Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 075

 

Ш.Кулияшын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Көбеш даргалж, шүүгч М.Нямбаяр, Ерөнхий шүүгч С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй хийж,

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 249 дүгээр шийдвэртэй,

 

тус аймгийн Баяннуур сумын 5 дугаар багт оршин суух Ш.Кулияшын нэхэмжлэлтэй, Баяннуур сумын хүүхдийн цэцэрлэгт холбогдох иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Т.Ардабек, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Март, хариуцагчийн төлөөлөгч Х.Алтангүл, түүний өмгөөлөгч Я.Съезд нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага:  Ажилгүй байсан хугацааны олговорт 11418054 төгрөг гаргуулах тухай.

 

Нэхэмжлэлийн агуулга: Би 1979 онд Цэцэрлэгийн багшийн сургуулийг төгсөж ирээд Аймгийн Ардын боловсролын хэлтсийн даргын 1979 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 184 дүгээр тушаалаар Баяннуур сумын хүүхдийн цэцэрлэгийн хүмүүжүүлэгч багшаар томилогдон ажиллаж ирсэн. Тус цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байсан И.Айгүл нь 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн А/30 дугаар тушаалаар надад ээлжийн амралт олгох тухай, Б/32 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөх тухай шийдвэр гаргасан. Би энэ шийдвэрийг эс зөвшөөрч танай шүүхэд хандсан. Танай шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 143 тоот шийдвэрээр миний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж Баяннуур сумын хүүхдийн цэцэрлэгт багшийн ажилд эгүүлэн тогтоосон.

 

Энэ шийдвэрийг хариуцагч байгууллагын төлөөлөгч, түүний өмгөөлөгч нар эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасныг Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх авч хэлэлцээд 2016 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 212/МА2016/0002 дугаар магадлалаар давж заалдах гомдлыг хангахгүй орхисон. Хариуцагч байгууллагын төлөөлөгч түүний өмгөөлөгч нар давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гаргасан гомдлыг Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх авч хэлэлцээд 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 001/ХТ2016/01119 дугаартай тогтоолоор гомдлыг хангахгүй орхисон. Ингэж Намайг дуу хөгжмийн багшийн ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон юм. Миний нэхэмжлэл зохих шатны шүүхэд хянан шийдвэрлэх явцад Баяннуур сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч И.Айгүл нь Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Б/576 дугаар захирамжаар ажлаас халагдсан билээ. Миний нэхэмжлэл зохих шатны шүүхэд хянан шийдвэрлэх явцад миний бие Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Б/577 дугаар захирамжаар мөн өдрөөс Баяннуур сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон билээ.

Тэгээд ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нэхэмжлэх гэхээр өөрөө нэхэмжлэгч, хариуцагч болж ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нэхэмжлэх боломжгүй болсон учраас, 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр өөрийн хүсэлтээр цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалаас татгалзаж эрхлэгчийн ажлаас чөлөөлөгдсөн. Ингээд 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүртэл бүгд 211 ажлын өдөр ажилгүй байж цалин хөлснөөс хохирсон юм. Миний бие ажлаас халагдахаас өмнөх сүүлийн 3 сард Тухайлбал: 2015 оны 10 дугаар сард 760,571 төгрөг, 11 дүгээр сард 910,957 төгрөг, 12 дугаар сард 1,900,000 төгрөг, бүгд 3,571,528 төгрөгийн цалин хөлс авсан.

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7-гийн а-д зааснаар миний нэг өдрийн дундаж хөлс 54,114 төгрөг болж байгаа ба үүнийг ажилгүй байсан 211 өдрөөр үржүүлэхэд бүгд 11,418,054 төгрөг болж байна. Иймд миний ажилгүй байсан хугацааны цалин хөлс 11,418,054 /арван нэгэн сая дөрвөн зуун арван найман мянга тавин дөрвөн/ төгрөгийг Баяннуур сумын хүүхдийн цэцэрлэгийн санхүүгээс гаргуулж өгөн үү. гэжээ.

 

Хариуцагчийн тайлбарын агуулга: Би Ш.Күлияшын нэхэмжлэлд албан тоотоор хандах, бүрэн эрхтэй хуулийн этгээд биш гэдгээ дараах байдлаар мэдэгдэж байна. Миний бие К.Саулегүл нь аймгийн Засаг Даргын 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Б/726 дугаар тоот захирамжаар цэцэрлэгийн эрхлэгчийг түр хавсран гүйцэтгэж байгаа билээ. Ажил хүлээлцэх комисс надад хэлэхдээ -та ямар нэгэн тушаал, шийдвэр гаргах, бүрэн эрх танд байхгүй, зөвхөн цэцэрлэгийн өдөр тутмын дотоод үйл ажиллагааг цалгардуулалгүй хэвийн явуулахад хяналт тавьж, анхаарч ажиллах болно, танд тамга тэмдэг өгөхгүй, цэцэрлэгийн тамга нь сумын Тамгын газарт байна, зайлшгүй хэрэгцээ гарсан үед тамгын газар дээр ирж баримт бичгээ үзүүлэн даруулж байх болно гэж хэлсэн.

