Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 767

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Г-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор Б.Батхишиг

шүүгдэгч Б.Г-ын өмгөөлөгч О.Баярбаясгалан,

нарийн бичгийн дарга Э.Ариунзаяа нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 515 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч Ч.Шүрэнцэцэг, О.Баярбаясгалан нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Б.Год холбогдох 1803002230178 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

С овогт Б-ы Г, 1993 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, ах, дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн ........ тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ......../;

Б.Г нь 2018 оны 3 дугаар сарын 17-ны орой 23 цаг 10 минутын үед Баянгол дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэр, ....... хүнсний дэлгүүрийн урд замд “Toyota prius” загварын, ...... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөнөөс явган зорчигч О.Я-ыг мөргөж, амь насыг хохироосон гэмт хэрэгт,

мөн дүрмийн 2.5-д заасан “зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, б/ зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог, нэр, тээврийн хэрэгслийн загвар, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх, в/ зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага /ажилтан/-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх гэсэн заалтуудыг зөрчин зам тээврийн осол, хэрэг гарсан газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

            Тээврийн прокурорын газраас Б.Г-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

         

          Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Г-ыг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам, Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон, автотээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

          Б.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилээр хасч, 1 жил 8 сарын хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж,

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Б.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг 90 хоногоор тогтоож, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 8 сарын хорих ял дээр нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 1 жил 11 сарын хорих ялаар тогтоож,

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Б.Г-од оногдуулсан 1 жил 11 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг хорих ял эдэлж дууссаны дараагаас эхлэн эдлүүлэх,

          Шүүгдэгч Б.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс хохирогчид 8.500.000 төгрөг төлсөн, баримтаар бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, хэрэгт хавсарган ирүүлсэн 816161 дугаартай жолоочийн үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, шүүгдэгч Б.Г-ыг цагдан хорьж, эдлэх ялыг 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

 

          Шүүгдэгч Б.Г тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “... Би өөрийн хайхрамж, болгоомжгүй байдлаасаа болж эрдэнэт хүний амь насыг хохироосондоо асар ихээр гэмшиж, харуусаж байна. Би талийгаачийн ар гэрийнхэнд дахин эмгэнэл илэрхийлж, уучлал гуйж байна. Насанд хүрчихээд эцэг, эхийнхээ ачийг хариулаад, баярлуулаад явахын оронд сэтгэлийг нь зовоож байгаадаа ч харамсаж байна. Би маш их зүйлийг ойлгож ухамсарлалаа. Хийсэн хэрэгтээ маш ихээр гэмшиж байна, дахин гэмт хэрэг үйлдэхгүй. Иймд надад нэг удаа боломж олгож, анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэлийг биеэр эдлүүлэхгүй, хөнгөрүүлж өгнө үү ...” гэжээ.

 

          Шүүгдэгч Б.Г-ын өмгөөлөгч Ч.Шүрэнцэцэг тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “... Миний үйлчлүүлэгч Б.Г тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа, гэм буруугаа хүлээсэн бөгөөд гэмт хэргийн улмаас учруулсан бодит зардал болох оршуулгын зардал, өмгөөлөгчийн хөлс зэргийг нөхөн төлсөн, өр төлбөргүй юм. Б.Г-ын хувийн байдлыг харахад даруу төлөв зантай, архи хэрэглэдэггүй, эрхэлсэн тодорхой ажилтай, хөдөлмөрч залуу гэсэн байдаг. Иймд дээрх нөхцөл байдлуудыг ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болгон харгалзан үзэж, хувийн зан байдал, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь зохицуулалтыг хэрэглэх боломжтой байх тул анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, хянан харгалзаж өгнө үү ...” гэжээ.

 

          Шүүгдэгч Б.Г-ын өмгөөлөгч О.Баярбаясгалан гаргасан давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Б.Г-ын хувьд мөрдөн байцаалтын шатнаас авахуулаад үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн асуудал дээр маргаагүй. Гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 8.500.000 төгрөгийг нөхөн төлсөн. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт гаргасан. Б.Г-ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх  хэсгийн 1.1-д заасан “... тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн ...”, 1.2-т заасан “... учруулсан хохирлыг нөхөн төлсөн ...” зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдож байх бөгөөд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Б.Г-ын үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэргийн ангилалд хамаарна. Гэтэл анхан шатны шүүхээс Б.Г-од хорих ял оногдуулах болсон үндэслэлээ “... гэмт хэргийн улмаас амь хохирогч нас барсан, хор уршиг арилаагүй зэргийг харгалзан шүүгдэгчид хорих ял оногдуулж шийдвэрлэв ...” гэж дүгнэж бичсэн нь хууль зүйн хувьд үндэслэлгүй юм. Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар “... хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж болно гэж хуульчилсан. Б.Г-ын  хувьд ам бүл 5, эцэг эх, ах, дүү нарын хамт амьдардаг, гэрээсээ ганцаараа ажил хөдөлмөр эрхэлж, гэр бүлээ авч явдаг зэрэг нөхцөл байдал тогтоогдож байгаа.

