хэргийн оролцогч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Учир нь, нэхэмжлэгч Ш.Күлияшыг хариуцагч Баяннуур сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн б/32 тушаалаар хөгжмийн багшийн ажлаас нь чөлөөлснийг нэхэмжлэгч эс зөвшөөрч тус шүүхэд нэхэмжлэл гаргаснаар 2016 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 143 дугаар шийдвэрээр Баяннуур сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн б/32 тушаалыг хүчингүй болгож, Ш.Күлияшыг Баяннуур сумын Хүүхдийн цэцэрлэгийн багшийн ажилд эгүүлэн тогтоосныг хариуцагч эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаснаар Баян-Өлгий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 212/МА2016/00002 дугаартай магадлалаар Ш.Күлияшыг Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын хүүхдийн цэцэрлэгийн хөгжмийн багшийн ажилд эгүүлэн тогтоож гэж шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн байна. Баян-Өлгий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 212/МА2016/00002 дугаартай магадлалыг хариуцагч болон түүний өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 1119 дугаартай тогтоолоор магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Гэвч нэхэмжлэгч Ш.Күлияш нь шүүхийн дээрх хуулийн хүчин төгөлдөр шийдвэрүүдэд заасан Баяннуур сумын Хүүхдийн цэцэрлэгийн хөгжмийн багшийн ажилд томилогдож ажиллаагүй ба Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Б/577 дугаар захирамжаар Баяннуур сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн ажлыг түр хавсран гүйцэтгэгчээр томилогдож ажилласан байна.

Улмаар Ш.Күлияш нь Баяннуур сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчээр түр томилогдон ажиллаж байгаад 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр аймгийн Засаг даргын Б/726 дугаартай захирамжаар өөрийн хүсэлтээр өндөр насны тэтгэвэрт гарах болсон хүсэлтийг харгалзаж ажлаас нь чөлөөлсөн байна.

Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Б/726 дугаартай захирамжийн нэг дэх заалтаар Баяннуур сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчээр түр томилогдон ажиллаж байгаа Ш.Күлияшыг ажлаас нь чөлөөлж, 3 дахь заалтаар Эрхлэгчийн ажлыг тус цэцэрлэгийн арга зүйч Х.Саулегүлд 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн түр хавсруулан гүйцэтгүүлэхээр, хавсран гүйцэтгэх хугацаанд цэцэрлэгийн өдөр тутмын үйл ажиллагаанд хууль тогтоомжийн дагуу удирдан ажиллахыг Х.Салегүлд үүрэг болгож, 5 дахь заалтаар эрхлэгчийн ажлыг зохих журмын дагуу хүлээлцэхийг Баяннуур сумын Тамгын газрын даргад үүрэг болгосон байна.

Хариуцагч Баяннуур сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийг түр хавсран гүйцэтгэгч Х.Саулегүл нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа тамга дараагүй ба 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр эрхлэгч Ш.Күлияшын ажлыг Х.Саулегүлд хүлээлгэж өгөхдөө тамгыг тус сумын Засаг даргын Тамгын газарт авч үлдсэн болох нь Ш.Күлияшаас ажил хүлээлцэх 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн актаар нотлогдож байна.

Хариуцагч Х.Саулегүл нь би тус цэцэрлэгийн эрхлэгчийн бүрэн эрхийг төлөөлөх этгээд биш гэж тайлбараа тус цэцэрлэгийн албан блаканд бичээгүй, мөн тамга дараагүй нь хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй бөгөөд 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн ажил хүлээлцэх тэмдэглэлээс дүгнэхэд тус цэцэрлэгийн тамгыг Засаг даргын Тамгын газарт авч үлдсэн боловч шаардлагатай тохиолдолд тамгыг даруулж авч болохоор дурдсан байна.

Хариуцагч Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн хавсран гүйцэтгэгчээр Х.Саулегүлийг томилсноос хойш тус цэцэрлэгийн эрхлэгчээр өөр хүнийг томилсон тухай эрхийн актыг хариуцагч нотлох баримтаар гаргаж өгч чадаагүй ба Х.Саулегүл нь тус цэцэрлэгийн эрхлэгчийг томилох хүртэл эрхлэгчийн ажлыг бүрэн хариуцах этгээд мөн бөгөөд Х.Саулегүлийг хавсран гүйцэтгүүлэхээр томилсон Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 23-ний өдрийн Б/726 дугаартай захирамж нь хуулийн хүчин төгөлдөр хэвээр байна гэж дүгнэлээ.

Иймд ажил олгогч ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн томилсон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгох үүрэгтэй ба нэхэмжлэгч нар Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулахаар шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгч Ш.Күлияш нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрт заасан Баяннуур сумын Хүүхдийн цэцэрлэгийн хөгжмийн багшийн ажилд эгүүлэн тогтоосон эсэхэд маргаагүй болно.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгч Ш.Күлияшын ажилгүй байсан хугацааг ажлаас чөлөөлөх тушаал гарсан 2015 оны 12 дугаар сарын сарын 16-ны өдрөөс эхлэн ажилд авсан тушаал гарсан 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл тооцвол 9 сар 17 хоног байх боловч нэхэмжлэгч Ш.Күлияш нь тус шүүхэд хариуцагчаас 2016 оны 01 дүгээр сарын 01-нээс 10 дугаар сарын 10-ны хүртэлх хугацааны ажилгүй байсан цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор нэхэмжилж байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Ш.Күлияшын 2016 оны 01 дүгээр сарын 01-нээс 10 дугаар сарын 10-ны хүртэл 9 сар 5 хоногийн хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Хүүхдийн цэцэрлэгийн санхүүгээс гаргуулах нь зүйтэй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 7-гийн а-д ... дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тогтооно гэж зааснаар нэхэмжлэгч Ш.Күлияшын 0152550 дугаар Нийгмийн даатгалын дэвтрийн бичилтээр нэхэмжлэгчийн ажлаас халагдахаас өмнөх буюу 2015 оны 9 дүгээр сард 669303 төгрөг, 10 дугаар сард 760571 төгрөг, 11 дүгээр сард 910957 төгрөгийн цалин олгогдсон ба дээрх гурван сарын дундаж нь 780277 төгрөг гарч байгаа боловч нэхэмжлэгч өөрөө нэхэмжлэлдээ үндсэн цалингаа 2015 оны 10, 11, 12 дугаар сарын дунджаар тооцож 1,190,509 төгрөгөөр тооцож нэхэмжилсэн хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэлээ.

Нэхэмжлэгч Ш.Күлияш нь 2016 оны 01 дүгээр сарын 01-нээс 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговорт 11,418,054 төгрөг нэхэмжилсэн боловч түүний ажилгүй байсан хугацааны 9 сар 5 хоногийн цалинтай тэнцэх олговор 7203953 төгрөг гарч байгаа тул уг мөнгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иймд хариуцагч Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Хүүхдийн цэцэрлэгийн санхүүгээс нэхэмжлэгчийн ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 7203953 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 4214101 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 197640 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч байгууллагын санхүүгээс нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан хэмжээ болох 7203953 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж болох 130213 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын хүүхдийн цэцэрлэгийн санхүүгээс нэхэмжлэгчийн урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 7203953 /долоон сая хоёр зуун гурван мянга есөн зуун тавин гурван/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ш.Күлияшт олгож, түүний илүү нэхэмжилсэн 4214101 /дөрвөн сая хоёр зуун арван дөрвөн мянга нэг зуун нэг/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ш.Күлияшын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 197640 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Баяннуур сумын хүүхдийн цэцэрлэгийн санхүүгээс 130213 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ш.Күлияшт олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4.Энэ шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