Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Хуушааны Эрдэнэсувд |
Хэргийн индекс | 134/2018/00131/И |
Дугаар | 001/ХТ2019/00553 |
Огноо | 2019-04-18 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2019 оны 04 сарын 18 өдөр
Дугаар 001/ХТ2019/00553
Б.Мын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 134/ШШ2018/00176 дугаар шийдвэр
Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 216/МА2018/00023 дугаар магадлалтай
Б.Мын нэхэмжлэлтэй,
“Ш” ХК-д холбогдох
Ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах тухай иргэний хэргийг
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мандахнарангийн хяналтын журмаар гаргасан гомдлоор
шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Батмөнх, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Дашдулам, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мандахнаран, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн захирлын зөвлөлийн хурлаар миний биеийг сахилгын зөрчил удаа дараа гаргасан мэтээр хэлэлцэж ажлаас үндэслэлгүй халсан. Тухайн хурал дээр өөрийн буруугүй болохыг хэлсэн боловч авч хэлэлцэлгүйгээр шийдвэр гаргасан. Иймд миний Үндсэн хуулиар олгогдсон ажиллаж хөдөлмөрлөх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг минь зөрчсөн гэж үзэж байгаа тул “Ш” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн Б/230 дугаартай тушаалыг хүчингүй болгож, үйлчилгээний автомашины жолоочийн ажлын байранд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг олгуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Мын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Тээвэр үйлчилгээний авто машины жолооч Б.Мыг тус компанийн гүйцэтгэх захирлын 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн Б/230 дугаар тушаалаар сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа дуусаагүй байхдаа 2018 оны 05 дугаар сарын 07, 14-ний өдрүүдэд ажил тасалсан, компанийн эд хөрөнгийг зөвшөөрөлгүй дур мэдэн авч яван хөдөлмөрийн сахилгын зөрчил давтан гаргасан үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас нь чөлөөлсөн болно. Б.Мт өмнө нь тус компанийн гүйцэтгэх захирлын 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Б/59 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1-д зааснаар сануулах сахилгын шийтгэл ногдуулсан байсан юм.
Б.М нь 2018 оны 05 дугаар сарын 07, 14-ний өдрүүдэд ажил тасалж, зөрчил гаргасан болох нь 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн захирлын зөвлөлийн хурлаар хэлэлцэгдсэн баримтууд, хурлын тэмдэглэлээр нотлогдож байгаа. Компанийн ажилтнуудын ажлын цаг бүртгэл, цаг ашиглалт, илүү цагийг тооцох, хяналт тавих журмын 3.1.-д Ажилтнууд ажлын байранд ирэх, ажлаас тарах цагаа цаг бүртгэлийн цахим хяналтын төхөөрөмжид ирсэн, явсан цагаа өөрийн биеэр заавал бүртгүүлнэ 3.2.-т ажилтны ажилдаа ирэх, тарахдаа бүртгүүлсэн цагийн зөрүүгээр ажлын цаг бүртгэлийн тооцоонд тусгагдах тул бүртгэгдээгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүй тохиолдолд ажил тасалснаар тооцно гэж зааснаар зохицуулсан болно.
Б.Мын ажлын цаг ашиглалт, цаг бүртгэлийн цахим хяналтын төхөөрөмжид ажилд ирсэн, явсан байдлаа тэмдэглүүлсэн байдал тун хангалтгүй бөгөөд ирсэн, явсан цагаа тэмдэглүүлэхгүй, хурууны хээгээ дарахгүй байх олон тохиолдол тогтоогдсон.
