Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 866

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Х-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Оюунчулуун даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Н.Булганчимэг,

шүүгдэгч Б.Х,

нарийн бичгийн дарга Э.Ариунзаяа нарыг оролцуулан,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Одонтуул даргалж, шүүгч Э.Чингис, Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 1035 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Х-ын гаргасан давж заалдах гомдлоор Б.Хт холбогдох 1811000440109 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Б овгийн Б-ы Х, 1986 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Архангай аймагт төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Баянзүрх дүүргийн ..... тоотод оршин суух,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2007 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 207 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2009 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр 7 сар 12 хоногийн ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан /РД:......./,

 

Б.Х нь 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутагт дэвсгэрт байрлах 11 дүгээр сургуулийн зүүн хойд талын явган хүний гарц орчимд М.С-ийн халааснаас "Samsung galaxy J7" загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч М.С-д 480.000 төгрөгийн,

2017 оны 12 дугаар сарын 2-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутагт дэвсгэрт байрлах Улсын их дэлгүүрийн үүдэнд хохирогч Г.О-ийн цүнхнээс “Iphone 6s Plus” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, Г.О-д 680.000 төгрөгийн,

2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хавдар судлалын үндэсний төвийн автобусны буудлын орчим Г.А-ийн халааснаас “Huawei v5” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч Г.А-д 304.000 төгрөгийн,

2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр, 10 дугаар хороололд автобусаар зорчиж явсан хохирогч Д.Г-ын цүнхнээс “LG Ji pro” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч Д.Г-д 108.000 төгрөгийн,

2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр, 10 дугаар хороололд автобусаар зорчиж явсан хохирогч Б.М-ийн “Samsung galaxy S3” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч, Б.М-д 96.000 төгрөгийн, нийт 1.668.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Б.Х-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

         

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б овгийн Б-ы Х-ыг хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар Б.Хыг 5 /тав/ жил, 1 /нэг/ хоногийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Х-ын цагдан хоригдсон 126 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Б.Х-аас гэм хорын хохиролд 1.160.000 төгрөгийг гаргуулан, хохирогч М.С-д 480.000 төгрөгийг, хохирогч Г.О-д 680.000 төгрөгийг тус тус олгож, Б.Х-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 

            Шүүгдэгч Б.Х шүүхэд гаргасан давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие 2018 оны 1 дүгээр сарын 15, 17-ны өдрүүдэд үйлдсэн хэргүүдээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байна.  2017 оны 12 дугаар сарын 2-ны өдөр үйлдсэн гэх хэргийг огт үйлдээгүй. Тухайн хэрэг гарсан гэх газар нь Улсын Их дэлгүүрийн төв хаалга бөгөөд тэнд хяналтын камерууд бүх талаас нь харуулсан байдаг. Тэгтэл ямар ч хяналтын камерийн бичлэг, нотлох баримт байхгүй байхад зөвхөн хохирогч О-ийн хэлснээр “бараан хувцастай хүн байсан” гэж намайг үйлдсэн мэт тулгасан. Надад ямар ч бараан өнгийн гадуур хувцас байхгүй, өмсөж байгаагүй.

