Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 140

 

С.Т-гийн  нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2017/00636/и

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч С.Оюунцэцэг, С.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

            Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 782 дугаар шийдвэртэй,   

            Нэхэмжлэгч: С.Т-гийн  нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд  холбогдох 

            “Үнэлгээ хүчингүй болгуулах, дахин үнэлгээ тогтоолгох тухай” иргэний хэргийг 

            Нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлыг үндэслэн

            2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч шүүгч С.Энхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мандуул  оролцов.

            Нэхэмжлэгч С.Т-, итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Номин-Эрдэнэ нараас:

Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн алба нь миний өмчлөлийн Дархан-Уул аймгийн Дархан сум 16 дугаар баг, 1 дүгээр хороолол 14 дүгээр байрны 15 тоотод байх 54.5 м2 талбайтай супер засвартай орон сууцыг “Капитал зууч” ХХК-иар үнэлгээ тогтоолгосон. Тус компани миний орон сууцыг зах зээлийн өнөөгийн үнэлгээнээс хэт доогуур буюу 95.000.000 төгрөгөөр үнэлсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул тус үнэлгээг хүчингүй болгуулж, дахин үнэлгээ хийлгэхийг даалгуулахаар гомдол гаргаж байна гэжээ.

Хариуцагч Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба болон  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхмаа нараас:

Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 1129 дугаар шийдвэрээр Б.Батбилэг, С.Т- нараас 53.339.347 төгрөгийг гаргуулж Голомт банкинд олгохоор шийдвэрлэжээ. Уг шийдвэрийн дагуу гүйцэтгэлийн ажиллагаа явуулж, 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдөр төлбөр төлөгчид сайн дураар биелүүлэх мэдэгдлийг  гардуулж,  2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 6 дугаар эд хөрөнгө битүүмжлэх актаар барьцааны хөрөнгө болох Дархан сумын 16 дугаар баг 14 дүгээр байр 15 тоот 4 өрөө 54.5 м... талбайтай, улсын бүртгэлийн Ү-2003006361 дугаартай орон сууцыг битүүмжилж, улмаар 2017 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 6 дугаар эд хөрөнгийн хураасан тогтоолоор дээрх барьцааны хөрөнгийг хураасан болно. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар төлбөр төлөгч, төлбөр авагч нараас үнийн санал бичгээр авахад хоёр тал харилцан тохиролцоогүй тул шинжээч томилох тогтоол гарч, “Капитал зууч” ХХК-ийг шинжээчээр томилсон. 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн “Капитал зууч” ХХК-ийн үнэлгээний тайлангаар дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 95.000.000 төгрөгөөр үнэлсэнийг төлбөр авагч, төлбөр төлөгч нарт танилцуулсан. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 782 дугаар шийдвэрээр:

2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т зааснаар нэхэмжлэгч С.Т-гийн хариуцагч Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан гаргасан Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 1129 дугаар шийдвэрийн үндсэн дээр явагдаж байгаа шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 6 дугаартай шинжээч томилох тухай тогтоолын дагуу гарсан “Капитал зууч” ХХК-ийн 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн үнэлгээний тайлангаар тогтоосон үнэлгээг хүчингүй болгон дахин үнэлгээ хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч С.Т- давж заалдсан гомдолдоо:

“Капитал зууч” ХХК нь супер засвартай 4 өрөө орон сууцыг  зах зээлийн үнэлгээгээс доогуур бодит байдалд нийцээгүй үнээр буюу 95.0 сая төгрөгөөр үнэлснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Анхан шатны шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглэлгүй үндэслэлгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Үнэлгээ хийлгэх, шинжээч томилох нь шийдвэр гүйцэтгэгчид хуулиар олгогдсон эрх тул төлбөр төлөгч С.Т- миний бие байрныхаа өмчлөгч нь мөн боловч шийдвэр гүйцэтгэлийн албанд битүүмжлэгдэж, хураагдсан үл хөдлөх хөрөнгөнд дур мэдэн өөр үнэлгээний компаниар үнэлгээ хийлгэх эрхгүй тул “Капитал зууч” ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгож, дахин үнэлгээ хийлгүүлэхээр гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх  ажиллагааг  хуульд заасан журмын дагуу  явуулж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны талаар гомдлыг шийдвэрлэхдээ Иргэний хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг  зөв тайлбарлан хэрэглэжээ.

