Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 001/ХТ2019/00701

 

“Г Б”ХХК-ний нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 102/ШШ2018/03581 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 232 дугаар магадлалтай,

“Г Б”ХХК-ний нэхэмжлэлтэй

Г.Д, Г.Мнарт холбогдох

95 438 325.91 төгрөг гаргуулах, уг үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч нарын өмгөөлөгч З.Шүрэнчулууны гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Батчулуун, хариуцагч нарын өмгөөлөгч З.Шүрэнчулуун, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нар оролцов.

Нэхэмжлэгч нэхэмжлэл болон шүүхэд гаргасан тайлбартаа: Г.Мөнхбаяр, Г.Д нар нь 2014 оны 8 дугаар сарын 22-ны өдөр зээлийн ЗГ2705100627, барьцааны БГ2705100627 тоот гэрээнүүдийг байгуулж, орон сууц худалдан авах зориулалтаар 81 000 000 төгрөгийг жилийн 8 хувийн хүүтэй, 240 сарын хугацаатайгаар зээлсэн. Зээлдэгч нар нь үндсэн зээлийн төлбөрт 3 685 544.95 төгрөг, үндсэн хүүд 24 501 134.22 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 6 453.68 төгрөг, нийт 28 193 132.85 төгрөгийг төлсөн. Зээлдэгч нар зээлийн гэрээгээр хүлээсэн зээлийг хуваариар төлөх үүргээ 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс хойш удаа дараа зөрчсөн тул банк гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээл 77 314 455.05 төгрөг, зээлийн хүү 18 071 341.34 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 52 529.53 төгрөг, нийт 95 438 325.91 төгрөгийг гаргуулах шаардлага гаргасан. Зээлийн гэрээний үүрэгт Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс Энгельс гудамжны 9 дүгээр байрны 16 тоотод байрлах, Ү-0000000000 дугаарт бүртгэгдсэн, 79.85 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг барьцаалсан тул дээрх үүргийг барьцааны хөрөнгө болох Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс Энгельс гудамжны 9 дүгээр байрны 16 тоотод байрлах, 79.85 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцаар хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.Мшүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Голомт банкнаас 2014 оны 8 дугаар сарын 22-ны өдөр 81 000 000 төгрөгийг жилийн 8 хувийн хүүтэйгээр орон сууцны худалдан авах зорилгоор зээлсэн бөгөөд уг орон сууцыг 157 700 000 төгрөгөөр худалдаж авсан. Орон сууцны үнийн 40 хувь буюу 80 000 000 орчим төгрөгийг урьдчилж төлж, Голомт банкнаас 81 000 000 төгрөгийг зээлж бусад төлбөрийг хийсэн юм. Г.Д нь миний дүү, зээл олгоход орлого дутсан учраас хамтран зээлдэгч болсон, харин зээл болон орон сууц худалдаж аваагүй тул би зээлийг хариуцна. Зээлээ зарим үед хугацаандаа буюу сар бүрийн 22-ны өдөр цалин буухгүй, цалин 25-ны өдөр буудаг тул дутуу төлөөд, дараа нь гүйцээгээд явж байтал үүнийг зөрчилд тооцон, “Г Б”сард 19 хувийн хүү рүү орлоо гэсэн. Мөнгө төлөхөөр зөвхөн хүүд тооцож, зээлд тооцдоггүй, шүүхээр асуудлаа шийдвэрлүүл гэсэн. 77 300 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрнө. Харин үндсэн хүүгийн төлбөр 18 000 000 төгрөгийг зөвшөөрөхгүй. Учир нь зээлийг 8 хувийн хүүтэй авсан атал Голомт банкнаас дахин гэрээг шинэчлэн хийлгүйгээр сар бүр 1 200 000 төгрөгөөр төлөхөөр болсон гэж зээлийн эдийн засагч төлөх графикийг гаргаж өгсөн нь сар бүр төлөх боломжгүй болгосон гэж үзэж байна. Мөн миний биеийн байдлаас шалтгаалж, зээл төлөхөд доголдол гарч байсан боловч Голомт банкны ажилтанд тухай бүр энэ талаараа мэдэгдэж байсан. Ийм үед боломжоороо 4 000 000, 2 500 000, 2 000 000 төгрөгийг төлж байсан нь үнэн. “Г Б”санхүүгийн асуудлыг уян хатан нөхцөлтэйгээр шийдвэрлэж өгнө учир тухайн банкийг сонгон үйлчлүүлсэн боловч 81 000 000 төгрөгөөс 28 100 000 төгрөгийг төлсөн атал 95 438 325.91 төгрөг болон бусад шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 102/ШШ2018/03581 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч нараас 