          Иймд дээрх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал, шүүгдэгч Б.Г-ын  хувийн байдал, тухайн хэрэг нь санамсар, болгоомжгүй байдлаас болж үйлдэгддэг зэргийг харгалзан үзэж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд Б.Г-од оногдуулсан 1 жил 11 сарын хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасны дагуу хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгөхөөр өөрчлөлт оруулж өгнө үү ...” гэв.

 

ХЯНАВАЛ:

Шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч Ч.Шүрэнцэцэг, О.Баярбаясгалан нарын гаргасан гомдлуудыг үндэслэн Б.Г-од холбогдох эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэхдээ гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

 

Хавтас хэрэгт цугларсан, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

 

Шүүгдэгч Б.Г нь 2018 оны 3 дугаар сарын 17-ны орой 23 цаг 10 минутын үед Баянгол дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэр, ..... хүнсний дэлгүүрийн урд замд “Toyota prius” загварын, ....... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа  Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөнөөс явган зорчигч О.Я-ыг мөргөж, амь насыг нь хохироосон гэмт хэрэг,

мөн дүрмийн 2.5-д заасан “зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдэгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, б/ зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог, нэр, тээврийн хэрэгслийн загвар, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх, в/ зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага /ажилтан/-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх гэсэн заалтуудыг тус тус зөрчин зам тээврийн осол, хэрэг гарсан газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

Шүүгдэгч Б.Г-ын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт “...осол гаргасандаа харамсаж байна, талийгаачийн ар гэрийнхнээс уучлалт гуйж байна...” гэх үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /хх176-179/, хохирогч С.О-ийн ”...Б.Г-оос оршуулгын зардал 8500000 төгрөг авсан, хүнээ алдсандаа гомдолтой байна” гэх мэдүүлэг /1хх-53-54/, гэрч О.Б-ийн “........ хүнсний дэлгүүрийн урд зам дээр хүн хэвтэж байсныг хараад өөрийнхөө утсаар дуудлага өгсөн” гэх мэдүүлэг /1хх-126/, гэрч Б.Н-ийн “..зам дээр хоёр хөл нь хугарсан, доошоо харсан байдалтай нэг эмэгтэй хэвтэж байсан. Бууж хараад дуудлага өгсөн” гэх мэдүүлэг /1хх-128/, гэрч Н.Б-ы “..Г над руу залгаад “ааваа би хүн дайрчихлаа, одоо гудамжинд зогсож байна гэж хэлсэн” гэх мэдүүлэг /1хх-130/, иргэний хариуцагч Б.О-ийн “...Г аав Б луу залгаад “би хүн дайрчихлаа, хүрээд ир гэж хэлээд утсаа тасалсан, удалгүй цагдаагаас над руу залгасан” гэх мэдүүлэг /1хх-49-50/, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, тэдгээрийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт /1хх-5-16/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт /хх17-24/, “О.Я нь хавсарсан гэмтлийн улмаас шоконд орж нас барсан” талаарх Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний 706 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх-133-134/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын Автотехникийн шинжээчийн 2325 дугаартай дүгнэлт /1хх-151-157/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын мөр судлалын шинжээчийн 2033 дугаартай дүгнэлт /1хх-161-166/, шүүгдэгч Б.Г нь Замын хөдөлгөөний дүрмийн 9.2, 2.5а, 6.3 а, б, в заалтыг зөрчсөн гэх Замын цагдаагийн албаны шинжээчийн дүгнэлт /хх170-171/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож, тогтоогджээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Г-ыг Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон, мөн хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэж үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

 

Хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, түүнд тухайн зүйлд заасан төрөл, хэмжээний дотор ял шийтгэл  оногдуулсан  нь хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Б.Г болон түүний өмгөөлөгч Ч.Шүрэнцэцэг, О.Баярбаясгалан нарын “...Б.Г-ын хувийн байдал болон бодит хохирлыг бүрэн барагдуулсан зэргийг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэх боломжгүй байна.

Учир нь уг зам тээврийн ослын улмаас хүний амь нас хохирч, хүнд хор уршиг учирсан нөхцөл байдлыг харгалзан анхан шатны шүүхээс Б.Г-од оногдуулсан хорих ял шийтгэлийн хэмжээ, ял эдлүүлэх дэглэм нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанарт тохирсон, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэрэгт зөв дүгнэлт хийжээ.

 

Хэдийгээр хохирогч нь ослын үед хүчтэй зэргийн согтолттой байсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байгаа боловч уг байдал нь зам тээврийн осол гарах гол шалтгаан болсон гэж үзэх боломжгүй бөгөөд шүүгдэгч Б.Г нь замын зорчих хэсэгт явган зорчигч орж ирснийг харсан атлаа тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зогсоох арга хэмжээ аваагүйгээс зам тээврийн осол гаргаж, тэрээр гол буруутай байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч Ч.Шүрэнцэцэг, О.Баярбаясгалан нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 515 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч Ч.Шүрэнцэцэг, О.Баярбаясгалан нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР

 

                                    ШҮҮГЧИД                                                       М.ПҮРЭВСҮРЭН

 

Л.ДАРЬСҮРЭН