Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 078

 

Баян-Өлгий аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Көбеш даргалж, шүүгч М.Нямбаяр, Ерөнхий шүүгч С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй хийж, Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 255 дугаар шийдвэртэй, Баян-Өлгий аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын нэхэмжлэлтэй, тус аймгийн Цахилгаан шугам сүлжээний газарт холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Т.Ардабек, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нургайып, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Мерей нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Эд хөрөнгөд учирсан хохиролд 594,000.00 төгрөг гаргуулах тухай.

 

Нэхэмжлэлийн агуулга: 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 20 цагийн орчимд аймгийн Асрамжийн газрын гадна талд байгаа Цахилгаан шугам сүлжээний газрын харьяа щитэд цахилгааны богино залгаа үүссэний улмаас Хүнс, хөдөө аж ахуйн газрын 7 төрлийн тоног төхөөрөмж компьютерийн тэжээлийн блок 4 ш, камерын дүрс бичлэгийн адаптор, интернетийн медиа конвертор, спикер, 8ш өдрийн гэрэл, тэжээлийн блок, үйлчилгээний хөлс нийт 594000 төгрөгийн бодит хохирол учирсан. Тус газар тухайн үед гарсан гэмтлийн талаар Цахилгаан шугам сүлжээний газарт яаралтай мэдэгдэж холбогдох арга хэмжээг авч, гарсан гэмтлийн шинж чанарын талаар Мэргэжлийн хяналтын газрын холбогдох байцаагчаар дүгнэлт гаргуулсан. Эрчим хүчний хяналтын улсын байцаагч Ш.Серикболын 2017 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн дүгнэлтээр цахилгааны гэмтэл нь Цахилгаан шугам сүлжээний газрын эзэмшлийн Асрамжийн газрын хажууд байршилтай хангагч, хэрэглэгчийн эзэмшлийн заагт байгаа цахилгааны щитээс 0 утас тасарснаас тус газрын цахилгаан хэрэгслийг дамжиж шугамын хүчдэл орж тоног төхөөрөмж залгах залгууруудад хүчдэлийн өөрчлөлт гарснаас болсон болох нь тогтоогдсон юм. Эдгээр шатсан цахилгаан хэрэгслүүдийг засварлуулахаар мэргэжлийн засварын газарт хандсан боловч үүнийг өмнө байсан байдалд нь сэргээж засварлах боломжгүй болох талаар акт гарсан юм.

Дээрх хохирлыг нөхөн барагдуулж өгөх талаар 2017 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн 01/10 тоот албан бичгээр Цахилгаан шугам сүлжээний газарт хандаж шаардлага хүргүүлсэн боловч тэд өөрийн гэм буруутай үйлдлийн улмаас үүссэн 594000 төгрөгийн хохирлыг төлж өгөхөөс татгалзаж Манайх уг гэмтлийг хариуцахгүй болохыг мэдэгдье: гэсэн утгатай хариуг ирүүлсэн. Иймд Баян-Өлгий аймгийн Цахилгаан шугам сүлжээний газраас 594000 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.

 

Хариуцагчийн тайлбарын агуулга: 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 21:15 цагт Нургулан гэж хүн манай газрын ээлжийн диспетчер А.Тилеуханд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт цахилгааны гэмтэл гарч байна гэж дуудлага өгсний дагуу тухайн өдөр аваарын дуудлагын монтёроор ажиллаж байсан А.Жардем очиж аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын хүчдэлийг нь Асрамжийн газрын щитнээс таслан аюулгүй болгосон байна. Асрамжийн газрын щит нь Азых ХХК-ийн ХТП-нээс тэжээгддэг ба уг щитнээс есөн ААН, айл өрх ЦЭХ авч хэрэглэдэг. Энэ үед бусад хэрэглэгчдийн хүчдэл хэвийн залгаатай байв. 12 дугаар сарын 27-ны өглөө аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын ажилтан Пажин ирж инженер Аблайханаас монтёр Жардем, Сайранбек, Нурболат нарыг дагуулж очиж үзэхэд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын гаргалгааны кабелийн 0 фаз нь тасарч уг газрын хэрэглээнд 380 В-ын хүчдэл орсныг тогтоож залгаж хэвийн болгожээ. 2017 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр Асрамжийн газрын ажилтнууд манай хашаанд тасарсан агаарын шугам байна гэсэн мэдээллийн дагуу очиж үзэхэд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын тэжээгддэг дөрвөн фазын цахилгаан дамжуулах агаарын шугамын С фаз нь тасарсан байсан байна. 12 дугаар сарын 26-ны өдрийн гэмтэл нь С фаз тасрахад 0 фаз дээр хүрч богино залгаа үүсгэн Асрамжийн газрын гаднах щит дэх аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын гаргалгааны кабелийн 0 фаз нь тасарснаас болж 380 В орсон болохыг тогтоолоо. Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын цахилгааны хэрэглээ нь гурван фазын цахилгааны А, В фаз-д холбогдсон С фазын цахилгаан аваагүй учраас С фаз тасархай байсныг мэдээгүй байсан.

Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын кабель нь 2010 онд гэмтэж түр хугацаагаар агаарын шугам татаж кабелийг сэргээн засварлаагүй тэр чигээрээ үлдээсэн байна. ЦДАШ нь шаардлага хангахгүй стандарт бус болно. Эрчим хүчний тухай хуулийн 28.1, 28.2 дугаар заалт болон Цахилгаан эрчим хүч хэрэглэх дүрмийн 16.3. а заалтын дагуу эзэмшлийн зааг нь асрамжийн газрын щит хүртэл манай байгууллага хариуцах ба щитнээс гараад тухайн хэрэглэгч хүртэлх шугам тоноглолыг хэрэглэгч хариуцна гэж заасан байдаг. Үүний дагуу аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар нь манай байгууллагатай цахилгаан эрчим хүч хэрэглэх гэрээ хийж эзэмшлийн заагийг тусгасан байгаа (гэрээг хавсаргав). Хэрэглэгчийн эзэмшлийн шугам сүлжээ, тоноглолд манай байгууллага үзлэг шалгалт хийх есгүй. Үзлэг үйлчилгээ хийлгэх хүсэлтээ албан тоотоор гаргасан нөхцөлд төлбөртэй үйлчилгээ үзүүлдэг. Гэмтэл гарсан өдөр бусад хэрэглэгч нь хэвийн ажиллаж байсан нь зөвхөн аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын О фаз нь тасарсныг бүрэн баталж байгаа болно.

