Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 255

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж, шүүгч Б.Мангилик, К.Бүлдирген нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Цахилгаан шугам сүлжээний газарт холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд; нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Серикжан, С.Нургайып, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мерей, иргэдийн төлөөлөгч Ж.Бахыт, гэрч Х.Сламхан, Х.Жардем, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Айбек нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Эд хөрөнгөнд учирсан хохирол 594000 төгрөгийг гаргуулахыг шаарджээ.

Нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Ерболат шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 20 цагийн орчимд аймгийн Асрамжийн газрын гадна талд байгаа Цахилгаан шугам сүлжээний газрын харьяа щитэд цахилгааны богино залгаа үүссэний улмаас Хүнс, хөдөө аж ахуйн газрын 7 төрлийн тоног төхөөрөмж компьютерийн тэжээлийн блок 4 ширхэг. камерийн дүрс бичлэгийн адаптор, интернетийн медиа конвертор, спикер. 8 ш өдрийн гэрэл, тэжээлийн блок, үйлчилгээний хөлс нийт 594000 төгрөгийн бодит хохирол учирсан.

Тус газар тухайн үед гарсан гэмтлийн талаар Цахилгаан шугам сүлжээний газарт яаралтай мэдэгдэж холбогдох арга хэмжээг авч, гарсан гэмтлийн шинж чанарын талаар Мэргэжлийн хяналтын газрын холбогдох байцаагчаар дүгнэлт гаргуулсан. Эрчим хүчний хяналтын улсын байцаагч Ш.Серикболын 2017 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн дүгнэлтээр цахилгааны гэмтэл нь Цахилгаан шугам сүлжээний газрын эзэмшлийн Асрамжийн газрын хажууд байршилтай хангагч, хэрэглэгчийн эзэмшлийн заагт байгаа цахилгааны щитээс 0 утас тасарснаас тус газрын цахилгаан хэрэгслийг дамжиж шугамын хүчдэл орж тоног төхөөрөмж залгах залгууруудад хүчдэлийн өөрчлөлт гарснаас болсон болох нь тогтоогдсон юм. Эдгээр шатсан цахилгаан хэрэгслүүдийг засварлуулахаар мэргэжлийн засварын газарт хандсан боловч үүнийг өмнө байсан байдалд нь сэргээж засварлах боломжгүй болох талаар акт гарсан юм.

Дээрх хохирлыг нөхөн барагдуулж өгөх талаар 2017 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн 01/10 тоот албан бичгээр Цахилгаан шугам сүлжээний газарт хандаж шаардлага хүргүүлсэн боловч тэд өөрийн гэм буруутай үйлдлийн улмаас үүссэн 594000 төгрөгийн хохирлыг төлж өгөхөөс татгалзаж Манайх уг гэмтлийг хариуцахгүй болохыг мэдэгдье: гэсэн утгатай хариуг ирүүлсэн. Иймд Баян-Өлгий аймгийн Цахилгаан шугам сүлжээний газраас 594000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нургайып шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар мэдүүлэгтээ: Анх цахилгааны гэмтэл гарч 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 20 цаг орчимд асрамжийн газрын гадаа байрлах Баян-Өлгий аймгийн Цахилгаан шугам сүлжээний газрын эзэмшлийн щиднээс 0 утас тасарснаас болж байгууллагад 380 вольтын хүчдэл орсны улмаас байгууллагын цахилгаан тоноглол шатсаны улмаас хохирол учирсан. Энэхүү хохирлыг арилгуулахын тулд Баян-Өлгий аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргаас Баян-Өлгий аймгийн Цахилгаан шугам сүлжээний газарт 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 01/10 тоот албан бичгээр хохирлыг барагдуулж өгөхөөр хандаж байсан. Гэвч бид тухайн эзэмшлийг хариуцахгүй. Энэ цахилгааны тоног төхөөрөмж бидний эзэмшлийг зүйл биш учраас хариуцах ёсгүй. Харин тэрний засвар ажиллагааг хийж өгсөн юм гэсэн хариу бичиг хүргүүлж байсан. Гэвч байгууллагын зүгээс тухай бүрт Мэргэжлийн хяналтын газраар дүгнэлтээ гаргуулж хэний эзэмшлийн талбай юм бэ, хэний буруугаас болж хохирол учирсан юм бэ гэдгийг тогтоолгосон.