            2017 оны  12 дугаар сарын 25-ны өдөр үйлдсэн гэх хэрэг нь 11 дүгээр сургуулийн зүүн хойд уулзварын явган хүний гарцан дээр үйлдэгдсэн гэх. Тэр орчимд замын цагдаагийн болон бусад камерууд байсан, уг газар нь Энхтайваны өргөн чөлөө юм. Гэтэл тэр хэргийг үйлдсэн 165 см өндөртэй, туранхай бараан куртиктэй залуу байсан гэснийг надтай ойролцоо хүн гэж мөн энэ хэргийг надад тулгасан. Хэргийг хариуцан шалгаж байсан байцаагч, ахмад Н.Батцэнгэлтэй хамт байсан төлөөлөгч нар энэ хэргийг хүлээлгэхийн тулд намайг маш хэрцгийгээр зодож, миний хоёр хөлийн гуяны махыг тасалж гэмтээсэн учир би тэр үед тухайн нөхцөл байдлыг тэсвэрлэж чадаагүй. Тэд нарын надад уншиж өгсөн хохирогч нар болох О, С нарын өгсөн байцаалт, өргөдлийн дагуу яг тохируулж байцаалт өгч, гарын үсэг зурж тулгасан хэргийг хүлээсэн. Тэгээд надад тэр төлөөлөгч нар миний хийсэн гурван үйлдэл дээр, энэ хоёр үйлдлийг чинь нэмээд, нэгтгээд шийдвэрлүүлнэ, чи нэг жилийн ял авна, гайгүй, хуулийн тэгшитгэлээр суллагдана гэж надад архи уулгаж, тамхи татуулж, хоол авч өгч ятгасан. Би хуулийн мэдлэг огт байхгүй болохоор анхан шатны шүүх хуралдаан болтол итгэж явсан. Мөн надад тулгасан хэргээ итгэл үнэмшилтэй болгохын тулд миний салсан эхнэр Э.Э-аас мэдүүлэг авсан. Надаас салсан учир гомдсон сэтгэлээр хандаж мэдүүлэг өгсөн байх. Хэрэв Э.Энхзаяагийн ярьсан шиг гэмт хэрэг хийдэг байсан бол яагаад тэр хэргүүдийг шалгалгүй орхисон байх вэ. Хэрэгт зөвхөн миний урьд өмнө ял шийтгэл эдэлсэн болон гэмт хэрэг, зөрчилд холбогдож байсан лавлагаа, салсан эхнэр Э.Энхзаяагийн “ажил хийдэггүй, байнга хулгай хийдэг” гэх мэдүүлэг, нийгмийн даатгал төлж байсан эсэх лавлагаанаас өөр зүйл байхгүй. Гэтэл би тогооч мэргэжил эзэмшиж, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд сурч төгссөн. Өмнөговь аймагт хувиараа бие даан авто угаалга, авто засвар ажиллуулж, улсад хоёр жил татвар төлж байсан. Мөн Улаанбаатар хотод барилгын гадна пасад, дотор засал хийж хөдөлмөрлөж олсон цалингаасаа салсан эхнэр Э.Э болон хүүхдүүддээ мөнгө өгч, ахуй амьдралаа залгуулдаг байсан. Гэтэл миний энэ хувийн байдлын талаар нэг ч үг, үсгээр тодруулаагүй, ажил хийдэггүй, орлогогүй мэт болгож, зөвхөн хулгай хийж амьдардаг мэтээр хэрэгт баримт бүрдүүлсэн.

            2018 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр хулгайлсан хоёр утас, 2018 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр хулгайлсан нэг утсыг газар дээр нь хүлээлгэн өгсөн. Дээрх хулгай хийсэн утаснуудаар ашиг орлого олж, амьдралын эх үүсвэрээ залгуулаагүй. Иймд миний үйлдсэн зарим үйлдлийг харьяаллын дагуу Зөрчлийн тухай хуулиар шийтгэж, надад оногдуулсан ял шийтгэлийг дахин хянан үзэж, үнэн зөвийг тунгаан, хуулийн дагуу шударгаар шийдвэрлэж өгнө үү...”  гэв

 

            Прокурор Н.Булганчимэг шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Б.Х нь 2017 оны 12 дугаар сарын 2-ны өдрөөс 2018 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл нийт 5 удаагийн үйлдлээр хулгайн гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан  “амьдралын эх үүсвэр болгож байнга үйлдсэн байна” гэж зүйлчилсэн. Учир нь нэг төрлийн гэмт хэргийг 5 удаагийн үйлдлээр үйлдсэн. Шүүгдэгч Б.Х ямар нэгэн байдлаар ажил, хөдөлмөр эрхэлж байсан гэх баримт олдоогүй. Өмнө нь хулгайн гэмт хэргээр ял шийтгүүлж байсан. Б.Хтай хамтран амьдарч байсан Энхзаяа гэх эмэгтэй гэрчээр мэдүүлэг өгөхдөө “...“...ажил хий...” гэж хэлэхэд Б.Х “...ажил хийхгүй, өөр ажил хийж чадахгүй, миний хийж чадах зүйл энэ...” гэж хэлдэг байсан...” гэж мэдүүлсэн. Шүүх хуралдааны явцад Б.Х-ын хулгай хийх болсон шалтгаан нь сэтгэл гутралд орж, архи их уух болсон, архи уухын тулд хулгайн гэмт хэрэг үйлддэг талаараа өөрөө мэдүүлсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий гарсан тул хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

