Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 13

 

 

                                                           “М П” ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                                                   иргэний хэргийн тухай                                                                                   

Хэргийн индекс 132/2017/00145/И

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн даргалж, шүүгч С.Уранчимэг, М.Хүрэлбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 314 дугаартай шийдвэртэй,

 

“М П” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б а-ийн Х, Х-ийн ү-ий г-т холбогдох гэрээний үүрэг 5193690 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Хүрэлбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:   

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г. Д

Төрийг төлөөлж прокурор Ц.Сувдаа

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. А

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч О. Б

Хариуцагчийн байгууллагын өмгөөлөгч М.Даваасүрэн   

        Нарийн бичгийн дарга Ц.Мичидмаа нар оролцов.

Нэхэмжлэгч “М П” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Булган аймгийн Хөдөлмөрийн хэлтэс нь 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөн оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл  “М П” ХХК -тай Газрын тос бүтээгдэхүүн зээлээр худалдах-худалдан авах №22/16 тоот гэрээг байгуулсан. Энэхүү гэрээний 5.2-т “Худалдан авагч нь тухайн сард зээлээр худалдан авсан барааны тооцоог сар бүрийн 5-ны дотор тооцоо нийлж акт үйлдэх ба акт үйлдсэнээс хойш 5 хоногийн дотор дансанд шилжүүлэх буюу бэлнээр тушаана” гэж заасан бөгөөд манай компани нь гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн боловч зээлдэгч талаас зээлийн үлдэгдэл төлбөр болох 3462460 төгрөгийг одоо болтол төлж барагдуулаагүй байна. Иймд гэрээний 7.2-т зааснаар гэрээний хугацаанд төлбөрийг бүрэн төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5%-тай тэнцэх хэмжээний алданги 1731230 төгрөг, нийт 5193690 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.           

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “М П” ХХК  нь 2015 он, 2016 онд Б а-ийн Х-ийн хэлтэстэй шатахуун нийлүүлэх гэрээ байгуулж ирсэн. Б а-ийн Х-ийн хэлтэстэй байгуулсан 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 22/16 дугаар “Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу 2016 оны 01 дүгээр сараас 07 дугаар сарыг дуустал 8689860 төгрөгийн шатахуун нийлүүлсэн бөгөөд үүнээс 5227400 төгрөгийг төлж 3462460 төгрөг төлөөгүй үлдсэн. Гэрээний үүргээ биелүүлж төлбөрөө төлөх талаар  албан бичиг хүргүүлж байсан боловч үүргээ биелүүлээгүй. Иймд 2016 оны 01 дүгээр сараас 07 дугаар сард авсан шатахууны төлбөрийн үлдэгдэл 3462460 төгрөг, гэрээний дагуу алданги 1731230 төгрөг нийт 5193690 төгрөгийг гаргуулж өгнө үү. Төлбөрийн үлдэгдэл 3462460 төгрөгт 2015 оны үлдэгдэл 1206210 төгрөг орсон байгаа. Хариуцагч байгууллага нь хуучин хөдөлмөрийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Г-ийн хувьдаа авч хэрэглэсэн шатахууны үнийг манайх төлөхгүй гэж маргаж байна. Манай компани хувь хүн буюу иргэн Г-тэй гэрээ байгуулаагүй. Төрийн байгууллага болох Хөдөлмөрийн хэлтэстэй гэрээ байгуулсан. Гэрээний дагуу шатахуунаа нийлүүлж байсан гэдэг нь шатахуун олгож байсан картаар тогтоогдож байгаа. Манай компани шатахууны төрлөөс нь хамаарч өөр өөр өнгийн картан дээр авсан шатахууны хэмжээ, машины дугаар, жолоочийн гарын үсэг, шатахууны нэгж үнийг бичдэг.  Карттай хамт шатахуун олгох бичиг хамт байгаа. Энэ баримтаас үзэхэд Хөдөлмөрийн хэлтэс нь 2016 оны 1-7 сард 7483650 төгрөгийн шатахуун авсан. Үүн дээр 2015 оны үлдэгдэл 1206210 төгрөгийг нэмж нийт 8689860 төгрөгнөөс төлсөн 5227400 төгрөгийг хасч 3462460 төгрөгийн үндсэн төлбөрийг алдангийн хамт нэхэмжилж байгаа. Байгууллага гэрээний дагуу авсан шатахуунаа дотооддоо хэн нь, хэрхэн зарцуулах, тайлан балансандаа тусгах нь тэдний эрх бөгөөд гэрээний нэг тал болох манай компаний үүрэг биш гэв.

