Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 00314

 

Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Дарьсүрэн даргалж, хийсэн шүүх хуралдаанаар

Магнай петролиум ХХК-ийн нэхэмжлэлтэй, Булган аймгийн Хөдөлмөр Халамжийн үйлчилгээний газарт холбогдох, гэрээний үүрэг 5193690 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2017/00145/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч: 1984 онд төрсөн, дээд боловсролтой, Магнай петролиум ХХК-ийн хуулийн хэлтсийн дарга, Улаанбаатар хот, Баянгол дүүргийн 4 дүгээр хороо 201-78 тоотод оршин суух, Боржигон овогт Ганхүүгийн Энхжавхлан /РД: СЭ84031116/, төрийг төлөөлж прокурор Ц.Сувдаа,

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч: 1984 онд төрсөн, дээд боловсролтой, Булган аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дэд дарга, Булган аймгийн Булган сумын 2 дугаар баг, В хэсгийн 5-3 тоотод оршин суух, Модчин овогт Батын Ариунболд /РД: ЧЗ84092112/,

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч: 1979 онд төрсөн, дээд боловсролтой, Булган аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн дарга, Булган аймгийн Булган сумын 5 дугаар баг, 19 дүгээр байрны 19 тоотод оршин суух, Жаран овогт Гончигийн Нямдорж /РД: ГИ79072210/,

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч: 1971 онд төрсөн, дээд боловсролтой, Булган аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт үйл ажиллагааны нягтлан бодогч ажилтай, Булган аймгийн Булган сумын 5 дугаар баг, 26-2 тоотод оршин суух, Жагарийхан овогт Оюуны Баярчимэг /РД: МА71120505/,

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч: 1982 онд төрсөн, дээд боловсролтой, Булган аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт халамжийн сангийн мэргэжилтэн, Булган аймгийн булган сумын 5 дугаар баг 14 дүгээр байрны 1 тоотод оршин суух Гэлэн овогт Санжаасүрэнгийн Дайриймаа /РД: ГЭ82060609/, хариуцагч байгууллагын өмгөөлөгч М.Даваасүрэн, нарийн бичгийн дарга Д.Одончимэг нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Магнай петролиум ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Булган аймгийн Хөдөлмөрийн хэлтэс нь 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөн оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Магнай Петролиум ХХК-тай Газрын тос бүтээгдэхүүн зээлээр худалдах-худалдан авах №22/16 тоот гэрээг байгуулсан. Энэхүү гэрээний 5.2-т Худалдан авагч нь тухайн сард зээлээр худалдан авсан барааны тооцоог сар бүрийн 5-ны дотор тооцоо нийлж акт үйлдэх ба акт үйлдсэнээс хойш 5 хоногийн дотор дансанд шилжүүлэх буюу бэлнээр тушаана гэж заасан бөгөөд манай компани нь гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн боловч зээлдэгч талаас зээлийн үлдэгдэл төлбөр болох 3462460 төгрөгийг одоо болтол төлж барагдуулаагүй байна. Иймд гэрээний 7.2-т зааснаар гэрээний хугацаанд төлбөрийг бүрэн төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5%-тай тэнцэх хэмжээний алданги 1731230 төгрөг, нийт 5193690 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхжавхлан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Магнай петролиум ХХК нь 2015 он, 2016 онд Булган аймгийн Хөдөлмөрийн хэлтэстэй шатахуун нийлүүлэх гэрээ байгуулж ирсэн. Булган аймгийн Хөдөлмөрийн хэлтэстэй байгуулсан 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 22/16 дугаар Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ-ний дагуу 2016 оны 01 дүгээр сараас 07 дугаар сарыг дуустал 8689860 төгрөгийн шатахуун нийлүүлсэн бөгөөд үүнээс 5227400 төгрөгийг төлж 3462460 төгрөг төлөөгүй үлдсэн. Гэрээний үүргээ биелүүлж төлбөрөө төлөх талаар албан бичиг хүргүүлж байсан боловч үүргээ биелүүлээгүй. Иймд 2016 оны 01 дүгээр сараас 07 сард авсан шатахууны төлбөрийн үлдэгдэл 3462460 төгрөг, гэрээний дагуу алданги 1731230 төгрөг нийт 5193690 төгрөгийг гаргуулж өгнө үү. Төлбөрийн үлдэгдэл 3462460 төгрөгт 2015 оны үлдэгдэл 1206210 төгрөг орсон байгаа. Хариуцагч байгууллага нь хуучин хөдөлмөрийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Гансүхийн хувьдаа авч хэрэглэсэн шатахууны үнийг манайх төлөхгүй гэж маргаж байна. Манай компани хувь хүн буюу иргэн Гансүхтэй гэрээ байгуулаагүй. Төрийн байгууллага болох Хөдөлмөрийн хэлтэстэй гэрээ байгуулсан. Гэрээний дагуу шатахуунаа нийлүүлж байсан гэдэг нь шатахуун олгож байсан картаар тогтоогдож байгаа. Манай компани шатахууны төрлөөс нь хамаарч өөр өөр өнгийн картан дээр авсан шатахууны хэмжээ, машины дугаар, жолоочийн гарын үсэг, шатахууны нэгж үнийг бичдэг. Карттай хамт шатахуун олгох бичиг хамт байгаа. Энэ баримтаас үзэхэд Хөдөлмөрийн хэлтэс нь 2016 оны 1-7 сард 7483650 төгрөгийн шатахуун авсан. Үүн дээр 2015 оны үлдэгдэл 1206210 төгрөгийг нэмж нийт 8689860 төгрөгнөөс төлсөн 5227400 төгрөгийг хасч 3462460 төгрөгийн үндсэн төлбөрийг алдангийн хамт нэхэмжилж байгаа. Байгууллага гэрээний дагуу авсан шатахуунаа дотооддоо хэн нь, хэрхэн зарцуулах, тайлан балансандаа тусгах нь тэдний эрх бөгөөд гэрээний нэг тал болох манай компаний үүрэг биш гэв.