            Нэхэмжлэгч  С.Т- хариуцагч  Дархан-Уул аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан үл хөдлөх хөрөнгийн  үнэлгээг хүчингүй  болгуулах, дахин үнэлгээ  тогтоолгохыг хүссэн нэхэмжлэл гаргасан ба  хариуцагч  шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг  хуульд заасан журмын дагуу явуулж  байгаа үндэслэлээр нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй  байна.

            Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлдээ  үнэлгээний “”Капитал зууч” ХХК нь   54.5 м.кв байрыг  зах зээлийн  үнэлгээнээс хэт  доогуур буюу  95.000.000 төгрөгөөр үнэлсэнийг  хүлээн зөвшөөрөхгүй гэж заажээ.

            Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн  1129 дүгээр шийдвэрээр Б.Батбилэг, С.Т-, Голомт банкны зээлийн  үүрэгт  53.339.347 төгрөг  төлүүлэхээр шийдвэрлэж, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  2016 оны 01 дүгээр сарын 04-ны өдрийн 02 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн  2016 оны  03 дугаар сарын 17-ны өдрийн 001\хт2016\00254 тогтоолоор  анхан шатны  шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, шийдвэр хуулийн хүчин төгөлдөр  болжээ.

Шүүхийн шийдвэрт  төлбөрийг  барьцаа хөрөнгөөс   гаргуулах заалт байхгүй боловч  Дархан-Уул аймгийн Дархан сумын  16 дугаар баг, 14 дүгээр байр 15 тоот 4 өрөө   орон сууцыг зээлийн гэрээнд  барьцаалсан болох нь хэрэгт авагдсан  баримтаар  нотлогдсон  төлбөр төлөгч Б.Батбилэг   80.000.000 төгрөгөөр үнэлж дуудлага худалдаанд оруулахыг зөвшөөрч төлбөр төлөгч С.Т- орон сууцыг  үнэлгээний аргаар үнэлүүлэхийг  тус тус мэдэгдэж байсан  байна.

            Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр  гүйцэтгэх алба шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх тухай  захирамж, гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулж, төлбөр төлөгч нарт сайн дураар биелүүлэх хугацаа олгож, эд хөрөнгө эрэн сурвалжилах, эд хөрөнгө битүүмжлэх, битүүмжилсэн хөрөнгийг хураах, төлбөр төлөгч, авагч нараас  үнийн саналыг  авч,  эд хөрөнгийн үнэлгээ хийлгэх хүсэлтийн дагуу “Капитал зууч” ХХК-ийг шинжээчээр томилох  ажиллагаануудыг явуулжээ.

            Шинжээч томилох ажиллагааг Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасны дагуу явуулсан бөгөөд шинжээчийн дүгнэлт тус хуулийн шаардлагад  нийцэж гарчээ.

            Төлбөр төлөгч нар  шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн  53 дугаар зүйлийн 53.1-д  заасан хөрөнгө байхгүй, 53 дугаар зүйлийн 53.2-т заасан ямар  эд хөрөнгөө  төлбөрт  өгөх тухай хүсэлтээ  эрхийн дагуу  гаргасан  байх тул  төлбөрийг барьцааны  зүйл  болох  үл хөдлөх хөрөнгөөс  гаргуулах ажиллагаа явуулсан нь  хуулийн  үндэслэлтэй байна.

            Нэхэмжлэгч С.Т- нь “Капитал зууч” ХХК-ийн  үнэлгээг  зөвшөөрөхгүй  үндэслэлээ “орон сууцыг  зах зээлийн  өнөөгийн үнэлгээнээс хэт доогуур  95.000.000 төгрөгөөр  үнэлсэн”  гэсэн боловч  энэ үндэслэлээ нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

            Үнэлгээ  тогтоолгосонтой ижил  орон сууцыг  95.00.000  төгрөгөөс  дээш  үнэлсэн  ямар нэг бичгийн  баримт  хэрэгт авагдаагүй  учир  шүүх  хэрэгт авагдсан нотлох баримтын  хүрээнд  маргааныг  хянан шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй  байна.

            Иймд  нэхэмжлэгчийн  анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч  гаргасан  давж заалдах гомдлыг хангах  хууль зүйн үндэслэл  тогтоогдоогүй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн  167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нэхэмжлэгчийн  давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 782 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай  хуулийн  41 дүгээр зүйлийн  41.1.5-д  зааснаар  хураамж  төлөхөөс  чөлөөлөгдсөн  болохыг  дурдсугай.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4,119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

 

                                     ДАРГАЛАГЧ

                                     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      О.НАРАНГЭРЭЛ                    

                                     ШҮҮГЧИД                                                    С.ОЮУНЦЭЦЭГ

                                                                                                          С.ЭНХЖАРГАЛ