Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 885

 

 

   Б.Д-т холбогдох

   эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч М.Алдар, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор А.Мөнхзул,

шүүгдэгч Б.Д-н өмгөөлөгч Н.Энхтүвшин,

нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 591 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Д-н гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 2017 2601 0768 дугаартай хэргийг 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Б-ны Д, 19.. оны .. дүгээр сарын ..-ны өдөр .............. аймагт төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, ах нарын хамт ........... дүүргийн ... дүгээр хороо, ........... дүгээр гудамжны ... тоотод оршин суух,

......... аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 93 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 2 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2009 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 2406 тоот Өршөөл үзүүлэх комиссын тогтоолоор 10 сар 26 хоногийг өршөөн хэлтрүүлсэн,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн .... дүгээр шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, /РД:............../,

Г.Д нь Ц.Ч-той бүлэглэн, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 38 дугаар гудамжны 2а тоотод байрлах монгол гэрийн хаалганы цоожны цүүг эвдэж, орон байранд нэвтэрч 32 инчийн “ТСЛ” загварын зурагт хулгайлж, хохирогч Н.Б-д 400.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас: Б.Д-н үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Д-ыг бусадтай бүлэглэн, орон байранд нэвтэрч, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж, бусдын эд хөрөнгийг хулгайлж, бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-ыг эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж,

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-н цагдан хоригдсон нийт 78 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шилжиж ирээгүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн “Т с” ХХК-ийн хяналтын камерийн 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн бичлэг бүхий СD-ийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Д-с 75.000 төгрөгийг гаргуулж “Т с” ХХК-нд олгохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Д давж заалдах гомдолдоо: “...Би анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ 2002 оны Эрүүгийн хуулиар шийдвэрлэсэн нь миний эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэж байна. Би бусдын эд хөрөнгийг хулгайлж, хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан. Миний үйлдсэн гэмт хэргийг 2017 оны 7 дугаар сарын 1-нээс мөрдөгдөж эхэлсэн шинэ Эрүүгийн хуулиар зүйлчилж, эрх зүйн байдлыг минь дээрдүүлэн шийдвэрлэж өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгч Б.Д-н өмгөөлөгч Н.Энхтүвшин тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хуралдааны дараа иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Гүнжинлхамд иргэний нэхэмжлэлтэй холбоотой 81.000 төгрөгийг төлж барагдуулсан.

Шүүгдэгч Б.Д-т холбогдох хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар ял оногдуулсан нь үндэслэлтэй болсон. Шүүгдэгчээс “2015 оны Эрүүгийн хуульд зааснаар хэргийг зүйлчилж өгнө үү” гэсэн давж заалдах гомдол гаргасан нь түүний хууль эрх зүйн мэдлэггүйгээс болсон гэж үзэж байна. Анхан шатны шүүх 2002 оны Эрүүгийн хуульд зааснаар зүйлчилсэн нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэжээ. Иймд 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлд заасныг хэрэглэж, ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Прокурор А.Мөнхзул тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Б.Д-т холбогдох хэргийг анхан шатны шүүхээс 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй болсон. 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд зааснаар зүйлчлэх нь шүүгдэгчийн хувьд эрх зүйн байдал нь дордохоор байгаа. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна. ...” гэв.

                                                               ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Б.Д-т холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд заасан асуудалд хязгаарлагдахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Б.Д нь бусад /Ц.Ч/-тай бүлэглэн, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж, 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 38 дугаар гудамжны 2а тоотод байрлах монгол гэрийн хаалганы цоожны цүүг эвдэж, орон байранд нэвтэрч, 32 инчийн “ТСЛ” загварын зурагт хулгайлж, хохирогч Н.Б-д 400.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Н.Б-н “...Эхнэр Мөнгөнцэцэгийн хамт гэртээ иртэл хашаа болон гэрийн хаалга онгорхой, гэрт хулгай орсон байсан. Манай гэрийн хойморт мөлхөө тавиур дээр байсан ТСL загварын, 32 инчийн хавтгай дэлгэцтэй зурагтыг аваад явсан байсан. ...” /хх 1-н 26/,

иргэний нэхэмжлэгч Ц.Г-н “...М.Эрдэнэбилэг гэдэг хүний бичиг баримтыг үндэслэн 7 хоногийн хугацаатай 150.000 төгрөгийн барьцаанд 32 инчийн зурагт барьцаалж авсан. ...” /хх 1-н 29/,

 

гэрч М.Э-н “...Би машинтайгаа халтуурт явж байхад 30 гаран настай эрэгтэй хүн гар өргөөд суусан. ... Намайг бичиг баримтаараа “ломбардад зурагт тавиад өгөөч, та мөнгө ав” гээд гуйгаад байхаар нь би зөвшөөрөөд 21 дүгээр хорооллын автобусны буудлын ард байдаг нэг ломбард руу ороод 32 инчийн, ТСL загварын зурагтыг барьцаалж өгөөд унааны 10.000 төгрөг аваад салсан. ... “ /хх 1-н 44/ гэсэн мэдүүлгүүд,  

         хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх 1-н 3-6/, эд зүйлийн үнэлгээ /хх 1-н 10/, барьцаат зээлийн гэрээ /хх 1-н 34/, эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх 1-н 35/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 1-н 47-48/, Ц.Ч-т холбогдох эрүүгийн хэргийг тусгаарлах тухай тогтоол /хх 1-н 221/ зэрэг нотлох баримтуудаар болон анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Монгол Улсын Их Хурлаас 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр батлагдсан Эрүүгийн хууль /Шинэчилсэн найруулга/-ийг 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн бөгөөд уг хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй.” гэж заажээ.

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэгт 2 жилээс 5 жил хүртэл хугацаагаар хорих ял, харин 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хулгайлах гэмт хэрэгт 2 жилээс 8 жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар тус тус хуульчилсан байна.

Хуулийн дээрх зохицуулалтуудаас үзвэл Б.Д-т холбогдох хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэх нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн байна.   

             Иймд дээрх үндэслэлээр шүүгдэгч Б.Д-н гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

             Харин шүүгдэгч нь анхан шатны шүүх хуралдааны дараа гэмт хэргийн улмаас учирсан хохиролд иргэний нэхэмжлэгч Ц.Г-д 81.000 төгрөг төлснийг магадлалд дурдаж байна.