Б а-ийн Х, Х-ийн ү-ний газар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн “Аймгийн Засаг даргын тамгын газрын бүтэцийг шинэчлэн тогтоох тухай” 09 дүгээр тогтоолын дагуу Хөдөлмөрийн хэлтэс, Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсүүдийг нэгтгэн аймгийн Х, х-ийн ү-ний газар болгон бүтцийн хувьд өөрчилсөн. Хөдөлмөрийн хэлтэс татан буугдсанаар тухайн хэлтсийн эд хөрөнгө болон бусад эд зүйлс, холбогдох бичиг баримтуудыг аймгийн Засаг даргын тамгын газраас томилогдсон ажил хүлээлцэх комисс хүлээлцсэн бөгөөд энэ үед тус хэлтэс шатахууны ихээхэн өглөгтэй талаар ямар ч асуудал яригдаагүй. Хөдөлмөрийн хэлтсийн /хуучнаар/ үйл ажиллагаа болон хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан хариуцсан мэргэжилтэн нягтлан бодогч Ц.М нь хүүхэд төрүүлсэн тул ажлыг нь 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авсан ба зарим асуудлыг тодруулах шаардлагатай байсан тул 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөр эцэслэн ХХҮГ-ын дэд дарга Э-ээр ахалуулсан комиссын бүрэлдэхүүнтэйгээр хүлээлцсэн. Уг ажил хүлээлцэх явцад дэмжих сантай холбоотой мэдээ тайлан, баримт материалууд өглөг авлагын тооцоог нэг бүрчлэн хүлээлцсэн ба байгууллагын өглөгтэй холбоотой анхан шатны материал болон холбогдох тооцоог хүлээлцэхэд шатахууны гүйлгээ хийгдээгүй замын хуудас болон жолоочийн замын хуудас 4 ширхэг баримтыг хүлээн авсан. Үүнд: Могод сумын мэргэжил олгох сургалтаар явсан 30 литр /46500 төгрөг/ шатахуун олгосон баримт замын хуудас /П, АО-н хяналт зуучлалаар дотор явсан 15 литр /23250 төгрөг/ шатахуун олгосон баримт замын хуудас /О/, Баян-Агт, Хутаг-Өндөр суманд хяналтаар ажилласан 55 литр /90750 төгрөг/ түлшний баримт замын хуудас /Г/, Хутаг-Өндөр сум руу тоног төхөөрөмж хүлээлгэн өгөх ажлаар явсан 80 литр /132000 төгрөг/ түлшний баримт замын хуудас /Г, Г/ нийт шатахуунтай холбоотой 292500 төгрөгийн баримтуудыг хүлээн авсан боловч ажил хүлээлцсэн актын 38-д өглөг талд “Тээвэр шатахуун гээд 440000 төгрөг гэж бичсэн, мөн өөрийнх нь хэрэглэж байсан компьютерт байгаа 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр төвд явуулсан өглөг авлагын мэдээндээ шатахууны төлбөр 440000 төгрөг гэж мэдээлсэн байна. Мөн ажил хүлээлцсэн актад ч энэ дүнгээрээ шатахууны өглөгийг тусгаж өгсөн байна. М-ийн ажлыг хүлээлцэж байх үед  “М П” ХХК -иас Хөдөлмөрийн хэлтэстэй холбоотой шатахууны өрийг нэхэмжилсэн албан бичиг ирсэн байсан ба энэ тухайн нягтлан бодогч М-ээс асуухад “3000000 төгрөг нь бензиний өр, зөрүү нь хүү байгаа. Хүү, алданги тооцсноор 5000000 төгрөг болчихоод байгаа энэ нь хувь хүнд холбоотой тооцоо албанд хамааралгүй. Тэрний тооцоо нийлсэн акт нь Хөдөлмөрийн хэлтсийн нярав байсан Б-д баримтаараа байгаа. Г даргын хувьдаа хэрэглэсэн тооцоо. Энэ нь хувь хүнд холбоотой тооцоо, албанд хамааралгүй. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дэд сангийн 2016 оны хагас жил болон жилийн эцсийн тайланд шатахууны өглөг гэж тусгагдсан зүйл байхгүй. /тайланг хавсаргав/ Дээрх баримтуудаас үзэхэд замын хуудас зарцуулсан шатахууны баримттай 292000 төгрөгийн шатахууны тооцоо байгаа ба нийт 440000 төгрөгийн өртэй гэснээс өөр ямар нэгэн баримт байхгүй байгаа нь тухайн үед нягтлан бодох бүртгэл хариуцаж байсан М нь хувь хүний тухайлбал Г даргын хувьдаа хэрэглэсэн шатахууны өр гэж тайлбарласантай нийцэж буй тул манай байгууллага хариуцан төлөх үндэслэлгүй болно.  “М П” ХХК  нь анх Хөдөлмөрийн хэлтэстэй 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр газрын тосны бүтээгдэхүүнийг зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээнд зааснаар тухайн сард худалдан авсан барааны тооцоог сар бүрийн 05-ны өдөр нийлж, акт үйлдэх ба энэ өдрөөс хойш 5 хоногийн дотор төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцсон. Энэ үүргээ биелүүлээгүй бол бараа нийлүүлэлтийн төлбөр тооцоог барагдуулах хүртэл худалдагч зогсоох эрхтэйг заасан. Ийм байхад гэрээний талууд үүргээ биелүүлэлгүй явсаар Хөдөлмөрийн хэлтсийг татан буугдсанаас хойш 3 сарын дараа Хөдөлмөрийн хэлтэст гэсэн хаягтайгаар манай байгууллагад шатахууны өр төлүүлэхээр нэхэмжлэл гаргаж буйг хүлээн зөвшөөрөх ямар ч боломжгүй  гэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Б.А шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Хуучнаар Хөдөлмөрийн хэлтэс  “М П” ХХК -тай гэрээ байгуулж шатахуунаа зээлээр авч байсан. Нэхэмжлэгч тал төлбөрөө төлөөгүй бол гэрээнээс татгалзах байтал татгалзаагүй яваад байсан. 2015 оны эцэст 1206210 төгрөгийн өртэй гарсан байхад 2016 онд дахин гэрээгээ үргэлжлүүлж байгаа нь буруу юм. Өр төлбөрийг манай байгууллага хариуцахгүй. Гэрээ учир дутагдалтай байгуулсан. Хуурамч баримт бүрдүүлж өр төлбөр нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Г.Н шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Булган аймгийн Хөдөлмөрийн хэлтэс нь 2016 оны 8 сард татан буугдах шийдвэр гарсан. Тухайн сардаа төсөвлөгдөж ирсэн шатахууны төсвөөс давсан шатахуун хэрэглэсэн байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв. 