      

ХЯНАВАЛ:

Шүүгдэгч Б.Х-ын гаргасан гомдлыг үндэслэн түүнд холбогдох эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэхдээ гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

 

Хавтас хэрэгт цугларсан, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

 

Б.Х нь 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутагт дэвсгэрт байрлах 11 дүгээр сургуулийн зүүн хойд талын явган хүний гарц орчимд хохирогч М.С-ийн халааснаас "Samsung galaxy-J7" загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 480.000 төгрөгийн,

2017 оны 12 дугаар сарын 2-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутагт дэвсгэрт байрлах Улсын их дэлгүүрийн үүдэнд хохирогч Г.О-ийн цүнхнээс “Iphone-6s Plus” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 680.000 төгрөгийн,

2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хавдар судлалын үндэсний төвийн автобусны буудлын орчим хохирогч Г.А-ийн халааснаас “Huawei v5” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 304.000 төгрөгийн,

2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр, 10 дугаар хороололд автобусаар зорчиж явсан хохирогч Д.Г-ын цүнхнээс “LG Ji pro” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 108.000 төгрөгийн,

2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр, 10 дугаар хороололд автобусаар зорчиж явсан хохирогч Б.М-ийн “Samsung galaxy-S3” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 96.000 төгрөгийн, нийт 1.668.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

хохирогч М.С-ийн “...2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 19 цаг 40 минутын үед гар утсаараа ярьчихаад, халаасандаа хийгээд удаагүй байтал куртикны халааснаас хүн татах шиг болохоор нь эргээд харахад 30 орчим насны томдуу нүдтэй, жижигдүү толгойтой, 165 см орчим өндөртэй, туранхайдуу биетэй, бараан өнгийн богино куртиктэй залуу их хурдан миний хажуугаар гараад зам хөндлөн яваад өгсөн. …” гэх мэдүүлэг /1хх-16-17/,

хохирогч Г.О-ийн “...2017 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн 20 цагийн үед Улсын их дэлгүүрийн төв хаалгаар орох үед охин бид хоёрын дундаа хөтлөлцөөд, барьж явсан цүнх татагдах шиг болохоор нь эргэж харалгүй цүнхээ харчихаад дотогшоо орж, нэг давхрын гоёл чимэглэлийн лангуун дээр очоод цүнхээ шалгатал дотор нь байсан “Iphone 6s plus” загварын ягаан өнгийн, гар утас алга болчихсон байсан. ...” гэх мэдүүлэг. /1хх 59-60/,

насанд хүрээгүй хохирогч Г.А-ийн “...Би 2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр 15 цагийн орчим сургалтаа тараад “Хавдар судлалын үндэсний төв”-ийн автобусны буудлаас “Ч-10” чиглэлийн автобусанд суугаад Баянмонгол руу явж байхдаа гар утсаа гадуур хувцасныхаа халаасанд үзэхэд байгаагүй...“Huawei Ү5” загварын гар утас байсан. ...” гэх мэдүүлэг. /1хх-121/,

хохирогч Д.Г-ын “...2018 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр 15:00 цагийн үед гэр Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 3 дугаар эмнэлгийн автобусны буудлын орчим цүнхнээсээ 90470624 дугаарын “LG” загварын сүүлийн үеийн андриод үйлдлийн системтэй гар утсаа алдсан. ...” гэх мэдүүлэг. /1хх-206-208/,

насанд хүрээгүй хохирогч Б.М-ийн “...2018 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 25 дугаар эмийн сангийн буудлаас автобусанд суугаад 3 дугаар эмнэлэг орох замдаа өмсөж явсан куртикны зүүн халааснаас “Samsung S3” загварын гар утсаа хулгайд алдсан. ...” гэх мэдүүлэг /1хх-221/,

гэрч Г.О-ын “...Хын биед цагдаагийн ажилтан үзлэг хийхэд Х надад хар өнгийн гэртэй “LG G-рго” загварын гар утсыг цагдаа нараас нуугаад өгсөн. ...” гэх мэдүүлэг. /1хх-231/,