Иймд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын өөрийн эзэмшлийн шугам, тоноглолд гарсан гэмтлээс болж шатсан цахилгаан хэрэгслүүдийн хохирлыг манайхаас нэхэмжлэх үндэсгүй гэдэг тайлбарыг өгч байна. Цаашид өөрсдөө дэд станц барих, /цахилгаан авдаг ААНБ-тай хамтран/ кабель эсвэл агаарын СИП кабель шугам татах шаардлагатайг анхааруулж албан тоот хүргүүлсэн боловч аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын зүгээс ямар ч арга хэмжээ авахгүй байна. Иймд энэ шугамд цаашид ч гэмтэл гарах эрсдэлтэй учраас шаардлагыг биелүүлээгүй нөхцөлд ЦЭХ-ээр хангах боломжгүй ба таслагдах болохыг мэдэгдье. гэжээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 255 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Баян-Өлгий аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Цахилгаан шугам сүлжээний газраас эд хөрөнгөнд учирсан хохирол 594000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. гэж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: Баян-Өлгий аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт оршин суух Уах шога овогт Сураганы Нургайып би Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 11 -ний өдрийн 255 тоот шийдвэрийг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дугаар зүйлийн 161 1-т зааснаар давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх нь хариуцагч байгууллагаас гаргаж өгсөн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 12/16 дугаартай гэмтлийн акт-ыг шийдвэрийнхээ гол үндэслэл болгосон явдалд маш их гомдолтой байна Тухайлбал, тус актад заасан гэмтэл гарсан шалтгааныг Хүнс хөдөө ах ахуйн газрын агаарын шугам тасарч богино залгаа үүссэн учраас щитээс "0" фаз тасарсан байна... гэсэн өгүүлбэрийг шийдвэрийнхээ үндэслэл болгосон ба нэхэмжлэгч байгууллагын эзэмшлийн заагаас гэмтэл гарсан учраас нэхэмжлэлийг бүхэлдээ хэрэгсэхгүй болгосон гэв Үүнийг зөвшөөрөхгүй байгаа шалтгааны хувьд: 1. Энэхүү актыг хариуцагч байгууллага өөрсдөө журам зөрчиж дангаараа акт тогтоосон юм Уг ёсондоо хэрэглэгч болон хангагч байгууллагын төлөөлөл хамтарч гэмтлийн актыг тогтоох ёстой байсан боловч гомдол гаргагч байгууллагын төлөөллийг байлцуулалгүйгээр өөрсдөдөө ашигтай байдлаар акт тогтоож, үүнийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгснийг анхан шатны шүүх нотлох баримтаар үнэлсэн нь хуульд нийцэхгүй байна. 2 Анхан шатны шүүх нотлох баримтыг үнэлэхдээ зөвхөн нэг талыг баримтлан хууль бус дүгнэлт хийсэн юм. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч байгууллагын гаргаж өгсөн хууль ёсны нотлох баримтын талаар буруу дүгнэлт хийж, үндэслэлгүйгээр үнэлэхээс татгалзсан атлаа хариуцагчийн гаргаж өгсөн хууль бус бөгөөд эргэлзээтэй нотлох баримтад тулгуурлан хэргийг хянан шийдвэрлэсэн юм. Тухайлбал нэхэмжлэгч тал тухайн үед гарсан гэмтлийн талаар Цахилгаан шугам сүлжээний газарт яаралтай мэдэгдэж холбогдох арга хэмжээг авч, гарсан гэмтлийн шинж чанарын талаар Мэргэжлийн хяналтын газрын холбогдох байцаагчаар дүгнэлт гаргуулсан. Эрчим хүчний хяналтын улсын байцаагч Ш.Серикболын 2017 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн дүгнэлтээр "цахилгааны гэмтэл нь Цахилгаан шугам сүлжээний газрын эзэмшлийн Асрамжийн газрын хажууд байршилтай хангагч, хэрэглэгчийн эзэмшлийн заагт байгаа цахилгааны щитээс "0" утас тасарснаас тус газрын цахилгаан хэрэгсэл, тоног төхөөрөмжүүдэд гэмтэл учирсан болох нь тогтоогдсон юм Энэхүү эрх бүхий байгууллагын актыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн боловч уг нотлох баримтын талаар анхан шатны шүүх буруу дүгнэлт хийснээс гадна ямар ч баталгаажуулалт хийгдээгүй, гомдол гаргагч байгууллагын хөндлөнгийн төлөөлөл байлцуулалгүйгээр үйлдсэн хариуцагч байгууллагын дараа нөхөж үйлдсэн актыг шийдвэрийнхээ гол үндэслэл болгосон юм Энэ бол акт биш зөвхөн тэдний тайлбар гэж шүүх үзэх ёстой байсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ гэж заасан боловч анхан шатны шүүх нотлох баримтыг үнэлэхдээ зөвхөн нэг талыг баримтлан нэхэмжлэгч талын эрх ашгийг ноцтойгоор зөрчсөн юм. Үүнээс гадна тухайн актыг гаргасан Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн гэрчийн мэдүүлгээр эзэмшлийн заагийг маш тодорхой болгож өгсөн байдаг Дүгнэлт гаргасан улсын байцаагчийн хувьд гэмтэл гарангуутаа яаралтай үзлэг хийж дүгнэлт гаргаж, хэний гэм буруугаас болж гэмтэл гарсныг баримт бичиг болон бодит байдалд тулгуурлан дүгнэлт гаргасан юм Хариуцагч байгууллагын зүгээс уг дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн ба дүгнэлттэй холбоотой ямар нэгэн шаардлага, гомдол гаргаагүй. Иймээс уг дүгнэлт хууль ёсны ганц нотлох баримт болж байгаа тул үүний талаар анхан шатны шүүхээс " . Улсын байцаагчийн дүгнэлт нь гэмтэл гарсан шалтгааныг тогтоосон болохоос хангагчийн гэм буруугийн талаар болон эзэмшлийн заагийг тогтоосон нотлох баримт биш байх тул энэхүү дүгнэлтээр Цахилгаан шугам сүлжээний газрыг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна. Мөн дүгнэлт гаргасан улсын байцаагчийн гэрчээр өгсөн мэдүүлэгт щит доторх засвар арчилгааг Цахилгаан шугам сүлжээний газар хариуцна, щит нь Цахилгаан шугам сүлжээний газрын эзэмшлийнх гэж мэдүүлсэн байгаа боловч хэрэглэгч, хангагч нарын эзэмшлийн заагийг гэрээгээр тохиролцсон байх бөгөөд хуулиар эзэмшлийн заагийг гэрээгээр тогтоох талаар зөвшөөрсөн байх тул гэрчийн мэдүүлгийг үндэслэн хэрэглэгч, хангагч нарын эзэмшлийн заагийг тогтоох боломжгүй болно." - хэмээн дүгнэсэн нь хуульд нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл салбар хариуцсан мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн эрхийг боогдуулж, холбогдохасуудлаар дүгнэлт гаргах эрхгүй мэтээр үзэж түүний дүгнэлтийг буруушаасан байна Уг ёсондоо иргэний хэргийн шүүхээс Улсын байцаагчийн актыг хуульд нийцсэн эсэх талаар дүгнэлт хийх эрхгүй байсан атлаа эрх мэдлээ хэтрүүлж, улсын байцаагчийн дүгнэлтийг хууль бус болжээ, тэр асуудлаар дүгнэлт гаргах эрхгүй байжээ хэмээн дүгнэсэн нь хууль бус болжээ.