Энэ талаарх эрх бүхий байгууллагын акт нь хэрэгт авагдсан. Тухайн улсын байцаагчийг гэрчээр асуулгасан. Эндээс хохирол бол Баян-Өлгий аймгийн Цахилгаан шугам сүлжээний газрын буруутай үйл ажиллагаанаас болж хохирол учирсан гэж үзэж шүүхэд хандсан. Бодит эд хөрөнгөнд учирсан хохирол бол 594000 төгрөг байгаа юм. Мөн нэхэмжлэлийг анх гаргаснаас хойш хариуцагч байгууллагаас энэхүү хохирлын хэмжээн дээр маргаагүй. Нэг ёсондоо зөвшөөрсөн. Харин энэ бол бидний эзэмшлийг талбай биш учраас өөрсдөө хариуцах учиртай. Гэрээнд зааснаар эзэмшлийн зааг дотор бидэнд оногдохгүй. Хүнс, хөдөө аж ахуйн газрын өөрсдийн эзэмшлийн щиднээс зөрчил гарсан. Үүнд учирсан хохирлыг өөрсдөө хариуцах ёстой гэж маргаж байгаа. Уг тайлбарыг бид нар зөвшөөрөхгүй байгаа. Яагаад гэвэл хэрэгт авагдсан нотлох баримтууд болон гэрээнд зааснаар тэрхүү газрын тоноглолын эзэмшлийн зааг бол Хүнс, хөдөө аж ахуйн газарт хамааралгүй болох нь тогтоогдож байгаа. Жишээлбэл, Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээний 3 дугаар зүйлд хангагч хэрэглэгчийн тоноглолын эзэмшлийн заагийг доор дурдсанаар тогтооно. Үүнд ХТП 36 дээд станци асрамжийн щиднээс хэрэглэгч хүртэлх ЦДАШ 0,4 квтын кабел гэсэн. Энд бол Хүнс, хөдөө аж ахуйн газрын эзэмшлийн заагийг кабелээр хэмжиж өгсөн асуудал байгаа. Тэрнээс биш щид орно гэж зааж өгөөгүй. Щид хүртэлх кабелийн хувьд Хүнс, хөдөө аж ахуйн газрын эзэмшлийн зааг болгож гэрээгээр тогтоож өгсөн.

Цахилгаан эрчим хүч хэрэглэх дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.5-т Хангагч, хэрэглэгчийн цахилгаан тоног төхөөрөмжийн эзэмшлийн заагийг уг тоног төхөөрөмж хэний өмч байхаас хамааруулан цахилгаан эрчим хүчээр хангах гэрээнд тодорхой зааж, цахилгаан хангамжийн бүдүүвч дээр ялган зурсан байна гэж заасан. Энд бүдүүвч зурсан байх ёстой. Үнэхээр Хүнс, хөдөө аж ахуйн газрын зааг дээр гэмтэл гарсан учраас өөрсдөө хариуцах ёстой гэж байгаа бол гэрээн дээр бүдүүвч байх ёстой. Гэвч гэрээн дээр ямар нэгэн бүдүүвч байхгүй. Зөвхөн кабелийг Хүнс, хөдөө аж ахуйн газрын эзэмшлийн тоноглолд багтааж өгсөн асуудал байгаа. Харин щиднээс хэрэглэгч хүртэлх гэж тодорхой зааж өгсөн асуудал бол кабелийн уртыг нь хэмжиж байгаа асуудал болохоос биш щидийг оруулсан асуудал биш юм. Тэгээд бас гэрчийн мэдүүлгүүдэд байгаа. Щиднээс гарсан утаснаас хойшоогоо гарсан гэмтэл байвал тухайн хэрэглэгч өөрсдөө хариуцах ёстой. Щид доторх гэмтлийг Цахилгаан шугам сүлжээний газар өөрсдөө засаж сайжруулж байх ёстой. Үүнээс гарсан гэмтлийг Цахилгаан шугам сүлжээний газар хариуцна. Харин щид дотор байгаа зүйлийг хэрэглэгч харж үзэх, арчлах ямар ч эрхгүй.