Булган аймгийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний газар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн Аймгийн Засаг даргын тамгын газрын бүтэцийг шинэчлэн тогтоох тухай 09 дүгээр тогтоолын дагуу Хөдөлмөрийн хэлтэс, Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсүүдийг нэгтгэн аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар болгон бүтцийн хувьд өөрчилсөн. Хөдөлмөрийн хэлтэс татан буугдсанаар тухайн хэлтсийн эд хөрөнгө болон бусад эд зүйлс, холбогдох бичиг баримтуудыг аймгийн Засаг даргын тамгын газраас томилогдсон ажил хүлээлцэх комисс хүлээлцсэн бөгөөд энэ үед тус хэлтэс шатахууны ихээхэн өглөгтэй талаар ямар ч асуудал яригдаагүй. Хөдөлмөрийн хэлтсийн /хуучнаар/ үйл ажиллагаа болон хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан хариуцсан мэргэжилтэн нягтлан бодогч Ц.Мөнхгэрэл нь хүүхэд төрүүлсэн тул ажлыг нь 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авсан ба зарим асуудлыг тодруулах шаардлагатай байсан тул 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөр эцэслэн ХХҮГ-ын дэд дарга Эрдэнэбилэгээр ахалуулсан комиссын бүрэлдэхүүнтэйгээр хүлээлцсэн. Уг ажил хүлээлцэх явцад дэмжих сантай холбоотой мэдээ тайлан, баримт материалууд өглөг авлагын тооцоог нэг бүрчлэн хүлээлцсэн ба байгууллагын өглөгтэй холбоотой анхан шатны материал болон холбогдох тооцоог хүлээлцэхэд шатахууны гүйлгээ хийгдээгүй замын хуудас болон жолоочийн замын хуудас 4 ширхэг баримтыг хүлээн авсан. Үүнд: Могод сумын мэргэжил олгох сургалтаар явсан 30 литр /46500 төгрөг/ шатахуун олгосон баримт замын хуудас /Пүрэвжаргал, АО-н хяналт зуучлалаар дотор явсан 15 литр /23250 төгрөг/ шатахуун олгосон баримт замын хуудас /Очирхүү/, Баян-Агт, Хутаг-Өндөр суманд хяналтаар ажилласан 55 литр /90750 төгрөг/ түлшний баримт замын хуудас /Гансүх/, Хутаг-Өндөр сум руу тоног төхөөрөмж хүлээлгэн өгөх ажлаар явсан 80 литр /132000 төгрөг/ түлшний баримт замын хуудас /Гансүх, Ганбаатар/ нийт шатахуунтай холбоотой 292500 төгрөгийн баримтуудыг хүлээн авсан боловч ажил хүлээлцсэн актын 38-д өглөг талд Тээвэр шатахуун гээд 440000 төгрөг гэж бичсэн, мөн өөрийнх нь хэрэглэж байсан компьютерт байгаа 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр төвд явуулсан өглөг авлагын мэдээндээ шатахууны төлбөр 440000 төгрөг гэж мэдээлсэн байна. Мөн ажил хүлээлцсэн актад ч энэ дүнгээрээ шатахууны өглөгийг тусгаж өгсөн байна. Мөнхгэрэлийн ажлыг хүлээлцэж байх үед Магнай петролиум ХХК-иас Хөдөлмөрийн хэлтэстэй холбоотой шатахууны өрийг нэхэмжилсэн албан бичиг ирсэн байсан ба энэ тухайн нягтлан бодогч Мөнхгэрэлээс асуухад 3000000 төгрөг нь бензиний өр, зөрүү нь хүү байгаа. Хүү, алданги тооцсноор 5000000 төгрөг болчихоод байгаа энэ нь хувь хүнд холбоотой тооцоо албанд хамааралгүй. Тэрний тооцоо нийлсэн акт нь Хөдөлмөрийн хэлтсийн нярав байсан Баярсайханд баримтаараа байгаа. Гансүх даргын хувьдаа хэрэглэсэн тооцоо. Энэ нь хувь хүнд холбоотой тооцоо, албанд хамааралгүй. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дэд сангийн 2016 оны хагас жил болон жилийн эцсийн тайланд шатахууны өглөг гэж тусгагдсан зүйл байхгүй. /тайланг хавсаргав/ Дээрх баримтуудаас үзэхэд замын хуудас зарцуулсан шатахууны баримттай 292000 төгрөгийн шатахууны тооцоо байгаа ба нийт 440000 төгрөгийн өртэй гэснээс өөр ямар нэгэн баримт байхгүй байгаа нь тухайн үед нягтлан бодох бүртгэл хариуцаж байсан Мөнхгэрэл нь хувь хүний тухайлбал Гансүх даргын хувьдаа хэрэглэсэн шатахууны өр гэж тайлбарласантай нийцэж буй тул манай байгууллага хариуцан төлөх үндэслэлгүй болно. Магнай петролиум ХХК нь анх Хөдөлмөрийн хэлтэстэй 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр газрын тосны бүтээгдэхүүнийг зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээнд зааснаар тухайн сард худалдан авсан барааны тооцоог сар бүрийн 05-ны өдөр нийлж, акт үйлдэх ба энэ өдрөөс хойш 5 хоногийн дотор төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцсон. Энэ үүргээ биелүүлээгүй бол бараа нийлүүлэлтийн төлбөр тооцоог барагдуулах хүртэл худалдагч зогсоох эрхтэйг заасан. Ийм байхад гэрээний талууд үүргээ биелүүлэлгүй явсаар Хөдөлмөрийн хэлтсийг татан буугдсанаас хойш 3 сарын дараа Хөдөлмөрийн хэлтэст гэсэн хаягтайгаар манай байгууллагад шатахууны өр төлүүлэхээр нэхэмжлэл гаргаж буйг хүлээн зөвшөөрөх ямар ч боломжгүй гэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Б.Ариунболд шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Хуучнаар Хөдөлмөрийн хэлтэс Магнай Петролиум ХХК-тай гэрээ байгуулж шатахуунаа зээлээр авч байсан. Нэхэмжлэгч тал төлбөрөө төлөөгүй бол гэрээнээс татгалзах байтал татгалзаагүй яваад байсан. 2015 оны эцэст 1206210 төгрөгийн өртэй гарсан байхад 2016 онд дахин гэрээгээ үргэлжлүүлж байгаа нь буруу юм. Өр төлбөрийг манай байгууллага хариуцахгүй. Гэрээ учир дутагдалтай байгуулсан. Хуурамч баримт бүрдүүлж өр төлбөр нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Г.Нямдорж шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Булган аймгийн Хөдөлмөрийн хэлтэс нь 2016 оны 8 сард татан буугдах шиийдвэр гарсан. Тухайн сардаа төсөвлөгдөж ирсэн шатахууны төсвөөс давсан шатахуун хэрэглэсэн байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч О.Баярчимэг шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Хөдөлмөрийн хэлтсийн нягтлан бодогчоор ажиллаж байсан Мөнхгэрэл нь 440000 төгрөгийн шатахууны өглөгтэй гэдгээ тайлбарлаж хэлсэн. Санхүүгийн тайлан, балансад 3462460 төгрөгийн өр төлбөр тусгагдаагүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч С.Дайриймаа шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Хоёр байгууллага нэгдэх үед шатахууны өр төлбөрийн асуудал яригдаж байсан. Анхан шатны баримтгүй зүйлийг тайланд тусгах ёсгүй гэв.

