Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 886

 

   М.Х-т холбогдох

   эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч М.Алдар, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ч.Алтансүх,

шүүгдэгч М.Х-н өмгөөлөгч Ч.Болдбаатар,

хохирогч М.М,           

нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 1096 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.Х-н өмгөөлөгч Ч.Болдбаатарын гаргасан давж заалдах гомдлоор М.Х-т холбогдох эрүүгийн 1706 0057 90611 дугаартай хэргийг 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

М овгийн М-н Х, 19... оны ... дугаар сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 1, ........ дүүргийн ... дугаар хороо, .... дугаар гудамжны амины орон сууц байр, .... тоотод оршин суух,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн 103 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 1 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн, /РД:........./,

М.Х нь 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 02 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, 18-02 тоот иргэн Ж.Э-н гэрийн цонхыг түлхэн орж, “Панасоник” загварын 37 инчийн телевизор, “Делл” загварын зөөврийн компьютер, “Сони” загварын зургийн аппарат, зөөврийн хард диск, “Жи пи эс” байршил тогтоогч, “Моторолла” загварын гар утас, хуримын хос бөгж, монетон хос ээмэг, дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг зэрэг эд зүйлсийг хулгайлж, 2.301.200 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 2 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, 18-02 тоотод оршин суух иргэн М.М-н гэрээс бэлнээр 1.720.000 төгрөгийг хулгайлсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

  Баянзүрх дүүргийн Прокурорын газраас: М.Х-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Баянзүрх дүүргийн прокурорын газраас М.Х-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилж, М.Х-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар М.Х-г 5 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан М.Х-т оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, М.Х-н цагдан хоригдсон 71 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан М.Х-с нийт 301.200 төгрөгийг гаргуулж хохирогч Ж.Э-т олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч М.Х-н өмгөөлөгч Ч.Болдбаатар давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулах, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тогтоолгохоор энэхүү гомдлыг гаргаж байна.

М.Х нь 2018 оны 2 сарын 17-нд өөрийн гэрээс аав М.М-н цагаан сарын золголтын мөнгө болох 1.720.000 төгрөг, өөрийнхөө хажуу өрөөг түрээсэлдэг Ж.Э-н өрөөнөөс 2.301.200 төгрөгийн эд зүйл хулгайлсан болох нь тогтоогдсон бөгөөд М.Х нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгээрээ хулгай хийсэн болохоо үнэн зөвөөр мэдүүлж, хийсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байна.

М.Х нь хулгайн гэмт хэрэг үйлдэхдээ Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд харин хийсэн хэргээ үнэн зөвөөр мэдүүлж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байна.

Мөн анхан шатны шүүх хуралдаанаас хойш М.Х-н ар гэр нь хохирогч Ж.Э-д учирсан хохирлын үлдэгдэл болох 301.200 төгрөгийг төлж барагдуулснаар М.Х нь бусдад учруулсан хохирлоо бүгдийг төлж барагдуулсан байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд 2-8 жилийн хорих ял оногдуулахаар заасан бөгөөд М.Х-т 5 жилийн хорих ял оногдуулжээ.

Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж зохицуулсан байх бөгөөд мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэм хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний хорих ялыг хөнгөрүүлж болно” гэж хуульчилж өгсөн байна.

М.Х нь хийсэн хэргээ үнэн зөвөөр мэдүүлж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо бүгдийг төлж барагдуулсан тул 5 жилийн хорих ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн хуулийн заалттай нийцэхгүй байна.

Иймд дээр дурдсан тайлбар үндэслэлийг харгалзан үзэж М.Х-т оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж, 1086 тоот шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү...” гэв.

Хохирогч М.М тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би хууль мэдэхгүйн учир хуулийн байгууллагад Х-г чанга шийтгэж өгөөч гэж хэлсэн. Тухайн үед түүнийг 3 сар баривчлаад суллах байх гэж бодсон. Гэтэл 5 жилийн хорих ял оногдуулсан. Өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хүлээн зөвшөөрч байна. Би өндөр настай, миний хоёр гар мэдээгүй болсон. Би одоо ганцаараа амьдардаг. М.Х-тай очиж уулзахад нилээд ухаан суусан байдалтай байсан. Х-г суллагдаж гарч ирээд намайг асарна гэж бодож байна. Энэ нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, М.Х-т оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. Боломжтой бол тэнсэж өгнө үү...” гэв.

Прокурор Ч.Алтансүх тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...М.Х нь 2 удаагийн үйлдлээр хулгайн гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон. Анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан баримтад үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд гэм хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршгийг арилгасан зэргийг харгалзан үзэж шүүх шийдвэрээ гаргасан гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх тул хэвээр үлдээх саналтай. ...” гэв.

                                                    ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

Хавтаст хэрэгт цугларсан, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;

М.Х нь 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 02 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, 18-02 тоот иргэн Ж.Э-н гэрийн цонхыг түлхэн орж, “Панасоник” загварын 37 инчийн телевизор, “Делл” загварын зөөврийн компьютер, “Сони” загварын зургийн аппарат, зөөврийн хард диск, “Жи пи эс” байршил тогтоогч, “Моторолла” загварын гар утас, хуримын хос бөгж, монетон хос ээмэг, дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг зэрэг эд зүйлсийг хулгайлж, 2.301.200 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 2 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, 18-02 тоотод оршин суух иргэн М.М-н гэрээс бэлнээр 1.720.000 төгрөгийг хулгайлсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдлоо.

Хохирогч Ж.Э, М.М нар нь эд зүйлээ алдсан цаг хугацаа, газар байршил, алдагдсан эд хөрөнгийнхөө тус бүрийн шинж онцлог, өртөг үнийн талаар /хх 22-24, 69-70/ тодорхой мэдүүлсэн байх бөгөөд хохирогч нарын мэдүүлэг нь гэрч М.А-н /хх 71/ болон шүүгдэгч М.Х-н /хх 51-52, 83-84/ өөрийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, түүнээс бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт /хх 13-18/, алдагдсан эд зүйлд үнэлгээ хийсэн баримт /хх 26-28, 32-34/ зэргээр нотлогдсон байна.

Прокуророос М.Х-н дээрх хоёр үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчилж ирүүлснийг анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт болгон хөнгөрүүлэн зөвтгөжээ.

Шүүх М.Х-т холбогдох хэргийг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн түүний гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байх ба шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын хэмжээний дотор хорих ял оногдуулсан байна.

Гэвч давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч М.Х-н гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хувийн байдал, хохирогч М.М нь “М.Х-т гомдол саналгүй, түүнээс нэхэмжлэх зүйлгүй, ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн хүсэлт зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан түүнд тухайн зүйл, хэсэгт заасан ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтүүдийг оруулж, шүүгдэгч М.Х-н өмгөөлөгч Ч.Болдбаатарын ял шийтгэлийн талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авлаа.