Яагаад гэвэл тэнд олон аж ахуйн нэгж, байгууллагууд хэрэглээгээ хангахын тулд өөрсдийн үзүүрээ авдаг. Дотроо байгаа зүйлийн хувьд Цахилгаан шугам сүлжээний газрын эзэмшлийн зүйл байгаа гэсэн гэрчийн мэдүүлэг өгсөн учраас нэгэнт бол тухайн эзэмшлийн хувьд Цахилгаан шугам сүлжээний газрын эзэмшилд байгаа гэмтэл учраас хариуцах ёстой. Харин арчлах асуудлын хувьд дүрэмд заасан. Цахилгаан эрчим хүч хэрэглэх дүрмийн 1 дүгээр зүйлийн 1.3-т Хангагч, хэрэглэгч нь өөрсдийн эзэмшлийн цахилгаан шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн ашиглалтыг бүрэн хариуцаж, үзлэг үйлчилгээ, засвар, шинэчлэлтийг өөрийн хөрөнгөөр, мэргэжлийн байгууллага, хүмүүсээр хийлгэнэ гэж заасан. Тэгэхээр Цахилгаан шугам сүлжээний газар өөрийнхөө эзэмшлийн тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээг, түүний бүрэн бүтэн байдлыг хариуцах үүрэгтэй. Мөн энэ хохирлыг шаардах эрх нь байгаа юу гэдэг дээр салбар хуулийг авч үзсэн. Эрчим хүчний тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1-т Эрчим хүчээр хангагч нь стандартын шаардлагад нийцсэн эрчим хүчээр хэрэглэгчийг хангах үүрэгтэй гэж заасан. Стандартын шаардлагад нийцээгүй эрчим хүчээр хангаснаас болж байгууллагад хохирол учирсан. Энэхүү хохирлыг шаардах эрхийн хувьд Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.5-т эрчим хүчээр хангагч гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс эрчим хүч дутуу нийлүүлсэн, гэрээнд заасан тоо хэмжээ, чанарын үзүүлэлт бүхий эрчим хүчээр хангаагүй бол эрчим хүчний төлбөрийг бүрэн буюу зарим хэсгийг төлөхөөс татгалзах, хохирлоо нөхөн төлүүлэхээр нэхэмжлэх гэж зааж өгсөн. Мөн гэрээ гэж байгаа. Саяны гэрээний 5 дугаар зүйлд нэхэмжлэх эрхийг мөн адилхан зааж өгсөн.

Иймээс энэхүү хохирлыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт .Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, мөн Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт .Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж зааж өгсөн. Энэ гэмтэл учирсны дараа Цахилгаан шугам сүлжээний газарт энэхүү хохирлыг арилгуулж өгөхийг шаардаж албан бичгээр хандаж байсан. Гэвч үүнийг бид хариуцах ёсгүй гэж байгаа учраас бусад байгууллагуудаар засуулахад гарсан мөнгөн хохирлыг шаардаж байгаа. Иймээс Иргэний хуулийн 497, 510 дугаар зүйлд заасны дагуу хохиролгүй болгож өгөхийг хүсэж байна гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Серикжан шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар мэдүүлэгтээ: Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө тодорхойлоод нотлох ёстой байдаг. Үйл баримтын үндэслэлийн хувьд итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нургайып бүрэн хэлж өглөө. Тухайн гэмтлээс болж манай байгууллагад ямар хохирол учирсан юм бэ гэвэл нийтдээ 7 төрлийн цахилгаан хэрэгсэл шатсан байдаг. Энэ талаар 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн жагсаалтыг гаргаж өгсөн. Энэ дээр 4 ширхэг компьютерын блок шатсан. Нэг бүр нь 40000 төгрөг, нийт 160000 төгрөг болж байгаа. Нэг хос компьютерын спикер буюу өсгөгч шатсан. Нэг бүр нь 20000 төгрөг байгаа. Гуравдугаарт видео конвертар шатсан. Үнэ нь 180000 төгрөг байгаа. Дөрөвдүгээрт хяналтын камерын тэжээлийн блок шатсан. Үнэ нь 60000 төгрөг байгаа. Тавдугаарт адаптер шатсан байдаг. Үнэ нь 40000 төгрөг байгаа. Зургадугаарт 8 ширхэг өдрийн гэрэл шатсан. Энэ бол 104000 төгрөг байгаа. Мөн үйлчилгээний хөлсөнд 30000 төгрөг байгаа. Энэ бүгд нийлээд 594000 төгрөгийн хохирол учирсан. Энэ нь хэрэгт авагдсан нотлох баримт болох Монголын цахилгаан холбооны Баян-Өлгий аймаг дахь салбарын эрх бүхий ажилтны тогтоосон акт, мөн Мейрам фото ХХК-ийн тогтоосон техникийн акт, Даму ХХК-ийн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн дүгнэлт байгаа. Эдгээр дүгнэлтүүдээр эдгээр бүх тоног төхөөрөмж цахилгааны хэлбэлзлийн улмаас буюу 380 вольтын гүйдлийн улмаас шатсан болохыг гэрчилж байгаа юм. Бид нарт мэдээж таамаг дэвшүүлэх эрх байдаггүй. Хэний гэм буруугаас болж энэхүү тоног төхөөрөмж шатсан юм бэ гэдгийг Монгол улсын мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2017 оны 01 дүгээр 04-ний өдрийн дүгнэлтээс үзэхэд тухайн гэмтэл нь хангагч байгууллагын буюу Цахилгаан шугам, сүлжээний газрын буруутай үйл ажиллагаанаас болж гарсныг тогтоож өгсөн байдаг.