Төрийг төлөөлж оролцсон прокурор: Булган аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Гансүхийн хувьдаа авч хэрэглэсэн шатахууны үнийг байгууллага төлөх ёсгүй. Тайлан, балансад тусгагдаагүй учраас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох саналтай гэв

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Магнай петролиум ХХК нь Булган аймгийн Хөдөлмөрийн хэлтэст холбогдуулан тус хэлтсийн 2016 оны 1-7 сард зээлээр авсан шатахууны үнийн үлдэгдэл төлбөр 3462460 төгрөг, алданги 1731230 төгрөг, нийт 5193690 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч байгууллага эс зөвшөөрч 2016 оны 8 дугаар сард Хөдөлмөрийн хэлтэс нь Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэстэй нэгдэн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар болж өөрчлөгдсөн ба хоёр байгууллага нэгдэхэд шатахууны өр гэж 440000 төгрөг тайлан балансанд тусгагдсан байсан. 3000000 төгрөгийн шатахууныг тухайн үед Хөдөлмөрийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Д.Гансүх хувьдаа авч хэрэглэсэн тул манай байгууллага төлөх ёсгүй гэж маргажээ.[1]

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн Аймгийн засаг даргын тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай 9 дүгээр тогтоолын дагуу Булган аймгийн Хөдөлмөрийн хэлтэс нь Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэстэй нэгдэн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар болж өөрчлөгдсөн байна.

Булган аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Д.Гансүх нь тус хэлтсийг төлөөлж Магнай Петролиум ХХК-тай Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах 22/16 тоот гэрээг 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаатайгаар байгуулж, нэг талаас стандартын шаардлага хангасан барааг нийлүүлж, нөгөө тал үнийг сар бүрийн 5-ны дотор, акт үйлдсэнээс хойш 5 хоногийн дотор төлж байхаар харилцан тохиролцсон байна.[2] Үүнээс үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн харилцаа үүссэн байна. Гэрээ нь талуудын сайн дурын үндсэн дээр, хоёр тал хүсэл зоригоо илэрхийлж хийсэн хүчин төгөлдөр хэлцэл байна.