Ажил хүлээлцэх үед нэхэмжлэгч Ш.Күлияш өөрийн биеэр байлцаж энэ бүхнийг сонсож мэдэж байгаа билээ. Иймд уг нэхэмжлэлд би ямар нэгэн байдлаар шийдвэр гаргах хэмжээний эрх байхгүйг мэдсээр байж шүүхэд хариуцагч хэмээн дуудуулсныг би ойлгохгүй байна. Тиймээс би дараах тайлбаруудыг өгч байна. Нэхэмжлэгчийг ажлаас халах тушаал үйлдсэн хүн би биш, буруу хүнийг хариуцагч хэмээн нэхэмжлэлдээ миний нэр ус, утасны дугаарыг бичсэн байна. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ өөрийг нь ажлаас халах тушаал үйлдсэн хүнээс уг нэхэмжлэлээ шаардах.

 

Би тухайн цэцэрлэгийн 31 ажилтны 1 сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгөтэй холбоотой шийдвэр гаргах эрх надад байхгүй. Тухайн орон тоонд /эрхлэгчийн/ албан ёсоор томилогдсон хүн энэ нэхэмжлэлд албан тоот үйлдэн хариуг албан ёсоор хүргүүлэх байх. Одоогоор эрхлэгчгүй байгаа учир зөвшөөрөгдсөн албан бичиг байхгүй. Миний өмнөөс 83039 тэмдэгт бүхий албан тоотоор хариу хүргүүлсэн тохиолдолд энэ нь хуурамч би үйлдээгүй гэдгийг урьдчилан мэдэгдье.

 

Би 7 сартай жирэмсэн, хүндрэлтэй төрдөг, нарийн мэргэжлийн эмчийн хяналтад байдаг, даралт өндөртэй учир дахин намайг уг нэхэмжлэгчийн талаар шүүхэд дуудахгүй байхыг та бүхнээс хүсэж байна. Би өдөр тутмын амьдралдаа айдасгүйгээр байж хүүхдээ эсэн мэнд төрүүлэхийг хүсэж байгаа жирийн нэгэн эх, ээж хүн. Энэ нэхэмжлэгчийн зүгээс ямар нэгэн хариуцлага хүлээх хариуцагч ч биш эрх ч үүрэг ч надад байхгүй гэдгээ дахин дахин хэлье. гэжээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 249 дүгээр шийдвэрээр:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын хүүхдийн цэцэрлэгийн санхүүгээс нэхэмжлэгчийн урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 7203953 /долоон сая хоёр зуун гурван мянга есөн зуун тавин гурван/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ш.Күлияшт олгож, түүний илүү нэхэмжилсэн 4214101 /дөрвөн сая хоёр зуун арван дөрвөн мянга нэг зуун нэг/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ш.Күлияшын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 197640 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Баяннуур сумын хүүхдийн цэцэрлэгийн санхүүгээс 130213 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ш.Күлияшт олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

 

4. Энэ шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай." гэж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга: Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч ажилтай Х.Алтангүл миний бие тус цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалыг түр хавсран гүйцэтгэгчээр 2017 оны 04-р сарын 25-ны өдрийн Аймгийн засаг даргын А/243 тоот захирамжаар томилогдож дөнгөж ажлыг хүлээн авч, цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалыг хавсран гүйцэтгэж байгаа юм.

 

Ажлыг хүлээн авснаас хойш тус цэцэрлэгийн эрх ашгийг хөндөж Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04-р сарын 07-ны өдрийн 249 тоот шийдвэр гарсныг мэдэж, уг шийдвэрийг хариуцагч Баяннуур сумын хүүхдийн цэцэрлэгт 2017 оны 04-р сарын 21-нд сумын шуудан хүргэгч хүлээлгэн өгснийг үндэслэж, тухайн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах гомдлыг гаргаж байна.