Энэхүү дүгнэлтийг гаргасан Серикбол гэдэг хүн гэрчээр асуугдсан. Энэ хүн гэрчээр асуугдахдаа тухайн асрамжийн газрын хажуу талд байдаг щид дотор энэхүү гэмтэл гарсан. Энэ щид бол Цахилгаан шугам, сүлжээний газрын өмчлөлийн эд зүйл байгаа. Энэ дотор гарсан гэмтлийг хангагч байгууллага бүрэн хариуцах ёстой байдаг. Тийм учраас гэм буруутай байгууллага нь хангагч байгууллага юм гэдгийг гэрчлээд өгсөн. Гэрээнд тодорхой зааж өгсөн. Щиднээс гарснаас хойшихыг манай байгууллага өөрсдөө хариуцдаг. Шид доторх, шид хүртэлх шугам сүлжээтэй холбоотой гэмтлийг Цахилгаан шугам, сүлжээний газар хариуцахаар тохирсон байдаг. Энэ дээр нэмж хэлэхэд бид нар мэдээж хууль, эрх зүйн актуудыг ярих ёстой. Тухайн харилцаа маань нэгдүгээрт нэхэмжлэгч болон хариуцагч талын байгууллагын хооронд байгуулагдаж байсан хоёр талын гэрээ байгаа. Энэ дээр Монгол улсын Засгийн газрын 1996 оны 147 дугаар тушаалаар батлагдсан Цахилгаан эрчим хүч хэрэглэх дүрэм гэж байгаа. Мөн Эрчим хүчний тухай хууль гэж байгаа. Энэхүү гэмтэл нь хариуцагч байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас манайд хохирол учирсан гэж үзэж байгаа. Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.8 хэсэгт өөрийн эзэмшлийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн, аюулгүй байдал, засвар үйлчилгээ, баталгаажуулалтыг бүрэн хариуцах үүрэгтэй гэж заасан. Энэхүү заалтаас харах юм бол щиднээс гарсан кабелээс тухайн байгууллага дотор байгаа бүх эрчим хүчтэй холбоотой асуудлыг манай байгууллага өөрсдөө хариуцахаар байгаа юм. Шид доторх, шид хүртэлх шугам сүлжээтэй холбоотой гэмтлийг Цахилгаан шугам, сүлжээний газар хариуцахаар зохицуулагдсан болох нь харагдаж байгаа юм. Эрчим хүчний тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1, 29.1.3, 30 дугаар зүйлийн 30.1.1 гэсэн заалт байгаа. Мөн гэрээнд давхар заасан байдаг. Энэ дээр стандартын шаардлага хангасан эрчим хүчээр хангах ёстой байтал, өөрөөр хэлбэл 220 вольтын цахилгаанаар хангах ёстой байтал 380 вольтын цахилгаан ирсэн учраас тоног төхөөрөмжүүд шатсан байгаа юм. Тийм учраас хариуцагч байгууллага буруутай гэж үзэж байгаа. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй тул хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч Баян-Өлгий аймгийн Цахилгаан шугам сүлжээний газрын дарга Ж.Керей шүүхэд ирүүлсэн тайлбартаа: 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 21:15 цагт Нургулан гэж хүн манай газрын ээлжийн диспетчер А.Тилеуханд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт цахилгааны гэмтэл гарч байна гэж дуудлага өгсний дагуу тухайн өдөр аваарын дуудлагын монтёроор ажиллаж байсан А.Жардем очиж аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын хүчдэлийг нь Асрамжийн газрын щитнээс таслан аюулгүй болгосон байна.

Асрамжийн газрын щит нь Азых ХХК-ийн ХТП-нээс тэжээгддэг ба уг щитнээс есөн ААН, айл өрх ЦЭХ авч хэрэглэдэг. Энэ үед бусад хэрэглэгчдийн хүчдэл хэвийн залгаатай байв.