Хариуцагч байгууллагын төлөөлөгч О.Б шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Хөдөлмөрийн хэлтсийн нягтлан бодогчоор ажиллаж байсан М нь 440000 төгрөгийн шатахууны өглөгтэй гэдгээ тайлбарлаж хэлсэн. Санхүүгийн тайлан, балансад 3462460 төгрөгийн өр төлбөр тусгагдаагүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч С.Д шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Хоёр байгууллага нэгдэх үед шатахууны өр төлбөрийн асуудал яригдаж байсан. Анхан шатны баримтгүй зүйлийг тайланд тусгах ёсгүй гэв.

Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 314 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8-д заасныг баримтлан хариуцагч Булган аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас 4328075 /дөрвөн сая гурван зуун хорин найман мянга далан тав/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч  “М П” ХХК -д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 865615 /найман зуун жаран таван мянга зургаан зуун арван тав/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, .Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 98049 /ерэн найман мянга дөчин ес/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Булган аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас 84199 /наян дөрвөн мянга нэг зуун ерэн ес/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч  “М П” ХХК -д олгохоор дурьдаж шийдвэрлэжээ.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А давж заалдах гомдолдоо: “... Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ “Гэрээнд заасны дагуу худалдагч’’ тал болох  “М П” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж худалдан авагч болох Булган аймгийн Хөдөлмөрийн хэлтэст / хуучнаар/ 2016 оны 01 дүгээр сараас 07 дугаар сарыг дуустал 7.483.650 төгрөгний шатахуун нийлүүлсэн болох нь тогтоогдож байна. Харин Хөдөлмөрийн хэлтэс гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэлгүй шатахууны төлбөрөөс 3.462.460 төгрөг /2015 оны үлдэгдэл 1.206.210 төгрөг ороод/ төлөөгүй болох нь төлбөр барагдуулах тухай хүсэлт, өр авлагын тайлан, түлш авч байсан карт зэргээр тогтоогдож байна.

Гэтэл “М П” ХХК  нь зөвхөн шатахуун нийлүүлэх үүргээ биелүүлснээр гэрээнд заасан бусад үүрэг болох тухайн сард худалдан авсан барааны тооцоог сар бүрийн 05-ны өдөр нийлүүлж, акт үйлдэх ба энэ өдрөөс хойш 5 хоногийн дотор төлбөрийг төлөх эрх, үүргээ биелүүлээгүй бол бараа нийлүүлэлтийн төлбөр тооцоог барагдуулах хүртэл худалдахыг зогсоох эрхээ хэрэгжүүлж ажлаагүйгээс тухайн үеийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын дураар аашлах нөхцлийг бүрдүүлж сар дамжин өргүй ажиллах байтал жил дамжуулан өр үүсгэн ажлуулсан, нэхэмжлэл гаргахдаа үндэслэл болгосон 2016 оны 9 дүгээр сард тооцоо нийлсэн актын гарын үсэг хуурамч болох нь шинжилгээний байгууллагаар тогтоогдсон. Хөдөлмөрийн хэлтсийн нягтлангаар ажиллаж байсан М нь 3.000.000 төгрөгний шатахуун хэлтсийн даргаар ажиллаж байсан Г-ийн хувьдаа авсан шатахуун тул манай байгууллагад хамааралгүй тооцоо нь тусдаа нярав Б гэдэг хүнд байгаа Хөдөлмөрийн хэлтэст хамааралтай  “М П” ХХК -тай холбоотой тооцоог Б-т хүлээлгэн өгсөн гэж хэлтсийн зөвлөгөөн дээр ярьснаас өөр нотлох баримт манай байгууллагад байхгүй байхад 3.000.000 төгрөгний шатахууныг албан хэрэгцээнд зарцуулаагүй гэх үйл баримт нь баримтаар нотлогдохгүй, энэ талаар баримт хэрэгт авагдаагүй гэж дүгнэжээ. Манай байгууллага энэ  шатахуунаар ямар нэг ажил үйлчилгээ хийгээгүй, хийсэн гэх  нэг ч баримт байгууллагад байхгүй тул ямар нэг баримт гарган өгөх боломжгүй. Ийм байхад зөвхөн Хөдөлмөрийн хэлтсийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж шатахууны сарын 263500 төгрөгний төсөвтэй байгууллагад төлбөрийг бүрэн хариуцуулж буйг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Мөн дээрх өр, авлагын тайлан нь 4 дүгээр сард тооцоо нийлсэн актгүй, бензин олгосон бичгийн он засвартай, гарын үсэг бүрэн зурагдаагүй  байхад нотлох баримтаар үнэлсэн байна. Энэ нөхцөл байдлыг анхааран хэргийг бүхэлд нь хянан үзэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй  болгож өгнө үү.”  гэжээ.