Тус компанийн гүйцэтгэх захирлын 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн А/103 дугаар тушаалаар Үйлдвэрлэлийн талбайд нэвтрэх тээврийн хэрэгслийг зохицуулах, хяналт тавих журмыг батлан гаргасан. Журмын 2.1-д Албан журмын байнгын зөвшөөрөлтэйгөөс бусад үйлдвэрлэлийн талбайгаар нэвтрэх /орж, гарах, дайран өнгөрөх/ тээврийн хэрэгслийг тусгай зөвшөөрлөөр оруулж гаргана. Тусгай зөвшөөрлийг ээлжийн дарга, харуул хамгаалалтын албан хаагчид мэдэгдэнэ. 2.2-т Ш ХК-ийн шалган нэвтрүүлэх №01, №03 постоор шууд нэвтрэх болон зөвшөөрөлтэй орох, гарах автомашинуудын жагсаалтыг журмын хавсралтаар гарган мөрдөн ажиллана. 2.4-т Ерөнхий инженерээс зөвшөөрөл авч гардаг автомашинууд нь ажлын цагаар урьдчилан зөвшөөрөл авсан байх ба зөвшөөрөл аваагүй тохиолдолд уурхайн бүсээс гарахгүй байхаар зохицуулсан. Журмын 2 дугаар хавсралтын 11-д Б.М нь Пикап Шивролет 57-72 ГСА улсын дугаартай автомашиныг Ерөнхий инженерээс зөвшөөрөл авч гарах ёстой байна. Б.М нь 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр уурхайн Үйлдвэрлэлийн талбайд нэвтрэх тээврийн хэрэгслийг зохицуулах, хяналт тавих журмыг зөрчиж, ерөнхий инженерээс уурхайн бүсээс гарах зөвшөөрөл авалгүйгээр авто машиныг жолоодон Говьсүмбэр аймгийн Шивээговь сумруу авч явсан зөрчлийг гаргасан байна. 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Ерөнхий инженер Г.Гэрэлхүүгээс Б.М нь уурхайн үйлдвэрлэлийн талбайгаас нэвтрэн гарах зөвшөөрөл огт аваагүй болох нь 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн захирлын зөвлөлийн хурлаар хэлэлцэгдсэн болно.
Компанийн дотоод журмын 10 дугаар зүйлийн 10.3.3, 10.3.13-т зааснаар компанийн эд хөрөнгийг дур мэдэн авч явах, албан тушаал, эрх мэдлээ хэтрүүлэх нь ноцтой зөрчилд тооцох заалттай. Компанийн үйлдвэрлэлийн талбай, Шивээговь сумын хооронд 25 км зайтай бөгөөд компанийн машиныг зөвшөөрөлгүйгээр авч гаран ирж, буцах замд авч явж хохирол учруулсан, авч явсан машиныг нь өөрөө хүргэж очоогүй бөгөөд өөр жолооч очиж авсан хүртэл нөхцөл байдал илэрсэн.
“Ш” ХК-ийн зүгээс ажилтны хөдөлмөрлөх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг огт зөрчөөгүй бөгөөд 2018 оны 06 дугаар сарын 06-ний өдөр болсон захирлын зөвлөлийн хуралд Б.М болон тус компанийн Тээвэр үйлчилгээний хэсгийн дарга холбогдох албан тушаалтнуудыг оролцуулсан. Уг хуралд Б.М холбогдох тайлбар, санал сэтгэгдлээ илэрхийлсэн, үзэл бодлоо илэрхийлэхийг хориглосон зүйл огт байгаагүй болно.
Б.Мын гаргасан зөрчлүүд Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т заасан сахилгын зөрчил гаргаснаас хойш 6 сар, илрүүлснээс хойш1 сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна, 131.4-т сахилгын шийтгэл ногдуулснаас хойш нэг жил өнгөрвөл сахилгын шийтгэлгүйд тооцно гэсэн нөхцлүүдийг хангасан байгаа болно. Ажилтан Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан сахилгын зөрчлийг давтан гаргасан нөхцөл байдал бүрэн тогтоогдсон тул Б.Мтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 134/ШШ2018/00176 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар хариуцагч “Ш” ХК-д холбогдох тус компанийн гүйцэтгэх захирлын 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн Б/230 дугаартай тушаалыг хүчингүй болгож, үйлчилгээний автомашины жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Мын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 216/МА2018/00023 дугаар магадлалаар: Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дугаар сарын 24-ны өдрийн 134/ШШ2018/00176 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж,
Нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мандахнаран хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 216/МА2018/00023 дугаар магадлалыг Иргэний хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэх үндэслэлээр эс зөвшөөрч, хяналтын шатны шүүхэд гомдол гаргаж байна.
Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 216/МА2018/00023 дугаар магадлалаар Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 134/ШШ2018/00176 дугаар шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3, 168.1.7-д хэргийн оролцогчийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн, ИХШХШТХ-ийн 38.6-д заасан тохиолдолд нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаан шийдвэрлэсэн байна.
Анхан болон давж заалдах шатны шүүх “Ш” ХК-нд холбогдох “Ш” ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн Б/230 дугаартай тушаалыг хүчингүй болгож, үйлчилгээний автомашины жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага, гомдлын үндэслэлийг хянасан бөгөөд давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 38 дугаар зүйлийн 38.6, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 105 дугаар зүйлийн 105.2-д заасан зүйл заалтуудыг буруу тайлбарлан хэрэглэсэн зөрчил гаргасан хэмээн үзэж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй”, мөн хуулийн 38.6 “Хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь төр, байгууллага, хувь хүний нууцтай холбоотой, өөр улс, орон нутагт байгаа учраас зохигч тэдгээрийг өөрөө олж авах боломжгүй, түүнчлэн туршилт, үзлэг, таньж олуулах шинжилгээ хийлгэх, гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ.” хэмээн заасан.
Нэхэмжлэгч талаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны 60 хоногийн хугацаанд буюу анхан шатны шүүх хурал зарлагдаж, шүүх хурал эхлэх хүртэл хугацаанд нотлох баримт бүрдүүлж өгөх үүргээ огт биелүүлээгүй, зөвхөн анхан шатны шүүх хуралдаан зарлагдаж, шүүх хуралдаан эхлэх өдөр нотлох баримт гаргуулах хүсэлтийг шүүхэд гаргадаг байсан.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.2-д “Хэрэг хянан шийдвэрлэхтэй холбоотой нэмэлт тайлбар, нотлох баримтыг урьд нь гаргах буюу санал болгох бололцоотой байсан боловч шүүх хуралдааны үед гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзвэл түүнийг хүлээн авч, шинжлэн судлах шаардлагатай бол шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулж болно” гэсний дагуу нэхэмжлэгч талын шүүх хурал дээр гаргасан нийт 5 удаагийн хүсэлтийг хангаж, хариуцагчаас нотлох баримт гаргуулах шүүгчийн захирамж гарган ИХШХШТХ-ийн 38.6, 105.2-д заасан эрхийг нэхэмжлэгч талд бүрэн эдлүүлсэн болно.
Нэхэмжлэгч талын зүгээс гаргасан нотлох баримт хариуцагч талаас гаргуулах хүсэлтэд зөвхөн дүрэм, журам, бүртгэл, тушаал гаргуулна гэсэн утга агуулгатай байдаг бөгөөд Б.Мын нэхэмжлэлтэй “Ш” ХК-нд холбогдох тус компанийн Гүйцэтгэх захирлын 2018.06.07-ны өдрийн Б/230 дугаар тушаалыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагатай ямар холбоотой, тэдгээрийг гаргуулан авснаар ямар ач холбогдол, зайлшгүй шаардлагатай байдал, уялдаа холбоог тайлбарладаггүй, гаргасан хүсэлт, тайлбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай зарим хэсэг нь огт хамаардаггүй байсан болно.
Гэвч анхан шатны шүүх нэхэмжлэгчийн эрхийг хангаж шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулан хариуцагч талаас нэхэмжлэгч талын шаардсан нотлох баримтыг гаргуулсан нь ИХШХШТХ-ийн 38.6, 105.2-д заасан эрхийг нэхэмжлэгчид эдлүүлж ИХШХШТХ-ийн 168.1.3, 168.1.7-д заасан зөрчлүүдийг гаргаагүй болох нь иргэний хэрэгт авагдсан нотлох баримт, нэхэмжлэгч талын удаа дараа гаргасан хүсэлт, шүүх хуралдааны тэмдэглэл, шүүгчийн захирамжуудаар нотлогдоно.
Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг зөрчсөн, нотлох баримтыг бүрдүүлж цуглуулах эрхийг хаасан зүйл байхгүй. Харин ч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-д заасны дагуу хэрэгт хамааралтай, нотолгооны ач холбогдолтой баримтуудыг нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу бүрдүүлсэн байгааг дурдах нь зүйтэй.
Давж заалдах шатны шүүх ажил олгогчийн гаргасан 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Б/59 дүгээр тушаал нь ажилтныг ажлаас халах нөхцөлд хамаарч байгаа тул энэ тушаал хууль ёсны эсэхэд шүүх дүгнэлт хийгээгүй гэсэн нөхцөлийг дурдсан байна.
Нэхэмжлэгч нь “Ш” ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Б/59 дүгээр тушаалд гомдол огт гаргаагүй бөгөөд анхан шатны шүүх хуралд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар дээрх тушаалд гомдол гаргаагүй, хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн бөгөөд шүүх хуралдааны тэмдэглэлээр баталгаажсан болно.
“Ш” ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Б/59 дүгээр Б.Мт сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал иргэний хэрэгт нотлох баримтаар авагдсан. Үйл баримтыг нотолсон тэмдэглэл хэрэгт авагдсан болно.
Анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт “Ш” ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Б/59 дүгээр тушаалаар Б.Мт сануулах сахилгын шийтгэл ногдуулсан байх бөгөөд нэхэмжлэгч тал уг тушаалд гомдол гаргаагүй хүчин төгөлдөр болсон байна хэмээн тушаалыг хууль ёсны эсэхэд дүгнэлт өгсөн байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд иргэний хэргийг хянан шийдвэрлэх бөгөөд нэхэмжлэгчийн талын гаргаагүй нэхэмжлэлийн шаардлагад үнэлэлт өгөх иргэний хэргийн хязгаараас давж, өөрийн сонирхлоор хэргийг шийдвэрлэх нь шүүх хөндлөнгийн байх зарчмыг зөрчсөн нөхцөл байдлыг үүсгэх юм.
Иргэний хэрэгт Б.Мын “Ш” ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Б/59 дүгээр тушаалыг хүчингүй болгох эсэх шаардлагатай холбоотой бүхий л нотлох баримт цугларсан бөгөөд Б.Мын гаргасан зөрчил хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон байгаа болно.
Давж заалдах шатны шүүх ИХШХШТХ-ийн 38 дугаар зүйлийн 38.6, 105 дугаар зүйлийн 105.2 дахь заалтуудыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, ИХШХШТХ-ийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь заалтуудыг тайлбарлахдаа /Нотлох баримт үнэлэх/ хэрэг хянан шийдвэрлэж буй шүүгчийн дотоод итгэлд хөндлөнгөөс нөлөөлсөн шийдвэрийг гаргаж, хууль буруу хэрэглэсэн зөрчил тус тус гаргасан байна.
Иймд дээрх үндэслэлээр Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 216/МА2018/00023 дугаар магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 134/ШШ2018/00176 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Б.М нь “Ш” ХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, ажил олгогчийн шийдвэр хууль зөрчөөгүй гэж маргажээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан байна.
Давж заалдах шатны шүүх нотлох баримтыг үнэлэх хуульд заасан журмыг зөрчсөн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.
“Ш” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн Б/230 тушаалаар нэхэмжлэгч Б.Мыг “Ш” ХК-ийн Тээврийн үйлчилгээний хэсгийн үйлчилгээний автомашины жолоочоор ажиллаж байхдаа сахилгын зөрчлийг давтан гаргасан үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4., хөдөлмөрийн дотоод журмын 7.4.2., 8.1.3., 8.1.9., 8.3.6., 10.3.3., 10.3.13., 12.2.7., хөдөлмөрийн гэрээний 1.5., 7.2.4. дэх заалтуудыг удирдлага болгон хөдөлмөрийн гэрээг нь цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.