73 020 436.18 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс 22 417 889.7 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч нар төлбөрийг сайн дураар эс төлбөл Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс Энгельс гудамжны 9 дүгээр байрны 16 тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэгдсэн, 79.85 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар худалдаж, үнээс зээлийн гэрээний дээрх үүргийг хангуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.3-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 705 341 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч нараас 593 252 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 232 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 102/ШШ2018/03581дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 73 020 436,18 төгрөгийг гэснийг 79 697 480 төгрөгийг гэж, 22 417 889,7 төгрөгийг гэснийг 15 740 845 төгрөгийг гэж, тогтоох хэсгийн 3 дахь заалтын хариуцагч нараас 593 252 төгрөг гаргуулан гэснийг хариуцагч нараас 556 437 төгрөгийг гаргуулж гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 270 039 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч нарын өмгөөлөгч З.Шүрэнчулуун  хяналтын гомдолдоо: Магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Хариуцагч Г.Мөнхбаяр, Г.Д нар нь 2014 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Зээлийн гэрээ байгуулан Голомт банкнаас 81 000 000 төгрөгийг жилийн 8 хувийн хүүтэй 240 сарын хугацаатай зээлж, зээлийн хугацаанд үндсэн зээл болон зээлийн хүүнд 28 193 132.85 төгрөгийг төлсөн байдаг. Зээлдэгч Г.Мнь эрүүл мэндийн шалтгааны улмаас зээл болон хүү төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс Голомт банкнаас 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 09/1091 дугаартай мэдэгдлийг хүргүүлсэн байдаг. Уг мэдэгдэлд “...таны зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэл болох үндсэн зээл, хүүгийн үлдэгдэл 2017.10.02-ны өдрийн байдлаар 85 168 643.87 төгрөгийг 2017 оны 10-р сарын 16-ны дотор бүрэн төлж барагдуулахыг үүргээр мэдэгдэж байна гэж дурьдсан байна. Зээлдүүлэгч нь зээлийн дутуу гүйцэтгэсэн үүргийг бус үндсэн зээл болон хүүг бүхэлд нь тооцож 85 168 643.87 төгрөг нэхэмжилсэн мэдэгдлийг хүргүүлсэн нь зээлдүүлэгчээс гэрээг цуцалсан гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм. Учир нь Иргэний хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт “...зээлийг буцаан төлөх чадваргүй болох нөхцөл байдал бий болсон бол зээлдүүлэгч зээлийн нэн даруй буцаан шаардах эрхтэй” гэж заасан байгаагаас харахад “Г Б”зээлдэгчээс зээлийн үүргийг бүхэлд нь шаардснаар зээлийн гэрээг цуцалсанд тооцох хуулийн зохицуулалттай байна. Иймээс Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдлыг зөв үнэлж дүгнэн зээлийн гэрээг 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөр цуцалсанд тооцож хариуцагч нараас 73 020 436.18 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр болсон. Гэтэл Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх “...мэдэгдлүүд гэрээг цуцалсан агуулагагүй байхад шүүх 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөр гэрээг цуцалсанд тооцож төлбөрийн үлдэгдлийг тооцсон нь буруу байх бөгөөд шүүхэд нэхэмжлэл гаргаснаар гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан гэж үзэх үндэслэлтэй” гэж буруу дүгнэн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч нараас 79 697 480 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

“Г Б”ХХК, хариуцагч Г.Мөнхбаяр, Г.Д нарт холбогдуулан  зээлийн үүрэгт 95 438 325 төгрөгийг гаргуулах, уг үүргийг барьцааны зүйлээс хангуулах нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч 77 300 000 төгрөг төлөхийг зөвшөөрч, зээл төлөхөд хүндрэлтэй болсон, төлсөн мөнгийг хүүд суутгаж, үндсэн төлбөрөөс хасаагүй гэж маргажээ.