Цахилгаан эрчим хүч хэрэглэх дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.5-т Хангагч, хэрэглэгчийн цахилгаан тоног төхөөрөмжийн эзэмшлийн заагийг уг тоног төхөөрөмж хэний өмч байхаас хамааруулан цахилгаан эрчим хүчээр хангах гэрээнд тодорхой зааж, цахилгаан хангамжийн бүдүүвч дээр ялган зурсан байна" гэж заасан. Хүнс, хөдөө аж ахуйн газрын зааг дээр гэмтэл гарсан учраас өөрсдөө хариуцах ёстой гэж байгаа бол гэрээнд бүдүүвчээр тодорхой зааж өгсөн байх ёстой. Гэрээнд ямар нэгэн бүдүүвч байхгүй. Бүдүүвч зургаар гэрээнд хэрэглэгчийн эзэмшлийн заагийг бүдүүвч зургаар тодорхой зааж өгч чадахгүй байхад анхан шатны шүүхээс эзэмшлийн заагийг нэхэмжлэгч байгууллагад хамааруулан үзэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож байгаа нь хуульд нийцэхгүй байна.

Иймд Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 11 -ний өдрийн 255 дугаар шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү. Энэхүү гомдол нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх юм. Жич: Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчид болох С.Нургайып, А.Серикжан бид хоёр биечлэн оролцох хүсэлттэй байгаа тул шүүх хуралдааны товыг урьдчилан мэдэгдэнэ үү. гэжээ.

 

Хариуцагчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбарт: Аймгийн Хүнс Хөдөө Аж Ахуйн газрын давж заалдах шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаж дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд: Манай байгууллагын гарсан гэмтэлд акт тогтоох Ерөнхий инженерээр ахлуулсан комисс байдаг ба ямар нэг гэмтэл гарахад юунаас болсон тухай тодорхойлж акт тогтоодог. Энэ утгаар гэмтлийн актыг тогтоосон байгаа. Бусад байгууллага акттай танилцдаг болохоос мэргэжлийн бус хүн ордоггүй юм. Мэргэжлийн хяналтын газрын эрчим хүчний хяналтын улсын байцаагч анх гэмтлийн дүгнэлт гаргахдаа Хүнс Хөдөө Аж Ахуйн газрын агаарын шугам тасарсныг мэдээгүй байсан ба 1 дүгээр сарын 02-ны өдөр асрамжийн газрын ажилтнуудын мэдээлснээр манай мэргэжилтнүүд очиж засварласныг урьд нь мэдэгдсэн билээ. Эрчим хүчний Улсын байцаагч Ш.Серикбол болон Асрамжийн газрын ажилтнуудыг гэрчээр асууж өгөх хэрэгтэй байна. Байцаагч Ш.Серикбол нь О" фаз тасрах шалтгааныг дүгнэлт гаргасан үед мэдээгүй ба энэ тухай асуулгын үеэр тодорхой ярьсан байдаг. Дүгнэлтэд 380 В-ын хүчдэл орсон шалтгааныг О фаз тасарснаас болсон гэдгийг заасан болон бусад байгууллагын О фаз хэвийн байгаа нь тодорхой байна. Хүнс хөдөө аж ахуйн газрын агаарын шугамын нэг фаз нь тасарч О утастай /Шугамтай/ богино залгаа үүссэнээс болон богино залгааны гүйдлийг даахгүй 0-ын гаргалгааны утас нь тасарсан болох нь тогтоогдсон. Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээнд эзэмшлийн заагийг тогтоож өгсөн. ХТП-36 нь Азых ХХК-ийн өмч бөгөөд Хүнс хөдөө аж ахуй газрын тэжээгдэж байгаа щит нь цахилгаан эрчим хүч хэрэглэж байгаа хэрэглэгчдийн дундын өмч ба дэд станцаас холбогдсон кабелийн О фаз нь хэвийн ажиллаж байсан. Үүнээс үзэхэд зөвхөн Хүнс хөдөө аж ахуй газрын О фаз тасарсан нь тодорхой байна. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй боловч талуудын хооронд үүссэн иргэний эрх зүйн харилцааг буруу тодорхойлж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй алдаа гаргасан байх тул шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар нь хариуцагч тус аймгийн Цахилгаан шугам сүлжээний газарт холбогдуулан цахилгааны хүчдэлийн хэлбэлзлийн улмаас тус байгууллагын эд хөрөнгөд учирсан хохиролд 594,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ зэргээс дүгнэвэл, талуудын хооронд Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 28.2, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-т зааснаар цахилгаан эрчим хүч худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан байхад анхан шатны шүүх Эрчим хүчний тухай хуулиар нарийвчлан зохицуулсан хангагч, хэрэглэгчийн эрх, үүрэг, тус гэрээнээс үүдэлтэй шаардах эрхийн үндэслэл, урьдчилсан нөхцөлүүдийг маргааны үйл баримтад тайлбарлаж хэрэглэхгүйгээр Иргэний хуулийн гэм хор учруулснаас үүсэх үүргийн харилцааг зохицуулсан 497, 510 дугаар зүйлийг хэрэглэсэн нь буруу болжээ.

 

Хэрэгт авагдсан Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 04-07-002/03 дугаар акт, хангагч байгууллагын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 12/16 дугаар акт, гэрч Ш.Серикболын мэдүүлэг, зохигчийн тайлбараас дүгнэвэл, 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 20 цагийн үед Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрт Асрамжийн газрын хажууд байршилтай, хангагч, хэрэглэгчийн эзэмшлийн заагт байрлах цахилгааны хайрцгаас /щит гэх/ 0 фазын утас тасран хэрэглэгчийн цахилгааны шугамд нийлснээс цахилгааны хүчдэл нэмэгдэж, хэрэглэгч буюу Хүнс, хөдөө аж ахуйн газрын цахилгааны шугамд хүчдэлийн өөрчлөлт гарсан нь тогтоогдсон байна. Түүнчлэн, Хүнс, хөдөө аж ахуйн газрын цахилгааны сүлжээнд хүчдэлийн хэлбэлзэл гарснаас хэрэглэгчид 594,000.00 төгрөгийн эд хөрөнгийг хохирол учирсан нь 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн техникийн акт, Даму ХХК-ийн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 1/15 дугаар дүгнэлт, нэхэмжлэх хуудас, орлого, зарлагын баримтууд зэрэг нотлох баримтуудаар тогтоогджээ. Гэвч нэхэмжлэгч байгууллагад учирсан дээрх хохирлыг хариуцагч буюу хангагч байгууллага хариуцах хууль зүйн үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Нэхэмжлэгч буюу хэрэглэгч нь Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2, 30 дугаар зүйлийн 30.1.1, талуудын хооронд байгуулагдсан цахилгаан эрчим хүч худалдах-худалдан авах гэрээнд зааснаар хэрэглэх эрчим хүчний хэмжээ, чанарт холбогдуулан стандартын шаардлагад нийцсэн цахилгаан эрчим хүчээр хангагдах эрхтэй байна. Түүнчлэн, Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.5.-д хангагч байгууллагаас гэрээнд заасан тоо хэмжээ, чанарын үзүүлэлт бүхий эрчим хүчээр хангахыг, гэрээнд заасан үзүүлэлтээс өндөр үзүүлэлт бүхий хүчдэлтэй эрчим хүчээр хангасан тохиолдолд түүнээс үүдэлтэй учирсан хохирлыг нэхэмжлэх хэрэглэгчийн шаардах эрхийг зохицуулжээ.