12 дугаар сарын 27-ны өглөө аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын ажилтан Пажин ирж инженер Аблайханаас монтёр Жардем, Сайранбек, Нурболат нарыг дагуулж очиж үзэхэд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын гаргалгааны кабелийн 0 фаз нь тасарч уг газрын хэрэглээнд 380 В-ын хүчдэл орсныг тогтоож залгаж хэвийн болгожээ. 2017 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр Асрамжийн газрын ажилтнууд манай хашаанд тасарсан агаарын шугам байна гэсэн мэдээллийн дагуу очиж үзэхэд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын тэжээгддэг дөрвөн фазын цахилгаан дамжуулах агаарын шугамын С фаз нь тасарсан байсан байна. 12 дугаар сарын 26-ны өдрийн гэмтэл нь С фаз тасрахад 0 фаз дээр хүрч богино залгаа үүсгэн Асрамжийн газрын гаднах щит дэх аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын гаргалгааны кабелийн 0 фаз нь тасарснаас болж 380 В орсон болохыг тогтоолоо. Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын цахилгааны хэрэглээ нь гурван фазын цахилгааны А, В фаз-д холбогдсон С фазын цахилгаан аваагүй учраас С фаз тасархай байсныг мэдээгүй байсан.

Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын кабель нь 2010 онд гэмтэж түр хугацаагаар агаарын шугам татаж кабелийг сэргээн засварлаагүй тэр чигээрээ үлдээсэн байна. ЦДАШ нь шаардлага хангахгүй стандарт бус болно. Эрчим хүчний тухай хуулийн 28.1, 28.2 дугаар заалт болон Цахилгаан эрчим хүч хэрэглэх дүрмийн 16.3. а заалтын дагуу эзэмшлийн зааг нь асрамжийн газрын щит хүртэл манай байгууллага хариуцах ба щитнээс гараад тухайн хэрэглэгч хүртэлх шугам тоноглолыг хэрэглэгч хариуцна гэж заасан байдаг.

Үүний дагуу аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар нь манай байгууллагатай цахилгаан эрчим хүч хэрэглэх гэрээ хийж эзэмшлийн заагийг тусгасан байгаа (гэрээг хавсаргав).

Хэрэглэгчийн эзэмшлийн шугам сүлжээ, тоноглолд манай байгууллага үзлэг шалгалт хийх есгүй. Үзлэг үйлчилгээ хийлгэх хүсэлтээ албан тоотоор гаргасан нөхцөлд төлбөртэй үйлчилгээ үзүүлдэг. Гэмтэл гарсан өдөр бусад хэрэглэгч нь хэвийн ажиллаж байсан нь зөвхөн аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын О фаз нь тасарсныг бүрэн баталж байгаа болно.

Иймд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын өөрийн эзэмшлийн шугам, тоноглолд гарсан гэмтлээс болж шатсан цахилгаан хэрэгслүүдийн хохирлыг манайхаас нэхэмжлэх үндэсгүй гэдэг тайлбарыг өгч байна. Цаашид өөрсдөө дэд станц барих, /цахилгаан авдаг ААНБ-тай хамтран/ кабель эсвэл агаарын СИП кабель шугам татах шаардлагатайг анхааруулж албан тоот хүргүүлсэн боловч аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын зүгээс ямар ч арга хэмжээ авахгүй байна.

Иймд энэ шугаманд цаашид ч гэмтэл гарах эрсдэлтэй учраас шаардлагыг биелүүлээгүй нөхцөлд ЦЭХ-ээр хангах боломжгүй ба таслагдах болохыг мэдэгдье гэжээ.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мерей шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр манай дуудлагын монтёрт Хүнс, хөдөө аж ахуйн газрын щидэнд гал гарлаа, гэмтэл гарлаа гэсэн дуудлага ирсэн. Тэрний дагуу 21 цаг 15 минутад манай агаарын монтёр Х.Жардем гэдэг хүн очиж хүчдэлийг аюулгүй болгож явсан. Маргааш нь дарга ирээд хүмүүсээ аваад яваад очиход 0 утас тасарсан байсан. 0 утас нь тасарсан гэхээр ийм учиртай байгаа. 36 хаалттай под станци гэдэг маань Азых компанийн эзэмшлийнх байдаг. Тэрнээс кабелээр асрамжийн газрын щидэд ирээд тэндээс 9 байгууллага тэжээгддэг. Манай кабель орж ирэх оролтон дээр 0-тай байдаг. Тэр 0 бол манай мэдлийнх. Тэнд байгаа 9 хэрэглэгчийн тоолуураас авахуулаад бүх щидийг О-оор холбосон байдаг. Тэрэн дотор гэмтэл гараад манайхаас очиж засварлахад хэвийн болсон. Тэгэхэд манайх ямар ч байсан хэвийн боллоо гэж үзтэл 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр асрамжийн газраас энд нэг шугам байна гэхээр нь яваад очсон. Тэнд Хүнс, хөдөө аж ахуйн газар луу очдог агаарын 4 шугам байдаг. Урьд нь кабель тасрахаар нь түр залгуулаад тэр чигээрээ нь орхисон байна. Тэгээд С фаз нь тасраад 0 нь унахаар шууд 380 вольт ороод цахилгаан хэрэгсэл шатсан нь үнэн байна. Бид нар А,Б фазаас тэжээгддэг байх гэж бодсон чинь гэрчийн мэдүүлгээр Хүнс, хөдөө аж ахуйн газар нь 4 фазын шугам авчхаад тэрний нэгээс нь хэрэглээгээ хэрэглэдэг юм байна.

