Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 782

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 135/2017/00636/И

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 16 дугаар баг, 1 дүгээр хороолол, 14 дүгээр байрны 15 тоотод оршин суух Боржигон овгийн Сангиагийн Туяа /РД:ТЕ69010568/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох

 

Үнэлгээ хүчингүй болгуулах, дахин үнэлгээ хийлгүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Номин-Эрдэнэ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Банзрагч нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Туяа шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Номин-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн алба нь миний өмчлөлийн Дархан-Уул аймгийн Дархан сум 16 дугаар баг 1 дүгээр хороолол 14 дүгээр байрны 15 тоотод байх 54.5 м2 талбайтай супер засвартай орон сууцыг Капитал зууч ХХК-иар үнэлгээ тогтоолгосон. Тус компани миний орон сууцыг зах зээлийн өнөөгийн үнэлгээнээс хэт доогуур буюу 95.000.000 төгрөгөөр үнэлсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул тус үнэлгээг хүчингүй болгуулж, дахин үнэлгээ хийлгэхийг даалгуулахаар гомдол гаргаж байна гэжээ.

Хариуцагч Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхмаа шүүх

 

FILENAME \p \* MERGEFORMAT C:\Users\bolormaa\Documents\Received Files\Tuya-SHSHGA [1].docx

хуралдаанд гаргасан тайлбартаа: Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 1129 дугаар шийдвэрээр Б.Батбилэг, С.Туяа нараас 53.339.347 төгрөгийг гаргуулж Голомт банкинд олгохоор шийдвэрлэжээ. Уг шийдвэрий дагуу гүйцэтгэлийн ажиллагаа явуулж, 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдөр төлбөр төлөгчид сайн дураар биелүүлэх мэдэгдлийг гардуулж, 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 6 дугаар эд хөрөнгө битүүмжлэх актаар барьцааны хөрөнгө болох Дархан сумын 16 дугаар баг 14 дүгээр байр 15 тоот 4 өрөө 54.5 м... талбайтай, улсын бүртгэлийн Ү-2003006361 дугаартай орон сууцыг битүүмжилж, улмаар 2017 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 6 дугаар эд хөрөнгийн хураасан тогтоолоор дээрх барьцааны хөрөнгийг хураасан болно.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т зааснаар төлбөр төлөгч, төлбөр авагч нараас үнийн санал бичгээр авахад хоёр тал харилцан тохиролцоогүй тул 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 6 тоот шинжээч томилох тогтоол гарч, Капитал зууч ХХК-ийг шинжээчээр томилсон.

2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн Капитал зууч ХХК-ийн үнэлгээний тайлангаар дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 95.000.000 төгрөгөөр үнэлсэнийг төлбөр авагч, төлбөр төлөгч нарт танилцуулсан. Төлбөр төлөгч Б.Батбилэг нь 80.000.000 төгрөгөөр үнийн саналаа өгснийг нэмэгдүүлэн үнэлсэн байна. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч С.Туяа нь хариуцагч Дархан-Уул аймаг дахь Шийдвэр гүйцэтгэлийн албанд холбогдуулан Капитал зууч ХХК-ийн 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгуулж, дахин үнэлгээ хийлгэхийг даалгах тухай гомдлын шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан байна.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 1129 дугаар шийдвэрээр Б.Батбилэг, С.Туяа нараас 53.339.347 төгрөгийг гаргуулж Голомт банкинд олгохоор шийдвэрлэсэн ба уг шийдвэрт 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 486 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдэж, улмаар Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн алба шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, ажиллагаа хийгдэж байна.

 

Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн алба шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааны явцад үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан зээлийн барьцаа хөрөнгө болох Дархан-Уул аймаг, Дархан сумын 16 дугаар баг 14 дүгээр байр 15 тоот 4 өрөө 54.5 м2 талбайтай, улсын бүртгэлийн Ү-2003006361 дугаартай орон сууцыг 2016 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн 6 тоот тогтоолоор битүүмжилж, 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 6 тоот тогтоолоор хурааж, талуудаас банкны барьцаа хөрөнгүүдийн үнийн санал авахад төлбөр төлөгч С.Туяагаас гаргасан барьцаа хөрөнгүүдийг хөндлөнгийн хөрөнгийн шинжээч томилуулах хүсэлт /хх 61 /-ийн дагуу Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн алба эд хөрөнгийг үнэлүүлэхээр 2017оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 27 дугаар тогтоолоор Капитал зууч ХХК-ийг шинжээчээр томилж, үнэлгээ хийлгэсэн байна. /хх 62 /

 

Шинжээч Капитал зууч ХХК нь Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар баг 1 дүгээр хороолол 14 дүгээр байр 15 тоот 4 өрөө 54.5 м2 талбайтай, улсын бүртгэлийн Ү-2003006361 дугаартай орон сууцыг 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар зах зээлийн үнийг 95.000.000 төгрөгөөр тогтоосон тул Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн алба энэ талаар төлбөр төлөгчид 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдөр мэдэгджээ. /хх 63/

 

Шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг төлбөр төлөгч сайн дураар төлөөгүй үндэслэлээр Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн алба барьцаа хөрөнгийг битүүмжилж, хурааж, эд хөрөнгийг үнэлүүлэхээр шинжээч томилсон дээрх ажиллагааг хийсэн нь 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 36 дугаар зүйлийн 36.1, 36.5, 37 дугаар зүйлийн 37.2.2-т нийцжээ.

 

Түүнчлэн нэхэмжлэгчээс шинжээч Капитал зууч ХХК-ийн үнэлсэн үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэ гэж тооцсон 95.000.000 төгрөгийг бодитой биш, зах зээлийн ханшийг бодитойгоор тооцоогүй гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нотлоогүй байна.

 

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т зааснаар нэхэмжлэгч С.Туяагийн хариуцагч Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан гаргасан Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 1129 дугаар шийдвэрийн үндсэн дээр явагдаж байгаа шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 6 дугаартай Шинжээч томилох тухай тогтоолын дагуу гарсан Капитал зууч ХХК-ийн 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн үнэлгээний тайлангаар тогтоосон үнэлгээг хүчингүй болгон дахин үнэлгээ хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймаг дахь Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