 

Хэрэглэгчийн сүлжээнд тогтоосон хэмжээнээс илүү хүчдэл бүхий эрчим хүчний гүйдэл үүсэж, цахилгааны хэлбэлзэл гарсан шалтгаан бүхий үйл баримт нь хэрэглэгчийн өөрийн эзэмшлийн шугам сүлжээнд бий болсон нь хэрэгт авагдсан Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн акт, гэрч Ш.Серикболын мэдүүлгээр тогтоогдсон байна. Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.-т иргэнтэй байгуулах эрчим хүчээр хангах гэрээнд хэрэглэх эрчим хүчний хэмжээ, чанар, төлбөр, тооцооны журам, гэрээ байгуулагч талуудын эрх, үүрэг, хариуцлага тооцох журам зэргийг тусгахаас гадна эрчим хүчний шугам сүлжээний эзэмшлийн зааг-ийг нарийвчлан тодорхойлж, тусгахаар хуульчилсан бөгөөд талуудын хооронд 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан цахилгаан эрчим хүчээр хангах гэрээний гуравдугаар зүйлийн 3.-т хангагч, хэрэглэгч хоорондын эрчим хүчний шугам сүлжээний эзэмшлийн заагийг ХТП-36 дэд станц асрамжийн щитнээс хэрэглэгч хүртлэх ЦДАШ-аар хэрэглэгч хүртлэх 0,4 кв-ын кабель, тоолуурын хамт хэрэглэгчийн өмч болно. гэж тодорхойлжээ.

 

Иймд Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.8.-д зааснаар хэрэглэгч Баян-Өлгий аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар нь өөрийн эзэмшлийн заагт байрших шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн, аюулгүй байдлыг хангах үүрэгтэй ба өөрийн эзэмшлийн шугам сүлжээний аюулгүй байдлыг хангаагүйн улмаас хэрэглэгчид учирсан хохирлыг хангагч байгууллага хариуцах хууль зүйн үндэслэлгүй юм. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

Хариуцагч Баян-Өлгий аймгийн Цахилгаан шугам сүлжээний газар нь гэрээ болон Эрчим хүчний тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1.-т заасан стандартын шаардлагад нийцсэн эрчим хүчээр хэрэглэгчийг хангах үүргээ зөрчсөн, зохих ёсоор биелүүлээгүй талаарх үйл баримт хэрэг авагдсан баримтаар тогтоогдоогүй ба энэ талаар нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 38 дугаар зүйлийн 38.1.-т зааснаар нотлоогүй байна.

Дээрх дурдсан үндэслэлээр, анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1.-т зааснаар шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ. Нэхэмжлэгч төсвийн байгууллагын давж заалдах гомдол хуульд зааснаар тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2.-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 255 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар гэснийг Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.5.-д заасныг баримтлан гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нургайпын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар нэхэмжлэгч талын давж заалдах гомдол тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2,-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.КӨБЕШ

 

 

ШҮҮГЧИД М.НЯМБАЯР

 

 

С.ӨМИРБЕК