Гэрээнд заасны дагуу худалдагч тал болох Магнай Петролиум ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж худалдан авагч тал болох Булган аймгийн Хөдөлмөрийн хэлтэст 2016 оны 01 дүгээр сараас 07 дугаар сарыг дуустал 7483650 төгрөгийн шатахуун нийлүүлсэн болох нь шатахуун олгох баримт, шатахуун авч байсан карт зэргээр тогтоогдож байна.[3]

Харин Хөдөлмөрийн хэлтэс нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, 7483650 төгрөгийн шатахууны төлбөрөөс 5227400 төгрөгийг төлж үлдэгдэл 3462460 төгрөгийг /2015 оны үлдэгдэл 1206210 төгрөг ороод/ төлөөгүй болох нь төлбөр барагдуулах тухай хүсэлт, өр, авлагын тайлан, түлш авч байсан карт зэргээр тогтоогдож байна.[4]

Хариуцагч байгууллагын төлөөлөгч нар нь Хөдөлмөрийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Д.Гансүхийн хувьдаа авч хэрэглэсэн шатахууны үнийг байгууллага төлөхгүй, хоёр байгууллага нэгдэхэд тайлан, балансанд 3462460 төгрөгийн өр, авлага тусгагдаагүй байсан гэж маргаж байгаа хэдий ч нэхэмжлэгч Магнай Петролиум ХХК нь Хөдөлмөрийн хэлтэстэй байгуулсан гэрээнийхээ дагуу шатахуун нийлүүлж байсан болох нь дээрхи баримтуудаар тогтоогдож байх бөгөөд хариуцагч байгууллага нь гэрээний дагуу авсан шатахуунаа дотооддоо хэрхэн яаж зарцуулах, тайлан, балансандаа хэрхэн, яаж тусгах нь гэрээний нөгөө талын үүрэгт хамаарахүй, үүнд худалдагч талыг буруутгах боломжгүй юм. Өөрөөр хэлбэл энэ үндэслэлээр гэрээний үүргээ биелүүлэхээс татгалзах үндэслэл болохгүй юм.

2017 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн Ц.Мөнхгэрэлийн ажил хүлээлцсэн тэмдэглэлд ...3000000 төгрөгийн бензиний өр байгаа, бусад нь хүү, алданги тооцоод 5000000 төгрөг болчихоод байгаа, энэ нь Д.Гансүх даргын хувьдаа хэрэглэсэн шатахуун байгаа юм.... гэж бичсэнээр[5] Хөдөлмөрийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Д.Гансүхийг 3000000 төгрөгийн шатахууныг хувьдаа авч ашигласан, албаны хэрэгцээнд зарцуулаагүй байна гэж үзэх боломжгүй юм. Өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Д.Гансүх нь 3000000 төгрөгийн шатахууныг хувьдаа авч ашигласан, албаны хэрэгцээнд зарцуулаагүй гэх үйл баримт нь баримтаар нотлогдохгүй, энэ талаархи баримт хэрэгт авагдаагүй байна.

Харин дээрхи тэмдэглэлээс харахад Магнай Петролиум ХХК нь гэрээний дагуу 3000000 төгрөгийн шатахууныг нийлүүлж байсан байна гэж үзэхээр байна.

Иймд Булган аймгийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний газраас гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэл 3462460 төгрөг, гэрээний хариуцлага буюу алданги 865615 төгрөг бүгд 4328075 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Магнай Петролиум ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 865615 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

Шүүх хэргийн нөхцөл байдлыг харгалзан алдангийн 50 хувь болох 865615 төгрөгийг гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь

1.Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8-д заасныг баримтлан хариуцагч Булган аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас 4328075 /дөрвөн сая гурван зуун хорин найман мянга далан тав/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Магнай Петролиум ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 865615 /найман зуун жаран таван мянга зургаан зуун арван тав/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 98049 /ерэн найман мянга дөчин ес/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Булган аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас 84199 /наян дөрвөн мянга нэг зуун ерэн ес/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Магнай Петролиум ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН

 

 

[1] хх 1-2, 61-62 тал

[2] хх 10-12 тал

[3] хх 18-51 тал

[4] Хх 13-15 тал

[5] хх 74-76 тал