 

Нэхэмжлэгчийн хэлж байгаагаар манайх хариуцаж байгаа ерөнхий 0 тасрах юм бол тэнд байгаа 9 байгууллагын бүгдэд нь 380 вольт орох ёстой гэсэн. Түрүүч гэрчээс 0-ийн утас яагаад тасардаг юм бэ гэхээр нэгдүгээрт ачааллаас болж, хоёрдугаарт гэмтлээс болж, гуравдугаарт механик үйлчлэлээс болж тасрах ёстой гэсэн. Тэгэхээр энэ удаагийн таслалт бол агаарын шугамын нэг гал фаз нь 0 дээр унасан учраас 0 нь тасарсан юм байна. Тэр бол манайд ямар ч холбогдолгүй байдаг. Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2, 28.3, Цахилгаан эрчим хүч хэрэглэх дүрмийн 3 дугаар зүйлийн 3.3 дахь заалт болон хамтын гэрээгээр эзэмшлийн заагийг тогтоож өгөх ёстой. Тэрний дагуу манайх 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдөр гэрээгээ хийсэн байна. Энэ талаар Цахилгаан эрчим хүч хэрэглэх дүрмийн 3 дугаар зүйлийн 3.3 дахь заалтад тодорхой заасан байгаа.

Тэрнээс гадна Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.8 хэсэгт хэрэглэгч нь өөрийн эзэмшлийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн, аюулгүй байдал, засвар үйлчилгээ, баталгаажуулалтыг бүрэн хариуцах үүрэгтэй гэж заасан. Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.12 дахь хэсэгт эрчим хүчний шугам сүлжээ, тоног төхөөрөмжид эвдрэл гэмтэл учруулсан бол шаардагдах засварыг өөрөө хариуцах. Хэрэглэгч уг эвдрэл, гэмтлийг засах шаардлагатай арга хэмжээ авахгүй бол хангагч засварыг хийж, гарсан зардлаа хэрэглэгчээс шаардан авах эрхтэй гэж заасан учраас нэгэнт эзэмшлийн зааг тогтоогдсон. Манай эзэмшил биш гэдэг нь тодорхой. Асрамжийн газрын щид бол нийтийнх байдаг. Сая 9 хэрэглэгч байсан гэдгийг хэллээ. Тэгэхээр бусад хэрэглэгч нар хэвийн ажиллаж байсан юм. Гэрчээр улсын байцаагчийг асуулгахдаа гэмтэл юунаас болж тасардаг юм бэ гэхэд саяны миний дээр дурдсаныг хэлсэн байдаг. Тэгэхээр гэмтэл юунаас болсон юм бэ гэдгийг тодорхой тогтоогоогүй байсан. Эзэмшлийн заагийг заагаагүй байсан юм. Щид бол нийтийн эзэмшлийнх.