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийг анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 314 дугаар шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлага хангасан.

           Манай компани хуучнаар “Хөдөлмөрийн хэлтэс”-тэй Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах 16/15, 22/16 тоот гэрээнүүдийг тус тус байгуулан хамтран ажиллаж ирсэн.

          Бидний гэрээний дагуу эрх, үүргээ биелүүлж Хөдөлмөрийн хэлтсийн дарга, нягтлан бодогчийн гарын үзэг, тамга тэмдэг, зөвшөөрлийн бичгийн дагуу шатахуун нийлүүлсэн бөгөөд бидний зүгээс Хөдөлмөрийн хэлтсийн авсан шатахуунаа хэрхэн ямар зориулалтаар яаж ашиглаж байгааг хянах боломжгүй байдаг. Нөгөөтэйгүүр хавтаст хэрэгт авагдсан шатахуун авах зөвшөөрлийн бичиг, шатахуун олгосон баримтаас гадна хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа 3.000.000 гаруй төгрөгийн шатахуун авснаа дурьдсан байдаг.

Иймд Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 314 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 -т заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч  “М П” ХХК  нь Булган аймгийн Хөдөлмөрийн хэлтэст холбогдуулан зээлээр авсан шатахууны үнийн үлдэгдэл 3462460 төгрөг алданги 1731230 нийт 5193690 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг анхан шатны шүүхэд гаргажээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд Булган аймаг дахь Хөдөлмөрийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Д.Г нь  “М П” ХХК -тай газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах-худалдан авах тухай гэрээг 2016 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-т заасан зээлээр худалдах-худалдан авах үүргийн харилцаа үүссэн байна гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.

Гэрээнд заасны дагуу худалдан авагч Хөдөлмөрийн хэлтэс нь 2016 оны 1 дүгээр сараас 7 дугаар сарыг дуустал 7483650 төгрөгний шатахуун авснаас 5227400 төгрөгийг төлж 3462460 төгрөгийн үлдэгдэлтэй болсон нь төлбөр барагдуулах тухай хүсэлт, өр авлагын тайлан, түлш, шатахуун авч байсан карт зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон байна.

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хариуцагч тал нь гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлд зааснаар алданги тооцож гаргуулсан нь үндэслэлтэй, Иргэний хуулийн холбогдох зүйл заалтыг зөв хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журам зөрчөөгүй байна. 

Харин хариуцагч байгууллагын төлөөлөгч Монгол улсын засгийн газрийн 2016 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 9 дүгээр тогтоолын дагуу “Хөдөлмөрийн хэлтэс“ “Нийгэм халамжийн хэлтэстэй” нэгдэн Булган аймгийн “Хөдөлмөр, нийгэм халамж үйлчилгээний газар” болж өөрчлөгдөх үед 440000 төгрөгний шатахууны өр байсан, хувь хүнтэй холбоотой шатахууны өрийг манай байгууллага төлөх боломжгүй гэж мэтгэлцэж байгаа нь гэрээний үүргээ биелүүлэхээс татгалзах хууль зүйн үндэслэлгүй юм.  

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдсан гомдлыг хангах боломжгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.        

   Монгол улсын иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 314 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.  

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Ё.БЯМБАЦЭРЭН

 

 ШҮҮГЧИД                                                                            С.УРАНЧИМЭГ

 

                                                                                               М.ХҮРЭЛБААТАР