 

Үүнд, нэхэмжлэгч Ш.Күлияш нь 2016 оны 10-р сарын 10-ны өдрийн Аймгийн Засаг даргын Б/577 тоот захирамжаар Баяннуур сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд томилогдож, Аймгийн Засаг даргын 2016 оны 12-р сарын 23-ны өдрийн Б/726 тоот захирамжаар өндөр насны тэтгэвэрт гарах хүртэл тус цэцэрлэгт эрхлэгчээр томилогдон ажиллаж байсны хувьд өөрөө энэ хэргийн хариуцагч байсан. Тэрхүү өөрөө цэцэрлэгийн эрхлэгч байхад нэхэмжлэл гаргаагүй явдал, тухайн үед цалин хөлс нэхэмжлэхгүй гэсэн үүднээс эрхлэгчээр томилсон болохыг нотолж байна.

 

Шүүхийн шийдвэрийн үндсэн дээр 2016 оны 10-р сарын 10-нд ажилд томилогдсон ба 2017 онд цалин хөлс нэхэмжилж, шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129-р зүйлийн 129.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн байхад шүүх авч хэлэлцсэн нь хуулийн холбогдох заалтыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

 

Хүндэтгэн үзэх шалтгаантай гэж шүүх үзэн хөөн хэлэлцэх хугацааг шүүгчийн захирамжаар сэргээсний дараа хэргийг хэлэлцэх байсан. Шүүх хариуцагчийг буруу тодорхойлсон байна. Тухай үед нэхэмжлэгч, хариуцагч хоёр нэг этгээд байсан болох нь Аймгийн засаг даргын 2016 оны 10-р сарын 10-ны өдрийн Б/577 тоот захирамж, 2016 оны 12-р сарын 23-ны өдрийн Б/726 тоот захирамжаар тус тус батлагдаж байна.

 

Гэтэл 2016.12.23-ны өдрийн Аймгийн засаг даргын Б/726 тоот захирамжаар Х.Саулегүлийг хавсран гүйцэтгүүлэх тухай эрхийн акт гаргасан нь Баяннуур сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн бүрэн эрхийг Х.Саулегүлд шилжүүлэн олгоогүй, түүнд тамга тэмдэг, төсвийн шууд захирагчийн эрхийг олгоогүй байхад шүүхээс Саулегүлийг хариуцагч гэж үзсэн нь процессын хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-д заасныг шүүх зөрчсөн.

 

Ш.Күлияш нь 2016 оны 12-р сарын 22-нд өөрөө цэцэрлэгийн эрхлэгчээр 4 сар түр ажиллуулж өндөр насны тэтгэвэрт гаргаж 36 сарын тэтгэмжийг бүрэн олговол өр гомдолгүй гэж аймгийн засаг даргад өргөдөл гаргасан ба энэ хүн 36 сарын тэтгэмжид ноогдох 21 009 800 төгрөгийг 2016 оны 12-р сарын 23-нд бүрэн авсан болно. Ер нь Күлияш нь төсвөөс хоёр дахин хувь хүртэж төрийн санг завших шунахай санааг харгалзаж үзээгүй гэж үзэж байна. Иймд давж заалдах гомдлын үндсэн дээр Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.04.07-ны өдрийн 249 тоот шийдвэрийг хүчингүй болгож өгөхийг хүсье. гэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Аманкелд миний бие Баяннуур сумын Хүүхдийн цэцэрлэгт холбогдуулан "Күлияшын ажилгүй байсан хугацааны цалин 11418054 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан билээ.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн боловч хариуцагч байгууллага шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолтой танилцаж дараах тайлбарыг гаргаж байна.

 

Ш.Күлияшыг Баяннуур сумын Хүүхдийн цэцэрлэгт холбогдуулан Хөгжмийн багшийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба анхан, давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж ажилд эгүүлэн тогтоосон боловч хариуцагч тал хяналтын гомдол гаргаснаар хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй, хяналтын шатны шүүх хянах явцад аймгийн Засаг даргын 2016.10.10-ны өдөр Баяннуур сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчээр түр /маргаан бүхий хөгжмийн багшийн орон тоо бус/ томилсон.

Улмаар 2016.12.23-ны өдрийн аймгийн Засаг даргын захирамжаар Баяннуур сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн орон тооноос чөлөөлж Саулегүлийг томилсон. Ш.Күлияшийн тус цэцэрлэгийн хөгжмийн багшийн орон тоонд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэг хяналтын шатны шүүхээс 2016.10.28-ны өдөр хянан шийдвэрлэгдэж анхан, давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж хэргийг эцэслэн шийдвэрлэсэн. Нэгэнт шүүхээс ажилд эгүүлэн тогтоосон учраас тухайн үед Ш.Күлияш зөрчигдсөн эрх ашгаа хамгаалуулах ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч шүүхээс хариуцагч болох Баяннуур сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч болон нэхэмжлэгч I хүн учраас хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй гэж татгалзсан хариу ирүүлсэн.