Гэхдээ манайх үйлчилгээг нь байнга хийж байдаг нь үнэн. Гэхдээ 0-ууд тухайн үед хэвийн байсан. Ачааллаас болсон гэх ямар ч үндэслэлгүй байхгүй. Аз болоход манай гэмтэл бол генератор луугаа эргэж явдаг. Жишээлбэл Хүнс, хөдөө аж ахуйн газрын шугамаас ямар нэгэн гэмтэл гарлаа гэхэд щид рүү явах ёстой. Азаар богино залгагдсан тал нь хэрэглээгүй учраас С фаз нь 0 дээр унахад ямар ч хүн тогонд цохиулсан зүйл гараагүй юм байна. Бид тухайн үед засвар хийсэн хүмүүсийг энд гэрчээр авч ирсэн. Хэрвээ С фазаа хэрэглээд байсан бол бас аюул гарах үндэслэлтэй байсан. Нэгэнт гэмтэл Хүнс, хөдөө аж ахуйн газрын эзэмшил дээр гарсан учраас хариуцах ёсгүй, мөн энэ хохирлыг төлөх ямар ч үндэслэлгүй гэж үзэж байгаа. Хэрвээ манай ерөнхий О тасарсан байвал 9 байгууллага гараад ирвэл тэрэн дээр бид нар хүлээн зөвшөөрөх ёстой. Гэтэл бусад байгууллагууд хэвийн ажиллаж байсан. Тийм учраас Хүнс, хөдөө аж ахуйн газрын гаргаж байгаа нэхэмжлэлийг манайх хариуцах ямар ч үндэслэлгүй гэж бодож байна гэв.

 

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хүсэлтээр шинжлэн судалж

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй байх тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар нь Баян-Өлгий аймгийн Цахилгаан шугам сүлжээний газраас байгууллагад учирсан хохирол 594000 төгрөг гаргуулж өгөхийг шаарджээ. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн үндэслэлээ Цахилгаан шугам сүлжээний газрын харьяа щитэд цахилгааны богино залгаа үүссэний улмаас аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын 7 төрлийн тоног төхөөрөмж компьютерийн тэжээлийн блок 4 ширхэг, камерийн дүрс бичлэгийн адаптор, интернетийн медиа конвертор, спикер, 8 ширхэг өдрийн гэрэл, тэжээлийн блок, үйлчилгээний хөлс нийт 594000 төгрөгийн хохирол учирсан тул хариуцагч аймгийн Цахилгаан шугам сүлжээний газрын буруутай үйлдлийн улмаас учирсан гэж тайлбарлажээ.

Хариуцагч Цахилгаан шугам сүлжээний газар нь нэхэмжлэгч аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын эзэмшлийн шугам тоноглолд гэмтэл гарсны улмаас шатсан цахилгаан хэрэгслүүдийн хохирлыг хариуцах боломжгүй гэж маргажээ.

Гэмтэл гарсан шалтгааны талаар:

Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2017 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн дүгнэлтэд Цахилгааны гэмтэл нь аймгийн Цахилгаан шугам сүлжээний газрын эзэмшлийн Асрамжийн газрын хажууд байршилтай, хангагч, хэрэглэгчийг эзэмшлийн заагт байгаа цахилгааны щитээс 0 утас тасарснаас хэрэглэгчийн эзэмшлийн цахилгааны хэрэгслийг дамжиж шугамын хүчдэл орж, Хүнс хөдөө аж ахуйн газрын тоног төхөөрөмж залгах залгууруудад хүчдэлийн өөрчлөлт гарснаас болжээ гэжээ.

2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 12/16 дугаартай гэмтлийн актад гэмтэл гарсан шалтгааныг Хүнс хөдөө ах ахуйн газрын агаарын шугам тасарч богино залгаа үүссэн учраас щитнээс 0 фаз тасарсан байна гэжээ. Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д Эрчим хүчээр хангагч, хэрэглэгчийн харилцааг Иргэний хууль, энэ хууль, аж ахуйн харилцааны дүрэм, эрчим хүчээр хангагч, хэрэглэгчийн хооронд байгуулсан гэрээгээр зохицуулна, мөн хуулийн 28.2-т Иргэнтэй байгуулах эрчим хүчээр хангах гэрээнд хэрэглэх эрчим хүчний хэмжээ, чанар, төлбөр, тооцооны журам, гэрээ байгуулагч талуудын эрх, үүрэг, хариуцлага тооцох журам, эрчим хүчний шугам сүлжээний эзэмшлийн зааг, шаардлагатай бусад асуудлыг тусгана гэж тус тус заажээ.

Цахилгаан шугам сүлжээний газар болон Хүнс хөдөө аж ахуйн газартай байгуулсан 2016 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээний гуравдугаар зүйлийн 3-т хангагч, хэрэглэгчийн тоноглолын эзэмшлийн заагийг харилцан тогтоосон бөгөөд тус заагийг ХТП 36 дэд станц асрамжийн щитнээс хэрэглэгч хүртэлх Цахилгаан дамжуулах агаарын шугамаар хэрэглэгч хүртэлх 0,4 кв-ын кабель, тоолуурын хамт хэрэглэгчийн өмч болно гэж тусгажээ.