Анхан шатны шүүх хариуцагчаас 73 020 436 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, үүргээ сайн дураар биелүүлээгүй бол барьцааны зүйлээс үүргийг хангуулахаар шийдвэрлэсэн ба давж заалдах шатны шүүх хариуцагчийн биелүүлэх үүргийг нэмэгдүүлж, 79 697 480 төгрөгийг гаргуулахаар шийдвэрт өөрчлөлт оруулсан байна. Шийдвэрийг хэвээр үлдээж өгөхийг хүссэн хариуцагч нарын өмгөөлөгчийн гомдлыг хангах боломжтой гэж үзэв.

Хоёр шатны шүүх зээлийн гэрээг цуцалсан талаарх хэрэгт байгаа баримтыг өөр өөр үнэлснээс зөрүүтэй шийдвэр гаргасан байна.

Давж заалдах шатны шүүх гэрээг цуцлах тухай мэдэгдэл, гэрээг цуцалсан үндэслэлийн талаар хууль зүйн дүгнэлт өгөхдөө Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах заалтыг зөрчсөн тул магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх хуулийн үндэслэлтэй гэж үзэв.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу явуулж, зохигчдын эрхийг хязгаарласан алдаа гаргаагүй байна.

Нэхэмжлэлийн үндэслэл болох 2014 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн зээлийн гэрээний төрлийг шүүх үндэслэлтэй тодорхойлж, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсгийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Зээлдэгч нар гэрээний дагуу 81 000 000 төгрөгийг орон сууц худалдан авах зориулалтаар, жилийн 8 хувийн хүүтэйгээр, 240 сарын хугацаатай зээлж авсан, буцааж 28 193 132,85 төгрөгийг төлсөн, 2016 оны 6 дугаар сарын 10-наас хойш төлөлт хийхгүй, үүргээ зөрчсөн нь тогтоогджээ.

Зээлдэгч нар гэрээг цуцалсан талаар маргаагүй ба гэрээг цуцалсан хугацаа,  биелүүлэх үүргийн хэмжээг маргасан байна.

“Г Б”2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 09/1091, мөн оны 10 дугаар сарын 26-ны өдрийн мэдэгдлээр гэрээг цуцлахыг сануулсан атлаа 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байхад давж заалдах шатны шүүх гэрээг цуцлах хугацааг шүүхэд нэхэмжлэл гаргасан үеэр тооцсон нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.2-т заасныг зөрчжээ. Анхан шатны шүүх энэ талаар үндэслэлтэй дүгнэж, гэрээг цуцалсан хугацаа, зээлдүүлэгчийн мэдэгдэл, уг баримтын агуулгыг шийдвэрт тодорхой тусгасан, уг дүгнэлтийг үгүйсгэх үндэслэл тогтоогдоогүй байна.

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.2-т “Үүрэг гүйцэтгүүлэгч нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үзнэ.” гэж заасан. Зээлдэгч нар энэ хугацаанд үүргээ биелүүлээгүй тул гэрээг цуцлах үндэслэл бүрдсэн байна.

Анхан шатны шүүх зээлийн болон барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдал, урт хугацаатай гэрээг цуцлах үндэслэл, журам, зээлдэгчийн биелүүлэх үүргийн хэмжээ зэрэг эрх зүйн асуудлаар Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 166 дугаар зүйлийн 166.1, 221 дүгээр зүйлийн 221.3, 225 дугаар зүйлийн 225.1, 225.2-т нийцсэн дүгнэлтийг хийсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангажээ.

Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр  сарын 30-ны өдрийн 232 дугаар магадлалыг хүчингүй болгож, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 102/ШШ2018/03581 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 121 785 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.УНДРАХ

  ШҮҮГЧ                                                    П.ЗОЛЗАЯА