гэрч Э.Э-ийн “...Би Б.Хтай найзалж байгаад хоёр ихэр хүүхэдтэй болсон...2016 оны 5 сараас тусдаа амьдарч байна...Х тогтсон ажил хийдэггүй, түүнийг хулгай хийдэг талаар мэднэ...боль гэж удаа дараа хэлж байсан...чамд хамаагүй, үүнээс өөр хийж чадах юм байхгүй гэж хэлдэг...” гэх мэдүүлэг /хх1-231/,

Шүүгдэгч Б.Х-ын үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлгүүд /1хх-23-27, 68-70, 79-80, 131, 213-215/,

Чингэлтэй дүүргийн Засаг даргын дэргэдэх орон тооны бус үнэлгээний комиссын үнэлгээнүүд /1хх-28, 63/, “Дамно” хөрөнгийн үнэлгээ, зуучлалын компанийн үнэлгээний тайлангууд /1хх-127-128, 211-212, 226-227/,

Эд зүйл түр хураан авсан болон хүлээлгэн өгсөн тэмдэглэлүүд /1хх-124-125, 201-202, 222-223/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтудад үндэслэл бүхий дүгнэлт хийн шүүгдэгч Б.Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, түүнд тухайн зүйлд заасан төрөл, хэмжээний дотор ял шийтгэл  оногдуулсан  нь хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Б.Х-ын “...хохирогч М.С, Г.О нарын гар утсыг хулгайлаагүй,... дээрх хулгай хийсэн утаснуудаар ашиг орлого олж, амьдралын эх үүсвэр болгоогүй...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэх боломжгүй байна.

 

Учир нь, хэрэгт авагдсан гэрч Э.Э-ийн ”...Б.Х тогтсон ажил хийж байгаагүй...хулгай хийхээ боль гэж хэлэхэд, үүнээс өөр хийж чадах юм байхгүй гэж хэлдэг...” гэх мэдүүлэг, шүүгдэгч Б.Х-ын “...би ажил хөдөлмөр эрхэлдэггүй, цалин орлого байхгүй...” гэх мэдүүлэг, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, цаг хугацаа зэргээс үзэхэд Б.Х-ыг хулгайн гэмт хэрэг үйлдэж, авсан эд зүйлсээ зарж борлуулан, өөрийн амьдралын хэрэгцээ шаардлагаа хангах эх үүсвэрээ болгосон гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Тодруулбал, хулгайд алдагдсан эд зүйлс, өмч хөрөнгийн хохирлын хэмжээ, шинж чанар, үнэлэмжээр бус тухайн гэмт хэргийг байнга үйлдэж, түүнээс олсон орлогыг амьдралын эс үүсвэр болгосон, өөрөөр хэлбэл гэмт хэргийг өөрийн амьдралын зорилго, байнгын үндсэн ажил болгосон шинжтэй, хэвшмэл маягтай байхыг ойлгоно.

 

 Тэрээр хохирогч М.С, Г.О нарын гар утаснуудыг хулгайлсан үйлдлээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлгийг өгч байсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагаанд мөрдөгч нар хэрцгийгээр зодож, эрүү шүүлт тулган хэрэг хүлээлгэсэн гэх нөхцөл байдал баримтаар тогтоогдохгүй байна.

 

 Түүнчлэн шүүгдэгчийн гаргасан “...хохирогч Д.Г, Б.М нарын утсыг хулгайлсан үйлдэл Зөрчлийн тухай хуулиар шийдвэрлэгдэх ёстой...” гэсэн агуулга бүхий гомдлын тухайд, нэг өдөр, нэг цаг хугацаанд 2 хохирогчийн утсыг хулгайлж, 204.000 төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2, 3 дахь хэсгүүдэд заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд хохирлын хэмжээ хамаарахгүй гэж дүгнэсэн анхан шатны дүгнэлтийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Х-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 1035 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Х-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ОЮУНЧУЛУУН                                                                                                                                                                                                   ШҮҮГЧИД                                                          М.ПҮРЭВСҮРЭН

                                                            Л.ДАРЬСҮРЭН