Монгол улсын Засгийн газрын 2001 оны 263 дугаартай тогтоолоор баталсан Цахилгаан эрчим хүч хэрэглэх дүрмийн 2-ын 1-дзааг>> гэж дамжуулагч, түгээгч, хангагч болон хэрэглэгчийн цахилгаан дамжуулах, түгээх сүлжээг өмчлөлийн буюу эзэмшлийн харьяаллаар нь хуваан зааглаж байгаа цэгийг ойлгоно гэж заасан байх ба хангагч, хэрэглэгчийн нарын байгуулсан гэрээнд ХТП 36 дэд станц асрамжийн щитнээс хэрэглэгч хүртэлх Цахилгаан дамжуулах агаарын шугамаар хэрэглэгч хүртэлх 0,4 кв-ын кабель, тоолуурын хамт хэрэглэгчийн өмч болно гэж тусгасан байх тул Цахилгаан шугам сүлжээний газар болон Хүнс хөдөө аж ахуйн газрын эзэмшлийн зааг нь тоолуур хүртэл байна.

Гэмтэл гарсан гэх тасарсан 0 фаз нь тоолуураас хойш байдаг болох нь гэрч нарын мэдүүлгээр тогтоогджээ.

Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д хэрэглэгчийн эрх үүргийг зохицуулсан бөгөөд мөн хуулийн 30.1.8-д өөрийн эзэмшлийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн, аюулгүй байдал, засвар үйлчилгээ, баталгаажуулалтыг бүрэн хариуцах үүрэгтэй болох талаар тусгасан байна.

Дээрх хуулийн заалтаас үзэхэд хэрэглэгч болох Хүнс хөдөө аж ахуйн газар нь өөрийн эзэмшлийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдал, засвар үйлчилгээ, баталгаажуулалтыг бүрэн хариуцах үүрэгтэй тул аймгийн Цахилгаан шугам сүлжээний газар нь гэм буруутай гэж үзэх боломжгүй байна.

Улсын байцаагчийн дүгнэлт нь гэмтэл гарсан шалтгааныг тогтоосон болохоос хангагчийн гэм буруугийн талаар болон эзэмшлийн заагийг тогтоосон нотлох баримт биш байх тул энэхүү дүгнэлтээр Цахилгаан шугам сүлжээний газрыг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна. Мөн дүгнэлт гаргасан улсын байцаагчийн гэрчээр өгсөн мэдүүлэгт щит доторх засвар арчилгааг Цахилгаан шугам сүлжээний газар хариуцна, щит нь Цахилгаан шугам сүлжээний газрын эзэмшлийнх гэж мэдүүлсэн байгаа боловч хэрэглэгч, хангагч нарын эзэмшлийн заагийг гэрээгээр тохиролцсон байх бөгөөд хуулиар эзэмшлийн заагийг гэрээгээр тогтоох талаар зөвшөөрсөн байх тул гэрчийн мэдүүлгийг үндэслэн хэрэглэгч, хангагч нарын эзэмшлийн заагийг тогтоох боломжгүй болно.

Иймд цахилгааны богино залгаа үүссэний улмаас Хүнс хөдөө аж ахуйн газрын 7 төрлийн тоног төхөөрөмж компьютерийн тэжээлийн блок 4 ширхэг, камерийн дүрс бичлэгийн адаптор, интернетийн медиа конвертор, спикер, 8 ширхэг өдрийн гэрэл, тэжээлийн блок, үйлчилгээний хөлс нийт 594000 төгрөгийн хохирол учирсан байдалд аймгийн Цахилгаан шугам сүлжээний газрын гэм буруутайг нотлох баримт байхгүй бөгөөд Хүнс хөдөө аж ахуйн эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан нь тогтоогдохгүй байгаа тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч нараас гаргаж өгсөн 2017 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн техникийн акт, Даму ХХК-ны 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 1/15 дугаартай дүгнэлт, Мейрамфото ХХК-ийн болон Монголын цахилгаан холбоо ТӨХК-ийн нэхэмжлэхүүд, орлого, зарлагын баримтуудад хариуцагч талаас маргаагүй байх тул дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Баян-Өлгий аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Цахилгаан шугам сүлжээний газраас эд хөрөнгөнд учирсан хохирол 594000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар нь төсвийн байгууллага тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

5. Энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК

 

ШҮҮГЧИД Б.МАНГИЛИК

К.БҮЛДИРГЕН