Хэрэгт авагдсан баримтаар “Ш” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Б/59 дүгээр тушаалаар Б.Мыг эрхэлсэн албан үүрэгтээ хайхрамжгүй хандснаас хариуцсан автомашиныхаа шинэ тавьсан дугуйг үрэгдүүлэн ажлын хариуцлага алдсан гэх үндэслэлээр “сануулах” сахилгын шийтгэл ногдуулсан, ажилтан дээрх шийдвэрт гомдол гаргаагүй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.4.-т зааснаар сахилгын шийтгэл ногдуулснаас хойш нэг жил өнгөрвөл сахилгын шийтгэлгүйд тооцно.
Сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа дуусаагүй байхад Б.М нь 2018 оны 05 дугаар сарын 07, 14-ний өдрүүдэд ажил тасалж, 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр уурхайн “Үйлдвэрлэлийн талбайд нэвтрэх тээврийн хэрэгслийг зохицуулах, хяналт тавих журам”-ыг зөрчиж, Ерөнхий инженерээс зөвшөөрөл авалгүйгээр компанийн эд хөрөнгө болох 57-72 ГСА улсын дугаартай автомашиныг жолоодон үйлдвэрийн бүсээс гарч, Говьсүмбэр аймгийн Ш сум руу явсан зөрчил гаргасан нь тогтоогджээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан ...бол ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж болно гэж зохицуулсан байх тул ажил олгогчийн шийдвэр Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөрчөөгүй байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн “сануулах” шийтгэл ногдуулсан Гүйцэтгэх захирлын тушаалыг эс зөвшөөрч, тус тушаалтай холбогдох нотлох баримт гаргуулах хүсэлт гаргасныг анхан шатны шүүх хэрэгт ач холбогдолгүй гэж дүгнэн шүүгчийн захирамжаар хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэжээ.
Давж заалдах шатны шүүхээс “...нэхэмжлэгчийн хүсэлтийг хангахаас татгалзсан нь шүүх нотлох баримт бүрдүүлэх үүргээ биелүүлээгүй, нэхэмжлэгчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн гэж үзэн, холбогдох нотлох баримт бүрдсэнээр ажилтанд хариуцлага тооцсон ажил олгогчийн шийдвэр хууль ёсны эсэхэд дүгнэлт хийх боломжтой, ажилтныг давтан зөрчил гаргасан гэж дүгнэхэд дээрх баримт чухал ач холбогдолтой...” гэх үндэслэл зааж шийдвэрийг хүчингүй болгожээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.-д зааснаар хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2.-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор гомдол гаргах эрхтэй.
2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Компанийн захирлын зөвлөлийн хуралд Б.Мыг оролцуулан, түүний гаргасан зөрчлийг хэлэлцэж, автомашины дугуй үрэгдүүлсэн үндэслэлээр “сануулах” сахилгын шийтгэл ногдуулахаар шийдвэрлэсэн бөгөөд үүний дагуу гарсан Гүйцэтгэх захирлын 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Б/59 дүгээр тушаалд нэхэмжлэгч гомдол гаргаагүй байна.
Ажил олгогчийн шийдвэрт гомдол гаргах хуульд заасан хугацаа өнгөрсний дараа тухайн тушаалын хууль зүйн үндэслэлийн талаар маргаж, уг тушаалтай холбоотой нотлох баримт гаргуулахыг хүссэн нэхэмжлэгчийн хүсэлтийг “хэрэгт ач холбогдолгүй” гэж үзэн хангахаас татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6. дахь заалтыг зөрчсөн гэж үзэхгүй тул “...шүүх нотлох баримт бүрдүүлэх үүргээ биелүүлээгүй, ...хэргийн оролцогчид хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлэх боломж олгоогүй...” гэх үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7. дахь заалтад нийцээгүй байна.
Иймд магадлалыг эс зөвшөөрсөн хариуцагчийн гомдлыг хангаж шийдвэрлэв.
Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн хөдөлмөрийн эрх зүйн маргааныг үндэслэл бүхий тодорхойлж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэргийн оролцогчоос гаргаж, хэрэгт цугларсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангасан байна.
Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байх тул магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 216/МА2018/00023 дугаар магадлалыг хүчингүй болгож, Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 134/ШШ2018/00176 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мандахнарангийн гомдлыг хангасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАХ
ШҮҮГЧ Х.ЭРДЭНЭСУВД