 

Иймээс түр эрхлэгч Ш.Күлияш нь цэцэрлэгийн эрхлэгчийн ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ томилох эрх бүхий этгээд аймгийн Засаг даргад гаргаснаар түүнийг ажлаас нь чөлөөлсөн. Одоо болтол Ш.Күлияшийг тус цэцэрлэгийн хөгжмийн багшийн ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр биелэгдээгүй болно. Мөн нэхэмжлэгч талаас Күлияш түр хугацаагаар 2 сар хэдэн хоног эрхлэгчээр ажилласан хугацааны цалинг нэхэмжлэлийн шаардлагад оруулан тооцоолоогүй нэхэмжлээгүй болно. Үүнийг хариуцагч тал анхаараагүй байна.

Нэгэнт ажилгүй байсан хугацааны цалин нэхэмжилсэн нэхэмжлэлийг шүүх хүлээн авахаас татгалзсан учраас цэцэрлэгийн эрхлэгчээр Саулегүл томилогдмогц бид шүүхэд дахин нэхэмжлэл гаргасан. Ийм учраас хариуцагч талын хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж байгаа гомдол нь үндэслэлгүй бөгөөд энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийсэн. Учир нь нэхэмжлэгч талаас шалтгаалан хугацаа хэтрүүлсэн асуудал болоогүй.

Нэгэнт Саулегүлийг томилох эрх бүхий этгээд аймгийн Засаг дарга Баяннуур сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчээр томилсон учраас байгууллагыг төлөөлөх эрх бүхий этгээд нь Саулегүл мөн болох нь хэрэгт авагдсан захирамжаар нотлогдож байна. Иймээс хариуцагч талыг гомдол нь ямар ч үндэслэлгүй бөгөөд энэ талаар анхан шатны шүүх шийдвэрт үндэслэлтэй дүгнэлт хийсэн.

Ш.Күлияшын хууль ёсны эрх ашиг зөрчигдсөн учраас зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Улмаар хөгжмийн багшийн ажилд эгүүлэн тогтоосон шийдвэр хүчин төгөлдөр болсон тул ажлаас хууль бусаар чөлөөлөгдсөн хугацааны буюу ажилгүй байсан хугацааны цалингаа нэхэмжилсэн үйлдлийг зөвтгөж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй юм. Иймд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан, хэрэг хянан шийдвэрлэх журмын зөрчөөгүй тул хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахаас татгалзаж шийдвэрлэж өгнө үү. Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Аманкелд миний бие заавал биечлэн оролцох болно. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх заалтыг зөв тайлбарлаж хэрэглэн, хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч Ш.Кулияш нь хариуцагч Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын хүүхдийн цэцэрлэгт холбогдуулан 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөн оны 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны олговорт 11418054 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь түүний Нийгмийн даатгалын дэвтэр, Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 143 дугаар шийдвэр, тус аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 212/МА2016/00002 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 001/ХТ2016/01119 дугаар тогтоол, Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Б/577 дугаарт захирамж зэрэг бичмэл нотлох баримтуудад үндэслэгдсэн бөгөөд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, эс зөвшөөрсөн үндэслэлээ нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байна.

 

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг харьцуулан судлахад, анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд түүний ажилгүй байсан хугацаа, ажилтны нэг сарын болон нэг ажлын өдөрт ноогдох дундаж цалин хөлс, ажилгүй байсан нийт хугацааны олговор зэргийг зөв тооцсон бөгөөд маргааны үйл баримтад хэрэглэвэл зохих хуулийг оновчтой сонгож, хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан үндэслэлтэй тайлбарлаж хэрэглэжээ.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзвэл, ажил олгогч Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын хүүхдийн цэцэрлэг нь ажилтан Ш.Күлияшийг тус цэцэрлэгийн хөгжмийн багшийн ажилд эгүүлэн тогтоосон анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүхийн шийдвэрийг бодитой биелүүлээгүй буюу ажилтныг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд томилох тухай ажил олгогчийн шийдвэр гаргаагүй байна. Тиймээс Ш.Күлияшийг ажилгүй байсан бүх хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах тухай нэхэмжлэл гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.-т заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх боломжгүй.

 

Иймд хариуцагчийн давж заалдах гомдолд дурдсанчлан анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох хуульд заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 249 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2,-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.КӨБЕШ

 

 

ШҮҮГЧИД М.НЯМБАЯР

 

С.ӨМИРБЕК